A

A

A

Бүлэг: 1979

Эрчим хүчний сайдын 2020 оны

100 дугаар тушаалын хавсралт

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮР БАРИХ ТӨСӨЛ

ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төсөл (цаашид “төсөл” гэх)-ийг Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар тогтоосон зарчимд нийцүүлэн сонгон шалгаруулахтай холбогдон үүссэн харилцааг зохицуулна.

1.2.Энэ журмын үйлчлэлд эрчим хүч дамжуулах сүлжээнд холбогдон ажиллах 1 МегаВатт (цаашид “МВт” гэж товчлох)-аас дээш суурилагдсан хүчин чадалтай нар, салхины үүсгүүр, усан цахилгаан станц, усан цэнэгт цахилгаан станц, эрчим хүчний хуримтлуур болон сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх үүсгүүрийг өөрийн хөрөнгөөр барих хуулийн этгээд хамаарна.

1.3.Хуулийн этгээд нь сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барихдаа Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, энэ журам болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, эрх зүйн бусад баримт бичгийг дагаж мөрдөнө.

1.4.Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төсөл шалгаруулалт (цаашид “төсөл шалгаруулалт” гэх) гэж Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 4.1.10-д заасныг ойлгоно.

1.5.Улсын төсөв, орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож байгаа зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл нь энэ журмын үйлчлэлд хамаарахгүй.

Хоёр. Талуудын эрх, үүрэг

2.1.Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах эрх, үүрэгтэй байна:

2.1.1.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд заасны дагуу холбогдох дүрэм, журмыг боловсруулах, батлах;

2.1.2.Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичгийн хүрээнд өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг боловсруулах, батлах;

2.1.3.төсөл шалгаруулалтын жишиг баримт бичгийг боловсруулах, батлах;

2.1.4.төсөл шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий төсөл шалгаруулалтын хороог байгуулах;

2.1.5.төсөл хэрэгжүүлэх гэрээний загварыг боловсруулах, батлах;

2.1.6.төсөл шалгаруулалтад шалгарсан оролцогчтой гэрээний хэлцэл хийх, гэрээ байгуулах;

2.1.7.шаардлагатай тохиолдолд төсөл шалгаруулалтын хорооны санал болгосноор энэ журмын 3.5.2, 3.6.3-т тус тус заасан үнэлгээний хугацааг 20 хүртэл хоногоор нэг удаа сунгах.

2.2.Диспетчерийн үндэсний төв нь дараах эрх, үүрэгтэй байна:

2.2.1.энэ журмын 2.3.1-д заасан баримт бичгийг боловсруулахад шаардлагатай мэдээллээр хангах;

2.2.2.тухайн төслийн нэгдсэн сүлжээнд нөлөөлөх нөлөөлөл, горим тогтворжилтын тооцоог гүйцэтгэх.

2.3.Сэргээгдэх эрчим хүчний төрийн өмчит байгууллага нь дараах эрх, үүрэгтэй байна:

2.3.1.төслийн судалгааг хийж, дараах баримт бичгүүдийг боловсруулж, батлуулах:

2.3.1.1.сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа;

2.3.1.2.үйлдвэрлэх, нийлүүлэх эрчим хүчний хэмжээ, чанарын үзүүлэлт;

2.3.1.3.үйл ажиллагаандаа ашиглах тоног төхөөрөмжийн үндсэн үзүүлэлт;

2.3.1.4.тоног төхөөрөмжийн эзэмшлийн зааг;

2.3.1.5.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

2.3.1.6.техник, эдийн засгийн үндэслэл;

2.3.1.7.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ;

2.3.1.8.байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө;

2.3.1.9.инженер-геологийн дүгнэлт;

2.3.1.10.бусад шаардлагатай баримт бичиг;

2.3.2.энэ журмын 2.2.2-т заасан баримт бичгийг батлуулах;

2.3.3.төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх, зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу авах;

2.3.4.төсөл шалгаруулалтад шалгарч гэрээ байгуулсан гүйцэтгэгчид энэ журмын 2.3.3-т заасан эрх, зөвшөөрлийг шилжүүлэх, 2.3.1-д заасан баримт бичгийг боловсруулсан зардал болох дор дурдсаны дагуу тооцсон үнээр шилжүүлэх:

Зардал=I+P*q+L+T

I - суурь төлбөр - тавин мянган нэгж;

P – суурилагдсан хүчин чадал (Ватт);

q – итгэлцүүр (нарны цахилгаан станц-1, салхин цахилгаан станц-2, усан цахилгаан станц, усан цэнэгт цахилгаан станц-4, бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр-1.5);

L – газрын төлбөр;

Т – Эрчим хүчний зохицуулах хорооноос олгох тусгай зөвшөөрлийн төлбөр.

