A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 190 дүгээр
  тогтоолын хавсралт                            

 

МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ, АЛБАН ГАДААД ПАСПОРТ
ОЛГОХ, ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Монгол Улсын дипломат, албан гадаад паспортыг олгох, эзэмших, хадгалах, хүчингүй болгох, устгахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг баримтална.

1.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дипломат, албан гадаад паспортыг батлагдсан загварын дагуу хэвлүүлж, тухай бүр гадаад улсын эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу хүргүүлнэ.

1.4. Дипломат, албан гадаад паспортыг хэвлүүлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

1.5. Дипломат, албан гадаад паспортыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгож, бүртгэж, хүчингүй болгоно.

1.6. Дипломат, албан гадаад паспорт нь 5 хүртэл жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд хүчинтэй хугацааг сунгахгүй.

1.7. Дипломат, албан гадаад паспорт нь Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ИКАО)-ын Doc 9303-аар тогтоосон стандартыг хангасан дараахь төрөлтэй байна:

      1.7.1. цахим төхөөрөмжөөр уншигдах паспорт (MRTD);

      1.7.2. иргэний биеийн давхцахгүй өгөгдөл (цээж зураг, гарын хурууны хээ г.м)-ийг агуулсан санах ойтой паспорт (eMRTD).

1.8. Энэ журмын 1.7-д заасан дипломат, албан гадаад паспорт дараахь мэдээллийг агуулсан байна:

      1.8.1. энэ журмын 1.7.1-д заасан дипломат, албан гадаад паспортад эзэмшигчийн эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, иргэний харьяалал, регистрийн дугаар;

      1.8.2. энэ журмын 1.7.2-т заасан дипломат, албан гадаад паспортад эзэмшигчийн ургийн овог, эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, иргэний харьяалал, регистрийн дугаарыг.

1.9. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дипломат, албан гадаад паспорт мэдүүлсэн, олгосон, хүчингүй болгосон талаарх мэдээллийг цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, хилийн шалган нэвтрүүлэх хяналтын цахим мэдээллийн сүлжээтэй холбогдох мэдээллийг солилцоно.

Хоёр. Дипломат, албан гадаад паспорт олгох

2.1. Дипломат гадаад паспортыг Монгол Улсын дор дурдсан албан тушаалтан, иргэнд олгоно:

      2.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд;

      2.1.2. төрийн өндөр албан тушаалын ТӨ-III-ТӨ-YI зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;

      2.1.3. төрийн өндөр албан тушаалын ТӨ-IYА-ТӨ-YIА зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр/нөхөр;

      2.1.4.Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн, түүний эхнэр/нөхөрт насан туршид, хүүхдэд 18 нас хүртэл, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн, түүний гэр бүлийн гишүүдэд төрийн тусгай хамгаалалтад байх хугацаанд; (Засгийн газрын 2022 оны 321 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

      2.1.5. төрийн өндөр албан тушаалын ТӨ-III-ТӨ-YI зэрэглэлд хамаарч байсан албан тушаалтан, түүний эхнэр/нөхөрт тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацаатай адил хугацаанд;
    
      2.1.6. гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дипломат албан тушаалтан;

      2.1.7. төрийн албаны ТЗ-15, АА-I, ТТ-18 зэрэглэлийн албан тушаалтан түүний эхнэр/нөхөр;

      2.1.8. хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан болон тэдгээрийн эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;

      2.1.9. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолтой иргэн, түүний эхнэр/нөхөр, Засгийн газрын салбарын тэргүүний ажилтны “Хүндэт дипломат” хүндэт тэмдгээр шагнуулсан ахмад дипломат болон түүний эхнэр/нөхөр; (Засгийн газрын 2022 оны 321 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

      2.1.10. энэ журмын 2.1.1-д заасан албан тушаалтан гадаад улсад зорчиход дагалдан явах төрийн тусгай хамгаалалтын алба хаагч.

