A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн

23 дугаар тогтоолын 2 хавсралт

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

(Интернэтийн үйлчилгээнд)

НЭГ.ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

1.1.Энэхүү нөхцөл, шаардлага нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн интернэтийн үйлчилгээ (цаашид “интернэтийн үйлчилгээ” гэх) эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг тогтооно.

1.2.Интернэтийн үйлчилгээ эрхлэх өргөдөл гаргагч болон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын хууль тогтоомж, бодлого, шийдвэр, Монгол Улсын үндэсний стандарт, норматив баримт бичиг болон Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх)-ноос баталсан журам, энэхүү нөхцөл, шаардлага болон энэхүү баримт бичгийн хүрээнд гаргасан Зохицуулах хорооны холбогдох шийдвэрийг дагаж мөрдөнө.

1.3.Интернэтийн үйлчилгээ эрхлэх өргөдөл гаргагч нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байна.

1.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь интернэтийн урсгалыг Харилцаа холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг мэдээлэл холбооны сүлжээ төрлөөр улс хоорондын хамрах хүрээтэйгээр (цаашид “сүлжээний тусгай зөвшөөрөл” гэх) авсан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс түрээсэлнэ.

1.5.Үүрэн холбооны үйлчлэгч нь дараа үеийн хөдөлгөөнт үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд интернэтийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд энэхүү нөхцөл шаардлагыг мөрдөж ажиллана.

1.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь интернэтийн үйлчилгээ хүргэхээр төлөвлөсөн байр, байршилд хэрэглэгчийн сонголтыг нээлттэй байлгах ба зөвхөн өөрийн үйлчилгээг ашиглуулахын тулд бусад үйлчилгээ эрхлэгчдэд хаалт, саад учруулахгүй байх үүргийг хүлээнэ.

1.7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь интернэтийн үйлчилгээ эрхлэхтэй холбоотой техник, тоног төхөөрөмжийн суурилуулалт, ашиглалт үйлчилгээ, тухайн чиглэлийн үйлчилгээний талаар мэдлэг туршлага бүхий мэргэжлийн хүний нөөцтэй байна.

1.8.Өргөдөл гаргагч нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргахдаа ирүүлсэн интернэтийн үйлчилгээ эхлүүлэх болон үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баримтална. Уг төлөвлөгөө нь явцын дунд өөрчлөгдөж болох бөгөөд хэрэв өөрчлөгдсөн тохиолдолд Зохицуулах хороонд тухай бүр албан бичгээр мэдэгдэнэ.

ХОЁР.ТЕХНИКИЙН ҮНДСЭН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА, АШИГЛАЛТ

2.1.Интернэтийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл:

2.1.1.Интернэтийн үйлчилгээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор сүлжээний удирдлага, хяналтын нэгдсэн системтэй байна.

2.1.2.Интернэтийн үйлчилгээний чанар, стандарт болон норматив шаардлагыг ханган ажиллах зорилгын хүрээнд техник, тоног төхөөрөмжид байнгын хэмжилт, тогтмол хяналт хийх хэмжүүрийн багаж, хэрэгсэл эсхүл програм хангамжаар хангагдсан байна.

2.1.3.Техникийн өрөө нь тухайн техник, тоног төхөөрөмжийн техникийн нөхцөлд заагдсан орчны стандарт шаардлага (температур, чийгшил, агааржуулалт г.м)-ыг хангасан байна.

2.1.4.Үндсэн техник, тоног төхөөрөмжийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор цахилгааны хоёроос доошгүй эх үүсвэрт холбогдсон байх бөгөөд нөөц зай тэжээлийн нөөц эх үүсвэр (генератор, салхи болон нарны зай тэжээл гэх мэт)-ийг зохион байгуулсан байна.

