A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 10 дугаар
    тогтоолын хавсралт

 

СОЁЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН
БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

(Засгийн газрын 2021 оны 300 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Оршил

Соёлын яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь Засгийн газрын болон Соёлын сайд (цаашид “сайд” гэх)-ын эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, салбарын хөгжлийн стратегийг тодорхойлох, бодлогын удирдамжаар хангах, төрийн захиргааны удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход оршино.

1.2  Үндэслэл

Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

     - Монгол Улсын Үндсэн хууль;

     -Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;

     -Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;

     -Төсвийн тухай хууль;

     -Хууль тогтоомжийн тухай хууль;

     -Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль;

     -Төрийн албаны тухай хууль;

     -Захиргааны ерөнхий хууль;

     -Зөрчлийн тухай хууль;

     -Эрүүгийн хууль;

     -Засгийн газрын тусгай сангийн тухай хууль;

     -Соёлын тухай хууль;

     -Соёлын өвийг хамгаалах тухай хууль;

     -Номын сангийн тухай хууль;

     -Олон улсын гэрээний тухай хууль;

     -Монгол хэлний тухай хууль;

     -Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль;

     -Үндэсний их баяр наадмын тухай хууль;

     -Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

     -Төрийн хяналт шалгалтын тухай хууль;

     -Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;

     -Инновацийн тухай хууль;

     -Оюуны өмчийн тухай хууль;

     -Патентийн тухай хууль;

     -Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль;

     -Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль;
     
     -Холбогдох бусад хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад засаглал болон өөрчлөлтийн удирдлага, байгууллагын өөрчлөлтийн онол, арга зүй, олон улсын болон өмнөх хэрэгжсэн хөтөлбөрүүдийн туршлага, сургамжид үндэслэн хөтөлбөр боловсруулах ажилд оролцооны аргыг ашиглалаа. Мөн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал, тэргүүлэх чиглэл, стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилт, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход хэрэглэдэг арга зүйг ашиглав.

1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь соёлын талаарх хууль тогтоомж, бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, сайд болон Засгийн газарт мэргэжлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Яам нь өөрийн хариуцсан чиг үүргийн хүрээний асуудлаар Засгийн газарт зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ. Хариуцсан чиг үүргийн дагуу иргэдэд шуурхай, мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь үйлчлүүлэгч буюу тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тооцов. Эдгээр үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдийн бүлгийг дор дурдсанаар тодорхойлов:

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газрын танхим, иргэн байна. Яамны стратегийн бодлого, зохицуулалт нь нэн түрүүнд үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн хувьсан өөрчлөгдөж байгаа нийтлэг болон онцлог эрэлт, хэрэгцээ, үндэсний тусгаар тогтнолын дархлааг хангахад чиглэнэ.

Үндсэн үйлчлүүлэгч, хэрэглэгчийн үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тус тус тусган хэрэгжүүлнэ.

Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги

2.1. Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын        2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах соёлын салбарын үндсэн зорилт, чиг үүрэг болох соёл, урлагийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, соёл, урлагийн байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үндэсний өв, соёлыг хамгаалж өвлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засаг, нийгмийг хөгжилд оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх, соёл, урлагийн ололт амжилтыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хүн амын амьдралын чанарыг сайжруулах зорилтуудыг хэрэгжүүлэхэд мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

      2.2.1. соёлын салбарын үйл ажиллагаанд мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлэх;

      2.2.2. иргэдийн соёлын үйл ажиллагаанд чөлөөтэй оролцох боломжийг бүрдүүлэх, төрөөс иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх замаар олон нийт, нийгмийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах;

      2.2.3. уран бүтээлчдийн оюуны өмч болон зохиогчийн эрх, түүнд хамаарах бусад эрхийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх;

      2.2.4. соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэх, яам, хууль сахиулах байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах;

      2.2.5. соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх;

      2.2.6. салбар дундын болон иргэн, хувийн хэвшлийн соёлын хамтын ажиллагааны тогтвортой, үр өгөөжтэй механизмыг бүрдүүлж хөгжүүлэх;

      2.2.7. соёлын бодлогод судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх.

