A

A

A

Бүлэг: 1979

Боловсрол, соёл, шинжлэх ухаан,

    спортын сайд, Сангийн сайдын 2019 оны

А/237/92 дугаар тушаалын хавсралт

ТҮҮХ, СОЁЛЫН ХӨДЛӨХ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ

ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл /цаашид “дурсгалт зүйл” гэх/-ийг улсын хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх лиценз авахаар хүсэлт гаргах, хүсэлтийг хянан шийдвэрлэх, лиценз олгох, лицензийн хэрэгжилтэд хяналт тавихад энэхүү журмыг мөрдөнө.

1.3.Түүх, соёлын үнэт зэрэглэлд хамаарах дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэхэд энэ журмыг мөрдөнө. Түүх, соёлын хосгүй үнэт зэрэглэлд хамаарах дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэхэд энэ журмыг мөрдөхгүй.

1.4.Палеонтологи, археологийн судалгааны дээж /цаашид “судалгааны дээж” гэх/-ийг улсын хилээр нэвтрүүлэхэд лиценз олгох асуудлыг энэ журмаар зохицуулна.

1.5.Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын болон гадаадын байгууллага, Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн энэ журмыг мөрдөнө.

1.6.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасны дагуу дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно. Зөвшөөрлийн баримт бичиг нь Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор батлагдсан “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”-д заасан лиценз байна.

 

Хоёр. Лиценз авах хүсэлт гаргах

           

2.1.Улсын хилээр нэвтрүүлэх дурсгалт зүйл болон судалгааны дээж нь дараахь шаардлагад нийцсэн байна.

            2.1.1.гэмт хэрэг, зөрчлийн нотлох баримтад тооцогдоогүй байх;

            2.1.2.даатгуулсан байх;

           2.1.3.өмчлөлийн маргаангүй байх.

2.2.Дурсгалт зүйл болон судалгааны дээжийг улсын хилээр нэвтрүүлэхийг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага /цаашид “лиценз хүсэгч” гэх/ дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр хүсэлт гаргана:

2.2.1.иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

2.2.2.дурсгалт зүйл болон судалгааны дээжийг улсын хилээр нэвтрүүлэх зорилго, ач холбогдол, хугацаа, тээвэрлэлт болон хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгасан үндэслэл бүхий танилцуулга;

2.2.3.дурсгалт зүйлийн соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэсэн лавлагаа;

2.2.4.дурсгалт зүйл болон судалгааны дээжийн нэр, тодорхойлолт, тоо ширхэг, хэмжээ, жин зэрэг шаардлагатай мэдээллийг багтаасан жагсаалт;

2.2.5.өмчлөгч өөрөө язгуур зориулалтаар нь ашиглахаас бусад тохиолдолд дурсгалт зүйлийг сэргээн засварлах, үзэсгэлэнд оролцуулах, судалгааны дээжийг судалж шинжлүүлэх талаар гадаадын байгууллагатай байгуулсан хүчин төгөлдөр гэрээний хуулбар;

2.2.6.дурсгалт зүйл болон судалгааны дээжийн 10х15 хэмжээтэй 2-оос доошгүй хувь өнгөт гэрэл зураг;

2.2.7.дурсгалт зүйлийг даатгуулсан баримт;

2.3.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас шаардлагатай бусад баримтыг нэмэлтээр шаардаж болно.

2.4.Лиценз хүсэгч дурсгалт зүйл болон судалгааны дээжийг нэгэн зэрэг улсын хилээр нэвтрүүлэх бол энэхүү журмын 2.2.3-2.2.6-д заасан баримт бичгийг тус бүрээр бүрдүүлнэ.  

2.5.Лиценз хүсэгч нь бусад аж ахуйн нэгж байгууллага, иргэний эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй дурсгалт зүйл болон судалгааны дээжийг хилээр нэвтрүүлэх лиценз хүсэх тохиолдолд эзэмшигч, өмчлөгчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулна. Гэрээнд дурсгалт зүйл, судалгааны дээжийн нэр, тоо ширхэг, хэмжээ, жин, төлбөрийн эрх, үүрэг, хилээр нэвтрүүлэх нөхцөл зэргийг тодорхой тусгана.    

2.6.Лиценз хүсэгч нь бүрдүүлсэн баримтынхаа үнэн зөвийг өөрөө хариуцна.

 

Гурав. Хүсэлтийг хянан шийдвэрлэх

 

3.1.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага лиценз авах хүсэлтийг хүлээн авч, ажлын 14 хоногийн баримт бичгийн бүрдэлийг хянаж, шийдвэрлэнэ.

3.2.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай гэж үзвэл лиценз хүсэгчээс ирүүлсэн баримт бичгийг Соёлын өвийн үндэсний төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Цагдаагийн байгууллага, Тагнуулын байгууллагаар нягтлан шалгуулах эрхтэй.

3.3.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх үндэслэл, хэрэгцээ шаардлага, ач холбогдол болон гадаад улсад байх хугацааны тээвэрлэлт, ашиглалт, хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдлын талаар нарийвчлан судална.  