2.1.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ерөнхий инженертэй байх бөгөөд мэдээлэл, холбооны зөвлөх инженер (Мэдээллийн сүлжээ, Мэдээллийн системийн аюулгүй байдал, Программ хангамж, мэдээллийн систем, Дамжуулах байгууламж, нягтруулгын систем)-ийн зэрэг буюу түүнтэй дүйцэхүйц олон улсын зэрэгтэй байна.

2.16.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн чиглэлийн ажлыг гардан гүйцэтгэж байсан туршлагатай 3 ба түүнээс дээш инженертэй байх ба аль нэг инженер нь мэдээлэл, холбооны мэргэшсэн (Мэдээллийн сүлжээ, Мэдээллийн системийн аюулгүй байдал, Программ хангамж, мэдээллийн систем, Дамжуулах байгууламж, нягтруулгын систем) зэрэгтэй буюу түүнтэй дүйцэхүйц олон улсын зэрэгтэй байна.

2.2.Интернэтийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага:

2.2.1.Хяналтын нэгдсэн системийн мэдээллийг 6 сараас доошгүй хугацаагаар архивлан хадгална.

2.2.2.Техникийн үзлэг, хэмжилтийг тогтсон хуваарийн дагуу тогтмол хийх, хэмжилтийн үр дүнг бүртгэлжүүлнэ. Үзлэг, хэмжилтийг хийх журам, заавар, технологийн картыг боловсруулан үйл ажиллагаандаа мөрдөнө.

2.2.3.Техник, тоног төхөөрөмж, дамжуулах трактын нэгдсэн схемийг нарийвчлан гаргасан байна.

2.2.4.Нийт хэрэглэгчийн интернэт урсгалын хэрэглээний хэмжээг 10-аас доошгүй хувийн нөөцтэй байхаар тооцож сүлжээний тусгай зөвшөөрөл эзэмшигчээс түрээсэлнэ. Интернэтийн урсгалын хэрэглээний хэмжээ нөөцөөс хэтэрсэн тохиолдолд урсгалын хэмжээг хангалттай хэмжээнд хүртэл нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллана.

2.2.5.АйПи хаягийн 4 болон 6-р хувилбарыг (IPv4,IPv6) хослуулан ашиглах (Dual-stack) техникийн боломжийг бүрдүүлсэн байна. Хэрэглэгчийн төхөөрөмжийг АйПи хаягийн 6 дугаар хувилбарыг (IPv6) дэмжин ажилладаг төхөөрөмжөөр шинэчлэх ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ.

2.3.Интернэтийн үйлчилгээний техникийн ашиглалт:

2.3.1.Техник, тоног төхөөрөмж шинээр суурилуулах, өргөтгөх, шилжүүлэх, технологийн шинэчлэл нь хэрэглэгчийн үйлчилгээнд сөргөөр нөлөөлөхөөр бол авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Зохицуулах хороо болон хэрэглэгчдэд урдьчилан мэдээлнэ.

2.3.2.Технологийн карт гэж техник, тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгах, хэмжих эсхүл гэмтэл саатлыг хянах, арга хэмжээ авах, хэрэглэгчийн гомдол, саналыг шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааг инженер техникийн ажилтан хэрхэн гүйцэтгэх заавар, дарааллыг тогтоосон баримт бичгийг ойлгоно.

2.3.3.Үндсэн болон нөөц техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг тогтмол хугацаанд хэмжих, шалгах, тухайн техник, тоног төхөөрөмжийн гадна талд тэмдэглэгээ хийх, бүртгэл хөтөлнө.

2.3.4.Гадаад гарцын сүлжээнд гэмтэл саатал гарах үед авах арга хэмжээг тодорхойлсон, тэдгээрийг хэрэгжүүлэх, шийдвэрлэх техникийн боломжийг бүрдүүлсэн байна.

2.3.5.Үндсэн серверүүд (DNS, PPPoE биллинг)-ийг кибер халдлагаас хамгаалах, хэрхэн хамгаалагдаж байгаа талаар үзлэг шалгалтыг батлагдсан хуваарийн дагуу тогтмол хийж, протокол тэмдэглэл хөтөлдөг байна. Кибер халдлагын талаарх мэдээллүүдийг ангилж хагас жил тутам Зохицуулах хороонд хүргүүлнэ.

