A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 50 дугаар
    тогтоолын хавсралт

 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ
ЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Оршил

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх) нь Засгийн газрын танхим, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд (цаашид “сайд” гэх)-аас шийдвэр гаргах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр, хоршооны болон дотоод худалдаа, үйлчилгээний салбарын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах, салбарын хяналт шалгалт хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд тус яамны үйл ажиллагааны стратеги болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино. (Засгийн газрын 2023 оны 41 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичиг, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 7 дугаар тогтоолыг тус тус үндэслэн боловсруулав.

1.3. Хууль, эрх зүйн орчин (Засгийн газрын 2023 оны 41 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомж, бодлогын хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;

-Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;

-Төрийн албаны тухай хууль;

-Захиргааны ерөнхий хууль;

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль;

-Хууль тогтоомжийн тухай хууль;

-Захиргааны ерөнхий хууль;

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

-Төсвийн тухай хууль;

-Засгийн газрын тусгай сангийн тухай хууль;

-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль;

-Хүнсний тухай хууль;

-Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль;

-Органик хүнсний тухай хууль;

-Баяжуулсан хүнсний тухай хууль;

-Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль;

-Хувиргасан амьд организмын тухай хууль;

-Технологи дамжуулах тухай хууль;

-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль;

-Малын генетик нөөцийн тухай хууль;

-Газрын тухай хууль;

-Газрын төлбөрийн тухай хууль;

-Тариалангийн тухай хууль;

-Таримал ургамлын үр, сортын тухай хууль;

-Үрийн тариалангийн даатгалын тухай хууль;

-Ургамал хамгааллын тухай хууль;

-Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль;

-Хог хаягдлын тухай хууль;

-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль;

-Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль;

-Усны тухай хууль;

-Байгаль орчныг хамгаалах тухай хууль;

-Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль;

-Тамхины хяналтын тухай хууль;

-Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль;

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль;

-Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль;

-Хоршооны тухай хууль;

-Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;

-Аудитын тухай хууль;

-Төрийн аудитын тухай хууль;

-Төрийн хяналт шалгалтын тухай хууль; 

-Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль; 

-Зөрчлийн тухай хууль;

-Зөвшөөрлийн тухай хууль;


-Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль; 

-Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль;     
            
 
-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль; 

-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль; 

-Цахим гарын үсгийн тухай хууль; 

-Кибер аюулгүй байдлын тухай хууль; 

-Хөдөлмөрийн тухай хууль; 

-Малын тоо толгойн албан татварын тухай хууль; 

-Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль; 

-Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль; 

-Шинэ сэргэлтийн бодлого;

-Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл;

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;

-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого;

-Ногоон хөгжлийн бодлого;

-Төрөөс малчдын талаар баримтлах бодлого;

-Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого;

-Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого;

-Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого;

-Гурван тулгуурт хөгжлийн бодлого;

-Бусад хууль тогтоомж, бодлогын баримт бичиг.

1.4. Арга зүй (Засгийн газрын 2023 оны 41 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

Хөтөлбөрийг засаглал болон өөрчлөлтийн удирдлага, байгууллагын өөрчлөлтийн онол, арга зүй, олон улсын туршлага, өмнөх хөтөлбөрүүдийн туршлага, сургамжид үндэслэн оролцооны аргыг ашиглан боловсрууллаа. Мөн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал, тэргүүлэх чиглэл, стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилт, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход хэрэглэдэг арга зүйг ашиглав.

1.5. Яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг төлөвлөх, төсөл боловсруулах, хуульд заасны дагуу хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын биелэлтэд хяналт тавих, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын бодлого, стратегийг төлөвлөх, бодлого, нэгдсэн чиглэл, удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлж, холбогдох байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, тэдгээрийн харилцан уялдааг зохицуулах ба хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллана.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэглэгчийг дор дурдсанаар бүлэглэн тодорхойлов:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бодлого, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны бодлого, зохицуулалтын үндсэн хэрэглэгч нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Засгийн газрын танхим байна.

Яамны бодлого, зохицуулалтын үйлчлүүлэгч нь бусад яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, сайдын эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага байна.

