A

A

A

Бүлэг: 1979

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны

А/961 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН СОНГОГЧДЫН

НЭРИЙН ЖАГСААЛТ ҮЙЛДЭХ, ТАНИЛЦУУЛАХ, ХҮРГҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт /цаашид “сонгогчдын нэрийн жагсаалт” гэх/-ыг үйлдэх, нягтлан шалгах, давхардал, зөрчлийг арилгах, өөрчлөлт оруулах, танилцуулахад энэ журмыг баримтална.

Хоёр.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нягтлан шалгах

2.1.Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь хэлтэс /цаашид “Улсын бүртгэлийн хэлтэс” гэх/ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт заасны дагуу ирүүлсэн сонгуулийн хэсэг байгуулсан тухай сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд заасан сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэр, төвийн мэдээллийг Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэл /цаашид “цахим сан” гэх/-д тусгана.

2.2.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 2.1-д заасан мэдээллийг 5 хоногийн дотор нягтлан шалгаж нэгтгэн сонгуулийн хэсэг байгуулсан тухай сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын эх хувийн хамт төрийн захиргааны байгууллагын иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж /цаашид “иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж” гэх/-д хүргүүлнэ.

2.3.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 2.7-д заасан сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй, тухайн сонгуулийн хэсэгт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэх сонгуулийн насны иргэдийн мэдээллийг цахим санд оруулна.

2.4.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 2.1, 2.3-т заасан мэдээллийг сонгуулийн хэсэг байгуулсан тухай сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн дараах мэдээлэлтэй тулган шалгаж, зөрчил илэрсэн тохиолдолд тухайн зөрчлийг арилгана:

2.4.1.сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэдийг тухайн сонгуулийн хэсэгт бүрэн бүртгэсэн эсэх;

2.4.2.сонгуулийн эрх бүхий иргэний мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд бүртгэсэн эсэх;

2.4.3.сонгуулийн эрх бүхий иргэний иргэний улсын бүртгэл, түүнтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан эсэх;

2.4.4.сонгуулийн эрх бүхий иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг тусгасан эсэх;

2.4.5.сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй иргэн нас барсныг, эсхүл Монгол Улсын харьяатаас гарсныг бүртгэсэн эсэх.

2.5.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 2.4-т заасан мэдээллийг цахим санд үнэн зөв, бүрэн гүйцэд оруулсан тухай илтгэх хуудсыг иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид сонгуулийн жилийн 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлнэ.

2.6.Иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж энэ журмын 2.2-т заасан мэдээллийг үндэслэн цахим санд сонгуулийн хэсгийг улсын хэмжээнд давхардахгүй байхаар дугаарлах саналыг төрийн захиргааны байгууллагын даргад танилцуулна.

2.7.Төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр сонгуулийн хэсгийн дугаарыг тогтоох бөгөөд уг шийдвэрийг иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

2.8.Энэ журмын 4.1.1-4.1.4-т заасны дагуу холбогдох мэдээллийг нягтлан шалгасны дараа иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо болон сонгуулийн хэсэг тус бүрээр нэгтгэн сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэнэ.

Гурав.Сонгогчдын нэрийн жагсаалтыг танилцуулах, хүргүүлэх, түүнд өөрчлөлт оруулах

3.1.Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж энэ журмын 2.8-д заасны дагуу үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнөөс эхэлж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль дуустал өөрийн байгууллагын цахим хуудаст байршуулна.

3.2.Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж энэ журмын 3.1-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулахдаа тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрт холбогдох мэдээлэлтэй танилцах боломжийг хангасан байна.

3.3.Иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6.1-20.6.6 дахь заалтад заасан мэдээллийг үндэслэн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй тухайн сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалгүйгээр “Тайлбар” хэсэгт “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээг хийнэ.

3.4.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 2.8-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтын холбогдох мэдээлэлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9.1-20.9.4 дэх заалтад заасан өөрчлөлтийг цахим санд тусгана.

3.5.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 3.4-т заасан өөрчлөлтийн талаарх мэдээ, тайланг иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид санал авах өдрөөс 20 хоногийн өмнө цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ.

3.6.Иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж энэ журмын 3.3, 3.4-т заасны дагуу өөрчлөлт оруулсан сонгогчдын нэрийг жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө цахим сангаас 3 хувь хэвлэж, Улсын бүртгэлийн хэлтсээр дамжуулан 1 хувийг сонгуулийн хэсгийн хороонд, 1 хувийг улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан /цаашид “итгэмжлэгдсэн ажилтан” гэх/-д тус тус хүргүүлэх ба үлдсэн 1 хувийг Улсын бүртгэлийн хэлтэс өөрт авч үлдэнэ.