2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Яамны эрхэм зорилго нь ард иргэдийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн соёл, урлагийн чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, түүх, соёлын өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, уламжлал, шинэчлэлийг хослуулсан үндэсний онцлогтой соёл, урлагийг хөгжүүлэхэд оршино.

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, эрхэм зорилгын хүрээнд дор дурдсан стратегийн зорилтуудыг хэрэгжүүлнэ:

      2.4.1. соёлын салбарын хөгжлийн дунд, урт хугацааны бодлого, төлөвлөлтийг тодорхойлох, хууль, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, батлуулах, салбарын үйл ажиллагаанд мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, статистик тоон мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх;

      2.4.2. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах, салбарын хүний нөөцийн үйл ажиллагааг зохицуулах, соёлын салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэх, гадаадын төсөл, хөтөлбөрийг нэгдсэн удирдлагаар хангах;

      2.4.3. соёлын салбарын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, эрх зүйн баримт бичиг, төслийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, албан болон албан бус боловсролын тогтолцоогоор дамжуулан иргэдийн соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэх;

      2.4.4. ардын болон сонгодог урлаг, орчин үеийн урлагийн бүтээл туурвих, бүтээх, түгээн дэлгэрүүлэх бодлого, төлөвлөгөө, эрх зүйн баримт бичиг, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, уран бүтээлчдийн оюуны өмч болон зохиогчийн эрх, түүнд хамаарах бусад эрхийг хамгаалах;

      2.4.5. соёлын биет болон биет бус өв, баримтат өвийг бүртгэх, нэгдсэн сан хөмрөг үүсгэх, судлах, хадгалах, сэргээх, сурталчлах бодлого, төлөвлөгөө, эрх зүйн баримт бичиг, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах;

      2.4.6. соёлын салбарын санхүү, хөрөнгө оруулалт, соёлын үйлдвэрлэл, инновацийн бодлогын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, төсөв боловсруулах, батлагдсан төсвийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, төрийн сангийн үйл ажиллагааг эрхлэх, хөрөнгө оруулалтын мэдээллийн цахим сан бүрдүүлэх, хөгжүүлэх, шинжилгээ хийх, мэдээллээр хангах;

      2.4.7. соёлын салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилт болон яамны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах.

2.5. Үйл ажиллагааны гол зорилт

Стратегийн зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ.

      2.5.1. үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

               2.5.1.1. соёлын салбарын хөгжлийн дунд, урт хугацааны бодлогын чиг хандлагыг тодорхойлох, түүнд нийцсэн хөрөнгө оруулалт, төсвийн хэрэгцээний шинжилгээ хийх, төсөл боловсруулах, батлуулах;

               2.5.1.2. соёлын салбар хоорондын бодлогын уялдааг хангаж нэгдсэн төлөвлөлт хийх, удирдамжаар хангах, хуулийн төсөл боловсруулах, батлуулах;

               2.5.1.3. соёлын салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих дунд, урт хугацааны төсөл боловсруулах;

               2.5.1.4. соёлын салбарын статистикийн мэдээлэл нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах;

               2.5.1.5. соёлын салбарын үйл ажиллагааг цахимжуулах, төрийн цахим нэгдсэн системд нийцүүлэх, иргэдэд мэдээллээр үйлчлэх.
2.5.2. үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

           2.5.2.1. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, чадавхыг дээшлүүлэх болон албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн ил тод байдал, цахим үйл ажиллагааг хангах, харьяа байгууллагын удирдлагын үйл ажиллагаа, хүний нөөцийн бүртгэл, хөдөлгөөнийг зохион байгуулах, төрийн захиргааны удирдлагаар хангах;

          2.5.2.2. салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулалтыг бусад хууль тогтоомжид нийцүүлэх, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах төсөл боловсруулах, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх;

          2.5.2.3. салбарын болон яамны гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, олон улсын хурал, уулзалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, яамны гадаад харилцааны асуудлыг зохицуулах.

2.5.3. үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

          2.5.3.1. соёлын салбарын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлагаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

          2.5.3.2. салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах замаар ард иргэдийн соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэх.

2.5.4. үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

           2.5.4.1. ардын болон сонгодог урлаг, орчин үеийн урлагийн бүтээл туурвих, бүтээх, түгээн дэлгэрүүлэх ажлыг удирдлагаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

           2.5.4.2. уран бүтээлчдийн оюуны өмч болон зохиогчийн эрх, түүнд хамаарах бусад эрхийг хамгаалах механизмыг бүрдүүлэх.
 