2.2.Албан гадаад паспортыг Монгол Улсын дор дурдсан албан тушаалтан, иргэнд энэ журмын 3.7-д заасан паспорт мэдүүлэх эрх бүхий төрийн байгууллагаар уламжлан мэдүүлснээр олгоно:
(Засгийн газрын 2022 оны 321 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)


      2.2.1.төрийн албаны АА-2-АА-11 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;

      2.2.2.төрийн захиргааны албаны ТЗ-6-ТЗ-14 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;

      2.2.3.шүүгч, прокурор;
     
      2.2.4.сум, дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга;   

      2.2.5.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч;
     
      2.2.6.төрийн тусгай албан тушаалын ТТ-10-ТТ-17 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
 
      2.2.7.Авлигатай тэмцэх газрын хэлтэс, албаны дарга, ахлах ажилтан, ажилтан;

      2.2.8.Монголбанкны ерөнхий менежер, газар, төв, хэлтэс, албаны дарга;

      2.2.9.төрийн үйлчилгээний ТҮ-11-ТҮ-12 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;

      2.2.10.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд гадаадад зорчиход дагалдан явах эмч болон үйлчилгээний бусад ажилтан;

      2.2.11.Монгол Улсын олон улсын гэрээ, бусад нөхцөлөөр гадаад улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх албан хаагч;

      2.2.12.олон улсын Засгийн газар хоорондын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаал эрхлэх Монгол Улсын иргэн, түүний эхнэр/нөхөр,   18 хүртэлх насны хүүхэд;  

      2.2.13.хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын  үйлчилгээ, техникийн ажилтан, тэдгээрийн эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд; 

      2.2.14.Улсын Их Хурлын гишүүний орон тооны зөвлөх болон туслах;

      2.2.15.Засгийн газрын гишүүний орон тооны зөвлөх, туслах, хэвлэлийн төлөөлөгч;

      2.2.16.Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын туслах;

      2.2.17.Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон Монгол Улсын иргэн;

      2.2.18.гадаад улсын Өргөмжит консулаар томилогдсон Монгол Улсын иргэн;

      2.2.19.Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Монгол Улсын иргэн;

      2.2.20.олон улсын хуваарьт нислэгийн нисэх бүрэлдэхүүн (нисгэгч, инженер, нислэгийн аюулгүй ажиллагааны байцаагч, бүхээгийн ажилтан);

      2.2.21.Нийслэл хотын болон төрийн өмчит хуулийн этгээдийн гадаад улсад суугаа төлөөлөгчийн газрын үндсэн ажилтан, түүний эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;

      2.2.22.“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”-ын 25.4-т заасныг баримтлан Олон улсын олимпын хорооны гишүүнээр сонгогдсон Монгол Улсын иргэн, Монголын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, олимп, паралимпын наадам, олон улс, тив, дэлхийн спортын тэмцээн, наадамд оролцох Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид, тэдгээрийн дасгалжуулагч, эмч нарт тэдгээрийг харьяалах төрийн захиргааны төв байгууллагын хүсэлтийг үндэслэн;

      2.2.23.“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”-ын 21.6-д заасныг баримтлан дотоодын үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилгоор төрийн өмчит аж ахуйн нэгжийн болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас жил бүр эрэмбэлэн зарладаг Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал, гадаад харилцааны нэгжийн дарга болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүлэгчдэд тэдгээрийг харьяалах байгууллагын хүсэлтийг үндэслэн;

      2.2.24.энэ журмын 2.1.9-д зааснаас бусад дипломат цолтой ахмад дипломат болон түүний эхнэр/нөхөр.

2.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга дипломат гадаад паспорт, консулын асуудал хариуцсан нэгжийн захирал албан гадаад паспорт олгох, эсхүл татгалзах асуудлыг шийдвэрлэнэ.

2.4.Шаардлагатай тохиолдолд гадаад харилцааны асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргын гарын үсгээр баталгаажсан зөвшөөрлийг үндэслэн дипломат, албан гадаад паспортыг олгож болно. (Засгийн газрын 2022 оны 321 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

2.5.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас дипломат, албан гадаад паспорт олгох талаар ирүүлсэн албан бичгийг үндэслэн дипломат, албан гадаад паспортыг олгож болно. (Засгийн газрын 2022 оны 321 дүгээр тогтоолоор нэмсэн)

2.6.Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намын удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах бүтцийн гишүүнд тухайн намын даргын албан бичгээр гаргасан хүсэлт, ажлын шаардлагыг үндэслэн албан гадаад паспортыг олгож болно. (Засгийн газрын 2022 оны 321 дүгээр тогтоолоор нэмсэн)

2.7. Албан гадаад паспортыг зөвхөн албан томилолтоор зорчиход хэрэглэнэ.