Яамны бодлого, зохицуулалт нь дээр дурдсан хэрэглэгчдийн албан үүргээ хэрэгжүүлэх болон үйлчлүүлэгчдийн эрэлт, хэрэгцээг хангахад чиглэнэ.

Яамны стратегийн бодлого, зохицуулалтыг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг үндсэн хэрэглэгч, үйлчлүүлэгчийн хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги

2.1. Стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын        2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэж, сайдад өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, мэдээ, мэдээлэл, дэмжлэг, салбарын төсөв, улсын болон орон нутгийн өмчийг үр ашигтай захиран зарцуулах, төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагааг ил тод, шуурхай байлгахад оршино. (Засгийн газрын 2024 оны 130 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.2. Стратегийн тэргүүлэх чиглэл

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны стратегийн тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1. мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнсний болон хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоо, дотоод худалдаа, маркетингийн бодлого боловсруулах, тогтвортой хөгжлийг хангах, эрчимжүүлэх, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

2.2.2. мал, амьтныг гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний гаралтыг тогтвортой бууруулж, тархалтыг зогсоох, өвчингүй тайван бүсийг баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх;

2.2.3. малын генетик нөөцийн үйл ажиллагааг төлөвлөх, нөөцийг тогтоох, төлөв байдлыг үнэлэх, бүртгэх, тэдгээрийг тогтвортой ашиглах, хамгаалах үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарц, чанарыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлж, дэмжин хөгжүүлэх;

2.2.4. мал, амьтан, таримал ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, малын тэжээл, түүний нэмэлтийн хорио цээр, экспорт, импортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.2.5. хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, усан хангамжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.2.6. тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, эрчимжүүлэх, таримал ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, тариалангийн эдэлбэр газрыг эргэлтэд оруулах, хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах, ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;

2.2.7. байгалийн гэнэтийн аюул, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах;

2.2.8. салбарын үйлдвэрлэлд шинэ, дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх, нутагшуулах, техникийн шинэчлэлийг хийх;

2.2.9. хөнгөн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, ноос, ноолуур, арьс, ширийг гүн боловсруулах, импортыг орлох, экспортын баримжаатай сүлжмэл, нэхмэл, оёмол хувцас, арьс, ширэн бүтээгдэхүүн, хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;

2.2.10. хүн амын эрүүл, баталгаат хоол, хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоод худалдааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.2.11. өндөр технологийн шинэ салбаруудыг хөгжүүлэн мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих, мэдээллийн технологийн хөгжилд нийцүүлэн иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг цахимжуулан, шуурхай, ил тод байдлыг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой бодлого, зохицуулалтыг бий болгох, хэрэгжүүлэх;

2.2.12. хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эдийн засаг, төсвийн тооцоо, хөрөнгө оруулалт, урсгал зардлын төсвийн төлөвлөлт, санхүү, төсвийн хэрэгжилт, худалдан авах ажиллагааны төлөвлөлт, тайлагналт, төрийн сангийн үйл ажиллагааг эрхлэх, төсвийн ил тод байдлыг хангаж ажиллах.

2.2.13.хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангуулах, шим тэжээллэг, аюулгүй хүнсээр хангагдах, чанартай үйлчилгээ хэрэглэх, бизнес эрхлэх таатай орчныг бий болгоход үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх. (Засгийн газрын 2023 оны 41 дүгээр тогтоолоор нэмсэн)

2.2.14.мал, амьтны гоц халдварт өвчин болон ургамлын гадаад хорио цээртэй өвчний халдвар, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал улсын хилээр нэвтрэн тархах эрсдэл үүсэж болзошгүй нөхцөлбайдлаас урьдчилан сэргийлэх. (Засгийн газрын 2024 оны 130 дугаар тогтоолоор нэмсэн)

2.3. Яамны алсын хараа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр, хоршоо, дотоод худалдаа, үйлчилгээний салбарыг олон улсын зах зээлд өрсөлдөхүйц хөгжлийн шинэ шатанд гаргаж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ.

