A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн

23 дугаар тогтоолын 1 хавсралт

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

(Телефон ярианы үйлчилгээнд)

НЭГ.ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

1.1.Энэхүү нөхцөл, шаардлага нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн телефон ярианы үйлчилгээ болон интернэт протоколд суурилсан телефон ярианы үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлагуудыг (цаашид “нөхцөл, шаардлага” гэх) тогтооно.

1.2.Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргагч болон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, Улсын Их Хурал болон Засгийн газраас баталсан бодлого, шийдвэр, тогтоомж, Монгол Улсын үндэсний стандарт болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан норматив, зохицуулалтын баримт бичиг, журам, шийдвэр, энэхүү нөхцөл, шаардлагыг дагаж мөрдөнө.

1.3.Телефон ярианы үйлчилгээ гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас бусад улс орнуудад цахилгаан холбооны сүлжээ ашиглан Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө (цаашид “дугаарлалтын төлөвлөгөө” гэх)-ний дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх)-ноос хуваарилсан дугаарыг ашиглан хэрэглэгчид үзүүлж буй суурин болон үүрэн холбооны бүх төрлийн телефон ярианы үйлчилгээг ойлгоно.

1.4.Интернэт протоколд суурилсан телефон ярианы үйлчилгээ гэж Зохицуулах хорооноос дугаарлалтын төлөвлөгөөний дагуу энэ төрлийн үйлчилгээнд зориулан олгосон дугаарыг ашиглан хэрэглэгчид интернэт протоколд суурилсан технологи ашиглан телефон ярианы бүх төрлийг дамжуулах үйлчилгээг ойлгох бөгөөд энэхүү нөхцөл, шаардлагыг нэгэн адил мөрдөж ажиллана.

1.5.Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэхдээ тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргахад ирүүлсэн үйлчилгээ эхлүүлэх болон үйл ажиллагааны төлөвлөгөөг баримтална. Уг төлөвлөгөө нь явцын дунд өөрчлөгдөж болох бөгөөд хэрэв өөрчлөгдсөн тохиолдолд Зохицуулах хороонд тухай бүр албан бичгээр мэдэгдэнэ.

1.6.Энэхүү нөхцөл, шаардлагад ашигласан нэр томъёог MNS ITU-T R Q.9:2004[1], MNS ITU-T R E.600:2004[2] стандартуудад зааснаар ойлгоно.

ХОЁР.ТЕЛЕФОН ЯРИАНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИЙН ТҮВШИН

2.1.Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд телефон ярианы үйлчилгээг хэрэглэгчид хүргэж буй үндсэн технологи болон чанараас нь хамааруулан 2 түвшинд хуваана. Үүнд:

2.1.1.“түвшин 1” буюу энэхүү нөхцөл шаардлагын 9.1[3]-т заасан чанарын шаардлагыг хангасан уламжлалт суурин телефон холбоо (PSTN), үүрэн телефон холбоо эсхүл түүнтэй ижил түвшний чанартай яриа дамжуулах интернэт протоколд суурилсан телефон ярианы үйлчилгээг хамааруулах;

2.1.2.“түвшин 2” буюу телефон ярианы чанар нь хамгийн багадаа энэхүү нөхцөл, шаардлагын 9.2[4]-т заасан шаардлагыг хангах, түүнчлэн өөрийн гэсэн хэрэглэгчийн сүлжээтэй байх шаардлагагүй бөгөөд харилцаа холбооны бусад сүлжээгээр дамжин холбогдож хэрэглэгчдэд интернэт протоколд суурилсан ярианы үйлчилгээг хүргэх үйлчилгээг хамааруулах.

2.2.Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх суурин телефон холбооны тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээ эрхлэгч нь энэхүү нөхцөл, шаардлагын 2.1.1-ийн “Түвшин 1”-т заасан үйлчилгээний чанар бүхий интернэт протоколд суурилсан телефон ярианы үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт хот, хот хооронд үндсэн тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд эрхэлж болох бөгөөд Зохицуулах хорооноос хуваарилсан дугаарлалтыг ашиглана.

2.3.Энэхүү нөхцөл, шаардлагын 2.1.2-ийн “Түвшин 2”-т заасан интернэт протокол ашигласан телефон ярианы үйлчилгээний тусгай зөвшөөрлийг “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын дагуу олгоно.

