- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2020 оны 128 дугаар
тогтоолын хавсралт
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ,
ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Зэвсэгт хүчний хөгжлийн сан (цаашид “Сан” гэх)-ийн хөрөнгийг бүрдүүлэх, төсөл, арга хэмжээг төлөвлөх, захиран зарцуулах, хяналт тавих, тайлагнахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2. Санг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах үйл ажиллагаанд Засгийн газрын тусгай сангийн тухай, Зэвсэгт хүчний тухай, Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, энэ журмыг удирдлага болгоно. (Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 142 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
1.3. Сангийн төсөв нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсөвт харьяалагдана.
Хоёр. Сангийн удирдлага, зохион байгуулалт
2.1. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцан удирдана.
2.2. Сангийн хөрөнгө нь төрийн сангийн нэгдсэн дансанд байршина.
2.3. Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах болон хяналт тавьж, тайлагнах үйл ажиллагаанд батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллана.
2.4. Сангийн хөрөнгөөр тухайн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Жагсаалтыг батлахад холбогдох байгууллагын саналыг авсан байна.
2.5. Шаардлагатай гэж үзвэл батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сангийн удирдлага, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх зөвлөлийг байгуулан ажиллуулж болно.
Гурав. Сангийн орлого, зарлага
3.1. Сангийн хөрөнгө нь Зэвсэгт хүчний тухай хуулийн 181.2-т заасан эх үүсвэрээс бүрдэнэ. (Засгийн газрын 2023 оны 142 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3.2. Сангийн хөрөнгийг Зэвсэгт хүчний тухай хуулийн 181.3-т заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах бөгөөд холбогдох шийдвэрийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана. (Засгийн газрын 2023 оны 142 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3.3. Сангийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.
Дөрөв. Сангийн хөрөнгийн зарцуулалтыг тайлагнах,
түүнд хяналт тавих
4.1. Сангийн санхүүгийн тайланг олон улсын стандарт, батлагдсан маягтын дагуу гаргаж, Батлан хамгаалахын сайдын багцын санхүүгийн тайланд нэгтгэнэ.
4.2. Сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг жилд нэгээс доошгүй удаа Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, төрийн болон албаны нууцад хамаарахгүй мэдээллийг олон нийтэд тухай бүр нээлттэй тайлагнана.
4.3. Сангийн жилийн эцсийн санхүүгийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийлгэж, тайланг аудитын дүгнэлтийн хамт хуульд заасан хугацаанд байгууллагын шилэн данс, цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
4.4. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалтад батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дотоод аудитын нэгж хяналт тавина.
-оОо-
Текст томруулах
A
A
A