- Нүүр
- Сайдын тушаал
- ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ АЖИЛТНЫ САХИЛГЫН ТУСГАЙ ЖУРАМ, АЖЛЫН ЦАГИЙН ХУВААРЬ, ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын арвандөрөв дүгээр хавсралт
ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ АЖИЛТНЫ САХИЛГЫН ТУСГАЙ ЖУРАМ, АЖЛЫН ЦАГИЙН ХУВААРЬ, ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү журмын зорилго нь Төмөр замын тээврийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг дүрэм журмыг хэрэгжүүлэх, төмөр замын тээврийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, галт тэрэгний хөдөлгөөний технологийн горимыг сахин биелүүлэхэд төмөр замын тээврийн нийт ажилтан болон галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилга, ажил амралтын хуваарийг зохицуулах, хөдөлмөрийн нөхцөл, сахилга, дэг журам тогтооход оршино.
1.2. Энэхүү журмын хамрах хүрээ нь төмөр замын тээврийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан /цаашид ажилтан гэх/ дагаж мөрдөнө.
1.3. Энэхүү журамд хэрэглэгдсэн нэр томьёо, тодорхойлолтыг Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон үндэсний стандартад заасан утгаар ойлгож хэрэглэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АЖИЛТНУУДЫН НИЙТЛЭГ ҮҮРЭГ
2.1. Төмөр замын тээврийн нийт ажилтан нь дор дурдсан үүргийг ханган биелүүлж ажиллана. Үүнд:
2.1.1. төмөр замын тээврийн тухай хууль, төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журмыг чанд биелүүлэх, техник хэрэгслийг технологийн горим, стандартын шаардлагын дагуу ашиглах, зорчигчийн аялах аятай нөхцөлийг бүрдүүлэх, ачаа, тээш, ачаан тээшийг бүрэн бүтэн тээвэрлэх, үйлчлүүлэгчийн тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээ ба галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай бүрэн хангах, хүрээлэн буй орчинд хохирол учруулахгүй байх;
2.1.2. ажилтан нь төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журмын шаардлага, төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай, аюулгүй үйл ажиллагааг хангахад чиглэсэн өөрийн чиг үүргийг биечлэн гүйцэтгэх;
2.1.3. төмөр замын байгууллагын ажилтнаас төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журмыг сахин биелүүлэх шаардлага тавих үүргийг ажил олгогч, ажил удирдагч хариуцах;
2.1.4. хүний эрүүл мэнд, амь нас, хөдөлгөөний аюулгүй байдал болон тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хохирол учруулахуйц эвдрэл, гэмтэл, саад илэрвэл нэн даруй галт тэрэгний болон сэлгээний хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоох, уул саадтай газрыг хааж хамгаалах, гэмтлийг түргэн засаж арилгах арга хэмжээ авах;
2.1.5. төмөр замаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдал болон ажиллагааг бүрэн хангаж эелдэг, уриалгахан хөнгөн шуурхай, чанартай, хүртээмжтэй үйлчилж, тэднээс төмөр замын тээврийн салбарт мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, стандарт, норм норматив, технологийн горимыг сахин биелүүлэхийг шаардах;
2.1.6. албан үүргээ гүйцэтгэхдээ тухайн байгууллагаас тогтоосон дүрэмт хувцас, ялгах тэмдэг, мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлагын үүднээс олгогдсон хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцасыг зориулалтын дагуу хэрэглэх;
2.1.7. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон галын аюулгүй байдлыг хангах дүрэм, журам, стандарт, норм, нормативыг мөрдөж ажиллана. Тухайн аж ахуйн нэгжийн удирдлага эдгээр дүрэм, журмын биелэлтийг бүрэн ханган, хариуцах.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ГАЛТ ТЭРЭГНИЙ БОЛОН СЭЛГЭЭНИЙ ХӨДӨЛГӨӨНТЭЙ
ШУУД ХОЛБООТОЙ АЖИЛТНЫ ҮҮРЭГ
3.1. Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан нь дор дурьдсан үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
3.1.1. тухайн ажил үүрэгтэй холбоотой Олон улсын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомж, Төмөр замын тээврийн тухай хууль, төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон галын аюулгүй ажиллагааны стандарт, зааврыг судалж үйл ажиллагаандаа дагаж мөрдөх;
3.1.2. галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтан нь батлагдсан ажил мэргэжлийн дүрэм, журам, стандартаар зохих сургалтад хамрагдаж, мэргэжил дээшлүүлж, шалгалт өгч тэнцсэн байна:
- Төмөр замын тээврийн тухай хууль;
- Төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам;
- Ажлын байрны тодорхойлолт болон тэдний үүргийг тогтоосон бусад баримт бичиг;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам.
