A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 182 дугаар
  тогтоолын хавсралт

 

“БАЙГАЛЬ ОРЧНЫ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ”
УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилго нь “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” Улсын төсөвт үйлдвэрийн газрын алсын хараа, зорилго, үйл ажиллагааны чиглэл, удирдлага, зохион байгуулалтыг тогтоож, тэдгээртэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2. “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” (цаашид “төв” гэх) нь хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан ажил үйлчилгээ эрхлэх улсын төсөвт үйлдвэрийн газар мөн.

1.3. Төв нь Иргэний хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ болон байгаль орчныг хамгаалахтай холбоотой бусад хууль тогтоомж, салбарын төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, энэ дүрмийн хүрээнд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд үйл ажиллагаа явуулна.

1.4. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв      байгууллага нь төвийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

1.5. Төвийн төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэгч нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байна.

Хоёр. Төвийн оноосон нэр, оршин байх хаяг

2.1. Төвийн оноосон бүтэн нэр нь “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” Улсын төсөвт үйлдвэрийн газар, товчилсон нэр нь “БОСШТ” УТҮГ, Англи    нэр нь “Environmental research center of Mongolia”, товчилсон нэр нь “ERC” байна.

2.2. Төвийн оршин байх газар нь Монгол Улс, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам (17100), 624 байна.
       
2.3. Цахим хаяг: env_researchcenter@mne.gov.mn Шуудангийн хайрцаг, хаягийг улсын бүртгэлд бүртгүүлсний дараа зохих журмын дагуу авна.

Гурав. Төвийн бэлгэдэл, тэмдэг

3.1. Төв нь өөрийн бэлгэдэл, албан бичгийн хэвлэмэл хуудас, өөрийн нэр бүхий тэмдэг хэрэглэнэ.

3.2. Бэлгэдлийн загварыг төвийн захирал баталж, Оюуны өмчийн газарт бүртгүүлнэ.

3.3. Тэмдэг, хэвлэмэл хуудсыг Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ын дагуу хэрэглэж, захирлаас итгэмжлэн хариуцуулсан этгээд түшиж, ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хариуцна.

Дөрөв. Төвийн үйл ажиллагааны зорилго, чиглэл

4.1. Төв нь “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх судалгаа, шинжилгээний ажлыг олон улсын жишигт хүргэж, байгаль орчны хариуцлагатай үйл ажиллагааг төлөвшүүлэх” эрхэм зорилгын хүрээнд “Байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, бохирдлыг бууруулах, саармагжуулах, нөхөн сэргээх чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж, байгаль орчны хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах, байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх сургалт, сурталчилгааг оновчтой явуулж, байгаль орчны хариуцлагатай үйл ажиллагааг хөгжүүлэх” зорилгыг хэрэгжүүлнэ.

4.2. Төв нь дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулна:

      4.2.1. байгаль орчны бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, аливаа төслийн үйл ажиллагаанаас үүсч болзошгүй хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, бохирдлыг бууруулах, саармагжуулах, нөхөн сэргээх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхтэй холбоотой судалгаа, шинжилгээ, сургалт, сурталчилгаа явуулж, төв, орон нутгийн байгаль орчны ажилтан, ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, судлаач, оюутан, сурагчдад байгаль орчны чиглэлийн хууль тогтоомж, журам, аргачлал, стандартыг сурталчлан таниулах, байгаль орчны чиглэлээр мэдээлэл өгөх, сургах, дадлагажуулах;

      4.2.2. ой, ус, ургамал, амьтан, газрын нөөц баялгийн экологи, эдийн засгийн үнэлгээ, даацын судалгаа хийж, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх бодлого, арга хэмжээний талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх;

      4.2.3. үйлдвэрлэлийн технологийн үнэлгээ, агаар, ус, хөрсний бохирдлын судалгаа, Монгол Улсад ашиглаж болох химийн хорт болон аюултай бодисын бүртгэл, шинжилгээ, химийн хорт болон аюултай бодистой хамааралтай бохирдлын шинжилгээ, судалгаа хийж, байгальд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарал багатай технологийн зөвлөмж гаргах, олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах;

      4.2.4. төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой хүний нөөцийн бодлого, санхүү төсвийн төлөвлөлт, зарцуулалт, аж ахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

      4.2.5. хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа.

