- Нүүр
- Сайдын тушаал
- СУУРЬ БҮТЭЦ, НИЙТИЙН БОЛОН ДАГНАСАН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАМ АШИГЛАХ, СУУРЬ БҮТЭЦ ЭЗЭМШИГЧ, ТЭЭВЭРЛЭГЧ ХООРОНДЫН ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
Зам, тээврийн хөгжлийн сайдын
2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн
А/154 дүгээр тушаалын арванзургаа дугаар хавсралт
СУУРЬ БҮТЭЦ, НИЙТИЙН БОЛОН ДАГНАСАН ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАМ АШИГЛАХ, СУУРЬ БҮТЭЦ ЭЗЭМШИГЧ, ТЭЭВЭРЛЭГЧ ХООРОНДЫН
ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ГЭРЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Монгол Улсын Иргэний хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам салбарт мөрдөгдөж байгаа стандартыг удирдлага болгон нэг талаас ..................................................... /цаашид "тээвэрлэгч" гэх/ түүнийг төлөөлж ....................................................., нөгөө талаас .............................................../цаашид "суурь бүтэц эзэмшигч" гэхI түүнийг төлөөлж ............................................ нар /цаашид хамтад нь "талууд" гэх/ харилцан тохиролцож дараах нөхцөлтэйгээр энэхүү гэрээг байгуулав.
1.2. Энэхүү гэрээний дагуу тээвэрлэгчийн зорчигч, ачаа, ачаан тээшийн тээвэрлэлтэд /цаашид "тээвэрлэлт" гэх/ суурь бүтэц эзэмшигч нь өөрийн эзэмшлийн төмөр замын тээврийн суурь бүтцээр гэрээний нөхцөлийн дагуу үйлчилгээ үзүүлэх /цаашид “үйлчилгээ” гэх/, тээвэрлэгч нь дээрх үйлчилгээнд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.
1.3. Суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам ашиглах, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч талууд тээвэр үйлчилгээ, тээвэрлэлтийн хэмжээ, захиалга зөвшилцөх хугацаа болон бусад холбогдох зүйлийг албан бичгээр үйлдэн тохиролцон гэрээнд хавсаргана.
ХОЁР. ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ
2.1. Суурь бүтэц эзэмшигч нь суурь бүтэц ашиглуулах журам, суурь бүтэц ашиглалтын тариф тогтоох аргачлалд заасан дараах үндсэн /өөрийн эзэмшлийн суурь бүтцээр тээвэрлэгчийн зорчигч, ачаа, ачаан тээшийн тээвэрлэлт/ үйлчилгээг тээвэрлэгчид үзүүлнэ:
2.1.1. суурь бүтэц эзэмшигчийн галт тэрэгний зурмагийн дагуу галт тэрэг аялуулах;
2.1.2. галт тэрэг болон хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг хийх;
2.1.3. өртөөн дээр галт тэрэг найруулах, сэлгээ хийх;
2.1.4. нийтийн хэрэглээний зам, талбайгаар үйлчлэх.
2.2. Суурь бүтэц эзэмшигч нь дараах нэмэлт үйлчилгээг үзүүлнэ:
2.2.1. хөдлөх бүрэлдэхүүний засвар, зэхэх үйлчилгээ;
2.2.2. зүтгүүрийн бригадын амрах байр;
2.2.3. зорчигч тээврийн вокзал, тасалбар түгээх үйлчилгээ;
2.2.4. цэрэгжүүлсэн хамгаалалт, галын аюулаас сэргийлэх.
ГУРАВ. СУУРЬ БҮТЭЦ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
3.1. Суурь бүтэц эзэмшигч нь дараах үүрэгтэй.
