A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн

35 дугаар тогтоолын Хавсралт

ДОМЭЙН НЭРИЙГ БҮРТГЭХ, АШИГЛАХ ЖУРАМ

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэ журмаар Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14–д заасны дагуу домэйн нэрийг бүртгэх, ашиглахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

1.2.Домэйн нэрийг бүртгэх, сунгах, шилжүүлэх, сэргээх, түдгэлзүүлэх, цуцлах болон домэйн нэрийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхэд холбогдох хууль тогтоомж болон энэ журмыг дагаж мөрдөнө.

ХОЁР.БАРИМТЛАХ ЗАРЧИМ

2.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, нийтэд нээлттэй, ил тод байх, адил тэгш эрхтэйгээр түрүүлж мэдүүлсэн хүсэлтийг эхэлж бүртгэх, өмчлөгчийн эрхийг хүндэтгэх зарчмуудыг домэйн нэрийн бүртгэлийн үйл ажиллагаанд баримтална.

2.2.Домэйн нэрийн сан нь домэйн нэрийн мэдээлэл, бүртгэгчийн мэдээлэл, эзэмшигчийн мэдээлэл, серверийн мэдээлэл, АйПи(IP) хаяг, эзэмшлийн түүх, хөдөлгөөний мэдээллийг бүртгэж хадгалах систем бөгөөд домэйн нэрийг давхардуулан бүртгэх боломжгүй хэлбэрээр тохируулсан байна.

2.3.Домэйн нэрийн сангийн дараах мэдээлэл олон нийтэд ил тод байна.

2.3.1.домэйн нэр;

2.3.2.домэйн нэр эзэмшигчийн нэр, хаяг, утас, цахим шуудангийн хаяг;

2.3.3.серверийн нэр болон АйПи(IP) хаяг;

2.3.4.домэйн нэр бүртгэгчийн нэр, хаяг;

2.3.5.бүртгэл хийгдсэн болон өөрчлөлт оруулсан огноо, хүчинтэй хугацаа.

ГУРАВ.ДОМЭЙН НЭРИЙН БҮРДЭЛ, ТҮҮНД ТАВИХ ШААРДЛАГА

3.1.MN болон МОН өргөтгөлтэй домэйн нэр болон түүний дэд домэйн нэр /цаашид “Дэд домэйн нэр” гэх/-ийн иж бүрдэл нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн байна. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан.

3.2.MN домэйн нэр нь англи цагаан толгойн үсгийн A-Z ба a-z болон 0-9 хүртэлх цифр;МОН өргөтгөлтэй домэйн нэр нь монгол цагаан толгойн үсгийн А-Я ба а-я болон 0-9 хүртэлх цифр, “-” хашилтын тэмдэг зэрэг 3-аас доошгүй бөгөөд 63-аас илүүгүй, эхлэл болон төгсгөл нь үсэг, эсхүл тооноос бүрдсэн нийлмэл нэр байна. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан.

3.3.Дэд домэйн нэр нь англи цагаан толгойн үсгийн A-Z ба a-z болон 0-9 хүртэлх цифр; МОН өргөтгөлтэй домэйн нэр нь монгол цагаан толгойн үсгийн А-Я ба а-я болон 0-9 хүртэлх цифр, “-” хашилтын тэмдэг зэрэг 2-аас доошгүй бөгөөд 63-аас илүүгүй, эхлэл болон төгсгөл нь үсэг, эсхүл тооноос бүрдсэн нийлмэл нэр байна. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан.

3.4 хүн, хуулийн этгээд нь энэ журмын хавсралт 1-т зааснаас бусад дэд домэйн нэрийг үүсгэх тохиолдолд зөвхөн өөрийн дотоод үйл ажиллагаанд ашиглаж болно. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмсэн. 

ДӨРӨВ.ДОМЭЙН НЭРИЙГ БҮРТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

4.1.Монгол Улсад оршин суугаа хаяг, бүртгэлтэй хүн, хуулийн этгээд нь домэйн нэрийг эзэмших хүсэлтээ бүртгэгчид гаргана.