3.1.3. вагон болон чингэлэгт ачаа ачих, бэхлэх, ачилт буулгалтын ажил хариуцсан ажилтан нар нь хөдлөх бүрэлдэхүүнд ачаа ачих, бэхлэх техникийн нөхцөлийн талаар шалгалтад бүрэн хамрагдсан байна;
3.1.4. галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтнаас бусад ажилтан нь төмөр замын тээврийн ажилтны нийтлэг үүргийг мэдэж байхаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам, норм норматив, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байна;
3.1.5. галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой нэмэлт ажил, үүрэг гүйцэтгэхээр албан тушаал хавсрах, ажил, мэргэжил хослох, түр эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгүүлэхэд тогтоосон дүрэм, журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалт өгсөн төмөр замын тээврийн ажилтанг томилон ажиллуулах;
3.1.6. галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал, мөн ажиллагааг бүрэн хангаж, хөдөлгөөний зурмагийг чанд биелүүлэх, галын аюулгүй байдлыг хангах, зорчигчийг эрүүл, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, зорчигч, ачаа, ачаан тээшийг цаг тухайд нь тээвэрлэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх, галт тэрэгний зурмагийг мөрдөх;
3.1.7. хөдлөх бүрэлдэхүүний жолоодлогын бүхээг болон хөдөлгөөний аюулгүй байдал, мөн ажиллагааг хангахтай холбогдсон дохио, сум, аппарат, хэрэгсэл, механизм мөн түүнчлэн дээр дурдсан тоног төхөөрөмжийг удирдан ажиллуулдаг байранд зохих эрхгүй хүнийг нэвтрүүлэхгүй байна;
3.1.8. зохих эрхтэй ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ зүтгүүр, төмөр замаар өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүн ба хөдлөх нэгжийг жолоодох болон хөдөлгөөний хэвийн ажиллагаа хангахтай холбогдсон дохио, сум, аппарат, хэрэгсэл, механизмыг стандарт болон технологийн горимын дагуу ажиллуулах;
3.1.9. харьяалал болон өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч зүтгүүр, моторт вагон, галт тэрэг, өөрөө явагч бусад хөдөлгөөнт нэгжийг жолоодох, тэдгээрийн хөдөлгөөнийг удирдах төмөр замын ажилтан нь мэргэжлийн сургалтын байгууллага /төв/-д бэлтгэгдэж, эрхийн үнэмлэх авсан байна;
3.1.10. зохих журмын дагуу дадлагажигч ажилтанг зүтгүүр, өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүн ба хөдлөх нэгжийг жолоодох болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон дохио, сум, аппарат, бусад механизмыг эрх бүхий ажилтны хяналт дор жолоодох, ажиллуулахыг зөвшөөрнө;
3.1.11. төмөр замын байгууллага, нийтийн болон дагнан хэрэглээний зам эзэмшигч нь галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой үйл ажиллагаа явуулдаг ажилтнуудад техникийн сургалт явуулах, мэргэжил дээшлүүлж, мөн давтан сургаж мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй;
3.1.12. зүтгүүрийн бригад, галт тэрэгний диспетчер, өртөөний жижүүр, өөрөө явагч тусгай хөдлөх бүрэлдэхүүний бригадын ажилтанг мэргэжлээр нь давтан сургаж мэргэшүүлэн мэргэжлийн зэрэг дэв олгож, мэргэжлийн ур чадвараар нь сонгон шалгаруулан авч ажиллуулна;
3.1.13. мэргэжлийн сургалтад хамрагдаж, төмөр замын тээврийн хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмаар шалгалт өгсөн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон Эрүүл мэндийн үзлэг хийх журмын дагуу эрүүл мэндийн үзлэгт орж тэнцсэн, 18 насанд хүрсэн иргэнийг галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажил, албан тушаалд энэхүү журмын нэгдүгээр болон хоёрдугаар хавсралтад заасан албан тушаалд томилон ажиллуулна;
3.1.14. галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны ажлын байр нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлагад бүрэн нийцсэн байна;
3.1.15. төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журмыг мэдлэгээ сайжруулж, техникийн зохих сургалтад хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа байнга нэмэгдүүлж, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны арга барил эзэмшсэн байх;
3.1.16. байгууллагын удирдлага, шууд харьяалах албан тушаалтан, ажлын ахлагч нарын албан үүргийн хүрээнд өгсөн тушаал, заавар, зааварчилгааг цаг тухайд нь бүрэн гүйцэд биелүүлэх, тухай бүр хариу илтгэж байх;
3.1.17. хариуцсан обьектод байнга үзлэг, үйлчилгээ хийж байх ба хүний эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй нөхцөл бүрдсэн, байгууламж, төхөөрөмжид илэрсэн эвдрэл, гэмтэл, хэвийн бус ажиллагаа болон түүнд хүргэж болзошгүй нөхцөл байдлын талаар тухай бүрд нь дээд шатны удирдах албан тушаалтан, холбогдох ажилтанд шуурхай мэдэгдэх;
