- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- МОНГОЛ УЛСЫН ХАДГАЛАМЖИЙН БИЧГИЙГ БҮРТГЭХ, НИЙТЭД САНАЛ БОЛГОН АРИЛЖИХ ТУХАЙ ЖУРАМ
Санхүүгийн зохицуулах хорооны
2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн
757 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ХАДГАЛАМЖИЙН БИЧГИЙГ БҮРТГЭХ,
НИЙТЭД САНАЛ БОЛГОН АРИЛЖИХ ТУХАЙ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар Монгол Улсын хадгаламжийн бичиг /цаашид “Хадгаламжийн бичиг” гэх/ гаргагчид тавих нөхцөл, шаардлагыг тогтоох, хадгаламжийн бичиг гаргах, үнэт цаасны бүртгэлд бүртгэх, нийтэд санал болгох болон арилжихтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2.Гадаад улсын хадгаламжийн бичиг гаргахтай холбогдох харилцаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулах бөгөөд энэ журмын үйлчлэлд хамаарахгүй.
1.3.Энэ журам нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж болон эдгээртэй нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний бусад актад нийцсэн байна.
Хоёр.Хадгаламжийн бичиг гаргагчид тавих нөхцөл, шаардлага
2.1.Хадгаламжийн бичиг гаргагч нь гадаад улсын болон дотоодын үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх этгээд байна.
2.2.Хадгаламжийн бичиг гаргагч нь гадаад улсын хуулийн этгээд байх тохиолдолд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.2.1.Тухайн хуулийн этгээд нь хоёроос доошгүй удаа хадгаламжийн бичиг амжилттай гаргаж арилжаалсан туршлагатай байх;
2.2.2.Дотоодын кастодианы үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдтэй тухайн хадгаламжийн бичиг гаргах тухай хамтран ажиллах гэрээ байгуулсан байх.
Гурав.Хадгаламжийн бичиг гаргах, үнэт цаасны бүртгэлд бүртгэх
3.1.Хадгаламжийн бичгийн суурь үнэт цаас гаргагч нь өөрийн улсын дагаж мөрдөж буй хууль тогтоомж болон компанийн дүрмийн дагуу хадгаламжийн бичиг гаргах тухай шийдвэрийг гаргасан байна.
3.2.Гадаадын суурь үнэт цаас гаргагч нь өөрийн харьяалах улсын үнэт цаасны хадгаламжийн байгууллагад хадгаламжийн бичиг гаргагчийн нэр дээр үнэт цаасыг хадгалуулах хадгаламжийн гэрээг хадгаламжийн бичиг гаргагчтай байгуулсан байна.
3.3.Хадгаламжийн бичиг гаргагч нь хадгаламжийн бичгээ үнэт цаасны бүртгэлд бүртгүүлэх, нийтэд арилжаалах зөвшөөрлийн хүсэлтээ энэ журамд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/-нд гаргана.
3.4.Хороо хадгаламжийн бичгийг үнэт цаасны нэгдсэн бүртгэлд бүртгэснээр үнэт цаасны арилжаанд оруулах ба хөрөнгө оруулагчдын эрх, үүрэг, хариуцлага болон бусад холбогдох харилцааг Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжоор зохицуулна.
3.5.Хадгаламжийн бичиг гаргах тухай шийдвэрт дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:
3.5.1.суурь үнэт цаас гаргагчийн нэр, оршин байгаа газар, түүний харьяалах гадаад улсын хуулийн дагуу хуулийн этгээдийнх нь хувьд ялгагдах шинжийг тодорхойлсон бусад мэдээлэл;
3.5.2.суурь үнэт цаасны хэлбэр, төрөл, ангилал;
3.5.3.хадгаламжийн бичиг эзэмшигчийн суурь үнэт цаасаар гэрчлэгдсэн эрх;
3.5.4.тухайн гаргалтын нэг хадгаламжийн бичгээр өмчлөх эрх нь гэрчлэгдэх суурь үнэт цаасны тоо;
3.5.5.эргэлтэд байж болох хадгаламжийн бичгийн дээд хязгаар.