2.5.5. үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

           2.5.5.1. соёлын өвийг хамгаалах чиглэлээрх хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлагаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

           2.5.5.2. палеонтологи, археологийн эрдэм шинжилгээний болон авран хамгаалах судалгааны ажлыг зохицуулах;

           2.5.5.3. түүх, соёлын дурсгалт зүйл, судалгааны дээжийг хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах;

           2.5.4.4. соёл, урлагийн чиглэлийн судалгаа, шинжилгээг өргөтгөх, хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх.

2.5.6. үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

            2.5.6.1. соёлын салбарын төсвийн жил бүрийн төлөвлөлтийг оновчтой боловсруулах, хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, салбарын харьяа байгууллагын төсвийг нэгтгэн боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

            2.5.6.2. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн сар, улирлын болон хөтөлбөр, арга хэмжээний хуваарилалт хийх, захиран зарцуулах, тайлагнах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулалтаар хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, төсвийг ил тод мэдээлэх;

            2.5.6.3. гадаадын төсөл, хөтөлбөрийн төсвийн нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтыг хангах, төрийн сангийн үйл ажиллагаа эрхлэх;

            2.5.6.4. соёлын салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн жил бүрийн төсвийн төлөвлөлтийг оновчтой боловсруулах, хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

            2.5.6.5. соёлын салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх, худалдан авалтыг зохион байгуулах, хөрөнгө оруулалтын мэдээллийн цахим сан бүрдүүлэх, хөгжүүлэх, шинжилгээ хийх, мэдээллээр хангах;

            2.5.6.6. инноваци нэвтрүүлсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх.

2.5.7. үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:

             2.5.7.1. салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, соёл, урлагийн хяналтыг хяналт-шинжилгээ, тандалт, судалгааны хэлбэрээр хэрэгжүүлж салбарын бодлогыг үр дүнтэй болгох;

             2.5.7.2. салбарын болон яамны санхүүгийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ, дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх.

2.6. Үйл ажиллагааны зорилт

Яам нь үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тус тус нарийвчлан тусган хэрэгжүүлнэ.

2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

Соёлын яамны үйл ажиллагааны стратегийн загвар

 

 

Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо,зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүрэг

 

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримталсан зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:

      3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

      3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

       3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

       3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжийг хүртэл хоёроос дээшгүй шат дамжлагатай байх);

       3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

      3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

       3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яам үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дараахь загвартай байна:

3.3. Зохион байгуулалтын бүтэц

Соёлын яамны үйл ажиллагааны стратеги болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна.

      3.3.1. Стратеги, бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд  соёлын салбарын хөгжлийн дунд, урт хугацааны бодлогын чиг хандлагыг тодорхойлох, түүнд нийцсэн хөрөнгө оруулалт, төсвийн хэрэгцээний шинжилгээ хийх, төсөл боловсруулах, батлуулах, соёлын салбар хоорондын бодлогын уялдааг хангаж нэгдсэн төлөвлөлт хийх, удирдамжаар хангах, хуулийн төсөл боловсруулах, батлуулах, соёлын салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих дунд, урт хугацааны төсөл боловсруулах, соёлын салбарын статистикийн мэдээлэл нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах, соёлын салбарын үйл ажиллагааг цахимжуулах, төрийн цахим нэгдсэн системд нийцүүлэх, иргэдэд мэдээллээр үйлчлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана. Үүний тулд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

