A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 171 дүгээр
  тогтоолын хавсралт

 

ТЭЭВРИЙН УХААЛАГ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл


Автотээврийн салбар анх 1925 онд үүсч хөгжин 1990 он гэхэд хот хоорондын ачаа тээвэрлэлтийн зориулалттай, 300-1000 автомашин бүхий 15 томоохон авто аж ахуй ажиллаж байсны дээр аймаг, орон нутагт, ачаа зорчигчид шуудан тээвэрлэх зориулалттай 20 гаруй авто аж ахуй ажиллаж, улсын нийт ачаа тээвэрлэлтийн 70 гаруй хувь, зорчигч тээвэрлэлтийн 98.5 хувийг гүйцэтгэж байсан бол 2019 оны байдлаар автотээврээр 168.4 сая зорчигч,       40.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь нийт зорчигч тээврийн 97 хувь, ачаа тээврийн 59.2 хувийг эзэлж байна.

Улсын хэмжээнд 2019 оны байдлаар 1.4 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 54.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.

Тээврийн хэрэгслийн тоо жил бүр хурдацтайгаар өсч байгаа нь авто замын нэвтрүүлэх чадварыг бууруулах, түгжрэл үүсэх, осол, хэргийн тоо нэмэгдэх, хүний амь нас, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчинд хохирол учруулах зэргээр сөрөг үр дагавруудыг бий болгож байна. Зам, тээврийн ослын улмаас 2019 онд нийт 561 хүн амь насаа алдаж, 3790 хүн гэмтсэн байна.

Импортоор 2019 онд 158224 тээврийн хэрэгсэл орж ирснээс 43.9 хувийг суудлын автомашин, 14.6 хувийг ачааны автомашин эзэлж байна. Импортын суудлын автомашины 86.6 хувь, ачааны автомашины 20 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна.

Импортоор орж ирсэн эвдрэлтэй суудлын автомашины тоо 2018 онд     3688, 2019 онд 4172 болж өссөн байна.

Нийт автомашинд 0-3 жилийн насжилттай автомашины эзлэх хувийн жин 2012 онд 10 хувь байсан бол 2019 онд 3.2 хувь болж буурчээ. Эдгээр тоон үзүүлэлтээс харахад хямд үнэ бүхий эвдрэлтэй, хуучин автомашин импортоор оруулж ирэх хандлага нэмэгдэж байна.

Улаанбаатар хотод 2010 онд гэрлэн дохионы хяналт, тээврийн хэрэгслийн дугаар таних камер, мэдээллийн самбар, хяналтын камерын систем бүхий замын хөдөлгөөний удирдлагын төвийг байгуулснаар анхны тээврийн ухаалаг системийн суурийг тавьж, 2015 онд нийслэлийн нийтийн тээврийн автобусны ухаалаг карт, удирдлага болон мэдээллийн системийг хувийн хэвшлийн оролцоотойгоор нэвтрүүлсэн ч эдгээр системүүд нь өөр хоорондоо уялдаа холбоогүй, нэгдсэн байдлаар ажиллахгүй байгаагаас шалтгаалан үр дүн муутай, цаашид хөгжүүлэлт хийхэд хүндрэлтэй байна.

Тээврийн ухаалаг системийг байгууллага, аж ахуйн нэгжүүд бие даасан байдлаар, хоорондоо уялдаа холбоогүй, хэрэгжүүлж байгааг нэгдсэн бодлого, төлөвлөлт, стандарт, техник, технологийн хүрээнд хэрэгжүүлэх, автотээврийн салбарт мэдээллийн технологийн орчин үеийн ололтыг нэвтрүүлэн ухаалгаар зохицуулж, зохион байгуулах шаардлага бий болоод байна.

Иймд “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.118-д “эрэлтэд нийцсэн, хүрээлэн байгаа орчинд ээлтэй тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх”, “Төрөөс автотээврийн талаар баримтлах бодлого”, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 5.4-т “Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн “Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулав.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

2.1. Тээврийн салбарт ухаалаг системийг нэвтрүүлж, тээвэрлэлтийг оновчтой, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдлаар зохион байгуулж, иргэдэд аюулгүй, ая тухтай тээвэрлэлтийн үйлчилгээг үзүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Гурав. Хөтөлбөрийн зорилт

3.1. Хөтөлбөрийн зорилгыг дараахь зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:

       3.1.1. замын хөдөлгөөнийг ухаалгаар удирдах дэвшилтэт системийг нэвтрүүлэх;

       3.1.2. замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх, мэдээлэх автомат системийг хөгжүүлэх; 

       3.1.3. цахим төлбөрийн системийг хөгжүүлэх;

       3.1.4. тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

       3.1.5. нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

4.1. “Замын хөдөлгөөнийг ухаалгаар удирдах дэвшилтэт системийг нэвтрүүлэх” зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       4.1.1. замын хөдөлгөөний ачааллыг удирдах системийг хөгжүүлэх;

       4.1.2. авто зогсоолын мэдээлэл, удирдлагын системийг хөгжүүлэх;

       4.1.3. гэрлэн дохионы хяналтын системийг шинэчлэх.

