A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн

36 дугаар тогтоолын Хавсралт

Утасгүй холболтын технологид (WLAN) ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт,
баримтлах зохицуулалт, техникийн шаардлага

НЭГ.ЗОРИЛГО

1.1.Энэхүү баримт бичиг нь Дэлхийн радио холбооны их хурлаас баталсан Олон улсын радио холбооны дүрэм болон Монгол улсын “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт"-ийн заалтуудыг үндэслэн утасгүй холболтын технологийн WLAN[1], Wi-Fi төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасыг хуваарилах, түүнд баримтлах зохицуулалт, радио давтамжийг үр дүнтэй ашиглах техникийн шаардлага, нормативыг тогтооход оршино.

хоёр.радио давтамжийн зурвасын хуваарилалт, зохицуулалт

2.1.Утасгүй холболтын WLAN төхөөрөмжүүд нь Радио долгионы тухай хуулийн 14.1.3 дах заалтын дагуу IEEE[2]802.11 бүлгийн стандарт үзүүлэлтүүдийг хангасныг нотлох тохирлын гэрчилгээтэй байна.

2.2.Утасгүй холболтын төхөөрөмжүүдэд ашиглах радио давтамжийн 2.4 ГГц ба 5 ГГц-ийн зурвасын хуваарилалтыг Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт болон Олон улсын IEEE 802.11 бүлгийн стандартуудад тодорхойлогдсон зурвасын өргөнийг тусган зөөгч радио давтамжийг хуваарилах ба түүнд тавигдах техникийн шаардлага, нормативыг хангасан байна. Үүнд:

2.2.1.Радио давтамжийн 2.4 ГГц-ийн зурвасын хуваарилалт, техникийн шаардлага, нормативыг хавсралт 1;

2.2.2.Радио давтамжийн 5170-5250 МГц, 5250-5350 МГц, 5490-5730 МГц, 5735-5815 МГц зурвасын хуваарилалт, техникийн шаардлага, нормативыг хавсралт 2;

2.2.3.Радио давтамжийн 5150-5170 МГц, 5350-5490 МГц, 5815-5925 МГц-ийн зурвасын хуваарилалт, техникийн шаардлага, нормативыг хавсралт 3-т тус тус үзүүлсэн.

2.3.Утасгүй холболтын WLAN технологийн радио төхөөрөмжийн ашиглалт, зориулалтаас хамааруулан орон сууц, барилга байгууламжийн дотор ашиглалт болон гадна ашиглалт гэж ангилна.

2.4.Орон сууц, барилга байшингийн дотор суурилуулах станцууд нь энэхүү баримт бичгийн 2.1 заалтыг хангасан байх, радио төхөөрөмжийн хамрах хүрээ хамгийн ихдээ 50 метр байх ба нэмэлтээр өсгөлттэй антенн ашиглахгүй байна.

2.5.Гадна суурилуулах төхөөрөмжийн ашиглалт нь цэгээс-олон цэгт, цэгээс-цэгт холболттой байж болно. Радио станцууд нь гаралтын чадлын хяналт (TPC[3]), гадна холболтын өсгөлттэй антеннтай байх ба антенны өсгөлт нь 6дБ-ээс хэтрэхгүй байна.

2.6.Утасгүй холболтын WLAN технологийн радио төхөөрөмжийн сүлжээ хооронд харилцан нөлөөлөл үүссэн тохиолдолд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, төхөөрөмжийн тохиролын гэрчилгээтэй ашиглалт гэсэн дарааллаар харилцан нөлөөлөлийг шийдвэрлэнэ.

2.7.Радио давтамжийн 5170-5250 МГц, 5250-5350МГц, 5490-5730 МГц, 5735-5815 МГц-ийн зурваст радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгохдоо нэг байршилд зөөгч радио давтамж, IEEE 802.11 бүлгийн стандарт болон модуляцийн төрлийг давхцуулахгүйгээр радио давтамжийн хуваарилалт хийнэ.

2.8.Цэгээс-цэгт болон цэгээс-олон цэгт холболтонд ашиглах 5150-5170 МГц, 5350-5490 МГц, 5815-5995 МГц-ийн радио давтамжийн зурвасыг радио давтамж ашиглах эрхийн бичгээр ашиглана. Эдгээр зурваст цэгээс-цэгт холболтын үед антенны өсгөлт нь 6 дБ-ээс дээш өсгөлттэй антенн ашиглаж болно.

гурав.техникийн НӨХЦӨЛ шаардлага

3.1.Радио давтамжийн 2.4 ГГц ба 5 ГГц-ийн зурваст ажиллах нэг төхөөрөмж эсвэл нэг холболтын цэгийн (AP[4]) хамрах хүрээ нь хавсралт 1 ба 2-т заагдсан техникийн шаардлагад тодорхойлогдсон гаралтын чадал болон хамрах хүрээний хэмжээнээс хэтрэхгүй байна.

3.2.Үүрэн холбооны радио сүлжээний өгөгдөл дамжуулах aчаалалыг бууруулах болон хэрэглэгчдийг өндөр хурдны өгөгдөл дамжуулах сүлжээгээр хангах зорилгоор үүрэн холбооны сүлжээ орлох “WiFi Offload” технологийг нэвтрүүлж болно.

3.3.Үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчийн мэдээлэл, нууц үг, өгөгдлийн ачааллыг хамгаалах хангалттай арга хэмжээг авч хэрэгжүүлэх ба WEP/WPA, WPA2, WPA3 зэрэг утасгүй холболтын технологийн дэвшилтэт хамгаалалтын протоколыг хэрэгжүүлнэ.

