A

A

A

  • Нүүр
  • Зөвлөл, хороо, бусад байгууллага
  • ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА (Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээнд) /Энэ хавсралтыг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 105 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./
Бүлэг: 1979

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2020 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн

23 дугаар тогтоолын 3 хавсралт

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

(Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээнд)

НЭГ.ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

1.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, Төрөөс харилцаа холбооны талаар баримтлах бодлого 2017-2025 он, Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх)-ноос баталсан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үндэсний стандарт, норматив баримт бичгүүд болон бусад холбогдох хууль, дүрэм, журмыг дагаж мөрдөнө.

1.2.Энэхүү тусгай зөвшөөрлийн хүрээнд хот суурин, барилга байгууламж хооронд харилцаа холбооны худаг, сувагчлал, шилэн болон зэс кабель шугам, агаарын шугам угсарч, суурилуулах, барилгын доторх холбооны сувагчлал, сүлжээ байгуулж, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, холболтын ажил үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрнө. Харин холбооны цамхаг байгуулж, түүн дээр харилцаа холбооны тоног төхөөрөмж угсарч суурилуулах ажил үйлчилгээ эрхлэх бол тусгай зөвшөөрөлд нэмэлт хийлгэнэ.

1.3.Зөвхөн барилгын дотор харилцаа холбооны сувагчлал, сүлжээ байгуулж, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, холболт хийх ажил үйлчилгээ эрхлэх тохиолдолд Харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу Зохицуулах хороонд бүртгүүлж, бүртгэлийн гэрчилгээ авна.

1.4.Цамхаг байгуулж, түүн дээр харилцаа холбооны тоног төхөөрмжийг угсарч, суурилуулах ажил гүйцэтгэх тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох ба ажил үйлчилгээг өргөжүүлж, кабель шугамын угсралт суурилуулалт хийх тохиолдолд тусгай зөвшөөрөлд нэмэлт хийлгэнэ.

1.5.Үйл ажиллагаагаа өргөжүүлэх, тусгай зөвшөөрөлд нэмэлт хийхэд Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх заалтад заасан зохицуулалтын үйлчилгээний хөлсөд мөн холбогдох нэмэлт, өөрчлөлт орно.

1.6.Цамхаг байгуулж, түүн дээр харилцаа холбооны тоног төхөөрмжийг угсарч, суурилуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд 30 хүртэлх метрийн өндөртэй цамхаг угсралтын ажил гүйцэтгэнэ. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасны дагуу 30 метрээс дээш цамхаг угсралтын ажил гүйцэтгэх бол барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл нэмж авах шаардлагатай.

1.7.Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3 дэх заалтыг үндэслэн тусгай зөвшөөрөл авснаас хойш 1 жилийн дотор үйл ажиллагаа эхлүүлсэн байх шаардлагатай.

ХОЁР.ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД ТАВИГДАХ НӨХЦӨЛ

2.1.Тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа, ажил үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай өөрийн эзэмшлийн болон гэрээний нөхцлөөр ашиглах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг талаарх нотлох баримт, гэрээг тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргаж ирүүлнэ. 2.2.Тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн иж бүрдэл нь энэхүү нөхцөл, шаардлагын 6 дугаар зүйлд тусгасан нөхцөл шаардлагыг хангана.

2.3.Тусгай зөвшөөрлийн хүрээнд гүйцэтгэх ажлыг хариуцан ахлаж ажиллах ерөнхий инженертэй байх бөгөөд ерөнхий инженер нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэгтэй эсвэл түүнтэй дүйцэхүйц олон улсын болон бусад салбарын зэрэгтэй байна.

2.4.Тусгай зөвшөөрлийн хүрээнд ажлыг гардан гүйцэтгэх харилцаа холбоо, мэдээллийн технологийн инженер, кабельчдаас бүрдсэн 2 болон түүнээс дээш үндсэн ажилтантай байх бөгөөд холбогдох мэргэжлийн сургалтад хамрагдаж сертификат авсан байна.

2.5.Тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргагч нь тухайн үйл ажиллагааны чиглэлээр гэрээт ажилтан авч ажлуулж болно.

2.6.Инженер техникийн ажилтнууд нь тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргасан чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх ба гүйцэтгэсэн ажлын акт, захиалагчийн тодорхойлолт зэргээр нотолсон мэдээллийг тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргасан байна.

ГУРАВ.ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

3.1.Тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэхдээ Зохицуулах хорооноос баталсан норматив баримт бичиг, холбогдох үндэсний стандартуудыг мөрдлөг болгож ажиллах үүрэг хүлээнэ.

3.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 2-р зүйлд заасан шаардлагыг хангасан байх ба инженер, техникийн ажилтнуудтай Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу гэрээ байгуулж, нийгмийн даатгал төлдөг байна.