4.2.Домэйн нэрийг ашиглах үйл ажиллагааг дараах салбарын чиглэлээр ангилж бүртгэнэ.

4.2.1.цахим худалдаа;

4.2.2.цахим үйлчилгээ;

4.2.3.цахим тоглоом;

4.2.4.санхүүгийн үйлчилгээ;

4.2.5.мэдээ мэдээлэл;

4.2.6.танин мэдэхүй;

4.2.7.мультимедиа;

4.2.8.төрийн байгууллага;

4.2.9.төрийн бус байгууллага;

4.2.10.олон улсын байгууллага;

4.2.11.хувийн байгууллага;

4.2.12.мэргэжлийн холбоо;

4.2.13.бусад.

4.3.Монгол Улсад оршин суугаа хаяг, бүртгэлтэй хүн энэ журмын 4.2-т заасан хүсэлтэд дараах мэдээллийг ирүүлнэ.

4.3.1.овог, эцэг /эх/-ийн нэр, нэр;

4.3.2.төрсөн он сар өдөр;

4.3.3.регистрийн дугаар;

4.3.4.Монгол Улс дахь оршин суугаа хаяг;

4.3.5.цахим шуудангийн хаяг;

4.3.6.утасны дугаар.

4.4.Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд нь энэ журмын 4.2-т заасан хүсэлтэд дараах мэдээллийг ирүүлнэ.

4.4.1.байгууллагын нэр;

4.4.2.гүйцэтгэх захирлын овог, эцэг /эх/-ийн нэр, нэр;

4.4.3.байгууллагын албан ёсны хаяг, байршил;

4.4.4.байгууллагын улсын бүртгэлийн дугаар;

4.4.5.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

4.4.6.утас, факсын дугаар;

4.4.7.цахим шуудангийн хаяг.

4.5.Бүртгэгч нь домэйн нэрийг эзэмших хүсэлтийг хүлээн аваад дараах ажиллагааг явуулна:

4.5.1.энэ журмын 4.4, 4.5-д заасан мэдээлэл болон 3-р зүйлд заасан домэйн нэрийн иж бүрдлийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянах;

4.5.2.хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минут, секундийн дарааллаар домэйн нэрийн санд дугаарлан тэмдэглэж баталгаажуулах;

4.5.3.домэйн нэрийг ашиглах үйл ажиллагааны чиглэлийг энэ журмын 4.3-д заасан ангиллаар бүртгэх;

4.5.4.домэйн нэрийн санд төрийн мэдээлэл солилцооны “ХУР”, нэвтрэлт танилтын нэгдсэн “ДАН” системүүдээр бүртгэлийн мэдээллийг баталгаажуулж оруулах;

4.5.5.домэйн нэрийн эзэмших хугацааг хамгийн багадаа 1 жилээр байхаар 3 хоногт багтаан бүртгэх;

4.5.6.домэйн нэрийг бүртгэхээс татгалзсан бол тайлбарыг албан бичиг эсвэл цахим шуудангаар хүргүүлэх.

ТАВ.ДОМЭЙН НЭР ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

5.1.Домэйн нэр эзэмшигч /цаашид “Эзэмшигч” гэх/ нь дараах эрхтэй.

5.1.1.домэйн нэрийг бусдад шилжүүлэх, худалдах;

5.1.2.бүртгэлийг шинэчлэх, өөрчлөх тохиолдолд домэйн нэрийн эзэмшигчийн мэдээллийг үнэн зөв бүрэн мэдүүлэх.
5.1.3.бүртгэгчийг солих. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмсэн.
5.2.Домэйн нэр эзэмшигч нь дараах үүрэгтэй:

5.2.1.домэйн нэрийн санд энэ журмын 4.3, 4.4-д заасан бүртгэлийн мэдээллийг үнэн зөв бүрэн мэдүүлэх;

5.2.2.бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд 10 хоногт багтаан шинэчлэх хүсэлтээ Бүртгэгчид хүргүүлэх;

5.2.3.энэ журмын 4.3.5-д заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг дагаж мөрдөх;

5.2.4.Монгол Улсын хууль тогтоомж болон энэ журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх.

