- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ХОГ ХАЯГДЛЫН ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛАХ, МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Аймгийн Засаг даргын 2020 оны
А/497 дугаар захирамжийн хавсралт
ХОГ ХАЯГДЛЫН ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛАХ,
МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.“Хог хаягдлын тухай” хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, зохион байгуулах, хог хаягдлын хуулийг сурталчлах хог хаягдлын олон нийтийн байцаагч /цаашид “олон нийтийн байцаагч” гэх/ ажиллуулах, урамшуулал олгох, үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Журмын зорилго нь сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сумын нутаг дэвсгэрт хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулж хог хаягдлын чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах, биелэлтийг хангуулах, хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгуулахад оршино.
1.3.Олон нийтийн байцаагч нь сумын Засаг даргаас олгосон албаны үнэмлэхтэй байна.
1.4.Олон нийтийн байцаагч нь үйл ажиллагаандаа Хог хаягдлын тухай, Эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын болон Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын шийдвэр болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.
Хоёр.Олон нийтийн байцаагчид тавигдах шаардлага
2.1. 18 насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн байх,
2.2.Иргэдийн итгэл хүлээсэн, харилцааны соёлтой, хууль сурталчлах, зохион байгуулах, багаар ажиллах, шаардлага тавих, хариуцлага хүлээх чадвартай байх.
2.3.Сумын байнгын оршин суугч байх
2.4.Хүнд хууль ёсны шаардлага тавих чадвартай
2.5.Гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх
2.6.Ажлын ачлаалал даах, илүү цагаар ажиллах чадвартай байх
Гурав.Олон нийтийн байцаагчийг томилох, чөлөөлөх, ажиллах нөхцөлөөр хангах.
3.1.Уг журмын 2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан олон нийтийн байцаагчийг сумын Засаг дарга томилно.
3.2.Томилоход доорх бичиг баримтыг бүрдүүлж, сумын Засаг даргын тамгын газарт ирүүлнэ. Үүнд:
3.2.1.Анкет
3.2.2.Олон нийтийн байцаагчаар ажиллах тухай хүсэлт
3.2.3.Иргэний үнэмлэхийн хуулбар
3.2.4.Боловсролын үнэмлэх, дипломын хуулбар
3.2.5.Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн санал
3.2.6.Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай тодорхойлолт
3.2.7.3х4 хэмжээтэй цээж зураг 2 ширхэг
3.3.Сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн материалыг үндэслэн сумын Засаг даргын захирамжаар Хог хаягдлын олон нийтийн байцаагчийг томилж, чөлөөлнө.
3.4.Сумын Засаг даргын захирамжийг үндэслэн Тамгын газрын дарга олон нийтийн байцаагчтай жил бүр гэрээ байгуулах ба гэрээнд хариуцах ажил, талуудын харилцан хүлээх үүрэг, урамшуулал, гэрээ цуцлах үндэслэлийг заана.
3.5.Олон нийтийн байцаагч нь ажлын төлөвлөгөөг сумын Засаг даргын тамгын газрын даргаар батлуулан хэрэгжүүлж ажиллана.
3.6.Олон нийтийн байцаагчийн гэрээг ажлын үр дүн, зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулахаар авсан арга хэмжээг харгалзан жил бүр сунгана.
3.7.Сумын Засаг даргын тамгын газар хог хаягдлын олон нийтийн байцаагчийн ажиллах өрөө тасалгаа, техник хэрэгсэл, бичиг хэрэг, нормын хувцас, хэрэгслээр хангана.
3.8.Хог хаягдлын олон нийтийн байцаагчийг дараах тохиолдолд гэрээг цуцалж,чөлөөлнө.
3.8.1.Гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, албан тушаалаар хүлээсэн эрхээ хэтрүүлэн ашигласан нь нотлох баримтаар тогтоогдсон бол
3.8.2.Өөр ажил, албан тушаалд томилогдох болсон
3.8.3.Гэмт хэрэг үйлдсэн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон бол
3.8.4.Эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар өөрөө хүсэлтээ гаргасан бол
Дөрөв.Хог хаягдлын олон нийтийн байцаагч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллана.
4.1.1.Олон нийтийн байцаагч нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Орчны эрүүл ахуйн тухай хууль, Агаарын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллага, аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэхээс гадна дараах чиглэлийн үйл ажиллагаанд хяналт тавина.
4.1.2.Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, цэвэрлэгээ нийтийн эзэмшлийн талбай, эд хөрөнгийн арчлалт, хамгаалалт, үерийн хамгаалалтын далан суваг, барилга байгууламжийн засвар, цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавих, орон сууцны болон гэр хорооллын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд ил задгай хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллана.
4.1.3.Байгаль экологи, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоож, холбогдох хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаарх арга хэмжээ авч эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэнэ.
4.1.4.Хариуцсан нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хариуцах ойр орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газар, авто машины болон явган хүний замын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлүүлэх, тохижилтыг хийлгэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, аж ахуйн нэгж байгууллагын идэвх санаачилгыг өрнүүлэх.
4.1.5.Бүх нийтийн хамарсан цэвэрлэгээний ажилд хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийг бүрэн хамруулах, зар түгээх, сурталчлах.
4.1.6.Хог хаягдлын талаарх олон нийтийн боловсролыг дээшлүүлэх ажилд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, багийн Засаг даргатай хамтран ажиллана.
4.1.7.Хог хаягдлыг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах санал санаачилга гаргах, зохион байгуулах үүрэг бүхий орон тооны бус иргэдийн бүлэг байгуулж ажиллуулахад багийн Засаг даргатай хамтарч ажиллана.
4.1.8.Хариуцсан багийн нутаг дэвсгэрийг хог хаягдалгүй, орчны бохирдолгүй байлгахад чиглэсэн шинэлэг санал санаачлаг гаргаж, хэрэгжүүлэх.
4.1.9.Тухайн нутаг дэвсгэрт тогтоосон агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсийн журам, дүрмийг хэрэгжүүлэхэд хяналт тавих.
4.1.10.Удаа, дараа зөрчил гаргасан, тавьсан шаардлагыг биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулах, цуцлуулах саналыг холбогдох эрх бүхий этгээдэд тавьж, шийдвэрлүүлэх.
Тав.Зөрчил хянан, шийдвэрлэх талаарх ажиллагаа
5.1.Хог хаягдлын олон нийтийн байцаагч нь хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхдээ илэрсэн зөрчлийг нотлох баримтыг бүрдүүлж /фото зураг, дуу, дүрсний бичлэг/ сум, багийн Засаг дарга, эрх бүхий улсын байцаагчид нэн даруй танилцуулж холбогдох арга хэмжээг авахуулна.
Зургаа.Ажлаа тайлагнах
6.1.Олон нийтийн байцаагч нь ажлын тайланг сар, хагас жил, бүтэн жилээр гаргаж сумын Засаг даргын тамгын газарт тайлагнана.
6.2.Илрүүлсэн зөрчил, дутагдлуудыг арилгуулах талаар авсан арга хэмжээний мэдээг сумын Засаг даргад сар бүрийн 05-ны өдрийн дотор хүргүүлнэ.
Долоо.Мөнгөн урамшуулал олгох
7.1.Сумын Засаг дарга олон нийтийн байцаагчийн мөнгөн урамшууллын зардлыг жил бүр орон нутгийн төсөвт тусгаж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, хэрэгжүүлнэ.
7.2.Олон нийтийн байцаагчийн ажлын үр дүнгээс хамааруулан жилд 1 удаа мөнгөн шагнал олгож болно.
Текст томруулах
A
A
A