3.1.1. суурь бүтэц эзэмшигч нь өөрийн эзэмшлийн төмөр замын тээврийн суурь бүтцээр тээвэрлэгчтэй тохиролцсон нөхцөл, хугацаанд тохирсон тээвэрлэлтийн үйлчилгээ авах боломжоор хангах;
3.1.2. тохиролцсон нөхцөл, хугацааны дагуу тээвэрлэгчийн галт тэргийг суурь бүтцээр тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх;
3.1.3. суурь бүтэц эзэмшигч нь тохиролцсон үйлчилгээний нөхцөл, хугацаанд нөлөөлөх галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тохиолдолд өөрчлөлтийг оруулахаас өмнө хуанлийн ... өдрөөс хэтрүүлэлгүйгээр тээвэрлэгчид бичгээр мэдэгдэх;
3.1.4. тээвэрлэгчийн галт тэргийг тогтоосон хурдны ангиллын дагуу аялуулах шаардлагатай арга хэмжээг авах;
3.1.5. суурь бүтэц эзэмшигч нь өөрийн эзэмшлийн техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал болон аюулгүй ажиллагааг бүрэн хариуцах;
3.1.6. тээвэрлэгчийн галт тэргэнд техникийн үзлэг хийх;
3.1.7. зурмагийг биелүүлэх, галт тэрэгний хөдөлгөөнд тээвэрлэгч хяналт тавих, зүтгүүр болон вагоны эргэлтийг зохицуулах, вагон урсгал болон тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах зэрэгт шаардагдах хөдлөх бүрэлдэхүүний байршлын талаар тээвэрлэгчийг үнэн бодит мэдээллээр хангах;
3.1.8. урьдчилан тааварлах боломжгүй нөхцөл байдал үүссэн, үйлчилгээ үзүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон бол тээвэрлэгчид нэн даруй мэдэгдэх, захиалгыг дахин зөвшилцөх.
3.2. Суурь бүтэц эзэмшигч нь дараах эрхтэй байна:Үүнд:
3.2.1. энэхүү гэрээнд заасан үйлчилгээний төлбөрийг тарифын дагуу авах;
3.2.2. тээвэрлэгчийн тусгай зөвшөөрөл, баримт бичгийг шалгах, шаардан гаргуулах;
3.2.3. гэрээнд заасан үйлчилгээний хөлс төлөхийг тээвэрлэгчээс шаардах.
3.3. Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүргийг эдэлнэ.
ДӨРӨВ. ТЭЭВЭРЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
4.1. Тээвэрлэгч нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
4.1.1. гэрээнд заасан үйлчилгээний хөлсийг тарифын дагуу суурь бүтэц эзэмшигчид төлөх;
4.1.2. суурь бүтэц эзэмшигчид үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон бусад баримт бичгийг танилцуулах, гэрээний хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах, хүчингүй болсныг тухай бүр мэдэгдэх;
4.1.3. галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний нэгдсэн зурмаг биелүүлэх, галт тэрэг найруулах төлөвлөгөө ба журам, өртөөний технологийн горим мөрдөх талаар суурь бүтэц эзэмшигчээс тавьсан шаардлагыг биелүүлэх;
4.1.4. захиалгад тохиролцсон үйлчилгээний хугацаа, нөхцөлийг баримтлах;
4.1.5. захиалгад тохиролцсон үйлчилгээнээс татгалзах, өөрчлөх тохиолдолд суурь бүтэц эзэмшигчид хуанлийн ... өдрөөс хэтрүүлэлгүйгээр үйлчилгээнээс татгалзах, эсхүл өөрчлөх үндэслэлийн хамт урьдчилан албан бичгээр мэдэгдэх;
4.1.6. суурь бүтцийн болон нэмэлт үйлчилгээг цаг тухайд нь бүрэн авах, суурь бүтцийн обьектын эвдрэл гэмтэл илэрсэн, техник ашиглалтын дүрэм зөрчигдсөн тохиолдлын талаар суурь бүтэц эзэмшигчид мэдэгдэх, арга хэмжээ авахыг шаардах;
4.1.7. ачаа, тээш, ачаан тээш болон зорчигч тээвэрлэх үйл ажиллагааг тохиролцсон захиалга, батлагдсан зурмагийн дагуу зохих ёсоор гүйцэтгэх;
4.1.8. өөрийн эзэмшлийн техник тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал болон аюулгүй ажиллагааг бүрэн хариуцана;
4.1.9. тээвэрлэгч нь тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас талуудад учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор хариуцлагын даатгалд даатгуулж энэхүү гэрээнд хавсаргасан байна;
4.1.10. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүргийг эдэлнэ.
ТАВ. ТЭЭВРИЙН ТАРИФ ХЭРЭГЛЭХ НӨХЦӨЛ, НЭМЭЛТ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС
5.1. Төмөр замын тээвэрлэлтийн тарифийн нөхцөл, нэмэлт үйлчилгээний хөлсийг дараах байдлаар ангилан хэрэглэнэ:
5.1.1. үйлчилгээний тариф: ..............................................................................
5.1.2. хөнгөлөлт: ...............................................................................................
5.1.3. нэмэлт үйлчилгээний хөлс: ....................................................................
5.1.4. төлбөр тооцоо хийх журам: …................................................................
5.1.5. бусад: …...................................................................................................
