A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 58 дугаар
    тогтоолын хавсралт

 

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН
ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Оршил

Батлан хамгаалах яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-т Батлан хамгаалахын сайд (цаашид “сайд” гэх) болон Засгийн газрын шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн улсыг батлан хамгаалах стратегийн бодлого, төлөвлөлт, бодлогын удирдамж, хууль, эрх зүйн хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлогын хэрэгжилтийн явц, дотоод үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, төсвийн бодлого, зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль болон Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3. Хууль, эрх зүйн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;

-Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал;

-Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс;

-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;

-Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;

-Төсвийн тухай хууль;

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль;

-Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль;

-Зэвсэгт хүчний тухай хууль;

-Орон нутгийн хамгаалалтын тухай хууль;

-Цэргийн албаны тухай хууль;

-Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль;

-Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль;

  -Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

-Дайчилгааны тухай хууль;

-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого;

-Холбогдох бусад хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахдаа төрийн захиргааны болон цэргийн байгуулалтын онол, олон улсын туршлагад тулгуурлан гадаад, дотоод аюулгүй байдлын орчин, батлан хамгаалахын шинэчлэл, хөгжлийн чиг хандлагад шинжилгээ хийсний үндсэн дээр үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлтийн болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн онол-арга зүйг хэрэглэв.

1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Батлан хамгаалах яам нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын танхимд бүх талын мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Яам нь батлан хамгаалах стратегийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах, удирдамжаар хангах, хууль, эрх зүйн хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлага зохицуулалтаар хангах, батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, төсөв, хөрөнгө оруулалтын бодлого, зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог удирдлагаар хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зохистой, оновчтой удирдана. Батлан хамгаалах яам нь ерөнхий чиг үүргийн яам байж, Засгийн газрын батлан хамгаалахын зөвлөхийн үүрэг, хариуцлагыг хүлээнэ.

1.6. Яамны батлан хамгаалах стратегийн бодлого, удирдлага зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь үндсэн үйлчлүүлэгч буюу тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тооцов. Эдгээр үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдийн бүлгийг дор дурдсанаар тодорхойлов:


Батлан хамгаалах яамны стратегийн бодлого, удирдлага
зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

Батлан хамгаалах яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын танхим байна.

Яамны стратегийн бодлого, удирдлага зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх олон төрлийн нарийн харилцааг зохицуулахад чиглэнэ.

Яамны стратегийн бодлого зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон, тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, алба хаагчдын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

Хоёр. Батлан хамгаалах яамны үйл
        ажиллагааны стратеги

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын        2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
      2.2.1. олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны төлөв, өөрчлөлтийн хандлагад нийцсэн батлан хамгаалах бодлого, зорилтыг тодорхойлж, хууль, эрх зүйн цогц байдлыг хангаж, улс орны батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх;

     2.2.2. үндэсний язгуур ашиг сонирхол, улс орны урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нийцсэн уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх;

     2.2.3. Монгол Улсын батлан хамгаалах эрх ашигт тулгуурласан орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бэхжүүлж, дайчилгааны төлөвлөлтийг боловсронгуй болгох;

     2.2.4. улс орныг батлан хамгаалах үйл ажиллагаа нь иргэн бүрийн оролцоонд тулгуурлах бодлогын зорилтыг хангаж, цэргийн албыг иргэний түүний дотор залуу үеийн төлөвшил, эх оронч үзэл хүмүүжлийн орчин байх нөхцөлийг бүрдүүлэх;

     2.2.5. батлан хамгаалахын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, дэлхийн болон бүс нутгийн орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх;

     2.2.6. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг төгөлдөржүүлж, хөгжлийн төлөвлөлтийг шинэчлэн тодорхойлж, зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах арга хэмжээг чухалчлан бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх;

     2.2.7. зэвсэгт хүчний бүтцэд кибер аюулгүй байдлын болон тусгай хүчний цэргийг байгуулж, бэхжүүлэх;

     2.2.8. энхийг дэмжих ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэх бодлого баримтлах;

     2.2.9. зэвсэгт хүчний бүтцэд Барилга-инженерийн цэргийг байгуулж, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад оролцох чадавхыг бэхжүүлэх;

     2.2.10. батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгож, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг өргөжүүлэх;

     2.2.11. батлан хамгаалах салбарт ажиллагсдын алба хаах нөхцөлийг сайжруулж, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх.

2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Яамны эрхэм зорилго нь олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны төлөв, өөрчлөлтийн хандлагад нийцсэн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлж, улс орны хөгжлийн зорилго, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэн, улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг найдвартай хангах явдал мөн.

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагааны стратегийн дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

     2.4.1. Монгол Улсын батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх стратегийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хувилбар, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлогын нэгдсэн удирдлага, удирдамжаар хангах;

     2.4.2. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хэрэгжүүлэх, батлан хамгаалахын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг хангах, нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, удирдамжаар хангах;

     2.4.3. батлан хамгаалах хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зэвсэглэл, техник, материал хэрэгсэл болон батлан хамгаалах материаллаг нөөцийг шинэчлэх, бүрдүүлэх, хадгалах, хангах ажлыг зохицуулах;

     2.4.4. батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлогын хүрээнд гадаадын улс орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх бодлогыг зохион байгуулах, зохицуулах;

     2.4.5. батлан хамгаалах салбарын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, эрсдэлийг тооцох, хараат бус дотоод аудит явуулах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах;

     2.4.6. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, батлагдсан төсөв, хөрөнгө оруулалтыг үр ашигтай удирдаж, гүйцэтгэлийг хангуулах, батлан хамгаалах төсөв, хөрөнгө оруулалтын бодлого болон салбарын нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодорхойлж, санхүү төсвийн нэгдсэн удирдлагаар хангах.

2.5. Үйл ажиллагаа

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дараахь үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:

     2.5.1. үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

              2.5.1.1. батлан хамгаалах бодлого, хууль, эрх зүйн хэм хэмжээний цогц байдлыг хангаж, салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох эрх зүйн баримт бичгийн хувилбар, төсөл боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн уялдаа холбоог хангах;

             2.5.1.2. Монгол Улсын батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх, Зэвсэгт хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх стратегийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хувилбар боловсруулах, гадаад хамтын ажиллагаа болон энхийг дэмжих ажиллагаа, шинжлэх ухааны ололт, инновацийн бодлогыг тодорхойлж, нэгдсэн удирдлага, удирдамжаар хангах;

            2.5.1.3. орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны тогтолцоог боловсронгуй болгох хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлого, төлөвлөлтийн удирдамжаар хангах.

     2.5.2. үйл ажиллагааны 2 дугаар зорилтын хүрээнд:

             2.5.2.1. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, яамны дотоод үйл ажиллагааг зохицуулах, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагааг удирдамжаар хангах;

             2.5.2.2. батлан хамгаалахын хүний нөөцийн бодлогын баримт бичгийг төгөлдөржүүлэх, нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөгөө боловсруулах, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, удирдамжаар хангах;

             2.5.2.3. төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах, хяналт тавих, удирдамжаар хангах.

     2.5.3. үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

             2.5.3.1. батлан хамгаалах хууль тогтоомж, бодлого, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зэвсэглэл, техникийг шинэчлэх, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, гадаадын зээл, тусламжийг зохицуулах;

             2.5.3.2. материал хэрэгслийн хангалтын бодлого, үндсэн хөрөнгийн асуудлыг зохицуулах, салбарын худалдан авах ажиллагааг зохион байгуулах;

             2.5.3.3. батлан хамгаалах салбарт ажиллагсдын нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах.

     2.5.4. үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

             2.5.4.1. батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлогын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, гадаад улсуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх ажлыг зохицуулах;

             2.5.4.2. хамтын ажиллагаатай улс орон, олон улсын байгууллагатай олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэх, цэргийн дипломатын албыг бэхжүүлэх, өргөжүүлэх, үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах.

     2.5.5. үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

             2.5.5.1. батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, үр дүн, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх;

             2.5.5.2. улсын болон салбарын хөтөлбөр, төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх, биелэлтийг хангахад дэмжлэг үзүүлэх;

             2.5.5.3. төсөв, санхүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, салбарын төсвийн төлөвлөлт, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх, төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах.

