A

A

A

Бүлэг: 1979

 Дундговь аймгийн Засаг дарга, Цагдаагийн

 газрын даргын 2020 оны 5 дугаар сарын

 6–ны өдрийн А/130, А/18 дугаар хамтарсан

 захирамж, тушаалын хавсралт

ЗОЛБИН НОХОЙ, МУУР, ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИН БҮХИЙ МАЛ, АМЬТНЫГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СУМЫН ТӨВ, СУУРИН ГАЗАРТ

ГАЛТ ЗЭВСЭГ АШИГЛАН УСТГАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Дундговь аймгийн нутаг дэвсгэрт сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар(цаашид ЗДТГ гэх)-аас золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг сумын төв, суурин газарт галт зэвсэг ашиглан устгах ажлыг зохион байгуулахтай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Галт зэвсгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн сумын Засаг дарга золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг сумын төв, суурин газарт галт зэвсэг ашиглан устгах шийдвэр гаргана.

1.3.Аймгийн нутаг дэвсгэрт сумын төв, суурин газар буюу Мандалговь хотод хариуцах эзэнгүй золбин нохой, муур болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрч тогтоогдсон мал, амьтныг эзэнд нь мэдэгдэж галт зэвсэг ашиглан Галт зэвсгийн тухай хууль, энэхүү журмын дагуу устгана.

1.4.Золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг галт зэвсэг ашиглан устгах ажлыг Сайнцагаан суманд сумын ЗДТГ, Мандалговь хотын Хот тохижуулах газартай хамтран, бусад сумдад тухайн сумын ЗДТГ хариуцан зохион байгуулж, сум, багийн Засаг дарга, аймгийн Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар тус тус хяналт тавина.

1.5.Энэхүү журамд хэрэглэсэн нэр томьёог Галт зэвсгийн тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан утгаар ойлгож, журмыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хууль эдгээр хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, стандартуудыг мөрдлөг болгоно

Хоёр.Тавигдах шаардлага

2.1.Золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг устгах иргэн нь Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн байна.

2.2.Иргэн нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу галт зэвсгээ бүртгүүлж, галт зэвсгийн гэрчилгээ авсан байна.

Гурав.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эрх, үүрэг

3.1.Золбин нохой, муурыг устгах талаар зохион байгуулсан сумын Засаг даргын ажлын тайланг хэлэлцэх, гүйцэтгэлд хяналт тавих,

3.2.Сумын Засаг даргын саналд үндэслэн золбин нохой, муур устгах ажилд шаардагдах төсвийг батлах, нохой, муур устгах үнэлгээг тогтоох,

Дөрөв.Сумын Засаг даргын Тамгын

газрын эрх, үүрэг

4.1.Сумын төв, суурин газрын золбин нохой, муурны судалгааг жил бүр гаргаж, устгах тоог тогтоож, холбогдох мэргэжлийн байгууллага(Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар)-д танилцуулах,

4.2.Золбин нохой, муурыг галт зэвсэг ашиглан устгах ажлыг жилд хоёроос доошгүй удаа шаардлагатай тохиолдолд тухай бүрт нь зохион байгуулах,

Гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг мэргэжлийн байгууллагын хариуцсан санал, дүгнэлтэд үндэслэн хариуцсан эзэнд нь мэдэгдэж тухай бүрт нь зохион байгуулах,

4.3.Сумдын ЗДТГ, Сайнцагаан сумын Хот тохижуулах газар нь Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан шалгуурыг хангасан мэргэшсэн, туршлагатай иргэн эсхүл тэдний оролцоотой баг, хуулийн этгээдийг сонгож, тухайн “сумын төв, суурин газарт золбин нохой, муур/гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг галт зэвсэг ашиглан устгах гэрээ” байгуулан золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг галт зэвсэг ашиглан устгах ажлыг гүйцэтгүүлэх,

4.4.Журмын 3.3-т заасан гэрээнд золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг устгахад ашиглах галт зэвсэг нь Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан шалгуурыг хангасан, жил бүр тооллогод хамруулсан байх, сумыг холбогдох зөвшөөрөл бүхий газраас худалдан авах, аюулгүй байдлыг хангах талаар болон бусад асуудлыг харилцан тохиролцож тусгах,

4.5.Гэрээнд заасны дагуу иргэнд устгасан золбин нохой, муур, мал, амьтан нэг бүрт ногдох мөнгөн урамшууллыг олгох,

4.6. Устгасан золбин нохой, муур, гоц халдварт өвчин бүхий мал, амьтныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хүн амын суурьшлын бүсээс хол, хогийн цэг, бусад зориулалтын газарт зөөвөрлөж булж устгах, халдваргүйжүүлэх арга хэмжээ авах,

4.7.Устгалын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж аймгийн ЗДТГ, Цагдаагийн газарт тус тус хүргүүлэх,

4.8.Золбин нохой, муурыг устгах гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газарт нэн даруй гарган өгч, аюулгүй байдлын баталгаа, зааварчилгаа авах, Энэхүү ажилд орон нутгийн иргэдийг татан оролцуулах,

4.9.Иргэдэд эртнээс мэдээлэл хүргэж устгалын цагаар хүн, хүүхдийн хөдөлгөөнийг зохицуулах,

Тав.Багийн Засаг даргын эрх, үүрэг

5.1.Багийн нутаг дэвсгэр дэх золбин нохой, муурыг устгуулах саналаа гаргах, хамтран зохион байгуулах,