Соёлын салбарын дунд, урт хугацааны нэгдсэн бодлого, төлөвлөлт, хуулийн төсөл боловсруулах, салбарын стандарт, норм, нормативыг боловсронгуй болгох, салбарт гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих дунд, урт хугацааны төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангахдаа яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллага хоорондын болон эдгээр байгууллага, аймаг, нийслэлийн захиргааны холбогдох байгууллагын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах, гадаадын байгууллага, судлаачдыг татан оролцуулах, зөвлөмж гаргах, Улсын Их Хурал болон Засгийн газартай харилцах, сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбарын чиглэлээр Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг нэгтгэн зохион байгуулж удирдлагаар хангах, судалгаа, шинжилгээ, салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, статистик мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, соёлын салбарын нэгдсэн мэдээллийн системийг хөгжүүлэх, цахим үйлчилгээг боловсронгуй болгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд мэдээллийн технологи, статистикийн асуудал хариуцсан нэгж ажиллана. Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд мэдээллийн технологи, статистикийг хөгжүүлэх салбарын богино, дунд, урт хугацааны бодлого, төлөвлөлтийн төслийг боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, шаардлагатай эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, яамны харилцаа холбоо, мэдээллийн технологийн найдвартай ажиллагааг хангах замаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх бодлого, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Нэгж нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг бодлогын хувилбар, зөвлөгөө, дэмжлэгээр хангаж, бүх шатны төрийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг бодлогын удирдамж, мэргэшил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээгээр хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, холбогдох бусад яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд байна.

      3.3.2. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах, салбарын хүний нөөцийн үйл ажиллагааг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, чадавхыг дээшлүүлэх болон албан хаагчдын ажиллах, нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, харьяа байгууллагын удирдлагын үйл ажиллагаа, хүний нөөцийн бүртгэл, хөдөлгөөнийг зохион байгуулах, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулалтыг бусад хууль тогтоомжид нийцүүлэх, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.

Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд хууль, эрх зүйн асуудал хариуцсан нэгж ажиллана. Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь яамны үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон төсвийн ерөнхийлөн захирагчаас яамны болон соёлын салбарын төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээ буюу гүйцэтгэлийн төлөвлөгөөг төлөвлөх, тэдгээрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, тогтоол шийдвэрийн биелэлт гаргах, яамны албан хэргийг хөтлөх, яамны үйл ажиллагаанд удирдлагын үр нөлөөтэй арга барил, соёлыг нэвтрүүлэх, ажиллагсдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох цомхон, чадварлаг төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчид яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангах, хууль тогтоомжийн үзэл баримтлал боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төсөл боловсруулах, энэ чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төсөв, хөрөнгийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд гадаад харилцаа, соёлын хамтын ажиллагааны асуудал хариуцсан нэгж ажиллана. Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь салбарын болон яамны гадаад хамтын ажиллагааны чиглэлээр олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, олон улсын хурал, уулзалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, яамны гадаад харилцааны асуудлыг зохицуулахад чиглэгдэж, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төсөв хөрөнгийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, салбарын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, холбогдох бусад яам, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд байна.

     3.3.3. Соёл, гэгээрлийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд соёлын салбарын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлагаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах замаар ард иргэдийн соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэх, олон улсын төсөл, хөтөлбөрийн бодлого, төсвийн хэрэгжилт, хяналт, зохицуулалтыг хангахад чиглэгдэж, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төсөв хөрөнгийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь сайдын эрхлэх асуудлын хүрээний соёлын салбарыг хөгжүүлэх богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, дунд, урт хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, батлагдсан хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн захиргааны болон соёл, урлагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр хангахад чиглэгдэж, энэ чиглэлээр сайдыг цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, соёл, урлагийн байгууллага, эрдэмтэн, судлаач, оюутан, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.

      3.3.4. Урлаг, уран бүтээлийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд ардын болон сонгодог урлаг, орчин үеийн урлагийн бүтээл туурвих, бүтээх, түгээн дэлгэрүүлэх ажлыг удирдлагаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг хөгжүүлэх, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, уран бүтээлчдийн оюуны өмч болон зохиогчийн эрх, түүнд хамаарах бусад эрхийг хамгаалах механизмыг бүрдүүлэх, олон улсын төсөл, хөтөлбөрийн бодлого, төсвийн хэрэгжилт, хяналт, зохицуулалтыг хангах үндсэн үүрэг хүлээж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь сайдын эрхлэх асуудлын хүрээний урлаг, уран бүтээлийг хөгжүүлэх богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, дунд, урт хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, батлагдсан хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн захиргааны болон соёл, урлагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр хангах, энэ чиглэлээр сайдыг цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, соёл, урлагийн байгууллага, эрдэмтэн, судлаач, оюутан, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, соёл, урлагийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.

