A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны

2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн

287 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт 

РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ

НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгааг радио, телевизээр нэвтрүүлэх, хяналт тавих, түүнтэй холбоотой өргөдөл, гомдол шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан радио, телевизэд Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид хамаарна.

1.3.Радио, телевиз, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, дамжуулахад Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг дагаж мөрдөнө. 

1.4.Радио,телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавихдаа хууль дээдлэх, ил тод, түргэн шуурхай, тэнцвэрт байдлыг хангах зарчмыг баримтлана.

Хоёр.Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизийг бүртгэх

2.1.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэхүү журмын 3.12-т зааснаас бусад радио, телевизийн үндсэн сувгийн жагсаалтыг эзэмшлийн мэдээллийн хамт сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө батлагдсан маягтын дагуу гаргаж, өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

2.2.Энэ журмын 2.1-д заасны дагуу жагсаалтад орсон радио,телевиз нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.9-д заасны дагуу сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлэх эрхтэй байна.

2.3.Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягтыг сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө гаргаж, цахим хуудсаар мэдээлнэ.

2.4.Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулиар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлээ Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлж, бүртгүүлсэн радио, телевиз нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.9.2, 45.9.3-т заасан баримт бичгийг хүргүүлсэнд тооцно.

2.5.Энэхүү журмын 2.4-т заасан радио, телевиз нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45.9.1-д заасны дагуу сурталчилгааны нэвтрүүлэг явуулахаар төлөвлөсөн цагийн хуваарийг хуульд заасан хугацаа дуусахаас өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлнэ.

2.6.Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулиар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлээ Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлж, бүртгүүлээгүй радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бол сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягтыг бөглөж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.9.1-46.9.3-т заасан баримтыг бүрдүүлэн хуульд заасан хугацаа дуусахаас өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлэхээр ирүүлнэ.

2.7.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.9.1-д заасан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх цагийн хуваарийг гаргаж ирүүлэхдээ сонгуулийн сурталчилгаа дамжуулах нийт хугацааны туршид сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг, рекламын цагийг хөтөлбөрийн сүлжээнд хуваарилж, төлөвлөсөн байна.

2.8.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэхүү журмын 2.5, 2.6-д заасан радио, телевизээс ирүүлсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг хүлээн авч, дараах шаардлага хангасан радио, телевизийг бүртгэнэ:

2.8.1.энэ журмын 2.1-т заасан жагсаалтад орсон;

2.8.2.мэдэгдлийг хуульд заасан хугацаанд ирүүлсэн;

2.8.3.мэдэгдэлд хавсаргасан баримт бичиг бүрэн гүйцэд ирүүлсэн;

2.8.4.сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх дундаж үнийн санал нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.8-д нийцсэн;

2.8.5.сонгуулийн сурталчилгаа явуулахаар тогтоосон хуваарь нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.6, 45.7-д нийцсэн.

2.9.Энэ журмын 2.8-д заасан шаардлага хангаагүй радио, телевизийг бүртгэхээс татгалзана.

2.10.Харилцаа холбооны зохицуулах хороо радио, телевизээс ирүүлсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд үндэслэлийг мэдэгдэлд дурдсан цахим хаягаар 48 цагийн дотор шуурхай мэдэгдэх бөгөөд радио, телевиз нь хуульд заасан хугацаанд дахин мэдэгдэл гаргах эрхтэй.

2.11.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 2.8-д заасны дагуу хянаж, бүртгэсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг баталж, цахим хуудсандаа байршуулан нийтэд ил тод мэдээлнэ.

2.12.Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг гаргахдаа Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 45.3, 45.12, 45.18 дахь хэсгүүдэд заасан зарчмыг баримтална.

2.13.Олон нийтийн радио, телевизийн нэг хоногт хуваарилсан сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн нийт цаг нь тухайн хоногийн нийт эфирийн цагийн 25 хувиас хэтрэхгүй байна.

2.14.Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх санал, хуваарь, цаг боловсруулахад баримталсан зарчмын хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө ирүүлнэ.

2.15.Харилцаа холбооны зохицуулах хороо нь олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хуульд нийцүүлэн батална.          