3.1.18. эрхэлсэн ажилтай нь холбогдуулан олгосон ажлын тусгай болон дүрэмт хувцас, бие хамгаалах болон дохионы хэрэгслийг төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журамд зааснаар зориулалтын дагуу хэрэглэх;
3.1.19. галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, хөдөлгөөний зурмагийг чанд биелүүлж ажиллах, мөн хөдөлгөөнийг оновчтой, шуурхай зохион байгуулах;
3.1.20. зорчигчийн ая тухтай зорчих нөхцөлийг хангах, ачаа, тээш, ачаан тээшний бүрэн бүтэн байдал, төмөр замын байгууллагын эд хөрөнгө, сэлбэг материалыг арчлан хамгаалах;
3.1.21. албан үүргээ гүйцэтгэж байхдаа албан ярианы дэглэмийг баримталж ажиллах;
3.1.22. харилцагч байгууллага, иргэдийг тээвэрлэлт, ажил, үйлчилгээтэй холбогдолтой үнэн зөв мэдээллээр хангаж, хөнгөн шуурхай, соёлтой боловсон үйлчилж, ажил үйлчилгээний болон галт тэрэгний цагийн хуваарийг чанд баримтлах;
3.1.23. тогтоосон хугацаанд эрүүл мэндийн үзлэгт орсон байх;
3.1.24. авлига, хээл хахууль, шан харамж авах, өгөх, өгөхийг шаардах, танил тал харах, үйлчлүүлэгчид тэгш бус хандаж, аль нэгэнд нь давуу эрх олгох зэргээр төмөр замын байгууллагын нэр хүндэд харшлах үйлдэл гаргахгүй байх;
3.1.25. хүний эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй нөхцөл бүрдсэн, ачаа, тээш, ачаан тээшинд эвдрэл, гэмтэл гарсан, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад тохиолдвол хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авах, байгууламж, төхөөрөмжид эвдрэл, гэмтэл илрүүлбэл тухайн осолтой газрыг хааж хамгаалах, засварлах арга хэмжээг яаралтай авч байх, мөн мэдээлэх;
3.1.26. байгалийн гамшиг, сүйрэл, осол, гологдлын хор уршгийг арилгах ажилд оролцуулахаар дуудсан тохиолдолд анхны дуудлагаар ажлын байранд хүрэлцэн ирэх, зааварчилгааны дагуу ажил гүйцэтгэх.
3.2. Төмөр замын ажилтныг шууд харьяалах албан тушаалтан, ажлын ахлагч ажилтан нь дор дурдсан нэмэлт үүрэгтэй:
3.2.1. тушаал, шийдвэр, заавар, үүрэг даалгаврыг хуулийн хүрээнд тодорхой, ойлгомжтой өгөх, гүйцэтгэлийг бүрэн хангуулах, хянах, шалгах, шуурхай холбогдох арга хэмжээг авах, тайлагнах, мэдээлэх;
3.2.2. хууль бус үйл ажиллагаа илэрвэл цаг алдалгүй таслан зогсоож, байгууллага эсвэл нэгжийн удирдах албан тушаалтанд мэдэгдэж, өөрийн эрх, үүргийн хүрээнд холбогдох арга хэмжээ авах;
3.2.3. ээлж хүлээн авах, ажил хэвийн гүйцэтгэх нөхцөл бүрдээгүй үед ээлж хүлээлцэх шийдвэр гаргасан удирдах ажилтан нь түүнээс үүдэн гарах хариуцлагыг хүлээнэ;
3.2.4. ажлын байр эзэнгүй орхих, ажлын байранд унтах, бусадтай ажилтай холбогдолгүй яриа өрнүүлэх зэргээр ажил цалгардуулах, дутагдлыг нуун дарагдуулах, эвлэрэн хаацайлах зэрэг зөрчил гаргахгүй байна;
3.2.5. ажлын байранд ажил гүйцэтгэхэд саад болох техник хэрэгсэл, эд материал /зөвшөөрөгдсөнөөс бусад/ хадгалахгүй, мөн гадны хүн байлгахгүй байна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ
4.1.Төмөр замын тээврийн байгууллага нь Төмөр замын тээврийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан холбогдох эрх зүйн актад заасны дагуу дор дурдсан үүргийг хэрэгжүүлнэ:
4.1.1.төмөр замын тээврийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт зэргийг ажилтанд танилцуулж, судлуулах, мэргэжлийн сургалт явуулах зааварчилгааг тогтоосон журмын дагуу өгөх, эрхийн болон мэргэжлийн зэргийн үнэмлэхтэй иргэнийг ажиллуулах;
4.1.2. ажилд шинээр орох иргэн болон ажилтныг эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт оруулж, эрүүл мэндээр тэнцсэн ажилтанг ажиллуулах;
4.1.3. ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангахад зориулсан хөрөнгийг жил бүрийн үйлдвэрлэл-санхүүгийн төлөвлөгөө, хамтын гэрээнд тусгаж, зарцуулах;
4.1.4. ажилтныг албан үүргээ биелүүлэхэд шаардагдах ажлын онцлогт тохирсон, хөдөлмөрлөх нөхцөлийг хангасан ажлын байр, техник хэрэгсэл, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтанд ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, хор саармагжуулах бодис, хоол, хүнс, ариутган цэвэрлэх бодисоор хангах;
4.1.5. үйлдвэрлэл, үйлчилгээний дотоод хяналт шалгалтыг тогтмол явуулах;
4.1.6. үйлдвэрлэл, үйлчилгээнд гарсан технологийн болон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, сүйрэл, осол, гологдол, зөрчил гарсан шалтгааныг бүрэн тогтоож, арилгахаар авсан арга хэмжээний тухай мэдээллийг хамт олонд тухай бүр өгч, давтагдан гарахаас урьдчилан сэргийлж байх;
4.1.7. галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилд хоёроос дээш ажилтан ажиллаж байгаа нөхцөлд аль нэгийг нь ахлуулан ажиллуулах.