      3.3.5 Соёлын өвийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд соёлын өвийг хамгаалах чиглэлээрх хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хуулийн хэрэгжилтийг удирдлагаар хангах, хэрэгжилтэд шаардагдах журам, дүрэм болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, палеонтологи, археологийн эрдэм шинжилгээний болон авран хамгаалах судалгааны ажлыг зохицуулах, түүх, соёлын дурсгалт зүйл, судалгааны дээжийг хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, олон улсын төсөл, хөтөлбөрийн бодлого, төсвийн хэрэгжилт, хяналт, зохицуулалтыг хангахад чиглэгдэж, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх, бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төсөв хөрөнгийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь сайдын эрхлэх асуудлын хүрээний соёлын өвийг хамгаалах богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, дунд, урт хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, холбогдох байгууллагаар батлуулахад дэмжлэг үзүүлэх, батлагдсан хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн захиргааны болон соёл, урлагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, мэдээллээр хангахад чиглэгдэж, энэ чиглэлээр сайдыг цаг үеэ олсон мэргэшлийн зөвлөгөө, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, соёл, урлагийн байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна.

      3.3.6. Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд соёлын салбарын төсвийн жил бүрийн төлөвлөлтийг оновчтой боловсруулах, хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, салбарын харьяа байгууллагын төсвийг нэгтгэн боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн сар, улирлын болон хөтөлбөр, арга хэмжээний хуваарилалт хийх, захиран зарцуулах, тайлагнах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, зохицуулалтаар хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, төсвийг ил тод мэдээлэх, гадаадын төсөл, хөтөлбөрийн төсвийн нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтыг хангах, төрийн сангийн үйл ажиллагаа эрхлэх, соёлын салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн жил бүрийн төсвийн төлөвлөлтийг оновчтой боловсруулах, хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах, салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх, хөрөнгийн оруулалтын гүйцэтгэлд аудит хийлгэх, худалдан авалтыг зохион байгуулах, хөрөнгө оруулалтын мэдээллийн цахим сан бүрдүүлэх, хөгжүүлэх, шинжилгээ хийх, мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь сайдын эрхлэх асуудлын хүрээний соёлын салбарын бодлого, үйл ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн жил бүрийн төсвийн төсөл, төсөөллийг үндэслэл сайтай боловсруулах, хамгаалах, төсвийн зардлыг санхүүжүүлэх, санхүүгийн (сангийн) тайлан, мэдээ гаргах, холбогдох хууль тогтоомжийн дагуу төсвийн гүйцэтгэлд аудит хийлгэх, төсвийн зардлыг нийтэд ил тод мэдээлэх, соёлын салбарын эдийн засгийн төлөвлөлт, үндсэн чиглэлийн төсөл боловсруулах, улмаар холбогдох байгууллагаар батлуулах, хэрэгжилтийг хангах, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох ажлыг зохицуулна. 

Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд соёлын үйлдвэрлэл, инновацийн асуудал хариуцсан нэгж ажиллана. Соёл, урлагийн байгууллагын эдийн засгийн үр ашгийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн богино, дунд, урт хугацааны бодлого, төлөвлөлтийн төслийг тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, гадаад улс, олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжих төслүүдийн зураг төсөв, Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, салбарын барилга байгууламжийн нөхцөл, эрсдэлийн судалгаа хийх, хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээллийн цахим сан бүрдүүлэх, тайлагнах чиглэлээр сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, дотоод аудитор, Засгийн газрын тусгай сан, соёл, урлагийн байгууллага, эрдэмтэн, судлаач, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яамд, Сангийн яам, нутгийн захиргааны байгууллага, соёл, урлагийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага байна.

      3.3.7. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, соёл, урлагийн хяналтыг хяналт-шинжилгээ, тандалт, судалгааны хэлбэрээр хэрэгжүүлж салбарын бодлогыг үр дүнтэй болгох, салбарын болон яамны санхүүгийн үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийх, дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэг хүлээж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төсөв, хөрөнгийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэх, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдэж, энэ нь бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын нэгжүүд, ажиллагсдад бодлого, судалгаа, шийдвэрийн үндэслэл, хэрэгжилтийг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн дүгнэлт, зөвлөмж, мэдээлэл, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, салбарын байгууллага, аж ахуйн нэгж байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд байна.

 

 


---о0о---