3.6.Хадгаламжийн бичиг гаргагч нь суурь үнэт цаас гаргагчтай хадгаламжийн гэрээ байгуулсны үндсэн дээр хадгаламжийн бичиг гаргах бөгөөд хадгаламжийн гэрээнд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:
3.6.1.хадгаламжийн бичгийг арилжаалах нөхцөл;
3.6.2.хадгаламжийн бичиг гаргагч болон хадгаламжийн бичиг эзэмшигч хоорондын эрх, үүрэг, гэрээг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын тухай;
3.6.3.хадгаламжийн бичиг гаргагч нь өөрийн нэр дээр данс нээлгэн бүртгэсэн суурь үнэт цаасны тоо нь арилжаанд байгаа хадгаламжийн бичгийн тоонд нийцсэн байх нөхцөлийг хангах талаар хадгаламжийн бичиг гаргагч байгууллага болон кастодианы үүрэг;
3.6.4.хадгаламжийн бичиг эзэмшигчийн суурь үнэт цаасны тухайд эдлэх эрх, үүрэг, суурь үнэт цаасаар тодорхойлогдох саналыг нь нэгтгэн уламжлах, саналын дүнг танилцуулах журмын тухай, ногдол ашиг болон бусад үр шимийг хүртэх эрхийг эдлүүлэхтэй холбогдох ажиллагааг хэрхэн зохион байгуулах журам;
3.6.5.суурь үнэт цаас болон суурь үнэт цаас гаргагчийн талаарх тухайн улсын болон Монгол Улсын хууль тогтоомжид нийтэд мэдээлэхээр заасан зохих мэдээллийг тухай бүр саадгүй гаргаж өгөх талаар суурь үнэт цаас гаргагчийн хүлээх үүрэг;
3.6.6.хадгаламжийн бичиг эзэмшигчийн өмнө суурь үнэт цаас гаргагч үүрэг хүлээж байгаа эсэх тухай мэдээлэл;
3.6.7.хадгаламжийн бичиг эзэмшигчийн анхны шаардлагаар хадгаламжийн бичгийг цуцлах, холбогдох суурь үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийг гүйцэтгэх, хадгаламжийн бичиг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хадгаламжийн бичгийг цуцалж болохгүй тухай;
3.6.8.хадгаламжийн бичиг эзэмшигчийн хүсэлтийн дагуу хадгаламжийн бичгийг холбогдох суурь үнэт цаасанд хөрвүүлэх нөхцөл болон хадгаламжийн бичиг эзэмшигчийн эсхүл суурь үнэт цаас өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр тэдгээрийг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх болон хөрвүүлэхгүй байх тухай;
3.6.9.Хороо, хөрөнгийн биржид шаардлагатай мэдээллийг саадгүй гаргаж өгөх үүргийн талаар, уг үүргийг хэрэгжүүлэхэд талууд хэрхэн хамтарч ажиллах тухай;
3.6.10.хадгаламжийн бичиг гаргагчийн зүгээс суурь үнэт цаас болон хадгаламжийн бичгийн бүртгэл, төлбөр, тооцоо, хадгалалтын зохион байгуулалт;
3.6.11.хэрэв суурь үнэт цаас болон хадгаламжийн бичгийн хадгалалтыг эрх бүхий өөр кастодиан байгууллагаар хийлгэх тохиолдолд энэ харилцааг хэрхэн зохицуулах тухай;
3.6.12.суурь үнэт цаасны орлого болон бусад төлбөрийг хадгаламжийн бичиг эзэмшигчид олгох хугацаа;
3.6.13.энэ журмын 3.6.12-т заасан орлого болон бусад төлбөрийг олгохдоо хадгаламжийн бичиг гаргагчийн авах үйлчилгээний шимтгэлийн дээд хязгаар, тийнхүү шимтгэл авах үндэслэл;
3.6.14.суурь үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор хадгаламжийн бичиг эзэмшигчдийн жагсаалтыг гаргах журам, хугацаа;
3.6.15.хадгаламжийн бичиг гаргагч эсхүл кастодиан зэрэг арилжааны төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийг өөрчлөх, үйлчилгээг бусдад шилжүүлэх нөхцөл;
3.6.16.хадгаламжийн гэрээнд өөрчлөлт оруулах, түүнийг дуусгавар болгох, цуцлахтай холбоотой зохицуулалт;
3.6.17.суурь үнэт цаас болон хадгаламжийн бичиг гаргагч нь хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах баталгаа;
3.6.18.энэ гэрээнээс үүссэн харилцаанд Монгол Улсын хуулийг хэрэглэх тухай зохицуулалт.
3.7.Энэ журмын 3.6-д заасан хадгаламжийн гэрээ нь тухайн хадгаламжийн бичгийн танилцуулгын салшгүй хэсэг байна.
