- Нүүр
- Сайдын тушаал
- ДОНОРООС ЦУС АВАХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2020 оны 7 дугаар сарын
6-ны өдрийн А/373 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ДОНОРООС ЦУС АВАХ ЖУРАМ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү журмаар цусны донор элсүүлэх, хадгалах болон донороос бүхэл цус, эс, сийвэн авах үйл ажиллагааг зохицуулна.
1.2.Цусны донор элсүүлэх, бүртгэх, цус авах үйл ажиллагаа нь авлагагүй, сайн дурын, хүнлэг энэрэнгүй байх, хүний эрхийг дээдлэх, хувь хүний нууцыг хамгаалах зарчмыг баримтална.
1.3.Цус сэлбэлт судлалын салбар нь Цус сэлбэлт судлалын үндэсний төв (цаашид ЦССҮТ гэх), аймаг, дүүрэг, сумын цусны салбар төв (цаашид Цусны салбар төв гэх)-өөс бүрдэнэ.
1.4.Энэхүү журмыг энэ журмын 1.3-т заасан салбарын хэмжээнд дагаж мөрдөнө.
ХОЁР.УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1.ЦССҮТ нь цусны донорын эгнээг өргөжүүлэхэд Монголын Улаан Загалмай нийгэмлэг (цаашид МУЗН гэх) болон төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана.
2.2.ЦССҮТ нь улсын хэмжээнд, Цусны салбар төв нь орон нутагт цусны донорын сургалт, сурталчилгаа, донор элсүүлэх, хадгалах, алдаршуулах, цус авах, шинжлэх, боловсруулах, хадгалах үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
2.3.Цусны аюулгүй байдал, донорын эрүүл мэнд, нууцлалыг цус авах үйл ажиллагаанд оролцогч эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан, бусад албан тушаалтан, иргэн нь эрх бүхий албан тушаалтны баталсан холбогдох тушаал, журам, зааврын дагуу ханган ажиллана.
ГУРАВ.БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ
3.1.ЦССҮТ дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
.2
3.1.1.цусны донорын сургалт, сурталчилгаа, сайн дурын ажилтан бэлтгэх, донор элсүүлх, сонгох, цус авах үйл ажиллагааг мэргэжил, арга зүйгээр хангах;
3.1.2.цусны донороос цус авах үйл ажиллагаанд зохистой дадлыг нэвтрүүлж, чанарын зорилт, шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт, аюулгүй байдлийг хангах;
3.1.3.ЦССҮТ-ийн Ерөнхий захирал цусны донорын хөнгөлөлт, урамшуулалтай холбоотой журмыг батлах;
3.1.4.цусны донорын бүртгэл, үйл ажиллагааны талаарх нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, баяжуулах, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд холбогдох мэдээ, тайланг хүргүүлэх;
3.1.5. донорын сургалт, сурталчилгаа, цус авах үйл ажиллагааг төлөвлөн, шат дамжлага бүрийг хянан, баримтжуулж, үндсэн тоон мэдээллийг 7 хоног, сар, улирал, хагас, бүтэн жилээр нэгтгэн дүн шинжилгээ хийх.
3.2.Цусны салбар төв нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
3.2.1.цусны донорт эрүүл мэндийн болон донорын үйл ажиллагааны боловсрол олгох, тэднийг идэвхжүүлэх, донорын эгнээг өргөжүүлэхэд эрүүл мэндийн газрын мэргэжилтэн болон эрүүл мэндийн нийгмийн ажилтантай хамтрах;
3.2.2.цусны донороос цус авах үйл ажиллагаанд зохистой дадлыг нэвтрүүлж, чанарын зорилт, шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт, аюулгүй байдлийг хангах;
3.2.3.цусны донорын бүртгэл, үйл ажиллагааны мэдээллийн сан үүсгэх, баяжуулах;
3.2.4.донорын сургалт, сурталчилгаа, цус авах үйл ажиллагааг төлөвлөн, шат дамжлага бүрийг хянан, баримтжуулж, үндсэн тоон мэдээллийг 7 хоног, сар, улирал, хагас, бүтэн жилээр нэгтгэн дүн шинжилгээ хийх.
