- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨМӨР ЗАМЫН МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТНЫГ БЭЛТГЭХ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, МЭРГЭШҮҮЛЭХ, МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ШАЛГАЛТ- журмын хавсралт
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын арвантав дугаар хавсралт
ТӨМӨР ЗАМЫН МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТНЫГ БЭЛТГЭХ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, МЭРГЭШҮҮЛЭХ,
МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ШАЛГАЛТ
АВАХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Энэхүү журмаар төмөр замын тээврийн салбар (цаашид “салбар” гэх)-ын мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилтын хүрээнд мэргэжлийн ур чадвар олгох, мэргэжил дээшлүүлэх, сургалтын чанар, үр ашгийг сайжруулахтай холбоотой харилцааг зохицуулна.
- Энэхүү журмаар зохицуулагдаагүй бусад харилцааг Боловсролын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон бусад эрх зүйн актаар зохицуулна.
ХОЁР. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
- Салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжлийн ур чадвар олгох, мэргэжил дээшлүүлэх сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн зохион байгуулах үйл ажиллагааг Мэргэжлийн боловсролын тухай хуулиар зохицуулах ба сургалт явуулах зөвшөөрөл авсан байгууллага сургалтыг явуулна.
- Энэхүү журамд хэрэглэсэн “мэргэжил”, “мэргэжлийн сургалт”, “мэргэшил” гэсэн нэр томьёог Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.4, 4.1.5-д заасан утгаар ойлгоно.
2.3 Боловсролын хөтөлбөрийг эзэмшиж буй төмөр замын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн ажилтан, ажил хайгч иргэнийг суралцагч гэж ойлгоно.
2.4 Мэргэжлийн сургалт нь дараах үндсэн ангилалтай байна.
2.4.1. салбарын ажилтанд эсвэл ажил хайгч иргэнд зориулсан төмөр замын үндсэн мэргэжлээр анхан шатны зэрэг олгох сургалт
2.4.2. салбарын мэргэжилтэй ажилтанд зориулсан давтан сургалт /зэрэг ахиулах сургалт/
2.4.3. салбарын мэргэжилтэй ажилтанд хоёр дахь мэргэжил эзэмшүүлэх, ажилтныг өөр албан тушаалд бэлтгэх сургалт
2.4.4. салбарын мэргэшлийн зэрэг олгох сургалт
2.5 Салбарын байгууллагуудын сургалт хариуцсан нэгжийн боловсруулсан мэргэжилтэй ажилтан бэлтгэх, сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, шалгалт авах сургалтын хөтөлбөрийг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх)-ын дэргэдэх сургалт хариуцсан мэргэжлийн боловсролын зөвлөл (цаашид “мэргэжлийн боловсролын зөвлөл” гэх)-ийн санал, дүгнэлтийг үндэслэн холбогдох төрийн захиргааны төв байгууллага батална.
2.6 Салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, шалгалт авах сургалтын хөтөлбөрийн дагуу суралцагчид мэргэжлийн боловсролын зөвлөл нь мэргэжлийн үнэмлэх олгоно.
2.7 Ажилтанд мэргэжил эзэмшүүлэх, түүний мэргэжлийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, суралцах нөхцөлөөр хангах асуудлыг хөдөлмөрийн дотоод журамд тусгана.
ГУРАВ. ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, МЭРГЭШҮҮЛЭХ, МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ШАЛГАЛТ АВАХ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨЛ
3.1 Энэхүү журмын 2.4.1-д заасан сургалтыг салбарын байгууллагын сургалтын нэгж зохион байгуулна. Сургалтын үйл ажиллагаанд байгууллагын орлогч дарга, ерөнхий инженер, сургалт хариуцсан ажилтан нар хяналт тавина.
3.2 Төмөр замын үндсэн мэргэжлээр анхан шатны зэрэг олгох сургалтад техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмшсэн ажилтан эсвэл ажил хайгч хамрагдана.
3.3 Салбарын байгууллагын сургалтын нэгж нь энэхүү журмын 2.4.2-т заасан сургалтыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулна.
3.4 Энэхүү журмын 2.4.2-т заасан сургалтыг ажилтны тухайн мэргэжил, албан тушаалд мэргэшүүлэх шаардлагыг харгалзан 3 жилд нэг удаа, галт тэрэгний хөдөлгөөн ба сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны мэргэжлийн сургалтыг 2 жилд нэг удаа зохион байгуулна.
3.5 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон тусгай зөвшөөрөлтэй эсвэл зохих статустай гадаадын боловсролын байгууллагатай хамтран энэхүү журмын 2.4.3-т заасан сургалтыг зохион байгуулна.
3.6 Салбарын байгууллагын сургалтын нэгж нь мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт хангасан эрх бүхий хуулийн этгээдтэй хамтран энэхүү журмын 2.4.4-т заасан сургалтыг зохион байгуулж болно.
