- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ, ТЭЭШ, АЧААН ТЭЭШ ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын зургадугаар хавсралт
ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ, ТЭЭШ, АЧААН ТЭЭШ
ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү журмын зорилго нь Төмөр замын тээврийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд тээвэрлэлтийн үйл ажиллагааны нийтлэг зарчимд тулгуурлан зорчигч, тээш, ачаан тээшийг түргэн шуурхай, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж тээвэрлэхэд оршино.
1.2. Энэхүү журмыг орон нутгийн зорчигч харилцаанд оролцогч ажилтан, зорчигч болон тээш, ачаан тээш илгээгч ба хүлээн авагч нарын үйл ажиллагаанд мөрдөнө.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
2.1. Зорчих тасалбар худалдах ба тасалбар худалдах газрын үйл ажиллагаа нь зорчих тасалбарыг зорчигчдод аль болох түргэн шуурхай худалдаж, галт тэргэнд хоосон байр гаргахгүй байхаар зохион байгуулагдана.
2.2. Зорчих тасалбарыг дор заасан хугацаанаас эхлэн худалдана:
2.2.1. урьдчилан тасалбар худалдах газарт галт тэрэг явахаас 2 сарын өмнө;
2.2.2. өдөр тутмын тасалбар худалдаалалтыг тухайн тасалбар худалдах газрын нээгдэх цагаас;
2.2.3. завсрын өртөөдөд галт тэрэгний чөлөөтэй байрын тухай мэдээг хүлээн авсан цагаас эхлэн галт тэрэг ирэхээс 1 /нэг/ цагийн өмнө тус тус худалдана;
2.2.4. тасалбар худалдах ажиллагааг галт тэрэг хөдлөхөөс 15 минутын өмнө зогсооно. Тасалбар худалдах газрын байршлаас хамаарч эрх бүхий ажилтан дээрх хугацааг өөрчилж болно.
2.3. Тасалбар худалдах газартай өртөө, зөрлөгөөс галт тэргэнд тасалбаргүй суусан зорчигчид тасалбар худалдах явуулын нярав /цаашид “явуулын нярав” гэх/ тасалбарыг нэмэгдэлтэй тарифаар худалдана. Нэмэгдлийн хэмжээг төмөр замын байгууллагын дарга тогтооно.
2.4. Хот, дүүргийн галт тэрэгний тасалбар худалдах газрын ажиллах цагийг галт тэрэгний цагийн хуваарьтай уялдуулан эрх бүхий ажилтан тогтооно.
2.5. Галт тэргээр зорчих тасалбарт явах хүрэх өртөөний нэр, галт тэрэг, вагон, зорчих байрын дугаар, явах огноо, цаг минут, хүний тоо, тариф үнэлгээ, зорчигчийн нэр, регистрийн дугаар, олгосон огноо, цаг, минутыг тус тус бичнэ. Тасалбарын ар талд зорчигчид зориулсан санамж байна. Тухайн тээвэрлэгчээс нийтэд зарласан нэмэлт үйлчилгээний мэдээлэл байж болно.
2.6. Маягтын бүсийн хэлбэр, загварыг зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий этгээд тогтоож, нийтэд мэдээлнэ.
2.7. Маягтын бүсийн тасалбарын бичилтийн үгийг товчлохгүйгээр бичнэ. Маягтын бүсийн тасалбарын бичлэгийг баллаж, засварлахгүйгээр бичсэн байна.
2.8. Зорчих тасалбарыг 5-12 насны хүүхдэд хөнгөлөлттэй олгоно:
2.8.1. тусгай байр эзлэхгүй бол асран хамгаалагчийн хамт 0-5 насны 3 хүүхдийг зорчигч үнэ төлбөргүй авч явахыг зөвшөөрнө;
2.8.2. зорчигчийн хамт 5 хүртэлх насны 3-аас дээш тооны хүүхэд зорчвол 4 дэх хүүхдээс эхлэн хөнгөлөлттэй тасалбараар зорчино;
2.8.3. суух байр бүхий нийтийн хатуу вагонд хүүхдийн тасалбар олгохдоо том хүний нэгэн адилаар байр олгоно;
2.8.4. зорчигчийн галт тэргэнд дагалдах хүнгүйгээр 8 хүртэлх насны хүүхдийг явуулахгүй байх;
2.8.5. 3орчигчийн хамт яваа 5-12 хүртэлх насны 1 /нэг/ хүүхдийг унтлагын байр эзлэхгүйгээр авч явахыг зөвшөөрнө;
2.8.6. насанд хүрсэн хүнтэй хамт яваа 5-12 насны 2 хүүхдийн дунд унтлагын 1 /нэг/ байр эзлэхийг зөвшөөрч болох ба нэмэгдэл хөлсийг 1 /нэг/ унтлагын байрны тарифаар тооцон авна;
2.8.7. хүүхдийн тасалбар олгохдоо тасалгааны ба унтлагын байрны нэмэгдэлийг 5-12 хүртэлх насны хүүхэд зөвхөн тусгай байр эзэлсэн нөхцөлд авна.
2.9. Буудлын дотор болон гадна зорчигчдод зориулан галт тэрэг ирэх, явах цагийн хуваарь, зорчигч ба тээш, ачаан тээш тээвэрлэлтийн тариф, зорчих тасалбар, тээш олгох газрын ажиллах цагийн хуваарь, тасалбар худалдах ажилтны нэр, санал гомдлын дэвтэр, гэнэтийн ослын даатгалын хураамжийн үнэлгээ, үйлчилгээний газрууд /зоогийн газар, амрах байр, үсчин, зурагчин, шуудан холбоо, эмнэлгийн цэг ба эмийн сан, лавлах товчоо, лавлах утасны дугаар зэрэг/-ын бүдүүвч зураг, зорчигч болон тээш тээвэрлэхтэй холбоотой дүрэм, журам, шинээр хэрэгжүүлсэн нэмэлт үйлчилгээ, тэдгээрийн хураамж, цаг үеийн шуурхай мэдээ мэдээллийн самбар байрлуулсан байна.
2.10. Галт тэргээр зорчих тасалбар нь тээвэрлэгч, зорчигч хоёрын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулсныг нотлох бичиг баримт бөгөөд батлагдсан маягтын дагуу бичигдсэн байна.
2.11. 3орчих тасалбарыг бэлэн ба бэлэн бусаар эсвэл тээвэрлэгчийн зөвшөөрлөөр зээлээр олгож болно.
2.12. Зорчигчийн вагоны байрны тооноос илүү тасалбар худалдахгүй.
2.13. Хурал, зөвлөлгөөний төлөөлөгчид, тойрон аялагчид, жуулчид, жүжигчид, тамирчид, оюутан сурагчид зэрэг зохион байгуулалттай бүлгээр явах зорчигчдын урьдчилан өгсөн захиалгыг үндэслэн өртөө ба буудлын эрх бүхий ажилтны зөвшөөрлөөр тасалбарыг олгоно.
2.14. Нийтийн вагоны тасалбар худалдаж авсан зорчигч хүсвэл явах чиглэлийнхээ дагуу унтлагын сул байр байгаа тохиолдолд сул байрны нэмэгдэл төлбөр төлж, очих өртөө хүртлээ унтлагын болон тасалгаат вагонд зорчиж болно. Харин нэмэгдэл төлбөрийг шилжин суух эхний өртөөнөөс авна.
2.15. Зорчигч тасалбараа үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тохиолдолд тасалбар худалдан авсан зорчигчийн талаарх мэдээлэл тасалбар худалдаалалтын баазад хадгалагдан үлдсэнийг тодорхойлсон нөхцөлд иргэний биеийн байцаалтыг мэдүүлсэний үндсэн дээр тасалбарын үнийг дахин төлөхгүй байж болох ба тасалбар нөхөн олгохтой холбогдуулан нэмэлт үйлчилгээний хураамжийг төлж тасалбар дахин авч болно.
2.16. Зорчих тасалбарт нэр нь бичигдсэн зорчигч уг тасалбараар үйлчлүүлнэ. Аяллын дундуур зорчих тасалбарыг дур мэдэн өөр зорчигчид шилжүүлэхгүй ба хэрэв шилжүүлсэн бол хүчингүйд тооцно.
2.17. Тасалбар худалдах газар нь доорх тохиолдолд зорчих тасалбар худалдахаас татгалзах эрхтэй:
2.17.1. галт тэргэнд сул байр байхгүй;
2.17.2. иргэний үнэмлэх эсхүл бусад биеийн байцаалтгүй;
2.17.3. асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй дараах этгээд:
§ хүнд өвчтэй зорчигч;
§ согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд;
§ мансуурсан этгээд.
2.18. Зорчих тасалбарын хүчинтэй хугацаа:
2.18.1. зорчих тасалбарт тэмдэглэсэн хугацаанд, аялал эхлэх өртөөнөөс дуусах өртөө хүртэл тухайн галт тэрэг, вагонд хүчинтэй;
2.18.2. өртөө, буудлын эрх бүхий ажилтан буюу тасалбар худалдах газрын эрхлэгч тасалбарын хугацааг доорх тохиолдолд сунгах эрхтэй:
а. шилжин суух галт тэргэнд сул байргүй бол дараагийн галт тэргэнд байр авах хүртэлх хугацаанд;
б. зорчих ёстой галт тэрэг нь шилжин суух өртөөнд батлагдсан хуваариас хожимдож ирсэн бол аяллаа үргэлжлүүлэх хүртэлх хугацаанд;
в. зорчигчид хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсоныг тодорхойлсон бичиг баримтын дагуу;
г. галт тэргэнд /хот, дүүргийнхээс бусад/ зорчих тасалбартай боловч эзлэх ёстой байрыг олгоогүй бол зохих байр олгох бололцоотой дараагийн галт тэргээр явах хүртэл;
д. зорчигч хоорондын өртөө, зөрлөгт түр буух бол 10-аас дээшгүй хоногоор сунгаж болох ба тасалбарт сунгасан тухай тэмдэглэл хийнэ;
е. Бусад тохиолдолд зорчих тасалбарын хүчинтэй хугацааг сунгахгүй.
2.19. Төлбөрийг буцаан олгох:
2.19.1. төмөр замын байгууллага дараах тохиолдолд ашиглаагүй зорчих тасалбар, тээвэрлээгүй тээш, ачаан тээшийн тээврийн төлбөрийг нотлох баримт болон шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгсний үндсэн дээр тээвэрлэгчийн эрх бүхий ажилтаны шийдвэрээр буцаан олгож болно:
§ галт тэргэнд зорчих тасалбарын дагуу зохих байрыг олгоогүй тохиолдолд зорчигчийн шаардлагаар явах өртөөний холбогдох ажилтан тэмдэглэл үйлдэн, зорчих тасалбар, тээвэрлээгүй тээшийн тээврийн хөлсөнд төлсөн бүх төлбөрийг зорчигчид буцааж өгч, тэмдэглэлийн ар талд гарын үсэг зуруулна. Хэрэв уул зорчигч тухайн өртөөнөөс зорчих байр олгохоор санал болгоход зорчигч татгалзсан нөхцөлд нийтийн, унтлагын, тасалгаат вагон харгалзахгүйгээр зөвхөн тээврийн хөлсийг буцааж олгоно;
§ буцах тасалбартай зорчигч зорчин явж чадахгүйд хүрч галт тэрэг хөдлөхөөс 24 цагийн өмнө зорчих тасалбар дээр төмөр замаар тэмдэглэл хийлгэсэн тохиолдолд нийтийн вагонд бол тээврийн хөлс, тасалгаат вагонд бол тээврийн хөлс ба унтлагын байрны хөлсний хамт олгоно;
§ харин буцах тасалбартай зорчигч галт тэрэг хөдлөхөөс 24 цаг хүртэлх хугацааны өмнө тэмдэглэл хийлгэсэн тохиолдолд зохих суутгал хийлгэж тасалбарын үнийг буцааж авна;
§ галт тэрэгний хөдөлгөөн ямар нэг шалтгаанаар саатсан үед зорчигч аяллаа үргэлжлүүлэхээс татгалзвал төмөр зам нь зорчигчийн мэдүүлгийн үндсэн дээр зорчоогүй зайн үнийг буцааж олгоно. Үүнийг зорчигчоос гаргасан бичгэн мэдүүлгийн үндсэн дээр шийдвэрлэнэ;
§ өвчтэй болон хүндэтгэх шалтгааны улмаас зорчигч аяллаа бүр зогсоовол зорчоогүй зайн тасалбарын үнийг буцааж олгоно.
