A

A

A

Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайдын

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн

А/154 дүгээр тушаалын долдугаар хавсралт

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмын зорилго нь төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаанд үүсэх тээвэрлэгч, тээвэр зуучлагчийн хоорондын харилцааг Төмөр замын тээврийн тухай хууль, Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр, төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулахад оршино.

1.2. Төмөр замын тээвэр зуучлагч /цаашид “тээвэр зуучлагч” гэх/ ба үйлчлүүлэгчийн хоорондын харилцааг Иргэний хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон тэдгээрийн хооронд байгуулсан тээвэр зуучлалын гэрээгээр зохицуулах бөгөөд энэхүү журмаар зохицуулах хүрээнд хамаарахгүй.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

2.1. Төмөр замын тээвэр зуучлагч нь Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журамд заасны дагуу Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байна.

2.2. Төмөр замын тээвэр зуучлагч нь үйлчлүүлэгчийг төлөөлж тээвэрлэгчтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу тээврийн гэрээ байгуулна.

2.3. Тээвэр зуучлагч нь тээвэрлэгч болон үйлчлүүлэгчийн хооронд дараах үйлчилгээг үзүүлнэ.

2.3.1. үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу тээврийн төрөл, чиглэл, үнийн санал боловсруулах;

2.3.2. вагон, чингэлэг захиалах, түрээслэх;

2.3.3. тээврийн бичиг баримт (падаан, маягт, хүснэгт), түүнд дагалдах бичиг баримтуудыг бүрдүүлэх;

2.3.4. тээврийн хөлс, бусад холбогдох хөлс, хураамжийн тооцоог хийх;

2.3.5. ачааны даатгалтай холбоотой баримт бичиг бүрдүүлэх,

2.3.6. ачааны бүрэн бүтэн байдал алдагдсан, дутсан, эвдэрсэн тохиолдолд төмөр замаар ачаа тээвэрлэх журмын дагуу тээврийн болон бусад акт тогтооход оролцох

2.3.7. төмөр замаар ачаа тээвэрлэх журамд заасны дагуу ачааны хаяг солих;

2.3.8. үйлчлүүлэгчид тээвэрлэлтийн явц, ачааны байршлын талаар мэдээлэл өгөх;

2.3.9. үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу ачааны сав баглаа, боодолд тэмдэг тэмдэглэгээ хийх, тэдгээрт хяналт тавих, тээврийн хэрэгсэл болон ачааг ломбодох, агуулахын үйлчилгээ үзүүлэх;

2.3.10. Бусад нэмэлт үйлчилгээ.

2.4. Тээвэр зуучлалын гэрээнд өөрөөр заагаагүй бол тээвэр зуучлагч нь үйлчлүүлэгчийн өмнөөс тээвэрлэлтийг зохион байгуулах, мөн шаардлагатай тохиолдолд, тээвэрлэлтийн хэвийн байдал алдагдсан нөхцөлд тээвэр зуучлагч нь дараах үйл ажиллагааг гүйцэтгэнэ:

2.4.1. ачаа тээврийн захиалгыг тээвэрлэгчид өгөх, ачааг тээвэрлэх, хадгалах, тээврийн нэг төрлөөс нөгөө төрөлд шилжүүлэх болон тээвэрлэлтийг гүйцэтгэхэд шаардлагатай бусад асуудлыг тээвэрлэгчтэй тохиролцох;

2.4.2. тээвэрлэлтийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд гааль, мэргэжлийн хяналтын байгууллага болон холбогдох байгууллагаас тавигдах шаардлагыг биелүүлэх;

2.4.3. тээвэрлэлтийг саатуулан барих, худалдан борлуулах.

2.5. Тээвэр зуучлагч нь ачаа тээвэрлэлтийн мэдээллийг Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журмын маягт (№9а, №9б)-ын дагуу боловсруулж, улирал тутамд Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвд ирүүлнэ.

2.6. Тээвэр зуучлагч нь энэхүү журмын 2.3-т заасан төмөр замын тээвэр зуучлалын үйлчилгээг үзүүлэхдээ Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг дүрэм журам, үндэсний стандарт, Монгол Улсын олон улсын гэрээ, Олон улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимаар баталгаажуулсан Олон улсын тээвэр зуучлалын холбооны баримт бичгийг мөрдөх ба хүртээмжтэй, аюулгүй, шуурхай үйлчлэх зарчмыг баримтална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТЭЭВЭРЛЭГЧ, ТЭЭВЭР ЗУУЧЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

3.1. Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагаанд үүсэх тээвэрлэгч, тээвэр зуучлагчийн эрх, үүргийг Төмөр замын тээврийн тухай хууль, Иргэний хууль, Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр, төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам болон холбогдох хууль, тогтоомж, олон улсын гэрээгээр зохицуулна.

3.2. Тээвэр зуучлагч дараах эрхийг эдэлнэ:

3.2.1. үйлчлүүлэгчээс ачааны шинж чанар, тээвэрлэх нөхцөл зэрэг тээвэр зуучлалын ажиллагааг гүйцэтгэхтэй холбоотой бичиг баримт үнэн зөв мэдээлэл авах;

3.2.2. тээвэрлэгч байгууллагаас ачаа, тээвэрлэлттэй холбоотой мэдээг авах;

3.2.3. зуучлуулагчийн өмнөөс гомдол гаргах;

3.2.4. нийтийн хэрэглээний зам, талбайд эрх тэгш үйлчлүүлэх.

3.3. Тээвэр зуучлагч нь дараах үүргийг хүлээнэ:

3.3.1. үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний дагуу тээвэр зуучлалын үйл ажиллагааг гүйцэтгэх;

3.3.2. үйлчлүүлэгчийг ачаа тээвэрлэх замнал, ачааны байршлын талаарх мэдээллээр хангах;

3.3.3. гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс бусад шалтгаанаар ачааг ачаа хүлээн авагчид хүлээлгэн өгөх хугацааг хойшлуулахгүй байх;

3.3.4. тээвэрлэлтийн гэрээний дагуу тээврийн төлбөр тооцоог цаг тухайд нь барагдуулах.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТЭЭВЭРЛЭГЧ, ТЭЭВЭР ЗУУЧЛАГЧИЙН ХАРИУЦЛАГА

4.1. Тээвэрлэгч, тээвэр зуучлагч нь тээврийн гэрээ болон энэхүү журамд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүсэх хохирлыг Иргэний хууль, Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр, Төмөр замаар ачаа тээвэрлэх журам зэрэг холбогдох олон улсын гэрээ, хууль тогтоомжид заасны дагуу барагдуулна.

4.2. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Төмөр замын тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль эсхүл Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

- - - о О о - - -