2.4.Телефон ярианы үйлчилгээний зах зээлд хэт давамгай байдал үүсэхээс сэргийлэх зорилгоор улс хоорондын интернэт телефон ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг үүрэн телефон холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгохгүй.

ГУРАВ.ХАРИЛЦАН ХОЛБОЛТ ХИЙХ, СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОХОД БАРИМТЛАХ ЗАРЧИМ

3.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь харилцаа холбооны бусад сүлжээнд холбогдох, харилцан холболт хийхэд Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 22 дугаар зүйл болон Зохицуулах хорооноос баталсан холбогдох журмыг баримталж, гэрээ байгуулан ажиллана.

3.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Зохицуулах хорооноос шаардсаны дагуу өөрийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх сүлжээний төлөвлөлт, бүтэц, архитектур, бусад үйлчилгээний сүлжээ, системтэй харилцан холбогдсон байдал, техникийн үзүүлэлт, үйлчилгээний чанар, гомдол маргаан, ачааллын судалгааны тайлан мэдээг ирүүлнэ.

3.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ачааллын судалгааг чиглэл бүрээр болон интернэтэд суурилсан яриа (OTT), үндсэн яриагаар ялгаж гаргах боломжийг бүрдүүлнэ.

3.4.Техник, тоног төхөөрөмж нь Үндэсний болон Олон улсын стандартын шаардлагыг хангасан, Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагаар баталгаажуулагдсан, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх бусад сүлжээтэй харилцан холбогдох техникийн нөхцөлийг бүрэн хангасан байна.

3.5.Хот, хот хоорондын ярианы үйлчилгээ эрхлэгч нь харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох холболтын үйлчилгээ үзүүлэхдээ тухайн үйлчилгээний төлбөрийг Зохицуулах хорооны баталсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ыг баримтлаж тогтоон гэрээнд тусгаж мөрдөнө.

3.6.Улс хоорондын ярианы үйлчилгээ эрхлэгч нь улс хоорондын ярианы гадаад хамтрагчдын жагсаалтыг гаргаж, шаардлагатай тохиолдолд Зохицуулах хороонд ирүүлнэ.

3.7.Интернэт протоколд суурилсан телефон ярианы үйлчилгээ эрхлэгч нь интернэт болон цахилгаан холбооны бусад үйлчлэгчийн сүлжээтэй харилцан холболт эсхүл холболт хийхдээ зөвхөн нэг IP хаягтай тусдаа (dedicated) холбох шугам ашиглана.

3.8.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мессежний дундын төв (SMS hub)-тэй холболт үүсгэнэ.

ДӨРӨВ.ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ТАРИФЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ШААРДЛАГА

4.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн үйлчилгээний зах зээлд зүй ёсны монополь, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болон шинээр үйлчилгээ эрхлэгч бол тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэх үйлчилгээний үнэ тарифыг шинээр тогтоох эсхүл шинэчлэн батлахаас 30 хоногийн өмнө Зохицуулах хороонд шаардлагатай мэдээлэл, үндэслэл, тайлбарын хамт ирүүлж, хянуулна.

4.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчилгээний үнэ тарифаа Зохицуулах хорооноос баталсан аргачлалын дагуу тогтоож, олон нийтэд ил тод мэдээлнэ.

4.3.Хот, хот хоорондын болон улс хоорондын гарах ярианы үйлчилгээний үндсэн тарифын хямдрал зарлах хугацаа жилд нийт 90 хоногоос ихгүй байна.

4.4.Улс хоорондын орох ярианы үйлчилгээний гадаад төлбөр тооцоо болон холболтын төлбөр зэрэгт шаардлагатай тохиолдолд Зохицуулах хороо холбогдох зохицуулалт хийх эрхтэй байх бөгөөд тухайн зохицуулалтыг харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч болон улс хоорондын ярианы үйлчилгээ эрхлэгчийн тусгай зөвшөөрлийн гэрээнд тусгаж мөрдөнө.

4.5.Олон улсын цахилгаан холбооны байгууллагын ITU D.103[5] зөвлөмжийн дагуу түр хаагдсан, шилжсэн, цуцалсан дугаар руу дуудлага хийхэд хэрэглэгчээс төлбөр бодогдохгүй байна.