2.3.5.төсөл шалгаруулалтыг зохион байгуулахад туслалцаа үзүүлэх.

2.4.Төсөл шалгаруулалтын хороог төсөл хэрэгжүүлэх тухай бүр байгуулах бөгөөд дараах бүрэлдэхүүнтэй байна:

2.4.1.эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл 3;

2.4.2.Эрчим хүчний зохицуулах хорооны төлөөлөл 1;

2.4.3.Диспетчерийн үндэсний төвийн төлөөлөл 1;

2.4.4.сэргээгдэх эрчим хүчний төрийн өмчит байгууллагын төлөөлөл 1;

2.4.5.цахилгаан дамжуулах үйл ажиллагаа эрхлэх төрийн өмчит байгууллагын төлөөлөл 1;

2.4.6.эрчим хүчний салбарын төрийн бус байгууллагын төлөөлөл 2 гишүүн /хараат бус/.

2.5.Төсөл шалгаруулалтын хорооны дарга нь эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл, гишүүн-нарийн бичгийн дарга нь сэргээгдэх эрчим хүчний төрийн өмчит байгууллагын төлөөлөл тус тус байна.

2.6.Төсөл шалгаруулалтын хорооны хурал нь гишүүдийн 75-аас доошгүй хувь нь оролцсоноор хүчинтэйд тооцогдож, хуралд оролцсон гишүүдийн 75-аас доошгүй хувийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

2.7.Төсөл шалгаруулалтын хороо нь дараах эрх, үүрэгтэй байна:

2.7.1.төсөл шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулах;

2.7.2.төслийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулах;

2.7.3.энэ журмын дагуу төсөл шалгаруулалтыг зохион байгуулах;

2.7.4.төслийг шалгаруулсан тухай зөвлөмжийг гаргаж, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

2.7.5.төсөл шалгаруулалтын хорооны гишүүн нь үүрэгт ажлаа хараат бусаар хэрэгжүүлж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах.

Гурав. Төсөл шалгаруулалт

3.1.Эрчим хүч дамжуулах сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих төслийг тогтоосон техникийн нөхцөл (техник, технологийн шийдэл), нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх үнийн саналаар тус тус өрсөлдүүлэн сонгон шалгаруулна.

3.2.Төсөл шалгаруулалт нь дараах үе шаттай байна:

3.2.1.төсөл шалгаруулалтын бэлтгэл үе шат;

3.2.2.төсөл шалгаруулалтын ерөнхий нөхцлийг зарлах үе шат;

3.2.3.төсөл шалгаруулалтын урьдчилсан үнэлгээний үе шат;

3.2.4.төслийг шалгаруулах үе шат;

3.2.5.шалгарсан оролцогчтой хэлцэл хийж, гэрээ байгуулах үе шат.

3.3.Төсөл шалгаруулалтын бэлтгэл үе шат

3.3.1.энэ үе шатанд эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сэргээгдэх эрчим хүчний төрийн өмчит байгууллагын боловсруулж, бэлтгэсэн энэ журмын 2.3.1, 2.3.3-т заасан баримт бичиг, материалд үндэслэж хэрэгжүүлэх төслийн техникийн үзүүлэлтийг тодорхойлно.

3.4.Төсөл шалгаруулалтын ерөнхий нөхцөлийг зарлах үе шат

3.4.1.эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төсөл шалгаруулалтын урилгыг урьдчилсан үнэлгээ эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө байгууллагын цахим хуудас болон олон улсад өргөн хэрэглэгддэг хэл дээр гардаг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.

3.4.2.энэ журмын 3.4.1-д заасан урилгад төсөл хэрэгжүүлэх байршил, суурилагдсан хүчин чадал, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх эрчим хүчний хэмжээ, төсөл шалгаруулалтын баримт бичгийн үнэ, материал хүлээн авах эцсийн хугацаа, материал хүлээн авах газрын талаар тусгана.