4.2. Технологийн тасралтгүй ажиллагаатай байгууллагын ажилтны ээлж солилцоход дор дурдсан нөхцөлийг хангасан байна:
4.2.1. дараагийн ээлжинд хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, бэлтгэлийг бүрэн хангуулах;
4.2.2. ажлын цаг дуусахаас өмнө тухайн ээлжинд гүйцэтгэсэн ажлын тоон болон чанарын үзүүлэлтийг шалгах;
4.2.3. ажилтан ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд түүнийг ажлаас түр чөлөөлж, өөр ажилтныг томилох болон шаардагдах бусад арга хэмжээг авах;
4.2.4. байгалийн гамшиг, сүйрэл, осол, гологдол гарсан эсхүл гарч болзошгүй нөхцөл бүрдсэн тохиолдолд ээлж солилцуулахыг түр хойшлуулж, тухайн ажлын байранд аюулгүй ажиллах нөхцөл бүрдсэний дараа гүйцэтгэх;
4.2.5. ээлж солилцох, ажил хүлээлцэх үед хариуцсан хөдлөх бүрэлдэхүүн, тоног төхөөрөмж, хатуу тооцоот болон бусад багаж хэрэгсэл бүрийг биечлэн үзэж хүлээлцэх;
4.2.6. ээлж хүлээлцэх тогтоосон нөхцөл бүрдээгүй үед ээлж хүлээн авсан бол түүнээс үүдэн гарах хариуцлагыг ээлж хүлээн авагч хариуцах.
ТАВДУГААР БҮЛЭГ
АЖИЛТНЫ АЖИЛ, АМРАЛТЫН ДЭГЛЭМ
5.1. Ажилтны ажил, амралтын дэглэм нь дараах үндсэн шаардлагыг хангасан байна. Үүнд:
5.1.1. хөдөлмөрийн болон хамтын гэрээнд заасан долоо хоногийн ажлын цаг, ердийн ажлын өдрийн үргэлжлэх цаг, ээлжийн ажлын хоногт үргэлжлэх хугацаа, ээлжийн ажлын эхлэх, дуусах цаг, завсарлага, амралтын өдөр нь Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн байна;
5.1.2. тасралтгүй ажиллагаатай ажлын байранд ээлжийн хуваариар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтныг галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмагт зохицуулан ажиллуулах ба ажлын цаг нь тухайн сард ажиллавал зохих ажлын цагаас ихгүй байна;
5.1.3. ээлжийн хуваариар ажилладаг ажилтны жинхэнэ ажилласан цаг нь ажлын ачаалал, зурмагийн зохицуулалтаас хамааран тухайн сард ажиллавал зохих ажлын цагт хүрэхгүй тохиолдолд нэмэлт ажил, үүргийг гүйцэтгүүлж болох ба ажлын цагийг нь нэгтгэн бодно;
5.1.4. ажлын онцлогийг харгалзан тасралтгүй ажиллагаатай ажлын байранд ажилладаг ажилтныг шөнийн ээлжинд 2-оос илүү удаа дараалан ажиллуулахгүй байхыг хатуу анхаарч ажиллана;
5.1.5. ажилтныг ээлжинд ажиллуулахдаа Хөдөлмөрийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 хэсэгт заасан шаардлагыг мөрдөнө;
5.1.6 ажилтны ээлжийн хуваарь зөрчигдсөн тохиолдолд дуудлагаар ажиллуулж болно. Дуудлагаар ажиллуулахыг Хөдөлмөрийн дотоод журамд тодорхой заасан байна.
5.2. Ажлын цаг:
5.2.1. зорчигчийн болон тусгай үйлчилгээний галт тэрэг, зүтгүүрийн, зам засварын, тусгай хөдлөх бүрэлдэхүүний бригадын ажлын цагт дараах хугацаа хамаарна;
5.2.2. ажилд бэлтгэх, зааварчилага авах, зүтгүүрийн бригад шалгалт өгөх хугацаа:
- аяллын өмнөх болон дараах эмчийн үзлэгт хамрагдах хугацаа;
- аяллын болон ажил гүйцэтгэсэн хугацаа;
- ажил хүлээлцэх болон хүлээсэн хугацаа;
- зүтгүүрийн бригад зорчигчоор аялах хугацаа болон хүлээсэн хугацаа;
- сорил тавьсан хугацаа зэргийг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогч тогтоож өгнө.