2.4. Яамны эрхэм зорилго

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь салбарын бодлогыг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх замаар түүхий эдийн нөөцийг зохистой ашиглах, импортыг орлох, экспортын баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн орлого, бүтээмжийг өсгөн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн салбарын эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл, баталгаат, шим тэжээллэг хүнс, эрүүл ахуй, хэрэглээний шаардлага хангасан хувцас, хэрэгслээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

2.5. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны эрхэм зорилгын хүрээнд дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1. төрийн захиргааны удирдлагаар хангах, бүтцийн дотоод зохицуулалт, үйлчилгээг эрхлэх, салбарын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх;

2.5.2. мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнсний болон хөнгөн, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоо, дотоод худалдааны салбарын хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн төсөл, урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөл боловсруулах, бодлогын үр нөлөөний үнэлгээ хийж удирдамжаар хангах, хоёр талын болон олон талт гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх, салбарын чиглэлээр төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, салбарын статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээ, мэдээллээр хангах;

2.5.3. мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлого болон малын генетик нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэх, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.4. газар тариалангийн үйлдвэрлэлийн бодлого болон хөрс, ургамал хамгаалал, үр сортын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.5. хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.6. хүнс, хоол үйлдвэрлэл, дотоод худалдааны бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.7. салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах;

2.5.8. төсвийн ерөнхийлөн захирагчийн эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаа, худалдан авах ажиллагааг зохион байгуулах.

2.5.9.салбарын хяналтын чиглэлээр байгууллагын өмнө тавигдсан зорилго, зорилтыг төсвийн шууд захирагч, нэгжийн даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр дамжуулан хэрэгжүүлэх, салбарын хяналт шалгалтын бодлого боловсруулах, төлөвлөх, бодлогын болон гүйцэтгэлийн удирдлагаар хангах, хууль тогтоомж, түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмын биелэлтэд хяналт тавих, хэрэгжилтийг  хангуулах, олон улсын хөл хориот хүний халдварт өвчин, мал, амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс хил дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний чадавхыг сайжруулах, импорт, экспортын барааны аюулгүй байдлыг ханган, гадаад худалдаа эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх. (Засгийн газрын 2023 оны 41 дүгээр тогтоолоор нэмсэн. Засгийн газрын 2024 оны 130 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2.6. Стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.6.1. үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.6.1.1. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, салбарын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийн тайланг гаргах, олон нийттэй харилцах;

2.6.1.2. хууль тогтоомжийн үзэл баримтлал, төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилган хууль тогтоомжийн уялдааг хангаж, гэрээний болон яамнаас гарах шийдвэрийн төслийн эрх зүйн үндэслэлийг хянах, сайд болон бүтцэд шийдвэр боловсруулан гаргахад эрх зүйн дэмжлэг үзүүлэх.

2.6.2. үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.6.2.1. салбарын хууль тогтоомжийн төсөл болон салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци, маркетингийн бодлогын хувилбар, төслийг эдийн засаг, нийгэм, байгаль орчны нөлөөллийн судалгаа, дүн шинжилгээ, бүтээмж, үр ашгийн тооцооллын үндсэн дээр боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.6.2.2. салбарын бодлого, зорилттой нийцүүлэн хоёр талын болон олон талт гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.6.2.3. мэдээллийн технологийн хөгжилд нийцүүлэн иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сүлжээ байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.

     2.6.3. үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.6.3.1. мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, эрчимжүүлэх, бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, усан хангамжийг сайжруулах, малыг байгаль, цаг агаарын эрсдэлээс хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.6.3.2. малчны орлого нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.6.3.3. мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, халдварт, гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчинтэй тэмцэх, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.6.3.4. малын генетик нөөцийн үйл ажиллагааг төлөвлөх, нөөцийг тогтоох, төлөв байдлыг тодорхойлох, үнэлэх, тайлагнах, үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг тогтоох, хянан баталгаажуулах, малын үндэсний генийн санг  бүрдүүлж хамгаалах, баяжуулах, малд удам зүйн үнэлгээ явуулах, гойд ашиг шимт мал шалгаруулах, доройтолд орсон, устаж мөхөх эрсдэлд хүрсэн малын төрөл, зүйлийг тогтоож, хамгаалах, малын үүлдэрлэг байдлыг бататган сайжруулах, ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг тогтоох санал боловсруулах, үржил селекцийн ажлыг мэргэжлийн арга зүйгээр удирдан зохион байгуулах, зохицуулах;

2.6.3.5. малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, мэдээллийг тухай бүрд баяжуулах, малд дахин давтагдахгүй хувийн дугаар, гэрчилгээ олгох, бүртгэлжүүлэх, малчид, малчин өрхийн бүртгэлийг хөтлөх, гэрчилгээ, баталгааны тэмдэг олгох, хяналт тавих.