3.7 Салбарын байгууллагын сургалтын нэгж нь энэ журмын 2.4.2, 2.4.3, 2.4.4-д заасан сургалтад хамрагдаж байгаа ажилтны суралцах хугацааг ажилласнаар тооцон, холбогдох зардлыг ажил олгогч хариуцна.
3.8 Төмөр замын мэргэжлийн ажилтны стандарт түүний ажиллах албан тушаалын жагсаалтыг мэргэжлийн боловсролын зөвлөл батална.
3.9 Салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт нь танхимын сургалт үйлдвэрлэлийн дадлагажуулах сургалтаас бүрдэнэ.
- Танхимын сургалтад алсын зайн сургалтын технологи ашиглахыг зөвшөөрнө.
Үйлдвэрлэлийн даддагажуулах сургалтыг дараах хэлбэрээр зохион байгуулна:
3.9.2.1. Энэхүү журмын 2.4.1-д заасан сургалтыг төмөр замын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгж дэх ажлын байранд мэргэжлийн сургалт хариуцсан ерөнхий инженер, мастер, зааварлагчийн удирдлага дор;
3.9.2.2. Энэхүү журмын 2.4.2, 2.4.3–т заасан сургалтыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад сургалтын лаборатори, тоног төхөөрөмжтэй орчинд, мэргэжлийн мэргэшсэн багшийн удирдлага дор.
ДӨРӨВ. МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
4.1 Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн боловсрлын зөвлөлийн хурлын шийдвэрээр олгоно.
4.2 Салбарын байгууллагын сургалтын нэгж нь сургалтын байгууллагад тавигдах норм дүрэм, стандарт шаардлагыг бүрэн хангасан анги танхим, сургалтын материаллаг бааз, техник тоног төхөөрөмжтэй байна.
4.3 Сургалтын чиг хандлагад нийцсэн, салбарын мэргэжилтэй ажилтны чадавхийг сайжруулах сургалтын батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөө, аргачлалтай байна.
ТАВ. ШАЛГАЛТ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
5.1 Салбарын байгууллагын сургалтын нэгж нь мэргэжлийн боловсролын зөвлөлийн баталсан журмын дагуу шалгалт авах, үнэлгээ өгөх үйл ажиллагааг зохион байгуулна.
5.2 Мэргэжлийн шалгалт авах, үнэлгээ өгөх үйл ажиллагааг тусгайлан байгуулагдсан мэргэжлийн комисс зохион байгуулна.
5.3 Мэргэжлийн шалгалтын комиссын бүрэлдэхүүн нь холбогдох төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын мэргэшсэн ажилтан, байгууллагын сургалтын нэгжийн ажилтнаас бүрдэнэ.
ЗУРГАА. МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭЛТ, ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАЛТ, АШИГЛАЛТ
6.1 Салбарын байгууллагын сургалтын нэгж болон мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт хангасан эрх бүхий хуулийн этгээд нь сургалт болон төгсөгчидтэй холбоотой мэдээллийн сан хөтлөх, бүртгэх, хадгалах, ашиглах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэж, мэргэжлийн боловсролын зөвлөлд хагас, бүтэн жилээр ажлаа тайлагнана.
ДОЛОО. ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ, МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨЛ
7.1 Төмөр замын салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох мэргэжлийн боловсролын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийн бүрэлдэхүүнийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
7.2 Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэх бөгөөд орон тооны бус байна.
7.3 Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Хурлаар мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, шалгалт авах, мэргэжилтэнд зэрэг олгох, сунгах, цуцлах асуудлыг хэлэлцэнэ.
7.4 Зөвлөлийн үйл ажиллагааг Төрийн захиргааны төв байгууллагын харъяа сургалт хариуцсан эрх бүхий байгууллага удирдан явуулна.