5.2.3. ажилтны тасралтгүй ажиллах хугацаа нь 8 цагаас ихгүй байна. Хамтын болон хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон бол 4 хүртэл цагаар нэмэгдүүлж болно;
5.2.4. ачаа, зорчигчийн галт тэрэгний машинчийн тасралтгүй ажлын цаг нь туслах машинчгүй үед 8 цагаас ихгүй байна. Хоёр дараалан шөнийн цагаар туслах машинчгүйгээр ажиллуулахгүй;
5.2.5. зорчигчийн галт тэрэгний зүтгүүрийн бригад дараалан хоёроос дээш удаа шөнийн цагаар ажиллуулахгүй байна. Энэ шаардлага нь эргэлтийн депо, амрах байраас буцаж байгаа болон зорчигчоор аялж байгаа зүтгүүрийн бригадад хамаарахгүй;
5.2.6. сэлгээний бригадыг ээлж солилцохоос 30 минутын өмнө өөр өртөөнд ажиллуулахаар явуулахгүй байна;
5.2.7. зүтгүүр, зорчигчийн галт тэрэгний бригадын цагийг үндсэн байрнаас эргэлтийн байр хүртэл явсан, эргэлтийн байрнаас үндсэн байранд хүрэлцэн ирсэн цагийн нийлбэрээс амрах нөхцөлөөр хангагдсан өртөөнд амарсан хугацаа, зорчигчийн вагонд амарч явсан хугацааг хасаж, үндсэн ба эргэлтийн өртөөнд ажилласан бэлтгэл, төгсгөлийн цагийг ажилтан тус бүр дээр нэмж тооцно;
5.2.8. галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмагийн дагуу үндсэн байранд дуудагдан ирсэн зүтгүүрийн бригадын ажилтныг аялал хойшлогдсон тохиолдолд 3 цагаас багагүй хугацаагаар амрах нөхцөлөөр хангагдсан байранд амраагаад дахин дуудаж болно;
5.2.9. зүтгүүрийн бригад нь зүтгүүр, галт тэргийг хүлээн авахаар зүтгүүрээр болон бусад тээврийн хэрэгслээр явсан хугацааг ажлын цагт тооцно;
5.2.10. зүтгүүрийн бригад мөн тасралтгүй ажиллагаатай ажлын байранд ээлжийн хуваариар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтны шөнийн цагаар ажиллах цагийг хорогдуулахгүйгээр тогтооно. Зааварлагч машинчийн аялалд явж ажилласан цагийг дагалдан явсан тухайн галт тэрэгний машинчийн ажлын цагийн нэгэн адилаар тооцно;
5.2.11. тасралтгүй ажиллагаатай ажлын байранд ээлжийн хуваариар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтны ажил хүлээлцэх цаг 20 минутаас ихгүй байна. Ажлын онцлогоос шалтгаалан төмөр замын байгууллагын дарга өөрөөр тогтоож болно;
5.2.12. зорчигчийн галт тэрэгний тасалбарын явуулын нярав, тээш түгээгч тэдгээртэй адилтгах ажилтны ажлын цагийн хуваарийг зүтгүүрийн бригадын ажил, амралтын цагийн дэглэмтэй адилаар тогтоож болно;
5.2.13. зорчигчийн вагоны хоёр үйлчлэгчийн аяллын мөрөн дэх нийт ажиллах хугацааг тус бүрд тэнцүү хуваах ба зорчигчийн галт тэрэгний эргэлт, дамжин өнгөрөх цэгүүдэд ажиллах ээлжийн хуваарьтай байна;
5.2.14. тусгай үйлчилгээний болон албан хэрэгцээний вагоны үйлчлэгчийн ажлын цагийн хуваарийг батлагдсан ажил, амралтын дэглэмийг үндэслэн ээлжинд 12 цагаас ихгүй байхаар зохицуулах бөгөөд аялалд явах цагийг галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг, суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагаар тогтооно;
5.2.15. зорчигчийн галт тэрэгний механик, засварчин болон тэдгээртэй адилтгах ажилтны ажлын цагийн хуваарийг зорчигчийн галт тэрэгний бригадын ажил, амралтын цагийн дэглэм адилаар тогтооно;
5.2.16. сэргээн босгох галт тэрэгний бригад болон бусад салбар, нэгжээс татагдан ирсэн ажилтны ажлын цагт галт тэргийг байрлуулсан газарт ирсэн цагаас буцаж ирсэн цаг хүртэлх бүх цагийг тооцох бөгөөд амралтын завсарлага өгч, хоол хүнсээр үйлчилнэ. Энэхүү завсарлага нь ажлын цагт орохгүй;
5.2.17. сэргээн босгох галт тэрэгний бригад нь сургалт-бэлтгэлийн ажил гүйцэтгэх, мөн гэрээгээр ажил гүйцэтгэхээр бол ердийн хуваарийн үндсэн дээр ажлын цагийг тодорхойлно;
5.2.18. зам, засварын ажилчид ажил гүйцэтгэж буй хэсэглэл рүү зорчихдоо тусгай ажилтны галт тэргээр зорчиж зурмагийн дагуу зорчсон цагийг оруулж тооцно;
5.2.19. төмөр замын барилгын болон замын машин механизмын техникийн үйлчилгээ хийх ажилтан, мөн мэргэжилтний ажлын цагт дараах цагууд орно;
5.2.20. замын барилга угсралтын машин механизмыг галт тэрэгний бүрэлдэхүүнд холбох, ажлын бус горимд бие дааж өөр өртөөнд шилжих мөн хоппер-дозатор, думпкар вагоноор бусад өртөөнд ачаа ачиж, буулгах, буцах зэрэг үйл ажиллагаанд оролцох тохиолдолд ажил олгогч, ажилтны төлөөлөл нар тохиролцож барилга угсралтын машин механизмын ээлжийн ажилтны ажил, амралтын хуваарийг зохионо;
5.2.21. хил гарах, дамжуулах галт тэрэг, сэлгээний ажил, түлхэгч зүтгүүр дээр тогтмол буюу түр хугацаагаар ажиллуулахаар зүтгүүрийн болон галт тэрэгний бригадын ажилтныг байнгын оршин суудаг газраас явуулахад энэ журам хамаарахгүй.