ТАВ.ТЕХНИКИЙН ҮНДСЭН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА, АШИГЛАЛТ

5.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь харилцаа холбооны үйлчилгээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор сүлжээний удирдлага, хяналтын нэгдсэн системтэй байна. Хяналтын нэгдсэн системийн мэдээллийг 6 сараас доошгүй хугацаагаар архивлан хадгална.

5.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчилгээний чанар, стандарт болон норматив шаардлагыг ханган ажиллах зорилгын хүрээнд техник, тоног төхөөрөмжид байнгын хэмжилт, тогтмол хяналт хийх хэмжүүрийн багаж, хэрэгсэл эсхүл программ хангамжаар хангагдсан байна.

5.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн техникийн өрөө нь тухайн техник, тоног төхөөрөмжийн техникийн нөхцөлд заагдсан орчны стандарт шаардлага (температур, чийгшил, агааржуулалт г.м)-ыг хангасан байна.

5.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үндсэн техник, тоног төхөөрөмжийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор цахилгааны хоёроос доошгүй эх үүсвэрт холбогдсон байх, зай тэжээлийн нөөц эх үүсвэр (генератор, салхи болон нарны зай тэжээл гэх мэт)-ийг зохион байгуулсан байна.

5.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь техник, тоног төхөөрөмжийг анх шинээр суурилуулах, өргөтгөх, шилжүүлэх, технологийн шинэчлэл хийх бол тэдгээрийн техникийн үзүүлэлтүүд, ашиглалтын тухай танилцуулгыг Зохицуулах хороонд урьдчилан ирүүлнэ. Шаардлагатай тохиолдолд Зохицуулах хороо газар дээр нь очиж танилцах, хэмжилт шалгалт хийх эрхтэй байна.

5.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь техникийн үзлэг, хэмжилтийг тогтсон хуваарийн дагуу хийх, хэмжилтийн үр дүнг тухай бүр бүртгэлжүүлж ажиллахаас гадна үзлэг, хэмжилтийг хийх журам, заавар, технологийн картыг боловсруулан баталж үйл ажиллагаандаа мөрдөнө.

5.7.Технологийн карт гэж техник, тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгах, хэмжих эсхүл гэмтэл саатлыг хянах, арга хэмжээ авах, хэрэглэгчийн гомдол, саналыг шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааг инженер техникийн ажилтан хэрхэн гүйцэтгэх заавар, дарааллыг тогтоосон баримт бичгийг ойлгоно.

5.8.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үндсэн болон нөөц техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг тогтмол хугацаанд хэмжих, шалгах, тухайн техник, тоног төхөөрөмжийн гадна талд тэмдэглэгээ хийж, бүртгэл хөтөлнө.

5.9.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь техник, тоног төхөөрөмж, дамжуулах трактын нэгдсэн схемийг нарийвчлан гаргаж ажлын байранд байрлуулсан байна.

5.10.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэхтэй холбоотой техник, тоног төхөөрөмжийн угсралт болон кабель шугамын суурилуулалтыг хийж гүйцэтгэхдээ энэ талаар батлагдан гарсан Үндэсний стандарт, норматив баримт бичгийг мөрдөж ажиллах ба хэрэглэгчид хүргэх үйлчилгээнд ашиглагдахаар байгуулсан сүлжээний найдвартай ажиллагаа, инженер техникийн ажилтны аюулгүй ажиллагааны стандарт шаардлагыг хангаж ажиллана. Бусдаар гүйцэтгүүлж байгаа тохиолдолд Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх ба тухайн гүйцэтгэж байгаа ажлыг стандартын дагуу эсэхэд хяналт тавьж ажиллана.

5.11.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ярианы үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах холболтын байгууламж (soft switch, gateway, router), төлбөр тооцооны систем (billing system), зай тэжээлийн төхөөрөмж болон тэдгээрийн хяналтын систем (network management system)-ийг ашиглана.