3.8.Хадгаламжийн бичгийн танилцуулгад хадгаламжийн бичиг гаргагч болон суурь үнэт цаас гаргагчийн талаарх мэдээллийг тусгасан байна.
3.9.Суурь үнэт цаас гаргагчийн тухай мэдээллийг Хорооноос баталсан үнэт цаасны бүртгэлийн харилцааг зохицуулсан журамд заасны дагуу бэлтгэх бөгөөд дараах зүйлсийг нэмж тусгасан байна. Үүнд:
3.9.1.суурь үнэт цаасны эрсдэлийн шинжилгээ;
3.9.2.нэгж хадгаламжийн бичиг болон түүгээр гэрчлэх суурь үнэт цаас хоёрын хөрвөх харьцаа;
3.9.3.хадгаламжийн бичгийн гаргаж болох дээд хэмжээ /ширхгээр/;
3.9.4.хадгаламжийн бичигт үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, мэдээлэл авах болон хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлэх журам;
3.9.5.суурь үнэт цаас гаргагчийн хувь нийлүүлсэн болон өөрийн хөрөнгийн хэмжээ, гаргасан үнэт цаасны тоо ширхэг, тэдгээрийн нэрлэсэн үнэ, тухайн суурь үнэт цаасны хяналтын багцыг эзэмшиж байгаа үнэт цаас эзэмшигчийн нэрсийн жагсаалт.
3.10. Хадгаламжийн бичиг гаргагчийн тухай мэдээлэлд дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:
3.10.1.хадгаламжийн бичиг гаргагчийн оноосон нэр, оршин байгаа газар, хаяг, шуудангийн хаяг, хадгаламжийн бичиг гаргах эрх бүхий тухай мэдээлэл;
3.10.2.хадгаламжийн бичиг гаргагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.10.3.хадгаламжийн бичиг гаргагчаас үзүүлэх үйлчилгээний төрөл, хураамжийн хэмжээ;
3.10.4.хадгаламжийн бичиг гаргаж байсан туршлага;
3.10.5.хадгаламжийн бичигт үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, мэдээлэл авах болон хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлэх журам.
3.11.Хадгаламжийн бичиг гаргагч нь хадгаламжийн бичгийг Хороонд бүртгүүлэх хүсэлт гаргахдаа дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:
3.11.1.хадгаламжийн бичгийг бүртгүүлэх тухай хүсэлт;
3.11.2.хадгаламжийн бичиг гаргах тухай суурь үнэт цаас гаргагчийн шийдвэрийн хуулбар;
3.11.3.суурь үнэт цаас гаргагчийн үнэт цаас тухайн гадаад улсын хөрөнгийн бирж, зохицуулагч байгууллагаас хадгаламжийн бичиг гаргахад татгалзах зүйлгүй тухай албан мэдэгдэл;
3.11.4.хадгаламжийн бичгийн танилцуулга болон хадгаламжийн гэрээ;
3.11.5.хадгаламжийн бичиг гаргагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.11.6.хадгаламжийн бичиг эзэмшигчид үзүүлэх үйлчилгээ, үйлчилгээний хөлсний тухай мэдээлэл;
3.11.7.хэрэв хадгаламжийн бичиг гаргагч нь гадаад улсын хуулийн этгээд бол хоёроос доошгүй удаа хадгаламжийн бичиг амжилттай гаргаж арилжаалсан туршлагатай эсэхийг нотлох баримт;
3.11.8.хадгаламжийн бичиг гаргахад бэлтгэсэн баримт материал нь холбогдох хууль тогтоомжтой нийцэж буй эсэх талаар хууль зүйн дүгнэлт;
3.11.9.хүсэлтэд заасан мэдээллийг нотлох бусад нэмэлт баримт, материалууд;
3.11.10.зохицуулалтын үйлчилгээний хураамж төлсөн баримт.
3.12. Хороо бүрдүүлбэр нь бүрэн хүсэлтийг хүлээж авснаас хойш ажлын 20 хоногт шийдвэрлэнэ.
3.13.Хороо дараах үндэслэлээр бүртгэхээс татгалзаж болно. Үүнд:
3.13.1.тухайн суурь үнэт цаас нь Хороонд бүртгэлтэй болон Монгол Улсын үнэт цаасны зах зээлд арилжаалагдаж байгаа;
3.13.2.ирүүлсэн баримт бичиг нь агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй, тоон үзүүлэлт нь зөрүүтэй буюу дахин магадлах шаардлагатай;
3.13.3.баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, эсхүл хуурамч мэдээ, баримт тусгасан нь илэрсэн;
3.13.4.хадгаламжийн бичиг гаргагч нь төлбөрийн болон хөрвөх чадваргүй болох нь тогтоогдсон.