5.3.Домэйн нэр эзэмших эрхийг дор дурдсаны дагуу бусдад шилжүүлнэ:

5.3.1.эзэмшигч нь өөрийн хүсэлт эсхүл эрх шилжүүлэн авагчтай байгуулсан гэрээний дагуу домэйн нэр эзэмших эрхээ энэ журмын 4.2-д заасан хүн, хуулийн этгээдэд шилжүүлж болно;

5.3.2.бүртгэгч нь шилжүүлэх хүсэлтийг хүлээн аваад ажлын 3 хоногт багтаан шийдвэрлэж, энэ журмын 4.6-д заасны дагуу бүртгэх үйл ажиллагааг явуулна.

5.4.Домэйн нэр эзэмших эрхийг дор дурдсаны дагуу түдгэлзүүлж хандалтыг хязгаарлана:

5.4.1.энэ журмын 5.2-ыг зөрчсөн тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн мэдэгдлийн дагуу домэйн нэрийн эзэмших эрхийг түдгэлзүүлж хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээг Бүртгэгч авна;

5.4.2.энэ журмын 5.4.1-т заасан арга хэмжээний улмаас гарах эрсдэлийг Эзэмшигч хариуцна.

5.5.Домэйн нэр эзэмших хандалтыг дор дурдсаны дагуу сэргээнэ: Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмэлт оруулсан. 
5.5.1.энэ журмын 5.2-ыг заасан зөрчлийг арилгасан тохиолдолд зохицуулах хорооны мэдэгдлийн дагуу хандалтыг сэргээнэ; Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмэлт оруулсан. 

5.5.2.зөрчилтэй домэйн нэрийн хүчинтэй хугацаа дууссанаас хойш 6 сар өнгөрсөн тохиолдолд; Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмэлт оруулсан.

5.6. Домэйн нэр эзэмших эрх дараах үндэслэлээр дуусгавар болно:
5.6.1. энэ журмын 5.3-т заасны дагуу шилжүүлсэн бол;
5.6.2. эзэмшигч нь нас барсан бөгөөд эрх нь бусад этгээдэд шилжүүлээгүй бол;
5.6.3.хуулийн этгээд татан буугдсан бөгөөд эрх нь бусад этгээдэд шилжээгүй бол;

5.6.4.домэйн нэрийн эзэмшигчийн хугацаа дууссанаас 65 хоногийн хугацаа өнгөрсөн бол;

5.6.5.энэ журмын 5.2-д заасан зөрчлийг 30 хоногийн дотор арилгаагүй бол;

5.6.6.Гомдол, маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол.

ЗУРГАА.ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЧИГ ҮҮРЭГ

6.1.Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид “Зохицуулах хороо” гэх/ нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

6.1.1.энэ журмын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах;

6.1.2.домэйн нэр бүртгэх үйл ажиллагаа эрхлэх этгээдтэй хамтран ажиллах гэрээ байгуулах;

6.1.3.домэйн нэрийн бүртгэл, ашиглалттай холбоотой өргөдөл гомдлыг шийдвэрлэх;

6.1.4.домэйн нэрийн сангийн үйл ажиллагаанд хяналт тавих;

6.1.5.интернэт хаягийн хуваарилалт, төлөвлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэх;

6.1.6.энэ журмын 5.2 дугаар зүйлийг зөрчсөн домэйн нэрийн хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээ авах талаар мэдэгдэл хүргүүлэх;

6.1.7.өргөдөл гомдол шийдвэрлэхэд мэргэжлийн туслалцаа авах, мэргэжлийн тусгай мэдлэг бүхий этгээдийн нэрийн жагсаалт (цаашид “Зөвлөхийн нэрийн жагсаалт” гэх) гаргах, дүгнэлт гаргуулахаар ажлын хэсэг байгуулах;