5.12.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах шаардлагыг хангасан холболтын байгууламжтай байна. Үүнд:

5.12.1.улс хоорондын болон хот, хот хоорондын өндөр ачаалал бүхий ярианы урсгалыг дамжуулан холбох /routing/ боломжтой байх;

5.12.2.ярианы болон бусад холбогдох протоколууд болон кодыг дэмжих, тэдгээрийн хувиргалт, шилжилтийг хийдэг байх;

5.12.3.ярианы төлбөрийг секундын нарийвчлалтай тооцох боломжтой байх;

5.12.4.ярианы роүтинг хийх дундаж хугацааг гаргах, хянах боломжтой байх;

5.12.5.ярианы ачааллын судалгааг чиглэл тус бүрээр (орох, гарах, транзит) холбогдох нэгжээр (эрланг, минут) гаргах боломжтой байх;

5.12.6.эцсийн хэрэглэгчийн яриаг эхлүүлэх болон төгсгөх;

5.12.7.эцсийн хэрэглэгч болон байгууллагын хэрэглэгчид нэмэлт үйлчилгээ үзүүлэх боломжтой (IP PBX, дуудлага шилжүүлэх, дамжуулах, дуудлага илрүүлэх зэрэг) байх;

5.12.8.урьдчилсан/дараа төлбөрт, эдгээрийг хосолмол төлбөрт горимыг дэмждэг байх;

5.12.9.хэрэглэгчийн бүртгэл (хэрэглэгчийг регистрийн дугаараар, байгууллагын хэрэглэгчийг тухайн байгууллагын регистрийн дугаар болон тухайн эзэмшигч иргэний регистрийн дугаар, овог, нэрээр бүртгэдэг байх)-ийг хийх, үйлчилгээний эрхтэй холбоотой функцүүдтэй байх;

5.12.10.үйлчилгээний чанартай холбоотой статистик тайлан мэдээллийг боловсруулах боломжтой байх;

5.12.11.дуудлагын төлвийн талаарх мэдээлэл, тухайлбал амжилттай болон амжилтгүй дуудлага, амжилтгүй дуудлагын шалтгаан зэргийг тодорхойлдог байх;

5.12.12.бусад сүлжээтэй ITU-T G.703[6] стандартын дагуу E1 болон IP холбох шугамаар холбогдох;

5.12.13.бусад.

5.13.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэмтэл саатлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон журам боловсруулж, мөрдөж ажиллана. Уг журамд гэмтэл засварлах хяналтын хугацаа, нөөцийн бүрдүүлэлт, гэмтэл саатлын үед ажиллах процессийг заавал тусгасан байна.

5.14.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуурамч дуудлага, дугаараа өөрчилж залгасан дуудлага, спам мессеж, дуудлагыг (Spoof call, sim Box detection, long call alerting, traffic volume assurance, telemarketing, spam messaging) илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх техник, тоног төхөөрөмжийн боломжийг бүрдүүлэн байнгын хяналт хийж, Зохицуулах хорооноос шаардсаны дагуу холбогдох тайлан мэдээг ирүүлнэ.

5.15.Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч нь энэхүү нөхцөл, шаардлагын 3.8-д заасан дундын төвтэй холбогдох техникийн боломжийг бүрдүүлнэ.

5.16.Роүтинг нь актив стандбай болон ачааллыг хувиарлах горимыг дэмждэг байна.

5.17.Улс хоорондын ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд улс хоорондын холболтын чиглэлийн төлөвлөгөөг (routing plan) боловсруулахдаа ОУЦХБ-ын ITU E.352[7]–ыг баримтлах ба өөрийн сонгосон холболтын чиглэлийн арга хэлбэр (route selection method)-т харгалзах стандарт, зөвлөмжүүдийг мөрдөж ажиллана.

5.18.Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч нь улс хоорондын роүминг хийх боломжийг бүрдүүлнэ.

5.19.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дугаартайгаа шилжих үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлж ажиллана.

5.20.Орох дуудлагын хувьд ОУЦХБ-ын E.164[8]-ийн дагуу дуудлага эхлүүлсэн хэрэглэгчийн дугаарыг дуудлага хүлээн авч буй хэрэглэгч дээр харуулдаг (CLI- Calling line identification) байна.

ЗУРГАА.ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМ

6.1.Төлбөр тооцооны систем нь эхний минутыг бүрэн ба бүрэн бус 1 минут, 2 дахь минутаас эхлэн секундын нарийвчлалтайгаар төлбөрийг тооцох боломжтой байна.

6.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчийн төлбөр тооцооны мэдээллийг 1 жилээс доошгүй хугацаагаар хадгалах техникийн болон программ хангамжийн боломжийг бүрдүүлнэ.

