A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 197 дугаар
  тогтоолын хавсралт

 

ЭХ, НЯЛХ, БАЛЧИР ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ ХҮНС, ЗӨВ
ХООЛЛОЛТЫГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Хүүхдийн сангаас санаачлан бага насны хүүхдийн хооллолтын зөв дадлыг дэмжихэд улс орнуудын анхаарлыг хандуулах зорилгоор “Нялх, балчир хүүхдийн хооллолтыг дэмжих дэлхийн стратеги”-ийг боловсруулж, ДЭМБ-ын 55 дугаар чуулганаар баталсан. Энэ стратегид “Эхийн сүү нь хүүхдийн бие махбодын хэвийн өсөлт, хөгжилтийг хангахад зориулагдсан төгс найрлагатай юугаар ч орлуулшгүй бүтээгдэхүүн болохоос гадна эхийн эрүүл мэндийн хамгийн чухал нөхөн үржихүйн үйл ажиллагааны салшгүй хэсэг мөн” гэж заасан байна.
 
Монгол Улсын хувьд хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлт бүс нутаг болон дэлхийн түвшинд сайн гэж үнэлэгддэг ч сүүлийн жилүүдэд хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд аминдэм, эрдэс бодисын дутал тогтвортой өндөр түвшинд байсаар байна.

“Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгаа”-гаар тав хүртэлх насны хүүхдийн 60.1 хувь нь А аминдэмийн дуталттай буюу нөөц хангалтгүй, 90 хувь нь Д аминдэмийн дуталттай, 26.6 хувь нь цус багадалттай,  20.7 хувь нь төмрийн дуталттай, 9.4 хувь өсөлт хоцролттой, 1.8 хувь нь тураалтай, 0.9 хувь нь туранхай, 10.5 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна.

Төрөх насны эмэгтэйчүүдийн талаас илүү нь илүүдэл жин, таргалалттай, 4.1 хувь нь тураалтай, 1.3 хувь нь намхан байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн     21.4 хувь нь цус багадалттай, 29.6 хувь нь төмрийн дуталттай, 95 хувь нь Д аминдэмийн дуталттай байна.

Хоол тэжээлийн хурц дутлыг илтгэх үзүүлэлтүүд нь мэдрэг чанартай бөгөөд эдийн засгийн хямрал, хүнсний хомсдол, гамшиг, онцгой нөхцөл байдал үүсэхэд бага түвшинтэй байсан энэ үзүүлэлт огцом нэмэгдэх эрсдэлтэй учраас нийт хүн амыг аминдэм, эрдэс бодисын дутлаас сэргийлэх үндсэн арга нь өргөн хэрэглээний хүнсийг баяжуулах асуудал юм.

Улсын Их Хурлаас 2018 онд Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталсан боловч уг хуульд эх, нялх, балчир хүүхдэд зориулсан хүнсийг тусгайлан баяжуулах, мөн тэдэнд дутал үүсгэж байгаа аминдэм, эрдсийн нөхөн хангалтын зохицуулалт тусгагдаагүй байна.

Мөн эх хамгааллын чиглэлээр эрх зүйн орчин хангалтгүйн улмаас хөхүүл эх амьдралын хэрэгцээ, шаардлагын улмаас ажил, сургуульдаа буцаж орсноор бага насны хүүхдийг хүссэн үед нь хөхүүлэх, хооллох зарчим алдагдахад хүрч, эх, хүүхдэд ээлтэй орчин үгүйлэгдэж байна. Жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхийн болон нялх, балчир хүүхдийн хооллолт, асаргааны талаар эцэг эх, асрамжлагчид, эрүүл мэндийн ажилтнаас зөвлөгөө өгөх чадавх хангалтгүй, эх, нялх, балчир хүүхдийн хоол, тэжээлийн байдлыг сайжруулахад хувийн хэвшлийн оролцоо хангалтгүй, татан оролцуулах хөшүүрэг байхгүй байна.

Иймд Улсын Их хурлаас 2017 онд Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийг баталж эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөрийг Засгийн газар баталж, хэрэгжүүлэхээр заасан.

Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хүүхдийг эхийн сүүгээр хооллох түвшинг нэмэгдүүлэн, хүүхдэд зориулсан хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжин, энэ чиглэлд эх, нялх, балчир хүүхдийн хооллолтыг дэмжихэд салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах, олон нийтийн оролцоог хангах болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн эх, нялх, балчир хүүхдийн хоол, тэжээлийн тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх зорилгоор энэхүү үндэсний хөтөлбөрийг боловсрууллаа.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хугацаа

2.1. Эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хооллолтыг дэмжин, хүн амын дундах хоол тэжээлээс хамааралт эмгэгийг бууруулахад хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилгыг дараахь зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:

    2.2.1. хүүхдийг эхийн сүүгээр хооллолтын түвшинг нэмэгдүүлэх;

    2.2.2. хүүхдийн хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих;

    2.2.3. эх, нялх, балчир хүүхдийн хооллолтыг дэмжихэд салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах, олон нийтийн оролцоог хангах;

    2.2.4. нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үеийн эх, нялх, балчир хүүхдийн хоол, тэжээлийн тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх.

2.3. Хөтөлбөрийг 2020-2024 онд дараахь 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

    2.3.1. нэгдүгээр үе шат: 2020-2022 он;

    2.3.2. хоёрдугаар үе шат: 2023-2024 он.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх
        үйл ажиллагаа

3.1. Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтын түвшинг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

    3.1.1. хүүхдээ төрүүлээд, 6 сар хүртэл нь асарч байгаа эхэд цалинтай чөлөөг олгох эрх зүйн орчныг бий болгох;

    3.1.2. аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн газарт эх хүүхдээ хөхүүлэх, асрахад ээлтэй орчинг бүрдүүлэх, санал, санаачилга, жишиг загварыг дэмжих;
  
    3.1.3. хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлтийг эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтэд оруулах;

    3.1.4. эхчүүдийн, сайн дурын ажилтан зэрэг олон нийтийн бүлэгт зориулсан “Нялх, балчир хүүхдийн хооллолт ба асаргаа” гарын авлагыг боловсруулж түгээх;
  
    3.1.5. сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийг түшиглэн эхийн сүүгээр хооллолтыг дэмжих, нэмэгдэл хоол бэлтгэх талаар оролцогч төвтэй сургалтыг зохион байгуулж хэвшүүлэх, орон нутагт эхчүүдийг дэмжих бүлэг байгуулж, тэднийг нялх, балчир хүүхдийн хооллолтын талаарх мэдлэг, туршлага солилцоход нь дэмжлэг үзүүлэх;

    3.1.6. жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхийн эрүүл, зөв хооллолтын талаарх санамж, мэдээллийг боловсруулж, сум, өрхийн эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн төв, амаржих газарт түгээх;
 
    3.1.7. эхийн сүүгээр хооллолтыг дэмжих үндэсний аяныг зохион байгуулж хэвших, мэдээлэл, сурталчилгааг олон нийтийн мэдээллийн сувгаар түгээх;
 
    3.1.8. эхийн сүүгээр хооллолтын талаар зөвлөх мэргэжилтэн (Lactation counselor)-ийг бэлтгэх, үндэсний сүлжээг бий болгох;
 
    3.1.9. эхийн сүүний нөөцийн банкийг амаржих газрыг түшиглэн байгуулж, үйл ажиллагааг тогтмолжуулах;
  
    3.1.10. ХДХВ-ийн халдвартай эхээс төрсөн хүүхдийг хооллох тухай удирдамжийг өөрийн орны онцлогт тохируулан боловсруулан баталгаажуулж, эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдүүлэх;
  
    3.1.11. ХДХВ-ийн халдвартай эхээс төрсөн нялхаст түгээх сүүн тэжээлийн зардлыг нийгмийн халамжийн сангаас хангах тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх.

3.2. Хүүхдийн хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

    3.2.1. чихэр, давс, ханасан тос, илчлэг их агуулсан хүнсний хэрэглээг хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

    3.2.2. олон улсын Хүнсний эрх зүйн хорооноос баталсан эх, нялх, балчир хүүхдийн хүнстэй холбоотой стандартуудыг нутагшуулах;
  
    3.2.3. хүүхдэд зориулсан хүнсний үйлдвэрлэл, технологийн туршилт судалгааг хөгжүүлэх,  энэ чиглэлийн эрдэм шинжилгээний ажлыг дэмжих;
  
    3.2.4. хүүхдийн нэмэгдэл хоолны жор, технологи, стандартыг шинэчлэн боловсруулж, баталгаажуулах;
  
    3.2.5. хүүхдэд зориулсан хүнсний сав, баглаа боодол, шошгын хяналтын зөвлөл болон бүртгэл, мэдээллийн санг байгуулж, үйл ажиллагааг тогтмолжуулах;
  
    3.2.6. жирэмсэн эх, 6-23 сартай хүүхдийг олон найрлагат бичил тэжээлийн холимог, 6-59 сартай хүүхдийг өндөр тунт А, 0-36 сартай хүүхдийг өндөр тунт Д аминдэмээр тогтвортой хангах;
   
    3.2.7. жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх, тэдний гэр бүлийн гишүүдэд зориулсан хүүхдийн нэмэгдэл хоолыг хэрхэн бэлтгэх, нэмэгдэл хоолонд зөв оруулах арга барилд сургах талаарх гарын авлага, товхимол боловсруулж, хэвлүүлэн, түгээх;

    3.2.8. нийгмийн халамжийн зорилтот бүлгийн хүүхэд, эмэгтэйчүүдийг баяжуулсан болон аминдэм, эрдэс бодисоор баялаг хүнсээр хангах;
   
    3.2.9. хүүхдийн нэмэгдэл хоолны шинэ жор, технологийг “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-т оруулах, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд нэвтрүүлэх;
   
    3.2.10. цэцэрлэгийн эмч, тогооч, багш нарт зориулсан хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих сургалтыг мэргэжлийн холбоодтой хамтран үе шаттайгаар зохион байгуулах;
   
    3.2.11. цэцэрлэгт аюулгүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх хангамжийн сүлжээ байгуулах ажлыг турших;

    3.2.12. өрх бүр аминдэм, эрдэс бодисоор баялаг хүнсний ногоо хэрэглэх, хүнсний ногооны тариалалтыг өргөжүүлэх аян өрнүүлэх.

3.3. Эх, нялх, балчир хүүхдийн хооллолтыг дэмжихэд салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах, олон нийтийн оролцоог хангах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

    3.3.1. анагаахын боловсрол олгох сургуулийн төгсөлтийн өмнөх, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх төгсөлтийн дараахь сургалтын хөтөлбөрт “Нялх, балчир  хүүхдийн хооллолтын зөвлөгөө” сургалтын агуулгыг нэмж тусгах, багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулах;

    3.3.2. нялх, балчир хүүхдийн хооллолтын зөв дадлыг дэмжих, зан үйлийг төлөвшүүлэх чиглэлд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх ажлыг зохион байгуулах;

    3.3.3. нялх, балчир хүүхдийн хооллолтын чиглэлээр сургалт зохион байгуулах төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод эрх олгох асуудлыг журамлах;

    3.3.4. хүүхдийг эхийн сүү, нэмэгдэл хоолоор хооллох талаар эцэг, эх, асран хамгаалагч нарт зөвлөн таниулах, эрүүл мэндийн ажилтны чадавхыг бэхжүүлэх;

    3.3.5. ХДХВ-ийн халдвартай эхээс төрсөн нярайн хооллолтын зааврыг шинэчлэн боловсруулах, хэрэгжүүлэх;

    3.3.6. эхийн сүүний нөөцийн банк байгуулах үндэсний чадавхыг бэхжүүлэх;

    3.3.7. зорилтот бүлгийн эхээс төрсөн хүүхдийг хооллох, хооллолтын зөвлөгөө өгөх сургалтад эмнэлгийн мэргэжилтнийг хамруулах.

3.4. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үеийн эх, нялх, балчир хүүхдийн хоол, тэжээлийн тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
  
    3.4.1. нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үеийн нялх, балчир хүүхдийн хооллолтын удирдамж, зааврыг  боловсруулах, зөвлөмж  гаргах;
  
    3.4.2. нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үеийн  эх, нялх, балчир хүүхдийн хоол, тэжээлийн байдлын түргэвчилсэн үнэлгээний аргачлалыг боловсруулах;
  
    3.4.3. нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үеийн эх, нялх, балчир хүүхдэд хоол, тэжээлийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн ажилтнуудыг сургах;
  
    3.4.4. нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үеийн эх, хүүхдэд нэн шаардлагатай хүнс, аминдэм, эрдэс бодисын бэлдмэлийн нөөцийг улсын нөөцөд төвлөрүүлэн бүрдүүлэх орчныг бүрдүүлэх;

    3.4.5. нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн эх, нялх, балчир хүүхдэд хүнсний дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох.

Дөрөв. Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт

4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

    4.1.1. хүүхдийг эхийн сүүгээр хооллох түвшин нэмэгдэж, нэмэгдэл хоолны чанар сайжирна;

    4.1.2. эх, нялх, балчир хүүхдийн хооллолтыг дэмжих чиглэлээр олон нийтийн санал, санаачилга идэвхжиж, салбар хоорондын хамтын ажиллагаа өргөжнө;

    4.1.3. орон нутагт олдоцтой хүнсээр бэлдсэн хүүхдийн нэмэгдэл хоолны нэр, төрөл, үйлдвэрлэл нэмэгдэж, хүртээмж сайжирна;

    4.1.4. хүн амын нялх, балчир хүүхдийн хооллолтын талаарх мэдлэг, хандлага сайжирч, хооллолтын зөв дадал төлөвшинө;

    4.1.5. нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд хоол тэжээлийн тусламж үзүүлэх нөөц бүрдэж, чадавх нэмэгдэнэ.

4.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

  • Үзүүлэлт

2019 оны суурь түвшин (%)

2022 оны зорилтот түвшин (%)

2024 оны зорилтот түвшин (%)

Нэгдүгээр зорилтын хүрээнд

 

Төрсний дараахь 1 цагийн дотор ангир уургаа амалсан хүүхдийн эзлэх хувь

 
 
 
 

Эхийн сүүгээр дагнан хооллож байгаа 0-5 сартай хүүхдийн эзлэх хувь

 
 
 

 

Өдөрт 4 ба түүнээс дээш олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаа 6-23 сартай хүүхдийн эзлэх хувь

 
 
 

Хоёрдугаар зорилтын хүрээнд

 

Тав хүртэлх насны хүүхдийн дундах өсөлт хоцролтын түвшин

 
 
 

 

Тав хүртэлх насны хүүхдийн дундах илүүдэл жин, таргалалтын түвшин

 

10.5≥

(нэмэгдүүлэхгүй)

10.5 ≥

 

 

Тав хүртэлх насны хүүхдийн дундах А аминдэмийн дутлын (нөөц багатай байдлыг хамт оруулна) тархалт

 
 
 

Гуравдугаар зорилтын хүрээнд

 

Хүүхдэд ээлтэй эмнэлгийн тоо

 
 
 
 

Магадлан итгэмжлэлийн шалгуурт оруулсан үзүүлэлтийн тоо

 

 
  •  
 

Хүүхдийн хооллолтыг дэмжих санаачилгын тоо

-

 
 

Дөрөвдүгээр зорилтын хүрээнд

10.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн нялх, балчир хүүхдийн хооллолтын удирдамж, заавар, аргачлалын тоо

 
 
 

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

    5.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

    5.1.2. олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

    5.1.3. гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;

    5.1.4. бусад эх үүсвэр.

Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх
            хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталж, мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар ханган ажиллана.

6.2. Хөтөлбөрийн явцын үнэлгээг 2022 онд, төгсгөлийн үнэлгээг 2024 онд хийнэ. Үнэлгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох байгууллагуудтай хамтран гүйцэтгэнэ.

6.3. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэн, жилийн тайланг Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Эрүүл мэндийн Зөвлөлөөр хэлэлцүүлж, жил бүрийн I улиралд багтаан Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

 


-----о0о-----