2.8. Энэ журмын 2.3-т зааснаар дипломат, албан гадаад паспорт олгохоос татгалзсан тохиолдолд тухайн албан тушаалтан, иргэнд албан бичгээр хариу өгнө.

2.9. Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор хугацаатай томилогдсон албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа дуусахад 6 сар үлдсэн үед шинээр паспорт олгох тохиолдолд түүний хүчинтэй хугацаа 1 хүртэл жил байна.

Гурав. Дипломат, албан гадаад паспорт мэдүүлэх

3.1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дипломат, албан гадаад паспорт мэдүүлэх хуудас (цаашид “мэдүүлэх хуудас” гэх)-ны загварыг батална.

3.2. Мэдүүлэх хуудас паспорт мэдүүлэгчийн талаар дараахь мэдээллийг агуулсан байна:

      3.2.1. ургийн овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр;

      3.2.2. төрсөн он, сар, өдөр, хүйс, регистрийн дугаар;

      3.2.3. цээж зураг (3.5х4.5 см-ийн хэмжээтэй);

      3.2.4. албан тушаалын ангилал, зэрэглэл;

      3.2.5. дипломат, албан гадаад паспорт олгох, эсхүл татгалзах шийдвэрийн хэсэг. (Засгийн газрын 2022 оны 321 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

3.3. Дипломат, албан гадаад паспортын мэдүүлэх хуудаст тухайн байгууллагын төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан нэгжийн дарга гарын үсэг зурж, мэдүүлэх хуудаст дурдсан мэдээлэл, энэ журмын 3.4.2-3.4.5-д заасан баримт бичгийн үнэн зөвийг баталгаажуулна.

3.4. Дипломат, албан гадаад паспорт мэдүүлэхэд дараахь баримт бичгийг бүрдүүлж, мэдүүлэх хуудаст хавсаргана:

      3.4.1. дипломат, албан гадаад паспорт олгох үндэслэлийг тодорхойлсон энэ журмын 3.7-д заасан байгууллагын албан бичиг;

      3.4.2. нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа;

      3.4.3. тухайн албан хаагчийг албан тушаалд томилсон шийдвэрийн хуулбар (байгууллагын “Хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулан);

      3.4.4. тухайн албан тушаалтны албан тушаалын/ажлын байрны тодорхойлолт, ажлын үнэмлэхийн хуулбар;

      3.4.5. иргэний үнэмлэхийн хуулбар;

      3.4.6. энэ журмын 2.1.1-2.1.7, 2.2.10-2.2.11, 2.2.18-д заасан албан тушаалтан, иргэн дипломат, албан гадаад паспорт мэдүүлэх бол гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;

      3.4.7. энэ журмын 2.4-2.6-д заасны дагуу дипломат, албан гадаад паспорт мэдүүлэх бол холбогдох байгууллагын хүсэлт, цагдаагийн байгууллагын тодорхойлолт; (Засгийн газрын 2022 оны 321 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

      3.4.8. төлбөр төлсөн баримт.

      3.4.9.Энэ журмын 2.2.18-2.2.23-т заасан иргэн, албан тушаалтан дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлнэ: (Засгийн газрын 2022 оны 321 дүгээр тогтоолоор нэмсэн)

      3.4.9.1.тухайн албан тушаалд томилогдсон шийдвэрийн хуулбар;

      3.4.9.2.энэ журмын 2.2.23-т заасан шилдэг 100 аж ахуйн нэгжийн хувьд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тодорхойлолт.

3.5. Дипломат, албан гадаад паспорт мэдүүлэгч энэ журмын 3.4.3, 3.4.6, 3.4.7-д заасан баримт бичиг, мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн системээс авах боломжтой нөхцөлд бүрдүүлэхгүй байж болно.