2.6.4. үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.6.4.1. тариалангийн үйлдвэрлэлийн байгаль, цаг агаарын эрсдэл даах чадавхыг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үр, сортын шинэчлэл, хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах, таримал ургамлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн тогтвортой, хүртээмжтэй хангамжийг бий болгох бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.6.4.2. тариалангийн үйлдвэрлэлд байгаль орчинд ээлтэй техник, технологи нэвтрүүлэн тогтвортой хөгжлийг хангах, эрчимжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

2.6.5. үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

2.6.5.1. хөнгөн үйлдвэрийн салбарт экспортын баримжаатай болон импортыг орлох бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, үнэ цэнийн болон кластерын сүлжээг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.6.5.2. хөнгөн үйлдвэрийн инноваци, технологийн шинэтгэлийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах.

2.6.6. үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

2.6.6.1. хүнсний үйлдвэрлэлд үнэ цэнийн болон кластерийн сүлжээг хөгжүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, импортыг орлох болон экспортлох боломжийг нэмэгдүүлэх, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл, импортын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.6.6.2. хүнсний сүлжээний бүх үе шатанд бүртгэл, чанарын удирдлага, хяналт-баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх, мэдээллийн цахим санг ажиллуулах;

2.6.6.3. дотоод худалдааны оновчтой тогтолцоог бий болгох, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлдвэрийг худалдаагаар дэмжих бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

2.6.7. үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

2.6.7.1. салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, биелэлтийн хэрэгжилтийг хангуулах, хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх;

2.6.7.2. салбарын хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, төслийн арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн, гүйцэтгэлийн болон нийцлийн дотоод аудит хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гарган үр ашгийг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагаар хангах;

2.6.8. үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:

2.6.8.1. хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын урт, дунд, богино хугацааны төсвийн төлөвлөлт, төсвийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ,  урсгал зардал, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, арга хэмжээний төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, тайлагнах, салбарын гадаадын төсөл, хөтөлбөрийн төсвийн нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтыг хангах;

2.6.8.2. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг нэгтгэн тайлагнах, яамны санхүүгийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах, тайлагнах, төрийн өмчийн бүртгэлд хяналт тавих, харьяа байгууллагуудыг санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэл, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

2.6.8.3. төсвийн ерөнхийлөн захирагчийн бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг хангах, тайлагнах, төрийн сангийн үйл ажиллагааг эрхлэх, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, төсвийн ил тод байдлыг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх.

2.6.9.үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд: (Засгийн газрын 2023 оны 41 дүгээр тогтоолоор нэмсэн)

2.6.9.1.салбарын хяналт шалгалтын үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнд дүн шинжилгээ хийж, боловсронгуй болгох, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах;

2.6.9.2.салбарын хяналтын тогтолцоог хөгжүүлэх, стратеги төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалтын стандарт, нийтлэг шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох;

2.6.9.3.хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр шинэ дэвшилтэт техник, технологиор хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, дотоодын болон олон улсын мэргэшсэн  шинжээчдийг ажиллуулах, эрх зүйн болон эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хэрэгжүүлэх.


