- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛД ШАЛГАЛТ БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ
Стандарт, хэмжил зүйн газрын даргын
2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн
А/136 дугаар тушаалын хавсралт
ХЭМЖИХ ХЭРЭГСЭЛД ШАЛГАЛТ БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг хэмжил зүйн төв болон аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага, хэмжил зүйн мэргэжлийн байгууллага (цаашид “хэмжил зүйн байгууллага” гэх) гүйцэтгэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Хэмжил зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалтад заавал хамруулах бөгөөд шалгалт баталгаажуулалтыг хэмжил зүйн байгууллага гүйцэтгэнэ.
1.3.Шалгалт баталгаажуулалтад хамрагдах хэмжих хэрэгслийн тэмдэглэгээ, шошго нь дараах шаардлагыг хангасан байна.
-хэмжих хэрэгслийн үйлдвэрлэгч, загвар, дугаар ба таних тэмдэг, хэмжил зүйн үзүүлэлтүүд;
-импортоор нийлүүлэгч аж ахуйн нэгж байгууллагын нэр эсвэл таних тэмдэг;
-стандартад заасан холбогдох шаардлага;
-хэмжих хэрэгслийн загварын баталгааны тэмдэг;
-монгол, англи, орос аль нэг хэл дээр.
Хоёр.Шалгалт баталгаажуулалт хийх гэрээ
2.1.Хэмжил зүйн байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллагатай тухайн жилд хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалтад хамруулах гэрээг байгуулна.
2.2.Гэрээний загварыг Хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид “хэмжил зүйн төв байгууллага” гэх) батална.
2.3.Аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээ, графикийг 3 (гурав) хувь боловсруулж өмнөх оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор холбогдох хэмжил зүйн байгууллагатай байгуулна.
2.4.Аж ахуйн нэгж, байгууллага нь гэрээнд өөрчлөлт оруулах бол ажлын 20 хоногийн өмнө хэмжил зүйн байгууллагад өөрчлөлт оруулсан гэрээний төслийг албан бичгээр ирүүлнэ.
2.5.Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтад байгаа хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалт хоорондын хугацаанд ээлжит шалгалт баталгаажуулалтад заавал хамруулах үүрэг хүлээнэ.
2.6.Гэрээнд шалгалт баталгаажуулалтад хамруулах хэмжих хэрэгслийн хэмжил зүйн үзүүлэлт, тоо ширхэг, ажил үйлчилгээний төлбөр, шалгалт баталгаажуулалт хийх газар, огноо холбогдох бусад зардлыг тодорхой тусгана.
2.7.Хэмжих хэрэгслийн шалгалт бaталгаажуулалтын гэрээний биелэлтийг талууд хамтран дүгнэнэ.
Гурав.Шалгалт баталгаажуулалтын үйл ажиллагаа, зохион байгуулалт
3.1.Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг хэмжил зүйн төв байгууллагаас хэмжүүрийн улсын шалгагчийн эрх авсан ажилтан гүйцэтгэнэ.
3.2.Хэмжил зүйн төв байгууллагаас эрх авсан хэмжүүрийн улсын шалгагч нь Хэмжил зүйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад заасны дагуу зөвхөн өөрийн харьяалагдах нутаг дэвсгэрт эсвэл холбогдох салбарын хүрээнд ашиглаж байгаа хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалтыг гүйцэтгэнэ.
3.3.Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтад ашиглаж байгаа ажлын эталоныг улсын эталоноос, эсхүл гадаад орны хүлээн зөвшөөрсөн дээд шатны хэмжлийн эталонтой харьцуулан шалгалт тохируулгад хамруулсан байна.
3.4.Шалгалт баталгаажуулалтыг нэгж дамжуулалт бүхий ажлын эталон ашиглан хүчин төгөлдөр үндэсний стандарт, техникийн зохицуулалт, арга аргачлалын дагуу хийж гүйцэтгэнэ.
3.5.Шалгалтад тэнцсэн хэмжих хэрэгсэлд хэмжил зүйн төв байгууллагаас олгосон шалгалт баталгаажуулалтын лацаар хэмжих хэрэгслийн эд анги, заалтыг өөрчлөх, тохируулах хэсгийг битүүмжилж, шалгалт баталгаажуулалтын гэрчилгээ олгоно.
3.6.Хэмжүүрийн улсын шалгагч шалгалт баталгаажуулалтын гэрчилгээ олгохдоо тухайн хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт хоорондын хугацааг баримтална.