ДӨРӨВ.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
4.1.Цусны донор элсүүлэх, бүртгэх, цус авах үйл ажиллагаанд дараах чиглэлийг баримтална:
.3
4.1.1.Цусны донорын сургалт, сурталчилгааны чиглэлээр:
а/цусны донороор элсүүлэх боломжтой, эрсдэл багатай бүлгийг тодорхойлон, хамтран ажиллах;
б/сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх сургалт сурталчилгааны ажлыг олон талт хэлбэрээр зохион байгуулах;
в/донорын үйлсэд мэргэшсэн хүний нөөц, сайн дурын ажилтны оролцоог нэмэгдүүлэх;
г/цусны донорын чиглэлээр сургагч багш бэлтгэх, сургалт зохион байгуулах;
д/хэвлэл мэдээллийн байгууллагуудтай түншлэл бий болгох.
4.1.2.Цусны донорын бүртгэл, хадгалах чиглэлээр:
а/донорын бүртгэлд регистрийн дугаар, ургийн овог, овог, нэр, төрсөн он сар өдөр, нас, хүйс, гэрийн хаяг, холбоо барих утас, цахим хаяг зэрэг мэдээллийг багтаасан байх;
б/түр хойшлогдсон болон идэвхтэй бус доноруудтай эргэх холбоо тогтоох;
в/цусны донорт анхаарал, халамж, чанартай үйлчилгээ үзүүлж, байнгын донорын эзлэх хувийг нэмэгдүүлэх;
г/тогтмол цусаа бэлэглэсэн доноруудыг алдаршуулах, урамшуулах асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэх.
4.2
4.1.3.Цусны донортой ярилцлага хийх, эрүүл мэндийн үзлэг хийх ажлыг эмчлэх эрх бүхий их эмч дараах шалгуур үзүүлэлтийн дагуу хийж гүйцэтгэнэ.
Цусны донор сонгох шалгуур үзүүлэлт
Шалгуур үзүүлэлт |
Бүхэл цусны донор |
Сийвэнгийн донор |
Эсийн донор |
Улаан эсийн донор /2 нэгж/ |
Нас |
17-60 |
18-55 |
20-45 |
|
Жин |
50 кг-аас дээш,/эрэгтэй/ 45 кг-аас дээш/эмэгтэй/ |
55 кг-аас дээш /эрэгтэй/ 50 кг-аас дээш /эмэгтэй/ |
70 кг-аас дээш /эрэгтэй/ 65 кг-аас дээш /эмэгтэй/ |
|
Гемоглобин |
125 г/л буюу түүнээс дээш |
130г/л буюу түүнээс дээш |
||
Өгөлтийн хоорондын хугацаа |
2 сар /эрэгтэй/ |
14 хоног |
1 сар |
4 сар |
3 сар /эмэгтэй/ |
||||
Цус өгөлтийн хэмжээ |
350-400 мл |
500-600 мл |
200-300x109 хүртэл /4-6 нэгж / |
200-400 мл |
Эсийн тоо |
- |
- |
180x109/л дээш 360x109/л доош |
4-8 x1012/л |
4.1.4.Дараах тохиолдолд цус өгөхийг түр хугацаагаар болон бүрмөсөн хориглоно:
4.1.4.1.Цус өгөхийг түр хугацаагаар хориглох заалт:
а/ биеийн ерөнхий байдалтай холбоотой:
· цусны систолийн даралт 160-аас дээш 90-ээс доош, диастолийн даралт 100-аас дээш, 60-аас доош мөнгөн усны баганын даралттай байх;
· 6 цагаас бага хугацаагаар унтсан бол;
· биеийн халуун 37 хэмээс дээш бол;
· судасны цохилт 1 минутанд 60-аас доош, 100 дээш бол.
б/ эмэгтэй донортой холбоотой:
· жирэмсэн бол;
· төрснөөс хойш 1 жилийн дотор;
· хөхүүл бол;
· үр хөндүүлсэн, ураг зулбаснаас хойш 6 сарын дотор;
· дутуу төрөлтөөс хойш 6 сарын дотор;
· сарын тэмдэг дууссанаас хойш 3 хоногийн дотор.