3.4.3.төсөл шалгаруулалтын ерөнхий нөхцлийг байгууллагын цахим хуудсанд байршуулах бөгөөд үүнд дараах мэдээллийг тусгана:

3.4.3.1.төслийн нэр, суурилагдсан хүчин чадал, техник, технологийн шийдэл, төсөл хэрэгжүүлэх байршил, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх эрчим хүчний хэмжээ;

3.4.3.2.хуулийн этгээдийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, сүүлийн 3-5 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлангийн баталгаажуулсан хуулбар, туршлагын талаарх мэдээлэл;

3.4.3.3.төслийг үнэлэх шалгуур үзүүлэлт;

3.4.3.4.төсөл хэрэгжүүлэх баталгааны тухай;

3.4.3.5.ирүүлэх маягтын загвар;

3.4.3.6.төсөл хэрэгжүүлэх гэрээний ерөнхий нөхцөл;

3.4.3.7.эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл.

3.4.4.төсөл хэрэгжүүлэх баталгааны хэмжээ нь санал болгож байгаа хөрөнгө оруулалтын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцүү байна.

3.4.5.төсөл шалгаруулалтын ерөнхий нөхцөлийг зарласнаас хойш төслийг үнэлэх шалгуур үзүүлэлт, үнэлгээний аргачлал, маягт, гэрээний загвар болон холбогдох бусад баримт бичигт өөрчлөлт оруулахгүй.

3.5.Төсөл шалгаруулалтын урьдчилсан үнэлгээний үе шат

3.5.1.энэ үе шатанд төсөл шалгаруулалтын ерөнхий нөхцөлд заасан үнэлэх шалгуур үзүүлэлтийг хангасан төслийг сонгоно. Өрсөлдөөнийг хангах зорилгоор оролцогчийн тоог хязгаарлахгүй боловч нэг оролцогч нэг төсөл ирүүлнэ.

3.5.2.төсөл шалгаруулалтын хороо төслийг 20 хоногийн дотор шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, урьдчилсан үнэлгээгээр өндөр хувь авсан эхний 10 хүртэл оролцогчийг эрэмблэн эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.5.3.төсөл шалгаруулалтын хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох шийдвэрийг гаргаж, шалгарсан төслийг дараагийн шатны шалгаруулалтад урина.

3.5.4.энэ журмын 3.5.3-т заасны дагуу шалгарсан төслийн оролцогч болон бусад оролцогчид хариуг урьдчилсан шалгаруулалт явагдсанаас хойш ажлын 5 хоногийн дотор мэдэгдэж, шалгарсан оролцогчийн талаар байгууллагын цахим хуудас болон олон улсад өргөн хэрэглэгддэг хэл дээр гардаг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

3.6.Төслийг шалгаруулах үе шат

3.6.1.эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага урьдчилсан үнэлгээний үе шатанд тэнцсэн оролцогчид дараах мэдээлэл бүхий урилгыг хүргүүлнэ:

3.6.1.1.төслийн нэр, суурилагдсан хүчин чадал, техник, технологийн шийдэл, төсөл хэрэгжүүлэх байршил, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх эрчим хүчний хэмжээ;

3.6.1.2.санхүүгийн болон хүний нөөцийн чадавхийн талаарх мэдээлэл, холбогдох зөвшөөрлүүд (тогтоосон маягтын дагуу);

3.6.1.3.үнийн санал (тогтоосоны маягтын дагуу);

3.6.1.4.техникийн болон санхүүгийн санал боловсруулахад шаардлагатай мэдээлэл;

3.6.1.5.техникийн болон санхүүгийн саналыг үнэлэх шалгуур үзүүлэлт;

3.6.1.6.төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх нарийвчилсан төлөвлөгөө;

3.6.1.7.төсөл хэрэгжүүлэх баталгааны тухай;

3.6.1.8.төсөл шалгаруулалт хүчингүй болох нөхцөл;

3.6.1.9.төсөл хэрэгжүүлэх гэрээний загвар;

3.6.1.10.эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний загвар.

3.6.1.11.санал нээхээс өмнө тодруулга өгөх тухай;

3.6.1.12.төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа, хүлээн авах газар.

3.6.2.оролцогч нь төслийн техникийн болон санхүүгийн саналыг тусад нь дугтуйлж, битүүмжлэн ирүүлнэ.

3.6.3.төсөл шалгаруулалтын хороо төслийн техникийн болон санхүүгийн саналыг хүлээн авснаас хойш 45 хоногийн дотор үнэлнэ.

