A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ БУЙ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ БОЛОН СУРГУУЛЬД БЭЛТГЭГДСЭН БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын

сайдын 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн

А/280 дугаар тушаалын хавсралт

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ

БУЙ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ БОЛОН СУРГУУЛЬД БЭЛТГЭГДСЭН

БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн үндсэн болон хувилбарт сургалтад хамрагдаж буй хүүхдийн хөгжил, ерөнхий боловсролын сургуулийн /цаашид” сургууль”гэх/ нэгдүгээр ангид элссэн суралцагчийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэхэд энэхүү журмыг баримтална.

1.2.Хүүхдийн хөгжил, сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээ /цаашид “үнэлгээ” гэх/-ний зорилго нь хүүхэд бүрийн хөгжилд тохирсон дэмжлэг үзүүлэх, эцэг эх, асран хамгаалагч болон мэргэжлийн байгууллагыг мэдээллээр хангах, сургалтын чанар, үр дүнг сайжруулах, цэцэрлэг, сургуулийн залгамж холбоог хангахад оршино.

1.3.Үнэлгээ нь сургуулийн өмнөх боловсрол эзэмших явцад хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн чадварт гарч буй ахиц, өөрчлөлтийг илрүүлэх, хүрсэн үр дүнг тогтоох, дэмжлэг үзүүлэх, багш арга барилаа хүүхдийн ялгаатай байдалд тохируулах, багшийн арга зүй, ур чадварыг сайжруулах арга замыг тодорхойлоход чиглэсэн тасралтгүй явагдах, эргэх холбоо бүхий үйл явц байна.

1.4.Үнэлгээ нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, хөгжлийн ялгаатай байдлыг харгалзсан, суралцах, хөгжих үйлийг дэмжсэн, баримт, нотолгоонд суурилсан, оролцоог тэгш хангасан, үнэлгээний үр дүн нь бодитой, ялгаварлан гадуурхалтаас ангид байна.

1.5.Үнэлгээ нь хүүхдийн хөгжлийн болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх гэсэн хэлбэртэй байна.

1.5.1.“Хүүхдийн хөгжлийн үнэлгээ” гэж сургалтын явцад хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжилд гарч буй ахиц, өөрчлөлтийн талаар баримт, мэдээлэл, нотолгоо цуглуулах замаар хийх үнэлгээг ойлгоно.

1.5.2.“Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээ” гэж хүүхэд сургуульд элсэн суралцахад шаардлагатай чадвар, дадал, хандлага эзэмшсэн байдлыг тогтоож, цаашид суралцахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлийг тодорхойлох үнэлгээг ойлгоно.

1.6.Хүүхдийн хөгжлийн үнэлгээг цэцэрлэг, сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээг сургууль тус тус зохион байгуулна.

1.7. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэдний ялгаатай байдлыг харгалзан энэ журмын 2.1.1-д заасан үнэлгээг хийнэ.

1.8. Үнэлгээ хийхэд энэ журмын хавсралтаар баталсан шалгуурыг, хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээнд энэ журмын 3.2.1, 3.2.2-т заасан даалгаврыг ашиглах бөгөөд үнэлгээний бодит байдал, нууцлалыг үнэлгээний үйл ажиллагаанд оролцогч талууд хариуцна.

Хоёр.Хүүхдийн хөгжлийн үнэлгээ

2.1.Хүүхдийн хөгжлийн үнэлгээ нь явцын, үр дүнгийн гэсэн төрөлтэй байна.

2.1.1.“Явцын үнэлгээ” гэж хүүхдийн хөгжих үйл явцыг дэмжих зорилгоор сургалтын явцад багш өдөр тутам хийх үнэлгээг ойлгоно.

2.1.2.“Үр дүнгийн үнэлгээ” гэж хичээлийн жилийн явцад цуглуулсан баримт, мэдээлэл, нотолгоондоо энэ журмын 1.8-д заасан шалгуурын дагуу багш дүн шинжилгээ хийж, хүүхэд бүрийн хөгжилд үнэлгээ өгөхийг ойлгоно.

2.1.3.Явцын болон үр дүнгийн үнэлгээнд хүүхэд бүрийг хамруулна.

2.2. Энэ журмын 2.1.1-д заасан үнэлгээг сургалтын явцад хүүхэд бүрийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн ажиглалт, ярилцлага, хувийн хавтас бүрдүүлэх зэрэг арга хэлбэрээр хийнэ.

2.2.1.Багш энэ журмын 2.2-т заасан арга хэлбэрээр цуглуулсан баримт, мэдээлэл, нотолгоондоо үндэслэн хүүхэд бүрийн давуу тал, ялгаатай байдал, хэрэгцээ, сонирхлыг илрүүлж, тэдэнтэй ажиллах арга барил, сургалтын зохион байгуулалт, хэрэглэгдэхүүнд шаардлагатай тохируулга хийж ажиллана.

2.3.Энэ журмын 2.1.2-т заасан үнэлгээг хичээлийн жилийн төгсгөлд багш хийх бөгөөд шалгуур хангасан байдлыг хувиар илэрхийлж, дараах үнэлгээ өгнө.

65.0 ба түүнээс дээш хувьтай бол “Хангалттай”;

36.0-64.0 хувьтай бол “Дундаж”;

0-35.0 хувьтай бол ”Дунджаас доогуур”.

2.4.Үр дүнгийн үнэлгээг бүлгийн хэмжээнд багш, цэцэрлэгийн хэмжээнд хүүхдийн насны ангиллаар арга зүйч /эрхлэгч/ тус тус нэгтгэнэ.

2.5.Хүүхдийн хөгжлийн үнэлгээний үр дүнг аливаа мэдээллийн самбарт ил тод байршуулахгүй бөгөөд хүүхэд бүрийн хөгжлийн ахиц өөрчлөлтийн талаар тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид ганцаарчлан танилцуулж, цаашид анхаарах асуудлаар зөвлөгөө өгнө.

2.6.Анги танхим дахь өдөр тутмын сургалтын явц, хүүхдийн хөгжлийн ахиц, өөрчлөлтийг илрүүлж, дэмжлэг үзүүлж буй багшийн үйл ажиллагаанд цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч тогтмол ажиглалт хийж, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлнэ.

2.7.Энэ журмын 2.4-д заасан үр дүнгийн үнэлгээний мэдээлэлд дүн шинжилгээ хийж, заах аргын нэгдлийн хурлаар хэлэлцэн, багш, заах аргын нэгдэл, байгууллагын түвшинд анхаарах асуудлыг тус тус тодорхойлон, хэрэгжүүлж ажиллана.

Гурав.Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээ

3.1.Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээг зохион байгуулах, үр дүнг тайлагнах үүрэг бүхий ажлын хэсгийг сургуулийн захирлын тушаалаар томилон ажиллуулна.

3.1.1.Ажлын хэсгийг бага боловсролын сургалтын менежер ахална.

3.1.2.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд цэцэрлэгийн багш, арга зүйчийн 1-2 төлөөлөл байна.

3.1.3.Үнэлгээний ажлыг жил бүрийн 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор боловсролын үнэлгээний байгууллагаас хүргүүлсэн удирдамжийн дагуу зохион байгуулна.

3.1.4.Нэгдүгээр ангид шинээр элссэн суралцагчдыг үнэлгээнд бүрэн хамруулна.

3.1.5.Хичээл, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид ачаалал, дарамт үүсгэхгүй байхаар үнэлгээг зохион байгуулна.

3.1.6.Ажлын хэсэг үнэлгээний үр дүнг үнэлгээний ажил дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор сургуулийн захирал, бага ангийн заах аргын нэгдэлд танилцуулна.

3.1.7.Ажлын хэсгийн ажиллах нөхцөлийг сургуулийн захирал бүрдүүлнэ.

3.2.Үнэлгээний ажлыг боловсролын үнэлгээний байгууллага мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.

3.2.1.Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээний даалгаврыг энэ журмын 1.8-д заасан шалгуурын 5 настай хүүхдэд хамаарах үзүүлэлтэд нийцүүлэн боловсролын үнэлгээний байгууллага боловсруулж, даалгаврын сан бүрдүүлнэ.

3.2.2.Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх даалгавар, үнэлгээний ажил зохион байгуулах удирдамжийг боловсролын үнэлгээний байгууллага жил бүрийн 9 дүгээр сарын эхний долоо хоногт багтаан сургууль бүрд цахим хэлбэрээр хүргүүлнэ.

3.3.Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг энэ журмын 2.3-д заасан хувиар тооцож үнэлнэ.

3.4.Үнэлгээний үр дүнг сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага боловсролын салбарын мэдээллийн системийн холбогдох хэсгээс танилцаж болно.

3.5.Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлсэн үнэлгээний үр дүнг суралцагчийн эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэхгүй, зөвхөн сургалтын үйл ажиллагаанд ашиглана.

Дөрөв.Үнэлгээний үр дүнг тайлагнах, ашиглах

4.1.Энэ журмын 2.4-д заасан мэдээллийг цэцэрлэгийн арга зүйч /эрхлэгч/ тухайн оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор боловсролын салбарын мэдээллийн системд оруулна.

4.2.Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлсэн үнэлгээний мэдээллийг бага боловсролын сургалтын менежер жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногт багтаан боловсролын салбарын мэдээллийн системд оруулна.

4.3.Боловсролын үнэлгээний байгууллага энэ журмын 4.1, 4.2-т заасан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тайланг жил бүрийн 11 дүгээр сард багтаан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагад тус тус хүргүүлнэ.

4.4.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь үнэлгээний тайланд үндэслэн сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, санал, зөвлөмжийг дараа оны 1 дүгээр сард багтаан багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын газарт тус тус хүргүүлнэ.

4.5.Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын газар нь энэ журмын 4.4-т заасан байгууллагаас хүргүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллана.

4.6.Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага нь үнэлгээний үр дүнг хичээл, үйл ажиллагааны төлөвлөлт, арга зүй, багшийн ур чадварыг сайжруулах, хүүхдийн хөгжлийг дэмжихэд ашиглана.

Тав.Бусад

5.1.Үнэлгээний үр дүнгээр хүүхэд, багш, байгууллагыг эрэмбэлэх, байр эзлүүлэх, олон нийтэд мэдээлэх, ил тод байршуулахыг хориглоно.

5.2.Нутгийн захиргааны байгууллага, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагаас боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөгжлийг үнэлэх аливаа шалгалт, судалгаа авахыг хориглоно.

 

 

 

---000---

 Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд

 хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд

 бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журмын хавсралт

ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР

 Хөгжлийн чиглэл

 №

Шалгуур 2 нас

Бие бялдар

1

Хөлөө өндөр өргөж алхана, алхах гүйхдээ тэнцвэрээ хадгална.

2

Тодорхой чиглэлд мөлхөнө, жижиг гулсуурт авирч, гулсаж бууна.

3

Суугаа байдлаас бөмбөгийг хоёр гараар өнхрүүлнэ. Бөмбөгийг хоёр гараараа доороос шидэж багшид өгнө.

4

Дасгалыг дагаж хийнэ.

5

Жижиг тоглоом, эд зүйлийг барина.

6

Нүүр, гараа угаана.

7

Болгоомжлуулсан зарим үйлдлийг хийхгүй байна.

Танин мэдэхүй

8

Орчноосоо сонссон дуу авиаг дуурайна.

9

Үгийг ойлгож дагаж хэлнэ.