2.19.2. зорчих тасалбарын үнийг зорчигчийн явах тухайн өртөөний тасалбар худалдах газраас буцааж олгоно;
2.19.3. зорчих тасалбарын үнийг буцаах бүх тохиолдолд дор дурдсан хэмжээний үйлчилгээний хөлсийг суутган авна;
§ галт тэрэг хөдлөхөөс 2 түүнээс дээш цагийн өмнө буцаавал нийт буцаах үнийн дүнгийн 10 хувийг;
§ галт тэрэг хөдлөхөөс 2 хүртэл цагийн өмнө ба галт тэрэг хөдлөхийн өмнө буцаавал нийт буцаах үнийн дүнгийн 20 хувийг;
§ галт тэрэг хөдөлснөөс хойш 60 хүртэл минутын дотор тэмдэглэл хийлгэж буцаавал нийт буцаах үнийн дүнгийн 50 хувийг тус тус суутгаж олгоно. /Утсаар мэдэгдсэн хугацааг оруулан тооцох/.
2.20. Зорчих нөхцөл:
2.20.1. зорчигч тасалбар худалдах газартай өртөөнөөс зорчих тасалбар авч галт тэргэнд суух ба тасалбараа аяллын хугацаа дуустал өөртөө хадгалж, шалгагч /эрх бүхий албан тушаалтан/-ийн шаардлагаар үзүүлэх үүрэгтэй;
2.20.2. зорчигчийг вагонд суух үед вагоны үйлчлэгч нь зорчих тасалбарын хүчинтэй эсэх, биеийн байцаалттайгаа тохирч байгаа болохыг, тогтоосон хэмжээний гар тээштэй, согтууруулах болон мансууруулах зүйл хэрэглэсэн зэргийг шалгах, хэрэв зөрчилтэй тохиолдолд тээвэрлэлтээс татгалзана;
2.20.3. Зорчих тасалбаргүй, тогтоосон овор, хэмжээнээс хэтэрсэн гар тээштэй, согтууруулах болон мансуурах зүйл хэрэглэсэн этгээдийг тээвэрлэхээс татгалзана;
2.20.4. галт тэрэг 2 хүртэл минутын зогсолттой өртөө, зөрлөгт зорчигчийг галт тэрэгний аль ч вагонд оруулж болно;
2.20.5. вагоны үйлчлэгч зорчигчид зорчих тасалбарт заасан вагондаа суухад нь зохих туслалцаа үзүүлнэ;
2.20.6. тасалбар худалдах газар зорчих тасалбарыг буруу үйлдсэн буюу вагонд чөлөөтэй байргүй үед зорчигчдод зорчих тасалбар олгосон зорчих байр давхардуулан бичсэн байвал галт тэрэгний дарга, вагоны үйлчлэгч, тасалбар худалдах газрын эрх бүхий ажилтны оролцоотойгоор галт тэргэнд сул байр олж өгөх буюу буруу үйлдсэн тасалбарыг залруулах арга хэмжээ авна. Хэрэв зорчих тасалбар буруу олгосон нь аяллын явцад илэрвэл галт тэрэгний дарга, вагоны үйлчлэгч, явуулын нярав хамтран тэмдэглэл үйлдэн холбогдох арга хэмжээ авна;
2.20.7. төмөр замын ажилтны буруугаас зорчигч тасалбарт зааснаас өөр чиглэлийн галт тэргэнд суусан эндүүрэл гарсан тохиолдолд түүнд торгууль ноогдуулахгүй бөгөөд ойролцоох өртөөнд буулгаж үндсэн өртөө хүртэл үнэгүй зорчихыг зөвшөөрнө. Буруутай ажилтанд хариуцлага тооцно;
2.20.8. зорчигч нь тасалбарт заасан хугацаанаас өмнө галт тэргэнд суусан тохиолдолд тасалбарыг хүчингүйд тооцож, уг зорчигч дахин тасалбар худалдан авна;
2.20.9. зорчигч нь зорчих тасалбарт заасан байрыг аяллын хугацаанд ашиглах эрхтэй;
2.20.10. завсрын өртөөнд буух зорчигч тухайн вагонд цааш аяллаа үргэлжлүүлэхийг хүсвэл энэ тухайгаа вагоны үйлчлэгчид мэдэгдэх ба явуулын нярав сул байр байгаа эсэхийг тодруулсны дараа цааш зорчих хөлсийг нэмж авна;
2.20.11. вагоны үйлчлэгч зорчигчдод галт тэрэг ямар өртөө, зөрлөгт хүрэлцэн ирж буйг урьдчилан мэдэгдэх үүрэгтэй;
2.20.12. зорчигч буух буюу шилжин суух өртөөнд буулгүй өнгөрсөн тохиолдолд дахин зорчих тасалбар авна;
2.20.13. зорчигч өөр чиглэлийн галт тэргээр зорчихоор болсон тохиолдолд өмнө худалдаж авсан тасалбараа эргүүлэн өгч, тарифын зөрүүг төлсөнөөр шинэ тасалбар авна;
2.20.14. зорчигч галт тэрэгнээс хоцорвол энэ тухайгаа тасалбар худалдах газарт мэдэгдэж тэмдэглэл хийлгэнэ. Хүндэтгэх шалтгаанаар хоцорсон бол энэхүү журмын 2.19.2-т заасны дагуу сунгалт хийж, зорчигчийг дараагийн галт тэргэнд суулгана. Бусад тохиолдолд зорчих тасалбарыг энэ журамд заасны дагуу буцаалт хийж зохих хувийг суутгана;
2.20.15. галт тэрэгнээс хоцорсон зорчигчийн гар тээш, тасалбар гэх мэт эд юмс нь уг галт тэргэнд явсан бол буудлын дарга эсвэл тасалбар худалдах газрын эрхлэгч зорчигчийн очих байсан өртөө рүү ярьж, түүний эд юмсыг авч үлдэхийг мэдэгдэнэ. Галт тэрэгний дарга /вагоны үйлчлэгч/ уг мэдээг хүлээн авмагц хоцорсон зорчигчийн эд юмсыг хамгаалах арга хэмжээ авч, хүссэн өртөөнд хүлээлгэн өгнө. Үйлчилгээний хөлсийг тарифын дагуу уг зорчигчоор төлүүлнэ;
2.20.16. вагоны үйлчлэгч зорчигч галт тэрэгнээс хоцорсныг мэдвэл энэ тухай галт тэрэгний дарга, явуулын няравт мэдэгдэж, уг зорчигчийн орхисон эд юмсыг галт тэрэгний дарга, цагдаагийн ажилтан, үйлчлэгч болон хөндлөнгийн гэрчийн этгээдийн хамт тэмдэглэл үйлдэн хадгалж, хамгаална;
2.20.17. шууд харилцааны вагон бүхий галт тэрэг хуваарьт цагаас хоцорч, уг вагоныг залган аяллыг цааш үргэлжлүүлэх галт тэрэг явснаас хойш ирсэн бол буудлын дарга зорчигчдыг аль болохоор эхний ээлжинд явуулах арга хэмжээг авна. Зорчигч унтлагын байр худалдаж авсан бол зэрэглэл бууруулалгүй сольж өгнө;
2.20.18. зорчигч зорчих галт тэрэгнээсээ өмнө явах болсон тохиолдолд өмнө нь худалдаж авсан тасалбараа тасалбар худалдах газарт энэхүү журамд заасны дагуу буцааж, өөрийн явах галт тэргэнд дахин тасалбар худалдан авч зорчино.
2.21. Зорчих тасалбарыг буруу ашиглах:
2.21.1. нийтийн вагоноор зорчих тасалбартай зорчигч унтлагын байрны нэмэгдлийн зөрүүг төлөхгүйгээр унтлагын байранд буюу дээд зэрэглэлийн вагонд суусан бол зорчигчийг тасалбарт заасан байрандаа суухыг шаардана. Суусан вагонд нь чөлөөтэй байр байвал зохих нэмэгдлийг төлүүлснээр тухайн байранд зорчихыг зөвшөөрнө. Зорчигч тарифын зөрүүг төлөхөөс татгалзвал холбогдох хууль тогтоомжийн дагуу торгууль ногдуулж, тарифын зөрүүг төлүүлнэ;
2.21.2. зорчигч нь өөр хүний нэр бүхий тасалбар, хугацаа дууссан эсвэл хуурамч тасалбараар зорчвол тасалбарыг хүчингүйд тооцож, холбогдох хууль тогтоомжийн дагуу торгууль ногдуулж, дахин тасалбар авахыг шаардах ба татгалзвал галт тэрэгнээс буулгана;
2.21.3. зорчигч тасалбараа үрэгдүүлсэн тохиолдолд тасалбар худалдан авсан зорчигчийн талаарх мэдээлэл тасалбар худалдаалалтын баазад хадгалагдан үлдсэнийг тодорхойлсон нөхцөлд болон иргэний биеийн байцаалтыг мэдүүлсэний үндсэн дээр тасалбарын үнийг дахин төлөхгүй байж болох ба тасалбар олгохтой холбоотой нэмэлт үйлчилгээний хөлсийг төлж тасалбар дахин авч болно. Энэхүү заалт нь цахим тасалбар худалдаалах үйлчилгээгээр үйлчлүүлсэн тохиолдолд хамаарахгүй.
2.22. Зорчих тасалбар үйлдэх үед гарах зөрчлийг залруулах ба хүлээх хариуцлага:
2.22.1. төмөр замын ажилтны буруугаас хүрэх өртөөний нэр тавигдаагүй, цоолбор хийгдээгүй зэрэг бүрэн бус тэмдэглэл хийгдсэн зорчих тасалбар илэрсэн тохиолдолд тасалбарыг хүчингүйд тооцон хураан авч, энэ тухай тэмдэглэл үйлдэн зорчигчид шинээр тасалбар олгох ажиллагааг дараах байдлаар гүйцэтгэнэ.
§ галт тэрэгний дарга, байцаагч нь зорчигчийн тасалбарыг солих тухай тэмдэглэл үйлдэх ба харин галт тэрэг сэлгэн суух өртөөнд нэгэнт ирсэн тохиолдолд өртөө болон буудлын дарга тэмдэглэл үйлдснээр аяллаа цааш үргэлжлүүлж болно;
§ өртөөний тасалбар худалдах газар эсхүл явуулын нярав нь зохих зэрэглэлийн вагонд төлбөргүйгээр шинэ тасалбар олгох ба хүчингүй болгосон тасалбарыг тэмдэглэлд хавсаргана. Тасалбарын ар талд “хураасан тасалбарын оронд олгов” гэсэн бичилт хийнэ;
§ хураагдсан тасалбарт “тээш” гэсэн тэмдэглэлтэй бол түүнийг шинээр үйлдсэн тасалбарт нөхөж бичнэ;
§ шинээр олгосон тасалбар ба тэмдэглэлд тухайн зорчигчоор гарын үсэг зуруулна.
2.22.2. тэмдэглэлийг хүлээн авсан өртөө, буудлын дарга буруутай ажилтнаар буруу олгосон тээврийн хөлсийг төлүүлж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасанд тооцон хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна.
2.23. Вагоны үйлчлэгч зорчигч буух өртөөндөө хүрэлцэн ирэхийн өмнө ашиглагдсан тасалбар болон бусад тээврийн бичиг баримтыг эзэнд нь буцааж өгнө.
2.24. Цагаан хэрэглэл олгох, бусад зүйлээр үйлчлэх:
2.24.1. унтлагын байр бүхий вагонд тасалбартай зорчигчийг 22.00-06.00 цагийн хооронд, аяллын үргэлжлэх хугацаа 2 цагаас дээш үргэлжлэх нөхцөлд цагаан хэрэглэлээр заавал хангана;
2.24.2. зорчигч цагаан хэрэглэлийг аян замын туршид ашиглах ба галт тэрэгнээс буухаас 30 минутын өмнө вагоны үйлчлэгчид хураалгана;
2.24.3. цагаан хэрэглэлийг үрэгдүүлсэн буюу цаашид ашиглах боломжгүй болгосон, хими цэвэрлэгээ шаардахуйц бохирдуулсан тохиолдолд зорчигчоос цагаан хэрэглэлийн үнийг 2 дахин нэмэгдүүлж төлүүлнэ;
2.24.4. цай, цагаан хэрэглэлээ ашигласан, хоорондын замд бууж буй зорчигчын тасалбарыг сунгах болон буцаахыг зөвшөөрнө. Сунгалт хийсэн тохиолдолд дээрх төлбөрийг дахин төлнө;
2.24.5. вагоны үйлчлэгч нь зорчигчийн хүсэлтээр цай, кофе, цэвэр ус, буцалсан ус, ахуйн хэрэгцээний зүйлс, утасгүй интернет үйлчилгээ /Wi-Fi/ зэргээр тогтоосон тарифын дагуу үйлчилнэ.
