- Нүүр
- Сайдын тушаал
- ТҮР ХАМГААЛАН БАЙРЛУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГ ХҮНД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДАЛ ТООЦОХ ЖУРАМ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын
2020 оны А/150 дугаар тушаалын хавсралт
ТҮР ХАМГААЛАН БАЙРЛУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГ ХҮНД
НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДАЛ ТООЦОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн (цаашид “хохирогч” гэх) амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түүнийг Түр хамгаалах байранд байрлуулж, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах нэг хүнд ногдох хувьсах зардлыг (цаашид “хувьсах зардал” гэх) тооцоход энэхүү журмыг баримтална.
1.2.Энэхүү журамд заасан хувьсах зардлын бүрэлдэхүүн, зардал чиглүүлэгч болон зардлын дундаж нормативыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу түр хамгаалах байрны нэгэн адил үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн үйлчилгээний төвийн хувьсах зардлыг тооцоход ашиглана.
1.3Түр хамгаалах байранд байрлах хохирогчид төрийн бус байгууллагаас үзүүлсэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний төлбөрийг хувьсах зардлаас санхүүжүүлнэ.
Хоёр. Хувьсах зардлын бүрэлдэхүүн
2.1.Түр хамгаалах байранд байрлах нэг хүнд ногдох хувьсах зардлын бүрэлдэхүүнд дараах бараа, үйлчилгээг хамааруулна.
2.1.1.хоол хүнс;
2.1.2.хувцас, ариун цэврийн хэрэгсэл;
2.1.3.төлбөртэй тусламж үйлчилгээ.
2.2.Түр хамгаалах байрны ажилтны цалин хөлс, урамшуулал болон түр хамгаалах байрны ашиглалтын тогтмол зардлыг хувьсах зардлын бүрэлдэхүүнд оруулан тооцохгүй.
2.3.Төр хариуцах дараах үйлчилгээг хувьсах зардлын бүрэлдэхүүнд оруулж тооцохгүй.
2.3.1.Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.8-д заасан бие махбодын ба бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогчид үзүүлэх эрүүл мэндийн болон сэтгэцийн сэргээн засах тусламж, үйлчилгээ;
2.3.2.эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь хариуцах эмчилгээ үйлчилгээ;
2.3.3.нийгмийн халамжийн үйлчилгээ;
Гурав. Зардал тооцох
3.1.Түр хамгаалах байранд үйлчлүүлэх хохирогчийн тоог жилд 40-өөс илүүгүй байхаар, нэг хохирогчийн байрлах дундаж хугацааг 5 хоног байхаар тус тус тооцно.
3.2.Тухайн жилд түр хамгаалах байранд байрлах хүний тоо, насны болон хүйсийн харьцааг дараах байдлаар тооцно:
3.2.1.нийт хүний тоог сүүлийн гурван жилийн дунджаар;
3.2.2.байрлах нийт хохирогчийн 20 хувийг насанд хүрэгч, 80 хувийг хүүхэд байхаар;
3.2.3.нийт байрлах насанд хүрэгчдийн 90 хувийг эмэгтэйчүүд байхаар;
3.3.Цалин хөлсний зардлыг түр хамгаалах байранд үйлчлүүлэх хохирогчийн аюулгүй байдлыг хангах, дэмжин туслах үүрэг бүхий 2 орон тоог холбогдох төрийн үйлчилгээний албан тушаалд харгалзах жишгээр тооцно.
3.4.Хоол хүнсний зардлыг түр байрлах хохирогчийн нэг хоногт авах хоол хүнсний илчлэгийн хэмжээг насанд хүрэгчдийн хувьд “Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын зөвлөмж хэмжээ батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дүгээр тушаалын холбогдох хавсралтаар баталсан жишгийн дагуу, 1-18 насны хүүхдийн хувьд Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 225/296 тоот хамтарсан тушаалын холбогдох хавсралтаар баталсан жишгийн дагуу тус тус тооцно.
3.5.Тухайн жилд Түр хамгаалах байранд байрлах хохирогч бүр хувийн ариун цэврийн хэрэгслээр хангагдана гэж тооцох ба хувийн ариун цэврийн хэрэгсэл (шүдний оо, сойз, гар нүүрийн алчуур, гарын саван шампунь), ариун цэврийн цаас, хүүхдийн живх, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл, дотуур хувцас (дотуур өмд, майк, оймс) зэргийг нэг багц болгож тооцно.