3.6. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгж энэ журмын 2.4-2.6-д заасны дагуу дипломат, албан гадаад паспорт мэдүүлэгчийн талаар тагнуул, цагдаа, Авлигатай тэмцэх газар, хил хамгаалах, улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авч болох бөгөөд дараахь баримт бичгийг паспорт мэдүүлэгчээс нэмж шаардаж болно: (Засгийн газрын 2022 оны 321 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

      3.6.1. гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй болохыг нотолсон лавлагаа;

      3.6.2. Төрийн албаны зөвлөлийн холбогдох лавлагаа;

      3.6.3. төрийн албан хаагчийн тангаргийн хуулбар.

3.7. Дипломат, албан гадаад паспортыг дараахь төрийн байгууллага мэдүүлнэ:

      3.7.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан нэгж;

      3.7.2. Үндсэн хуулийн байгууллага болон хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгж;

      3.7.3. Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлаг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газраар уламжлан;

      3.7.4. энэ журмын 3.7.3-т зааснаас Засгийн газрын бусад агентлаг харьяалагдах төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргаар уламжлан;

      3.7.5. аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар;

      3.7.6. сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар нь энэ журмын 3.7.5-д заасан байгууллагаар уламжлан;

      3.7.7. энэ журмын 2.2.10, 2.2.11-д заасан албан тушаалтан, иргэн Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраар уламжлан;

      3.7.8. энэ журмын 2.2.16-д заасан олон улсын хуваарьт нислэгийн нисэх бүрэлдэхүүнийг зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан.

3.8. Дипломат, албан гадаад паспорт мэдүүлэхэд шаардлагатай нийт баримт бичгийг бүрдүүлсэн мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс ажлын 5 хоногт багтаан олгоно.

3.9. Дипломат, албан гадаад паспорт мэдүүлсэн баримт бичгийг гадаад харилцааны төв архивт 10 жил хадгална.

3.10. Дипломат гадаад паспортад гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, түүний эзгүйд консулын асуудал хариуцсан нэгжийн захирал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна.

3.11. Албан гадаад паспортад гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгжийн захирал, түүний эзгүйд дэд захирал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна.


Дөрөв. Дипломат, албан гадаад паспорт эзэмших, хадгалах,
тайлагнах, хүчингүй болгох, устгах

4.1. Дипломат, албан гадаад паспорт мэдүүлсэн байгууллагын холбогдох газар, нэгжийн албан тушаалтан дараахь үүрэгтэй:

      4.1.1. тухайн албан тушаалтан ажлаас чөлөөлөгдөх, халагдах шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор тухайн дипломат, албан гадаад паспортыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүчингүй болгуулахаар мэдэгдэх;

      4.1.2 төрийн албан хаагчийг Төрийн албаны тухайн хуулийн 44.1-д  заасны дагуу өөр албан тушаалд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тохиолдолд энэ талаар шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор дипломат, албан гадаад паспорт эзэмшигчийн талаар мэдээллийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэх;

      4.1.3. алдагдсан, гээгдүүлсэн дипломат, албан гадаад паспортын талаар 14 хоногийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр мэдэгдэх;

      4.1.4. жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдийн талаар тайланд тусган гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх.

4.2  Дипломат, албан гадаад паспорт эзэмшигч нь дараахь үүрэгтэй:  

      4.2.1. дипломат, албан гадаад паспортаа хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгжид нэн даруй мэдэгдэх;

      4.2.2. дипломат, албан гадаад паспорттай зураг, бичлэгээ олон нийтийн аливаа сүлжээнд байршуулахгүй байх;

      4.2.3. хилийн чанадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлагатайг анхаарах; 

      4.2.4. энэ журмын 4.5-д заасны дагуу эзэмшигч нь Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд улсын хил хамгаалах байгууллагад албан гадаад паспортаа хураалгах үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд дахин албан гадаад паспорт олгохгүй байх үндэслэл болно.

4.3. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгж дипломат, албан гадаад паспортыг хадгалах, хүчингүй болгох талаар дараахь эрхтэй:

      4.3.1. энэ журмын 4.1.1-д заасан дипломат, албан гадаад паспортыг хүчингүй болгох, устгах;

      4.3.2. энэ журмын 4.1.4-д заасан тайлан ирүүлж, баталгаажуулаагүй дипломат, албан гадаад паспортыг хүчингүй болгох; (Засгийн газрын 2022 оны 321 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

      4.3.3. улсын хил хамгаалах байгууллагаас хилийн боомтод энэ журмын  4.5-д заасны дагуу хураагдсан дипломат, албан гадаад паспортыг хүлээн авч хадгалах;

      4.3.4. энэ журмын 4.3.3-т заасны дагуу хадгалагдаж байгаа паспортыг тухайн албан тушаалтан, иргэн гадаад улсад зорчих шаардлагатай үед тэдгээрийн хүсэлт буюу харьяалах байгууллагын хүсэлтийг үндэслэн холбогдох бүртгэлийг хөтөлж, паспорт эзэмшигчийн гарын үсгээр баталгаажуулсны дараа нэгжийн удирдлагын зөвшөөрлөөр паспортыг түр олгох;

      4.3.5. дипломат, албан гадаад паспортыг хүчингүй болгосон тухай шийдвэрийг гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, хилийн шалган нэвтрүүлэх асуудал хариуцсан байгууллагад мэдэгдэх.

4.4. Алдагдсан, гээгдүүлсэн дипломат, албан гадаад паспортын талаар дараахь мэдээллийг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол)-ын мэдээллийн санд байршуулна:

      4.4.1. дипломат, албан гадаад паспортын дугаар;

      4.4.2. энэ журмын 1.9-д заасан мэдээлэл.

4.5. Улсын хил хамгаалах байгууллага дараахь үүрэгтэй:

      4.5.1. энэ журмын 2.1.1-2.1.9, 2.2.15-2.2.17, Монгол Улсын хилийн тухай хуулийн 23.1-д зааснаас бусад албан тушаалтан, иргэний дипломат, албан гадаад паспортыг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд хилийн боомтод хураан авч, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хадгалуулахаар шилжүүлнэ;

      4.5.2. энэ журмын 4.3.1-4.3.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон дипломат, албан гадаад паспортыг хүчингүй болгох буюу устгуулахаар шилжүүлнэ.

4.6. Хүчингүй болгосон дипломат, албан гадаад паспортыг жил бүрийн эцэст гадаад харилцааны асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр устгана.

4.7. Хүчингүй болгосон дипломат, албан гадаад паспортыг эзэмшигч хүсэлт гаргасан тохиолдолд тухайн паспортод тусгай тэмдэглэгээ хийн дурсгал болгон өгч болно.

Тав. Хяналт, хариуцлага

5.1. Дипломат, албан гадаад паспортын олголтод гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгж хагас жил тутамд эрсдэлийн үнэлгээ хийнэ.

5.2. Дипломат, албан гадаад паспортын олголтын тайланг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгж хагас жил тутам гаргаж, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дэд сайд, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргад тус тус танилцуулна.

5.3. Дипломат, албан гадаад паспорт мэдүүлэхдээ мэдүүлэгч нь баримт бичиг хуурамчаар үйлдсэн, худал мэдээлэл өгсөн, паспортаа бусдад ашиглуулсан, худалдсан, барьцаалсан асуудлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрх бүхий байгууллагад шилжүүлж, шийдвэрлүүлнэ.

5.4. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгж энэхүү журмын 4.1.3, 4.2-т заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах саналаа холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх бөгөөд эрх бүхий албан тушаалтан нь сахилгын шийтгэл ногдуулсан эсэх талаар хариу  мэдэгдэнэ.

5.5.Энэ журмын дагуу дипломат, албан гадаад паспорт эзэмшигч нь гадаад улсын хил, гаалиар болон нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан, тээвэрлэсэн, хууль бусаар худалдах үйл ажиллагаанд оролцсон талаар гадаад улсын эрх бүхий байгууллагаас дипломат шугамаар мэдэгдсэн тохиолдолд тухайн этгээдэд Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулна. (Засгийн газрын 2022 оны 321 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)


-----о0о-----