2.6.9.4.мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл, шаардлага, аюулгүй байдлыг баталгаажуулах, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлохын өмнө эрсдэлийн үнэлгээ хийж, импортын мэдэгдэл болон холбогдох гэрчилгээг олгох; (Засгийн газрын 2024 оны 130 дугаар тогтоолоор нэмсэн)

2.6.9.5.гадаад орны мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын байгууллагатай амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл мэнд, хорио цээрийн нөхцөлийг тохиролцох, хяналт, шалгалтын ажлыг уялдуулан хамтран ажиллах, шаардлагатай тохиолдолд экспортлох эрх бүхий үйлдвэр, аж ахуйн нэгжид мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн үзлэг, хянан магадалгаа хийх. (Засгийн газрын 2024 оны 130 дугаар тогтоолоор нэмсэн)

2.7. Үйл ажиллагааны зорилт

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

2.8. Яамны үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд дор дурдсанаар тодорхойлж байна:

 

Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо,
       зохион байгуулалтын бүтцийн нэгжийн чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоог боловсруулахад баримталсан зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:

3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2. эрх мэдлийн зааг ялгаа нь тодорхой үүрэг хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон төрийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тэлэх зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг дараахь байдлаар тодорхойлж байна:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

3.3. Зохион байгуулалтын бүтэц

Яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас тус яамны дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дараахь байдлаар тодорхойлж байна:

3.3.1. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагаар хангах, бүтцийн дотоод зохицуулалт, үйлчилгээг эрхлэх, салбарын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн туслалцаа, зөвлөмжөөр хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд салбарын хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийн тайланг гаргах, олон нийттэй харилцах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, хууль тогтоомжийн төсөл, захиргааны хэм хэмжээний акт, гэрээний болон яамнаас гарах шийдвэрийн төсөл боловсруулахад эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагааг оновчтой төлөвлөн зохион байгуулах, тайлагнах, сайдын эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагуудыг төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагаар хангах, хүний нөөцийг чадавхжуулах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн болон байгууллагын нууцын асуудлыг эрхлэх, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, албан хаагчдын ажлаа тайлагнах, үүргээ биелүүлэх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, дээд байгууллагын тогтоол, шийдвэрийн биелэлт гаргах, олон нийттэй харилцах, яамны үйл ажиллагааг сурталчлах, салбарын хууль тогтоомжийн төслийг боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангах, мөрдөж байгаа хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг тогтоох, уялдаа холбоог сайжруулах, бусад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага бусад хэрэглэгч байна. Үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага болон түүний дэргэдэх байгууллага байна.

3.3.2. Бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд салбарын хууль тогтоомж, түүний үзэл баримтлалын төсөл, бодлого, хөтөлбөрийн төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаад төсөл, хөтөлбөр, олон улсын байгууллагуудын арга хэмжээ хоорондын уялдааг хангаж, салбарын бодлоготой уялдуулах, салбарын чиглэлээр иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг цахимжуулах, статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээ, мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарын хууль тогтоомжийн төсөл, шинжлэх ухаан, технологи, инновац, маркетингийн бодлого, хөтөлбөрийн хувилбар, төлөвлөгөөний төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, зөвлөгөө өгөх; салбарын бодлого, зорилттой нийцүүлэн гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх, төсөл, хөтөлбөрийн уялдааг хангах санал боловсруулах, нэгтгэх, хэрэгжилтийг хянаж зохион байгуулах, зохицуулах; мэдээллийн технологийн хөгжилд нийцүүлэн иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг цахимжуулах замаар үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах, салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сүлжээ байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах  чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд гадаад хамтын ажиллагааны нэгж, мэдээллийн технологи, статистикийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нэгж нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, хоршооны салбарын хөгжил, шинэчлэлийг авчрах эдийн засаг, санхүү болон тогтолцооны үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий хууль тогтоомж, шийдвэрийн төслийг боловсруулах, түүний үр ашгийн тооцоо, судалгааг хийх, төсөл, хөтөлбөрийн санал боловсруулах, нэгтгэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, төсөл, хөтөлбөрийн уялдааг хангах, зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд болон бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үйл ажиллагаанд оролцож байгаа бүх байгууллага, удирдах, гүйцэтгэх албан тушаалтныг мэдээллийн технологи, статистик мэдээ, мэдээлэл, дүгнэлт, зөвлөмжөөр цаг тухайд нь хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд байна.

Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад яам, Засгийн газрын агентлаг, сайдын эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага болон түүний дэргэдэх байгууллага, олон улсын байгууллага, төслийн нэгжүүд байна.

