- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ, ИМПОРТЛОХ, СУУРИЛУУЛАХ, ЗАСВАРЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХЫГ ҮНЭЛЭХ, ХЭМЖИЛ ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН УЛСЫН НЭГДСЭН САНД БҮРТГЭХ ЖУРАМ
Стандарт, хэмжил зүйн газрын даргын
2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн
А/138 дугаар тушаалын хавсралт 1
ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙГ ҮЙЛДВЭРЛЭХ, ИМПОРТЛОХ, СУУРИЛУУЛАХ, ЗАСВАРЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ,
БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХЫГ ҮНЭЛЭХ, ХЭМЖИЛ ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН УЛСЫН НЭГДСЭН САНД БҮРТГЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах /цаашид “хэмжил зүйн үйл ажиллагаа” гэх/ аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлагыг тогтоох, чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх үйл ажиллагааг зохион байгуулахад оршино.
1.2.Энэ журмыг хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага дагаж мөрдөнө.
Хоёр.Хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага
2.1.Ерөнхий шаардлага.
2.1.1.Хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь хуулийн этгээд байх бөгөөд хариуцсан нэгж, орон тооны ажилтантай байна.
2.1.2.Хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх чадавхаа үнэлүүлэх ажил, үйлчилгээ нь төлбөртэй ба холбогдох зардлыг тухайн аж ахуйн нэгж, байгууллага бүрэн хариуцна.
2.1.3.Аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журмын 2-8 дугаар хавсралтын дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлж, хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх чадавхаа үнэлүүлэх хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ.
2.1.4.Холбогдох хууль, тогтоомжийн дагуу татвар хураамжаа төлсөн, шүүхийн шийдвэрийн өр төлбөргүй байна.
2.2.Ажлын байр, орчны нөхцөлийн шаардлага
2.2.1.Ажлын байр, орчны нөхцөл нь хэмжил зүйн үйл ажиллагааны хамрах хүрээний холбогдох стандарт, техникийн баримт бичиг, технологийн заавар, дүрэм, журамд заасан шаардлагыг хангасан байна.
2.2.2.Хэмжих хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж нь албан тасалгаанаас тусдаа өрөө, зориулалтын хэсэгтэй байна.
2.2.3.Хэмжил зүйн үйл ажиллагаа нь хэмжлийн төрөл, зориулалт бүрээр тусгаарлагдсан өрөө, тасалгаатай байна.
2.3.Баримт бичгийн шаардлага
2.3.1.Хэмжил зүйн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг бүрдүүлж, тэдгээрт нийцсэн технологийн заавар, аюулгүй ажиллагааны дүрэм, хэмжих хэрэгслийг худалдах, ашиглах болон санал гомдлыг шийдвэрлэх журам холбогдох бусад баримт бичгийг боловсруулан баталж, бүртгэл хөтөлж мөрдөнө.
2.3.2.Хэмжих хэрэгслийг импортоор нийлүүлэх тухай үйлдвэрлэгч болон албан ёсны борлуулагчтай гэрээ байгуулсан байна. Гэрээнд сэлбэг, хэрэгслээр хангаж ажиллах талаар тусгасан байна.
2.3.3.Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдсан, ашигласан, суурилуулсан, засварласан болон холбогдох засвар, үйлчилгээний байгууллагыг сэлбэг хэрэгслээр хангаж ажилласан тухай бүртгэлтэй байна.
2.4.Хүний нөөцийн шаардлага
2.4.1.Хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай хүний нөөцийн чадавхтай, батлагдсан ажлын байрны тодорхойлолттой байна. Үүнд:
-тухайн хэмжлийн төрөлд холбогдох мэргэжлийн болон хэмжил зүйн чиглэлээр мэргэшсэн инженер, техникийн 2-оос доошгүй ажилтан;
-хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан.
2.4.2.Хэмжил зүйн ажилтан нь тухайн хэмжлийн төрлөөр хэмжил зүйн төв байгууллагын мэргэшүүлэх сургалтад 3 жил тутам хамрагдсан байна.
2.5.Эталон тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн шаардлага
2.5.1.Хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай эталон тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгслээр бүрэн хангагдсан байна.
2.5.2.Эталон тоног төхөөрөмж, хэмжих хэрэгсэл нь нарийвчлалын шаардлага хангасан, нэгж дамжуулалт болон шалгалт тохируулгад хамрагдсан, техник ашиглалтын бүртгэлтэй байна.
2.5.3.Хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд сэлбэг хэрэгслийн нөөцтэй байна.
Гурав.Үнэлгээний төрөл, үр дүн, хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх хүчинтэй хугацаа
3.1.Үнэлгээний төрөл
3.1.2.Анхдагч үнэлгээгээр хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх хүсэлт анх гаргаж байгаа, мөн хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасагдсан аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг үндэслэн хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг тогтооно.