ЗУРГАА. ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
6.1. Гэрээгээр зөвшилцсөн хугацаа, нөхцөлүүдийн дагуу тээвэрлэгч нь хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг хийлгэхээр суурь бүтэц эзэмшигчийн заасан өртөөний зам дээр найруулж бэлэн болсон галт тэргийг хөдлөхөөс ... цагийн өмнө хүлээлгэн өгнө.
6.2. Тээврийн баримт бичгийг үндэслэн суурь бүтэц эзэмшигч нь галт тэрэгний биечилсэн хуудас ... хувь бүрдүүлнэ.
6.3. Гэрээгээр зөвшилцсөн хугацаа, нөхцөл болон зурмагийн дагуу галт тэргийг тээвэрлэх нөхцөлөөр суурь бүтэц эзэмшигч хангана.
6.4. Аяллын замд галт тэргэнд боловсруулалт хийгдэх тохиолдол бүрт суурь бүтэц эзэмшигчийн төлөөлөгч /өртөөний жижүүр/ биечилсэн хуудсанд холбогдох тэмдэглэгээг хийж баталгаажуулсан байна.
6.5. Тээвэрлэгч хүрэх өртөөнд ирсэн галт тэрэгний биечилсэн хуудасны 1 хувийг суурь бүтэц эзэмшигчид өгөх ба энэхүү баримт бичиг болон замын хүснэгт нь үйлчилгээ үзүүлсний нотолгоо байх бөгөөд төлбөр тооцоо хийх үндэслэл болно.
6.6. Тээвэрлэгч нь өөрийн суурь бүтэцтэй тохиолдолд хиллэж байгаа тохиролцсон өртөөн дээр галт тэрэг солилцох ажлын нэгдсэн технологийг суурь бүтэц эзэмшигчтэй хамтран боловсруулж, гэрээний хавсралт болгон мөрдөж ажиллана.
ДОЛОО. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ
7.1. Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл /тухайлбал, газар хөдлөлт, үер, гал түймэр, далайн шуурга, хар салхи, халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдэл, зэвсэгт мөргөлдөөн, террорист үйлдэл, иргэдийн үймээн, ажил хаялт, төрийн шийдвэр, оролцоо гэх мэт/-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно.
7.2. Гэрээний үүргийг биелүүлэхэд саад болох нөхцөл байдал үүссэн, дууссан тухай талууд нэн даруй нэг нэгэндээ бичгээр мэдэгдэнэ.
7.3. Тухайн нөхцөл байдлын улмаас гэрээний үүргийн хугацаа ... хоногоор хойшлогдвол талуудын аль нэг нь гэрээний үүргээ биелүүэхээс татгалзаж болно. Энэ тохиолдолд хохирол төлүүлэхийг шаардахгүй.
НАЙМ. ТАЛУУДЫН ХАРИУЦЛАГА
7.1. Суурь бүтэц эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй гүйцэтгэлийн улмаас тээвэрлэгчид хохирол учирсан тохиолдолд Иргэний хууль, Зөрчлийн тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
7.2. Тээвэрлэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй гүйцэтгэлийн улмаас суурь бүтэц эзэмшигчид хохирол учирсан тохиолдолд Иргэний хууль, Зөрчлийн тухай хууль эсхүл Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлнэ.
ЕС. ГЭРЭЭНИЙ ҮЙЛЧЛЭХ ХУГАЦАА
9.1. Гэрээний үйлчлэх хугацаа 20... оны ... дугаар сарын ...-ны өдрөөс 20...оны ... дугаар сарын ...-ны өдөр хүртэл байна.
9.2. Гэрээний үйлчлэх хугацааг хоёр тал бичгээр тохиролцсоноор сунгаж болно.
9.3. гэрээний үйлчлэх хугацааг дараах тохиолдолд зогсоож болно:
9.3.1. талуудын зөвшилцсөнөөр;
9.3.2 Монгол Улсын эрх бүхий байгууллагын шийдвэрээр;
9.3.3. давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлээр.
АРАВ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
10.1. Гэрээтэй холбоотой маргааныг талууд харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.
10.2. Талууд тохиролцоонд хүрч чадахгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу маргааныг шүүх /арбитр/-ээр шийдвэрлүүлнэ.
АРВАННЭГ. БУСАД
11.1 Гэрээг 2 хувь үйлдэж, тал тус бүр нэг хувийг хадгална.
11.2. Талууд гэрээнд тусгагдаагүй асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам болон бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.
|
Тээвэрлэгч: Хаяг: _________________________
Утас:
Гарын үсэг:____________________ (Тамга, тэмдэг) |
|
Суурь бүтэц эзэмшигч: Хаяг: __________________________
Утас:
Гарын үсэг:______________________ (Тамга, тэмдэг) |
- - - о О о - - -
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх