- Нүүр
- Сайдын тушаал
- СУУРЬ БҮТЭЦ АШИГЛУУЛАХ ЖУРАМ
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын есдүгээр хавсралт
СУУРЬ БҮТЭЦ АШИГЛУУЛАХ ЖУРАМ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү журмаар суурь бүтэц ашиглах, ашиглуулах үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино.
1.2. Энэхүү журмыг суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгчийн өмчлөлийн хэлбэрээс, үл хамааран суурь бүтэц ашиглуулахтай холбоотой бүх харилцаанд дагаж мөрдөнө.
1.3. Суурь бүтэц эзэмшигч болон тээвэрлэгч нар нь Монгол Улс нэгдэн орсон Олон улсын гэрээ, Иргэний хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актууд болон энэхүү журмыг баримтлан суурь бүтэц ашиглуулах тухай гэрээ байгуулж, түүний үндсэн дээр тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
1.4. Тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд суурь бүтцийн хүчин чадал хангалтгүй тохиолдолд тээвэрлэгчийн ирүүлсэн захиалгыг зөвшилцөх, татгалзах, хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг “Галт тэрэгний зурмаг зохицуулалтын журам”-аар зохицуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
СУУРЬ БҮТЭЦ АШИГЛУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
2.1. Суурь бүтэц ашиглуулан үзүүлэх үйлчилгээний үнэлгээ нь шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөгдсөн тариф, хөлс, хураамжид үндэслэсэн байна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
СУУРЬ БҮТЭЦ АШИГЛУУЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ
3.1. Суурь бүтэц ашиглуулах үйлчилгээ нь суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нарын хооронд Монгол Улсын Иргэний хууль, Төмөр замын тээврийн тухай хууль болон энэхүү журамд заасан шаардлагыг хангасан, харилцан тохиролцож бичгээр үйлдсэн гэрээ /цаашид “гэрээ” гэх/-ний үндсэн дээр хэрэгжинэ.
3.2. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь суурь бүтэц ашиглуулах гэрээний үлгэрчилсэн загварыг батална. Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нар батлагдсан үлгэрчилсэн загварын дагуу гэрээг бичгээр байгуулах бөгөөд хувийг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.3. Суурь бүтэц эзэмшигч нь шударга бус өрсөлдөөн гаргахгүй байх зорилгоор эрх бүхий тээвэрлэгчтэй үндэслэлгүйгээр суурь бүтэц ашиглуулах гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй.
3.4. Гэрээ байгуулах санал, гэрээний нөхцөлийн талаарх саналаа тээвэрлэгч Төмөр замаар ачаа тээвэрлэх журмын 3.1-т заасны дагуу жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө суурь бүтэц эзэмшигчид хүргүүлнэ.
3.5. Гэрээнд дараах нөхцөлийг тохиролцон тусгана:
3.5.1. зорчигчийн галт тэрэг аялуулах хуваарь /хагас жилд нэг удаа өөрчлөлт оруулахаар/;
3.5.2. ачааны хэмжээ, ачаа тээвэрлэх хугацаа;
3.5.3. ачаа тээвэрлэлтийн сар, улирал, жилийн төлөвлөгөөний хуваарь /эсхүл сар бүр аялуулах ачааны галт тэрэгний тоо, жин/;
3.5.4. тариф хэрэглэх нөхцөл, энэхүү журмын 4.4-т заасан нэмэгдэл үйлчилгээний хөлс;
3.5.5. тээвэрлэлтийн технологи, тээвэрлэлтийг хэрэгжүүлэх захиалгыг зөвшилцөх журам, хугацаа.
3.5.6. гэрээг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага.
3.6. Гэрээний талаар гарсан маргааныг эвийн журмаар зохицуулах боломжгүй бол харьяалах шатны шүүхэд хандаж хянан шийдвэрлүүлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
СУУРЬ БҮТЭЦ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
4.1. Суурь бүтэц эзэмшигч нь өөрийн техник технологийн боломжийн талаарх мэдээллийг суурь бүтэц ашиглах гэрээ байгуулах гэж буй этгээдэд өгөх үүрэгтэй. Суурь бүтэц эзэмшигч нь өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр төмөр замын тээвэрлэлтийн бүх төрлийн үйл ажиллагааг зурмагийн нэгдмэл зохицуулалттай, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг хангаж, тасралтгүй явуулна.