5.2.Золбин нохой, муурны тоо, судалгааг гаргаж сумын Засаг дарга, ЗДТГ-т хүргүүлж байх,

5.3.Хууль тогтоомжийн хүрээнд аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тогтоосон тэжээвэр нохой, муур, амьтаны татвар, төлбөр, хураамжийг төлүүлэх ажлыг багийн хэмжээнд зохион байгуулах,

Зургаа.Цагдаагийн газрын эрх, үүрэг

6.1.Аймгийн сумдын төв, суурин газар(хот)-т галт зэвсэг ашиглан золбин нохой, муурыг устгах ажилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, журмыг хэрэгжүүлэх ажилд хяналт тавих,

6.2.Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан иргэнг гэрээгээр ажиллуулж буй эсэхэд хяналт тавих,

6.3.Иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомж болон галт зэвсэг, ангийн хэрэгсэлтэй ажиллах аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажиллах, биелэлтэд хяналт тавих,

6.4.Иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, шаардлагатай гэж үзвэл гэрээг цуцлах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх,

6.5.Аймгийн хот, суурин газар(сумын төв)-т галт зэвсэг ашиглан золбин нохой, муурыг устгах гэрээ, галт зэвсэг, сумны талаарх мэдээлэл(бууны гэрчилгээ, зохих зөвшөөрөл бүхий газраас сум, хэрэгсэл худалдан авсан тухай баримт гэх мэт), бусад бичиг баримтыг шалгах, танилцах, хяналт тавих,

6.6.Иргэн, хуулийн этгээдэд энэхүү журмаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллах талаар Мэдэгдэл хүргүүлэх, биелэлтийг тооцох,

6.7.Устгалын тайланг хагас, бүтэн жилээр гаргуулан авах,

Долоо.Сайнцагаан сумын Хот тохижуулах газрын эрх, үүрэг

7.1.Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан иргэн ажиллуулах үүрэгтэй,

7.2.Золбин нохой, муурыг устгах ажлыг Сайнцагаан сумын Засаг дарга, Мандалговь хотын захирагчтай хамтран зохион байгуулах,

7.3.Устгасан золбин нохой, муурыг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хүн амын суурьшлын бүсээс хол, хогийн цэг, бусад зориулалтын газарт зөөвөрлөж булж устгах арга хэмжээ авах,

7.4.Иргэн, хуулийн этгээдэд агнасан устгасан амьтан нэг бүрт ногдох мөнгөн урамшууллыг олгох,

Найм.Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

8.1.Золбин нохой, муурыг устгах ажлыг гэрээ байгуулан гүйцэтгэх, холбогдох санхүүжилт, урамшууллыг авах,

8.2.Агнах арга, цаг хугацаа, техник хэрэгслээ орон нутгийн онцлог, нөхцөл байдалд тохируулан зөв сонгох, золбин нохой, муурыг устгах үйл ажиллагааг аюулгүй байдлыг бүрэн хангасан тохиолдолд явуулах, (Дуу намсгагчтай дурантай буу ашиглах, хүүхэд, хүн харах боломжгүй байршилд буудлага үйлдэх)

8.3.Агнах үйл ажиллагаа явуулж буй иргэн нь Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх,

8.4.Устгалын ажил явуулахын өмнө нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад биечлэн ирж холбогдох гэрээ, галт зэвсэг, сумны талаарх мэдээлэл (бууны гэрчилгээ, зохих зөвшөөрөл бүхий газраас сум, хэрэгсэл худалдан авсан тухай баримт) бусад бичиг баримтыг танилцуулж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа заавал авах,

8.5.Агнасан золбин нохой, муурыг цаг тухай бүрт нь хүлээлгэн өгч холбогдох тооцоог хийх, устгалын ажлын тайланг сумын Засаг дарга, Сайнцагаан сумын Хот тохижуулах газарт тухай бүр гаргаж өгч байх,

Ес.Иргэний үүрэг

9.1.Нохой, муур, мал, тэжээвэр амьтныг вакцинжуулах, мал амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах,

9.2.Нохой муур, мал, тэжээвэр амьтныг зэрлэгшүүлэхгүй байх,

9.3.Нохой муур, мал, амьтныг хараа хяналтад байлгаж, бусдад гэмт хор учруулахгүй байх,

9.4.Тэжээвэр амьтан нохой, муурыг хүзүүвчтэй, мал, тэжээвэр амьтныг тамга, тэмдэгтэй байлгах,

9.5.Нохой, муур, мал, тэжээвэр амьтныг тэнэмэл, золбин болгох, хаяж гээхгүй байх,

9.6.Золбин нохой, муурны талаарх мэдээллийг сум, багийн Засаг даргад мэдэгдэж байх,

9.7.Хууль тогтоомжийн хүрээнд аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон тэжээвэр нохой, муур, амьтны татвар, төлбөр, хураамжийг холбогдох хугацаанд нь төлөх,

Арав.Санхүүжилт

10.1.Золбин нохой, муурыг устгах ажилд шаардагдах зардлыг орон нутгийн төсөв(Байгаль орчныг хамгаалах сан бусад)-өөс санхүүжүүлнэ.

Арван нэг.Хариуцлага

11.1.Хууль тогтоомж болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд, иргэн холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

11.2.Иргэн, хуулийн этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, галт зэвсгээр сум алдаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.