3.7.Шалгалт баталгаажуулалтаар стандартын шаардлага хангаагүй, засварлах, ашиглах боломжгүй хэмжих хэрэгсэлд мэдэгдэл олгоно.
3.8.Шалгалт баталгаажуулалтад хамрагдсан хэмжих хэрэгслийн дугаар, загвар, хэмжил зүйн үзүүлэлтүүд болон хэрэглэгчийн нэр, хаяг зэргийг тусгасан протокол хөтөлнө.
3.9.Программ хангамж ашигладаг хэмжих хэрэгсэл нь MNS OIML D31 стандартын шаардлага хангасан байна. Тухайн хэмжих хэрэгслийг кодоор битүүмжлэх ажлыг хэмжүүрийн улсын шалгагч болон хэмжил зүйн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж түүний эрх бүхий ажилтан хийж нууцыг хадгална. Энэхүү үйл ажиллагааг гэрээгээр зохицуулна.
3.10.Хэмжил зүйн байгууллагын хүлээн авах нэгжээр хэмжих хэрэгслийг хүлээн авч, олгохдоо хэмжих хэрэгслийн хэвийн ажиллагаа, дагалдах хэрэгсэл, эд анги, бүрэн бүтэн байдлыг шалгаж бүртгэл хөтөлнө.
3.11.Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг хүлээн авах нэгжээр дамжуулах, ашиглалтын байранд нь гүйцэтгэх тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хүсэлтээ гаргах бөгөөд тээвэрлэлт, шалгалт баталгаажуулалтын төлбөр болон холбогдох зардлыг бүрэн хариуцна.
3.12.Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийхэд хэмжил зүйн байгууллагын ажлын эталоны хүчин чадал хүрэлцэхгүй бол аж ахуйн нэгж, байгууллага болон тухайн хэмжих хэрэгслийг ашиглагч, эзэмшигчийн шалгалт тохируулгад хамрагдсан эталоныг ашиглана.
3.13.Хэмжил зүйн байгууллагаас хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг ашиглалтын байранд нь гүйцэтгэх тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах ажиллах нөхцөлөөр хангана.
-гэрээнд заасан үүргийн дагуу хэмжүүрийн улсын шалгагч, эталон хэмжих хэрэгсэл болон туслах багаж хэрэгслийг шалгалт баталгаажуулалт хийх байранд хүргэх, буцах зардлыг бүрэн хариуцах;
-шалгалт баталгаажуулалтыг хийхэд шаардагдах ажлын байр, туслах ажилтныг гаргаж өгөх;
-ажлын эталоныг түр хадгалах өрөө гаргах, битүүмжлэн бүрэн бүтэн байдлыг хангах;
-явуулын автомашин лаборатори ашиглах тохиолдолд зогсоол гаргаж, уг лабораторийг цахилгаан, дулаан, усан хангамжийн эх үүсвэрт холбох болон бусад шаардлагыг хангах.
Дөрөв.Шалгалт баталгаажуулалтын төрөл
4.1.Анхдагч шалгалт баталгаажуулалт, түүний үр дүнг хүлээн зөвшөөрөх.
4.1.1.Хэмжих хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох чадавхаа үнэлүүлсэн, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр өмнө нь шалгалт баталгаажуулалтад хамрагдаж байгаагүй хэмжих хэрэгсэлд анхдагч баталгаажуулалтыг гүйцэтгэнэ.
4.1.2.Анхдагч шалгалт баталгаажуулалтыг энэ журмын 5.4-т заасны дагуу түүвэр баталгаажуулалт хийж болно.
4.1.3.Загварын туршилтад хамрагдаагүй, загварын гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан, загварын баталгааны тэмдэггүй хэмжих хэрэгслийг анхдагч шалгалт баталгаажуулалтад хамруулахгүй.
4.1.4.Аж ахуйн нэгж байгууллага нь импортоор нийлүүлэх, үйлдвэрлэх хэмжих хэрэгслийн анхдагч шалгалт баталгаажуулалтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хүсэлтээ хэмжил зүйн төв байгууллагад хүргүүлнэ.
4.1.5.Хэмжил зүйн төв байгууллагын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг хэмжих хэрэгслийн анхдагч шалгалт баталгаажуулалтын үр дүнг хүлээн зөвшөөрөх ажлыг батлагдсан удирдамжийн дагуу гүйцэтгэнэ.