2.3.6.Интернэтийн порт (TCP,UDP)-ыг интернэтийн дугаар олгох байгууллага (IANA)-аас албан ёсоор тогтоон хуваарилсан жагсаалтыг баримтлан нээлттэй байлгана. Харин бусад албан бус портын дугаарыг нээлттэй байлгах тохиолдолд үйлчилгээгээр тусад нь ангилан хэрэглэгчдэд санал болгоно.

2.4.Интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь коллектор сервертэй байх ба уг серверээс шаардлагатай мэдээллүүдийг авах боломжоор Зохицуулах хороог хангана.

2.5.Үйлчилгээний чанарт хяналт тавих, бусад холбогдох хууль тогтоомжийг (Хүүхэд хамгааллын тухай хууль, Өгөгдөл хамгаалах хууль, Мэдээллийн аюулгүй байдлын хууль гм) хэрэгжүүлэх ажлын хүрээнд Зохицуулах хорооноос баталгаажуулсан төхөөрөмжийг үйлчилгээ эрхлэгч өөрийн сүлжээнд холбох, шаардлагатай мэдээллүүдийг авах боломжоор Зохицуулах хороог хангана.

2.6.Интернэтийн үйлчилгээнд гадаад АйПи (IP) хаягийг хамгийн ихдээ 20 хэрэглэгчийн дунд нэг байхаар зохион байгуулна.

2.7.Хэрэглэгчийн интернэт үйлчилгээнд АйПи (IP) хаягийн хувиргалт (NAT) ашиглах тохиолдолд хэрэглэгчийн нэг удаагийн холболт дахь бүх хандалт нэг гадаад АйПи (IP) хаягаар дамжигдсан байх боломжийг бүрдүүлэх бөгөөд харгалзах /гадаад, дотоод/ хаягуудын мэдээллийг нэг жилийн хугацаанд хадгалнa.

2.8.Хөдөлгөөнт интернэтийн үйлчилгээ (Үүрэн холбооны үйлчилгээ 3G, 4G-LTE, утасгүй интернэтийн үйлчилгээ WiFi, WiMax гэх мэт)-нд энэхүү нөхцөл шаардлагын 2.7, 2.8, 6.2 дахь заалт хамаарахгүй.

ГУРАВ.СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОХ ЕРӨНХИЙ ЗАРЧИМ

3.1.Интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь сүлжээнд холбогдохдоо Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 22 дугаар зүйл болон Зохицуулах хорооноос баталсан холбогдох журмыг баримталж, гэрээ байгуулан ажиллана.

3.2.Интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хорооноос шаардсаны дагуу өөрийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх сүлжээний төлөвлөлт, бүтэц, архитектур, бусад үйлчилгээний сүлжээ, системтэй холбогдсон байдал, техникийн үзүүлэлт, үйл ажиллагааны зарчмын талаарх тайлан мэдээллийг жил тутам ирүүлнэ.

3.3.Үйлчилгээний чанарыг сайжруулах, сүлжээн болон үйлчилгээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь төрөөс зохион байгуулсан “Интернэтийн дундын холболт”-ын төвтэй (layer2) холболт үүсгэнэ.

3.4.Төрөөс зохион байгуулсан интернэтийн дундын холболтын төвөөр дамжиж буй хэрэглэгчийн урсгалд ямар нэгэн хязгаарлалт хийхгүй.

3.5.Зохицуулах хорооноос зохион байгуулсан сүлжээний цагийн нэгдсэн серверээр дамжуулан Монгол Улсын эталон цагтай холбогдоно.