3.6.Төлбөртэй тусламж үйлчилгээнд дараах үйлчилгээг хамруулна:
3.6.1.Эрх зүйн үйлчилгээ: тухайн жилд түр хамгаалах байранд байрлах хохирогчид 100 хувь эрх зүйн туслалцаа (эрх зүйн зөвлөгөө болон өмгөөллийн үйлчилгээ) авна гэж тооцох бөгөөд эдгээр хүмүүсийн 50 хувь нь төлбөрийн чадваргүй иргэнд төрөөс үнэ төлбөргүй үзүүлэх өмгөөллийн үйлчилгээнд хамрагдахаар байна. Хохирогчид эрх зүйн туслалцааг нэг багц болгож үүнд хуулийн байгууллагад хүргүүлэх нотлох баримт бүрдүүлэхэд шаардлагатай нотариатын үйлчилгээ, болон өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хамруулна.
3.6.2.Холбон зуучлах үйлчилгээ: тухайн жилд Түр хамгаалах байраар үйлчлүүлэх хохирогчид 100 хувь гадагш гарч бусад үйлчилгээнд шилжиж хамрагдана гэж тооцох бөгөөд үүнд тээврийн хөлс, харилцаа холбооны зардлыг хамруулна. Бичиг баримтжуулах арга хэмжээнд 4 хүн тутмын нэг нь хамрагдана гэж тооцно.
3.6.3.Нөхцөл байдлын үнэлгээ: тухайн жилд Түр хамгаалах байраар үйлчлүүлэгч хохирогчид 100 хувь нөхцөл байдлын үнэлгээ хийлгэнэ гэж тооцож, хохирогчийн амьдарч байсан газарт хүрэх тээврийн хөлс, харилцаа холбооны зардлыг хамруулна.
3.6.4.Сэтгэл зүйн үйлчилгээ: сэтгэл зүйчийн орон тоогүй Түр хамгаалах байраар үйлүүлэгч нийт хохирогчийн 50 хувь нь гэж тооцох бөгөөд үүнд зөвлөгөө өгөх үйлчилгээний төлбөр хамаарна.
3.6.5.Эрүүл мэндийн үйлчилгээ: эмчийн орон тоогүй Түр хамгаалах байраар үйлүүлэгч хохирогчдын 4 хүн тутмын нэг нь хамрагдана гэж тооцох энэ журмын 2.3.1-2.3.2-т зааснаас бусад төлбөртэй тусламж үйлчилгээ болон эм тариа худалдан авах болон унааны зардал багтана.
3.6.6.Хүүхэд хамгаалал, хөгжлийн үйлчилгээ: Түр хамгаалах байранд байрлах хүүхдүүд энэ үйлчилгээнд 100 хувь хамрагдана гэж тооцох бөгөөд үүнд ном, бичиг хэргийн зүйлс, тоглоом худалдан авах зардал багтана.
Дөрөв. Хувьсах зардлын нийт хэмжээг тооцох
4.1.Хувьсах зардлын бүрэлдэхүүнд багтах бараа, үйлчилгээ тус бүрийг энэ журмын хавсралтаар баталсан “Түр хамгаалах байранд байрлах нэг хүнд ногдох хувьсах зардлын дундаж норматив” болон энэ журмын 3 дугаар зүйлд заасан холбогдох зардал чиглүүлэгчийг ашиглан түр хамгаалах байранд хуваарилах нийт хувьсах зардлын хэмжээг тооцоолно.
4.2.Тухайн Түр хамгаалах байрны зардлыг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн төрийн болон орон нутгийн өмчийн байгууллага, төрийн бус байгууллага нь энэ журмын 4.1-д заасны дагуу шаардагдах төсвийн тооцооллыг боловсруулж жилийн төсвийн саналдаа тусгаж дээд шатны эсхүл асуудал хариуцсан байгууллагаар дамжуулж шийдвэрлүүлнэ.
Тав. Бусад
5.1.Энэ журмын хавсралтаар баталсан нэг хүнд нэг өдөр ногдох зардлын дундаж нормативыг гурван жил тутамд нэг удаа шинэчилнэ.
Текст томруулах
A
A
A