3.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь инженер техникийн ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол сургалт, зөвлөгөө өгч тэмдэглэл үйлдсэн байна.

ДӨРӨВ.СТАНДАРТ ТЕХНОЛОГИЙН МӨРДӨЛТ

4.1.Тухайн ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхдээ олон улсын болон үндэсний стандартууд, норматив баримт бичгийг мөрдлөг болгож ажиллах үүрэгтэй.

4.2.Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын дотоод журмыг боловсруулж, мөрдөнө.

4.3.Угсралт суурилуулалтын ажил нь үндэсний стандарт, зураг төсөл, техникийн нөхцлийн дагуу хийгдэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих дотоод дүрэм, журмыг боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдөнө.

4.4.Энэхүү нөхцөл, шаардлагын 4.3-т заасан шаардлагад хяналт тавьсан протокол, акт, тайлан мэдээллийг архивлаж хадгалана.

4.5.Өөрийн үйл ажиллагааны чиглэлээр батлагдсан дүрэм, журам, үндэсний стандарт, норматив баримт бичгүүдийн санг үүсгэх, тухай бүр шинэчлэн баяжуулах, гарын авлага, үзүүлэн таниулах материал бэлтгэн ажилтнуудаа тогтмол сургалт мэдээллээр хангах арга хэмжээг авч ажиллана.

ТАВ.МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ, АРХИВЛАХ

5.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээллүүдийг 3-аас доошгүй жилийн хугацаатайгаар архивладаг байна.

5.1.1.Угсралт, суурилуулалтын ажилд хяналт тавьсан протокол, акт, тайлан мэдээлэл;

5.1.2.Ажилчидтай хийсэн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгал төлсөн баримт, тайлан мэдээ;

5.1.3.Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны заавар, зөвлөгөө өгсөн тэмдэглэгээ.

5.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Зохицуулах хороонд хагас жил тутамд тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан хугацаанд статистик тайлан мэдээллийг маягтын дагуу үнэн, зөв ирүүлнэ.

ЗУРГАА.ТЕХНИК, ХЭРЭГСЛИЙН ИЖ БҮРДЭЛД ТАВИГДАХ ҮНДСЭН НӨХЦӨЛ ШААРДЛАГУУД

6.1.Гадна холбооны угсралт суурилуулалт, засвар үйлчилгээний төрлийн тусгай зөвшөөрөл болон дотор холбооны угсралт, суурилуулалт, засвар үйлчилгээний бүртгэлийн гэрчилгээ авах этгээд дараах нөхцөлийг хангана.

6.1.1.Өөрийн эзэмшлийн техник хэрэгсэл:

6.1.2.1.Шилэн кабелийн залгааны машин;

6.1.2.2.Кабелийн ролик;

6.1.2.3.Хөдөлмөр аюулгүй байдлын хэрэгсэл;

6.1.2.4.Телешк;

6.1.2.5.Бүтүүмжлэл бүхий машин (шилэн кабелийн залгаа, муфьт хийхэд зориулагдсан).

6.1.2.Түрээсийн гэрээгээр ашиглаж болох техник, хэрэгсэл:

6.1.2.1.Цахилгаан үүсгүүр буюу мотор, дизель үүсгүүр;

6.1.2.2.Экскаватор, трактор, кран.

6.2.Цамхаг байгуулж, түүн дээр холбооны тоног төхөөрөмж угсарч, суурилуулах төрлийн тусгай зөвшөөрөл авах этгээд дараах нөхцөлийг хангана.

6.2.1.Өөрийн эзэмшлийн техник, хэрэгсэл:

6.2.1.1.Шилэн кабелийн залгааны машин;

6.2.1.2.Кабелийн ролик;

6.2.1.3.Хөдөлмөр аюулгүй байдлын хэрэгсэл;

6.2.1.4.Цахилгаан үүсгүүр буюу мотор, дизель үүсгүүр;

6.2.1.5.Телешк;

6.2.1.6.Бүтүүмжлэл бүхий машин (шилэн кабелийн залгаа, муфьт хийхэд ашиглах).

6.2.2.Түрээсийн гэрээгээр ашиглаж болох техник, хэрэгсэл:

6.2.2.1.Суурь миксер;

6.2.2.2.Хэв шахмал;

6.2.2.3.Вибратор;

6.2.2.4.Кран бүхий машин механизм;

6.2.2.5.Экскаватор.

– о О о –

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 105

Улаанбаатар хот

"ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ, ДЭД БҮТЦИЙН СУУРИЛУУЛАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1."Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2020 оны 23 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ГИШҮҮД Ч.ЗОЛБАЯР Ө.ЗОЛБАЯР А.ЛУВСАН-ОЧИР Н.Мандахбаатар А.ҮЙЛСТӨГӨЛДӨР