НАЙМ. ХАРИУЦЛАГА
8.1 Үйл ажиллагааны эрхгүй, эрх аваагүй, эрхийн хугацаа дууссан үед мэргэжлийн сургалтыг зохион байгуулсан, хууль, дүрэм, журам, стандартыг зөрчсөн тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
- - - o 0 o - - -
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын Төмөр замын мэргэжилтэй
ажилтныг бэлтгэх, сургалт зохион байгуулах,
мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, шалгалт
авах журмын хавсралт
ТӨМӨР ЗАМЫН МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН АЖИЛЛАХ АЛБАН
ТУШААЛЫН ЖАГСААЛТ
Нэг. Төмөр замын тээврийн байгууллага түүний алба, тасаг, хэлтэс, салбар, нэгжийн дараах албан тушаалд төмөр замын их, дээд сургууль, коллежийн бакалаврын болон түүнээс дээш сургалтаар дээд боловсрол эзэмшсэн иргэн ажиллана. Үүнд:
1.1. Дарга, захирал /ТУЗ томилдогоос бусад/ Төмөр замын үндсэн мэргэжлийн алба, салбар нэгжийн орлогч дарга, орлогч захирал, ерөнхий инженер дарга, орлогч захирал, ерөнхий инженер;
1.2. Инженер, менежер, мэргэжилтэн /төмөр замын бүх төрлийн/;
1.3. Ерөнхий механикч;
1.4. Зааварлагч-машинч;
1.5. Зааварлагч /автотормозын, дулааны техникийн, вагоны үйлчлэгчийн/;
1.6. Дохиолол, холбооны засвар, үйлчилгээний төвийн дарга;
1.7. Суурь бүтэц хариуцсан инженер-механикч /дохиолол холбооны, замын/;
1.8. Засварын хүлээн авагч /вагон, зүтгүүрийн депогийн/;
1.9. Зам хэмжигч, сэв шалгагч, тосолгооны вагоны дарга;
1.10. Галт тэрэгний ахлах диспетчер, галт тэрэгний диспетчер / үндсэн мэргэжлийн/;
1.11. Техник үзлэгийн газрын дарга;
1.12. Засварын цехийн дарга /вагон, зүтгүүрийн депогийн/;
1.13. Галт тэрэгний дарга;
1.14. Инженер-эдийн засагч /бүх шатны нэгжийн төлөвлөгөө, санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан/;
1.15. Зураг төсөл судалгааны байгууллагын төмөр замын зам барилгын зураг төслийн инженер;
1.16. Төмөр замын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургуулийн мэргэжлийн багш;
1.17. Төмөр замын тодорхой чиглэлийн болон аюулгүй байдал хариуцсан хяналтын байцаагч.
Хоёр. Төмөр замын тээврийн байгууллага, түүний алба, тасаг, хэлтэс, салбар нэгжийн дараах албан тушаалд төмөр замын их дээд сургууль, түүнтэй адилтгах түвшний сургуулийн дипломын сургалтаар дээд боловсрол эзэмшсэн, бүх төрлийн техникч ажиллана. Үүнд:
2.1. Техникч /бүх төрлийн/;
2.2. Зүтгүүрийн депогийн жижүүр;
2.3. Зүтгүүрийн машинч;
2.4. Техникийн үзлэгийн хүлээн авагч-машинч;
2.5. Тууз орчуулагч;
2.6. Сэргээн босгохын болон усны галт тэрэгний дарга;
2.7. Мастер /үндсэн мэргэжлийн/;
2.8. Вагон хувиарлагч;
2.9. Өртөө, зөрлөгийн дарга /аж ахуйн тооцоотой бие даасан нэгжээс бусад/;
2.10. Өртөөний жижүүр ангигүй, I зэрэгтэй/;
2.11. Ачааны зохицуулагч;
2.12. Тооцооны төвийн эрхлэгч;
2.13 Тасалбар, тээшийн орлогын нярав /суурин, явуулын/;
2.14. Тооцооны оператор, тооцооны оператор-тасалбарын нярав;
2.15. Өртөөний жижүүрийн оператор;
2.16. Сэлгээний оператор, довын жижүүр;
2.17. Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын механикч;
2.18. Сэв шалгагч, үл эвдэх шалгуурын опетаор;
2.19. Зам барилга, засварын машин механизмын механикч, машинч;
2.20. Үе угсрах газрын механикч, мастер;
2.21. Технологийн холбооны механикч;
2.22. Радио холбооны механикч;
2.23. Зааварлагч /үндсэн бүх мэргэжлийн/.
Гурав. Төмөр замын тээврийн байгууллага, түүний алба, тасаг, салбар нэгжийн дараах албан тушаалд мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад төмөр замын тээврийн, үйлчилгээний, үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжлийн боловсрол эзэмшсэн иргэн ажиллана. Үүнд:
3.1. Зүтгүүрийн депогийн туслах жижүүр;
3.2. Зүтгүүрийн туслах машинч;
3.3. Засварчин /зүтгүүрийн болон вагоны/;
3.4. Вагоны үйлчлэгч;
3.5. Вагон үзэгч;
3.6. Галт тэрэгний найруулагч;
3.7. Өртөөний туслах жижүүр;
3.8. Замчин /3-аас дээш зэрэгтэй/;
3.9. Зам барилга, засварын машин механизмын оператор, туслах машинч;
3.10. Дохиолол хориглолын шугамын монтёр;
3.11. Билет, бараа, тээшийн тасалбар бичигч;
3.12. Агент;
3.13. Ачаа, вагон хүлээлцэгч.