6.1.8.Монгол Улсын төрийн үйл ажиллагаанд ашиглах, нутаг дэвсгэрийн нэгжийг илэрхийлэх эсвэл онцлох нэршил бүхий домэйн нэрийн жагсаалт /цаашид “Домэйн нэрийн нөөц” гэх/-ыг үүсгэх;

6.1.9.домэйн нэрийн гэрээт бүртгэгчид бүртгэлийн гэрчилгээ олгох, цуцлах, түдгэлзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих; Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмэлт оруулсан. 
6.1.10.Хууль тогтоомж болон энэхүү журмыг зөрчиж бүртгэсэн домэйн нэрийн анхны бүртгэл болон бүртгэлийн өөрчлөлтүүдийг хүчингүй болгох;

6.1.11.Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд домэйн нэрийн бүртгэлд өөрчлөлт оруулах, эрх шилжүүлэхийг хязгаарлах;

6.1.12.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

6.2.Энэ журмын 6.1.8-д заасан Домэйн нэрийн нөөцийн жагсаалтыг Зохицуулах хорооны албан ёсны цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлнэ.

ДОЛОО. ДОМЭЙН НЭРИЙН БҮРТГЭГЧ, ТҮҮНИЙ ЧИГ ҮҮРЭГ

7.1.Бүртгэгч нь дараах техникийн шаардлагыг хангасан байна:

7.1.1.хоёр болон түүнээс дээш интернэтийн үйлчилгээ эрхлэгчийн сүлжээнд тав  буюу түүнээс дээш домэйн нэрийн DNS серверийг байрлуулах; Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан.

7.1.2.Монгол Улсад байрлах .MN болон .МОН домэйн нэрийн бүртгэлийн өгөгдлийн сан, сервер системтэй байх;

7.1.3.энэ журмын 7.2.2-д заасан домэйн нэрийн өгөгдлийн сан, сервер нь Монгол Улсын үндэсний цахим мэдээллийн хадгалалт, хамгаалалт, боловсруулалтын үйлчилгээ эрхлэх үндсэн үүрэг бүхий улсын төсөвт үйлдвэрийн газарт байрлах;

7.1.4.Интернэтийн дундын холболтын төвд холбогдсон байх;

7.1.5.домэйн нэрийн бүртгэлийн болон төлбөр тооцооны өөрийн программ хангамжтай байх;

7.1.6.төрийн мэдээлэл солилцоо, нэвтрэлтийн танилтын системүүдээр домэйн нэрийг баталгаажуулах боломж бүрдүүлэх; Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан.
7.1.7.энэ журмын 7.1.2-т заасан сервер, системийн кибер болон биет аюулгүй байдлыг хангах. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмсэн. 

7.2.Бүртгэгч нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

7.2.1.энэ журамд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн Монгол Улсын MN болон МОН өргөтгөлтэй Домэйн нэрийн санг үүсгэж бүртгэл, ашиглалтыг хариуцна;

7.2.2.энэ журмын нэгдүгээр хавсралтад заасны дагуу MN өргөтгөлтэй домэйн нэрийг бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ;

7.2.3.холбогдох хууль тогтоомжын хүрээнд хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах; Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан. 
7.2.4.Энэ журмын 2.3-д заасан мэдээлэл болон 6.1.8-д заасан домэйн нэрийн нөөцийг олон нийтэд мэдээлнэ. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан.

7.3.Зохицуулах хорооны өмнө Бүртгэгч нь дараах үүрэг хүлээнэ:

7.3.1.зохицуулах хороонд Домэйн нэрийн санд цахим хэлбэрээр хандах, ашиглах эрх гаргаж өгнө;

7.3.2.зохицуулах хорооноос ирүүлсэн мэдэгдлийн дагуу домэйн нэрийн хандалтыг хязгаарлах, бүртгэлийг цуцлах, өөрчлөх, шилжүүлэх арга хэмжээ даруй авч, хариуг мэдэгдэнэ.

