- Нүүр
- Сайдын тушаал
- УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТ, БОЛОВСРУУЛАЛТААС ҮҮСЭХ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ ЖУРАМ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын
2020 оны А/87 дугаар тушаалын хавсралт
УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТ, БОЛОВСРУУЛАЛТААС ҮҮСЭХ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ,
СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүсэх хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, бүртгэх, тайлагнах үйл ажиллагаа болон тэдгээр үйл ажиллагаанаас хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.2.Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг /цаашид “хаягдал” гэх/ ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах болон бүртгэх, тайлагнах үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Хог хаягдлын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Агаарын тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Усны тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, холбогдох бусад хууль, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан дүрэм, журам болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.3.Цацраг идэвхт хог хаягдлыг цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, хадгалахтай холбогдсон үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулахгүй.
Хоёр. Хаягдлын төрөл, ангилал, зэрэглэл
2.1.Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг “Журам, жагсаалт батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоол, “Жагсаалт батлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/349 дугаар тушаалын дагуу кодчилж, ангилж, зэрэглэнэ.
2.2. Хаягдлын ангилал
2.2.1.Уурхайн олборлолтын хаягдал
2.2.1.1.Уурхайн хоосон чулуулгийн овоолго
Уул уурхайн олборлолтоос үүсэх хоосон чулуулгийн овоолгыг уурхай хаагдах үед ухшийг дүүргэх, нөхөн сэргээлтэд ашиглах ба үлдсэн хоосон чулуулгийг хэвгийжүүлэх маягаар техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийнэ. Энэхүү нөхөн сэргээх ажлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.4-д заасан журам, аргачлалын дагуу хийж гүйцэтгэнэ.
2.2.1.2.Бага агуулгатай хүдрийн овоолго
Олборлолтын явцад ашиглах боломжгүй нөөцийг ирээдүйд ашиглах боломжтой байхаар овоолго үүсгэж, уурхайн эдэлбэр газарт үлдээж, хүдрийг баяжуулах явцад гарах завсрын бүтээгдэхүүн, хаягдлыг дахин ашиглах зорилгоор овоолго үүсгэн хадгална. Бага агуулгатай хүдрийн овоолгыг ашиглахдаа Засгийн газраас баталсан “Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу гүйцэтгэнэ.
2.2.2. Уурхайн баяжуулалтын хаягдал
Ашигт малтмалын баяжуулалтаас гарах хаягдлыг химийн бодистой, химийн бодисгүй гэж ангилах ба химийн бодистой, аюултай болон хяналттай зэрэглэлийн хаягдлыг саармагжуулж хоргүйжүүлсний дараа дахин ашиглах болон хаягдлын даланд дараах арга хэмжээ авна. Үүний дараа техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийнэ. Энэхүү нөхөн сэргээх ажлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.4-д заасан журам, аргачлалын дагуу хийж гүйцэтгэнэ.
2.2.3. Уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын хаягдал
2.2.3.1.Гидрометаллургийн боловсруулалтын хаягдал
2.2.3.2.Пирометаллургийн боловсруулалтын хаягдал
2.2.3.3.Нүүрсний пиролизийн боловсруулалтын хаягдал
2.2.3.4.Гидрометаллурги, пирометаллурги болон нүүрсний пиролизийн боловсруулалтын хаягдалтай холбоотой харилцааг Засгийн газраас баталсан Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журмаар зохицуулна.
2.2.3.5.Химийн аргын боловсруулалтын хаягдал
2.2.3.6.Химийн аргын боловсруулалтын хаягдлыг хадгалах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгахтай холбоотой харилцааг Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам болон Монгол Улсын Засгийн газраас баталсан Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журмаар тус тус зохицуулна.
2.3. Хаягдлын аюулын зэрэглэл
2.3.1.Хаягдлыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх аюулын шинж чанараар нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар баталсан “Эх үүсвэрээс гарах хог хаягдлын кодчилсон жагсаалт, тэдгээрийн зэрэглэл”-ийн жагсаалтын дагуу “аюултай”, “хяналттай” болон “энгийн” гэж зэрэглэнэ.