3.6.Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчтэй холбогдож байгаа үндсэн замчлагч төхөөрөмж (router) нь хэрэглэгчийн интернэтийн үйлчилгээний чанарын шаардлагыг хангахуйц харилцан холболттой байна

3.7.Зохицуулах хороо нь интернэтийн үйлчилгээ эрхлэгчийн дараах шаардлагатай мэдээллүүдийг хагас жил тутам гаргуулж авна. Үүнд:

3.7.1.AПНИК (APNIC)-ээс авсан АйПи (IP) хаягийн блок болон ЭйЭс (AS) дугаар;

3.7.2.Үндсэн (DNS) домэйн нэрийн серверийн IP хаяг;

3.7.3.Бүсчлэн хуваасан АйПи (IP) хаягууд, тэдгээрт харгалзах хурд болон төхөөрөмжүүдийн мэдээлэл;

3.7.4.Эталон цагт холбогдсон байдал;

3.7.5.Кэйш (cache) серверүүдийн ашиглалтын мэдээлэл;

3.7.6.Бусад үйлчилгээ эрхлэгчидтэй хийсэн шууд холболтын (Peer-to-peer) мэдээлэл;

3.8.Интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үйлчилгээндээ дараах арга хэмжээг авч ажиллана. Үүнд:

3.8.1.Зохицуулах хорооноос зарласан зөрчилтэй домэйн нэр, АйПи хаяг болон URL-г өөрийн серверээр дамжуулан интернэтэд холбохгүй байх;

3.8.2.Төрийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудад интернэтийн үйлчилгээг хүргэхдээ насанд хүрэгчдэд зориулсан веб сайтыг хаах;

3.8.3.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасны дагуу интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь насанд хүрэгчдэд зориулсан контент (+18)-д хандах хандалтыг хязгаарлах (системийн эсвэл програм хангамжийн) үйлчилгээтэй байна. Энэхүү үйлчилгээг хэрэглэгчийн гэрээ болон өөрийн веб сайтаар дамжуулан иргэдэд санал болгож мэдээлэх;

3.8.4.Холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу Зохицуулах хорооноос зарласан Монгол Улсын хууль зөрчсөн веб сайт, контент, мобайл аппликэйшнийг өөрийн сүлжээгээр дамжуулан интернэтэд холбохгүй байх;

3.8.5.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг агуулгатай контентийг хадгалсан, түгээсэн тохиолдолд Зохицуулах хорооноос шаардсаны дагуу тухайн контентийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах;

3.8.6.Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч нь домэйн нэрийн системүүд (Domain Name System) болон сүлжээний хамгаалалтын төхөөрөмжүүд (Firewall) дээрээ www.black-list.mn домэйн нэрд харгалзах IP хаягаас ирэх домэйн нэрийн асуулга хүсэлтийг зөвшөөрөх, хариулах боломжийг бүрдүүлэх.

3.9.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Улаанбаатар хотод 50 Mбит/сек, аймгийн төвд 10 Mбит/сек ба түүнээс дээш интернэтийн урсгалыг түрээсэлнэ. (Сум суурин газарт дээрх нөхцөл хамаарахгүй)

ДӨРӨВ.ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ТАРИФТ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ

4.1.Интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь тухайн үйлчилгээний зах зээлд шинээр үйл ажиллагаа эхлүүлэх, үндсэн үйлчилгээний үнэ тарифд өөрчлөлт оруулах тохиолдолд үйлчилгээний үнэ тарифын мэдээллийг холбогдох үндэслэл, тайлбарын хамт Зохицуулах хороонд ирүүлж, бүртгүүлнэ.

4.2.Интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь үйлчилгээний үнэ тарифаа Зохицуулах хорооноос баталсан аргачлалын дагуу тогтоож, олон нийтэд ил тод мэдээлнэ.

4.3.Интернэтийн үйлчилгээнд хямдрал зарлах төлөвлөгөөг жил бүрийн нэгдүгээр сард багтаан Зохицуулах хороонд ирүүлнэ.

4.4.Сүлжээнд холбогдох нөхцөл нь ил тод, үл ялгаварласан, эдийн засгийн бололцоог тооцсон өртөгт баримжаалсан үнэ тарифтай байна.

ТАВ.ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

5.1.Үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний нөхцөл, шаардлага, гэрээ, үнэ тарифын талаарх мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр боловсруулж, өөрийн веб сайт болон боломжит бусад сувгуудаар мэдээлнэ.

5.2.Хэрэглэгчийн төхөөрөмж нь Монгол Улсаас олон улс, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээрээр хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулалтын гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, аюулгүйн тэмдэгтэй байна.

5.3.Интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь стандартын шаардлага хангахгүй төгсгөлийн төхөөрөмжийг холбох, түүнийг ашиглан үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.

5.4.Хэрэглэгчийн төхөөрөмж болон бусад дагалдах хэрэгслийг борлуулах, засвар үйлчилгээ үзүүлэх цэг ажиллуулах ба ашиглалтын заавар зөвлөмж, мэдээллээр хэрэглэгчийг тогтмол хангаж ажиллана.

5.5.Хэрэглэгчээс интернэтийн үйлчилгээтэй холбоотой гомдол, санал (веб сайтаар дамжуулан) хүлээж авах, шийдвэрлэх журамтай байх ба гомдол маргааныг үл ялгаварлах, шуурхай байдлаар шийдвэрлэнэ.

5.6.Хэрэглэгчтэй гэрээ байгуулахдаа хэрэглэгчийн эрх ашгийг зөрчихгүй, хэт нэг талыг барихгүй, эрх тэгш, шударга байх зарчмыг баримтална.

5.7.Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйлчилгээ үзүүлэх боломжгүй болох, тусгай зөвшөөрөл нь дуусгавар болох, хүчингүй болох эсвэл дампуурах тохиолдолд хэрэглэгчийг хохироохгүй байх арга хэмжээг авах, энэ талаар үйлчилгээний журам, нөхцөл шаардлагадаа заавал тусгасан байна.

ЗУРГАА.ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР

6.1.Интернэтийн чанар, урсгалын хурдыг хянахад зориулж интернэтийн чанарыг шалгах арга зам, зөвлөмжийг өөрийн үйлчилгээний веб сайтад байршуулна.

6.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байршиж байгаа контентийн урсгал (веб, и_мэйл, файл хостинг, клоуд, видео стриминг, төрийн үйлчилгээ гэх мэт хэрэглээ)-д хурдны хязгаарлалтгүй холбох бөгөөд гадаад урсгалд хэрэглэгчтэй байгуулсан гэрээнд заасан хурдаар холбоно.

6.3.Үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор кэйш (cache) серверүүд байршуулсан тухай бүрд Зохицуулах хороонд мэдэгдэх, тэдгээрийн ашиглалтын мэдээллүүдийг хагас жил тутам Зохицуулах хороонд ирүүлнэ.

6.4.Зохицуулах хорооноос баталсан интернэтийн үйлчилгээний чанарыг тодорхойлох үзүүлэлтүүдийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.

6.5.Хэрэглэгчийн гэрээлсэн хурдны хэмжээ оргил ачааллын цагаар хамгийн багадаа 75 хувиас багагүй байхаар ачааллын хэмжээг тооцоолж, зохион байгуулна. Үйлчилгээний чанарт байнгын хяналт тавих боломжоор Зохицуулах хороог хангана.

ДОЛОО.БУСАД ЗҮЙЛ

7.1.Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг мэдээлэл, харилцаа холбооны улсын албаны төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулна[1].

 

– о О о –



[1] Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11, 27-р зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 23-р зүйл

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 143

Улаанбаатар хот

"ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА (ИНТЕРНЭТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД)"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1."Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага (Интернэтийн үйлчилгээнд)"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 23 тоот тогтоолын Хоёрдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ГИШҮҮД Ч.ЗОЛБАЯР

А.ЛУВСАН-ОЧИР

Н.МАНДАХБААТАР