2.25. Замд түр буудлах, шилжин суух:
2.25.1. зорчигч энэхүү журмын 2.19.2.д-д заасан тохиолдолд галт тэрэг ирснээс хойш 30 минутын дотор зорчих тасалбартаа тус өртөөний тасалбар худалдах газарт эрх бүхий ажилтнаар тэмдэглэл хийлгэж сунгуулан, 10 хоногийн дотор зорчих байр авна;
2.25.2. зорчигч хүсвэл аяллын явцад доод зэрэглэлийн вагонд шилжин сууж болох бөгөөд анх төлсөн тээврийн хөлсний зөрүүг буцааж олгохгүй;
2.25.3. төмөр замын байгууллагын буруугаас зорчигчийг дээд зэрэглэлийн вагон буюу галт тэргэнд шилжүүлэн суулгах шаардлага гарсан тохиолдолд галт тэрэгний дарга ба өртөө, эрх бүхий ажилтан тэмдэглэл үйлдэж, уг ажлыг зохион байгуулна;
2.25.4. энэхүү журмын 2.25.3-т заасан тохиолдолд дээд зэрэглэлийн вагонд шилжүүлэн суулгасан нэмэгдлийг зорчигчоос хураахгүй. Доод зэрэглэлийн вагонд шилжүүлэн суулгасан тохиолдолд зорчих тасалбарын үнийн зөрүүг зорчигчид буцааж олгох бөгөөд галт тэргэнд зорчигчийн зорчих тасалбарт тохирсон сул байр гармагц зорчигчийг тухайн байранд шилжүүлэн суулгана. Зорчигч татгалзсан тохиолдолд зорчих тасалбарт нь тохирсон байр эзлэхийг мэдэгдсэн өртөө хүртэл дээд зэрэглэлийн вагонд суулгасан зорчих тасалбарын үнийн зөрүүг төлөхгүй бөгөөд мэдэгдэл өгсөн өртөөнөөс эхлэн дээд зэрэглэлийн вагоноор зорчсоны нэмэгдлийг зорчигчоор төлүүлнэ;
2.25.5. салгагдсан вагонд зорчигч цагаан хэрэглэлийн үнэ төлсөн байвал эрх бүхий ажилтан тэмдэглэл үйлдэж, гарын үсэг, буудлын тэмдгээр баталгаажуулан нэг хувийг зорчигчид өгөх бөгөөд уг тэмдэглэлийг үндэслэн дараагийн вагонд цагаан хэрэглэлийг үнэгүй олгоно;
2.25.6. салгагдсан вагоноос өөр вагонд зорчигчдыг шилжүүлэн суулгахад төмөр замын ажилтан шаардлагатай туслалцаа үзүүлэх ба галт тэрэгний дарга зорчигчдын аюулгүй байдлыг хангах урьдчилсан арга хэмжээг авсан байвал зохино.
2.26. Тээвэрлэхээс татгалзах:
2.26.1. төмөр замын байгууллага дараах тохиолдолд зорчигчийг цааш тээвэрлэхээс татгалзах, зорчигчийг галт тэрэгнээс буулгаж тээвэрлэлтийн гэрээнээс татгалзах эрхтэй:
а. зорчигч аяллын журам зөрчих буюу вагонд зорчигчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, согтууруулах, мансууруулах зүйл хэрэглэсэн тохиолдолд;
б. бусад зорчигчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, гэм хор учруулахуйц зорчигч /сэтгэцийн хүнд өвчтэй зэрэг/ байвал түүнд тусгайлан байр гаргаж өгөх буюу байр гаргаж өгөх бололцоогүй нөхцөлд зорчигчийг эмнэлэгийн байгууллага бүхий өртөөнд галт тэрэгнээс буулгана.
2.26.2 дээрх шалтгаанаар зорчигчийг галт тэрэгнээс буулгасан тохиолдолд өртөөний жижүүр, галт тэрэгний дарга холбогдох хүмүүсийг байлцуулан тэмдэглэл үйлдэнэ.
2.26.3. энэхүү журмын 2.26.1.б-д дурдсан шалтгаанаар галт тэрэгнээс буусан зорчигчийн хүсэлтээр зорчоогүй зайн зорчих тасалбарын үнийн зөрүүг буцааж олгох буюу зорчих тасалбарын хүчинтэй хугацааг сунгах асуудлыг зорчигч буусан өртөө, буудлын эрх бүхий ажилтан шийдвэрлэнэ.
2.26.4. буусан зорчигч өөрийнхөө тээшийг зорчих тасалбарт заасан өртөө хүртэл илгээхийг зөвшөөрөөгүй тохиолдолд тээшийн тасалбарыг үндэслэн уг зорчигчийн буусан өртөөнд тээшийг олгох ба бололцоогүй бол уг тээшийг очих өртөө хүртэл илгээнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЦАХИМ ТАСАЛБАРЫГ БОРЛУУЛАХ, БУЦААХ НӨХЦӨЛ
3.1 Зорчигч тээврийн үйлчилгээ явуулах эрх бүхий байгууллага нь цахим тасалбарын загварыг баталж, тасалбар худалдаалах үйлчилгээг цахим болон бусад хэлбэрээр дамжуулан үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ.
3.2 Зорчигч цахим тасалбарын өгөгдлийг хүлээн авснаар тээвэрлэгч байгууллагатай тээвэрлэлтийн гэрээ байгуулсанд тооцно.
3.3 Цахим тасалбарт явах хүрэх өртөөний нэр, галт тэрэг, вагон, зорчих байрын дугаар, явах огноо, цаг минут, тариф үнэлгээ, зорчигчийн овог нэр, регистрийн дугаар/ эсхүл гадаад паспортын дугаар/, цахим тасалбарын захиалгын дугаар бүхий дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан байна.
3.4 Зорчигч нь галт тэргэнд суух үед олон улсын харилцааны зорчигчийн галт тэрэгний цахим тасалбарыг хэвлэмэл байдлаар, орон нутгийн харилцааны зорчигчийн галт тэрэгний цахим тасалбарыг зурган болон хэвлэмэл байдлаар бэлдэж, өөрийн бичиг баримтын хамт шалгуулна.
3.5 Интернетээр цахим тасалбар авсан зорчигчийн мэдээлэл тухайн аялах галт тэрэгний зорчигчийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн байна.
3.6 Төмөр замын эрх бүхий ажилтан тухайн аялах галт тэрэгний нэгдсэн мэдээллийн дагуу зорчигчийн цахим тасалбарыг бичиг баримттай тулгаж шалгана. Цахим тасалбарын өгөгдөл зорчигчийн бичиг баримттай таарахгүй тохиолдолд зорчигч тасалбар худалдах газраас болон явуулын няраваас дахин тасалбар худалдан авна.
3.7 Зорчигч цахим тасалбараа сунгуулах, буцаах нөхцөлд тасалбар худалдах газар өөрийн биеэр ирэх болон уг үйлчилгээг цахим хэлбэрээр авч болно. Цахим тасалбарын үнийг буцаахдаа энэхүү журмын 2.19-т заалтыг баримтална.
3.8 Зорчих тасалбарыг цахим хэлбэрээр худалдах бусад хууль, тогтоомжоор зохицуулна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГАР ТЭЭШ ТЭЭВЭРЛЭХ, ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
4.1. Гар тээш тээвэрлэх:
4.1.1. гар тээш нь сав, баглаа, боодлын байдлаас үл хамааран хэмжээгээрээ вагоны гар тээшний байранд хялбар багтах, бусад зорчигчдод саад болохооргүй байна;
4.1.2. зорчигч нь зорчих тасалбараар 36 кг-аас илүүгүй жинтэй, 5-12 хүртлэх насны хүүхдийн тасалбараар 15 кг хүртэл жинтэй 40х60х80см-ээс хэтрэхгүй хэмжээтэй нэг гар тээшийг үнэ төлбөргүй авч явах эрхтэй;
4.1.3. гар тээшинд зорчигчийн аяллын туршид хэрэглэх хүнсний болон хувийн хэрэгцээний эд зүйлс, ариун цэврийн хэрэглэл, ахуйн зориулалттай бараа орно;
4.1.4. хорио цээр тогтоосон бүс нутгаас гар тээш тээвэрлэхийг хорио цээрийн албаны зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ;
4.1.5. гар тээшийн бүрэн бүтэн байдлыг зорчигч өөрөө хариуцах үүрэгтэй;
4.1.6. вагон болон зорчигчийн эд юмсыг гэмтээх, бохирдуулах, эвгүй үнэртэй, хортой ачаа, галт зэвсэг, галын аюултай, өөрөө шатах, тэсрэх, дэлбэрэх, цацраг идэвхит, идэмхий, мөн хордуулах бодис, түүхий мах, түргэн муудах бүтээгдэхүүн зэрэг хууль тогтоомж, дүрэм, журмаар тээвэрлэхийг хориглосон эд юмсыг гар тээшинд авч явахгүй байна. Хориглосон эд зүйлийг авч явж вагон болон зорчигчийн эд юмсыг гэмтээсэн, бохирдуулсан бол тухайн зорчигч хариуцлагыг хүлээж, хохирлыг барагдуулна;
4.1.7. вагоны гар тээшний байранд багтахгүй том хэмжээний радио, телевизор, компьютер, дуу ба дүрс бичигч зэрэг эмзэг ачааг гар тээшинд хамааруулан зорчих тасалбараар үнэ төлбөргүй галт тэргэнд авч явахыг зөвшөөрнө;
4.1.8. тусгайлан хориглоогүй бол 2 хүртэл тооны гэрийн тэжээвэр амьтан /нохой, шувуу, муур, туулай, зараа зэрэг/-г зорчигчийн галт тэргэнд зохих хөлс, тээврийн бичиг баримтыг бүрдүүлэн тасалгаат вагонд авч явахыг зөвшөөрнө. Хүүхэд зорчиж буй вагонд гэрийн тэжээвэр амьтан тээвэрлэхгүй;
4.1.9. нохойг хушуувч, оосортойгоор бусдын аюулгүй байдлыг хангаж тээвэрлэнэ;
4.1.10. бусад тэжээвэр амьтан ба шувууг хайрцаг, тор зэрэг зориулалтын саванд тээвэрлэнэ;
4.1.11. тэжээвэр амьтанг зорчигчийн ба тээшийн вагонд авч явахад тээшийн тасалбар үйлдүүлж, нүүрэн талд нь "Зорчигч гартаа авч явах тээш" гэсэн тэмдэглэгээ хийлгэж тээшийн тарифаар хөлсийг төлнө;
4.1.12. хэрэв бага насны хүүхэд нь тэрэгтэйгээ яваа бол, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэргэнцэртэй яваа бол тэдгээрийн тэрэг болон тэргэнцэрийг гар тээшний жинд хамааруулан үнэгүй тээвэрлэнэ;
4.1.13. тэжээвэр амьтан, шувууг тээшийн дагалдах бичиггүй, төлбөр хийлгүйгээр галт тэргэнд авч орохыг хориглох бөгөөд зөрчсөн тохиолдолд тээврийн хөлсийг нөхөн төлүүлэх бөгөөд татгалзсан тохиолдолд тээвэрлэлтийн гэрээнээс татгалзах эрхтэй. Татгалзсан шалтгааны талаар эрх бүхий этгээд тэмдэглэл үйлдэнэ.
4.2. Зорчигч тогтоосон хэмжээнээс их овор, хэмжээтэй гар тээш тээвэрлэвэл суусан өртөөнөөс очих өртөө хүртэл тээврийн хөлсийг тээшийн тарифын дагуу төлүүлнэ. Зорчигч төлбөр төлөхөөс татгалзсан тохиолдолд тээвэрлэлтийн гэрээнээс татгалзана. Зорчигч галт тэргэнд тээвэрлэхийг хориглосон гар тээш авч явсан нь илэрвэл эрх бүхий ажилтанд мэдэгдэж холбогдох арга хэмжээ авна.
4.3. Гар тээш хадгалах ажиллагаа, нөхцөл:
4.3.1. гар тээш хадгалах байр өртөө, буудалд байна. Энэ байранд зорчих тасалбарыг үл харгалзан овор хэмжээ багатай гар тээшийг хүлээн авна. Гар тээш хадгалах байрын ажиллах цагийн хуваарийг нийтэд үзэгдэхүйц газар байрлуулна;
4.3.2. гар тээш хадгалах байранд 50 кг-аас дээшгүй жинтэй, 3-н хэмжээсийн нийлбэр нь 200 см-ээс хэтрэхгүй сав, баглаа, боодолтой тээшийг байр тус бүрээр нь хүлээн авч хадгална. Энэхүү журмын 3.1.6, 3.1.8-д заасан тээш болон гэрийн тэжээвэр амьтан хүлээн авахгүй. Гар тээш хадгалах байранд зорчигчийн хадгалуулахаар өгсөн тээшин дэх түргэн муудах, гэмтэх эд юмсыг төмөр замын байгууллага хариуцахгүй;
4.3.3. хадгалах байранд гар тээш хүлээн авахдаа биеийн байцаалтыг үндэслэн сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж, хадгалалтын бичиг баримтыг үйлдэх ба тасалбарын үлдэх хувь дээр ачааны эзнээр нотолгоо болгон гарын үсэг зуруулна;
4.3.4. бусдын эд зүйлд хор нөлөө үзүүлж болохуйц гар тээшийг хадгалуулахаар өгсөн этгээд үүсч болох бүх хариуцлагыг өөрөө хүлээнэ.