Гурав. Уул уурхайн олборлолт, баяжуулалт боловсруулалтаас
үүссэн хаягдлыг хадгалах
3.1.Хаягдлыг хадгалахдаа Хог хаягдлын тухай хуулийн 23 дугаар зүйл болон Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журмын 2 дугаар бүлэгт заасныг тус тус баримтална.
3.2.Хаягдлыг байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлгүйгээр хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох, эсхүл Хог хаягдлын тухай хуулийн 37.1-д заасан зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлнэ.
3.3.Хаягдлыг түр хадгалах.
3.3.1.Хаягдлыг аюултай хог хаягдал гэж үзвэл Хог хаягдлын тухай хуулийн 23.1-д заасан хугацаанд эх үүсвэр дээр түр хадгална.
3.3.2.Хаягдал үүсгэгч болон өмчлөгч нь дараах шаардлагыг хангасан байна:
3.3.2.1.Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг тусгайлан бэлтгэсэн цэг (талбай)-т ангилан ялгасан байх;
3.3.2.2.Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас аюултай ангиллын хаягдал гарвал түүнийг агуулах сав нь агуулж буй хог хаягдалтайгаа урвалд ордоггүй материалаар хийгдсэн, эсхүл ижил төстэй материалаар доторлосон байх;
3.3.2.3.Хаягдал нь аюултай хог хаягдлын ангилалд хамаарахаар байвал хадгалах сав нэг бүр нь “Аюултай хог хаягдал” гэсэн нэр, стандартаар тогтоосон тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд ил харагдахуйц газар тухайн хаягдлын нэр, хуримтлуулж эхэлсэн хугацааг тэмдэглэсэн байх;
3.3.2.4.Хаягдлын аюулын шинж чанар болон аюултай шинж чанар үзүүлэгч бүрэлдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораториор хагас жил тутамд тодорхойлуулсан байх;
3.3.2.5.Хаягдал үүсгэгч болон өмчлөгч нь ашигт малтмалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хаягдлын байгууламжтай байх ба энэхүү хаягдлын байгууламжийг эрхлэх үйл ажиллагаанд холбогдох стандартыг дагаж мөрдөнө.
3.3.2.6.Хаягдлын орчимд аюултай хог хаягдал асгарч алдагдсан үед ашиглах гал унтраах хэрэгсэл, материал, галын дохиолол, хувийн хамгаалах хэрэгслийг шаардлагатай газар байрлуулж, ашиглалтын бэлэн байдлыг хангасан байх;
3.3.3.Шаардлагатай газруудад дараах мэдээллийг нүдэнд харагдахуйц газар байрлуулсан байна:
3.3.3.1.Хог хаягдлын тухай хуулийн 23.7 дахь хэсэгт заасны дагуу томилогдсон ажилтны овог нэр, утасны дугаар;
3.3.3.2.Гал унтраах хэрэгсэл, галын дохиолол, аюултай хог хаягдал асгарч алдагдсан үед ашиглах материалын байрлалыг заасан зураг, схем;
3.3.3.3.Галын дуудлага өгөх утасны дугаар.
3.4.Хаягдал үүсгэгч аж ахуйн нэгж, этгээд нь Хог хаягдлын тухай хуульд зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:
3.4.1.Хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг сар бүр зохион байгуулж, тогтмол хяналт тавьж байх;
3.4.2.Үүссэн хаягдлын хэмжээг бууруулах, эргүүлэн ашиглах, хоргүйжүүлэх, хамгаалалтын далан байгуулах, устгах замаар байгаль орчинд ялгарах ялгарал, бохирдуулагчийн хэмжээг бууруулах;
3.4.3.Хаягдлаа өөрийн хүчээр устгах болон дахин боловсруулах боломжгүй тохиолдолд хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, экспортлох зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлэх;
3.4.4.Хэвийн үйл ажиллагааны үед уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдалтай харьцах болон гэнэтийн аюул ослын үед ажиллах зааварчилгааг түүнтэй харьцдаг ажилтан бүрээр танилцуулж, тэднийг сургаж, дадлагажуулах;
3.4.5.Анхан шатны тусламж үзүүлэх зааварчилгаа боловсруулж, шаардлагатай материал, хэрэгслээр хангах;
3.4.6.Иргэдэд уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүсэх аюултай хог хаягдлын тухай ойлголт болон аюултай хог хаягдалд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай үнэн зөв мэдээлэл түгээх, бодит бус мэдээллийн эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг хагас жил тутам зохион байгуулах;
3.4.7.Хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгахад шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусган баталж, хэрэгжүүлэх.