6.3.Хэрэглэгчийн хүсэлтээр үйлчилгээний дэлгэрэнгүй төлбөр тооцооны баримтыг тухайн хугацаанд болон нөхөн гаргаж өгөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

6.4.Төлбөр тооцооны систем нь Монгол Улсад байрладаг байх ба дараах мэдээллийг заавал боловсруулдаг байна. Үүнд:

6.4.1.ай пи хаяг /Интернэт холболттой бол/;

6.4.2.дуудсан хэрэглэгчийн дугаар /originating/;

6.4.3.ярианы үргэлжилсэн хугацаа;

6.4.4.хувиргалт хийсэн дугаар;

6.4.5.үүрэн сүлжээний хувьд дуудлага хийсэн болон хүлээн авсан байршил /BTS/.

ДОЛОО.ДУГААРЛАЛТ

7.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дугаарлалтын төлөвлөгөөний дагуу хуваарилсан дугаарыг ашиглах, түүнд нийцүүлэн өөрийн үйлчилгээнд хуваарилах дугаарлалтын төлөвлөгөөг батлан мөрдөх бөгөөд зохицуулах хорооноос хуваарилснаас өөр дугаарлалт үүсгэж, ашиглахгүй.

7.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь улс хоорондын ярианы үйлчилгээг эрхлэхдээ дугаарлалтын төлөвлөгөөний дагуу хуваарилагдсан олон улсын ярианы угтвар дугааруудыг ашиглана. Үүнд:

7.2.1.энэхүү нөхцөл, шаардлагын 9.1-т заасан чанарын шаардлагыг хангаж, бусад улсын цахилгаан холбооны үйлчлэгчийн сүлжээгээр (international carrier) дамжуулан TDM холболтоор холбогдож байгаа тохиолдолд дугаарлалтын төлөвлөгөөний 3.2.1-т заасан олон улсын ярианы үйлчилгээний гарцын угтвар дугаар болох “00х”-г ашиглах;

7.2.2.энэхүү нөхцөл шаардлагыг 9.2-т заасан чанарын шаардлагыг хангаж, бусад улсын цахилгаан холбооны үйлчлэгчийн сүлжээгээр (international carrier) дамжуулан холбогдож байгаа тохиолдолд дугаарлалтын төлөвлөгөөний 3.3.4-т заасан “16хх” гэсэн тусгай дугаарыг ашиглах.

7.3.Шинээр дугаар хүсэх, өөрчлөлт оруулах зэрэг дугаартай холбоотой бусад асуудлыг Зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам” болон дугаар ашиглалтын гэрээгээр зохицуулна.

7.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь интернэт протоколд суурилсан телефон ярианы үйлчилгээ эрхэлж байгаа бол уг үйлчилгээнд ашиглаж байгаа АйПи хаягийг хамрах хүрээ (улс хоорондын болон хот, хот хоорондын) тус бүрээр нь Зохицуулах хороонд бүртгүүлнэ.

7.5.Интернэт протоколд суурилсан телефон ярианы үйлчилгээ эрхлэгчийн хувьд улс хоорондын болон хот, хот хоорондын интернэт протоколд суурилсан телефон ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хамтад нь эзэмшдэг бол үйлчилгээ тус бүрд тусдаа АйПи хаяг ашиглана.

НАЙМ.ХЭРЭГЛЭГЧИД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

8.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгч, үйлчлүүлэгчид өөрийн үйлчилгээний нөхцөл шаардлага, гэрээ, үнэ тарифын талаарх мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр боловсруулах, танилцуулах, вэб хуудсаараа дамжуулан мэдээллэх, үйлчилгээний байрандаа байршуулах шаардлагыг хангаж ажиллана.

8.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчийн төхөөрөмж нь чанартай, хүртээмжтэй байх нөхцөлийг хангах ба олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын баталгаажуулалтын гэрчилгээтэй байна.

8.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь стандартын шаардлага хангахгүй төгсгөлийн төхөөрөмжийг холбож, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.

8.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчийн төхөөрөмж болон бусад дагалдах хэрэгслийг борлуулах, засвар үйлчилгээ үзүүлэх цэг ажиллуулах эрхтэй бөгөөд ашиглалтын заавар зөвлөмж, мэдээллээр хэрэглэгчийг тогтмол хангаж ажиллана.

8.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх журамтай байх ба өргөдөл, гомдлыг түргэн шуурхай, үл ялгаварлах зарчим баримталж шийдвэрлэнэ.

