A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн Засаг даргын 2020 оны

 А/162 дугаар захирамжийн хавсралт

 

ХОГ ХАЯГДЛЫН ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛАХ,

МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.“Хог хаягдлын тухай” хуулийн хэрэгжилтийг ханган түүний үйл ажиллагаанд хяналт тавих болон сум, багийн Засаг дарга, байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, цагдаа, хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтанд туслах үүрэг бүхий хог хаягдлын олон нийтийн байцаагч /цаашид “олон нийтийн байцаагч” гэх/ ажиллуулах, мөнгөн урамшуулал олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Хог хаягдлын олон нийтийн байцаагч нь хууль тогтоомжид заагдсан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хууль, Зөрчлийн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, бусад хог хаягдал, агаар, орчны бохирдлын талаарх хууль тогтоомж түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээний актуудыг дагаж мөрдөнө.

1.3.Хог хаягдлын олон нийтийн байцаагч нь идэвхтэн байгаль хамгаалагчаар ажиллаж болох ба энэ тохиолдолд Байгаль орчин аялал жуулчлалын газраас тусгайлсан эрх авсан байна.

1.4.Тухайн сумын нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын төвлөрлийн байдлаас хамаарч баг бүр 1-ээс доошгүй хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах бөгөөд Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах тоо, урамшууллын хэмжээг тухайн сумын Засаг дарга батлагдсан төсвийн хязгаарт нийцүүлэн тогтооно.

Хоёр. Хог хаягдлын олон нийтийн байцаагчийг 

томилох, чөлөөлөх

2.1.Хог хаягдлын олон нийтийн байцаагчаар дараах шаардлагыг хангасан иргэнийг томилно.

2.1.1. 18 насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн байх,

2.1.2.Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, бусдад шаардлага тавих чадвартай, харилцааны соёлтой байх,

2.2.Хог хаягдлын олон нийтийн байцаагчийг тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан багийн Засаг даргын саналыг үндэслэн сумын Засаг дарга томилж үнэмлэх олгоно.

2.3.Хог хаягдлын олон нийтийн байцаагчийг дараах үндэслэлээр чөлөөлнө.

2.3.1.Хог хаягдлын тухай хууль болон Эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, болон эрх бүхий байгууллага, албан тушаалтан, Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын шийдвэрийг зөрчсөн.

2.3.2.Монгол Улсын хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээний бусад актуудыг зөрчсөн.

2.3.3.Энэхүү журам, ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.

2.3.4.Бусад /Өөрөө хог хаягдлын олон нийтийн байцаагчаас чөлөөлөх хүсэлт ирүүлсэн/

Гурав. Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн ажлыг

дүгнэх, урамшуулал олгох

3.1.Хог хаягдлын олон нийтийн байцаагчид олгох урамшууллыг “Хог хаягдлын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.14-т заасны дагуу төсөвт тусгуулсан байна.

3.2.Хог хаягдлын олон нийтийн байцаагчаар ажиллуулах тухай сумын Засаг даргын захирамжийг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Хог хаягдлын олон нийтийн байцаагчийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллах ба гэрээнд хариуцах ажил, талуудын харилцан хүлээх үүрэг, урамшуулал, гэрээ цуцлах үндэслэлийг заана.

3.3.Тамгын газрын дарга Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн ажлын үр дүнг ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу улирал бүр дүгнэж, Сумын Засаг даргад танилцуулна. Сумын Засаг дарга Тамгын газрын даргын дүгнэлтийг үндэслэн улирал бүр урамшууллыг олгоно. Урамшуулал нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр эсвэл түүнээс дээш байх бөгөөд мөнгөн хэлбэртэй байна.

3.4.Хог хаягдлын олон нийтийн байцаагчийг 1 жилийн хугацаагаар томилуулан ажиллуулах бөгөөд ажлын үр дүнг харгалзан цаашид сунгаж болно.

Дөрөв. Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн эрх, үүрэг

 4.1.Хог хаягдлын олон нийтийн байцаагч нь Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг газар дээр нь шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулах эрхтэй.

4.2.Хог хаягдлын талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн зөвлөгөө туслалцаа авах эрхтэй.

4.3.Хог хаягдлын олон нийтийн байцаагч нь Хог хаягдлын тухай хууль тогтоомж болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм журмын дагуу дараах үүргийг хэрэгжүүлнэ.

4.3.1.Тухайн аймаг, сумын эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлэх,

4.3.2.Хог хаягдал болон орчны бохирдлын талаарх хууль тогтоомжийг сурталчлах,

4.3.3.Нийтийн эдэлбэр газар болон орон сууц, гэр хорооллын гудамж, зам талбайд ил задгай хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх,

4.3.4.Хариуцсан нутаг дэвсгэртээ хог хаягдал, орчны бохирдлын талаарх хууль тогтоомжийн зөрчлийг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх.

Тав . Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн

ажиллах нөхцөл

5.1.Тухайн сум, багийн Засаг дарга Хог хаягдлын олон нийтийн байцаагчийг ажиллах нөхцөл боломжоор хангах үүргийг хүлээнэ.

5.2.Тухайн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, түүний хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

5.3.Хог хаягдлын олон нийтийн байцаагч нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа эрх нь зөрчигдсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаалуулна.