A

A

A

Бүлэг: 1979

Стандарт, хэмжил зүйн газрын даргын

2020 оны 6 дугаар сарын 4–ний өдрийн

А/137 дугаар тушаалын хавсралт 1

ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЗАГВАРЫГ ТУРШИХ, БАТЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь Хэмжил зүйн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах, үр дүнг хүлээн зөвшөөрөх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад оршино.

1.2.Энэ журмаар хэмжих хэрэгслийн загварын туршилт хийх, батлах, үр дүнг хүлээн зөвшөөрөх, бүртгэх, хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид “Хэмжил зүйн төв байгууллага” гэх), хэмжил зүйн мэргэжлийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулна.

1.3.Загварын туршилтыг хэмжил зүйн төв байгууллага, хэмжил зүйн мэргэжлийн байгууллага (цаашид “эрх бүхий байгууллага” гэх) холбогдох хууль тогтоомж, стандарт болон энэ журмын дагуу гүйцэтгэнэ.

1.4.Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах, үр дүнг хүлээн зөвшөөрөх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх үйл ажиллагааг ажлын 30 хоногт багтаан эрх бүхий байгууллага зохион байгуулна.

1.5.Загварын туршилтыг хийсэн ажлын хэсгийн дүгнэлт нь тухайн хэмжих хэрэгслийн загварын шинж чанар, бүтэц, ажиллах зарчим, хэмжил зүйн болон техникийн үзүүлэлтийг тодорхойлсон байна.

Хоёр. Хэмжих хэрэгслийн загварын туршилтын

 ажлын зохион байгуулалт

2.1.Загварыг турших, батлах, үр дүнг хүлээн зөвшөөрөх, хэмжих хэрэгслийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх үйл ажиллагааг эрх бүхий байгууллага зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавина.

2.2.Загварын туршилтын хүсэлт гаргах.

2.2.1.Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох аж ахуйн нэгж, байгууллага нь /цаашид хүсэлт гаргагч гэх/ тухайн хэмжих хэрэгслийн загварыг туршилтад хамруулах хүсэлтээ өргөдлийн маягтын дагуу гаргаж, дараах баримт бичиг, материалыг монгол хэл дээр бүрдүүлэн, тухайн загварын 3 хүртэлх хэмжих хэрэгслийн хамт эрх бүхий байгууллагад ирүүлнэ. Үүнд:

  • хэмжих хэрэгслийг загварын туршилтад хамруулах тухай албан бичиг;
  • хэмжих хэрэгслийн бүтэц, зохион байгуулалт, хэмжил зүйн ба техникийн үзүүлэлт, ажиллах зарчим, угсралт, холболтын бүдүүвч зураг, технологийн заавар зэргийг багтаасан техникийн баримт бичиг;
  • хэмжих хэрэгсэлд хийх техник үйлчилгээ, суурилуулалт, угсралт, засвар тохируулгын талаарх мэдээлэл, гарын авлага, заавар;
  • хэмжих хэрэгслийн ашиглалт, хадгалалтын талаарх хэрэглэгчид зориулсан гарын авлага бүхий баримт бичиг;
  • хууль эрхийн хэмжил зүйн олон улс байгууллагын болон үйлдвэрлэгч орны хэмжил зүйн үндэсний байгууллагын эсвэл эрх бүхий байгууллагын загварын баталгааны хүчин төгөлдөр гэрчилгээ, түүний баталгаат хуулбар, загварын туршилтын үр дүн, протокол тайлан;
  • хэмжих хэрэгслийн программ хангамж, тоолуурын мэдээлэл дамжуулах протокол тайлан, программ хангамжийн эх үүсвэр бүхий код (source code) зэргийг цаас болон электрон хэлбэрээр ирүүлэх;
  • хэмжих хэрэгслийн өнгөт зураг;
  • үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагын танилцуулга;
  • хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх чадавхаа үнэлүүлсэн, бүртгэгдсэн аж ахуйн нэгж байгууллага байх.

 

2.2.2.Хүсэлт гаргагч байгууллага загварын туршилт гүйцэтгэх өргөдлийг загварын туршилт явуулах эрх бүхий байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж болно.

2.2.3.Эрх бүхий байгууллага хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт бичиг, материалтай танилцаж, тэдгээрт үзлэг хийх ба шаардлага хангаагүй тохиолдолд буцааж, бүрдлийг хангуулна.

2.2.4.Хүсэлт гаргагч аж ахуйн нэгж, байгууллага нь хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах, үр дүнг хүлээн зөвшөөрөхөд гарах зардлыг батлагдсан төлбөрийн хэмжээ, загварын туршилтын ажлын төсөвт хөтөлбөрт заасны дагуу бүрэн хариуцна.

Тайлбар: ус, цахилгааны тоолуурын загвар батлагдсан тохиолдолд нэг ширхэг хэмжих хэрэгслийг холбогдох хэмжлийн лабораторид тухайн загварын баталгааны хугацаа дуусах хүртэл хадгалуулна.

Гурав. Хэмжих хэрэгслийн загварын туршилтын

 үйл ажиллагаа

3.1.Хэмжил зүйн төв байгууллага хэмжил зүйн тухай хуулийн 8.1-т заасан үйл ажиллагаанд, хэмжил зүйн мэргэжлийн байгууллага нь холбогдох салбарын хүрээнд хуулийн 8.1.1-8.1.4-т заасан үйл ажиллагаанд ашиглах хэмжих хэрэгслүүдэд тус тус загварын туршилтыг гүйцэтгэнэ.

3.2.Хүсэлт гаргагч байгууллагын ирүүлсэн баримт бичгүүд шаардлага хангасан тохиолдолд хэмжих хэрэгсэлд загварын туршилт хийх ажлын хэсэг /цаашид “ажлын хэсэг” гэх/-ийг эрх бүхий албан тушаалтан удирдамжаар томилно.

3.3.Загварын туршилтыг тухайн хэмжлийн төрлөөр мэргэшсэн, Хэмжил зүйн төв байгууллагын сургалтад хамрагдсан, 3 (гурав) буюу түүнээс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хийж гүйцэтгэнэ.

3.4.Ажлын хэсэг хүсэлт гаргагчийн ирүүлсэн баримт бичгүүдтэй танилцаж, үзлэг хийх ба нэмэлт материалыг шаардлагатай тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдэж, бүрдүүлж авна.

3.5.Ажлын хэсэг нь загварын туршилтын ажлын төсөвт хөтөлбөр, “Хэмжих хэрэгслийн загварын баталгааны гэрээ”-ний төслийг 2 хувь үйлдэж хүсэлт гаргасан байгууллагад хүргүүлнэ.

3.6.Загварын туршилт явуулах эрх бүхий байгууллага болон хүсэлт гаргагч аж ахуйн нэгж, байгууллага гэрээний нөхцөлтэй танилцаж, загварын туршилтын ажлын төсөвт хөтөлбөрт гарын үсэг зурж баталгаажуулснаар загварын туршилтыг эхлүүлнэ.

3.7.Туршилт хийх ажлын хэсэг хэмжих хэрэгслийн загварын туршилтыг батлагдсан удирдамж, холбогдох стандартын дагуу хийж гүйцэтгэхээс гадна загварын туршилтын үнэлгээний хуудас (2 дугаар хавсралт)-ыг бөглөж тухайн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн болон техникийн үзүүлэлтэд нийцүүлэн туршилт хийх арга аргачлалыг тодорхойлж, цаг уур болон ашиглалтын нөхцөлд тохирч байгаа эсэхийг шалгаж туршина. Программ хангамж бүхий хэмжих хэрэгслийн загварын туршилтыг холбогдох стандарт болон OIML D31 стандартын дагуу гүйцэтгэнэ.

3.8.Өмнө нь туршилтад ороогүй дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн хэмжих хэрэгслийн загварын туршилтыг хэмжил зүйн төв байгууллагад явуулахад техникийн болон хүний нөөцийн хувьд боломжгүй нөхцөлд хэмжил зүйн мэргэжлийн байгууллага эсвэл их дээд сургуулийн лаборатори, үйлдвэрлэгчийн эталон тоног төхөөрөмжийг ашиглаж, мэргэжлийн ажилтныг оролцуулж болно. Энэ тохиолдолд тухайн байгууллагад ашиглаж байгаа эталон тоног төхөөрөмж нь шалгалт тохируулгад хамрагдаж, нэгж дамжуулалт хангагдсан байна.

Дөрөв. Загварын туршилтын тайлан, дүгнэлт, шийдвэр гаргах

4.1.Хэмжих хэрэгслийн загварын туршилтыг гүйцэтгэсний дараа эрх бүхий албан тушаалтны томилсон ажлын хэсэг туршилтын тайлан, дүгнэлт, шаардлагатай тохиолдолд зөвлөмж гаргана.

4.2.Ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг хэмжил зүйн төв байгууллагын холбогдох нэгжийн дарга хянаж, Хэмжил зүйн Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

4.3.Хэмжил зүйн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн гаргасан Хэмжил зүйн төв байгууллагын даргын тушаалаар хэмжих хэрэгслийн загварыг баталж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээ олгоно.

4.4.Загварын туршилттай холбогдон гарсан шийдвэр, загварын баталгааны гэрчилгээ, загварын баталгааны тэмдгийн загвар, батлагдсан гэрээг хүсэлт гаргагч байгууллагад хүргүүлнэ.

4.5.Шинээр олгох загварын баталгааны гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 жил хүртэл байна.

4.6.Загварын туршилтыг гүйцэтгэсэн ажлын хэсгийн туршилтын тайлан, дүгнэлтээр тухайн хэмжих хэрэгслийн хэмжил зүйн ба техникийн үзүүлэлтүүд нь холбогдох стандарт, техникийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангахгүй, үр дүн нь тэнцээгүй бол хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.

Тав. Загварын туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрөх

5.1.Худалдаан дахь саад тотгорыг багасгах, бизнесийг дэмжих, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор импортоор нийлүүлэх хэмжих хэрэгсэлд дараах эрх бүхий байгууллагаас загварыг баталж, гэрчилгээ олгосон тохиолдолд загварын туршилтыг давтан хийхгүйгээр загварын туршилт, баталгааны үр дүнг хүлээн зөвшөөрч болно. Үүнд:

  • Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгууллага /OIML-CS/;
  • Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгууллага /OIML/-аас эрх авсан хэмжил зүйн байгууллага, үйлдвэрлэгч;
  • Хэмжил зүйн төв байгууллагатай загварын туршилтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх талаар гэрээ байгуулсан бусад улсын хэмжил зүйн төв байгууллага.

5.2.Энэ журмын 5.1-д заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд хэмжил зүйн төв байгууллагын эрх бүхий албан тушаалтны удирдамжаар томилогдсон ажлын хэсэг дүгнэлт, санал гаргана.

5.3.Ажлын хэсгийн загварын туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрөх тухай гаргасан дүгнэлт, саналыг үндэслэн хэмжил зүйн төв байгууллагын даргын тушаалаар хэмжих хэрэгслийн загварыг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэн, загварын баталгааны гэрчилгээ олгоно.

Зургаа. Хэмжих хэрэгслийн баталсан загварт

давтан туршилт хийх

 

6.1.Хэмжих хэрэгслийн батлагдсан загварт дараах тохиолдолд давтан туршилт хийнэ.

  • үйлдвэрлэж байгаа буюу импортоор нийлүүлж байгаа хэмжих хэрэгслийн чанар байдлын талаар хэрэглэгчээс гаргасан санал, гомдол, эрх бүхий хэмжил зүйн болон хяналтын байгууллагаас ирүүлсэн мэдэгдэл, хүсэлт;
  • хэмжих хэрэгслийн хийц, загвар, үйлдвэрлэлийн технологийн горим болон уг хэмжих хэрэгслийн загвар, хэмжил зүй, техникийн үзүүлэлтүүдэд өөрчлөлт орсон;

 

6.2.Баталсан загварыг давтан туршилтад хамруулахад анх хүсэлт гаргагч аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү журмын 2.2.1-т заасан материалаас гадна хэрэглэгч, хэмжил зүйн болон хяналтын байгууллагаас тухайн хэмжих хэрэгслийн ашиглалтын талаарх тодорхойлолт, албан бичиг, хэмжих хэрэгслийн хийц, загварт орсон өөрчлөлтийн тухай үйлдвэрлэгчийн тайлбар мэдэгдлийг ирүүлсэн байна.

6.3.Загварын давтан туршилтыг энэ журмын 3 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэхдээ хэсэгчилсэн болон хязгаарлагдмал туршилтыг явуулж болно.

Долоо. Загварын баталгааны хугацааг сунгах

7.1.Анх хүсэлт гаргагч, тухайн хэмжих хэрэгслийг хэрэглэгч байгууллага болон сонирхогч тал загварын баталгааны хугацаа дуусахаас ажлын 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргана.

7.2.Загварын баталгааны хугацааг сунгуулах хүсэлт гаргагч нь өргөдлийг маягтын дагуу гаргаж, дараах баримт бичиг, материалыг монгол хэл дээр бүрдүүлэн, тухайн загварын 3 хүртэлх хэмжих хэрэгслийн хамт загварын туршилт явуулах эрх бүхий байгууллагад ирүүлнэ. Үүнд:

  • хэмжих хэрэгслийн загварын баталгааны гэрчилгээг сунгуулах тухай албан бичиг;
  • хэмжих хэрэгслийн бүтэц, хэмжил зүйн болон техникийн үзүүлэлт, ажиллах зарчим, угсралт, холболтын бүдүүвч зураг, технологийн заавар зэрэг баримт бичиг;
  • хэмжих хэрэгслийн загварын баталгааны гэрчилгээний хуулбар;
  • хэмжил зүйн болон хяналтын байгууллага, хэрэглэгчээс тухайн хэмжих хэрэгслийн ашиглалтын талаарх тодорхойлолт, албан бичиг;

 

7.3.Загварын баталгааны хугацаа дуусахад энэ журмын 6.1-д заасан нөхцөл, байдал илрээгүй бол удирдамжийн дагуу загварын туршилт явуулах эрх бүхий байгууллагаас томилогдсон ажлын хэсэг дүгнэлт, санал гаргана.