7.3.3.энэ журмын 6.1.8-д заасан домэйн нэрийг Зохицуулах хорооны зөвшөөрлийн дагуу олгоно;

7.3.4.зохицуулах хороонд домэйн нэрийн зохицуулалтад шаардлагатай мэдээллийг тухай бүр гаргаж өгнө.

7.4.Бүртгэгч нь Зохицуулах хорооны батлагдсан маягтын дагуу хагас жилийн статистик тайлан мэдээллээ тухайн оны 8 дугаар сарын 1-ний дотор, жилийн статистик тайлан мэдээллээ дараа оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор Зохицуулах хороонд хүргүүлнэ. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан.

7.5.Бүртгэгч нь өөрийн болон Гэрээт бүртгэгчийн үйл ажиллагаа, шийдвэрийн үр дагавар, бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцна.

НАЙМ.ГЭРЭЭТ БҮРТГЭГЧ, ТҮҮНИЙ ЧИГ ҮҮРЭГ

8.1.Бүртгэгч нь домэйн нэрийн бүртгэлийн үйлчилгээ эрхлэх тодорхой эрхийг гэрээний үндсэн дээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос бүртгэлийн гэрчилгээтэй хуулийн этгээдэд олгож болно. Бүртгэлийн үйлчилгээ эрхлэх ийм этгээдийг Гэрээт бүртгэгч гэж нэрлэнэ. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан. 

8.2.Гэрээт бүртгэгч нь домэйн нэрийг бүртгэх үйлчилгээнд энэ журам, Бүртгэгчтэй байгуулсан гэрээ болон дараах нөхцөл шаардлагыг дагаж мөрдөнө:

8.2.1.Зохицуулах хорооноос бүртгэлийн гэрчилгээ авах; Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмэлт оруулсан. 

8.2.2.Гэрээт бүртгэгч нь домэйн нэрийн бүртгэгчтэй гэрээ байгуулсан байх; 
Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмэлт оруулсан.

8.2.3.энэ журмын 2.3-д заасан мэдээлэл болон 6.1.8-д заасан домэйн нэрийн нөөцийг олон нийтэд мэдээлэх; Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан. 

8.2.4.зохицуулах хорооноос ирүүлсэн мэдэгдлийн дагуу холбогдох арга хэмжээг даруй авч, хариуг мэдэгдэх;

8.2.5.зохицуулах хороонд шаардлагатай мэдээллийг тухай бүр гаргаж өгөх;

8.2.6.домэйн нэрийн санд энэ журмын 4.3, 4.4-д заасан мэдээллүүдийг төрийн мэдээлэл солилцооны “ХУР”, нэвтрэлт танилтын нэгдсэн “ДАН” системүүдээр баталгаажуулж бүрэн оруулах;

8.2.7.бүртгэгчтэй байгуулсан гэрээний нөхцөлд нийцүүлэх эрх эдэлж, үүрэг хүлээх.

8.3.Гэрээт бүртгэгч нь домэйн нэрийн эзэмших хугацаа дуусахаас 45 хоногийн өмнөөс домэйн нэр эзэмшигчид мэдэгдэх, домэйн нэрийг эзэмших хугацаа дууссанаас хойш 65 хоногийн хугацаанд сэргээх боломжтой хадгалах үүрэг хүлээнэ. Домэйн нэрийг сэргээх хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан шийдвэрлэнэ.

8.4.Гэрээт бүртгэгч нь дараах техникийн шаардлагыг хангасан байна: Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмэлт оруулсан. 
8.4.1.интернетийн дундын холболтын төвд интернетийн үйлчилгээ эрхлэгчээр дамжуулан холбогдсон байх; Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмсэн.
8.4.2.төрийн мэдээлэл солилцоо, нэвтрэлтийн танилтын системүүдэд бүртгэгчээр дамжуулан холбогдох; Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмсэн.
8.4.3.энэ журмын 7.2.1-т заасан сервер, системд хандахдаа кибер болон биет аюулгүй байдлыг хангах. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан. 