     2.5.6. үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

              2.5.6.1. батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд санхүү, төсвийн бодлого, үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх, санхүү, нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодорхойлж, салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлж, төсвийн төсөл боловсруулах;

              2.5.6.2. батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах, харьяа агентлаг, төсвийн байгууллагад санхүү, төсвийн бодлогоор дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

              2.5.6.3. төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний хөрөнгө оруулалтын төсвийн төсөл, богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөж, гүйцэтгэлийг ханган ажиллах;

              2.5.6.4. зэвсэгт хүчний хөгжлийн сангийн төсвийн төлөвлөлт, бодлого үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангаж, сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад нягтлан бодох бүртгэлээр хяналт тавих.

2.6. Үйл ажиллагааны зорилт

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, алба хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар

Батлан хамгаалах яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна.

Батлан хамгаалах яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвар

 

Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион

        байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:

   3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

   3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж, ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

   3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

      3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

      3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

     3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яамны алба хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

     3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Зохион байгуулалтын бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон Батлан хамгаалах яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яам зохион байгуулалтын бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загвартай байна:

Батлан хамгаалах яамны зохион байгуулалтын бүтцийн
ерөнхий тогтолцооны загвар

 

3.3. Зохион байгуулалтын бүтэц

Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги болон зохион байгуулалтын бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна:

      3.3.1. стратегийн бодлого, төлөвлөлт хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх стратегийн бодлого, төлөвлөлт, бодлогын баримт бичгийн хувилбар, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлогын нэгдсэн удирдлага, удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ.

Энэ хүрээнд батлан хамгаалах бодлого, хууль, эрх зүйн хэм хэмжээний цогц байдлыг хангаж, салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох эрх зүйн баримт бичгийн хувилбар, төсөл боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн уялдаа холбоог хангах, Монгол Улсын батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх, Зэвсэгт хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх стратегийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хувилбар боловсруулах, гадаад хамтын ажиллагаа болон энхийг дэмжих ажиллагаа, шинжлэх ухааны ололт, инновацийн бодлогыг тодорхойлж, нэгдсэн удирдлага, удирдамжаар хангах, орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны тогтолцоог боловсронгуй болгох хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлого, төлөвлөлтийн удирдамжаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд батлан хамгаалах бодлого, төлөвлөлтийн нэгж, орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны нэгж, хуулийн нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх стратегийн бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн хэм хэмжээний цогц байдлыг хангах, зэвсэгт хүчний шинэчлэл, цаашдын хөгжлийн чиг хандлагыг төлөвлөх, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг болгон хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийн хувилбар, төсөл боловсруулах, зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бодлого, чиглэлийг боловсруулах, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг өргөжүүлэх, Монгол Улсын батлан хамгаалах эрх ашигт нийцсэн орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бий болгох, улсын дайчилгааны төлөвлөлтийг шинэчлэх, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын хандлагад дүн шинжилгээ хийх, шинжлэх ухааны ололт, инновацийн бодлого, чиглэлийг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэж, сайдыг улс орныг батлан хамгаалах асуудлаар мэдээлэл, санал, зөвлөмжөөр хангаж, шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, мэргэшлийн зөвлөгөө, цаг үеэ олсон шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах, ажиллагсдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, төрлийн цэргийн командлал, удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллага, түүний батлан хамгаалах асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан, эрдэм шинжилгээ, судалгаа, хэвлэл мэдээлэл, батлан хамгаалах төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол  түнш нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд байна.

      3.3.2. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хэрэгжүүлэх, батлан хамгаалахын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг хангах, нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ.

Энэ хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, яамны дотоод үйл ажиллагааг зохицуулах, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, кибер аюулгүй байдлын үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах, батлан хамгаалахын хүний нөөцийн бодлогын баримт бичгийг төгөлдөржүүлэх, нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөгөө боловсруулах, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, удирдамжаар хангах, төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулах, хяналт тавих, удирдамжаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, зохицуулах, хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр, төсөл, урт хугацааны төлөвлөгөө боловсруулах, бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулж хангах, гадаад, дотоодын цэргийн сургуулиудад хүний нөөцийг бэлтгэх бодлогыг зохицуулан хэрэгжүүлэх, батлан хамгаалах салбарт ажиллагсдын нийгмийн хамгаалал, баталгааг сайжруулах хөтөлбөр, төслийг боловсронгуй болгох, батлан хамгаалах үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, холбогдох цахим санг байгуулж, үйл ажиллагаанд ашиглах, мэдээллийн техник, хэрэгслийн ашиглалтад хяналт тавьж, сүлжээний найдвартай ажиллагааг зохион байгуулах, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, яамны нээлттэй байдлыг хангах, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, иргэд, цэргийн алба хаагчдад үзүүлэх мэдээлэл, үйлчилгээний ажлыг бодлогын удирдамжаар хангах, архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдүүлж, хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйл ажиллагаа нь чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн, цомхон бүтцээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь сайд болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхыг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, алба хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллагсдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагууд, нутгийн захиргааны байгууллага, төрийн холбогдох бусад байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, Төрийн албаны зөвлөл, боловсрол, сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллагууд байна.

      3.3.3. бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд батлан хамгаалах хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зэвсэглэл, техник, материал хэрэгсэл болон батлан хамгаалах материаллаг нөөцийг шинэчлэх, бүрдүүлэх, хадгалах, хангах ажлыг зохицуулах үндсэн үүрэг хүлээнэ.

Энэ хүрээнд батлан хамгаалах хууль тогтоомж, бодлого, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зэвсэглэл, техникийг шинэчлэх, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, гадаадын зээл, тусламжийг зохицуулах, материал хэрэгслийн хангалтын бодлого, үндсэн хөрөнгийн асуудлыг зохицуулах, салбарын худалдан авах ажиллагааг зохион байгуулах, батлан хамгаалах салбарт ажиллагсдын нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд материал хэрэгслийн хангамжийг зохицуулах нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж, цэргийн байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохицуулах, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх, зэвсэглэл, техник, материал хэрэгслийг шинэчлэх, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах төсөл, хөтөлбөр боловсруулах, зэвсэглэл, техникийг шинэчлэхтэй холбоотой техник-эдийн засгийн үндэслэл, нөөцийг бүрдүүлж, хэрэгжилтийг зохицуулах, цэргийн болон цэрэг техникийн хамтын ажиллагаатай орнуудаас үзүүлж буй тусламжийн бараа, материалыг хүлээн авах, батлан хамгаалах салбарын төрийн өмчийн асуудлаар эрх зүй, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулан илүүдэлтэй болон үндсэн хөрөнгийн данснаас хасагдсан зэвсэглэл, техник, эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хөрөнгө төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, салбарын бүтээн байгуулалтын үр ашгийг дээшлүүлэх, албан хаагчдын нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах арга хэмжээ авах зэрэгт чиглэгдэнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдад мэргэшлийн зөвлөгөө өгөх замаар батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, зэвсэглэл, техник, материал хэрэгслийн нөөц, төсвийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэнэ. Энэ нь нөөцийг оновчтой хуваарилах замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын холбогдох тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яамд, олон нийт, төрлийн цэргийн командлал, зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгж байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, бусад холбогдох яам, агентлаг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байна.

      3.3.4. гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлогын хүрээнд гадаадын улс орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх бодлогыг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээнэ.

Энэ хүрээнд батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлогын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, гадаад улсуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх ажлыг зохицуулах, хамтын ажиллагаатай улс орон, олон улсын байгууллагатай олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэх, цэргийн дипломатын албыг бэхжүүлэх, өргөжүүлэх үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь батлан хамгаалахын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн, Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангахад дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх болон харилцаа, хамтын ажиллагаатай улс орнууд, олон улсын байгууллагуудтай харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, цэргийн дипломатын албыг бэхжүүлэх, батлан хамгаалах чадавхыг дээшлүүлэх, Зэвсэгт хүчний хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн гадаад хамтын ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх, харилцаа, хамтын ажиллагаатай улс орнуудтай олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, Зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаа, олон улсын сургалт, дадлагад оролцуулах бодлогын хэрэгжилтийг хангах, гадаад улс, олон улсад зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнд зочид, төлөөлөгч оролцуулах, цэргийн боловсон хүчнийг гадаад орнуудад сургаж, бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зэрэгт чиглэгдэнэ. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндсэн баримт бичгийн хүрээнд гадаад хамтын ажиллагаа өргөжиж, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны цар хүрээ өсч, энхийг дэмжих ажиллагаан дахь Зэвсэгт хүчний оролцоо, чадавх нэмэгдсэнээр тус тус хангагдана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харилцааны яам (Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам), бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгаа, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, элчин сайдын яамд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага байна.