10

Юмсыг тоочиж нэрлэнэ.

11

Зургаас өөрийн мэддэг зүйлийг зааж нэрлэнэ.

12

Харандаагаар эрээчиж сараачна.

13

Орчны эд юмсыг сонирхож нэрлэнэ.

14

Орчныхоо ургамал, амьтныг сонирхож нэрлэнэ.

15

Өөрийгөө болон гэр бүлийн гишүүдийг нэрлэнэ.

16

Нэг ба олныг ялгана.

17

Эд зүйлсийг хэмжээгээр нь ялгаж, нэрлэнэ.

18

Эд зүйлсийг ижлээр нь ялгаж нэгийг нөгөөд онооно.

19

Байрлал заасан “дээр”, “доор” үгийг ойлгож, илэрхийлнэ.

20

Хөгжмийн аялгууг сонсоод толгой, биеэ хөдөлгөх зэргээр илэрхийлнэ.

21

Дууны үгийг хэлж, дагаж аялна.

22

Дуу, хөгжмийн хэмнэлийг илэрхийлнэ. (биеэр ганхах, алга таших, толгойгоо дохих)

23

Дуу, хөгжмийн аянд тохируулан гараасаа барьж тойргоор алхах, алга таших, дороо эргэх хөдөлгөөн хийнэ.

24

Орчны юмсыг өөрийнхөөрөө зурна.

25

Хэв ашиглан хэлбэр гаргана.

26

Бэлэн дүрсээр наамал хийнэ.

27

Тоглоом, эд зүйлсийг өрнө.

Нийгэмшихүй

28

Өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө үйл хөдлөлөөр илэрхийлнэ.

29

Бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг нүүрний хувирал, дуу хоолойн өнгөөр нь мэдэрнэ.

30

Хүүхдийн тоглох, хийж буй үйлийг ажиглаж дуурайна.

31

Мэндлэх, талархах үг, үйлдлийг дуурайна.

32

Монгол үндэсний хувцсыг нэрлэнэ.

33

Өөрт тулгарсан бэрхшээлийг үг, үйлдлээр бусдад ойлгуулна.

34

Өөртөө үйлчлэх энгийн үйл хийхийг оролдоно.

35

Болно, болохгүйг ойлгоно.

 

 Хөгжлийн чиглэл

 №

Шалгуур 3 нас

Бие бялдар

1

Алхах гүйхдээ хурдаа зохицуулан, өөр хөдөлгөөнтэй хослуулан хийж, гүйцэтгэнэ.

2

Хоёр хөл дээр байрандаа болон, саадыг давж үсэрнэ.

(10 см өндөртэй 3-4 саадыг)

3

Саадыг давж, саад доогуур мөлхөнө. Налуу шатанд авирна, бууна.

4

Бөмбөгийг өнхрүүлж (1,5 м) дамжуулна, хоёр гараар дороос шидэж 1м зайд байрлах сагсанд оруулна.

5

Орон зайд өөрийн хөдөлгөөнийг удирдаж дасгалыг гүйцэтгэнэ.

6

Гар хуруугаараа энгийн үйл гүйцэтгэнэ.

7

Зааврын дагуу амаа зайлах, хамраа цэвэрлэх, нүүр гараа угаана.

8

Гэмтэж болзошгүй үйлдлийг ойлгож, зааврыг дагаж мөрдөнө.

Танин мэдэхүй

9

Орчны дуу авиаг сонсож, ялгаж дуурайна.

10

Өдөр тутам хэрэглэгддэг үгсийг яриандаа хэрэглэнэ.

11

Өөрийн сонирхсон зүйлээ хураангуй өгүүлбэрээр ярина.

12

Үйл явдлыг харуулсан зургийн агуулгыг ойлгож ярина.

13

Цэгүүдийг холбон зурна.

14

Орчны юмсын онцлогийг нэрлэнэ.

