A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН НЭГДСЭН ТАЙЛАН, МЭДЭЭ ГАРГАХ, ТҮҮНД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ БОЛОН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 192 дугаар
  тогтоолын хавсралт

 

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН НЭГДСЭН ТАЙЛАН,
МЭДЭЭ ГАРГАХ, ТҮҮНД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ БОЛОН ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13.1.1-д заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэгч этгээд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын нэгдсэн тайлан, мэдээ гаргах, түүнд дүн шинжилгээ хийх болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг үнэлэхэд энэ журмыг баримтална.

1.2. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой төлөвлөн, үр дүнтэй хэрэгжүүлэх замаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахад байнгын хяналт тавихад энэ журмын зорилго оршино.

Хоёр. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын нэгдсэн
тайлан, мэдээ гаргах, дүн шинжилгээ хийх

2.1. Аймаг, нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (цаашид “Салбар зөвлөл” гэх), Зохицуулах зөвлөлийн гишүүд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хагас жилийн тайлан, мэдээг жил бүрийн 7 дугаар сарын 5-ны өдрийн дотор, бүтэн жилийн тайлан, мэдээг дараа оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тус тус Зохицуулах зөвлөлийн Ажлын албанд ирүүлнэ.

2.2. Сум, дүүргийн Салбар зөвлөл гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын тайлан, мэдээг харьяалах аймаг, нийслэлийн Салбар зөвлөлд хагас, бүтэн жилээр хүргүүлнэ.

2.3. Улсын хэмжээнд тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг дагнан зохицуулах үүрэг бүхий Дэд зөвлөл нь тухайн оны үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр Зохицуулах зөвлөлийн Ажлын албанд ирүүлнэ.

2.4. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын тайлан дараахь мэдээллийг агуулсан байна:

    2.4.1. гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хэрэгжүүлсэн хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтийг хангуулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ;

    2.4.2. гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн чиглэлийн дагуу холбогдох арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэр болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ хэрэгжүүлж ажилласан байдал;

    2.4.3. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилт, зарцуулалт, түүнд хяналт тавьсан байдал;

    2.4.4. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг илэрхийлсэн тоон болон чанарын үзүүлэлт бүхий статистик мэдээ, мэдээлэл;

    2.4.5. гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлсон дүгнэлт.

2.5. Зохицуулах зөвлөлийн Ажлын алба нь аймаг, нийслэлийн Салбар зөвлөл болон Дэд зөвлөл, Зохицуулах зөвлөлийн гишүүдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын тайлан, мэдээг нэгтгэн, дүн шинжилгээ хийж, Зохицуулах зөвлөлийн даргад танилцуулна. Шаардлагатай тохиолдолд тайлан, мэдээг Зохицуулах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж болно.

Гурав. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
ажлын үр дүнг үнэлэх

3.1. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг улсын хэмжээнд гурван жил тутамд нэг удаа, Салбар зөвлөлийн түвшинд гурван жилд нэгээс доошгүй удаа Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19.2-т заасан шаардлага хангасан хуулийн этгээдээр үнэлүүлнэ.

3.2. Аймаг, нийслэлийн Салбар зөвлөлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг дараахь үндсэн үзүүлэлтээр үнэлнэ.

    3.2.1. харьяа нутаг дэвсгэртээ болон эрхлэх асуудлынхаа хүрээнд гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан, нөхцөлийг тодорхойлох судалгаа хийж, түүнд үндэслэн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлсэн ажлын үр дүн;

    3.2.2. гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилт, түүний зарцуулалтын байдал;

    3.2.3. гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг дээд шатны байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулж, зохион байгуулж, хэрэгжүүлсэн байдал;

    3.2.4. хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж байгаа төрийн бусад байгууллага, иргэдийн үйл ажиллагаа, санал, санаачилгыг дэмжин тусалж, хамтран ажилласан байдал;

    3.2.5. харьяа нутаг дэвсгэр болон эрхлэх асуудал, чиг үүрэг, эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд хуулийг сахин биелүүлэх дадал бий болгоход чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдал;
    3.2.6. харьяа нутаг дэвсгэр болон үйл ажиллагаа явуулж буй барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор шинээр дүрс бичлэгийн техник, хэрэгслийг байршуулсан эсэх, чанарын шаардлага хангасан дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбож, шаардлагатай техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлсэн байдал;

    3.2.7. гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэн, хуулийн этгээдийг татан оролцуулсан байдал;

    3.2.8. нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор олон нийтийн цагдаа, олон нийтийн байцаагчийг томилон ажиллуулсан байдал.

3.3. Аймаг, нийслэлийн Салбар зөвлөлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үнэлэхдээ дараахь үзүүлэлтийг харгалзана:

    3.3.1. гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан санхүүжилтийн хэмжээ, түүний зарцуулалт, тайлагналт нь холбогдох дүрэм, журамд нийцсэн эсэх, дараа жил төсөв нь нэмэгдсэн байдал;

    3.3.2. 16 болон түүнээс дээш насны хүн амд ногдох гэмт хэргийн өсөлт, бууралт;

    3.3.3. 16 болон түүнээс дээш насны хүн амд ногдох гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон тоон үзүүлэлт;

    3.3.4. 16 болон түүнээс дээш насны хүн амд ногдох гэмт хэргийн улмаас хүн гэмтсэн тоон үзүүлэлт;

    3.3.5. гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагыг чадавхжуулсан байдал, алба хаагчдыг сургаж, мэргэшүүлсэн байдал;

3.4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Засгийн газрын 2017 оны     89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг    журам”-ын 6.3-т заасан аргачлалаар үнэлнэ.

3.5. Зохицуулах зөвлөлийн Ажлын алба нь Салбар зөвлөлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг энэ журмын 3.1-д заасан хуулийн этгээдээр үнэлүүлсэн үнэлгээг Зохицуулах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

Дөрөв. Бусад зүйл

4.1. Зохицуулах зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй, эсхүл оновчтой төлөвлөөгүй, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай Салбар зөвлөлд хугацаатай үүрэг өгч, хэрэгжилтэд Зохицуулах зөвлөлийн Ажлын алба хяналт тавина.


 
-----о0о-----