A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 207 дугаар
  тогтоолын хавсралт

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ,
ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

Дэлхийн улс орнууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг нийгмийн халамжийн бодлогын салшгүй нэг хэсэг болгож, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, мэдлэг чадвартай зөв хүн болгон төлөвшүүлэх, тэдний суралцах идэвх, оролцоог нэмэгдүүлэх, сурагчдын насны онцлогт тохирсон хоол, хүнсээр үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг, боловсрол олгох харилцааг хуулиар зохицуулан, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж, сайн туршлагуудыг хуримтлуулсан байна.

Тухайлбал; Америкийн Нэгдсэн Улс 1946, Япон Улс 1954, Солонгос Улс   1953 оноос тус тус “Сургуулийн хоол”-ны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлжээ.

Америкийн Нэгдсэн Улсад өдөрт 31 сая, Японд 10 сая , Солонгост 7.3 сая, Энэтхэгт 140 сая, Оросын Холбооны Улсын бүх сургуулийн хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдаж байна.

Эдгээр улс орнуудын сургуулийн хоолны цэс нь өргөн сонголттой, хоолны түүхий эдийн 70 хувийг органик хүнс эзэлдэг байна.

Манай улсад “Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2006 оны 47 дугаар тогтоол, “Хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолын дагуу Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж байна.

Үндэсний аудитын газраас “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд уг хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчдын 60 орчим хувийг хамруулж 2007-2008, 2010-2011 оны хичээлийн жилд судалгаа хийсэн бөгөөд уг судалгаагаар 2007-2008 оны хичээлийн жилийн бага ангийн сурагчдын 7 хоногийн дундаж ирц 91.3 хувьтай байсан бол 2010-2011 оны хичээлийн жилд 96.7 хувь болж өссөн байна.

Түүнчлэн сургууль завсардалтын байдлыг 16 аймгийн түвшинд авч үзэхэд 2006 оныг 2010 онтой харьцуулахад 54.9 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа талаар болон “Үдийн цай” хөтөлбөр нь нийслэлийн захын болон хөдөө орон нутгийн бага орлоготой өрхийн амьжиргаанд тодорхой хэмжээний дэмжлэг болж байгааг аудитын тайланд тус тус дурдсан байна.

“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон хүүхдэд халуун хоолоор үйлчлэхэд ажлын байр, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг стандартын шаардлагад нийцүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор шийдвэрлэх шаардлагатай байгаа тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019 онд цэцэрлэг, сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд хийсэн хяналт шалгалтын танилцуулгад тэмдэглэсэн байна.

Мөн танилцуулгад сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын хоол үйлдвэрлэлийн технологийн урсгал нэг чигийн бус, ялангуяа үдийн цайнд халуун хоол олгох болсонтой холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх хоолны газрууд хүчин чадлаасаа 5-10 дахин давсан ачаалалтай ажиллаж, хоол үйлдвэрлэлийн ажиллагаа бүгд нэг дор 30-40 м2 өрөөнд хийгдэж байгаа зөрчил нийтлэг илэрч, хоол, хүнс бохирдох, улмаар халдвар, хордлого гарах эрсдэлийг бий болгож байгаа тухай дурдсан байна.

Эрүүл мэндийн яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангаас 2017 онд явуулсан “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгаа”-ны дүнгээс үзэхэд илүүдэл жин, таргалалтын тархалт насанд хүрэгчид, сургуулийн хүүхэд, бага насны хүүхдийн дунд сүүлийн 10 жилийн хугацаанд эрс нэмэгдсэн байна.

Илүүдэл жин, таргалалттай хүүхэд насанд хүрэхэд зүрх судасны өвчин, багтраа, II хэв шинжийн чихрийн шижин зэрэг архаг өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байдаг байна. Илүүдэл жинтэй 6-11 насны хүүхдийн эзлэх хувь хөдөө орон нутаг (17.6%)-тай харьцуулахад хот суурин газар (23.9%)-т өндөр байна.

Иймд “Үдийн цай” хөтөлбөрийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас 2019 онд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль”-ийг баталж, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөрийг Засгийн газар батлан, хэрэгжүүлэхээр заасан.

Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээний хуулийг дагаж гарах нийтлэг шаардлага, дүрэм, журмуудыг боловсруулан, хүнсний хангамжийн нэгдсэн тогтолцоог бий болгох, стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн байр, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэж, оновчтой зохион байгуулах, суралцагчийн бие махбод, насны ангилалд тохирсон шим тэжээлийн зохистой харьцааг хангахад чиглэсэн хоолны жор технологийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулан, хоол, шим тэжээлийн талаар ойлголт, мэдлэг олгох тогтолцоог бүрдүүлэх, үр дүнг тооцож үнэлэлт дүгнэлт өгч байх зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий үндэсний хөтөлбөрийг боловсрууллаа.

Үндэсний хөтөлбөр нь Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хүрээнд холбогдох хууль тогтоомж, үндэсний хөтөлбөртэй уялдан улсын төсөв, олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламж дэмжлэгтэйгээр үндэсний хэмжээнд хэрэгжинэ.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хугацаа

2.1. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний аюулгүй, тогтвортой, хүртээмжтэй тогтолцоог бий болгох, суралцагчийг шим тэжээллэг хоол, хүнсээр хангаж, эрүүл мэндийг нь дэмжихэд энэ хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:

       2.2.1. сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тулгуурласан, стандартын шаардлага хангасан хоол, хүнсний хангамжийн тогтолцоог бүрдүүлэх;

       2.2.2. сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг стандартын шаардлагад нийцүүлэх, хөндлөнгийн  болон дотоод хяналтыг сайжруулах замаар хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах;

    2.2.3. сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллах мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх;

    2.2.4. ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээгээр дамжуулан боловсролын үйлчилгээнд оролцогч талуудын хоол, шим тэжээлийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх.

2.3. Хөтөлбөрийг 2020-2025 онд хэрэгжүүлнэ.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх
      үйл ажиллагаа

3.1. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тулгуурласан, стандартын шаардлага хангасан хоол, хүнсний хангамжийн тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

    3.1.1. орон нутгийн онцлогт тулгуурласан хүнсний хангамжийн тогтолцоог бий болгох, эрх зүйн орчныг сайжруулах;

    3.1.2. сургууль дотор стандартын шаардлага хангасан ундны усаар үнэ төлбөргүй хангах нөхцөлийг бүрдүүлэх;

    3.1.3. хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хангамжид үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх боломжийг бүрдүүлэх, органик болон баяжуулсан хүнсний сонголтыг нэмэгдүүлэх;

    3.1.4. сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд нийлүүлэх хүнсний   бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр чиглэлээр холбогдох арга хэмжээг авах;

    3.1.5. сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг нийлүүлэх асуудлыг судалж, хэрэгжүүлэх;

    3.1.6. суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд нийлүүлж байгаа хүнсний түүхий эдийг худалдан авах түүнд хяналт тавих цахим системийг газар зүйн байршил, орон нутгийн онцлогт тохируулан боловсруулах, турших.

3.2. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг стандартын шаардлагад нийцүүлэх, хөндлөнгийн  болон дотоод хяналтыг сайжруулах замаар хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

    3.2.1. сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хяналт тавих дүрэм, журам, стандартыг боловсруулж, мөрдүүлэх;

    3.2.2. сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг стандартын шаардлагад нийцсэн орчин үеийн, зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах;

    3.2.3. сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байр, тоног төхөөрөмжийн хангамж, хүчин чадал, ашиглалтын талаар  судалгаа хийж, үнэлэлт өгөх, бүртгэлжүүлэх;

    3.2.4. зохистой дадал нэвтрүүлсэн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах;

    3.2.5. хүн амын зохистой хооллолтын зөвлөмж хэмжээ, үнийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулан хоолны зардлын нормативыг тогтмол шинэчлэх, санхүүжилтийн уян хатан тогтолцоог бий болгох;

    3.2.6. сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хүнсний хаягдлыг бууруулах, дахин ашиглах чиглэлээр инновацийн үйл ажиллагаа нэвтрүүлэх.

    3.2.7. сургуулийн хоол, хүнсний болон орчны аюулгүй байдалд тандалт судалгаа, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг холбогдох байгууллагатай хамтран үе шаттай зохион байгуулах.