в/ мэс ажилбартай холбоотой:
· жижиг мэс ажилбар хийлгэсний дараа 6 сар, том хэмжээний мэс ажилбар хийлгэсний дараа 1 жилийн дотор;
· цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн бол 12 сар, зүү эмчилгээ хийлгэсэн тохиолдолд 6 сарын дотор;
· шивээс хийлгэсэн, чих цоолуулсан бол 6 сар, гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн бол 1 жилийн дотор;
· шүдний гажиг засал, эмчилгээ, шүд авахуулсан бол 6 сарын дотор.
г/ амьсгалын замын өвчинтэй холбоотой:
· гүйлсэн булчирхайн үрэвсэл, томуу, амьсгалын замын цочмог халдварууд /Тухайлбал бронхит/ -аар өвдсөн тохиолдолд бүрэн эдгэрснээс хойш 14 хоногийн дотор;
· уушгины хатгалгаа эдгэрснээс хойш 6 сарын дотор;
· багтраа сэдэрлийн үед болон стеройд даавар хэрэглэж байгаа үед.
д/ халдварт өвчинтэй холбоотой:
· улаанбурхан, улаанууд, гахайн хавдар, салхинцэцэг өвчин эдгэрснээс хойш 1 сарын дотор;
· татран сахуу, халдварт мононуклеоз, цусан суулга өвчин эдгэрснээс хойш 1 сарын дотор;
· хомхой цэврүү гарсан тохиолдолд бүрэн эдгэртэл;
· ямар нэг халдварт өвчний хавьталтай бол 3 сарын дотор.
е/ халдварын голомттой улс оронд аялсантай холбоотой:
· хумхаа нутагшмал хэлбэрээр гардаг бүс нутагт аялсан бол 6 сарын дотор;
· тухайн цаг хугацаанд илэрсэн халдварын голомттой улс оронд амьдарч, аялсан бол 6 сарын дотор.
ж/ гэмтэлтэй холбоотой:
· жижиг хугарал, ясны жижиг цуурал, үений мултралтай хавсарсан байвал эдгэрснээс хойш 6 сарын дотор;
· олон яс, том ясны хугарал эдгэрснээс хойш 1-2 жилийн дотор;
· бага талбайг хамарсан хөнгөн түлэгдэлтийн үед шарх бүрэн эдгэх хүртэл.
з/ эмийн эмчилгээтэй холбоотой:
· антибиотик хэрэглэснээс хойш 14 хоногийн дотор;
· удаан үйлчилгээтэй сонгомол антибиотик эмчилгээ хэрэглэж байгаа бол эмчилгээ дууссанаас 1 сарын дотор;
· аспирин хэрэглэсэн бол 5 хоногийн дотор;
· үрэвслийн эсрэг дааврын бус бусад бэлдмэлүүд хэрэглэсэн бол 48 цагийн дотор;
· ацитретин хэрэглэсэн бол 3 жилийн дотор;
· изотретиноин хэрэглэсэн бол 28 хоногийн дотор;
· дутастерид хэрэглэсэн бол 6 сарын дотор;
· финастерид хэрэглэсэн бол 28 хоногийн дотор.
и/ дархлаажуулалттай холбоотой:
· Булчин задрах тахал, хижиг, менингитээс урьдчилан сэргийлэх тарилга хийлгэснээс хойш 72 цагийн дотор;
· Улаанбурхан, улаанууд, гахайн хавдар, салхинцэцэг, шар чичрэг, томуугийн урьдчилан сэргийлэх тарилга хийлгэснээс хойш 1 сарын дотор;
· Амьгүй вакцин (татран, сахуу, хөхүүл ханиад, хижиг, булчин задрах гэх мэт) хийлгэснээс хойш 10 хоногийн дотор;
· Татрангийн антитоксин хийлгэснээс хойш 3 сарын дотор;
· Татрангийн иммуноглобулин хийлгэснээс хойш 6 сарын дотор;
· Амьд вакцин (тарваган тахал, БЦЖ, татран) хийлгэснээс хойш 1 сарын дотор;
· Галзуу, бруцеллёзын урьдчилан сэргийлэх тарилга хийлгэснээс хойш 1 жилийн дотор;
· Тархвар зүйн заалтаар Гепатит В вакцин хийлгэсэн бол 1 жилийн дотор;
· Урьдчилан сэргийлэх зорилгоор Гепатит В вакцин хийлгэсэн бол 14 хоногийн дотор.