3.3.3. Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэл, мал эмнэлгийн болон малын генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, эрчимжүүлэх, бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, усан хангамжийг сайжруулах, малыг байгаль, цаг агаарын эрсдэлээс хамгаалах, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, малчны орлого нэмэгдүүлэх, мал, амьтныг эрүүлжүүлэх, халдварт гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчинтэй тэмцэх, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, малын генетик нөөцийн үйл ажиллагааг төлөвлөх, малын үржил, селекц, генетик нөөцтэй холбоотой бодлого, стратегийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, мэдээллийг тухай бүрд баяжуулах, хэрэглэгчийг мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд малын генетик нөөцийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн цаг үеийн ажлыг нэгтгэн зохион байгуулж, шаардлагатай асуудлаар шуурхай зохицуулалт хийх талаар арга хэмжээг төлөвлөж батлуулан хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах ажил, үйлчилгээг хариуцаж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилт, төсөв, санхүүгийн болон бусад нөөцийн хангамж, хүртээмжийн байдалд дүн шинжилгээ хийх замаар малын үржил, бүртгэл, малын генетик нөөцийн үйл ажиллагааны талаарх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хамтран ажиллах, мэдээллээр хангах, мал аж ахуйн асуудлаар төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог хангах, нутгийн захиргааны болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, тэдний үйл ажиллагааг төрийн бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, хувийн хэвшлийн мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж, малчин, мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна.

Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Байгаль орчин, аялал, жуулчлалын яам болон бусад яамд, Мал эмнэлгийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

3.3.4. Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд тариалангийн үйлдвэрлэлийн байгаль, цаг агаарын эрсдэл даах чадавхыг нэмэгдүүлж уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, үр, сортын шинэчлэл, хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах, таримал ургамлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн тогтвортой, хүртээмжтэй хангамжийг бий болгох бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; тариалангийн үйлдвэрлэлд байгаль орчинд ээлтэй техник, технологи нэвтрүүлэн тогтвортой хөгжлийг хангах, эрчимжүүлэх бодлогыг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хөрс, ургамал хамгаалал, үр сортын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь газар тариалангийн талаарх хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж зохицуулах, үр дүнг нь нэгтгэн дүгнэх, газар тариалангийн үйлдвэрлэлийн цаг үеийн ажлыг нэгтгэн зохион байгуулж, шаардлагатай асуудлаар шуурхай зохицуулалт хийх арга хэмжээг төлөвлөж батлуулан хэрэгжүүлж, үр дүнг тайлагнах, тариалангийн салбарын мэргэжлийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангахад чиглэгдэнэ. Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хүргэх замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагатай харилцаа холбоо тогтоож, тэдний үйл ажиллагааг төрийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, бусад хэрэглэгч байна.

Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

3.3.5. Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарт экспортын баримжаатай болон импортыг орлох бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, үнэ цэнийн болон кластерын сүлжээг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; хөнгөн үйлдвэрийн инноваци, технологийн шинэтгэлийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдад хөнгөн үйлдвэрийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулж, төр, хувийн хэвшлийн харилцан уялдаа холбоог хангах зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхэд чиглэнэ. Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хүргэх замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа аж ахуйн нэгж, байгууллагатай түншлэлийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг төрийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, стандарт, хэмжил зүйн болон мэргэжлийн хяналтын төв байгууллага, бусад яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна. (Засгийн газрын 2024 оны130 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3.3.6. Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд хүнсний үйлдвэр, дотоод худалдааны бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хүнсний болон хоол үйлдвэрлэлд үнэ цэнийн болон кластерийн сүлжээг хөгжүүлэх, хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, импортыг орлох болон экспортлох боломжийг нэмэгдүүлэх, хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл, импортын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; хүнсний сүлжээний бүх үе шатанд бүртгэл, чанарын удирдлага, хяналт, баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх, мэдээллийн цахим санг ажиллуулах, дотоод худалдааны бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, дотоод худалдааны талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулах, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын харилцан уялдаа холбоог хангах үйлчилгээ үзүүлэх, хүнсний үйлдвэр, үйлчилгээг чадавхжуулах, сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хүнсний үйлдвэрлэлийн талаар судалгаа хийх, цахим бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох мэдээллээр хангах, төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хүргэх замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжтэй түншлэлийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг төрийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулахад чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Эрүүл мэндийн яам, стандарт, хэмжил зүйн болон мэргэжлийн хяналтын төв байгууллага болон бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна. (Засгийн газрын 2024 оны130 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3.3.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, биелэлтийн хэрэгжилтийг хангуулах, хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх; салбарын хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, төслийн арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн, гүйцэтгэлийн болон нийцлийн дотоод аудит хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гарган үр ашгийг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь салбарын бодлого, төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, үйл ажиллагааны хэрэгжилтийн байдал, цаашид үр ашигтай зохион байгуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж гаргах, шаардлагатай мэдээллээр хангахад чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагааны үр дүн, гарц, бодлогын хэрэгжилт, гүйцэтгэлд бодит үнэлгээ, дүгнэлтийг хийх бөгөөд ажлын үр дүн нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн ахиц дэвшил, үр өгөөжийг дээшлүүлэх, төсвийг үр ашигтай зарцуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оруулсан хувь нэмрээр тодорхойлогдоно.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, бусад яамны ижил чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгж, Үндэсний статистикийн хороо, салбарын бүх байгууллага, аж ахуйн нэгж, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.