3.4.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дурсгалт зүйлийн шинж байдалд илгээх улсын цаг уурын нөхцөл хэрхэн нөлөөлөх талаар Соёлын өвийн үндэсний төвөөс шинжээчийн дүгнэлт авна.

3.5. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү журмын 2.1, 2.2-т заасан шаардлагыг хангаагүй, дурсгалт зүйл болон судалгааны дээжийг гадаадад байх хугацааны тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалтын нөхцөл нь түүний аюулгүй байдлыг хангах боломжгүй, эсхүл хохирол учирч болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд лиценз олгохоос татгалзаж, холбогдох тайлбарын хамт буцаана.

3.6.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага энэхүү журмын 3.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй бол лиценз хүсэгчээс Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор батлагдсан “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”-д заасны дагуу “экспорт импортын лиценз олгох өргөдөл /MNS 5022:2001 стандартын "Е" хавсралт/” гаргуулж авна.

3.7.Лиценз хүсэгч овор хэмжээ, жин ихтэй эсхүл олон ширхэгтэй дурсгалт зүйл, судалгааны дээжийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу гарал үүсэл, зориулалт, материал, сав баглаа боодол зэргийг харгалзан төрөлжүүлж, тус бүрээр “Экспорт импортын лиценз олгох өргөдөл” гаргана.

3.8.Лиценз хүсэгч “экспорт импортын лиценз олгох өргөдөл”-ийг монгол хэлээр үйлдэж, англи хэл дээрх орчуулгыг хавсаргана.  

 

Дөрөв. Лиценз олгох

 

4.1.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага энэхүү журмын 3.6-д заасан өргөдлийн бичвэрийг хянан үзэж, шаардлагатай бол засвар оруулахаар лиценз хүсэгчид буцаан бичвэрийн шаардлагыг хангуулна.

4.2.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор батлагдсан “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”-д заасны дагуу лицензийн эх хувь, хуулбар хувь /MNS 5022:2001 стандартын "D" хавсралт/-ийг тус бүр нэг хувь монгол хэлээр үйлдэнэ. Лицензийн өргөдөл, эх хувь, хуулбар хувьд Төрийн захиргааны төв байгууллагын соёлын асуудал хариуцсан нэгжийн дарга гарын үзэг зурж, яамны тэмдэг дарж баталгаажуулна.

4.3.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага лиценз гарсныг утсаар болон цахим шуудангаар лиценз хүсэгчид мэдэгдэнэ. Лиценз хүсэгч лиценз гарсны дараа Улсын тэмдэгтийн тухай хуулийн 22.1.12-т заасны дагуу лицензийн төлбөрийг төлнө.   

4.4.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага лицензийн эх хувийг лиценз хүсэгчид өгч, хуулбар хувийг энэхүү журмын 2.2 болон 4.1-т заасан баримт бичгийн хамт Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд хадгалуулна. Эх хувьд яамны тэмдэг дарж баталгаажуулсан гэрэл зураг болон англи хэлээр үйлдсэн орчуулгыг хавсаргана.

4.5.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх лиценз олгосон бол энэ тухай мэдээллийг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан дурсгалт зүйлийг илгээх улсад байгаа Дипломат төлөөлөгчийн газарт мэдэгдэнэ.

4.6.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай бол дурсгалт зүйлийг гадаад улсад байх хугацааны хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдлыг найдвартай хангасан эсэхийг газар дээр нь очиж нягтлан шалгаж болно.

4.7.Лиценз олгогч нь дурсгалт зүйл, судалгааны дээжийг хилээр нэвтрүүлэх лиценз олгосон, түүний хугацааг сунгасан тухай мэдээллийг ажлын 3-5 хоногийн дотор Гаалийн болон Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

4.8.Лицензийг дурсгалт зүйл болон судалгааны дээжийг улсын хилээр нэвтрүүлэхэд нэг удаа ашиглана.

4.9.Лиценз нь дурсгалт зүйлийн хувьд эргүүлж авчрах нөхцөлтэй, судалгааны дээжийн хувьд эргүүлж авчрах болон эргүүлж авчрахгүй нөхцөлтэй байна.

4.10.Лиценз нь олгогдсон өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд хүчинтэй байх бөгөөд энэ хугацаанд дурсгалт зүйл, судалгааны дээжийг хилээр нэвтрүүлээгүй бол лицензийг хүчингүй болсонд тооцно.

 

Тав. Лиценз эзэмшигчийн үүрэг

 

5.1.Лиценз эзэмшигч дор дурдсан үүрэг хүлээнэ:

5.1.1.дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтын нөхцөл, аюулгүй байдлыг найдвартай хангах арга хэмжээ авах;

5.1.2.лицензийг энэ журмын 4.10-д заасан хугацаанд ашиглах;

5.1.3.лицензийг бусдад шилжүүлэхгүй байх;

5.1.4.дурсгалт зүйл болон судалгааны дээжийг лицензэд заасан зориулалтын дагуу ашиглах;

5.1.5.дурсгалт зүйл болон судалгааны дээжийг улсын хилээр гадагш нэвтрүүлсний дараа үрэгдэх, хулгайлагдах, эвдэрч гэмтсэн тохиолдолд нэн даруй соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэх;

5.1.6.дурсгалт зүйл болон судалгааны дээжийг хилээр нэвтрүүлэхтэй холбогдох гарах зардлыг хариуцах;

5.1.7.дурсгалт зүйл болон буцааж авчрах нөхцөлтэй хилээр нэвтрүүлсэн судалгааны дээжийг лицензэд заасан хугацаанд улсын хилээр оруулж ирэх.