3.4.Утасгүй холболтын технологийн радио станц нь гаралтын чадал хянах, зөөгч давтамжаа шилжүүлэх, шуугиан дарах болон туйлшрал, антенны диаграмм өөрчлөх зэрэг харилцан нөлөөллөөс сэргийлэх боломжтой байна.

3.5.Үйлчилгээний бүсийн хаана ч байрлах антенн нь газрын түвшингээс дээш 10 метр, байшингийн дээвэрт байрлах антенны өндөр нь дээврийн сууриас 6 метрээс хэтрэхгүй байна.

3.6.Утасгүй холболтын WLAN технологийн радио төхөөрөмжүүдэд бусад радио станц, ижил төрлийн үйлчилгээнд харилцан нөлөөлөл үзүүлэх аливаа өөрчлөлт хийхгүй ба зөвшөөрөлгүй зөөгч давтамжуудаа хаах боломжтой байна.

3.7.Радио давтамжийн харилцан нөлөөлөл үүссэн тохиолдолд дараах арга хэмжээг дэс дараалан авч хэрэгжүүлнэ. Үүнд:

3.7.1.антенны чиглэл, туйлшралыг өөрчлөх;

3.7.2.радио давтамж ашиглах зөвшөөрлийн хүрээнд үүрүүдийн зөөгч давтамжийг өөрчлөх;

3.7.3.антенны байршлыг өөрчлөх;

3.7.4.шуугиан хаах хамгаалалтыг сайжруулах;

3.7.5.чадлын хязгаарлалт тогтоох.

дөрөв.Хяналт ба бусад

4.1.Нийтийн хэрэглээнд ашиглах утасгүй холболтын WLAN технологийн радио төхөөрөмж нь олон улсад баталгаажсан, тохирлын гэрчилгээтэй эсэхийг Зохицуулах хороо хянана.

4.2.Энэхүү радио давтамжийн хуваарилалт, техникийн шаардлага, нормативын хэрэгжилтэд Зохицуулах хороо болон харилцаа холбооны хяналтын улсын байцаагч холбогдох хууль тогтоомжын дагуу хяналт тавьж ажиллана.

Тав.Ашигласан материал

утасгүй холболтын WLAN технологийн талаар баталсан дараах үндэсний болон олон улсын стандарт, шаардлагуудыг энэхүү баримт бичигт тусгасан болно. Үүнд:

  • Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргын 2016 оны А59 тоот тушаалаар баталсан “Үндэсний радио давтамжийн зурвасын хуваарилалтын хүснэгт”;
    • EN 300 328 “Радио давтамжийн 2.4 ГГц зурвасын цахилгаан соронзон зохицоо”-ны стандарт;
    • 802.11 “радио давтамжийн үсрэлттэй (FHSS[5]), эсвэл шууд дарааллын (DSSS-Direct Sequence Spread Spectrum) спектрийн өргөсөлттэй радио давтамжийн 2.4 ГГц-ийн зурваст 2-11 Мбит/сек дамжууллыг хийх утасгүй холболтын (WLAN) сүлжээ”-ний стандарт;
    • 802.11а “802.11 стандартын өргөтгөл стандарт бөгөөд 5 ГГц зурваст 54 Мбит/сек хүртэлх хурдтай дамжуулал хийх утасгүй холболтын (LAN) сүлжээ”-ний стандарт;
    • 802.11b (802.11 High Rate or Wi-Fi ) “802.11 стандартын өргөтгөл бөгөөд 2.4 ГГц-ийн зурваст 11 Мбит/сек–ийн дамжууллыг хангах” стандарт;
    • 802.11 g/n “Харьцангуй бага зайд үйлчлэх радио давтамжийн 2.4 ГГц-ийн зурваст 54/72,2 Мбит/сек хурдтай дамжууллыг хангах OFDM кодлолын схем”-ийг ашиглах стандарт;
    • 802.11n “ 802.11 стандартын өргөтгөл стандарт бөгөөд 5 ГГц зурваст 40 МГц зурвасын өргөнтэй үед ~150 Мбит/сек хүртэлх хурдтай дамжуулал хийх утасгүй холболтын (RLAN) сүлжээ”-ний стандарт;
    • 802.11ac “802.11 стандартын өргөтгөл стандарт бөгөөд 5 ГГц зурваст 160 МГц-ийн зурвасын өргөнтэй үед 866,7 Мбит/сек хүртэлх хурдтай дамжуулал хийх утасгүй холболтын (RLAN) сүлжээ”-ний стандарт.
    • 802.11ax “5 ГГц-ийн зурваст 2 Гбит/с-10 Гбит/с хүртэл хурдтай дамжуулах” дундаж хурд нь 3,2 Гбит/с. Өндөр хурдны өгөгдөл дамжуулах сүлжээний үр ашгийг 4 дахин нэмэгдүүлдэг. OFDMA ашиглах болсноор олон хэрэглэгчид нэгэн зэрэг дамжуулах боломжтой ба хэт ачаалал, хоцролтыг бууруулж, батерейны ашиглалтыг сайжруулна.

 

------ oOo --------



[1] Wireless Local Area Network.

[2] Institute of Electrical and Electronics Engineers  

[3] Transmit Power Control

[4] Access Point

[5] Frequency hopping spread spectrum