7.4.Загварын баталгааны хугацаа дууссанаас хойш сунгуулах хүсэлт ирүүлсэн бол эрх бүхий байгууллагаас томилогдсон ажлын хэсэг шинээр загварын туршилтыг гүйцэтгэж тайлан, дүгнэлтийг гаргана.

7.5.Энэ журмын 7.3-д заасан дүгнэлтээр тэнцсэн хэмжих хэрэгслийн загварын баталгааны хугацааг Хэмжил зүйн төв байгууллагын даргын тушаалаар 5 жил хүртэл хугацаатай сунгана.

7.6.Загварын баталгааны хугацааг сунгах тайлан, дүгнэлтээр тэнцсэн дараах төрлийн хэмжих хэрэгслийн загварыг баталсан гэрчилгээг хугацаагүй олгож, баталгаажуулалт хийх, төрийн хяналт явуулах замаар хэмжил зүйн хяналт шалгалтад хамруулна. Үүнд:

  • автоцистерн;
  • автомашины жин, худалдааны болон эмнэлгийн жин;
  • эмнэлгийн термометр, цусны даралтын аппарат;
  • худалдааны метр;
  • согтуурлын түвшин тогтоогч;
  • үр тарианы чийг хэмжигч;
  • 6 кВ-оос дээш хэмжих хязгаартай гүйдлийн трансформатор, хүчдэлийн трансформатор.

Найм. Хэмжих хэрэгслийн загварын баталгааны тэмдэг

8.1.Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэгч, импортлогч байгууллага загвар нь батлагдсан, загварын баталгааны гэрчилгээтэй хэмжих хэрэгслийг хэрэглэгчдэд таниулах, нотлох, хуурамчаар үйлдвэрлэхээс сэргийлэх зорилгоор хэмжил зүйн төв байгууллагаас олгoсон хэмжих хэрэгслийн загварын баталгааны тэмдэгийг хэрэглэнэ.

8.2.Хэмжих хэрэгслийн загварын баталгааны тэмдэгийг үйлдвэрлэгч, импортлогч байгууллага тухайн хэмжих хэрэгсэл тус бүр дээр нүүрэн талд тод харагдахуйц, арилахгүйгээр байршуулж, үйлдвэрлэсэн байна.

8.3.Хэмжих хэрэгслийн загварын баталгааны тэмдэг нь 3 дугаар хавсралтад үзүүлсэн загвартай байх ба дэвсгэр өнгө нь цагаан, “ З ” үсэг болон тоо нь хар өнгөтэй байна. Загварын баталгааны тэмдгийг загварын дагуу томруулах буюу багасган хэрэглэж болох ба 1:1-ийн харьцаатай байна.

8.4.Загварын баталгааны тэмдгийг хэмжих хэрэгслийн загвар нь батлагдаж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд шинээр бүртгэхдээ хэмжил зүйн төв байгууллагаас хүсэлт гаргагчид олгох бөгөөд төлбөртэй байна.

8.5.Загварын баталгааны тэмдгийг эзэмшигч нь хэмжил зүйн төв байгууллага байх ба хүсэлт гаргагч нь зөвхөн загварын баталгааны хүчинтэй хугацаанд хэрэглэх эрхтэй.

8.6.Хэмжих хэрэгслийн загварын баталгааны хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд загварын баталгааны тэмдэг хэрэглэхийг хориглоно.

Ес. Хэмжих хэрэгслийн загварыг хэмжил зүйн мэдээллийн улсын

нэгдсэн санд бүртгэх, бүртгэлээс хасах    

9.1.Загварын туршилтад тэнцсэн хэмжих хэрэгслийн мэдээллийг 4 дүгээр хавсралтын дагуу хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэнэ.

9.2.Дараах тохиолдолд загварын баталгааг хүчингүй болгож, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасна.

9.2.1.Энэ журмын 6 дугаар зүйлд заасан давтан туршилтаар хэмжих хэрэгслийн хэмжил зүйн болон техникийн үзүүлэлт шаардлага хангахгүй нь тогтоогдсон;

9.2.2.Хууль хяналтын байгууллагын хүсэлт, иргэд, аж ахуйн нэгжийн санал, гомдлын дагуу магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтаар тухайн хэмжих хэрэгсэл нь шаардлага хангахгүй байгаа нь нотлогдсон;

9.2.3.Загварын баталгааны хугацаа дуусгавар болсон;

Арав. Хариуцлага

10.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу эрх бүхий албан тушаалтан хариуцлага хүлээлгэнэ.