15

Орчны ургамал, амьтдын онцлогийг мэднэ.

16

Байгалийн үзэгдлийг нэрлэнэ.

17

Гэр бүлийн гишүүдийн хийдэг ажлыг нэрлэнэ.

18

Тоолох, тоогоор нь харьцуулна.

19

Эд зүйлсийг харьцуулан хэмжинэ.

20

Эд зүйлсийг аль нэг онцлогоор нь харьцуулна.

21

Юмсын байрлалыг тодорхойлно.

22

Хоногийн хэсгүүдтэй холбоотой үг хэллэгийг яриандаа хэрэглэнэ.

23

Өөрийн мэддэг дуу болон хөгжмийн аялгууг сонсоод таних, тохирох хөдөлгөөн хийнэ.

24

Дууг дагаж, багш хүүхдүүдтэй хамтран дуулна.

25

Дуу, хөгжмийн хэмнэлийг энгийн хөгжмийн зэмсгээр дагаж тоглоно. (бөмбөр, шигшүүр, дуут мод зэрэг)

26

Дуу, хөгжмийг ойлгож хөдөлгөөнөөр илэрхийлж бүжиглэнэ.

27

Төрөл бүрийн материал ашиглан зурж дүрсэлнэ.

28

Хялбар бүтэцтэй зүйлс барина.

29

Дүрс хайчлан эд зүйлс, амьтан, ургамал дүрсэлж наана.

30

Тоглоом, эд зүйлсийг бүтээж тоглоно.

Нийгэмшихүй

31

Өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө үг, үйл хөдлөлөөр илэрхийлнэ.

32

Бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ялгана.

33

Хүүхэдтэй зэрэгцэж тоглоно.

34

Бусдад дуртай, дургүй байгаагаа илэрхийлнэ.

35

Бусадтай мэндлэх, талархах үг хэлж харилцана.

36

Монгол үндэсний тоглоом, наадгайг мэднэ, тоглоно.

37

Бэрхшээл, тулгарсан үед бусдаас туслалцаа хүснэ.

38

Тоглох, өөртөө үйлчлэх энгийн үйл хийнэ.

39

Тоглоомын болон ангийн дүрмийг ойлгож дагана.

 

 

 

 Хөгжлийн чиглэл

 №

Шалгуур 4 нас

Бие бялдар

1

Алхаж, гүйхдээ чиглэл, хурдаа өөрчилнө

2

Үсрэх, харайх дасгалыг өөр төрлийн хөдөлгөөн болон, хэрэглэлтэй хийж гүйцэтгэнэ.

3

Бөмбөгийг гараар өнхрүүлж өвдөг гарын тусламжтай дөрвөн хөллөж мөлхөнө. Гимнастикийн шатанд авирна, бууна.(6-8 хөндлөвч)

4

Босоо, суугаа, хэвтээ байдалд бөмбөгийг өнхрүүлнэ. Бөмбөгийг дээш шидэж барьж авна.

5

Дасгалыг дарааллын дагуу, хөгжмийн ая хэмнэлд тохируулан гүйцэтгэнэ.

6

Гар хуруугаараа нарийн үйл гүйцэтгэнэ.

7

Ам, хоолойгоо зайлах, нүүр гар, шүдээ дарааллаар угаана,

8

Гэмтэж болзошгүй үйлдлийг хийхгүй байна.

Танин мэдэхүй

9

Орчны болон хэлний авиаг сонсож, ялгаж дуурайна.

10

Үгсийн утгыг ойлгож яриандаа хэрэглэнэ.

11

Үзэж, харсан, оролцсон үйл явдлын тухай энгийн өгүүлбэрээр ярина.

12

Үйл явдлыг харуулсан зургийн агуулгыг тайлбарлана.

13

Цэг, зураас, зурлагыг давхарлан бичнэ.

14

Орчны юмсын шинж чанарыг ялгаж нэрлэнэ.