4.4. Хадгалуулахаар өгөх гар тээш тус бүрт эсвэл нийтэд нь үнэ зарлаж болно. Тээшийн үнэ эргэлзээтэй байвал уул ачааны баглаа, боодлыг задлахыг эзнээс нь шаардана. Эзэн нь задлаж үзүүлэхийг эс зөвшөөрвөл уг гар тээшийг хадгалахаар хүлээж авахгүй. Ачааны эзэн тогтоосон тарифын дагуу зарласан үнэд зохих хөлсийг төлнө.
4.5. Хадгалалтын хөлс төлөх:
4.5.1. хадгалахаар хүлээн авах гар тээш тус бүрийн зарласан үнийн дүн, хүлээн авсан огноо, цаг минут, тоо ширхэг болон гар тээшийн эзний биеийн байцаалтын тухай тэмдэглэл бүхий дагалдах бичгийг олгоно;
4.5.2. гар тээшийн эзэн тээш хадгалуулсны хөлсийг тогтоосон тарифын дагуу төлнө. Хадгалуулсан гар тээшийг олгохдоо гар тээшийн эзний биеийн байцаалт болон дагалдах бичгийг шалгаж олгох ба дагалдах бичгийг хурааж авна.
4.6. Гар тээш хадгалах автомат хайрцгийг ашиглах:
4.6.1. гар тээш хадгалах автомат хайрцгуудыг буудал дотор, зорчигчдод үйлчлэх үйлчилгээний шаардлага хангасан, гэрэлтүүлэг сайтай газар байрлуулсан байна;
4.6.2. хадгалах автомат хайрцаг тус бүрийг дэс дараалан дугаарласан байна. Автомат хадгалах хайрцгийн ашиглах журмыг тод, тодорхой бичиж, нийтэд үзэгдэхүйц газар байрлуулна;
4.6.3 зорчигч тээшээ автомат хадгалах хайрцагт нууц дугаараар хадгалах ба нууц дугаарын хадгалалт, ашиглалтыг зөвхөн зорчигч өөрөө хариуцна;
4.6.4. хадгалах автомат хайрцгийн ашиглалтад буудлын ажилтан хяналт тавина;
4.6.5. төмөр замын байгууллага тус бүр өөрийн ашиглаж байгаа хадгалах автомат хайрцгийн ашиглах журмыг тогтооно.
4.7. Үрэгдсэн гар тээш болон дагалдах бичиг:
4.7.1. хадгалуулахаар өгсөн гар тээш үрэгдвэл өртөө ба буудлын дарга ерөнхий маягтын дагуу тэмдэглэл үйлдэж, тасалбар үзүүлэгчид зарласан үнийн хэмжээгээр хохирлыг барагдуулна. Гар тээшинд үнэ зарлагдаагүй тохиолдолд хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ;
4.7.2. алга болсонд тооцогдсон гар тээш олдвол өмнө нь эзэнд нь төлсөн төлбөрөө эргүүлэн авч, гар тээшийг олгоно;
4.7.3. хадгалуулсан гар тээшийн дагалдах бичгийг зорчигч үрэгдүүлсэн тохиолдолд өөрийн эд зүйл болохыг нотолсон баримт бичгийг бүрдүүлэх бөгөөд түүнийг хянан үзсэний үндсэн дээр олгож болно. Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг тээвэрлэгч өөрийн дотоод журмаар зохицуулна;
4.8. гар тээшийг 5 хүртэлх хоногийн хугацаатайгаар хадгалах байранд хүлээн авна. Гар тээшээ 30 хоногийн дотор авахгүй тохиолдолд тээш хадгалалтын гэрээгээр тохиролцсон мэдээллийн хэрэгсэлээр мэдээлэл өгөх ба төмөр замын байгууллага, холбогдох мэрэгжлийн байгууллагатай хамтран комиссыг томилж, уг гар тээшийг Иргэний хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу худалдан борлуулж хадгалалтын гэрээний хөлсийг нөхөн төлүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
ТЭЭШ ХҮЛЭЭН АВАХ БА ТЭЭВЭРЛЭХ НӨХЦӨЛ
5.1. Тээш хүлээн авах, тээвэрлэх:
5.1.1. Тээш нь зорчигч зорчих тасалбараа үзүүлж, аялах галт тэрэгний тээшийн вагонд тээвэрлүүлэхээр хүлээлгэн өгсөн, энэхүү журмын 4.1.6-д заасан нөхцөлийг хангасан эд юмс байна;
5.1.2. зорчигчийн галт тэрэгний зогсолттой, тээш тээвэрлэлтэнд нээлттэй бүх өртөө, зөрлөгт тээш хүлээн авах, тээвэрлэх, олгох ажиллагаа явагдана;
5.1.3. зорчигчоос хүлээн авах тээш нь тээшийн вагоны хаалгаар чөлөөтэй багтах, ачих, буулгах, зөөвөрлөхөд хялбар бариултай, сав, баглаа, боодол нь тээвэрлэлтийн явцад тээшийн бүрэн бүтэн байдлыг найдвартай хангахаар зохих дүрэм, журам, зааврын дагуу бэлтгэгдсэн байвал зохино;
5.1.4. задарч эвдрэхээргүй унадаг дугуй, мотоцикл, хүүхдийн тэрэг, тахир дутуу хүний тэргэнцэр зэргийг ороолт, боодолгүйгээр тээвэрлэлтэнд хүлээн авч болно;
5.1.5. тээшийн сав, баглаа, боодол нь бат бэх, цоож нь гэмтэлгүй байх шаардлага хангасан байна;
5.1.6. нэг байр эзлэх тээш нь 75 кг-аас ихгүй байх ба нэг зорчих тасалбараар тээвэрлүүлэх тээшний нийт хэмжээ 200 кг-аас ихгүй байна;
5.1.7. бүрэн бүтэн бус сав, баглаа, боодолтой тээшийг тээвэрлэлтэд хүлээж авахгүй. Бусад тээшинд гэм хор учруулах, бохирдуулах, эвгүй үнэртэй ачаа, галт зэвсэг, галын аюултай, түргэн ба өөрөө шатах, тэсрэх, дэлбэрэх, цацраг идэвхит, идэмхий болон хордуулах бодис зэрэг хууль тогтоомжоор тээвэрлэхийг хориглосон зүйлс, мөн түүнчлэн хорио цээрийн голомтод байсан тэжээвэр амьтан, тээшийг тээвэрлэхээр хүлээн авч болохгүй.
5.1.8. зорчигчийн зорчих тасалбарт заасан өртөө хүртэл тээшийг тээвэрлэх бөгөөд хүлээн авах цэгийн байрлалаас хамаарч галт тэрэг хөдлөхөөс нэг цагаас доошгүй хугацааны өмнө тээшийг тээвэрлэлтэнд хүлээн авна;
5.1.9. сав баглаа боодол нь тухайн эд зүйлийн аюулгүй тээвэрлэх шаардлагыг хангасан байх, сэлгэн ачилтын үед тээшийн бүрэн байдлыг хангахуйц байвал зохино. Тээвэрлэсэн тээшний сав, баглаа, гэмтээгүй тохиолдолд далд дутагдалын хариуцлагыг төмөр замын байгууллага хүлээхгүй. Харин хагарч эвдрэх ачааны тэмдэг наасан тээшийг анхаарал болгоомжтой тээвэрлэх үүргийг төмөр замын байгууллага хариуцна;
5.1.10. өртөөний тээш хүлээн авах, олгох газрын ажиллах цагийн хуваарь зорчигчдод үйлчлэх бүх боломжийг хангасан байна;
5.1.11. тээшийг тухайн зорчигчийн аялах галт тэргээр илгээх ба боломжгүй тохиолдолд дараагийн галт тэргээр эхний ээлжинд явуулна;
5.1.12. онцгой болгоомж шаардсан тээшийг тээвэрлэлтийн гэрээ хийхдээ талууд техникийн нөхцөл, тээвэрлэлтийн шаардлагыг харилцан тохиролцон, зохих ачааны анхааруулах тэмдэгийг нааж хүлээн авна.
5.2. Тээшийг хүлээн авах, тэмдэглэл хийх, тээвэрлэлтэнд бэлтгэх:
5.2.1. зорчигчийн тээвэрлүүлэх тээш тус бүр дээр 3 см х15 см-ийн хэмжээтэй цаас, картон ба даавуун наадас буюу зүүлтийг тодоор бичиж хадах үүргийг тээшийн газрын ажилтан гүйцэтгэж, зохих хөлсийг тээш илгээгчээс авна;
5.2.2. наадас буюу зүүлт дээр бичигдэх зүйл:
§ тээш илгээгчийн овог нэр, хаяг;
§ тээш илгээгчийн регистерийн дугаар, утасны дугаар;
§ тээшийг тээвэрлэлтэд хүлээн авсан огноо;
§ явуулах өртөөний нэр;
§ хүрэх өртөөний нэр;
§ тээшийн тасалбарын дугаар;
§ тээшийн жин;
§ байрын тоо;
§ тээшийн нэр.
5.2.2. тээшийг тээвэрлэлтэнд хүлээн авч, дагалдах бичгийг үйлдэж, тээшийн тасалбарыг зорчигчид олгох ба зорчигчийн зорчих тасалбарт "тээш" гэсэн тэмдэг дарна.
5.2.3. тээш хүлээлцэгч ороож боох боломжгүй унадаг дугуй, тэргэнцэр зэргийг тээшинд хүлээж авахдаа тээшийн замын хүснэгтэнд тухайн эд зүйлийн серийн дугаар болон хонх, гэрэл гэх мэт салгаж болох эд анги нь бүрэн бүтэн эсэхийг заавал тэмдэглэж бичнэ.
5.3. Үнэ зарлах:
5.3.1. зорчигч тээшээ тээвэрлэлтэнд хүлээлгэн өгөхдөө түүнд үнэ зарлах ба зохих хөлсийг тарифын дагуу төлнө. Хэд хэдэн тээш өгсөн бол тээш тус бүрд эсвэл нийтэд нь үнэ зарлаж болно. Тээшийн эзний хэлсэн үнийн дүнг тээшийн тасалбарт тоо ба үсгээр бичнэ. Харин тээш тус бүрийн жин ба үнийг тоогоор бичнэ;
5.3.2. төмөр замын ажилтан уул зарласан үнийн зөв эсэхэд эргэлзвэл тээшийг задлахыг шаардаж болох ба энэ талаар маргаан гарсан тохиолдолд өртөөний буюу буудлын эрх бүхий ажилтан асуудлыг шийдвэрлэнэ. Зорчигч нь тээшээ задлаж үзүүлэхгүй эсхүл өртөө /буудал/-ний эрх бүхий ажилтны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг тээшийг хүлээн авахаас татгалзана.
5.4. Гэрийн тэжээвэр амьтан, шувуу тээшээр тээвэрлэх:
5.4.1. гэрийн тэжээвэр амьтан, шувууг замдаа шилжүүлэн ачилтгүй шууд явах галт тэргэнд тээшээр тээвэрлэхээр хүлээн авна;
5.4.2. гэрийн тэжээвэр амьтан, шувууг бусад тээш болон вагоныг гэмтээхгүй, бохирдуулахгүй байх боломжоор хангасан контейнер, сагс, тор, саванд тээвэрлэнэ. Тор, сав нь тээвэрлэх амьтдын тоо, хэмжээнд тохирсон байх шаардлагатай бөгөөд хэт овортой байж болохгүй. Нэг байрны хэмжээ нь 50 кг-аас хэтэрч болохгүй. Гэрийн тэжээвэр амьтан, шувууг галт тэрэг хөдлөхөөс нэг цагийн өмнө тээвэрлэлтэнд хүлээн авна. Мал адгуус болон зэрлэг амьтдыг тээшээр тээвэрлэхгүй. Мал адгуусыг тээшийн вагонд тээвэрлэх тохиолдолд тусгайлсан гэрээний үндсэн дээр тээвэрлэж болно;
5.4.3. төмөр замын байгууллагын буруугаар ташаа илгээснээс бусад тохиолдолд гэрийн тэжээвэр амьтан, шувууг хооллох арчлах ажлыг эзэн нь хариуцна;
5.4.4. гэрийн тэжээвэр амьтан, шувууг тээшээр тээвэрлэж буй галт тэрэг хүргэх ёстой өртөөнд ирмэгц тээш хүлээн авагч нь заавал хүлээн авна. Хэрэв аваагүй тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж, баримтжуулан тэмдэглэгээ хийж уул амьтан, шувууг холбогдох байгууллагад тэмдэглэлээр хүлээлгэн өгнө;
5.4.5. тээшийн дагалдах бичгээ зорчигч үрэгдүүлсэн тохиолдолд өөрийн эд зүйл болохыг нотолсон баримт бичгийг бүрдүүлэх бөгөөд түүнийг хянан үзсэний үндсэн дээр олгож болно. Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг тээвэрлэгч өөрийн дотоод журмаар зохицуулна;
5.4.6. гэрийн тэжээвэр амьтан 5-аас ихгүй, шувууг мал эмнэлгийн магадлагаатай бол нэг илгээлтээр тээвэрлэж болно.
5.5. Ургамал, суулгац тээвэрлэх:
5.5.1. бусад тээшийг бохирдуулахааргүй, сав, баглаа, боодол нь тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хангасан, хорио цээрийн бичигтэй ургамал бут, суулгац болон бусад ургамлыг тээшээр тээвэрлэж болно. Тээшийг тээвэрлэлтэнд тухайн галт тэрэг хөдлөхөөс 2 цагийн өмнө хүлээн авна. Тээш тус бүрийн хүндийн жин 50 кг, өндөр нь 2 м-ээс хэтэрч болохгүй. Төмөр замын тээвэрт ургамал, суулгацыг гарал үүслийн гэрчилгээтэй, холбогдох дүрэм, журмын дагуу тээвэрлэнэ. Хэрэв хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрээс хорио цээрийн албаны зөвшөөрлийг үндэслэн хүлээн авч, тээвэрлэнэ.
5.6. Тээш илгээх:
5.6.1. зорчигч нь тээшээ өөр галт тэргээр илгээх тухай захиалга өгөөгүй бол тээвэрлэхээр хүлээн авсан тээшийг уг зорчигчийн аялах галт тэргээр явуулах шаардлагатай ба тээвэрлэх боломжгүй бол дараагийн галт тэргээр эхний ээлжинд явуулна;
5.6.2. тээшийг шилжүүлэн ачих нөхцөлөөр тээвэрлэлтэнд хүлээн авах үед тээш илгээгч шилжүүлэн ачилтын үйлчилгээний хөлсийг хариуцах ба төмөр замын байгууллага зорчигчийн оролцоогүйгээр ачих, буулгах ажлыг гүйцэтгэнэ;
5.6.3. хууль, хяналтын байгууллагын шийдвэрээр тээшийг хүргэх өртөөнөөс өөр өртөөнд саатуулагдахаар бол тээвэрлэгчийн эрх бүхий ажилтан, цагдаагийн ажилтан хамтран тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурж, энэ тухай тээш хүрэх өртөөнд мэдэгдэж, хүрэх өртөө нь харилцаа холбооны хэрэгсэлээр мэдээлж, баримтжуулан тэмдэглэгээ хийж, тээш илгээгч, хүлээн авагчид мэдэгдэнэ.
5.7. Аяллын замд тээш олгох:
5.7.1. зорчигч аяллын замдаа тээшээ авахыг хүсвэл галт тэрэгний даргаар дамжуулан эсвэл өөрийн биеэр тээш, түгээгчид урьдчилан мэдэгдэх шаардлагатай;
5.7.2. тээшийн вагон дахь ачааны байрлал болон өртөөн дээр галт тэрэг зогсох хугацаанд тээшийг олгох боломжтой бол түүнийг олгоод тээшийн дагалдах бичгийг зорчигчоос хурааж авна;
5.7.3. дагалдах бичгийг замын хүснэгтийн хамт тээш түгээлтийн ээлжит тайланд хавсарган төмөр замын байгууллагын санхүүгийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлэхээр тээш олгосон өртөөний эрх бүхий ажилтанд хүлээлгэн өгнө. Ийм тохиолдолд тээш тээвэрлэгдээгүй зайн хөлсийг буцааж олгохгүй.
5.8. Тээврийн хөлс төлөх:
5.8.1. тээш тээвэрлэх хөлсийг түүний дагалдах бичгийг үйлдэх үед хураана;
5.8.2. тээшийн хүндийн жин дагалдах бичигт зааснаас илүү байвал аяллын замд буюу очсон өртөөнд ерөнхий маягтын акт үйлдэн тээврийн хөлсний зөрүүг зорчигчоос шаардаж авна.
5.9. Хаягласан өртөөнд тээшийг хүлээн авах ба олгох:
5.9.1. өртөөнд ирсэн тээшийг олгохдоо тээшийн дагалдах бичгийг төмөр замын хүснэгттэй тулган тохирсон тохиолдолд хүлээн авагчид олгоно. Тээшийн хүснэгтийг тээшийн тайланд хавсарган төмөр замын харьяа холбогдох байгууллагын санхүүгийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ;
5.9.2. тээш тээвэрлэлтийн үйл ажиллагаанд нээлттэй өртөөнд тээш хүлээлцэгчид тээшийг хүлээн авах ба хүлээлгэн өгөх бөгөөд хаалттай өртөөнд тээш түгээгч нь вагоноос шууд олгоно;
5.9.3. тээш нь хүрэх өртөөнд ирээгүй тохиолдолд зорчигчийн тээшийн дагалдах бичгийн ар талд "тээш ирээгүй" гэсэн тэмдэглэл хийж он, сар, өдрийг бичиж өртөөний буюу буудлын тэмдэг дарна. Тээш ирсэн тухайд уг зорчигчид мэдэгдэх хаяг, утасны дугаар болон мэдэгдэх арга байдлыг тодруулж авна;
5.9.4. тээш хүргэх хугацааг эзэн нь зорчиж буй тээшийн вагон бүхий галт тэрэгний эсвэл зорчигчийн хүссэн ёсоор тээшийг илгээсэн галт тэрэгний замд явах хугацаагаар тус тус тодорхойлно. Тээшийг шилжүүлэн ачилт бүхий чиглэлээр явуулсан тохиолдолд түүнийг хүргэх хугацааг тээшийн вагон буюу зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт заасан хугацаан дээр шилжүүлэн ачилт бүрт тус бүр нэг хоног нэмж тодорхойлно;
5.9.5. тээш ирсэн тухай мэдэгдлийг тээш хүлээн авагчид тухайн өдөр нь хаягийн дагуу харилцаа холбооны хэрэгсэлээр мэдэгдэн баримтжуулан тэмдэглэгээ хийж тээш хүлээн авагчид мэдэгдэнэ. Хүлээн авагчтай холбогдож чадаагүй нөхцөлд тээш илгээгчид утсаар мэдэгдэнэ. Мэдэгдлийн үйлчилгээний хөлсийг хүлээн авагч төлнө.
5.10. Тээшийн гэмтэл:
5.10.1. хүлээн авагч тээшийн тоо ширхэг, жин дутсан эсхүл сав, баглаа, боодол нь эвдэрсэн байхад хүлээн авахыг зөвшөөрвөл тээшийг олгож, дагалдах бичгийг тээшийн пүүлэгчид өгөх ба замын хүснэгтийн ард “өөрөө авахыг хүсэв” гэж тэмдэглэл хийж хүлээн авагчаар гарын үсэг зуруулна. Бусад тохиолдолд дутагдал, эвдрэлийн тухай түүний овог нэр, хаяг, үнэ зарласан байвал үнийн дүн зэргийг тусгасан ерөнхий маягтын дагуу акт тогтоох ба тээврийн акт үйлдэн хуулбарыг түүнд өгнө;
5.10.2. тээшийн дутагдал төмөр замын байгууллагын буруугаас болсон бол хохирлыг тээш тус бүрийн зарласан үнийн дагуу, хэрэв зарласан нэг үнэтэй байвал дутсан тээшийн жинтэй шууд /пропорциональ/ хамаарлаар, хэрэв зорчигч тээшиндээ үнэ зарлаагүй бол дутагдсан хүндийн хэмжээгээр хохирлыг 1.0 кг тутмыг 5000 төгрөгөөр бодож төмөр замын байгууллага нөхөн төлнө;
5.10.3. тээш алга болсонд тооцогдож, эзэнд нь нөхөн төлбөр төлсний дараа уг тээш чанар, хэмжээ алдагдаагүй олдвол нөхөн төлбөр, үйлчилгээний хөлсийг суутгаж, тээшийг эзэнд нь хүлээлгэн өгнө.
5.11. Тээш болон тээшийн тасалбарыг үрэгдүүлэх:
5.11.1. зорчигч энэхүү журмын 4.9.3-д заасан тээш хүргэх хугацаа өнгөрснөөс хойш 21 хоногийн дотор уул өртөөнд тээш ирээгүй бол /эрх бүхий байгууллагын шийдвэрээр тээшийг саатуулснаас бусад тохиолдолд/ хохиролоо нөхөн төлүүлөх шаардлагаа бичгээр гаргах эрхтэй. Хохирлыг энэхүү журмын 4.10.2-т заасны дагуу эзэнд нь төлж холбогдох бичиг баримтыг бүрдүүлнэ;
5.11.2. зорчигч тээшийн дагалдах бичгээ үрэгдүүлсэн тохиолдолд түүний бичгэн мэдүүлэг болон бусад холбогдох бичиг баримтыг үндэслэн уг тээш тухайн зорчигчийнх мөн болохыг нотлох баталгааг гаргуулж тээшийг олгож болно. Өртөө, буудлын холбогдох ажилтан нь дагалдах бичиггүйгээр тээш олгосон шалтгааны талаар тээшийн замын хүснэгтэд тэмдэглэл хийж үлдээнэ.
5.12. Тээшийг дахин илгээх:
5.12.1. тээш нь тээшийн замын хүснэгтээс салж тээвэрлэгдсэн, тээврийн бичиг баримтанд заагдсанаас өөр өртөөнд хүргэгдсэн ба тээш нь зорчигчийн хамт хүрэх өртөөнд ирээгүй, түүний хүрэх хугацаа өнгөрсөн тохиолдолд уг зөрчлийг илрүүлсэн өртөө нь энэ тухай бүх өртөөнд болон зорчигч тээврийн асуудал эрхэлсэн төмөр замын байгууллагад мэдэгдэнэ. Зорчигч тээврийн асуудал эрхэлсэн төмөр замын байгууллага эрэл хийх ба тээш олдсон тохиолдолд тухайн өртөөнд дахин илгээлт хийх шийдвэр гаргана. Шийдвэр авсан өртөө ба буудлын дарга тээшийн дагалдах бичиг болон замын хүснэгтийн ар талд “тээш зохих хугацаандаа ирээгүй учир тээшийг дахин илгээх тухай мэдэгдлийг хүлээн авлаа” гэсэн тэмдэглэл хийж он, сар, өдөртэй тэмдэг дарна;
5.12.2. дахин илгээсэн тээш өртөөнд ирмэгц өртөө ба буудлын даргын нэрийн өмнөөс тээшийн хүлээн авагчийн нэр дээр бичиг баримт /ачаа тээшээр/ үйлдэж илгээнэ. Тээшийн шинэчилсэн замын хүснэгтэд түүний анхны илгээлтийн дугаарыг заана;
5.12.3. дахин илгээсэн тээшийг замын шинэчилсэн хүснэгтээр явуулж, харин тээшийн дагалдах бичиг, дахин илгээх тухай мэдэгдэл зэргийг дагалдах бичгийн үлдэх хувьтай хавсарган тайлангийн хамт төмөр замын байгууллагын санхүүгийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ;
5.12.4. тээш ирсэн ба түүнийг дахин илгээсэн тухай анх хүргэх шаардлагатай байсан өртөө дахин илгээсэн цаг, нөхөн хүргэх дагалдах бичгийн дугаар зэргийг заасан бичгээр тээш хүлээн авагчид мэдэгдэнэ. Шинээр хүргэсэн өртөө нь уг тээшийг үнэгүйгээр олгох ба анх илгээсэн тээшийн дагалдах бичгийг тээш хүлээн авагчаас хурааж авна.
5.12.5. Дээрхээс бусад тохиолдолд тээшийг дахин илгээж болохгүй.
5.13. Тээшийг хадгалах:
5.13.1. өртөөнд ирүүлсэн тээшийг ирсэн өдрөөс эхлэн тээш хүлээн авагчид олгох хүртэлх хугацаанд хадгалсны хөлсийг төмөр замын байгууллагын даргын баталсан үнэлгээний дагуу зорчигчоос авна.
5.14. Нэхэмжлээгүй тээшийг борлуулах:
5.14.1. зорчигч, байгууллага, аж ахуйн нэгж тээшээ 30 хоногийн дотор авахгүй бол төмөр замын байгууллага холбогдох мэргэжлийн байгууллагаас оролцуулсан комиссыг томилж, уг комисс тээшийг борлуулах арга хэмжээг авна. Тээшийг худалдан борлуулснаас хойш 6 сарын дотор тээш хүлээн авагч илэрч нэхэмжилбэл борлуулалтын орлогоос төмөр замын байгууллагын ажил, үйлчилгээний хөлсийг суутгаад үлдэх хэсгийг нэхэмжлэгчид тээшийн дагалдах бичгийг үндэслэн олгоно.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
АЧААН ТЭЭШ ХҮЛЭЭН АВАХ БА ТЭЭВЭРЛЭХ НӨХЦӨЛ
6.1. Ачаан тээш хүлээн авах, тээвэрлэх:
6.1.1. Ачаан тээш гэж илгээгчээс зорчих тасалбар шаардалгүйгээр захиалгын маягтыг бөглүүлж, хүлээн авсан энэхүү журмын 5.1.4-т заасан нөхцөлийг хангасан эд юмс байна.
6.1.2. ачаан тээшийн сав, баглаа, боодол нь тэдгээрийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөлийг хангасан байна;
6.1.3. ачаан тээш тээвэрлэхэд нээлттэй өртөөдөд ачаан тээш хүлээн авах, явуулах, олгох үйл ажиллагаа хийгдэнэ;
6.1.4. нэг ачаан тээшийн хүндийн жин нь 10 кг-аас бага, 100 кг-аас их байж болохгүй, тээш ачих буулгах техник хэрэгсэлтэй өртөөнд нэг ачаан тээшийн хүндийн жин 75 кг-аас 165 кг хүртэл байж болно. Гурван хэмжээсийн нийлбэр нь 500 см-ээс ихгүй, ачааг ачаан тээш тээвэрлэлтийн тарифаар тооцно;
6.1.5. дараах ачаан тээшийг эхний ээлжид тээвэрлэнэ:
§ сонин, бусад өдөр тутмын тогтмол хэвлэл;
§ түргэн гэмтэж, муудах бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн;
§ зөвшөөрөгдсөн гэрийн тэжээвэр амьтан, шувуу;
§ гэрийн эд хогшил /замдаа шилжүүлэн ачилттай хүлээн авч болно/;
§ шарил.
6.1.6. түргэн муудах хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүнийг тээшийн вагонд тээвэрлэхээр хүлээн авахдаа түүнийг тээвэрлэх хугацаа, зайг гэмтэж муудахгүй тээвэрлэгдэх боломжтой эсэхийг тооцож хүлээн авна. Жилийн дулааны болон хүйтний улирлыг дараах байдлаар тооцно. 5 дугаар сарын 01-ээс 9 дүгээр сарын 30-ыг дуусталх хугацааг дулааны, 10 дугаар сарын 01-нээс 4 дүгээр сарын 30-ыг дуусталх хугацааг хүйтний улирал гэнэ;
6.1.7. дулааны улиралд ирсэн ачаан тээшийг төмөр замын байгууллага 6 цагаас дээш хадгалахгүй;
6.1.8. түргэн гэмтэж, муудах ачааг ачаан тээшээр тээвэрлэхэд галт тэрэг хөдлөхөөс 2 цагийн өмнө хүлээн авна;
6.1.9. хаяг нь тодорхой нөхцөлд түргэн гэмтэж, муудах ачааг тогтоосон хугацаанд нь авахыг хүлээн авагчид мэдэгдэх арга хэмжээг өртөө ба буудал мөн ачаа илгээгч аль аль тал нь хариуцна;
6.1.10. түргэн гэмтэж, муудах ачаан тээш нь гэрээт хугацаанд хүргэгдсэн боловч төмөр замаас үл хамаарах шалтгаанаар шинж чанар муудсан тохиолдолд тээвэрлэгч гэм буруугүй болохоо нотолж, хариуцлагаас чөлөөлөгдөнө;
6.1.11 тээвэрлэлтэд хүлээж авсан ачаан тээш нь гадна үзлэгээр ямар нэгэн гэмтэл учраагүй, анхааруулах тэмдэггүй мөртлөө дотор нь хялбар муудах зүйлс /мах, сүү, ногоо, жимс г.м./ хагарч эвдрэх хэврэг ачаа /шил, шаазан эдлэл, телевизор г.м./ нь гэмтсэн байвал уг хохирлыг төмөр замын тээвэрлэгч хариуцахгүй.
6.2. Тээвэрлэлтэд хүлээн авах:
6.2.1 төмөр замын байгууллага ачаан тээшийн сав, баглаа, боодол тээвэрлэлтийн шаардлага хангасан эсэхийг шалгасны дараа ачаа илгээгч захиалгын маягтыг зааврын дагуу бөглөж, захиалгыг эрх бүхий ажилтанд өгнө:
§ сав, баглаа, боодлын тоо, төрөл, хүндийн жин;
§ ачааны нэр, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тэмдэг, тэмдэглэгээ;
§ илгээсэн өртөө, огноо;
§ хүргэх өртөө, огноо;
§ зарласан үнэ;
§ тухайн барааг худалдан авсан үнэ;
§ илгээгчийн овог нэр, хаяг, регистрийн дугаар;
§ хүлээн авагчийн овог нэр, хаяг, харилцаа холбооны хэрэгсэл, регистрийн дугаар;
§ хуульд заасан бусад нөхцөл.
6.2.2. ачаан тээшийг тээвэрлэлтэд хүлээн авахдаа ачаан тээшийн сав баглаа, боодлыг шалган, зөвшөөрөгдсөн ачаан тээш мөн эсэхийг тогтоож, илгээгчээр захиалгын маягтын үнийг төлүүлнэ.
6.2.3. захиалгыг үндэслэн тээвэрлэлтийн бичиг баримт үйлдэнэ. Тээвэрлэгчийн эрх бүхий ажилтан ачаан тээшийг явуулах огноо, цаг минут, галт тэргийг тогтоосны дараа ачаан тээшийг тээвэрлэлтэд хүлээн авч, төлбөр төлсөн дагалдах бичгийг ачаан тээш илгээгчид олгоно;
6.2.4. ачаан тээшийн нэр зөв эсэх талаар эргэлзээ гарсан тохиолдолд төмөр замын байгууллага ачааны сав, баглаа, боодлыг задлах шаардлага тавих эрхтэй. Ачаа тээшийг задалж үзэхийг илгээгч эс зөвшөөрвөл түүнийг тээвэрлэлтэд хүлээж авахгүй;
6.2.5. илгээгч нь тогтоосон журмын дагуу ачаан тээшиндээ заавал үнэ зарлана. Тээврийн хөлс ба үнэ зарласан хураамжийг тарифт заагдсаны дагуу төлнө;
6.2.6. ачаан тээшийг завсарын өртөөнөөс дахин илгээх болон тээвэрлэлтийн явцад олгохыг зөвшөөрөхгүй;
6.2.7. ачаан тээшийг тухайн зорчигчийн явах галт тэрэгний тээшийн вагоноор явуулах боломжгүй /багтаагүй зэрэг бусад шалтгаанаар/ тохиолдолд тухайн чиглэлийн дараагийн галт тэргээр явуулж болно;
6.2.8. зорчигч ачаан тээшиндээ үнэ зарлахаас татгалзвал эсвэл зорчигчийн үнэ зарласан байдал барааны нэр төрөл, тоо ширхэг нь бодит үнэтэй тохирохгүй байвал явуулах өртөө ачаан тээшийг тээвэрлэлтэд хүлээн авахаас татгалзана;
6.2.9. тээш, ачаан тээшийн агуулах, тээшийн үйлчилгээ үзүүлэх ажилтангүй боловч тээш ачаан тээш ачих боломжтой жижиг өртөө, зөрлөгүүдээс явуулж буй ачаан тээшийг тээшийн вагонд ажиллах тээш түгээгч хүлээн авах ба үнэ зарлалт ачилт, шилжүүлэн ачилт, буулгалт зэрэг нэмэгдэл хураамжийг илгээгч хариуцна.
6.3. Ачаан тээшийг тавьж олгох:
6.3.1. ачаан тээш ирсэн өртөөнд тээвэрлэгчийн эрх бүхий ажилтан ачаан тээш харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдэж баримтжуулан тэмдэглэгээ хийж хүлээн авагчтай холбогдож чадаагүй тохиолдолд илгээгчид мэдэгдэнэ. Мэдэгдэх үйлчилгээ үзүүлсэн хөлсийг хүлээн авагчаас авна;
6.3.2. албан байгууллага, компанийн нэр дээр ирсэн ачаан тээшийг хүлээн авах этгээд нь уул байгууллагын дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдэг бүхий итгэмжлэлийг иргэний үнэмлэх эсвэл бусад биеийн байцаалтын хамт шалгуулан замын хүснэгтийн ар талд гарын үсэг зурж, ачаан тээшийг хүлээн авна. Ачаан тээш хүлээн авагчаас итгэмжлэлийг авч үлдэнэ. Тодорхой хүний хаягаар ирсэн ачаан тээшийг хүлээн авагчид эсвэл түүний итгэмжилсэн этгээдэд иргэний үнэмлэх эсвэл бусад нотлох баримтыг үзэж олгох ба замын хүснэгтийн ар талд тэмдэглэл хийж гарын үсэг авна. Ачаан тээш байнга ирдэг байгууллагын хүлээн авагч байнгын итгэмжлэх бичигтэй байх шаардлагатай ба түүгээр ачаан тээшийг олгоно;
6.4. Ачаан тээшийг хадгалах, цэгцлэх:
6.4.1. ачаан тээшийн жинг шалгасны үнийг төмөр замын байгууллагын даргын тогтоосон тарифын дагуу ачаа илгээгч эсвэл ачаа хүлээн авагчаас авна;
6.4.2. ачаан тээшийн өртөөнд хадгалсан хөлсийг тээвэрлэн ирсэн өдрөөс хүлээлгэн өгсөн өдөр хүртэлх хугацаагаар тооцож, тогтоосон тарифын дагуу төлүүлнэ;
6.4.3. ачаан тээшээ 30 хоногийн дотор аваагүй бол төмөр замын байгууллага холбогдох мэргэжлийн байгууллагаас оролцуулсан комиссыг томилж, уг комисс ачаан тээшийг борлуулах шийдвэр гаргаж зохион байгуулна;
6.4.4. төмөр замын байгууллагын буруугаас ачаан тээш үрэгдэх, дутах мөн түүнчлэн хүргэх хугацаа хожимдуулсны хариуцлагыг энэ журмын дагуу төмөр замын байгууллага хүлээнэ. Ачаан тээш алга болсон тохиолдолд хохирлыг зарласан үнийн хэмжээгээр төлнө.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ТЭЭВЭРЛЭЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ
7.1. Тээвэрлэлтэд хяналт тавих:
7.1.1. төмөр замын тээврийн аюулгүй байдал, тээвэрлэлттэй холбоотой ажил, үйлчилгээний чанар хууль тогтоомж, стандартын шаардлагад хангаж буй эсэхэд Төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч болон дотоодын хяналтын байцаагч хяналт тавина. Хяналтын байцаагч нь доорх зүйлийг шалгана:
§ зорчигчийн зорчих тасалбар;
§ галт тэрэгний дарга, мастер, вагоны үйлчлэгчийн гүйцэтгэх үүргийн биелэлт;
§ зорчигчийн гар тээш энэ дүрмээр тогтоосон тоо, хэмжээнд байгаа эсэх;
§ зорчих ба тээшийн дагалдах бичиг зохих ёсоор үйлдэгдсэн эсэх;
§ зорчих тасалбар худалдах газрын үйл ажиллагаа, зохион байгуулалт;
§ вагоны сул чөлөөтэй байрыг хэрхэн зохицуулсан, түүний тухай мэдээг дараагийн өртөөнд дамжуулсан эсэх;
§ албаны, түрээсийн болон бусад албан байгууллагуудын вагоныг зориулалтын ажилд хэрэглэж байгаа эсэх;
§ галт тэрэг болон вагоны байрны тооноос илүү тасалбар борлуулсан, тээвэрлэсэн эсэх.
7.1.2. хяналт тавих эрх бүхий этгээд нь өртөө, буудал ба галт тэргэнд тасалбар худалдах ажлын зохион байгуулалт, зорчигчдын үйлчилгээнд илэрсэн алдаа дутагдлыг арилгуулах арга хэмжээ авна;
7.1.3. төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч болон төмөр замын байгууллагын эрх бүхий албан тушаалтан галт тэргэнд шалгалт хийх эрхтэй;
7.1.4. шалгалтын үед зорчих тасалбаргүй эсвэл хөнгөлөлттэй тасалбараар зорчиж буй зорчигчийн насны хязгаарт эргэлзвэл холбогдох бичиг баримтыг шалгаж, үнэн зөвийг тогтоох шаардлагатай.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТАРИФ БА НЭМЭГДЛИЙН ТӨРӨЛ
8.1. Зорчигч тээвэрлэлтийн тариф, нэмэгдэл:
8.1.1. тээвэрлэлтийн шууд ба орон нутгийн харилцааны бүх төрлийн галт тэргээр зорчих нийтийн тариф зорчигчдод үйлчилнэ;
8.1.2. зорчигч тээврийн хөлсийг зохих тарифын үнэлгээ ба түүний жинхэнэ зайгаар тооцно. Тарифын зайг тухайн зорчигч явах зорчигчийн галт тэрэгний чиглэлийн дагуу бодно;
8.1.З. тээвэрлэлтийн тарифын зай болон өртөөний гүйцэтгэх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын баталсан тарифын бодлогоор тодорхойлно;
8.1.4. зорчигчийн галт тэргэнд зорчих тасалбарын үнэ нь төмөр замын байгууллагын даргын баталсан орон нутгийн харилцааны зорчигч тээврийн тарифаар тодорхойлогдох ба бусад ажил, үйлчилгээний үнэлгээг тухайн төмөр замын байгууллага тусад нь тогтооно;
8.1.5. хөнгөлөлттэй /5-12 хүртэлх насны хүүхэд/ зорчих тасалбарыг орон нутгийн харилцааны зорчигч тээврийн тарифын вагоны төрлөөс хамаарсан зохих баганад заасан тарифаар бичнэ;
8.1.6. хүн суух зориулалтаар тоноглосон ачааны вагонд зорчигчдыг тээвэрлэхэд нийтийн вагоны тарифыг 50 хувиар хямдруулан тооцно.