Тав. Төвийн эрх, үүрэг

5.1. Төв нь дор дурдсан эрхтэй:

      5.1.1. өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа үл хөдлөх, хөдлөх болон бусад эд хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааны зорилго, чиглэлд нийцүүлэн эзэмших, ашиглах;

      5.1.2. шаардлагатай техник, хэрэгсэл, сэлбэг, материалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гадаад, дотоодын нийлүүлэгчээс гэрээ байгуулан худалдан авах;

      5.1.3. төвийн барилга байгууламж, техник, хэрэгсэл, машин, тоног төхөөрөмжийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бусдад худалдах, шилжүүлэх, түрээслэх асуудлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Өмч хамгаалах байнгын зөвлөлөөр уламжлан төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр шийдвэрлэх;

      5.1.4. Монгол Улсын болон гадаад орны ижил төстэй байгууллагатай эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллах.

5.2. Төв нь дор дурдсан үүрэгтэй:

      5.2.1. холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах;

      5.2.2. төвийн хөдөлмөрийн дотоод журмыг баталж, мөрдүүлэх;

      5.2.3. улсын төсвийн санхүүжилтийг сар, улирал, жилээр батлагдсан зардлын хуваарийн дагуу зарцуулах;

      5.2.4. сургалт, судалгаа, шинжилгээг олон улсын стандартад нийцүүлэн хийх;

      5.2.5. үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, мастер төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн маркетинг, менежментийн үр ашигтай, оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх.

Зургаа. Төвийн удирдлага, зохион байгуулалт

6.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төвийн үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг тогтооно.

6.2. Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг захирал удирдан зохион байгуулах бөгөөд захирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

6.3. Төвийн захирлаар дээд боловсролтой, боловсролын магистраас доошгүй зэрэгтэй, байгаль орчны салбарт 5-аас доошгүй жил ажилласан, удирдан зохион байгуулах, санхүүгийн болон хууль эрх зүй, хүний нөөц, ёс зүй, харилцааны талаар мэдлэг, ур чадвартай иргэнийг сонгон шалгаруулж томилно.

6.4. Захирал нь дор дурдсан эрх, үүрэгтэй:

      6.4.1. төвийн стратеги болон мастер төлөвлөгөө, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах;

      6.4.2. төвийн “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г жил бүрийн      1 дүгээр сарын 10-ны дотор байгаль орчны  асуудал  эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулж, биелэлтийг тухайн жилийн 6 дугаар сарын 25, 12 дугаар сарын 25-ны дотор гаргаж үр дүнг тайлагнах;

      6.4.3. хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, хэрэгжилтэд хяналт тавих;

      6.4.4. ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, гэрээг цуцлах, дуусгавар болгох, сунгах, ажилд томилох, ажлаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, албан тушаал бууруулах, сэлгэн ажиллуулах, хавсран гүйцэтгүүлэх, орлон гүйцэтгүүлэх, шагнал урамшуулал олгох, сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргах;

      6.4.5. ажилтны цалин, нэмэгдэл, урамшуулал, нөхөн олговор, тэтгэмжийг ажлын үр дүнтэй уялдуулан тогтоох;

      6.4.6. төвийг дотоодод болон гадаадад төлөөлөх, төлөөлүүлэх эрх олгох;

      6.4.7. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, гэрээний дагуу өмч, хөрөнгийг төвийн нэрийн өмнөөс захиран зарцуулах, хяналт тавих;

      6.4.8. төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах тусгай зөвшөөрөл, эрхийн холбогдох бусад баримт бичгийг эрх бүхий байгууллагаас авах ажлыг зохион байгуулах;

      6.4.9. санхүүгийн анхан шатны бүртгэл хөтлөлт, нягтлан бодох бүртгэлийн тайлан, статистикийн мэдээний үнэн зөвийг биечлэн хариуцах;

      6.4.10. өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах, биелэлтийг нь зохион байгуулж, үр дүнг дүгнэх;

      6.4.11. хууль тогтоомж, гэрээгээр олгосон бусад.

6.5. Захиралд төвийн бодлого, үйл ажиллагааны талаар зөвлөх үүрэг бүхий Захирлын зөвлөл ажиллаж болно. Зөвлөлийн ажиллах журмыг захирал батална.