15

Орчны ургамал, амьтдыг онцлог шинжээр нь ялгана.

16

Цаг агаар, амьтан, ургамалд гарч буй өөрчлөлтийг мэднэ.

17

Өөрийн амьдардаг аймаг, хот, дүүрэг, сумын тухай ярина.

18

Тоолох, тоогоор нь харьцуулах, нэмэгдүүлэх, хорогдуулах, дэс тоо хэрэглэнэ.

19

Энгийн хэрэгсэл ашиглан эд зүйлсийг хэмжинэ.

20

Эд зүйлсийг аль нэг шинж чанараар нь харьцуулж ангилна.

21

Өөрийн байрлалаас бусад юмсын байрлалыг тодорхойлно.

22

Цаг хугацаа заасан “өнөөдөр”, “маргааш”, “өчигдөр” үгсийг ойлгож хэрэглэнэ.

23

Хөгжмийн хэмнэлийг сонсож ялгана.

24

Дууг дуулахдаа бусдыг сонсож зэрэг эхэлж төгсгөнө.

25

Энгийн хөгжмийн зэмсгээр тоглохдоо хэмнэлд тохируулан зэрэг эхэлж, дуусгана.

26

Дуу, хөгжмийн агуулга, дүрийн онцлогийг хөдөлгөөнөөр илэрхийлэн хэмнэлд тохируулан бүжиглэнэ.

27

Төрөл бүрийн материал ашиглан олон аргаар зурж дүрсэлнэ.

28

Хүн, амьтан, ургамлыг дүрслэн барина.

29

Төрөл бүрийн материал ашиглан наамал хийнэ.

30

Эд зүйлсээр юмсыг зохиомжлон бүтээнэ.

Нийгэмшихүй

31

Өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө тайван байдлаар илэрхийлнэ.

32

Бусдын сэтгэлийн хөдөлгөөн өөр өөр байдгийг мэдэж зохицон харилцана.

33

Хүүхэдтэй тоглоом наадгай, эд зүйлээ хуваалцан, хамтарч тоглоно.

34

Бусдын асуултад хариулж, хүсэлтийг биелүүлнэ.

35

Бусдад хүндэтгэлтэй хандаж, мэндэлнэ.

36

Монгол уламжлалт баяр ёслолыг онцлогийг мэдэж, оролцоно.

37

Бэрхшээлийг өөрийн хэмжээнд шийдвэрлэнэ.

38

Тоглох, өөртөө үйлчлэх энгийн үйлийг тууштай хийж гүйцэтгэнэ.

39

Тоглоомын болон ангийн дүрмийг ойлгож мөрдөнө.

 

 

 Хөгжлийн чиглэл

 №

Шалгуур 5 нас

Бие бялдар

1

Алхалт, гүйлтийн төрлүүдийг олон хувилбараар хийж гүйцэтгэнэ.

2

Үсрэх, харайх дасгалыг олон хувилбараар, спортын хэрэглэлтэй хийж гүйцэтгэнэ.

3

 Мөлхөх дасгалыг олон хувилбараар гүйцэтгэнэ. Гимнастикийн хананд авирна, бууна. (хамгийн дээд хөндлөвч модонд хүртэл)

4

Шидэх, өнхрүүлэх дасгалыг олон хувилбараар гүйцэтгэнэ.

5

Дасгалыг дарааллын дагуу, хөгжмийн ая хэмнэлд тохируулан бие даан хийж гүйцэтгэнэ.

6

Гар хуруугаараа нарийн, хүндэвтэр үйл гүйцэтгэнэ.

7

Бие даан шүдээ дарааллын дагуу, гараа бохирдсон тухай бүрд угаана, бие зассаны дараа ариун цэврийн цаас хэрэглэнэ.

8

Гэмтэж болзошгүй үйлдэл, болгоомжлуулсан зүйлсээс өөрийгөө хамгаална.