3.5. Хаягдлын асуудал хариуцсан ажилтан нь аюул осол гарсан, аюултай хог хаягдал асгарсан, алдагдсан тохиолдолд дараах арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авна. Үүнд:
3.5.1.галын дуудлага өгөх, гал тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, боломжтой бол унтраагуур, хэрэгсэл ашиглаж галыг унтраах;
3.5.2.асгарсан аюултай хог хаягдлын асгаралтыг зогсоох, тархалтаас сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах, бохирдсон материал, хөрсийг цэвэрлэх;
3.5.3.хүний эрүүл мэндэд аюул учруулахуйц галын аюул, дэлбэрэлт, асгаралт үүссэн, гадаргын усыг бохирдуулсан тохиолдолд тухайн орон нутгийн онцгой байдлын болон мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэж, дараах мэдээллийг өгнө:
3.5.3.1.аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, бүртгэлийн дугаар;
3.5.3.2.аюул ослын төрөл (галын аюул, асгаралт гэх мэт), огноо, цаг хугацаа;
3.5.3.3.аюулд өртсөн хог хаягдлын төрөл, тоо хэмжээ;
3.5.3.4.үүссэн аюултай нөхцөл байдал болон үүсэж болзошгүй нөхцөл байдлын талаарх мэдээлэл;
3.5.3.5.шаардагдах материал болон түүний хэмжээ.
3.6.Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч нь үүссэн болон хуримтлагдсан хаягдлын хэмжээний талаар бүртгэл хөтөлнө.
3.7.Хэрэв үүссэн болон хуримтлагдсан хаягдал нь аюултай хог хаягдлын ангилалд багтаж байвал хаягдлын бүртгэлийг аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагад шилжүүлснээр дуусгавар болгож, дахин эхлэх үед бүртгэлийг шинээр хөтөлж эхэлнэ.
3.8.Үүсгэгч болон өмчлөгч нь шүүрлийн шингэн цуглуулах системд хуримтлагдсан шингэнийг хамгийн багадаа 90 хоногт 1 удаа цэвэрлэж, энэ тухай бүртгэл хөтлөх бөгөөд үүссэн хаягдлыг устгах зөвшөөрөл бүхий байгууллагад шилжүүлнэ.
Дөрөв. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн аюултай хог хаягдлыг тээвэрлэх
4.1.Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн аюултай хог хаягдлыг тээвэрлэхдээ “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”-ын гуравдугаар бүлэгт заасныг баримтална.
4.2.Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн аюултай хог хаягдлыг тээвэрлэгч нь аюултай хог хаягдлын тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдлыг бүрэн хариуцна.
Тав. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагаа
5.1.Хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах тусгайлсан байгууламж (талбай)-тай байна.
5.2.Хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах тусгайлсан байгууламж (талбай) нь Хог хаягдлын тухай хуулийн 25 дугаар зүйл болон Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журмын 4.1-т заасан шаардлагыг тус тус хангасан байна.
5.2.1.Хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанаас үүсэж болох аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дараах ажиллагаанд хяналт тавих төлөвлөгөөтэй байна.
5.2.1.1.технологийн тоног төхөөрөмжийн ажиллагаа;
5.2.1.2.аюул ослоос урьдчилан сэргийлэх, түүнийг мэдрэгч, хариу арга хэмжээ авах зориулалттай хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмж, тоноглол, дохиоллын системийн ажиллагаа;
5.2.1.3.ашиглалтын болон барилгын бүтэц хэсгийн (далан суваг, хураагуур гэх мэт) бүрэн бүтэн байдал.
5.2.2.Энэ журмын 4.2.1-д заасан төлөвлөгөөнд эвдрэл, гэмтэл гарах болон чанар байдал нь алдагдсанаас үүсэж болох эрсдэлийн (далан суваг элэгдэх, шингэн алдагдах) жагсаалтыг тусгаж, хяналт шалгалтыг төлөвлөгөөний дагуу хийнэ.