            5.2.Дурсгалт зүйл болон судалгааны дээжийг улсын хилээр гадагш нэвтрүүлсний дараа лиценз эзэмшигч иргэн нас барсан, эсхүл лиценз эзэмших эрхээ хэрэгжүүлэх иргэний эрх зүйн чадамжаа алдсан, Монгол Улсын харьяатаас гарсан, аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан тохиолдолд лиценз эзэмших эрхийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага шилжүүлэн авч, дурсгалт зүйл болон судалгааны дээжийг улсын хилээр эргүүлэн оруулж ирэх ажлыг зохион байгуулна. Ийнхүү шилжсэн нь дурсгалт зүйл болон судалгааны дээжийн өмчлөх эрхэд хамаарахгүй.

         

Зургаа. Дурсгалт зүйл болон судалгааны дээжийг

улсын хилээр нэвтрүүлэх

 

6.1.Лиценз эзэмшигч дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэхэд бэлтгэх, боож савлах, тээврийн хэрэгсэлд байрлуулах, зөөж тээвэрлэх зэрэг үйл ажиллагаанд Засгийн газрын 2016 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журам”-ыг мөрдөнө.

6.2.Дурсгалт зүйл болон судалгааны дээжийг зөвхөн хилийн гаалийн байгууллага бүхий боомтоор нэвтрүүлнэ.

6.3.Дурсгалт зүйл болон судалгааны дээжийг улсын хилээр нэвтрүүлэх гаалийн бүрдүүлэлтийг лиценз эзэмшигч хариуцна.

6.4.Дурсгалт зүйлийг бусад этгээдийн ачаа тээшинд дайлгах, улс хоорондын шуудангийн үйлчилгээгээр илгээхгүй. 

6.5.Улсын хилээр гадагш нэвтрүүлсэн дурсгалт зүйлийг гэрээнд зааснаас өөр газарт байрлуулах, зөөж тээвэрлэх, сэргээн засварлах, хувилан олшруулах, эх төрх бүрэн бүтэн байдлыг өөрчлөх, аливаа арга хэлбэрээр тоон мэдээллийг цуглуулах, түүнийг бусдад дамжуулах, ашиглахыг хориглоно.  

 

Долоо. Лицензийн хугацааг сунгах

 

7.1.Лиценз эзэмшигч лицензийн хугацааг сунгах хүсэлтээ лицензэд заасан хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө энэхүү журмын 3.7-д заасан өргөдөл болон лицензийн эх хувийн хамт соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.  

7.2.Гадаадад оршин суугаа лиценз эзэмшигч иргэний хувьд тухайн улсад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан лицензийн хугацааг сунгах хүсэлтийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж болно.

7.3.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага лицензийн хугацааг сунгах хүсэлтийг энэхүү журмын 2, 3, 4 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

7.3.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага дурсгалт зүйлийн ашиглалтын байдлыг харгалзан лицензийн хугацааг сунгахаас татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд үндэслэлийг тодорхой дурдсан албан бичгийг лиценз эзэмшигчид хүргүүлнэ.

7.4.Лицензийн хугацааг дуусахаас өмнө Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т заасны дагуу нэг удаа сунгана. Лицензэд заасан хугацаа хэтэрсэн бол лицензийн хугацааг сунгахгүй.

7.5.Лиценз эзэмшигч хугацаа сунгасан лицензийн төлбөрийг Улсын тэмдэгтийн тухай хуулийн 22.1.12-т заасны дагуу төлнө.   

7.6.Лицензэд хугацааг сунгахаас өөр нэмэлт өөрчлөлт оруулахгүй.

 

Найм. Лицензийн ашиглалтад хяналт тавих, тайлагнах

 

8.1.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага лицензийн ашиглалтын байдалд хяналт тавина.

8.2.Гааль, Мэргэжлийн хяналтын байгууллага болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дурсгалт зүйлийг хилээр гаргах, оруулах үйл ажиллагаанд хяналт тавина.

8.3.Лиценз эзэмшигч нь дурсгалт зүйл болон судалгааны дээжийг Монгол Улсын хилээр оруулж ирснээс хойш 14 хоногт багтаан дэлгэрэнгүй тайланг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

8.4.Гаалийн байгууллага нь тухайн жилд хилээр гаргасан болон оруулсан дурсгалт зүйл болон судалгааны дээжийн талаарх мэдээллийг нэгтгэн жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

8.5. Лиценз олгогч олгосон лицензийн бүртгэлийг хөтөлж, жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор лицензийн тайлангийн хамт Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд хүргүүлнэ.

 

Ес. Хариуцлага

 

9.1. Энэ журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага ногдуулна.