Дөрөв.Хадгаламжийн бичгийг нийтэд санал болгон арилжих
4.1.Хадгаламжийн бичиг болон түүний танилцуулгыг Хороо бүртгэснээр түүнийг нийтэд танилцуулах, арилжаалахыг зөвшөөрнө.
4.2.Хороо, арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлсэн хадгаламжийн бичгийг зөвхөн нийтэд санал болгон худалдана.
4.3.Хадгаламжийн бичгийн суурь үнэт цаас нь аливаа төлбөрийн даалгавар, барьцаа, батлан даалт зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг хүлээгээгүй байна.
4.4.Хадгаламжийн гэрээнд заасны дагуу хадгаламжийн бичиг гаргагч нь суурь үнэт цаас гаргагчийн хувьд зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ.
4.5.Хадгаламжийн бичгийг бусдад худалдахад түүнийг баталгаажуулсан суурь үнэт цаасны өмчлөх эрх худалдан авагчид шилжсэнд тооцно.
4.6.Хадгаламжийн бичиг гаргагч нь хадгаламжийн бичгийг нийт гаргаж болох дээд хязгаараар Хороонд бүртгүүлэх бөгөөд уг хязгаарын дотор суурь үнэт цаасыг хадгаламжийн бичигт хөрвүүлэн Монгол улсын үнэт цаасны зах зээлд арилжих, хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлэх, хүчингүй болгосон хадгаламжийн бичгийг нөхөн гаргахад Хороонд тухай бүр бүртгүүлэхийг шаардахгүй. Уг ажиллагааг Хөрөнгийн бирж болон үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд, кастодианы шууд хяналтад Хадгаламжийн бичиг гаргагч хэрэгжүүлнэ.
4.7.Хадгаламжийн бичгийг анх удаа нийтэд санал болгон худалдах ажиллагаанд Хорооноос баталсан үнэт цаасны бүртгэлийн харилцааг зохицуулсан журмыг баримтална.
4.8.Хадгаламжийн бичиг гаргагчийг суурь үнэт цаас гаргагчтай байгуулсан хадгаламжийн гэрээний хүрээнд түүний даалгавар гүйцэтгэгч гэж үзэх бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллана.
4.9.Хадгаламжийн бичгийн өмчлөх эрхийн нэгдсэн бүртгэлийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд хэрэгжүүлэх бөгөөд харин гадаад улсад үндсэн бүртгэл бүхий суурь үнэт цаасыг хадгалуулахыг заавал шаардахгүй.
4.10.Хадгаламжийн бичиг гаргагч нь хадгаламжийн бичиг эзэмшигчдэд олгох мөнгөн төлбөрийг Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ.
4.11.Хадгаламжийн бичигт өөрчлөлт оруулах хүсэлтийг Хороо хүлээн авснаас хойш ажлын 20 хоногийн дотор хянаж, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй бол өөрчлөлтийг бүртгэх буюу эсхүл бүртгэхээс татгалзсан тухай үндэслэл бүхий хариу өгнө.
4.12.Хадгаламжийн бичиг гаргагч нь энэ журмын 4.6-д заасан хязгаарыг өөрчлөх хүсэлтэй нөхцөлд Хороонд хадгаламжийн бичиг бүртгүүлэх хүсэлтийг энэ журмын дагуу дахин гаргана.
Тав.Хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлэх болон арилжааны тайлан гаргах
5.1.Хадгаламжийн бичгийг хэдийд ч суурь үнэт цаасанд хөрвүүлж болох ба хөрвүүлэх ажиллагаа нь хариу төлбөргүй хэлцэл байна.
5.2.Хадгаламжийн бичиг эзэмшигч хүсэлт гаргасан тохиолдолд Хадгаламжийн бичиг гаргагч нь түүний хүсэлтээр суурь үнэт цаасанд хөрвүүлж, суурь үнэт цаас байршиж буй улс дахь тухайн хадгаламжийн бичиг эзэмшигчийн үнэт цаасны данс руу шилжүүлнэ.
5.3.Энэ журмын 5.2-т заасан хүсэлт биелээгүйн улмаас үүссэн хохирлыг хадгаламжийн бичиг гаргагч хариуцна.