3.3.8. Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны 8 дугаар зорилтын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, төсөв боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, санхүүгийн байдлыг тайлагнах, төрийн сангийн үйл ажиллагааг эрхлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалт, зардлын жилийн болон дунд хугацааны төсвийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөх, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, батлагдсан төсвийг захиран зарцуулах, тайлагнах, зохицуулалтыг хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, төсвийг ил тод мэдээлэх, гадаадын төсөл, хөтөлбөрийн төсвийн нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтыг хангах, төрийн сангийн үйл ажиллагааг эрхлэх, салбарын харьяа байгууллагуудад санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, яамны санхүү, аж ахуйн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хариуцах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, харьяа төсвийн төвлөрүүлэн болон шууд захирагчид, төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдлага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, улсын төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна.

Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, Үндэсний аудитын газар, нутгийн захиргааны байгууллага, гааль, татвар, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын байгууллага байна.

3.3.9.Салбарын хяналтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг: (Засгийн газрын 2023 оны 41 дүгээр тогтоолоор нэмсэн)

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих төрийн хяналт шалгалтыг төрийн бодлого, олон улсын гэрээ хэлэлцээр, протокол, санамж бичиг, конвенц, стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх, мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах, салбарын хүний нөөцийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт стандартыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх
, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлохын өмнө эрсдэлийн үнэлгээ хийж, импортын мэдэгдэл, холбогдох гэрчилгээ олгох, гадаад орны мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын байгууллагатай амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл мэнд, хорио цээрийн нөхцөлийг тохиролцох, хяналт, шалгалтын ажлыг уялдуулан хамтран ажиллах, шаардлагатай бол экспортлох эрх бүхий үйлдвэр, аж ахуйн нэгжид мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн үзлэг, хянан магадалгаа хийх үндсэн чиг үүрэг хүлээнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хяналтын нэгж, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн хяналтын нэгж ажиллана. (Засгийн газрын 2023 оны 112 дугаар тогтоол, Засгийн газрын 2024 оны 130 дугаар тогтоолоор тус тус нэмэлт орсон)

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь мал эмнэлэг, мал, амьтны үржлийн болон ургамал хамгаалал, хорио цээр, таримал ургамлын үр сортын чанарын хяналт, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хоол үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр тавигдах стандарт шаардлагыг хангуулах, аливаа сөрөг нөлөөлөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналт шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх, бодлого, нэгдсэн чиглэл, удирдамжаар хангах, салбарын хяналтын бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулах ажлыг салбарын яамны тогтолцоо, стратеги, төлөвлөлт, зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг, иргэд байх бөгөөд шууд бус      хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, бусад яамны ижил чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгж, Үндэсний статистикийн хороо, гаалийн байгууллага, салбарын бүх байгууллага, аж ахуйн нэгж, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна. (Засгийн газрын 2024 оны 130 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

 

---о0о---