5.3. Илүү цаг:
5.3.1. хамтын болон хөдөлмөрийн гэрээнд тохиролцсоны дагуу төмөр замын тээврийн хэвийн тасралтгүй үйл ажиллагаанд саад учруулсан байгалийн гамшиг, сүйрэл, ослын хор уршгийг арилгах эсвэл яаралтай хийхгүй бол хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгуулахаар ажилтныг илүү цагаар ажиллуулж болно;
5.3.2. илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулна. Амруулаагүй тохиолдолд Хөдөлмөрийн хуульд заасны дагуу илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлсийг тухайн сард нь тооцож олгоно;
5.3.3. ээлжийн хуваариар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтан галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг, суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийн дагуу нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн бүрийн амралтын өдөр ажиллах нь илүү цагт хамаарахгүй. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээнд тусгаж 2 тал тохиролцсон байна.
5.4. Ажлын цагийн үргэлжлэх хугацааг сунгах тохиолдол:
5.4.1. зүтгүүр, галт тэрэгний бригадын тасралтгүй ажиллагааны үргэлжлэх хугацааг сунгах зайлшгүй тохиолдолд төмөр замын байгууллагын даргын шийдвэрээр сунгана. Энэ тохиолдолд захиргаа уг ажилтныг өөр ажилтнаар түргэн хугацаанд солих арга хэмжээг яаралтай авах үүрэгтэй;
5.4.2. төмөр замын тээврийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагаанд саад учруулсан байгалийн гамшиг, сүйрэл, ослын хор уршгийг арилгах, эсвэл яаралтай хийхгүй бол хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил гүйцэтгүүлэхээр галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтныг амралт эдэлж буйг үл харгалзан төмөр замын байгууллагын даргын шийдвэрээр ажилд дуудан оруулж болно;
5.4.3. Дээр дурдсанаас бусад тохиолдолд ажилтныг бүрэн амарч дуусаагүй байхад нь ажилд дуудахгүй байхыг анхаарч ажиллана.
5.5. Амралтын цаг:
5.5.1. ээлжийн хуваариар ажлын цаг нь зохицуулагддаг ажилтан долоо хоногийн амралтын хугацааг зурмагт 48 цагаас багагүй, 72 цагаас ихгүй байхаар тухайн сарын ажлын ээлжийн хуваарт тэнцүү хуваарилж тусгах бөгөөд долоо хоногийн амралтын хугацаа нь тухайн сарын амралтын цагаас багагүй байна. Амрах хуваарийг урьдчилан мэдэгдсэн байна;
5.5.2. байгалийн гамшиг, сүйрэл, осол гарсан тохиолдолд төмөр замын байгууллагын даргын шийдвэрээр долоо хоногийн амралтыг бууруулан 24 цагаар тогтоож болох ба дутууг дараа нөхөн амраана;
5.5.3. галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажлын байранд ажилтны амрах, хооллох завсарлагын хугацааг 30 минутаас багагүй, 2 цагаас ихгүй байхаар хөдөлмөрийн дотоод журмаар тогтооно. Харин байгаль, цаг уурын онцгой нөхцөл /хэт халалт, хүйтрэлт/-д ажлын өдрийн тусгай завсарлагын хугацааг байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд тусган 2-оос дээш цагаар зохицуулж болно;
5.5.4. ажлын өдрийн дараах хэвийн амралтын үргэлжлэх хугацааг 8 цагийн ажлын өдөртэй ажилтанд 16, 7 цагийн ажлын өдөртэй ажилтанд 17, 12 цагийн ээлжийн хуваариар ажилладаг ажилтанд 24 цагаар тус тус тогтооно;
5.5.5. зүтгүүрийн болон галт тэрэгний бригадын ажилтны байнга оршин суудаг газарт олгох амралтыг тооцохдоо хоёр талын аялалд зарцуулсан нийт цагийг хэвийн амралт зохицуулах итгэлцүүрээр үржүүлж, гарсан үржвэрээс эргэлтийн байр буюу амрах нөхцөлөөр хангагдсан зорчигчийн вагонд амарсан хугацааг хасаж тооцно. Итгэлцүүрийг долоо хоногийн ажлын өдрийн дараах амралтын цагийн нийлбэрийг долоо хоногийн ажлын нормт цагт хувааж гаргана /80:40 = 2.0/;
5.5.6. ажилтны байнга оршин суудаг газар дахь амралтыг ажлын шаардлагаар 12 цаг хүртэл хугацаагаар багасгаж болох ба тасралтгүй амарсан хугацаа нь 24 цагаас багагүй байна;
5.5.7. эргэлтийн болон солилцох байранд зүтгүүрийн бригадын аялал нэг талдаа 4 цагаас илүү үргэлжлэх тохиолдолд гүйцэтгэсэн ажлын цагийн хагасаас буюу 3 цагаас багагүй хугацаагаар амраах бөгөөд шөнийн цагаар /22-06 цаг/ ажилласан бол шөнийн цагаар ажилласан цагт ногдох хувиар нэмэгдэл амралт олгоно;
5.5.8. зүтгүүрийн бригадын ажилтныг эргэлтийн байр буюу ажил дууссан газарт нь зохих амралтыг нь эдлүүлэхгүйгээр буцааж болох боловч буцах замд нь ажиллуулж болохгүй;
5.5.9. зүтгүүрийн бригадын ажилтны ажлын цагийг халаа /турный/ ээлжээр зохион байгуулах тохиолдолд ажилтны байнга оршин суудаг газарт олгох амралтыг хоёр талын аялал хийсний дараа тооцож олгоно.