4.1.6.Хэмжил зүйн төв байгууллага болон хүсэлт гаргагч аж ахуйн нэгжийн хооронд хэмжих хэрэгслийн анхдагч шалгалт баталгаажуулалтын үр дүнг хүлээн зөвшөөрөх гэрээ байгуулна. Гэрээ нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-хүсэлт гаргагч аж ахуйн нэгж, байгууллага чадавхаа үнэлүүлсэн байх;
-хэмжих хэрэгсэл загварын туршилтад тэнцэж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн байх;
-лаборатори нь олон улсын стандартын дагуу итгэмжлэгдсэн байх;
-ажлын хэсгийн дүгнэлт гарсан байх.
4.1.7.Анхдагч шалгалт баталгаажуулалтын үр дүнг хүлээн зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн гэрээний хугацаа дуусмагц шалгалт баталгаажуулалтыг Хэмжил зүйн байгууллага гүйцэтгэнэ.
4.1.8.Аж ахуйн нэгж, байгууллага нь Хэмжил зүйн байгууллагаас баталсан анхдагч шалгалт баталгаажуулалтын үр дүнг хүлээн зөвшөөрсөн гэрчилгээний загварын дагуу хэмжих хэрэгсэл тус бүрт гэрчилгээ олгож Хэмжих хэрэгслийн загвар, гэрчилгээний дугаар, серийн дугаарыг Хэмжил зүйн төв байгууллагад хагас жил тутам цахимаар хүргүүлнэ. Ирүүлсэн мэдээллийг Хэмжил зүйн төв байгууллага Хэмжил зүйн мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
4.2.Ээлжит болон давтан шалгалт баталгаажуулалт.
4.2.1.Ээлжит шалгалт баталгаажуулалтыг тогтоосон хугацаанд хэмжих хэрэгслийг баталгаажуулах үйл ажиллагаа бөгөөд баталгаажуулалт хоорондын хугацааг хэмжил зүйн төв байгууллага тогтооно.
4.2.2.Давтан шалгалт баталгаажуулалтыг баталгаажуулалтын хүчинтэй хугацаа дуусахаас өмнө хэрэглэгчийн хүсэлтээр гүйцэтгэнэ.
4.2.3.Давтан шалгалт баталгаажуулалтыг лац, тэмдэг нь хөндөгдсөн, арилсан, гэрчилгээг үрэгдүүлсэн хэмжих хэрэгсэлд, эвдэрсэн буюу буруу заалттай хэмжих хэрэгслийг засварласны дараа гүйцэтгэнэ.
4.2.4.Хэмжил зүйн төв байгууллагад чадавхаа үнэлүүлж бүртгэгдсэн аж ахуйн нэгж, байгуулага хэмжих хэрэгслийг засварлах ажлыг гүйцэтгэнэ.
4.3.Магадлан тогтоох шалгалт баталгаажуулалт.
4.3.1.Магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтыг хууль, хяналтын байгууллагын хүсэлт, иргэд, аж ахуйн нэгжийн санал, гомдлын дагуу хэмжүүрийн улсын шалгагч, улсын байцаагч нар хамтран гүйцэтгэж болно.
4.3.2.Шаардлагатай тохиолдолд анхдагч шалгалт баталгаажуулалтын үр дүнг хүлээн зөвшөөрсөн хэмжих хэрэгсэлд магадлан тогтоох шалгалтыг гүйцэтгэнэ.
4.3.3.Хэмжих хэрэгслийн магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтыг хүсэлт гаргасан байгууллагын төлөөллийг байлцуулан гүйцэтгэж болно.
4.3.4.Магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтын тайлан, үр дүнг хүсэлт гаргасан байгууллагад өгнө.
4.4.Түүвэр шалгалт баталгаажуулалт.
4.4.1.Түүвэр шалгалт баталгаажуулалтыг хэмжих хэрэгслийн нэг төрлийн багцаас 4.4.5-д заасны дагуу санамсаргүй байдлаар сонгосон, статистикийн хувьд тогтоосон тооны хэмжих хэрэгслээс дээж авч гүйцэтгэнэ.
4.4.2.Ээлжит буюу давтан шалгалт баталгаажуулалтын явцад түүвэр шалгалт баталгаажуулалт хийхгүй.
4.4.3.Түүвэр шалгалт баталгаажуулалт хийлгэх хүсэлтээ хэмжих хэрэгслийн тоо, хэмжих хэрэгслийн цуврал дугаарын хамт Хэмжил зүйн байгууллагад албан бичгээр ирүүлнэ.
4.4.4.Аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хэмжих хэрэгслийн нэг төрлийн багцаас түүвэр шалгалт баталгаажуулалтын дээжийг 1-р хүснэгтэд заасны дагуу хэмжүүрийн улсын шалгагч сонгоно.