4.2. “Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх, мэдээлэх автомат системийг хөгжүүлэх” зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       4.2.1. тээврийн хэрэгслийн хурд хэтрэлтийг анхааруулах системийг хөгжүүлэх;

       4.2.2. хурд ба гэрлэн дохионы зөрчлийг зохицуулах системийг хөгжүүлэх;

       4.2.3. тээврийн хэрэгслийн даац хэтрэлтийг илрүүлэх автомат системийг хөгжүүлэх;

       4.2.4. авто зам дээрх дүрмийн бус зогсолтыг хянах системийг хөгжүүлэх;

       4.2.5. аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэлд тавих хяналтын системийг хөгжүүлэх.

4.3. “Цахим төлбөрийн системийг хөгжүүлэх” зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       4.3.1. нийтийн тээврийн төлбөрийн цахим системийг өргөжүүлэх;

       4.3.2. авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг цахимжуулах;

       4.3.3. авто зогсоолын төлбөр хураах үйл ажиллагааг цахимжуулах.

4.4. “Тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх” зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       4.4.1. тээврийн ухаалаг системтэй холбоотой техникийн баримт бичиг, стандарт, нормативийг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох;

       4.4.2. “Радио давтамжаар таних систем” (RFID)-ийг нэвтрүүлэх;

       4.4.3. тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, авто үйлчилгээ, татвар, даатгалын үйл ажиллагааг цахимжуулах.

4.5. “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

       4.5.1. нийтийн тээврийн мэдээлэл, үйлчилгээний удирдлагын системийг хөгжүүлэх;

       4.5.2. унадаг дугуйн хэрэглээг ухаалаг системээр дэмжих;

       4.5.3. замын хөдөлгөөн зохион байгуулалтын мэргэжилтэй хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах.

Тав. Хөтөлбөрийн үр дүн

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

       5.1.1. замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, түгжрэл буурна;

       5.1.2. тээвэрлэлтийн аюулгүй байдал хангагдана;

       5.1.3. тээвэрлэлттэй холбоотой ажил, үйлчилгээ, төлбөр тооцооны системийг цахимжуулснаар үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна;

       5.1.4. иргэд үйлчилгээ авахад зарцуулах цаг хугацаа, зардлыг хэмнэнэ;

       5.1.5.  тээвэрлэлт үр ашигтай болно;

       5.1.6. тээврийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт, хяналт сайжирна.

Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа,
шалгуур үзүүлэлт

6.1. Хөтөлбөрийг 2020-2024 онд хэрэгжүүлнэ.

6.2. Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

Шалгуур үзүүлэлт

Суурь түвшин

(2019)

Зорилтот түвшин

(2024)

1.

Тээврийн мэдээллийн нэгдсэн удирдлагын төвийн тоо

0

1

2.

Цахим технологи нэвтрүүлсэн авто замын төлбөр хураах цэгийн тоо

0

35

3.

Автомашины даац хэтрэлтийг хянах цахим технологи нэвтрүүлсэн цэгийн тоо

0

33

4.

Тээврийн хэрэгслийн хурд хэтрэлтийг хянах камерын тоо

11

26

5.

Автомашины утааны хяналтын камерын тоо

0

15

6.

Нийт автомашинд радио долгионы давтамж үүсгэгч (RFID) ялтас бүхий автомашины эзлэх хувь

0

100

7.

Радио долгионы давтамж (RFID) хүлээн авагч төхөөрөмжийн тоо

0

80

8.

Бодит цагийн горимд суурилсан технологи бүхий гэрлэн дохионы эзлэх хувь

0

100

9.

Авто замын гэрлэн дохионы дүрмийн зөрчил илрүүлэгч камерын тоо

29

44

Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр

7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

       7.1.1. улс, орон нутгийн төсөв;

       7.1.2. хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;

       7.1.3. гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламж;

       7.1.4. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив;

       7.1.5. хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

Найм. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт,
      хяналт-шинжилгээ, үнэлгээ

8.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах ажлыг зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

8.2. Зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулна.

8.3. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

 


-----о0о-----