8.2. Зорчигчийн даатгалын хураамж:
8.2.1. зорчигчоос гэнэтийн ослын даатгалын хураамжийг төмөр зам байгууллагаас даатгалын компанитай байгуулсан гэрээнд заасан хэмжээгээр хураана.
8.3. Зорчих тасалбаргүй аялах:
8.3.1. зорчих тасалбар худалдах газартай өртөөнөөс тасалбаргүйгээр эсхүл зөрчилтэй тасалбараар зорчиж байгаа зорчигч үнэ төлбөргүй авч орсон тээшинд нэмэгдэлтэй тарифаар галт тэргэнд тасалбар бичнэ. Нэмэгдлийн хэмжээг төмөр замын байгууллагын дарга тогтооно.
8.4. Унтлагын байрны нэмэгдэл:
8.4.1. унтлагын байртай вагонд зорчигч нь тээврийн хөлснөөс гадна унтлагын байр ашигласны нэмэгдэл хөлсийг тогтоосон тарифын дагуу төлнө;
8.4.2. энэхүү журмын 2.8.6-д зааснаас бусад тохиолдолд унтлагын байртай вагонд байр эзэлж зорчих 5-12 хүртэлх насны хүүхэд насанд хүрсэн хүний нэгэн адил нэмэгдэл хөлс төлнө.
8.5. Тасалгааны нэмэгдэл:
8.5.1. тасалгаат унтлагын вагонд зорчих зорчигч нь тээврийн хөлс ба унтлагын байрны нэмэгдэл, тасалгаа эзэмшсэний нэмэгдлийг тус тус төлнө;
8.5.2. тасалгаатай вагонд 5-12 хүртэлх насны хүүхэд тусдаа унтлагын байр эзэлж зорчиход насанд хүрсэн хүний нэгэн адил тасалгааны нэмэгдэл төлнө. 5-12 хүртэлх насны хүүхэд тусдаа унтлагын байр эзлэлгүй насанд хүрсэн хүний хамт нэг байранд зорчих тохиолдолд тасалгааны нэмэгдэл төлөхгүй.
8.6. Хурдны нэмэгдэл:
8.6.1. хурдан галт тэргээр зорчих зорчигч нь зорчих тасалбарын хөлснөөс гадна хурдны нэмэгдэл төлнө.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ТЭЭШ, АЧААН ТЭЭШ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТАРИФ БА НЭМЭГДЛИЙН ТӨРӨЛ
9.1. Тээш, ачаан тээш тээвэрлэлтийн тариф, нэмэгдэл:
9.1.1. нийтийн тээш тээвэрлэлтийн тариф нь байнгын ашиглалттай, тээш тээвэрлэлтэд нээлттэй төмөр замын бүх шугамд хэрэглэгдэнэ.
9.1.2. тээшийн вагонд тээш, ачаан тээш тээвэрлэхэд төмөр замын байгууллагын даргын баталсан тариф, нэмэгдлийг мөрдөнө.
9.2. Тээш тээвэрлэлтийн хөлс төлөх:
9.2.1. тээшийн тооцооны хамгийн бага хүндийн жинг 10 кг-аар тогтоох ба түүнээс дээших 5 кг тутамд тогтоосон тарифаар төлбөр хураана. Үечилсэн хэмжилтийн 5 кг-д хүрэхгүй тээшийг бүхэлдэж 5 кг-аар тооцно. Тээшийн тасалбарын үнийг тогтоож авна;
9.2.2. тээшийн вагоноор тээвэрлүүлэх тээшийн хүндийн жинг түүний төрөл, сав, баглаа, боодлыг үл харгалзан зөвхөн жинхэнэ хүндийн жингийн хэмжээгээр нь тооцож тээврийн хөлсийг авна.
9.3. Ачаан тээш тээвэрлэлтийн хөлс төлөх:
9.3.1. ачаан тээш тээвэрлэлтийн тарифын зайг зорчигчийн тээш тээвэрлэлтийн зайг тооцохтой нэгэн адилаар зорчигчийн галт тэрэгний аяллын чиглэлээр эрх бүхий байгууллагын баталсан тарифын мөдлөгөөр тодорхойлно;
9.3.2. ачаан тээшийн тооцооны хамгийн бага хүндийн жинг 20 кг-аар тогтоох ба түүнээс дээших 5 кг тутамд тогтоосон тарифаар төлбөр хураана. Үечилсэн хэмжилтийн 5 кг-д хүрэхгүй тээшийг бүхэлдэж 5 кг-аар тооцно.
9.4. Үнэ зарласан төлбөр:
9.4.1. тээш болон ачаан тээшийн зарласан үнийн хэмжээнд тохируулан төмөр замын байгууллагын даргын тогтоосон үнэ зарласны төлбөрийг тээш, ачаан тээш илгээгчээс авна.
9.5. Тээш, ачаан тээшийн цэгцлэлтийн төлбөр:
9.5.1. тээш, ачаан тээш илгээгчид захиалгын маягт олгох ба пайз, наадас олгосны төлбөрийг авна.
9.6. Ачаан тээш ирсэн тухай мэдэгдэх:
9.6.1. ачаан тээш ирсэн тухай хүлээн авагчид холбооны хэрэгслээр мэдэгдэж баримтжуулан тэмдэглэгээ хийж төлбөрийг ачаа хүлээн авагчаас авна.
9.7. Бичгэн магадлагаа:
9.7.1. лавлах бичгэн магадлагаа олгохдоо байгууллагын нэр, хаяг, тэмдэг болон эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, лавлагаа олгосон огноо, дугаарыг тодорхой заасан байх ба үйлчлүүлэгчээс зохих төлбөрийг авна.
9.8. Ачаа зөөгч ажиллуулсны төлбөр:
9.8.1. зорчигчийн гар тээш, тээшийг буудлын дэргэдэх нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол, хүлээлгийн танхим зэрэгт хүргэх зөөгч ажиллуулсны төлбөрийг тогтоосон тарифын дагуу авна.
9.9. Бусад үйлчилгээний төлбөр
9.9.1. дамжин өнгөрөх зорчигчийг буудалд байрлуулах, халуун ус болон бусад үйлчилгээгээр үйлчилсний төлбөрийг авна.
АРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР
10.1. Цагаан хэрэглэлийн төлбөр:
10.1.1. зорчигчийн галт тэргээр зорчсон зорчигчид тавьж өгсөн цагаан хэрэглэлийн төлбөрийг авна.
10.2. Гар тээш хадгалсны төлбөр:
10.2.1. зорчигч эд юмсаа өртөө, буудлын гар тээш хадгалах байранд болон автомат хадгаламжид хадгалуулсны төлбөрийг төлнө;
10.2.2. үнэ зарласан гар тээш, мөн түүнчлэн олдсон эд юмсыг хадгалсаны төлбөрийг тухайн эд юмсын эзэмшигч төлнө.
10.3. Зорчих тасалбарыг урьдчилан захиалсаны төлбөр:
10.3.1. зорчих тасалбарын урьдчилсан захиалгад үнийн хөнгөлөлт үзүүлэх, нэмэлт хөлс авах эсэхийг төмөр замын байгууллага тогтооно.
10.4. Зорчих тасалбар хүргэсний хөлс
10.4.1. зорчигчийн зорчих тасалбарыг гэрт нь хүргэж өгөх үйлчилгээний төлбөрийг тогтоосон тарифын дагуу авна.
АРВАННЭГ ДҮГЭЭР БҮЛЭГ
ЗАРИМ ЗОРЧИГЧИЙГ ТЭЭВЭРЛЭХ ОНЦГОЙ НӨХЦӨЛ
11.1. Зарим зорчигчийг тээвэрлэх онцгой нөхцөл:
11.1.1. ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, олон улсын чанартай уралдаан тэмцээн, аялал жуулчлал болон бусад арга хэмжээнд зохион байгуулалттайгаар хэсэг бүлгээр олон улсын зорчигчийн галт тэргээр зорчиход хөнгөлөлт үзүүлж болно. Хөнгөлөх хэмжээг төмөр замын байгууллага тогтооно;
11.1.2. ерөнхий боловсролын сургуулийн сурагчид улсын чанартай уралдаан тэмцээнд оролцох, аялал болон хүүхдийн зусланд амрахаар орон нутгийн зорчигчийн галт тэргээр зорчиход нийтийн вагоны тасалбарын үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлж болно. Хөнгөлөх хэмжээг төмөр замын байгууллага тогтооно;
11.1.3. өртөө, буудлын дарга нь зорчигчийн хүссэн байрыг галт тэрэг явахаас нэг хоногийн өмнө олгоно. Захиалгат байрыг галт тэрэг явах цагаас 1 цаг 30 минутын өмнө хүртэл хадгална. Захиалгат нэр, албан байгууллагын хаягийг заасан байна;
11.1.4. нийтээр амрах баяр болон оюутан, сурагчдын улирлын амралтын үеэр зохион байгуулалттайгаар хэсэг бүлгээр зорчих тохиолдолд төмөр замын байгууллагын шийдвэрээр зорчих тасалбарын үнийг хямдруулж болно;
11.1.5. энэ журмын 11.1.4-т заасан хөнгөлөлт нь гадаадын жуулчин, аялагч нарт хамаарахгүй.
11.2. Жуулчдыг тээвэрлэх:
11.2.1. гадаад болон дотоодын жуулчид Монгол орноор аялал жуулчлалаар явах тохиолдолд шууд ба орон нутгийн харилцааны вагонд зорчихдоо тасалбар худалдах газарт урьдчилсан захиалга өгч үйлчлүүлнэ;
11.2.2. олон улсын галт тэргээр зорчих жуулчид төмөр замын олон улсын тасалбар худалдах газарт урьдчилан захиалга өгч үйлчлүүлнэ;
11.2.3. жуулчдын захиалгат зорчих тасалбар, түүний үнэ нь дотоодын болон олон улсын гэсэн ялгавартайгаар тогтоосон үнэ ба журмын дагуу гүйцэтгэгдэнэ;
11.2.4. гадаадын аялагч, жуулчид, тэдний тээш, ачаан тээшийг орон нутгийн галт тэргээр /тусгай захиалгат вагонд/ тээвэрлэхэд тээврийн хөлсийг нь төмөр замын олон улсын суудлын тарифт зарласан хэмжээг аялах зайд дүйцүүлэн тооцож авна;
11.2.5. төлбөрийг төгрөгөөр хийх нөхцөлд тухайн үеийн Монгол банкны албан ёсны ханшаар тооцож авна;
11.2.6. олон улсын байгууллага, гадаадын жуулчдын хэрэгцээнд вагон түрээслэх бол төмөр замын байгууллагын баталсан үнэ тарифаар тооцно;
11.2.7. төмөр замаар тээвэрлэх шууданг тусгай гэрээг үндэслэн гүйцэтгэж тээврийн төлбөрийг гэрээнд тусгагдсанаар авна;
11.2.8. шуудангийн вагонд шуудангаас бусад ачааг төмөр замын бичиг баримтгүйгээр ачсан байвал тээврийн бүх зардлыг ачаан тээшийн тарифаар тооцох бөгөөд гэрээт байгууллага төлбөрийг төмөр замын байгууллагад төлнө.
11.3. Буфет ба вагон-ресторан явуулах:
11.3.1. зорчигчийн галт тэрэгний бүрэлдэхүүнд залгах вагон-ресторан, буфетийн ажиллах нөхцөл, тэдгээрийн ажилтны зорчих тухай харилцааг гэрээгээр зохицуулна.
11.4. Ачаатай вагон тээвэрлэх:
11.4.1. зорчигчийн галт тэргэнд ачааны вагон залгаж тээш, ачаан тээш тээвэрлэх тохиолдолд тээш, ачаан тээш тээвэрлэх тарифт үнэлгээгээр зохицуулна.