5.6. Сарын ээлжийн ажлын хуваарь:
5.6.1. ажлын цагийн хуваарийг зохиохдоо галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн болон суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагтай зохицуулж, дараах зүйлийг удирдлага болгоно:
- тасралтгүй ажиллагатай ажлын байранд ээлжийн хуваариар ажилладаг ажилтан, мөн түүнчлэн ажлын цагийг хэсэглэн хуваах зохицуулалтаар ажилладаг ажилтны ажлын хуваарийг төмөр замын байгууллагын дарга баталж, өөрчлөнө;
- ажлын цагийг хэсэглэн хуваах зохицуулалтаар ажилладаг ажилтны ажлын хуваарийг үдийн хоолны завсарлагыг оролцуулан 2-оос илүүгүй завсарлагатай, завсарлага бүрийн үргэлжлэх хугацааг 1 цагаас багагүй, хоногийн туршид амралтын тасралтгүй үргэлжлэх хугацаа 12 цагаас багагүй байхаар тус тус зохионо;
- төмөр замын байгууллага, салбар нэгжийн захиргаа нь ажилтны ажил, амралтын хуваарийг cap эхлэхээс 3 хоногийн өмнө ажилтанд танилцуулж, ажлын байранд ил тавьсан байна;
- ажлын цагийн хуваарьт ажилтны ажил, амралтын цаг тодорхой заагдсан байх ба амарч байгаа ажилтанд хуваарийг танилцуулах, шийдвэр өгөх зэргээр захиргаанаас үүрэг хүлээлгэхгүй байна.
5.7. Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилга, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл нь энэхүү журмын 5 дугаар бүлэг, мөн MNS 5080:2001 “Хөдөлмөрийн нөхцөлийн ангилал, хүчин зүйл, үнэлгээ” стандартын шаардлагыг бүрэн хангасан байна.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
6.1. Хүний эрүүл мэнд, амь нас, ачаа, тээш, ачаан тээш, эд хөрөнгийг авран хамгаалсан, сүйрэл, осол, гологдлоос урьдчилан сэргийлсэн, ажлын бүтээмж, чанарыг сайжруулахад шинэ санал санаачилга гаргаж үр дүн үзүүлсэн, хөдөлмөрийн тодорхой амжилт гаргасан ажилтанд шагнал урамшуулал олгож болно:
6.1.1. байгууллагын шагнал, урамшуулал;
6.1.2. Засгийн газар болон салбарын тэргүүний ажилтан, яамны жуух бичиг;
6.1.3. Монгол Улсын цол, одон, медаль.
6.2. Энэхүү журмын 6.1.2, 6.1.3-т заасан шагналд нэр дэвшүүлж байгаа ажилтныг төмөр замын байгууллагын дарга хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагад тодорхойлно.
6.3. Төмөр замын байгууллага нь шагнал, урамшууллын журамтай байна.
6.4. Төмөр замын байгууллагын салбар, нэгжийн дарга нь төр, засгийн шагналд ажилтныг тодорхойлох, төмөр замын байгууллагын даргын баталсан журамд заасан хэмжээнээс хэтэрсэн шагнал урамшууллыг үзүүлэх, харьяа байгууллага нь удирдах байгууллага болон удирдах ажилтныг шагнаж урамшуулахгүй байна.
ДОЛДУГААР БҮЛЭГ
САХИЛГА, ХАРИУЦЛАГА
7.1. Энэхүү журамд заасан үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан ажилтан, хуулийн этгээдэд түүний гэм буруугийн байдлыг харгалзан Хөдөлмөрийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан дараах шийтгэл оногдуулна:
7.1.1. сануулах;
7.1.2. үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
7.1.3. төмөр замын хөдөлгөөний бус ажилд 1 жил хүртэл хугацаагаар шилжүүлэх;
7.1.4. ажлаас халах.
7.2. Ажилтанд түүний гэм буруугийн байдлыг харгалзан сануулах сахилгын шийтгэлийг дор дурдсан тохиолдолд ногдуулна:
7.2.1. ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заагдсан үүрэг, удирдлагаас өгсөн хуульд нийцсэн даалгавар, заавар биелүүлээгүйгээс төмөр замын обьект, үйл ажиллагаанд саад учирсан, ачаа тээврийн зөрчил, гэмтэл гарах нөхцөл бүрдүүлсэн.
7.2.2. ёс зүйн зөрчил гаргасан.