6.6. Захирал нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлд сонгогдох, тэдгээрийн гүйцэтгэх удирдлагад ажиллах, шашны болон төрийн бус байгууллага, сангийн удирдах ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.

6.7. Захирал нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болно.

Долоо. Төвийн санхүүжилт, санхүүгийн бүртгэл, тайлан

7.1. Төвийн орлого нь дараахь санхүүгийн эх үүсвэрээс бүрдэнэ:

      7.1.1. улсын төсвийн санхүүжилт;

      7.1.2. хурал, семинар, зөвлөгөөн зохион байгуулах ажил үйлчилгээний орлого;

      7.1.3. олон улсын байгууллагатай хамтарч ажиллах гэрээний дагуу олох үйлчилгээний орлого;

      7.1.4. хандивлагч орны зээл, тусламж болон буцалтгүй тусламж;

      7.1.5. хууль тогтоомжоор хориглоогүй бусад.

7.2. Төвийн санхүүгийн тайланд дараахь зүйлсийг тусгана:

      7.2.1. баланс;

      7.2.2. үйл ажиллагааны үр дүнгийн тайлан;

      7.2.3. мөнгөн гүйлгээний тайлан;

      7.2.4. өмчийн өөрчлөлтийн тайлан;

      7.2.5. тухайн төсвийн жилд хийгдсэн их хэмжээний болон сонирхлын зөрчил бүхий хэлцлийн жагсаалт, нэр төрөл, үнийн дүн;

      7.2.6. бусдаас авах авлага, тэдгээрийн үүссэн шалтгаан, авлага барагдуулалтын явц;

      7.2.7. санхүүгийн тайлангийн тодруулга;

      7.2.8. нэмэлт тайлбар.

7.3. Төвийн нягтлан бодогч хуулиар тогтоосон журмын дагуу анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргаж, захирлын зөвлөлд танилцуулан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

7.4. Төв нь санхүүгийн тайланг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж, Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу жил бүр гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.

7.5. Эд хөрөнгийн дотоодын тооллогыг хугацаанд нь явуулж жилийн тайлан тэнцэлд тусгана.
7.6. Төсвийн тухай хуульд заасны дагуу өөрийн чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, урсгал зардлын төлөвлөгөөний төслийг санхүүгийн жил эхлэхээс гурван сарын өмнө гаргаж, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар батлуулна.

7.7. Төвийн санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, нягтлан бодогч нар хариуцна.

Найм. Төвийн эд хөрөнгийн хариуцлага, хяналт

8.1. Захирал нь өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд тавих дотоод хяналтыг зохион байгуулж, үр дүнг хариуцна.

8.2. Өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналтыг нягтлан бодогч хариуцна. Нягтлан бодогч нь эд хөрөнгийн хариуцлагын гэрээг хийж, гүйцэтгэлд хяналт тавина.

8.3. Төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, эзэмшил, захиран зарцуулалтад тавих хяналт нь Үндэсний аудитын газар, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын        хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгж, Өмч хамгаалах байнгын зөвлөл, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын болон дотоод хяналтаас бүрдэнэ.

8.4. “Дотоод хяналтын дүрэм”-ийг захирал баталж, хэрэгжилтэд хяналт тавина.

8.5. Төвийн санхүү, үндсэн үйл ажиллагаанд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгж хуваарийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

Ес. Төвийн баримт бичгийн хадгалалт

9.1. Төв нь дараахь баримт бичгийг хадгална:

      9.1.1. төвийн дүрэм, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, төвийг байгуулсан Засгийн газрын тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх, лиценз, тусгай зөвшөөрөл, сертификат;

      9.1.2. санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, түүнд хийсэн аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмж;

      9.1.3. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, нягтлан бодох бүртгэлд тусгасан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох баримт бичиг;

      9.1.4. үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавар, стандарт, холбогдох баримт бичиг;

      9.1.5. хөдөлмөрийн дотоод журам, хурлын тэмдэглэл, шийдвэр, захирлын тушаал, шийдвэр;

      9.1.6. захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр;

      9.1.7. бусад ач холбогдол бүхий баримт бичиг.

Арав. Бусад

10.1. Төвийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан үндэслэл, журмын дагуу татан буулгана.

10.2. Энэ дүрэмд тусгаснаас бусад асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

10.3. Энэ дүрэм нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.


---о0о---