11.5. Шарил тээвэрлэх:
11.5.1. авсалсан шарилыг ачааны болон зорчигчийн галт тэргээр тусад нь вагонд тээвэрлэж болох бөгөөд шарил төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч засаг захиргаа ба эмнэлгийн байгууллагын зөвшөөрөл, магадлагааг явуулах өртөөнд үзүүлнэ. Дээрх бичиг баримт нь тээврийн бичиг баримтын хамтаар очих өртөөн дэх хүлээн авагчид очно. Шарилыг сайн гагнасан төмөр авсанд буюу давирхайдсан модон хайрцагт хийж доторх хоосон зайг дүүргэх материал /үртэс, нүүрс, хүхэр, шохой зэрэг/-аар чигжсэнийг шалган хүлээн авч тээвэрлэнэ;
11.5.2. тээшийн ба шуудангийн вагоноор шарилыг тээвэрлэвэл тээвэрлэх зардлыг ачаан тээшийн тарифын үнэлгээ, 300 кг-аар тооцож төлбөрийг авна;
11.5.3. тээшийн ба шуудангийн вагоноор чандар тээвэрлэх тохиолдолд ачаан тээшийн тарифын үнэлгээ, 100 кг-аар тооцож, төлбөрийг авна;
11.5.4. шарилыг дагалдаж хүн заавал явна. Дагалдагч нь ямар нэг шалтгаанаар галт тэрэгнээс хоцорвол шарилыг саатуулах шалтгаан болохгүй. Дагалдагч нь бусад зорчигчийн нэгэн адил зорчих тасалбар худалдан авч зорчино.
11.6. Албан тээвэрлэлт:
11.6.1. зорчигчийн галт тэрэгний бүрэлдэхүүнд албаны вагон холбох захиалгыг албан бичгээр авч, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр гүйцэтгэнэ;
11.6.2. зорчигчийн галт тэрэгний бүрэлдэхүүн дэх албаны вагоноор зорчигчид зорчих тасалбартай байхаас гадна тээштэй бол холбогдох бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Албаны вагонд ачаа тээвэрлэх асуудлыг төмөр замын байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэх бөгөөд ачаанд ачаан тээшийн тарифаар төлбөрийг төлнө;
11.6.3. тээвэрлэгчээс тогтоосон албаны вагонд зорчихтой холбогдсон журам зөрчвөл шалгагч нь илэрсэн зөрчилд акт үйлдэнэ. Акт /протокол/-ыг төмөр замын байгууллагын санхүүгийн асуудал хариуцсан нэгжээр дамжуулан төмөр замын байгууллагын дарга ба албаны вагон захиалан авсан байгууллагын харьяалах газарт явуулна.
11.7. Хувийн эзэмшлийн вагоноор зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх:
11.7.1. зорчигчийн ба ачааны галт тэрэгний бүрэлдэхүүнд хувийн эзэмшлийн вагон явах тохиолдолд төмөр замын байгууллага вагоны эзэмшигчтэй гэрээ байгуулна;
11.7.2. хувийн эзэмшлийн вагоныг ачааны, зорчигчийн ба хурдан галт тэргэнд залгасан байдлаар вагоны гүйлтийн төлбөрийг ялгавартай тогтооно;
11.7.3. хувийн эзэмшлийн вагоныг тусгай зүтгүүрээр эсвэл вагоныг дагалдсан нэмэгдэл зүтгүүртэй явуулах тохиолдолд зүтгүүрийн гүйцэтгэсэн гол км-ээр төлбөрийг тогтоож авна.
11.8. Түрээсийн вагонд зорчих:
11.8.1. зорчигчийн вагоныг түрээсээр ашиглуулах тохиолдолд түрээслэгчтэй вагон түрээслэх гэрээ байгуулж мөрдөнө;
11.8.2. вагон түрээслэх үнэлгээ, зорчигчийн болон тээшийн вагоны км тутамд ногдох гүйлтийн тарифыг төмөр замын байгууллагын даргын тушаалаар баталж мөрдөнө;
11.8.3 түрээслэгчийн хүсэлтээр тусгай зүтгүүрээр түрээсийн вагоныг тээвэрлэх тохиолдолд төмөр замын байгууллагын даргын баталсан 1 зүтгүүр км-ийн үнэлгээг тээвэрлэлтийн зайд тохируулан тооцож нэмж төлнө;
11.8.4 түрээслэгчийн хүсэлтээр түрээсийн вагоныг хурдан галт тэргэнд холбосон тохиолдолд тээврийн хөлсийг тодорхой хувиар нэмэгдүүлэн тооцно;
10.8.5 түрээсийн вагон хоногийг түрээслэх вагоныг аялалд бэлдсэн хугацаа, аяллын хугацаа, вагоныг төмөр замд буцаан хүлээлгэж өгөх бэлтгэл ажлын хугацааны нийлбэрээр тодорхойлогдоно. Бүтэн хоног хүрэхгүй хугацааг бүтэн хоногоор тооцон авна.
10.9. Хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэх:
10.9.1 тээвэрлэгч нь хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ, аялал хийх боломж, төмөр замын буудал, зорчигчийн тавцан болон хөдлөх бүрэлдэхүүн рүү хэрхэн нэвтрэх, зорчих зэрэг мэдээллээр хангана;
10.9.2. тээвэрлэгч эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэмэлт төлбөргүйгээр хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд төмөр замын буудал, зорчигчийн тавцан болон хөдлөх бүрэлдэхүүн рүү нэвтрэх, зорчиход нь туслах үйлчилгээ үзүүлнэ;
10.9.3. тээвэрлэгч нь хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэнд тасалбар урьдчилан захиалах болон худалдах үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүй нөхцөлтэйгээр үзүүлнэ;
10.9.4 хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь төмөр замын буудал, зорчигчийн тавцан, хөдлөх бүрэлдэхүүн рүү нэвтрэх болон аялахдаа тусламж шаардлагатай тохиолдолд 48-аас доошгүй цагийн өмнө тээвэрлэгчид мэдэгдэнэ.
10.9.5. хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь тээвэрлэгч эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид явах өртөөндөө ирсэн тухайгаа мэдэгдэх болон өөрт шаардлагатай байгаа тусламжаа хэрхэн хүсэх арга хэрэгслэлийг нь тогтоож өгнө;
10.9.6. тээвэрлэгч эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэнд тусламж үзүүлэх үед уг иргэн нь уулзахаар товлосон газарт хугацаандаа ирсэн байна;
10.9.7. хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэн нь гар тээшний тогтоосон жин хэмжээнээс хэтэрсэн өөрийн хөдөлгөөнд шаардлагатай төхөөрөмжийг өөртөө үнэ төлбөргүйгээр авч явах эрхтэй.
АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ЖУРАМ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
11.1. Тээвэрлэгч, зорчигчийн хүлээх эрх, үүрэг:
11.1.1. төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх журмыг үндэс болгон төмөр замын байгууллага нь зорчигчийн өмнө, зорчигч нь төмөр замын байгууллагын өмнө харилцан эрх эдэлж, үүрэг хүлээнэ;
а. төмөр замын ажилтнууд энэхүү журамд заасан хэм хэмжээг баримтлан эрх үүргээ шударгаар хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ;
б. энэхүү журамд заасан хэм хэмжээг зөрчсөн төмөр замын байгууллагын ажилтанд хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасанд тооцон хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах ба энэ нь хуульд зааснаас бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй;
в. энэхүү журмаар зохицуулсан харилцаанд оролцогч гадны байгууллага, иргэд, зорчигчтой холбоотой алдаа дутагдлыг энэ журам болон бусад хууль тогтоомжийн заалтын дагуу шийдвэрлэнэ.
11.2. Төмөр замын байгууллага зорчигчийг ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж, тасалбарт заагдсан хүрэх өртөөнд цаг хугацаанд нь хүргэх үүрэгтэй.
11.3. Төмөр замын байгууллага нь зорчигчийн тээш ба ачаан тээшийг хүлээж авснаас эхлэн олгох хүртэл тогтоосон журмын дагуу тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.
11.4. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Төмөр замын тээврийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
11.5. Зорчигч тогтоосон хэмжээнээс илүү гар тээш тээвэрлэвэл тээшийн тарифаар тээврийн төлбөр авна.
11.6. Төмөр замын байгууллага тээш хүргэх хугацаа хожимдуулсны нөхөн төлбөрийг очих өртөөн дээр үйлдсэн актыг үндэслэн төлнө.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
12.1. Олон нийтийн хэв журам сахих:
12.1.1. зорчигч нь төмөр замын тээврийн хэрэгсэл болон буудлын эд хогшилд ариг гамтай хандан олон нийтийн хэв журмыг чанд сахиж, нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон төмөр замын байгууллагад мөрдөгдөж буй дүрэм, журмын талаар мэдээллийн самбар, орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн дүрэм, журмыг биелүүлэх үүрэгтэй;
12.1.2. зорчигч энэхүү журмын 11.1.1-т заасныг зөрчсөн тохиолдолд галт тэрэгний ба буудлын дарга, цагдаагийн ажилтан асуудлыг шийдвэрлэнэ.
12.2. Маргааныг шийдвэрлэх:
12.2.1. албан үүргээ гүйцэтгэж буй төмөр замын ажилтан болон зорчигчийн хооронд гарсан маргаан, үл ойлголцлыг дараах байдлаар шийдвэрлэнэ:
§ өртөөн дээр бол өртөө буюу буудлын дарга, шаардлагатай бол цагдаагийн ажилтны тусламжтайгаар;
§ галт тэрэгний аяллын явцад галт тэрэгний дарга, мастер эсвэл галт тэрэгний байцаагч, шаардлагатай тохиолдолд галт тэргэнд ажил үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн ажилтны оролцоотойгоор.
12.2.2. үйлчилгээтэй холбоотой тухайн нөхцөлд шийдвэрлэх боломжгүй асуудлыг харьяалах дээд шатны байгууллагад нь хандаж шийдвэрлүүлнэ.
12.3. Мартсан болон алдсан эд юмс:
12.3.1. төмөр замын зурвас газар болон галт тэргэнд гээгдсэн эд юмс олдвол тухай бүрт нь түүний байдлыг тодорхойлж акт үйлдэнэ. Хэрэв эд юмс нь галт тэргэн дотроос олдсон бол тухайн вагоны үйлчлэгчийг байлцуулан галт тэрэгний дарга, өртөөн дээрээс олдсон бол өртөө ба буудлын дарга эд юмсыг олсон этгээдийг байлцуулан акт үйлдэж, цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ;
12.3.2. эд юмс нь өртөө болон эргэлтийн өртөөнд ирэхдээ галт тэргэн дотроос эсвэл тус өртөөнд ирэх хоорондын замаас олдсон бол түүнийг тусгай дэвтэрт бүртгэж холбогдох ажилтан тэмдэглэл хөтөлж тээвэрлэгчийн эрх бүхий ажилтанд хүлээлгэн өгнө. Хүлээн авсан олдсон эд юмсад тэмдэглэл хөтөлж, дэс дугаар бүхий пайз зүүнэ. Олдсон эд юмс нь боодол, хайрцаг, шуудай, чемодан зэрэг тус тусдаа сав, баглаатай байвал тус бүрийг ломбодно;
12.3.3 зорчигчийн гээгдүүлсэн эд юмс /түргэн гэмтэж, муудах зүйлээс бусад/-ыг 30 хоног хадгалсны дараа холбогдох ажилтан тэмдэглэл хөтөлж борлуулна. Гээгдүүлсэн эд юмс дотор үнэт эдлэл болон үнэт цаас, бичиг баримт байвал түүнийг цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ;
12.3.4. гээгдсэн эд юмсыг авахаар нэхэмжлэгч этгээд нь эд юмсынхаа шинж чанар, хэлбэр, өнгө, дүрс, тоо ширхгийг тодорхой баримтаар өргөдөл хүсэлт гаргаж, мөн түүнчлэн онгойлгох түлхүүрийг үзүүлэх зэргээр нотлоно. Гээгдсэн эд юмсын эзэн болох нь батлагдвал тэр этгээдэд хүлээлгэн өгнө. Гээгдсэн эд юмсыг холбогдох байгууллагад шилжүүлсэн байвал эзэнд нь олгох тухай мэдэгдлийг өртөө /буудал/-ний дарга бичгээр явуулна. Эзэн нь эд юмсаа авахдаа тээвэрлэлт, хадгалалт, зарлуулсан зэрэгт гарсан зардлыг төмөр замын байгууллагад төлөх ба өөрийн тодорхой хаяг, харилцаа холбооны хэрэгсэл, регистрийг тэмдэглүүлж, гарын үсэг үлдээнэ. Хадгалалт, тээвэрлэлтийн төлбөрийг тээшийн тарифаар тооцож авна;
12.3.5. зорчигч эд юмсаа вагонд орхисноо галт тэрэгнээс буусны дараа өөрөө мэдвэл тэр даруй өртөө ба буудлын даргад мэдэгдэх шаардлагатай. Өртөө буюу буудлын дарга энэ тухай зорчигчийн бичгэн мэдэгдлийг үндэслэн галт тэрэгний дарга буюу эргэлтийн өртөө /буудал/-ний даргад уг зорчигч сууж явсан вагон, байрын дугаар, орхисон эд юмсын дүрс хэлбэр, хааш нь ирүүлэх зэргийг заасан цахилгаан явуулна. Уг эд юмсыг эзэнд нь хүргэж ирүүлэхтэй холбогдож гарсан бүх зардлыг эд юмсын эзэн хариуцан төлнө.
- - - о О о - - -
Текст томруулах
A
A
A