A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 169 дүгээр
  тогтоолын хавсралт

 

СПОРТЫГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ
ЗАРЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Спортыг дэмжих сан” (цаашид “сан” гэх)-гийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2. Сан нь үйл ажиллагаандаа Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг баримтална.

Хоёр. Сангийн удирдлага, зохион байгуулалт

2.1. Сангийн удирдлагыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэгжүүлнэ.

2.2. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ. 

2.3. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг хэлэлцэн, сонгон шалгаруулж дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг (цаашид “Ажлын хэсэг” гэх) байгуулж ажиллуулна.

2.4. Ажлын хэсэг нь биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус болон мэргэжлийн байгууллага, салбарын эрдэмтэн судлаачдын төлөөллөөс бүрдсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй байна.

2.5. Ажлын хэсгийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Ажлын хэсгийн гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно. Шаардлагатай тохиолдолд хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.

2.6. Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 75 болон түүнээс дээш хувийн саналаар шийдвэрлэнэ.

2.7. Ажлын хэсгийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцож чадахгүйд хүрвэл энэ тухайгаа Ажлын хэсгийн нарийн бичгийн даргад урьдчилан мэдэгдэх бөгөөд бичгээр саналаа өгч болно.

2.8. Ажлын хэсгийн хуралдаанаас дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтэд Ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

2.9. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сангийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдуулан дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

     2.9.1. төсөл, арга хэмжээний санал, хүсэлтийг энэ журмын 4.1, 4.2-т заасан хугацаанд хүлээн авах;

     2.9.2. Ажлын хэсгийн хурлын зохион байгуулалтыг хангаж, асуудлыг хэлэлцүүлэх;

     2.9.3. баталсан төсвийн хүрээнд үйл ажиллагааг хэрэгжүүлж, гүйцэтгэлд хяналт тавих;

     2.9.4. шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын зөвлөгөө авах, хөндлөнгийн дүгнэлт гаргуулах асуудлаар гэрээ хэлцэл хийх;

     2.9.5. биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийн дагуу төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулах;

     2.9.6. сангийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл, арга хэмжээ, хөрөнгийн зарцуулалтын талаар олон нийтэд мэдээлэх.

Гурав. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ

3.1. Сангаас Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14.1-д заасан зориулалтай дараахь төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ:

     3.1.1. нийтийн биеийн тамирын үйл ажиллагаа, хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, зорилтод бүлэгт чиглэсэн;

     3.1.2. өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагчийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэхэд чиглэсэн;

     3.1.3. үндэсний спортын төрлийг хөгжүүлэхэд чиглэсэн;

     3.1.4. допингийн эсрэг үйл ажиллагааны сургалт, сурталчилгаа зохион байгуулах, үндэсний их баяр наадмаас бусад үеийн Монгол Улсад зохион байгуулагдах тэмцээн, наадмын допингийн эсрэг хяналтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн;

     3.1.5. Засгийн газрын баталсан Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаарх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн.

Дөрөв. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний
            санал хүлээн авах, сонгон шалгаруулах

4.1. Сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр эсвэл цахимаар ирүүлнэ.


4.2. Энэ журмын 4.1-д заасан хугацаанаас бусад үед төсөл, арга хэмжээний санал хүлээн авахгүй.
4.3. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 4.4, 4.5-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ.

4.4. Сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр ирүүлсэн төсөл, арга хэмжээний санал нь дараахь шаардлагыг хангасан байна:

     4.4.1. төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилттой нийцсэн байх;

     4.4.2. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14.1, энэ журмын гуравдугаар хэсэгт заасан зориулалтын дагуу байх;

     4.4.3. төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилго, үндэслэлийг тодорхойлсон урьдчилсан судалгааг хийсэн, үр дүнгийн төсөөлөл, ач холбогдол, хамрах хүрээг тооцсон байх;

     4.4.4. төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө, зардлын төсвийг нарийвчлан гаргасан байх;

     4.4.5. төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх багийн гишүүдийн танилцуулга болон гүйцэтгэх үүргийг тодорхойлсон байх;

     4.4.6. төсөл, арга хэмжээ нь хөрөнгө оруулалтын шинж чанаргүй байх;

     4.4.7. төсөл, арга хэмжээний улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, санхүүгийн тооцоолол, улсын төсвийн зардалтай давхцаагүй байх;

     4.4.8. санхүүжилт авах дансны талаарх мэдээлэл, харилцагч банкны тодорхойлолтыг ирүүлсэн байх;

4.5. Төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээд нь энэ журмын       4.4-т заасан саналын хамт дараахь шаардлага хангасан мэдээллийг  ирүүлнэ:

     4.5.1. татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийн өргүйг нотлох баримт;

     4.5.2. тогтмол үйл ажиллагаа явуулсан сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан;

     4.5.3. харилцагч банкны хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй талаарх тодорхойлолт.

4.6. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Ажлын хэсгээс тухайн төсөл, арга хэмжээтэй холбогдуулж шаардлагатай нэмэлт мэдээлэл авч болно.

4.7. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсөл, арга хэмжээний санал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш 30 хоногт багтаан Ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулна.

4.8. Шаардлагатай гэж үзвэл төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр санал ирүүлсэн иргэн, хуулийн этгээдээр Ажлын хэсгийн хуралдаанд танилцуулга хийлгэж болно.

4.9. Ажлын хэсэг нь сангаас санхүүжилт авах төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулж, дүгнэлтийг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.

4.10. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ журмын 4.9-д заасан дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.1-д нийцүүлэн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх шийдвэр гаргана.

4.11. Ажлын хэсгийн дүгнэлт, биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр нь тухайн төсвийн жилдээ хүчинтэй байна.

4.12. Энэ журмын 4.10-т заасан шийдвэрийн дагуу төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдтэй байгуулах гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана:

     4.12.1. төсөл, арга хэмжээний үр дүн, гүйцэтгэлийн тайлан ирүүлэх хугацаа;

     4.12.2. төсөл, арга хэмжээний хэрэгжих явцын хяналтын хуваарь;

     4.12.3. санхүүжүүлэх хуваарь;

     4.12.4. санхүүгийн тайлан ирүүлэх хугацаа;

     4.12.5. санхүүгийн холбогдох баримт материалыг үнэн зөв, бүрэн ирүүлэх талаар.

4.13. Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээд нь гүйцэтгэсэн ажлын төсвийн зарцуулалт, хүрсэн үр дүн, түүний үр нөлөөнд хийсэн дүгнэлт, гүйцэтгэлийн нэгдсэн тайланг гэрээнд заасан хугацаанд Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

Тав. Сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих

5.1. Сангийн хөрөнгийн зарцуулалтад Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

5.2. Сангийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тохиолдолд гэрээг цуцалж, үлдэгдэл санхүүжилтийг олгохгүй бөгөөд зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгийг эргэн төлүүлэх арга хэмжээ авна.

5.3. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

5.4. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.1-д заасны дагуу хагас, бүтэн жилээр гарган санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Зургаа. Бусад

6.1. Сангийн талаар дор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

     6.1.1. санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрөлгүйгээр иргэн, хуулийн этгээдээс зээл авах, хамтарсан үйл ажиллагаа явуулах;

     6.1.2. сангийн хөрөнгийг бусдад барьцаалах, баталгаа гаргах;

     6.1.3. сангийн хөрөнгөнөөс аливаа татаас, урамшуулал, тусламж олгох.

6.2. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.2-т заасны дагуу санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний мэдээллийг байгууллагын цахим хуудас болон шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар дамжуулан хуульд заасан хугацаанд тогтмол мэдээлнэ.


-оОо-