8.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчтэй гэрээ байгуулахдаа хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх , хэт нэг талыг барьсан зохицуулалт тусгахаас зайлсхийж, эрх тэгш, шударга байх, гэрээний чөлөөт байдлын зарчмыг баримтална.

8.7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэмтэл саатлын талаарх хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх, үйлчилгээний талаарх мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор дуудлагын төвийг ажиллуулж, байгууллагын хаяг, холбоо барих утасны дугаар, цахим хуудасны талаарх мэдээллээ олон нийтэд ил тод мэдээлнэ. Өргөдөл, гомдолд төрөлжүүлэн дүн шинжилгээ хийж, архивлан хадгална.

8.8.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчилгээний болон дуудлагын төвийг ажиллуулахдаа үйлчилгээний ажлын байр, ажилтанд тавих болон дуудлагын төвийн үйл ажиллагаанд тавигдах стандарт, шаардлагыг хангана.

8.9.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйлчилгээний техник, технологийн шинэчлэл хийх, урьдчилан сэргийлэх үзлэг, үйлчилгээ хийх зэрэг тохиолдолд хэрэглэгчид урьдчилан мэдэгдэнэ.

8.10.Давагдашгүй хүчин зүйл болон онцгой нөхцөл байдлын улмаас үйлчилгээ үзүүлэх боломжгүй болох, тусгай зөвшөөрөл нь дуусгавар болох, түдгэлзэх, хүчингүй болох эсхүл дампуурах зэрэг тохиолдолд хэрэглэгчийг хохироохгүй байх арга хэмжээг авах, энэ талаарх харилцааг үйлчилгээний журам, нөхцөл шаардлагадаа заавал тусгасан байна.

8.11.Хэрэв хэрэглэгч өөр сүлжээнд шилжих бол дугаартайгаа шилжих техникийн боломжийг бүрдүүлж, холбогдох журмыг мөрдөж ажиллана. Уг журамд хэрэглэгчийн хүсэлтээр энэхүү нөхцөл шаардлагын 6.2-т заасан хугацаааны үед биллийг нь гаргах үйлчилгээний үнийг тухайн үйлчилгээг үзүүлэхэд гарч буй өртөг, зардалд үндэслэн тогтоох талаар заавал тусгана.

8.12.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйлчилгээний үнэ тарифыг үйлчилгээ тус бүрээр хэрэглэгчид ойлгомжтой байдлаар нээлттэй, ил тод мэдээлж, төлбөр тооцоотой холбоотой дэлгэрэнгүй зөвлөмж, зааварчилгаа, тайлбараар хэрэглэгчийг хангаж ажиллана.

8.13.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгч олон улсын роүминг үйлчилгээ авсан бол гадаад улсад очмогц нь тухайн улсад үйлчлэх роүмингийн үйлчилгээний үнэ тарифыг хэрэглэгчид мессежээр мэдээлнэ. Мөн ямар үйлчилгээг идэвхижүүлсэн, төлбөрөө хэрхэн хянах болон лавлагаа авах, мэдээлэл авах утас, мессеж, вэб хуудасны талаарх мэдээллээр хангана.

8.14.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь улс хоорондын гарах ярианы үйлчилгээний үнэ тариф, ярианы алхам зэрэг мэдээллийг онлайн болон хэвлэмэл хэлбэрээр эсхүл автомат хариулагчаар хэрэглэгчид ойлгомжтой хэлбэрээр үнэн зөв мэдээлнэ.

8.15.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үндсэн үйлчилгээ (улс хоорондын ярианы үйлчилгээнээс бусад)-ний үнэ тариф болон үндсэн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн нэмэлт, өөрчлөлт оруулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэнэ.

8.16.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчийн хүсэлтийн дагуу телемаркетинг, телехудалдаа зэрэг үйлчилгээний чиглэлээр спам дуудлага, мессежийг хязгаарлах боломжоор хангана.

ЕС.ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР

9.1.Энэхүү нөхцөл, шаардлагын 2 дугаар зүйлийн 2.1.1-ээр тодорхойлсон “Түвшин 1”-д хамаарах үйлчилгээ эрхлэгч нь Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагын G.729, G.728[9], G.711 зөвлөмжүүдэд заасны дагуу нэг ярианы сувгийн эзлэх багтаамж нь 8-64kbps байхаар чанарын үзүүлэлтийг хангаж ажиллана.