      3.3.5. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд батлан хамгаалах салбарын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, эрсдэлийг тооцох, хараат бус дотоод аудит явуулах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээнэ.

Энэ хүрээнд батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, үр дүн, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, улсын болон салбарын хөтөлбөр төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх, биелэлтийг хангахад дэмжлэг үзүүлэх, төсөв, санхүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, салбарын төсвийн төлөвлөлт, зарцуулалт, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх, төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд батлан хамгаалахын хяналт, шалгалтын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ өгч бодлогын үр дүнг сайжруулах, салбарын хэмжээний дотоод аудитын хяналтыг хэрэгжүүлж төсөв, санхүүгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудитын дүгнэлт, зөвлөмж гаргах замаар яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгууллагын үнэ цэнэ, үйл ажиллагааны үр дүнд ахиц гаргахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, яамны бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, бусад хэрэглэгчид байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний статистикийн хороо, мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан байгууллага, аудитын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага болон тооцоолох төвүүд байна.

      3.3.6. санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, батлагдсан төсөв, хөрөнгө оруулалтыг үр ашигтай удирдаж, гүйцэтгэлийг хангуулах, батлан хамгаалах төсөв, хөрөнгө оруулалтын бодлого болон салбарын нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодорхойлж, санхүү төсвийн нэгдсэн удирдлагаар хангах үндсэн үүрэг хүлээнэ.

Энэ хүрээнд батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд санхүү, төсвийн бодлого, үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх, санхүү, нягтлан бодох бүртгэлийн бодлогыг тодорхойлж, салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлж, төсвийн төсөл боловсруулах, батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах, харьяа агентлаг, төсвийн байгууллагад санхүү, төсвийн бодлогоор дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих, төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний хөрөнгө оруулалтын төсвийн төсөл, богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөж, гүйцэтгэлийг ханган ажиллах, зэвсэгт хүчний хөгжлийн сангийн төсвийн төлөвлөлт, бодлого үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангаж, сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад нягтлан бодох бүртгэлээр хяналт тавих чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний хөрөнгө оруулалтын төсвийн төсөл, хөрөнгө оруулалтыг төлөвлөж, төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах, харьяа агентлаг, төсвийн байгууллагад санхүү, төсвийн бодлогоор дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, бусад зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, Төрлийн цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгж байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, бусад холбогдох яам, агентлаг байна.

      3.3.7. батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн ажлын нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд батлан хамгаалахын хяналт, шалгалт, үнэлгээний бодлого, чиглэлийг тодорхойлж, батлан хамгаалахын болон зэвсэгт хүчний хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын нэгжийг нэгдсэн удирдамжаар хангаж, ажлын уялдаа холбоог зохицуулах, салбар, төрийн цэргийн байгууллагын үйл ажиллагаанд            хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, түүний дагуу зөвлөмж гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээнэ.

Энэ хүрээнд батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, хөгжлийн стратеги, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн талаар төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, төрийн цэргийн байгууллагын хүрээнд      хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, батлан хамгаалахын төрийн өмч, зэвсэг, техник, тусламжийн хөрөнгийн ашиглалт, хадгалалтын байдалд хяналт, шалгалт хийх, төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсөв, санхүүгийн төлөвлөлт, гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнгээр зөвлөмж гаргах, хяналт тавих чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, сайдын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнг дээшлүүлэх, салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, Засгийн газрын холбогдох агентлаг байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төрийн цэргийн байгууллага, командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, бусад хэрэглэгчид байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан байгууллага, аудитын байгууллага байна.

 


---о0о---