4.2. Суурь бүтэц эзэмшигч нь галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч төмөр замын байгууллагын нэгдсэн технологийн горимд нийцүүлэн галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулах, бусад суурь бүтэц эзэмшигчтэй зөвшилцөн тээвэрлэлтийг тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
4.3 Суурь бүтэц эзэмшигч нь өөрийн ажил үйлчилгээний хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай, суурь бүтэц эзэмшигчийн болон бусдын эзэмшлийн дагнасан хэрэглээний зам талбайд вагон тавьж өгөх, татаж авах ажлыг өөрийн эзэмшлийн сэлгээний илчит тэргээр гүйцэтгэх үүрэгтэй. Энэ чиглэлээр суурь бүтэц эзэмшигч нь зам талбай эзэмшигч, ачаа илгээгч нартай гэрээний үндсэн дээр ажиллана.
4.4. Суурь бүтэц эзэмшигч нь Төмөр замын тээврийн тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах, суурь бүтцийг ашиглуулахдаа доорх ажлыг хийж гүйцэтгэнэ:
4.4.1. суурь бүтэц, нийтийн хэрэглээний салбар зам, талбайг ашиглуулах;
4.4.2. суурь бүтэц эзэмшигчийн нийтийн хэрэглээний замд нийлсэн дагнасан хэрэглээний зам барих техникийн асуудлыг тээвэрлэлтийн хэтийн төлөвлөлттэй уялдуулан, нэгдсэн технологийн горимд нийцүүлэн, Төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журмын дагуу шийдвэрлэх;
4.4.3. суурь бүтэц эзэмшигч нь нийтийн хэрэглээний замаас салаалсан бусад үйлчлүүлэгчдийн эзэмшлийн дагнасан хэрэглээний замд тээвэрлэлтийн үйл ажиллагаа, галт тэрэгний хөдөлгөөний шуурхай удирдлагаар хангах;
4.4.4. суурь бүтэц эзэмшигч нь өөрийн ажил, үйлчилгээний нийтийн хэрэглээний зам, талбай дээр болон бусдын эзэмшлийн дагнасан хэрэглээний зам талбайд хөдлөх бүрэлдэхүүнийг тавьж өгөх, татаж авах ажлыг өөрийн эзэмшлийн зүтгүүрээр гүйцэтгэнэ. Суурь бүтэц эзэмшигч нь энэ чиглэлийн ажил, үйлчилгээг суурь бүтэц эзэмшигч, зам талбай эзэмшигчид, тээвэрлэгч, ачаа илгээгч нартай гэрээний үндсэн дээр ажиллах.
4.4.5. явуулах өртөөнөөс хүлээн авах өртөө хүртэлх чиглэлийг аль болох дөт байх нөхцөлөөр тогтоох;
4.4.6. тээвэрлэгч тээвэрлэлтийг хэвийн гүйцэтгэх бололцоогүй тохиолдолд тээвэрлэгчийн хөдлөх бүрэлдэхүүнийг нийтийн хэрэглээний замд болон нийтийн хэрэглээний замаас хүлээн авах, явуулах, дамжин өнгөрүүлэх;
4.4.7. тээвэрлэгч бие даан өөрийн хүчээр гүйцэтгэх бололцоогүй тохиолдолд суурь бүтэц эзэмшигч нь өөрийн нийтийн хэрэглээний замууд дээр сэлгээний тэргээр тээвэрлэгчийн хөдлөх бүрэлдэхүүн, галт тэргийг бэлтгэж, найруулах;
4.4.8. бусад суурь бүтэц эзэмшигч болон гадаадын төмөр замын байгууллагуудтай тээврийн үйл ажиллагааны техник, технологийн асуудлуудыг зөвшилцөх;
4.4.9. тээвэрлэгчийн хөдлөх бүрэлдэхүүн суурь бүтэц эзэмшигчийн эзэмшлийн нийтийн хэрэглээний замаар гэрээнд заасан нөхцөлийн дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэхэд хөдөлгөөнийг шуурхай зохион байгуулах;