5.2.3.Энэ журмын 4.2.1-д заасан төлөвлөгөөний дагуу хяналт шалгалт хийх хугацааг (тухайн үйлдэл бүрийн үед, өдөр бүр, сард гэх мэт) тухайн тоног төхөөрөмжийн элэгдэлд өртөх хугацаа, хэвийн үйл ажиллагаа алдагдах, эвдрэл гэмтэлд өртөх магадлал, хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой эрсдэл үүсэх магадлал, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн зэргээс хамааруулан тогтооно.
5.2.4.Хяналт шалгалт хийх үед дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж, дүгнэлт гаргах бөгөөд уг бүртгэл, дүгнэлтийн материалыг шалгалт хийсэн өдрөөс хойш 10 жилийн хугацаатай хадгална.
5.2.5.Энэ журмын 4.2.4-д заасан бүртгэл, дүгнэлтэд хяналт шалгалт хийсэн өдрийн огноо, гүйцэтгэсэн хүний овог, нэр, албан тушаал, хийсэн ажиглалтын талаарх тэмдэглэл, илэрсэн зөрчлийг арилгах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тэмдэглэнэ.
5.2.6.Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг яаралтай авна.
5.2.7.Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдалтай ажилладаг ажлын байр болон тухайн ажлын байранд ажилладаг ажилтнуудын жагсаалт, нэг бүрээр гаргасан ажлын байрны тодорхойлолтыг гаргаж, баталсан байна.
5.3.Хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь ажилтнуудыг жилд 2-оос доошгүй удаа эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.
5.4.Хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулах хэмжээгээр агаар, хөрс, усанд санамсаргүй болон санаатайгаар аюултай хог хаягдал алдах, тэсэрч дэлбэрэх, галын аюул гарах үед үүсэх эрсдэлийг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах зорилго бүхий аюул, ослын үед ажиллах үйл ажиллагааг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8.1-т заасан төлөвлөгөөнд тусган, орон нутгийн онцгой байдлын газраар батлуулна.
5.5.Аюул, ослын үед ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөнд аюул, осол үүсэх үед ажилтнуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үүргийг нарийвчлан тодорхойлсон байна.
5.6.Аюул, ослын үед ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран ажиллах гэрээ байгуулсан орон нутгийн мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зэрэг бусад гэрээ байгуулсан байгууллагуудад хүргүүлнэ.
5.7.Хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь онцгой байдлын зохицуулагч болон түүний эзгүйд орлох үүрэг бүхий этгээдийг томилно.
5.8.Хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөг хэрэгжүүлсэн тохиолдол бүрт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаг хугацаа зэргийг тэмдэглэж, аюул, осол тохиолдсон өдрөөс хойш 15 хоногийн дотор дараах мэдээлэл бүхий тайланг орон нутгийн онцгой байдлын болон мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлнэ:
5.9.1.Аюултай хог хаягдал устгах, хадгалах, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэгчийн нэр, хаяг, утасны дугаар;
5.9.2.байгууламжийн нэр, хаяг, утасны дугаар;
5.9.3.аюул, ослын төрөл, гарсан огноо, цаг, минут;
5.9.4.аюулд өртсөн материалын нэр, тоо хэмжээ;
5.9.5.аюулд өртсөн цар хүрээ;
5.9.6.хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх бодит болон болзошгүй аюулын үнэлгээ;
5.9.7.аюул, ослын үед үүссэн материалын (бохирдсон ус, бодис шингээсэн материал гэх мэт) тоо хэмжээ, төлөв байдал;
5.9.8.авч хэрэгжүүлсэн арга хэмжээ.
5.10.Хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь шатамхай, урвалын идэвхтэй, нийцгүй хог хаягдлыг бусад хог хаягдлаас тусад нь хадгалах бөгөөд түүний ойролцоо ил гал гаргах, тамхи татах, гагнуур хийх, металл таслах болон үрэлтээс үүсэх дулаан, оч (статик, цахилгаан, механик оч), өөрөө урвалд орж халдаг бодис, цацрагийн дулаан, халуун гадаргуу зэрэг эх үүсвэртэй ойр зайд байршуулахыг хориглоно.