7.3. Ажилтанд түүний гэм буруугийн байдлыг харгалзан ажилтны үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах шийтгэлийг дор дурдсан тохиолдолд ногдуулна:
7.3.1. төмөр замын тээврийн гологдол гаргасан, гологдол гарах нөхцөл бүрдүүлсэн.
7.4. Ажилтанд түүний гэм буруугийн байдлыг харгалзан төмөр замын хөдөлгөөнтэй шууд бус холбоотой ажилд 1 жил хүртэл хугацаагаар шилжүүлэх сахилгын шийтгэлийг дор дурдсан тохиолдолд ногдуулна:
7.4.1. хөдлөх бүрэлдэхүүн жолоодохдоо технологийн алдаа гаргаж осол гаргасан;
7.4.2. галт тэрэг хүлээн авах, явуулах, сэлгээний ажил гүйцэтгэхдээ технологийн алдаа гаргаж осол гаргасан;
7.4.3. зам засварын ажил хийгдэж буй газарт зохих ёсоор хамгаалалт хийгээгүйгээс хүн гэмтсэн, осол гарсан;
7.4.4. хариуцсан үүргээ биелүүлээгүйгээс хөдлөх бүрэлдэхүүнийг бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдүүлсэн;
7.4.5. дохиолол, төвлөрүүлэлт ба холбооны тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний технологийн алдаа гаргаж осол гаргасан;
7.4.6. вагон чингэлгийн ачааг бэхлэх, байршуулах техникийн нөхцөл зөрчиж осол гаргасан;
7.4.7. шуудан, тээш, зорчигчийн вагоны үйлчлэгч нь хаалгаа түгжээгүй, гүүшингийн халалтад хяналт тавих төхөөрөмжийн ажиллагааг тогтмол шалгаагүйгээс болж хүн гэмтсэн, осол гарсан;
7.4.8. галын аюулгүй байдлын холбогдох дүрэм зөрчсөнөөс хөдлөх бүрэлдэхүүнд гал гарсан;
7.4.9. аюултай бүсийн дэглэмийг хэрэгжүүлээгүйгээс хүний амь эрсэдсэн, гэмтсэн.
7.5. Дараах сахилгын зөрчил гаргасан төмөр замын ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална:
7.5.1. төмөр замын тээврийн сүйрэл гаргасан, сүйрэл гарах нөхцөл бүрдүүлсэн болон хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан;
7.5.2. ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, ажилдаа согтуу буюу мансууран ирсэн;
7.5.3. төмөр замын обьект, сэлбэг, хэрэгсэл, эд анги, бусад материалыг хулгайлсан, тоносон, үрэгдүүлсэн нь нотлогдсон;
7.5.4. хөдлөх бүрэлдэхүүний эд ангийг санаатайгаар задалсан, сулласан, эвдсэн, хөдлөх бүрэлдэхүүнд хориотой зүйлс нуусан;
7.5.5. албан тушаалаа ашиглан ачаа, тээш, ачаан тээш, зорчигчийг үнэ, хөлсгүй тээвэрлэсэн;
7.5.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалсан ажлын 3 өдөр ажил тасалсан, сардаа нийлбэр дүнгээрээ 4 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан;
7.5.7. улсын хилээр хууль бусаар эд зүйлийг нэвтрүүлэх зорилгоор төмөр замын тээврийн хөдлөх бүрэлдэхүүнийг нуувч болгон ашигласан.
7.6. Ажил олгогч нь сахилгын шийтгэлийг ногдуулахаасаа өмнө тухайн ажилтнаас бичгээр тайлбар, тодорхойлолт, хүсэлтийг хүлээн авч зөрчлийн шалтгааныг олон талаас судалж, үнэн зөвийг бодитоор дүгнэнэ.
7.7. Ажилтанд хөдөлгөөнтэй шууд бус холбоотой ажилд томилох сахилгын хариуцлага ногдуулсан тохиолдолд ажилтантай зөвшилцөж, шийдвэрлэнэ.
7.8. Энэхүү журмын 7.1.3-т заасан сахилгын шийтгэл хүлээсэн ажилтныг шийтгэлийн хугацаа дууссаны дараа холбогдох дүрэм, журмын мэдлэгээр шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилд томилж болно.
7.9 Сахилгын шийтгэлийн талаарх гомдлоо ажилтан хууль тогтоомжид заасны дагуу шүүхэд гаргаж болно.
7.10. Сахилгын шийтгэлийн талаар гомдол гаргасан нь шийтгэлийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.
НАЙМДУГААР БҮЛЭГ
АЖИЛТНЫ ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ
8.1. Ажилтны ажиллах хөдөлмөрийн нөхцөл нь хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлага хангасан байна.
8.2. Ажил олгогч, ажилтан нь Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай болон Төөмөр замын тээврийн тухай хуульд заасан эрх, үүргийг эдэлнэ.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА
9.1. Энэхүү журмын хэрэгжилтэд Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зам, тээврийн хяналт хариуцсан нэгж, мөн төмөр замын байгууллагууд болон тэдгээрийн салбар, нэгжийн удирдлага, дотоод хяналтын нэгж хяналт тавина.
9.2. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Төмөр замын тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль эсхүл Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
- - - o 0 o - - -
Текст томруулах
A
A
A