3.1.3.Хамрах хүрээг өөрчлөх үнэлгээгээр хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг үндэслэн хэмжлийн болон хэмжил зүйн үйл ажиллагааны төрөл, техникийн чадавхын өөрчлөлтийг үнэлж хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг тогтооно.
3.1.4.Давтан үнэлгээгээр хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг үндэслэн хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагын хэрэгжилтийг үнэлж хугацааг сунгах эсэхийг тогтооно.
3.1.5.Магадлан үнэлгээгээр эрх бүхий байгууллагаас, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжил зүйн үйл ажиллагааны хэрэгжилтийг магадлан тогтооно.
3.2.Үнэлгээний үр дүн.
3.2.1.Хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд хангалттай үнэлгээ өгнө.
3.2.2.Хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй тохиолдолд хангалтгүй дүн өгнө.
3.3.Хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх хүчинтэй хугацаа
3.3.1.Анхдагч болон хамрах хүрээг өөрчлөх үнэлгээнд хангалттай үнэлэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх хугацаа 3 жил байна.
3.3.2.Давтан үнэлгээнд хангалттай үнэлэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх хугацаа 5 хүртэл жил байна.
Дөрөв.Хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын чадавхыг үнэлэх, шийдвэр гаргах
4.1.Хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх хүсэлт ирүүлсэн аж ахуйн, нэгж, байгууллагын баримт бичгийн бүрдлийн үзлэгийг хэмжил зүйн төв байгууллагын холбогдох албан тушаалтан хийж, шаардлага хангасан тохиолдолд үнэлгээний ажлын хэсгийг хэмжил зүйн төв байгууллагын даргын шийдвэрээр томилох бөгөөд гишүүд нь тухайн хэмжлийн төрлөөр сургалтад хамрагдсан эсхүл хэмжил зүйн чиглэлээр мэргэшсэн байна.
4.2.Ажлын хэсэг үнэлгээ, дүгнэлтийг ажлын 20 хоногт багтаан гүйцэтгэх ба шаардлагатай тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагаас холбогдох нэмэлт баримт материалыг бүрдүүлэх, илэрсэн алдаа зөрчлийг залруулах талаар хугацаатай үүрэг өгнө. Энэ тохиолдолд үнэлгээ, дүгнэлт гаргах хугацааг түр зогсооно.
4.3.Анхдагч болон хамрах хүрээг өөрчлөх үнэлгээний ажлын хэсгийн тайлан, дүгнэлтээр хангалттай үнэлэгдсэн тохиолдолд Хэмжил зүйн зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Хэмжил зүйн төв байгууллагын даргын тушаалаар баталгаажуулна.
4.4.Давтан болон магадлан үнэлгээний ажлын хэсгийн тайлан, дүгнэлтээр хангалттай үнэлэгдсэн тохиолдолд Хэмжил зүйн төв байгууллагын хэмжил зүйн асуудал хариуцсан дэд дарга болон холбогдох нэгжийн даргын санал, дүгнэлтийг үндэслэн Хэмжил зүйн төв байгууллагын даргын тушаалаар шийдвэрлэнэ.
4.5.Хангалтгүй дүгнэгдсэн тохиолдолд ажлын хэсэг дүгнэлтийг аж ахуйн нэгж, байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.
Тав.Хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх, бүртгэлээс хасах
5.1.Анхдагч, давтан, хамрах хүрээг өөрчлөх үнэлгээнд хангалттай үнэлэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагыг Хэмжил зүйн төв байгууллагын даргын тушаалаар хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэнэ.
5.2.Хэмжил зүйн үйл ажиллагааны давтан үнэлгээнд хамрагдаагүй болон давтан, магадлан үнэлгээнд хангалтгүй дүгнэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагыг Хэмжил зүйн төв байгууллагын даргын тушаалаар хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасна.
Зургаа.Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
6.1.Аж ахуйн нэгж, байгууллагын хаяг, байршил, хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх хүний нөөцийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон тохиолдолд Хэмжил зүйн төв байгууллагад ажлын 20 хоногийн дотор албан бичгээр мэдэгдэнэ.
6.2.Үйлдвэрлэсэн, импортолсон, засварласан хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалтад хамруулна. Шалгалт, баталгаажуулалтад хамрагдсан хэмжих хэрэгслийг суурилуулна.
6.3.Хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд гүйцэтгэсэн ажлын тайланг Хэмжил зүйн төв байгууллагад хагас, бүтэн жилээр албан бичгээр хүргүүлнэ.
6.4.Давтан үнэлгээнд хамрагдах тухай албан хүсэлтээ хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх хүчинтэй хугацаа дуусахаас ажлын 30-аас доошгүй хоногийн өмнө энэ журмын хавсралтын дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлж Хэмжил зүйн төв байгууллагад хүргүүлнэ.
6.5.Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасагдсан аж ахуйн нэгж, байгууллага нь гаргасан алдаа, зөрчлийг арилгасан тохиолдолд хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтээ Хэмжил зүйн төв байгууллагад хүргүүлж болно.
Долоо.Бусад
7.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу эрх бүхий албан тушаалтан хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A