- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙ ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРАМ
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 50 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙ ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРАМ
1.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын гишүүн томилогдсоноосоо хойш ажлын 3 өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө.
/Энэ хавсралтад 2024 оны 07 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./
2.Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх өдөр, цагийг Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга тогтооно.
3.Тангараг өргөх ёслолын ажиллагааны бэлтгэл ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар, Төрийн ёслолын алба хариуцан хангаж, зохион байгуулна.
4.Тангараг өргөх ёслолын ажиллагаанд төр, захиргаа, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг урилгаар оролцуулж болно.
5.Тусгайлан бэлдсэн ширээн дээр Үндсэн хууль, тангаргийн бичиг, үзэг тавьсан байна.
6.Тангаргийн бичигт Монгол Улсын Төрийн сүлд, түүний дор тангаргийн бүрэн бичвэр, тангараг өргөсөн гишүүний овог, нэр, он, сар, өдрийг тусгана.
7.Засгийн газрын гишүүн товлосон өдөр, цагт Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд орж, Монгол Улсын Төрийн сүлд рүү харан цэх зогсох ба хамтаар тангараг өргөх бол эгнэн зогсоно.
8.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээр томилсон тухай захирамжийг уншиж танилцуулсны дараа Засгийн газрын гишүүн тангараг өргөнө.
9.Тангараг өргөсний дараа Засгийн газрын гишүүн төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбааны өмнө баруун өвдөг мэхийн сууж адис аван, чуулганы танхимын голд байрлуулсан ширээнд сууж, тангаргийн бичигт гарын үсэг зурна.
10.Засгийн газрын гишүүд тангаргийг хамтаар өргөх бөгөөд насаар хамгийн ахмад гишүүн тангаргийг уншиж, бусад гишүүн давтан хэлнэ. Засгийн газрын гишүүн нөхөн томилогдсон тохиолдолд тангаргийг ганцаар өргөж болно.
/Энэ хавсралтад 2024 оны 07 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./
11.Засгийн газрын гишүүн тангаргийн бичигт гарын үсэг зурж Улсын Их Хурлын даргад тангаргийн бичгээ гардуулсны дараа Ерөнхий сайд Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулна.
12.Ерөнхий сайд Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулж дууссаны дараа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд Төрийн дуулал эгшиглүүлнэ.
13.Төрийн дуулал эгшиглэж дуусмагц Улсын Их Хурлын дарга Засгийн газрын гишүүдэд баяр хүргэж үг хэлэн ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A