4.4.5.Түүвэр шалгалт баталгаажуулалтыг 1201-ээс дээш тооны хэмжих хэрэгслийн нэг төрлийн багцад хийнэ.
1-р Хүснэгт. Хэмжих хэрэгсэлд түүвэр шалгалт баталгаажуулалт
хийхэд дээж авах статистик
Нэг төрлийн багцад байх хэмжих хэрэгслийн тоо |
Дээж авах үе шат |
Дээжийн тоо |
Тэнцээгүй хэмжих хэрэгслийн тоо |
Дээж авах хоёрдогч үе шат руу шилжих тэнцээгүй хэмжих хэрэгслийн тоо |
||
Хүлээн зөвшөөрөх |
Үл хүлээн зөвшөөрөх |
|||||
1201-3200 |
Анхдагч |
80 |
80 |
2 |
5 |
3-4 |
Хоёрдогч |
80 |
160 |
6 |
7 |
- |
|
3201-10000 |
Анхдагч |
125 |
125 |
3 |
6 |
4-5 |
Хоёрдогч |
125 |
250 |
9 |
10 |
- |
|
10001-дээш |
Анхдагч |
200 |
200 |
5 |
9 |
6-8 |
Хоёрдогч |
200 |
400 |
12 |
13 |
- |
Тайлбар: Энэ хүснэгт нь ISO 2859-1 олон улсын стандартад нийцсэн болно.
4.4.6.Дээж авалт.
4.4.6.1.Түүвэрлэн сонгосон дээжид анхдагч шалгалтыг стандартын дагуу гүйцэтгэнэ.
4.4.6.2.Анхдагч дээж авалтын шалгалтад тэнцээгүй хэмжих хэрэгслийн тоо хүлээн зөвшөөрөх тооноос хэтрээгүй бол нэг төрлийн багцад байгаа бүх хэмжих хэрэгслийг шалгалтад тэнцсэнд тооцон хэмжих хэрэгсэл бүрийг битүүмжилж, шалгалт баталгаажуулалтын гэрчилгээ олгоно. Энэ тохиолдолд шалгалт баталгаажуулалтын төлбөрийг тухайн багцын бүх хэмжих хэрэгслийн тоогоор тооцно.
4.4.6.3.Анхдагч дээж авалтад тэнцээгүй хэмжих хэрэгслийн тоо нь хүлээн зөвшөөрөх тооноос их байвал хоёрдогч дээж авалтыг хийнэ.
4.4.6.4.Хоёрдогч дээжийг хүснэгтэд заасан тоогоор анхны багцаас түүвэрлэн улсын шалгагч сонгоно.
4.4.6.5.Хоёрдогч дээж авалтад тэнцээгүй хэмжих хэрэгслийн тоо нь хүлээн зөвшөөрөх тооноос хэтрээгүй бол нэг төрлийн багцад байгаа бүх хэмжих хэрэгслийг шалгалтад тэнцсэнд тооцон хэмжих хэрэгсэл бүрийг битүүмжилж, шалгалт баталгаажуулалтын гэрчилгээ олгоно.
4.4.6.6.Түүвэр шалгалт баталгаажуулалтаар анхдагч болон хоёрдогч дээжийн тэнцээгүй хэмжих хэрэгслийн нийлбэр тоо хүлээн зөвшөөрөх тооноос их байвал багцын бүх хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулна.
4.4.6.7.Түүвэр шалгалт баталгаажуулалт хийхэд шалгалтад тэнцээгүй хэмжих хэрэгсэлд мэдэгдэл олгон тухайн аж ахуй нэгж, байгууллагад хүлээлгэн өгнө.
Тав.Хэмжих хэрэгслийн ашиглалтад хяналт тавих
5.1.Хэмжил зүйн байгууллага, хэмжүүрийн улсын шалгагч болон аж ахуйн нэгж, байгууллагын хэмжил зүйн ажилтан хэмжих хэрэгслийн ашиглалтад хяналт тавина.
5.2.Хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалтад хамруулсны дараа баталгааны лац, тэмдэг хөндөгдсөн, гэрчилгээний хүчинтэй хугацаа, хэмжил зүйн үзүүлэлт нь холбогдох стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд ашиглалтын хяналтыг тавина.
Зургаа.Шалгалт баталгаажуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих
6.1.Энэ журмын хэрэгжилтэд хэмжил зүйн төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтад хяналт тавина.
Долоо.Хүлээлгэх хариуцлага
7.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий албан тушаалтан хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A