5.4.Хадгаламжийн бичгийг хөрвүүлэхдээ дараах дарааллыг баримталж холбогдох ажиллагааг гүйцэтгэнэ:
5.1.1.хадгаламжийн бичиг эзэмшигч нь хууль тогтоомжид заасны дагуу хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлэхээр хадгаламжийн бичиг гаргагчид шилжүүлнэ;
5.1.2.хадгаламжийн бичиг гаргагч нь хадгаламжийн бичгийг хүлээн авсан даруйд суурь үнэт цаасыг тухайн хадгаламжийн бичиг эзэмшиж байсан хөрөнгө оруулагчийн суурь үнэт цаас байршиж буй улс дахь үнэт цаасны дансанд шилжүүлнэ;
5.1.3.хадгаламжийн гэрээнд заасан хадгаламжийн бичгийг хөрвүүлэхдээ түүнтэй холбоотой аливаа төлбөр, татвар төлж барагдуулах зэрэг нөхцөлийг бүрэн хангагдсан байх явдлыг хадгаламжийн бичиг гаргагч хариуцна;
5.1.4.хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлж хөрөнгө оруулагчийн дансанд шилжүүлснээр суурь үнэт цаасны эзэмших эрх хадгаламжийн бичиг гаргагчаас хөрөнгө оруулагч руу шилжинэ.
5.2.Хадгаламжийн бичгийг хөрвүүлэх болон нийт хадгаламжийн бичгийг эргүүлэн татах ажиллагааны журмыг хадгаламжийн гэрээгээр зохицуулна.
5.3.Нийт хадгаламжийн бичгийг эргүүлэн татах тохиолдолд энэ тухай Хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага, төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, кастодианы үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болон нийтэд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй.
5.4.Хадгаламжийн бичиг гаргагч нь хөрвүүлсэн болон нэмж гаргасан хадгаламжийн бичгийн талаарх хагас жилийн тайланг тухайн жилийн 7 дугаар сард, жилийн тайланг дараа оны эхний сард багтаан Хороо, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлж, нийтэд мэдээлнэ.
5.5.Хадгаламжийн бичиг гаргагч нь хадгаламжийн бичиг гаргах дээд хязгаар, хадгаламжийн бичгийн үлдэгдэл болон арилжих боломжтой хадгаламжийн бичгийн мэдээллийг өдөр бүр үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын цахим хуудсаар дамжуулж мэдээлнэ.
Зургаа.Хадгаламжийн бичиг гаргах үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг
6.1.Хадгаламжийн бичиг эзэмшигч нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
6.1.1.хадгаламжийн бичиг гаргагчаас түүний талаар болон суурь үнэт цаасны талаарх мэдээллийг монгол хэлээр хүлээн авах;
6.1.2.өөрийн эзэмшиж буй хадгаламжийн бичгийн хувь хэмжээгээр суурь үнэт цаасанд ногдох саналын эрхийг эдлэх, саналаа хадгаламжийн бичиг гаргагчаар дамжуулан өгөх, үр дүнтэй нь танилцах;
6.1.3.өөрийн эзэмшил дэх хадгаламжийн бичигт ногдох ногдол ашиг, хүү зэрэг үр шимийг хүлээн авах, түүнийг захиран зарцуулах;
6.1.4.хадгаламжийн гэрээнд заасан нөхцөл, журмын хүрээнд өөрийн эзэмшил дэх хадгаламжийн бичгээ суурь үнэт цаасанд хөрвүүлэх;
6.1.5.Суурь үнэт цаас эзэмшигчтэй ижил түвшинд мэдээлэл авах;
6.1.6.хадгаламжийн бичиг эзэмшихтэй холбоотой хадгаламжийн бичиг гаргагчаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг тухай бүр хадгаламжийн гэрээнд заасан хувь хэмжээгээр төлөх үүрэг хүлээнэ.