4.4.10. тээвэрлэлтэд ашиглаж байгаа тээвэрлэгчийн хөдлөх бүрэлдэхүүний салгалтгүй, техникийн үйлчилгээ болон урсгал засварыг суурь бүтэц эзэмшигч гүйцэтгэнэ. Энэхүү ажлыг гүйцэтгэх үйлчилгээний хөлс нь тээвэр үйлчилгээний тарифт орсон байна. (тоормосны шахавч солих, тоормосны хийн хураагуурын татуурга, холбоосууд солих ажлуудыг гүйцэтгэхэд);
4.4.11. суурь бүтэц эзэмшигч нь хэсгийн өртөөн дээр өөрийн болон төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчийн хөдлөх бүрэлдэхүүнийг түлш, тос, ус, нүүрсээр зэхэн нийлүүлэх тусгай байгууламжтай байна. Галт тэрэгний хөдөлгөөнийг тасралтгүй явуулахын тулд тээвэрлэгч нарыг өмчийн хэлбэр үл харгалзан шаардлагатай түлш, тосоор зэхэж, төлбөр тооцоог “Түлш тосоор зэхэх үйлчилгээ үзүүлэх тухай” заавар, гэрээний үндсэн дээр гүйцэтгэлийг тооцоолно;
4.4.12. хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөний болон байрлалын талаарх холбогдох мэдээллийг тээвэрлэгчийн хүсэлтээр гаргаж өгөх;
4.4.13. суурь бүтцийг цахилгаанжуулсан тохиолдолд тэээвэрлэгч нь цахилгаан зүтгүүрээр тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулбал, суурь бүтэц эзэмшигч цахилгаан тэжээлээр хангах.
4.5. Тээвэрлэгч хүсэлт гаргасан нөхцөлд суурь бүтэц ашиглуулах гэрээнд энэхүү журмын 4.4-т заагаагүй үйлчилгээг үзүүлэхээр тусгаж болно. Тээвэрлэгчид үзүүлэх нэмэлт ажил, үйлчилгээний жагсаалтыг суурь бүтэц эзэмшигч нийтэд зарлана.
4.6. Суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэгчид суурь бүтцийг ашиглуулан үйлчилгээ үзүүлэхдээ энэ журмын 4.4-т заагаагүй үйлчилгээг үзүүлэхээр тулгах, гэрээний нөхцөлд оруулахыг шаардах эрхгүй.
ТАВДУГААР БҮЛЭГ
ТЭЭВЭРЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
5.1. Тээвэрлэгч нь суурь бүтэц ашиглуулах гэрээ байгуулснаар дараах эрх эдэлнэ:
5.1.1. суурь бүтэц эзэмшигчийн нийтийн хэрэглээний замыг ашиглах;
5.1.2. суурь бүтэц эзэмшигчийн хөдөлгөөний удирдлага дор тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
5.1.3. зорчигч, ачаа, тээш болон ачаан тээш тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бусад байгууламжийг ашиглах;
5.1.4. суурь бүтэц эзэмшигчийн нийтийн хэрэглээний замыг ашиглаж үйлчлүүлэгч нарт ойртож тээвэрлэлтийн үйл ажиллагааг хүргэхдээ суурь бүтэц эзэмшигчийн замаас салаалсан суурь бүтэц эзэмшигчийн бус эзэмшлийн дагнасан хэрэглээний зам, салбар замуудаас үйлчлүүлэгч нарын ачааг тээвэрлэх;
5.1.5. явуулах өртөөнөөс хүлээн авах өртөө хүртэлх чиглэлийг сонгох, зөвшилцөх.
5.2. Тээвэрлэгч нь суурь бүтэц ашиглалтын хөлсийг тогтоосон хугацаанд төлөх, суурь бүтцийн хэвийн ажиллагааг алдагдуулахгүйгээр тээвэрлэлтийг зохион байгуулах үүрэгтэй.
5.3. Тээвэрлэгч нь тээвэрлэлтээ зохион байгуулахдаа суурь бүтэц эзэмшигчээс тогтоосон жингийн норм, голын тоог баримтлах үүрэгтэй.