3.3. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллах мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

    3.3.1. нутгийн захиргааны байгууллагад сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлэх асуудал хариуцсан орон тооны ажилтантай болгох боломжийг судалж, эрх зүйн орчныг бий болгох;

    3.3.2. сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллах мэргэжлийн хүний нөөц бэлтгэж байгаа сургалтын тогтолцоог сайжруулах, дэмжих;

    3.3.3. ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа хоол зүйч, тогоочийн мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын тогтолцоог сайжруулж, сургалтын байгууллагыг чадавхжуулах;

    3.3.4. сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллаж байгаа ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах, дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох.

3.4. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээгээр дамжуулан боловсролын үйлчилгээнд оролцогч талуудын хоол, шим тэжээлийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

    3.4.1. ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад олгож байгаа эрүүл мэндийн боловсролын хоол, шим тэжээлийн ойлголт, мэдлэг олгох бүлгийн агуулгыг сайжруулж, модуль, хэрэглэгдэхүүн боловсруулах, турших;

    3.4.2. багш, ажилчид, эцэг эх, асран хамгаалагчийн хоол, шим тэжээлийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааг өргөжүүлэх;

    3.4.3. боловсролын үйлчилгээнд оролцогч талуудад хоол, шим тэжээлийн ойлголт, мэдлэг олгох сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн боловсруулах, турших, сургалт зохион байгуулах;

    3.4.4. сургуулийн хүүхдийн хоол, тэжээлийн байдлын судалгааг хийж шаардлагатай арга хэмжээг зохион байгуулах.

Дөрөв. Хөтөлбөрийн үр дүн, бүтээгдэхүүн,
        шалгуур үзүүлэлт

4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

    4.1.1. орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн, аюулгүй хүнсний ханган нийлүүлэлтийн тогтолцоо бүрдсэн байна;

    4.1.2. мэргэжлийн хүний нөөцөд суурилсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлснээр суралцагчид эрүүл, аюулгүй шим тэжээллэг хоол, хүнсээр тэгш, хүртээмжтэй хангагдана;

    4.1.3. боловсролын үйлчилгээнд оролцогч талуудын хоол, шим тэжээлийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлснээр нийгмийн эрүүл мэндийн зарим үзүүлэлт дээшилсэн байна. Суралцагчдын хоол, шим тэжээлийн эерэг ойлголт, мэдлэг нь гэр бүлийн түвшинд дам нөлөө үзүүлэх боломж бүрдэнэ;

    4.1.4. сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөнөөр шинэ ажлын байр бий болж, орон нутагт иргэдийн тогтвортой хөдөлмөр эрхлэх нөхцөл бүрдсэн байна.

4.2. Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр тодорхойлно:

 

 

Үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

(2019 он)

Зорилтот

түвшин

(2025 он)

1.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах эрх зүйн баримт бичгийн тоо

тоо

0

12

2.

Сурагчдыг стандартын шаардлага хангасан ундны усаар үнэ төлбөргүй хангасан сургуулийн эзлэх хувь

   хувь

56

100

3.

 

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж байгаа хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх орон нутгийн болон дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний эзлэх хувь

  хувь

15

60

4.

Үдийн хоолонд бүрэн шилжсэн сургуулийн эзлэх хувь

хувь

20

100

 5.

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний  талаар нэгдсэн мэдээллийн сан бүхий цахим систем

тоо

0

1

6.

Хоол зүйчээр хангагдсан сургуулийн тоо

тоо

7

600

7.

Мэргэжлийн тогоочоор хангагдсан сургуулийн тоо

тоо

99

662

8.

6-11 насны хүүхдийн өсөлт хоцролтын тархалтын хувь

хувь

7.3

(2017 он)

5.0

9.

 Хоол, шим тэжээлийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хийх нэвтрүүлгийн тоо

тоо

1

25

10.

Боловсролын үйлчилгээнд оролцогч талуудад зориулсан хөтөлбөр, хэрэглэгдэхүүн

тоо

0

3

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:

    5.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

    5.1.2. гадаадын зээл, буцалтгүй тусламж;

    5.1.3. олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

    5.1.4. хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт;

    5.1.5. бусад эх үүсвэр.

Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх
           хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээ хийлгэж, дүнг Засгийн газарт танилцуулна.

6.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн хэмжээнд аймаг, нийслэлийн Засаг дарга удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүрийн IY улиралд багтаан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. 

6.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг холбогдох яам, агентлагууд жил бүрийн 12 дугаар сард багтаан гаргаж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

6.4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний болон хөндлөнгийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

 

 


-----о0о-----