6.2.Хадгаламжийн бичиг гаргагч нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
6.2.1.хадгаламжийн гэрээг хэрэгжүүлэхийг суурь үнэт цаас гаргагчаас шаардах;
6.2.2.хадгаламжийн гэрээнд заасан харьцаагаар гаргасан хадгаламжийн бичгийг баталгаажуулж буй холбогдох суурь үнэт цаасыг өөрийн эсхүл гэрээний үндсэн дээр үүрэг хүлээлгэсэн кастодианы хадгалалтад байлгах;
6.2.3.хадгаламжийн бичиг эзэмшигч нь өөрийн эзэмшил дэх хадгаламжийн бичгээ суурь үнэт цаасанд хөрвүүлэн эзэмшсэнээс бусад тохиолдолд арилжаанд байгаа хадгаламжийн бичгийн тоонд тохирох суурь үнэт цаасыг хадгалах;
6.2.4.суурь үнэт цаас гаргагчаас холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардах, ирсэн мэдээллийг орчуулан зохих журмын дагуу хадгаламжийн бичиг эзэмшигчдэд хүргэх;
6.2.5.Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон хадгаламжийн гэрээнд заасны дагуу хадгаламжийн бичиг гаргагч нь хадгаламжийн бичиг эзэмшигчийн саналын эрхийг төлөөлж болно;
6.2.6.суурь үнэт цаас гаргагчаас аливаа ногдол ашиг хуваарилсан тохиолдолд түүнийг тухайн орны мөнгөн тэмдэгтэд хөрвүүлэн олгох ажлыг гэрээний дагуу гүйцэтгэх;
6.2.7.хадгаламжийн бичиг эзэмшигчийн ногдол ашиг авах болон бусад эрхийг шуурхай бөгөөд шударгаар суурь үнэт цаас гаргагчид уламжлах, эрхийн хэрэгжилтийг хангаж ажиллах;
6.2.8.нийт гаргасан хадгаламжийн бичгийн бүртгэлийг хөтлөх, тогтоосон хязгаарын хүрээнд хадгаламжийн бичгийг нэмж гаргах, хадгаламжийн бичгийг хүчингүй болгон суурь үнэт цаасанд хөрвүүлэх;
6.2.9.хадгаламжийн бичиг гаргах дээд хязгаар, хадгаламжийн бичгийн үлдэгдэл болон арилжих боломжтой хадгаламжийн бичгийн мэдээллийг өдөр бүр нийтэд мэдээлэхээр арилжаа эрхлэх байгууллагад хүргүүлэх.
6.3.Суурь үнэт цаас гаргагч нь дараах эрх, үүрэгтэй байна:
6.3.1.гадаад улсад хадгаламжийн бичиг гаргах суурь үнэт цаас гаргагч хадгаламжийн гэрээнд заасны дагуу суурь үнэт цаасыг тухай бүр хадгаламжийн бичиг гаргагчийн кастодианы хадгалалтад шилжүүлэх;
6.3.2.хадгаламжийн бичиг гаргах ажиллагаа, түүний арилжааны талаар болон хадгаламжийн бичиг эзэмшигчдийн бүртгэлийн талаар хадгаламжийн бичиг гаргагчаас мэдээлэл авах;
6.3.3.холбогдох мэдээллийг тухай бүр хадгаламжийн бичиг гаргагчид шуурхай хүргэх, хүргэсэн мэдээллийг зохих журмын дагуу нийтэд мэдээлэх ажиллагаанд хяналт тавих;
6.3.4.хадгаламжийн бичиг гаргагчаас нийт гаргасан хадгаламжийн бичиг эзэмшигчдээс ирүүлсэн саналыг нэгтгэн ирүүлснийг зохих журмын дагуу шалгах, зөвшөөрөх, холбогдох санал хураалтад хамруулах, үр дүнг хариу мэдэгдэх.
Долоо.Бусад
7.1.Хадгаламжийн бичиг гаргагч болон суурь үнэт цаасыг хадгалж байгаа кастодианы үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд төлбөрийн чадваргүй болсон, төлбөрийн чадваргүй болох ноцтой нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ тухай Хороонд мэдэгдэх бөгөөд холбогдох үйлчилгээ үзүүлэх гэрээний эрхийг эрх бүхий өөр байгууллагад шилжүүлэх арга хэмжээг Хороо авна.
7.2.Хадгаламжийн бичиг гаргагч, түүний кастодианд хадгалагдаж байгаа хадгаламжийн бичиг, суурь үнэт цаас, тэдгээрийн төлбөр, ногдол ашиг, ногдол хувь зэрэг мөнгөн хөрөнгө нь уг этгээдийн хөрөнгийн эсрэг гарсан аливаа нэхэмжлэл, үүргийн гүйцэтгэлд хамаарахгүй.
7.3.Хадгаламжийн бичиг гаргагч, түүний кастодиан нь төлбөрийн чадваргүй болсон, дампуурсан, онцгой дэглэм тогтоогдсон, эрх хүлээн авагч томилогдсон тохиолдолд энэхүү журмын 7.1-т заасны дагуу хөрөнгийг эрх бүхий этгээдэд шилжүүлэх арга хэмжээг Хороо авна.
7.4.Энэхүү журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн этгээдэд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A