5.4. Тээвэрлэгч нь тээвэрлэлтийг зохион байгуулах хөдлөх бүрэлдэхүүн, тоног төхөөрөмж, хүний нөөцтэй байх, тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас төмөр замын тээвэрт оролцогч, гуравдагч этгээд, түүний дотор суурь бүтэц эзэмшигчид учирч болох хохирлыг тооцож, түүнээс сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
6.1. Суурь бүтэц ашиглуулах тухай гэрээ байгуулсан тээвэрлэгч нь орон нутгийн тээвэрлэлт хийх тухай захиалгаа тээвэрлэлт хийхээс 10-аас доошгүй хоногийн өмнө, олон улсын ачаа тээвэрлэлт хийх тухай захиалгаа тээвэрлэлт хийхээс 15-аас доошгүй хоногийн өмнө, олон улсын зорчигчийн галт тэрэгний зурмаг тохиролцож, үйлчилж эхлэхээс хуанлийн 400-аас доошгүй хоногийн өмнө суурь бүтэц эзэмшигчид ирүүлнэ.
6.2. Захиалгыг тээвэрлэгч эрх бүхий этгээдийн гарын үсэг, тэмдгээр баталгаажуулан 2 хувь үйлдэж суурь бүтэц эзэмшигчид хүргүүлнэ.
6.3. Захиалгыг дутуу, буруу хийсэн, захиалга өгөх журмыг зөрчсөн тохиолдолд суурь бүтэц эзэмшигч түүнийг хүлээн авахаас татгалзах эрхтэй бөгөөд захиалга хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор татгалзсан шалтгааныг бичиж албан бичгээр мэдэгдэнэ.
6.4. Суурь бүтэц эзэмшигч нь захиалга ирүүлсэн өдрөөр тусгай бүртгэл хөтөлж, бүртгэлийн дугаар олгоно. Суурь бүтэц эзэмшигч захиалга бүртгэх дотоод журмыг тогтоож нийтэд мэдээлэх үүрэгтэй.
6.5. Суурь бүтэц эзэмшигч орон нутгийн тээвэрлэлт хийх тухай захиалгыг 5 /таван/ хоногийн дотор, олон улсын ачаа тээвэрлэлт хийх тухай захиалгыг 10 хоногийн дотор хянан үзэж тээвэрлэлтийг зөвшөөрөх тухай, эсхүл зөвшөөрөхөөс татгалзсан үндэслэлийг тусгасан хариуг бичгээр өгнө.
6.6. Суурь бүтэц эзэмшигч дараах тохиолдолд зөвшилцөхөөс татгалзаж буй шалтгааныг тодорхой бичиж, захиалгыг тээвэрлэгчид буцааж өгнө:
6.6.1. холимог тээвэр гүйцэтгэх байгууллага зөвшилцөхөөс татгалзсан;
6.6.2. гадаад улсын төмөр зам зөвшилцөхөөс татгалзсан;
6.6.3. бусад суурь бүтэц эзэмшигч зөвшилцөхөөс татгалзсан;
6.6.4. эрх бүхий байгууллагын шийдвэрээр ачаа тээвэрлэх замналын дагуу ачилт, тээвэрлэлтийг зогсоосон буюу хязгаарласан;
6.6.5. тээвэрлэлт зохион байгуулах гэрээний дагуу өөр тээвэрлэгчийн захиалгыг зөвшилцөх үүрэг хүлээсэн;
6.6.6. тээвэрлэлтийг гүйцэтгэх техник, технологийн бодит боломжгүй.
6.7. Суурь бүтэц эзэмшигч нь энэхүү журмын 6.6.2-6.6.4, 6.6.6-д заасан үндэслэлээр захиалгад өөрчлөлт оруулах саналыг тээвэрлэгчид хүргүүлж болно.
6.8. Гэрээнд өөрөөр заагаагүй бол тодорхой тээвэрлэлт бүрийн дараа гүйцэтгэлийн хэмжээг баталгаажуулна.
6.9. Суурь бүтэц эзэмшигч нь вагоны жин, аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхийг хянаж аюулгүй байдлын шаардлага хангуулах, шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд тээвэрлэлтийг үргэлжлүүлэхээс татгалзах эрхтэй.
6.10. Суурь бүтэц эзэмшигчийн үндэслэл бүхий шаардлагыг тээвэрлэгч биелүүлэх үүрэгтэй.
6.11. Суурь бүтэц эзэмшигчийн шаардлага үндэслэлтэй эсэх талаар маргаан гарвал суурь бүтэц ашиглах гэрээнд зааснаар шийдвэрлэнэ.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ХАРИУЦЛАГА
7.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Төмөр замын тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль эсхүл Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
- - - о О о - - -
Текст томруулах
A
A
A