к/ бэлгийн замын өвчинтэй холбоотой:
· Заг хүйтэн өвчин эдгэрснээс хойш 1 жилийн дотор.
л/ хоол боловсруулах замын өвчинтэй холбоотой:
· Ходоодны шарх бүрэн эдгэртэл.
м/ зүрх, судасны өвчинтэй холбоотой:
· Хэрвээ одоо эхэлж байгаа болон даралт бууруулах эмчилгээг сольсон тохиолдолд цусны даралт тогтворжсоноос хойш 28 хоногийн дотор.
Тайлбар: Эмээр хянаж болдог, тогтвортой хүндрэлгүй артерийн даралт ихсэлтийн үед донор байж болно.
н/ бусад:
· архи согтууруулах ундаа хэрэглэснээс хойш 3 хоногийн дотор;
· харшил сэдэрсэн үед;
· төмөр, витамин B12, фолийн хүчлийн дутагдлын цус багадалт бүрэн эдгэртэл;
· хамуу өвчин бүрэн эдгэртэл;
· цус өгөхөөс өмнө өөх, тостой хоол, айраг, сүү хэрэглэсэн бол 1 өдрийн дотор;
· бүслүүр үлд, псориаз өвчин сэдэрсэн үед;
· хатиг, арьсны идээт үрэвсэл эдгэрснээс хойш 1 сарын дотор.
4.1.4.2.Цус өгөхийг бүрмөсөн хориглох заалт:
а/ сүрьеэгээр өвдсөн;
б/ В, С гепатитаар өвдсөн,вирус тээгч;
в/ тархины судасны эмгэг, тархины цус харвалт, тархины цус хомсрох байдал, тархины гэмтэлтэй;
г/ сэтгэцийн өвчинтэй;
д/ зүрхний цусан хангамжийн дутагдал, зүрхний шигдээс, зүрхний хэм алдагдал, зүрхний гажиг, зүрхний кардиомиопатия, зүрхний төрөлхийн эмгэгүүдтэй;
е/ чихрийн шижин, бамбай булчирхай, бөөрний дээд булчирхайн өвчнүүдтэй;
ж/ хорт хавдартай;
з/ шалтгаан тодорхойгүйгээр тунгалгийн булчирхай томрох, гүйлгэх, турах /5кг-аас дээш/ биеэр тууралт гарах, шөнө хөлрөх шинж тэмдэгтэй;
и/ тромбоцитопени, полицитеми, лейкоз, гемоглобинопати, лимфома, эритроцитоз, гемофилиА ба В, таласеми оноштой;
к/ эпилепси оноштой;
л/ 12 нугалаа гэдэс, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, элэгний хатууралтай;
м/ архаг архичин;
н/ зүрх, тархины ямар нэг мэс засал хийлгэсэн;
о/ дэлүү, бөөр авах мэс засал хийлгэсэн;
ө/ тархмал склерозтой;
п/ бөөрний аяганцарын цочмог болон архаг үрэвсэлтэй;
р/ бөөрний цочмог, архаг дутагдалтай;
с/ тэмбүүгийн халдвартай;
т/ ХДХВ-ийн халдвартай:
у/ хөгжлийн бэрхшээлтэй, ямар нэг эрхтний төрөлхийн аномалитай;
ү/ дор дурдсан эрсдэлтэй зан үйл бүхий хүн:
· Ижил хүйстэн эрчүүд болон бисекс хүн;
· Мансуурах бодис хэрэглэгчид;
· Биеэ үнэлэгч;
· Ариутгаагүй, хурц үзүүртэй багажаар өөрийгөө гэмтээгч зан үйлтэй хүн;
· Дээрх зан үйл бүхий хүмүүстэй бэлгийн хавьталд орогч;
· Хоригдол.
ТАВ.ДОНОРООС ЦУС АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
5.1.Донороос цус авах үйл ажиллагааг цус сэлбэлт судлалын чиглэлээр мэргэшсэн буюу сургагдсан эмнэлэгийн мэргэжилтэн холбогдох журам, стандарт ажиллагааны болон тоног төхөөрөмж ажиллуулах зааврын дагуу гүйцэтгэнэ.
---оОо--
Текст томруулах
A
A
A