8.5.Гэрээт бүртгэгч нь Зохицуулах хорооны батлагдсан маягтын дагуу хагас жилийн статистик тайлан мэдээллээ тухайн оны 8 дугаар сарын 1-ний дотор, жилийн статистик тайлан мэдээллээ дараа оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор Зохицуулах хороонд хүргүүлнэ. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмсэн. 


ЕС.ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ

9.1.Домэйн нэрийн бүртгэл, ашиглалттай холбоотой иргэд, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу Зохицуулах хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.

9.2.Өргөдөл хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын хууль тогтоомж болон энэ журмыг баримтална. Монгол Улсын хууль тогтоомж болон энэ журамд заагаагүй асуудлыг шийдвэрлэхдээ Олон улсын интернэтийн цахим нэр, тоон хаягжилтын корпорацын Домэйн нэрийн тухай маргааныг шийдвэрлэх бодлого /UDRP/-ын холбогдох хэсгийг баримталж болно. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан. 

9.3.Иргэн, хуулийн этгээд нь өргөдөл, гомдол гаргахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан.
9.3.1.Өргөдөл, гомдол гаргах болсон шалтгаан, нөхцөлийг агуулсан албан бичиг, өргөдөл; Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан.
9.3.2.Иргэний хувьд иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан.
9.3.3.Энэхүү журмын хавсралтад заасан маягтыг бөглөх; Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан.
9.3.4.Өргөдөл, гомдол гаргагчийн эрх, хууль ёс ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдөж байгаа талаарх баримт, материал; Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмэлт оруулсан.  
9.3.5.Маргаан бүхий домэйн нэрийг холбогдох хууль журам, гэрээний дагуу эзэмшдэг болон эзэмшиж байсан бол энэ талаарх баримт, материал. Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмэлт оруулсан. 

9.4. Зохицуулах хороо нь өргөдөл, гомдлыг хүлээн авч иж бүрдлийг шалгах бөгөөд энэхүү журмын 9.3-т заасан баримт бичиг дутуу тохиолдолд өргөдөл, гомдолд дурдсан хаягаар буцаана. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан.

9.4.1.тухайн өргөдөл, гомдолд хамаарах Бүртгэгч, Гэрээт бүртгэгч, Домэйн нэр эзэмшигч болон холбогдох бусад этгээдэд мэдэгдэж, 14 хоногийн дотор хариу тайлбар, мэдээлэл, баримт бичиг гаргуулж авна;

9.4.2.хамаарах этгээдээс тайлбар, мэдээлэл, баримт бичиг авсны дараа гомдлыг энэ журмын 9.1-д заасны дагуу шийдвэрлэх боломжтой гэж үзвэл Зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтанд гомдлыг хуваарилж шийдвэрлүүлэх арга хэмжээг авна.

9.5.Энэхүү журмын 9.4-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд Зохицуулах хорооны ажлын алба өргөдөл, гомдлыг хүлээн авч  өргөдөл, гомдолд хамаарах талуудад мэдэгдэж, холбогдох тайлбар, мэдээлэл, баримт бичгийг гаргуулан авна.Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан. 

9.6.Энэхүү журмын 9.5-д заасны дагуу өргөдөл, гомдолд хамаарах талууд нь мэдэгдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор холбогдох тайлбар, мэдээлэл, баримт бичгийг Зохицуулах хороонд ирүүлнэ. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан. 

9.7.Өргөдөл, гомдолд хамаарах талууд нь энэхүү журмын 9.6-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн тохиолдолд Зохицуулах хороо 1 удаа 7 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд заасан хугацаанд хариу ирүүлээгүй нь өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх үндэслэл болохгүй. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан.

9.8.Өргөдөл, гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл домэйн нэрийн эзэмшлийн мэдээлэлд өөрчлөлт оруулахыг хориглоно. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан.