3.7.Улсын бүртгэлийн хэлтэс, итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 3.4-т заасан өөрчлөлтөөс гадна дараах өөрчлөлтийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө цахим санд тусгаж, энэ тухай итгэмжлэгдсэн ажилтан Улсын бүртгэлийн хэлтэст, Улсын бүртгэлийн хэлтэс иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид мэдэгдэнэ:

3.7.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан гомдлын дагуу сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэнийг нэмсэн өөрчлөлт;

3.7.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан гомдлын дагуу сонгогчдын нэрийн жагсаалтад буруу бүртгэсэн сонгогчийн мэдээллийг Иргэний улсын бүртгэлийн цахим сангийн мэдээлэл, эх нотлох баримтыг үндэслэсэн өөрчлөлт.

3.8.Улсын бүртгэлийн хэлтэс энэ журмын 3.7-д заасан мэдээллийг үндэслэн “Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа -Маягт 4” -г хэвлэж, итгэмжлэгдсэн ажилтанд нэн даруй мэдээлнэ.

3.9.Энэ журмын 3.6-д заасны дагуу итгэмжлэгдсэн ажилтанд хүргүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн итгэмжлэгдсэн ажилтны тэмдэглэсэн өөрчлөлт нь энэ журмын 3.8-д заасны дагуу Улсын бүртгэлийн хэлтсийн хэвлэсэн лавлагааны тоотой тэнцүү байна.

3.10.Улсын бүртгэлийн хэлтэс өөрчлөлт оруулсан сонгогчдын нэрийн жагсаалтыг “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт -Маягт 1”-ын дагуу цахим сангаас 3 хувь хэвлэж, 1 хувийг сонгуулийн хэсгийн хороонд, 1 хувийг итгэмжлэгдсэн ажилтанд хүлээлгэн өгөх ба үлдсэн 1 хувийг Улсын бүртгэлийн хэлтэс өөрт авч үлдэнэ.

Дөрөв.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, түүнд өөрчлөлт оруулах ажиллагаанд хяналт тавих

4.1.Хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, түүнд өөрчлөлт оруулах үйл ажиллагаатай холбогдуулан дараах ажиллагаанд хяналт тавина:

4.1.1.энэ журмын 2.1-д заасан сонгуулийн хэсэг байгуулсан тухай сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын мэдээлэл цахим санд үнэн зөв тусгагдсан эсэх;

4.1.2.сонгогчийн санал өгөх сонгуулийн хэсэг, санал авах байрны хаягийн мэдээлэл цахим санд үнэн зөв тусгагдсан эсэх;

4.1.3.энэ журмын 2.4-т заасан мэдээлэл цахим санд үнэн зөв, бүрэн гүйцэд тусгагдсан эсэх;

4.1.4.сонгуулийн хэсгийг улсын хэмжээнд давхардахгүй байхаар зөв дугаарласан эсэх;

4.1.5.энэ журмын 3.3-т заасны дагуу “Түр хасав” нэмэлт тэмдэглэгээ хийсэн сонгогчийн мэдээлэл үнэн зөв хийгдсэн эсэх;

4.1.6.“Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа -Маягт 4” тус бүрийн нотлох баримт хууль, журамд нийцсэн эсэх;

4.1.7.сонгогчдын нэрийн жагсаалтын мэдээллийг сонгуулийн хэсэг тус бүрийн компьютерт хуулах, хэвлэх үйл ажиллагаа.

4.2.Хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, түүнд өөрчлөлт оруулах үйл ажиллагаанд зөрчил илэрсэн тохиолдолд тухайн зөрчлийг холбогдох Улсын бүртгэлийн хэлтсээр арилгуулах арга хэмжээг авна.

4.3.Энэ журмын 4.1.6-д заасан лавлагаанд Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч хянасан тухай баталгаажуулж гарын үсэг зурна.

Тав.Сонгогчийн мэдээллийг тулган шалгах

5.1.Итгэмжлэгдсэн ажилтан сонгуулийн санал авах өдөр саналаа өгөхөөр ирсэн сонгогчийн мэдээллийг тухайн сонгуулийн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбар буюу Сонгогчийн цахим бүртгэлийн сантай тулган шалгаж, сонгогчид сонгогчийн бүртгэлийн хуудас олгох ажиллагааг дараах журмаар гүйцэтгэнэ:

5.1.1.мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжээс сонгуулийн хэсгийн хорооны дарга болон итгэмжлэгдсэн ажилтанд олгосон нэвтрэх кодоор Сонгогчийн цахим бүртгэлийн санд нэвтэрч, нээлтийн тайланг 2 хувь хэвлэн, 1 хувийг сонгуулийн хэсгийн хорооны даргад, 1 хувийг өөрт үлдээх;