5.11.Шатамхай, урвалын идэвхтэй болон нийцгүй хог хаягдалтай харьцах газруудад “Тамхи татахыг хориглоно”, “Ил гал гарахыг хориглоно” гэсэн анхааруулгыг харагдахуйц газар байрлуулсан байна.
5.12.Хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журмын 4.25-д заасан ажлын байрны аюулгүй байдлыг хангасан, нөхцөл байдал хяналтгүй үүсэхээс сэргийлсэн байгууламжид үйл ажиллагаа явуулна.
5.13.Хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагааны бүртгэлийг Хог хаягдлын тухай хуульд заасан шаардлагын дагуу тогтмол хөтөлж, хадгална.
5.14.Хаягдлыг шатааж устгах үйл ажиллагаа эрхлэгч нь байгууламжийн үйл ажиллагааг зогсоож, хаахдаа шатаалтын зуухнаас бүх хог хаягдал, тэдгээрийн үлдэгдлийг (үнс, скруберийн ус, лаг гэх мэт) зайлуулсан байна.
5.15.Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдал шатаах үйл ажиллагааны горим, технологийн үзүүлэлтийг тогтоох туршилтын шатаалтаар Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журмын 4.28-д заасан үзүүлэлтүүдийг тодорхойлж, бүртгэл хөтөлнө.
5.16.Ландфиллын үйл ажиллагаа эрхлэгч нь ландфилл байгуулах болон доторлогооны систем тавих явцад доторлогооны системийн жигд байдал, гэмтэл, эвдрэл үүссэн эсэхэд (нүх, цууралт, толбо, нимгэрэлт, гадны биет гэх мэт) хяналт тавина.
Зургаа. Уул уурхайн олборлолт, баяжуулалт, боловсруулалтаас үүссэн хаягдлыг устгах, хадгалах, дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаанаас үүсэх ялгарлыг хянах системд тавигдах шаардлага
6.1.Хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах, сэргээн ашиглах үйл ажиллагаанаас үүсэх ялгарлыг хянах систем нь Хог хаягдлын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
6.2.Хаягдлыг хадгалах, дахин боловсруулах, устгах байгууламжийн ажлын байр, агуулах зэрэг битүү орчны агаарыг сэлгэх агааржуулалтын нэгдсэн системтэй байх бөгөөд уг системээс гарсан агаарыг шатаалтын зууханд өгч байгаа агаартай нийлүүлж шатаах, эсхүл цэвэршүүлж агаарт хаях аргаар зайлуулна.
6.3.Агаарт ялгарах ялгаралд хяналт тавих системтэй байх бөгөөд хэмжилтийг тасралтгүй, эсхүл тогтоосон хугацаанд хийж, үр дүнг бүртгэнэ.
6.4.Хаягдлыг дахин боловсруулах, устгах байгууламж нь нэрэх, ууршуулах, уусгагчаар хандлах процесс, хий болон уур цэвэрлэх систем зэргээс үүссэн хүнд болон хөнгөн, шингэн хаягдлыг цуглуулах, хуримтлуулах тоноглолтой байна.
6.5. Ашигт малтмалыг нойтон баяжуулсны дараа шингэн хаягдлыг агуулах, усыг эргүүлэн ашиглах байгууламжтай байх ба энэхүү байгууламжийг эрхлэх үйл ажиллагаанд “Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943 дугаар стандартыг дагаж мөрдөнө.
6.6.Уурхайн хаягдлын овоолго, малталтаас хүчиллэг урсац үүсэх, ус бохирдуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч байна.
Долоо. Бусад
7.1.Хаягдлыг үүсгэгч болон түр хадгалах, тээвэрлэх, цуглуулах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/428 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хог хаягдлын улсын мэдээллийн нэгдсэн сангийн тогтолцоо, бүрдэл болон мэдээлэл төвлөрүүлэх журам”-ын 5.6-д заасны дагуу Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэх мэдээллийг цаасан хэлбэрээр хүргүүлж бүртгүүлнэ.
7.2.Хаягдлыг үүсгэгч болон түр хадгалах, тээвэрлэх, цуглуулах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь аюултай хог хаягдлын мэдээ тайланг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор аймаг, нийслэлийн Засаг даргад батлагдсан маягтын дагуу цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ.
7.3. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
Текст томруулах
A
A
A