3.6.4.төсөл шалгаруулалтын хороо төслийн техникийн саналыг эхэлж нээж үнэлнэ.

3.6.5.төслийн техникийн саналыг шалгуур үзүүлэлтийн дагуу хувиар үнэлнэ.

3.6.6.техникийн саналд 70 болон түүнээс дээш хувь авсан төслийн санхүүгийн саналыг нээж, үнэлгээ хийнэ.

3.6.7.төсөл шалгаруулалтын хороо энэ журмын 3.6.6-д заасан үнэлгээний хувьд хүрээгүй төслийн санхүүгийн саналыг нээлгүйгээр буцаана.

3.6.8.төсөл шалгаруулалтын хороо энэ журмын 3.6.6-д заасан төслүүдийн санхүүгийн саналыг эрэмбэлж, хамгийн бага үнэ санал болгосон төслийг шалгаруулж, зөвлөмжийг тайлангийн хамт эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.6.9.энэ журмын 3.6.8-д заасан тайланд төслийн урьдчилсан шалгаруулалтын үнэлгээний талаар болон техник, санхүүгийн саналыг үнэлсэн тайланг тус тус дэлгэрэнгүй бэлтгэж, тусгана.

3.6.10.энэ журмын 3.6.8-д заасан зөвлөмжийг үндэслэж, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох шийдвэрийг гаргаж, төсөл шалгаруулалтын хорооноос зөвлөмж ирүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор техникийн болон санхүүгийн санал ирүүлсэн оролцогчид мэдэгдэнэ.

3.7.Шалгарсан оролцогчтой хэлцэл хийж, гэрээ байгуулах үе шат

3.7.1.эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсөл нь шалгарсан оролцогчтой хэлцэл хийх ажлын хэсгийг байгуулж, энэ журмын 3.6.8-д заасан хамгийн бага үнэ санал болгосон оролцогчийг гэрээний хэлцэлд урина.

3.7.2.шалгарсан төслийн оролцогч нь хэлцлийн явцад ирүүлсэн техникийн болон санхүүгийн саналаа өөрчлөхгүй.

3.7.3.энэ журмын 3.7.2-т заасныг зөрчсөн тохиолдолд хэлцлийг зогсоож, дараагийн бага үнийн санал ирүүлсэн төслийн оролцогчийг гэрээний хэлцэлд урина.

3.7.4.энэ журмын 3.7.3-т заасан оролцогчтой хэлцлийн явцад тохиролцоонд хүрээгүй бол гэрээний хэлцлийг цуцалж, дараагийн оролцогчтой (байгаа бол) гэрээний хэлцэл хийнэ.

3.7.5.төслийн шалгаруулалтад шалгараагүй оролцогчийн төсөл хэрэгжүүлэх баталгааг буцаан олгоно.

3.7.6.энэ журмын 3.7.2-ыг зөрчсөн, 3.7.4-т заасны дагуу тохиролцоонд хүрээгүй оролцогчийн төсөл хэрэгжүүлэх баталгааг буцаан олгохгүй.

Дөрөв. Маргаан шийдвэрлэх, хариуцлага

4.1.Төсөл шалгаруулалтад оролцогч нь урьдчилсан үнэлгээний, эсхүл эцэслэн шалгаруулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ журмын 3.5.4, 3.6.10-д заасны дагуу ирүүлсэн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргана.

4.2.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

4.3.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Тав. Бусад

5.1.Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төсөл шалгаруулалт явагдаж дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор дараах мэдээллийг цахим хуудсандаа байршуулна:

5.1.1.төсөл шалгаруулалтын баримт бичиг;

5.1.2.урьдчилсан үнэлгээнд төсөл ирүүлсэн оролцогчдын тоо;

5.1.3.урьдчилсан үнэлгээний шатанд шалгарсан оролцогчийн нэр;

5.1.4.төсөл шалгаруулалтын шатанд техникийн болон санхүүгийн санал ирүүлсэн оролцогчийн нэр;

5.1.5.санхүүгийн саналыг үнэлсэн оролцогчийн нэр;

5.1.6.төсөл нь шалгарсан оролцогчийн нэр, ирүүлсэн үнийн санал;

5.1.7.төсөл шалгаруулалтын хорооны гишүүдийн тухай.

5.2.Төслийн шалгаруулалт дууссаны дараа ирүүлсэн материалыг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын архивт шилжүүлнэ.

 

---оОо---