5.1.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт заасны дагуу санал авах ажиллагаа эхэлмэгц тухайн сонгуулийн хэсэгт зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн мэдээллийг сонгуулийн хэсгийн хорооны даргаас авч, саналын хуудас хүлээн авсан тухай гарын үсэг зурсан нийт сонгогчийн тоог сонгуулийн хэсгийн хорооны даргын мэдээлсэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн тоотой тулгах;

5.1.3.зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийг Сонгогчийн цахим бүртгэлийн санд регистрийн дугаараар бүртгэж, сонгогчийн бүртгэлийн хуудсыг 2 хувь хэвлэн, 1 хувийг сонгуулийн хэсгийн хорооны даргад, 1 хувийг өөрт үлдээх;

5.1.4.энэ журмын 5.1.3-т заасан ажиллагааг хийсний дараа санал авах байранд ирсэн сонгогчийн бүртгэлийг эхлүүлэх;

5.1.5.сонгогчийн биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг сонгогчийн бүртгэлийн төхөөрөмжид уншуулан таниулж, тухайн Сонгогчийн цахим бүртгэлийн сан дахь зураг, бусад мэдээлэлтэй тулгах;

5.1.6.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.7, 64.8 дахь хэсэгт заасан сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсхүл ажиллах боломжгүй болсон, тухайн сонгогчийг гарын хурууны хээгээр таних боломжгүй тохиолдолд тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээлэл, эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа дахь мэдээлэл буюу эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг, зургийг Сонгогчийн цахим бүртгэлийн сангийн мэдээлэлтэй тулгаж, тусад нь жагсаалт гарган тэмдэглэл үйлдэх;

5.1.7.Сонгогчийн цахим бүртгэлийн сангаас сонгогчийн бүртгэлийн хуудсыг 2 хувь хэвлэн, 1 хувийг хэсгийн хороонд өгч, 1 хувийг өөрт үлдээх.

5.2.Итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 5.1-д заасны дагуу сонгогчийн мэдээллийг тулган шалгахад сонгогч Сонгогчийн цахим бүртгэлийн санд бүртгэгдээгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгохгүй.

5.3.Сонгогчийн иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагаан дахь хаягийн бичвэр нь сонгогчдын нэрийн жагсаалт дахь хаягийн бичвэрээс бичилт өөр боловч нэг утгыг илэрхийлж байвал хаягийн бүртгэлийн зөрүү гэж үзэхгүй.

5.4.Итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийгдсэн шалтгаан арилсан тохиолдолд тухайн сонгогчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний үндэсний энгийн гадаад паспорт, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжээс сонгуулийн хэсгийн хорооны дарга болон түүнд олгосон кодоор Сонгогчийн цахим бүртгэлийн санд нэвтэрч сонгогчийн биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг уншуулан таниулж, холбогдох мэдээллийг тулгаж, сонгогчдын нэрийн жагсаалт дахь “Түр хасав” нэмэлт тэмдэглэгээг хүчингүй болгон “Тайлбар” хэсэгт энэ тухай тэмдэглэнэ.

5.5.Энэ журмын 5.4-т заасан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад “Түр хасав” нэмэлт тэмдэглэгээг хүчингүй болгосныг баталгаажуулж гарын үсэг зурна.

5.6.Итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 5.5-д заасан сонгогчид сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.

5.7.Итгэмжлэгдсэн ажилтан энэ журмын 5.4-т заасан нотлох баримтыг тайлангийн хамт Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлнэ.

5.8.Мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж сонгуулийн хэсгийн хорооны дарга болон итгэмжлэгдсэн ажилтанд энэ журмын 5.1.1, 5.4-т заасан болон Сонгогчийн цахим бүртгэлийн санг түгжих кодыг сонгуулийн санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө хүлээлгэн өгсөн байна. 

5.9.Итгэмжлэгдсэн ажилтан сонгуулийн санал авах өдөр сонгогчийн бүртгэлийн нээлтийн, явцын, хаалтын тайланг төрийн захиргааны байгууллагаас тогтоосон хугацаанд хэвлэн, Улсын бүртгэлийн хэлтэст, Улсын бүртгэлийн хэлтэс иргэний улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжид мэдээлнэ.

Зургаа.Бусад

6.1.“Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа -Маягт 4” нь бар код, давтагдашгүй дугаар бүхий үнэт цаасан дээр хэвлэгдсэн байна.

6.2.Улсын бүртгэлийн хэлтэс аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгийг хадгаламжийн нэгж болгон бүрдүүлж, байгууллагын архивт холбогдох журмын дагуу хүлээлгэн өгнө.

---оOo---