9.2.Энэхүү нөхцөл, шаардлагын 2 дугаар зүйлийн 2.1.2-оор тодорхойлсон “Түвшин 2”-т хамаарах үйлчилгээ эрхлэгч нь хамгийн багадаа олон улсын цахилгаан холбооны байгууллагын G.726 зөвлөмжид заасны дагуу нэг ярианы сувгийн эзлэх багтаамж нь 5.3-6.3kbps байх чанарын үзүүлэлтийг хангаж ажиллана.

9.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах протоколуудыг дэмжиж ажиллах ба байнгын тасралтгүй үйл ажиллагааг хангах үүднээс тогтмол хяналт хийдэг байна.

9.3.1.олон улсын цахилгаан холбооны байгууллагын ITU-T H.323[10] ба SIP протоколуудыг дэмжиж ажилладаг байх, ITU-T G.723.1[11], ITU-T G.729[12] дууны кодчиллуудын бүх хувилбаруудыг үйлдвэрлэгчээс үл хамааран хангадаг байх ба G.711[13] болон G.726[14], G.729 хувиргалтуудыг /transcoding/ харилцан хийдэг байх;

9.3.2.өөрийн үйлчилгээний сүлжээний дохиололд олон улсын цахилгаан холбооны байгууллагын ITU Т.38[15], Т.37[16] протокол стандартуудыг бүрэн дэмжиж, факс хүлээн авч дамжуулах боломжтой байх.

АРАВ.ГАМШГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД АЖИЛЛАХ ЗАРЧИМ

10.1.Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг мэдээлэл, харилцаа холбооны улсын албаны төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулна.[17] Төлөвлөгөөнд дараах арга ажиллагааг хэрхэн зохион байгуулах тухай багтаасан байна.

10.1.1.нөөц сүлжээг зохион байгуулах, өөрийн сүлжээг сэргээх;

10.1.2.холбогдох төрийн албанд сүлжээгээ ашиглуулах.

 

– о О о –



[1] MNS ITU-T R Q.9:2004 стандарт. Цахилгаан холбоо – Тайлбар толь. Холболтын ба дохиолол

[2] MNS ITU-T R E.600:2004 стандарт. Цахилгаан холбоо – Тайлбар толь. Ачаалал

[3] Энэхүү нөхцөл шаардлагын Түвшин 1-д хамаарах үйлчилгээ эрхлэгчид нь ОУЦХБ-ын G.729, G.728, G.711 зөвлөмжид заасны дагуу нэг ярианы сувгийн эзлэх багтаамж нь 8-64kbps байхаар чанарын үзүүлэлтийг хангаж ажиллана.  

[4]Энэхүү нөхцөл шаардлагын Түвшин 2-т хамаарах үйлчилгээ эрхлэгчид нь хамгийн багадаа ОУЦХБ-ын G.723 зөвлөмжид заасны дагуу нэг ярианы сувгийн эзлэх багтаамж нь 5.3–6.3kbps байх чанарын үзүүлэлтийг хангаж ажиллана. 

[5] Recommendation ITU-T D.103 – Charging in automatic service for calls terminating on special services for suspended, cancelled or transferred subscribers

[6] Recommendation ITU-T G.703 – Physical/electrical characteristics of hierarchical digital interfaces

[7] Recommendation ITU-T E.352 – Routing guidelines for efficient routing methods

[8] Recommendation ITU-T E.164 – The international public telecommunication numbering plan

[9] Recommendation ITU-T G.728 – Coding of speech at 16 kbit/s using low-delay code excited linear prediction

[10] Recommendation ITU-T H.323 – Packet-based multimedia communications systems

[11] Recommendation ITU-T G.723.1 – Dual rate speech coder for multimedia communications transmitting at 5.3 and 6.3 kbit/s

[12] Recommendation ITU-T G.729 – Coding of speech at 8 kbit/s using conjugate-structure algebraic-code-excited liner production (CS-ACELP)

[13] Recommendation ITU-T G.711 – Pulse code modulation of voice frequencies

[14] Recommendation ITU-T G.726 – 40, 32, 24, 16 kbit/s adaptive differential pulse code modulation (ADPCM)

[15] Recommendation ITU-T T.38 – Procedures for real-time Group 3 facsimile communications over IP networks

[16] Recommendation ITU-T T.37 – Procedures for the transfer of facsimile data via store-and-forward on the Internet

[17] Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11, 27 –р зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 23-р зүйл