9.9.Зохицуулах хорооны дарга шаардлагатай тохиолдолд маргаан бүхий асуудлаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий 3 гишүүний бүрэлдэхүүнтэй комиссыг томилон ажиллуулж болно. Ингэхдээ талуудын оролцоог хангах бөгөөд өргөдөл, гомдол гаргагч болон холбогдогч тал энэхүү журмын 6.1.8-д заасан жагсаалтаас тус бүр нэг гишүүн санал болгоно. Комиссын ахлагчийг мөн энэхүү жагсаалтаас сонгож Зохицуулах хорооны дарга томилно. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан.

9.10.Энэхүү журмын 9.9-д заасан талууд эсхүл талуудын аль нэг нь комиссын гишүүн санал болгоогүй тохиолдолд Зохицуулах хорооны дарга энэхүү журмын 6.1.8-д заасан жагсаалтаас тохиолдлын журмаар сонгож комиссын гишүүдийг бүрдүүлнэ. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан.

9.11.Комисс нь өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор маргаан бүхий асуудлаар хөндлөнгийн дүгнэлт гаргаж, хорооны хуралдаанд танилцуулна. Зохицуулах хороо нь дүгнэлтийг хүлээн авч энэхүү журмын 9.17-д заасан шийдвэрийн аль нэгийг гаргана. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан.

9.12.Комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд дүгнэлтээ олонхын саналаар гаргана.” гэж өөрчлөн найруулсугай. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор өөрчлөн найруулсан.

9.13.Комиссын гишүүн нь дараах тохиолдолд татгалзан гарах үүрэгтэй: Энэ хэсэгт Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмэлт оруулсан. 
9.13.1.өргөдөл гаргагч болон домэйн нэрийг эзэмшигч, эсхүл уг домэйн нэрийг бүртгэсэн бүртгэгч, гэрээт бүртгэгч, эсхүл тэдгээрийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй гэр бүл, төрөл садангийн болон бусад хувийн харилцаатай; Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмсэн. 
9.13.2.тухайн домэйн нэрийг бүртгэх ажиллагаанд оролцож байсан; Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмсэн. 
9.13.3.комиссын бүрэлдэхүүнд ажилласнаар ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй; 

Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмсэн.
9.13.4.дүгнэлтийг хараат бусаар гаргаж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмсэн.
9.14.Энэ журмын 9.13-т заасан нөхцөл байдал тогтоогдсон, эсхүл комиссын гишүүн өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд чөлөөлж, энэ журмын 9.8-д заасан журмын дагуу өөр гишүүнийг томилно. Шинэ гишүүн томилогдсон бол дүгнэлт гаргах хугацааг 14 хоногоор нэг удаа сунгаж болно.   Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмсэн.
9.15.Энэ журмын 9.9-д заасны дагуу комисс томилох шаардлагагүй тохиолдолд Зохицуулах хорооны тухайн асуудал хариуцсан нэгж хариу тайлбарыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор асуудлыг судалж, дүгнэлт бэлтгэнэ. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмсэн. 
9.16.Өргөдлийг Зохицуулах хорооны хуралдаанаар хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл өргөдөл гаргагч болон домэйн нэр эзэмшигчийг Зохицуулах хорооны хуралдаанд оролцуулж болно. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмсэн.
9.17.Зохицуулах хороо өргөдлийг хянан үзээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмсэн.
9.17.1.домэйн нэрийн бүртгэлийг цуцлах, шилжүүлэх; Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмсэн. 
9.17.2.өргөдлийг буцаах; Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмсэн.
9.17.3.нэмэлт ажиллагаа хийлгэхээр Ажлын албанд буцаах. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмсэн.
9.18.Зохицуулах хорооны шийдвэрийг өргөдөл гаргагч, домэйн нэрийн эзэмшигчид 7 хоногийн дотор албажуулж, цахим болон баталгаат шуудангаар хүргүүлнэ. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмсэн.
9.19.Өргөдөл гаргагч, домэйн нэр эзэмшигч нь Зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно. Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот тогтоолоор нэмсэн. 

АРАВ. БУСАД

10.1.Энэ журмыг зөрчсөн домэйн нэр эзэмшигч хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

--- о0о ---