Танин мэдэхүй

9

Хэлний авиа (үгийн эхэн, төгсгөлд орсон)-г сонсож ялгаж зөв дуудна.

10

Ойролцоо дуудлагатай үг, урт, богино эгшигтэй үг, эсрэг утгатай үгийг ялгаж яриандаа хэрэглэнэ.

11

Санаа бодол, үзсэн, оролцсон үйл явдлаа дэлгэрэнгүй өгүүлбэрээр ярина.

12

Орчиндоо байгаа тэмдэг тэмдэглэгээг мэдэж утгыг тайлбарлана.

13

Энгийн зурлага бичнэ.

14

Орчны юмсын учир шалтгааныг таньж, тайлбарлана.

15

Ургамал, амьтныг хайрлаж арчилна.

16

Улирал, цаг агаар, амьтан, ургамалд гардаг өөрчлөлтийн учир шалтгааныг тайлбарлана.

17

Би Монгол хүн гэдгээ мэдэж тайлбарлана.

18

Тооны цифр, тэмдэг тэмдэглэгээ хэрэглэх, хялбар бодлого (нэгээр нэмэгдүүлэх, хорогдуулах) зохиож бодно.

19

Төө, сөөм зэрэг уламжлалт хэмжүүр ашиглан эд зүйлсийг хэмжих, шингэн бутармал зүйлсийг тохирох хэрэгслээр хэмжинэ.

20

Юмсыг хоёр буюу түүнээс дээш шинж чанараар нь ангилах, дараалуулах, давтамж үүсгэнэ.

21

Нэг юмсын байрлалаар нөгөө юмсын байрлалыг тодорхойлно.

22

Цаг хугацаа заасан “долоо хоног, сар, жил” үгсийг ойлгож хэрэглэнэ.

23

Хөгжмийн хэмнэлийг ялган сонсох, дуу авиа, хөдөлгөөн, үгээр илэрхийлнэ.

24

Дууны өнгө, хэмнэлийг алдалгүй хөгжмийн хамсраатай болон хамсраагүй дуулна.

25

Дуу авиа, хөгжмийн хэмнэлийг энгийн хөгжмийн зэмсгээр хамтран тоглоно.

26

Дуу, хөгжмийн агуулга, дүрийн онцлогийг хөдөлгөөн, нүүрний хувирлаар илэрхийлэн хэмнэлд тохируулан бүжиглэнэ.

27

Санаа бодлоо зургаар илэрхийлж бүтээлчээр зурж дүрсэлнэ.

28

Хүн, амьтан, ургамлын харьцааг илэрхийлж барина.

29

Эвхэх, наах үйлийг бүтээлчээр хийнэ.

30

Эд зүйлсээр юмсыг зохиомжлон бүтээж, дүрслэлийг баяжуулна.

Нийгэмшихүй

31

Өөрийн сэтгэл хөдлөлийн учир шалтгааныг тайлбарлаж, тайван байдлаар илэрхийлнэ.

32

Өөрийнх нь үйлдэл бусдын сэтгэлийн хөдөлгөөнд нөлөөлж буйг мэдэж, зохицон харилцана.

33

Хүүхэдтэй тоглоомоо ээлжлэн хуваалцаж, хамтарч тоглоно.

34

Бусдаас тусламж хүсэж, тэдэнд тусална.

35

Бусдын амжилтаар бахархаж, талархал илэрхийлнэ.

36

Уламжлалт ёс, заншлыг мэдэж, дагаж баримтална.

37

Бэрхшээлийг бие даан, хамтдаа шийдвэрлэнэ.

38

Тоглох, өөртөө үйлчлэх болон хөдөлмөрийн энгийн үйлийг гүйцэтгэхэд санаачилга гаргана.

39

Гэр бүл, цэцэрлэг, анги, олон нийтийн газарт тогтсон дүрмийг баримтална.

---о0о---