Дөрөв. Төмөр замын тээврийн байгууллага, түүний алба, тасаг, хэлтэс, салбар нэгжийн дараах албан тушаалд мэргэжлийн “Чадамжийн гэрчилгээ”-тэй ажиллана. Үүнд:
4.1.Галт тэрэгний найруулагчийн туслах /1-3 дугаар зэрэгтэй/;
4.2.Замчин /1-2 дугаар зэрэгтэй/;
4.3.Техникийн конторчин, вагон бичигч;
4.4.Засварчин /зүтгүүрийн, вагоны 1-2 зэрэгтэй/.
5. Галт тэрэгний ба сэлгээний хөдөлгөөнд шууд холбоотой ажил албан тушаалын жагсаалт. Үүнд:
5.1. Төмөр замаар өөрөө явагч хөдлөх бүрэлдэхүүний машинч, туслах машинч;
5.2. Өртөөний дарга, орлогч дарга, жижүүр, туслах жижүүр;
5.3. Өртөөний туслах жижүүр;
5.4. Зөрлөгийн дарга жижүүр;
5.5. Зүтгүүрийн депогийн жижүүр, туслах жижүүр;
5.6. Диспетчер /ялгах довын, зүтгүүрийн сэлгээний, ачааны/;
5.7. Довын жижүүр;
5.8. Вагон бичигч, техникийн конторчин;
5.9. галт тэрэгний диспетчер, галт тэрэгний ахлах диспетчер;
5.10. Вагон , чингэлги йн засвар, үйлчилгээний оператор;
5.11. Хөдлөх бүрэлдэхүүний салгалтгүй зсварын мастер, засварчин;
5.12. Вагон үзэгч /ахлах/, вагон үзэгч засварчин /ахлах/;
5.13. Галт тэрэгний найруулагч, туслах найруулагч;
5.14. Дохиочин;
5.15. Сумчин, сум цэвэрлэгч;
5.16. Ивүүрчин;
5.17. Сэргээн босгон болон усны галт тэрэгний мастер;
5.18. Зорчигчийн галт тэрэгний дарга, мастер;
5.19. Зорчигчийн болон тусгай зориулалтын вагоны үйлчлэгч;
5.20. Зорчигчийн галт тэрэгний дарга, мастер;
5.21.Зорчигчийн болон тусгай зориулалтын вагоны үйлчлэгч;
5.22. Хөргүүрт вагоны мастер;
5.23. Замын дээд, доод бүтцийн засвар, арчилгаа болон хяналтын бригадын дарга;
5.24. Зам барилга, засварын машин механизмын инженер-механикч, машинч
5.25. Замын ахлах мастер, мастер;
5.26. Гүүрийн мастер;
5.27. Хянах, хэмжих вагон /сэв шалгагч, зам, хэмжигч/-ын тохируулагч;
5.28. Зам хэмжүүрийн оператор, тууз орчуулагч;
5.29. Сэв шалгагч, тэргэнцэрийн оператор;
5.30. Зам засварын чанарын хүлээн авагч;
5.31. Гармын жижүүр;
5.32. Замчин;
5.33. Тор засагч;
5.34. Дохиоллын төхөөрөмж, аппаратын засварчин, монтёр;
5.35.Дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын механикч;
5.36. Ачаа вагон хүлээлцэгч;
5.37. Агент;
5.38. Авто тоормосын зааварлагч, машинч;
5.39. Зам төмөр шавагч;
5.40. Зам төмрийн гагнуурчин;
5.41. Цахилгаан механик, монтёр;
5.42. Технологийн холбооны механикч;
5.43. Радио, холбооны механикч;
5.44. Хүлээн авах пүүлэгч.
Долоо. Энэхүү журмын хавсралтын 1-т заасан албан тушаалд төмөр замын политехник коллеж /МСҮТ/төгссөн оюутнуудыг тухайн үндсэн мэргэжлийнх нь дагуух албан тушаалд дээрх шатлалын дагуу хөрвөн, сэлгэн ажиллуулж болно.
Жишээ нь "Ачаа вагон хүлээлцэгч, галт тэрэгний найруулагч-өртөөний жижүүрийн мэргэжлээр төгсөгч нар зөрлөгийн жижүүр, ачаа вагон хүлээлцэгч, галт тэрэгний найруулагч /эрэгтэй/-аар ажиллана", "дохиочин, сумчин, замчин” зэрэг мэргэжлийн чиглэлийн дагуу ажиллаж болно.
Найм. Энэхүү журмын хавсралтын 4-т заасан албан тушаал, мөн гармын жижүүр, сумчин, тор засагч, сум цэвэрлэгч дохиочин зэрэг албан тушаалд мэргэжлийн бус ажилтанг дагалдуулан ажиллуулж байх хугацаанд мэргэжлийн сургалтын байгууллагын шалгалтын комисст шалгалтанд хамруулж мэргэжлийн зэрэг, чадамжийн гэрчилгээ олгоно.
- - - o 0 o - - -
Текст томруулах
A
A
A