2.16.Харилцаа холбооны зохицуулах хороо нь олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн саналын дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн саналыг батлахдаа энэ журмын 2.12-т заасан зарчмыг хангасан эсэхийг хянаж, энэ журмын 2.13-т заасан үндсэн сувгийн эфирийн нийт цагийн 25 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтоож өгнө.

2.17.Олон нийтийн радио, телевиз нь энэ журмын 2.16-аар батлагдсан зарчимд үндэслэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 24 цагийн өмнө Харилцаа холбооны зохицуулах хороонд сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн нарийвчилсан хуваарь, цагийн талаарх батлагдсан шийдвэрийг ирүүлнэ.

 

2.18.Олон нийтийн радио, телевиз нь энэ журмын 2.17-д заасан сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн нарийвчилсан хуваарь, цагаа өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

Гурав.Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио,

телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх

3.1.Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэхдээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлахаас гадна хөтөлбөрт тусгасан бусад зар сурталчилгаа, нэвтрүүлгээс тодорхой ялган илэрхийлж, эх сурвалж, нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг телевизийн тухайд нийт нэвтрүүлгийн туршид, радиогийн хувьд нэвтрүүлгийн эхлэл, төгсгөлд заавал дурдана.

3.2.Радио, телевиз нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.12-т заасны дагуу сонгуульд оролцогч бүх нам, эвсэл, нэр дэвшигчид тэгш хандах үүргийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:

3.2.1.сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хуваарь, цаг, үнэ тарифын саналыг батлан нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хүргүүлж, өөрийн байгууллагын цахим хуудаст байршуулан нийтэд мэдээлэх;

3.2.2.энэ журмын 3.2.1-д заасан саналыг баримтлан гэрээ байгуулахдаа
ижил нөхцөл, боломж олгох;

3.2.3.энэ журмын 2.5, 2.6-д заасан цагийн хуваарийг тогтоохдоо гэрээ байгуулсан нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийг дагнан нэвтрүүлэхгүй байхаар төлөвлөх.

3.3.Радио, телевиз нь энэ журмын 3.1, 3.2-т заасан зарчмыг баримтлан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, энэ журамд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхгүй байна.

3.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.6, 45.7, 45.14-т заасан сонгуулийн сурталчилгааны болон мэдээний хоногт гарах нийт хугацаанд тухайн нэвтрүүлгийн давталт хамаарна.

3.5.Радио, телевиз нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.16-д заасан сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчийн зүгээс бэлтгэн нийлүүлсэн мэдээг мэдээллийн хөтөлбөрөөс тусд нь энэ журмын 3.1-т заасныг баримтлан нэвтрүүлнэ.

3.6.Энэ журмын 3.1-т заасныг хангаагүй, сонгуулийн сурталчилгаа гэдгээ тодорхой илэрхийлээгүй, эх сурвалжийг дурдаагүй сонгуулийн сурталчилгааны болон сонгуулийн сурталчилгааны бус дараах нэвтрүүлэг гаргасан бол сонгуулийн сурталчилгааны хугацаанд хамааруулж тооцно. Үүнд:

3.6.1.нам, эвсэл, нэр дэвшигчид хамаарах, эх сурвалжийг дурдаагүй төлбөрт, захиалгат нэвтрүүлэг, реклам сурталчилгаа нэвтрүүлсэн бол;

3.6.2.эх сурвалжийг тодорхой дурдаагүй аливаа нэвтрүүлэгт улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн таних тэмдэг, уриа, намын далбаа, зураг, дүрс, нэрийг үзэгч, сонгогчдод сонгуулийн сурталчилгаа гэж ойлгогдохуйц байдлаар харуулах, дурдах, байршуулах, дууны үгэнд дурдсан бол;

3.6.3.сонгуулийн сурталчилгааны бус нэвтрүүлэг, арилжааны сурталчилгаа зэрэгт нам, эвсэл, нэр дэвшигчийн таних тэмдэг, уриа, намын далбаа, зураг, дүрс бичлэг, яриа нь орсон бол.

3.7.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.14-т заасан мэдээний хоногт гарах таван минутын хугацааг мэдээний нэвтрүүлэгч тухайн мэдээг танилцуулж эхэлсэн хугацаанаас эхлэн тооцно.

3.8.Мэдээллийн хөтөлбөр дундуур дамжуулж буй сонгуулийн сурталчилгааны бус цаг үе үйл явдлын шинжтэй сурвалжлага, мэдээгээр нэр дэвшигчийн эрхэлж байгаа ажил үүрэгтэй холбоотой мэдээ, сурвалжлага гарах, мэдээ, сурвалжлага дундуур тухайн нэр дэвшигч тусгайлан яриа өгсөн бол сэдвээс үл хамаарч зөвхөн нэр дэвшигчийн яриа өгсөн цагийг тухайн нэр дэвшигчид оногдох 5 минутад хамааруулж тооцно.

3.9.Радио, телевизийн нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгааны хугацааг өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагад заасан зар сурталчилгааны хязгаарлалтад оруулж тооцохгүй.

3.10.Радио, телевиз нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.13-т заасныг хэрэгжүүлж, сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ мэдээллийг олон талын эх сурвалжаар баталгаажуулж, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг мөрдөж ажиллана.

3.11.Улс орны болон олон улсын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаарх тогтмол мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг, сургалтын болон хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн дундуур сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхгүй байна.

3.12.Хүүхэд, теле-худалдааны төрөлжсөн болон төлбөртэй радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхгүй байна.

3.13.Сонгуулийн талаарх дараах нэвтрүүлэг, сурталчилгаа нь сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй болно. Үүнд:

3.13.1.нам, эвсэл, нэр дэвшигчид болон сонгуулийн үйл явцын тухай радио, телевизийн өөрийн редакцын бэлтгэсэн мэдээ, сурвалжлага, тойм;

3.13.2.сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг, сурталчилгаа;

3.13.3.улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэг;

3.13.4.сонгуулийн хороодын албан ёсны мэдээ.

3.14.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.17-д заасны дагуу улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэг, хөтөлбөр нэвтрүүлэхдээ оролцогчдод адил асуулт тавих, хариултын хугацаа тогтоох, талуудаас адил тооны хүн оролцуулах зэрэг мэтгэлцээний тогтсон дэгтэй байх ба оролцсон нам, эвсэл, бие даагч болон нэр дэвшигчдийн нэрийг намын харьяаллын хамт тодорхой илэрхийлсэн байна.

3.15.Телевиз нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1,11.2.4-т заасан хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл болон улс төрийн мэтгэлцээн бэлтгэн хүргэхдээ хадмал тайлбар, эсхүл дохионы хэлний орчуулгатай гаргана.

3.16.Радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааг зогсоохдоо өөрийн албан ёсны цахим хуудсанд байршуулсан сонгуулийн сурталчилгаа, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-т заасан сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөрийг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл хязгаарлах арга хэмжээ авсан байна.

3.17.Радио, телевиз нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.9.1-д заасан сурталчилгааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тохиолдолд өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шалтгааны талаарх холбогдох нотлох баримтыг бүрдүүлсэн байна.

3.18.Радио, телевиз нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаатай холбоотой баримт болон сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн талаарх хуваарь, үнийн санал, гэрээ, эфирийн бичлэгийг нотлох баримт болгож 6 сараас доошгүй хугацаагаар хадгална.

3.19.Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд эфирийн нийт цагийн бичлэгийг тогтмол, тасалдалгүй бичиж Харилцаа холбооны зохицуулах хороонд хуваарийн дагуу ирүүлнэ.

Дөрөв.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн хүлээх үүрэг

4.1.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгааны хугацаанд дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

4.1.1.сонгууль товлон зарласнаас хойш үйлчилгээнийхээ байнгын тасралтгүй ажиллагааг бүрэн хангаж, радио, телевизийн сувгийн дуу, дүрсийн чанарыг санаатайгаар бууруулахгүй байх, радио, телевизийн дохио, сигналыг таслахгүй байх, сувгийн дарааллыг өөрчлөхгүй байх зарчмыг хангаж ажиллах;

4.1.2.үйлчилгээний талаарх мэдээлэл, заавар зөвлөмж өгөх зориулалттай промо суваг, нүүр хуудас (постер)-аар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх;

4.1.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу өөрийн сүлжээгээр дамжиж байгаа сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн ухраах, нөхөж үзэх үйлчилгээг санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас эхлэн санал авах хугацаа дуусах хүртэл зогсоох, энэ талаар хэрэглэгчид урьдчилан мэдээлэх;

4.1.4.интернэтэд суурилсан олон суваг дамжуулах үйлчилгээ (ОТТ)-д энэ журмын 4.1.3 мөн адил хамаарна.

4.2.Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаанд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47.15-д заасны дагуу радио, телевизийн үйл ажиллагааг зогсоох тухай улсын байцаагчийн дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн тохиолдолд, тус Хорооноос тухайн радио, телевизийн хөтөлбөр дамжуулах эрхийг хязгаарлах тухай албан бичгийг дээрх дүгнэлтийн хамт хүргүүлснээр хөтөлбөр дамжуулалтыг дүгнэлтэд дурдсан хугацаагаар хязгаарлах арга хэмжээг авна.

4.3.Харилцаа холбооны зохицуулах хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.6, 47.12-т заасны дагуу хяналт, мониторингийн дүнд үндэслэн радио, телевизийн дамжуулалтыг зогсоох тухай шийдвэрийг хүргүүлсэн тохиолдолд тухайн радио, телевизийн хөтөлбөрийг өөрийн сүлжээгээр дамжих эрхийг тухайн шийдвэрт заасан хугацаагаар хязгаарлах арга хэмжээг авна.

Тав.Сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих

5.1.Радио, телевизээр нэвтрүүлэх Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх харьяаллын дагуу цагдаагийн байгууллага, Тагнуулын ерөнхий газар, шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус гаргана.

5.2.Сонгуульд оролцогч нам, эсвэл, нэр дэвшигч нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдолд хамаарах радио, телевизийн болон хөтөлбөр, нэвтрүүлгийн нэр, огноо, эхэлж дууссан цаг, минутын талаарх мэдээллийг заавал дурдана.

5.3.Энэ журмын 5.1-д заасан байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо өргөдөл, гомдолтой холбоотой нэвтрүүлгийн бичлэг, холбогдох бүртгэл, мэдээллийг гаргаж өгнө.

5.4.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын хэрэгжилтийг хангаж ажиллахтай холбоотой радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчээс болон үйлчилгээ эрхлэгчтэй холбоотой өргөдөл, гомдлыг сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчид болон хуулийн этгээд, иргэнээс хүлээн авч, хянан үзээд зөрчлийн шинжтэй байж болзошгүй тохиолдолд тухайн өргөдөл, гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад тайлбар, нотлох баримт, мэдээллийн хамт шилжүүлнэ.

5.5.Радио, телевиз нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45.6, 45.7, 45.14, 45.17, энэ журмын 3.5, 3.6, 3.11, 3.14, 3.16, 3.19-т заасныг зөрчсөн бол Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.24-т заасан арга хэмжээ авч болно.

5.6.Харилцаа холбооны зохицуулах хороо нь хяналт тавихад ашиглаж байгаа мэдээ, мэдээллийг энэ журамд зааснаас өөр зорилгоор ашиглахгүй.

5.7.Олон нийтийн радио, телевиз болон бусад радио, телевиз нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу сурталчилгаа нэвтрүүлсэн талаарх тайланг өөрийн цахим хуудсаар, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлж, нотлох баримтын хамт шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.

5.8.Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио, телевизээр нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгааны хяналт тавьж ажилласан талаарх тайланг олон нийтэд мэдээлж ажиллана.

5.9.Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажиллахтай холбоотой эрх бүхий байгууллагууд нь хамтран ажиллах албан тушаалтны нэр, албан тушаал, хөдөлгөөнт болон суурин утасны дугаар, факсын дугаар, цахим шуудангийн хаягийн талаарх мэдээллийг солилцоно.

5.10.Эрх бүхий байгууллагууд нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, энэхүү журмын хэрэгжилттэй холбоотой хяналтын дүн мэдээ, ирүүлсэн өргөдөл, гомдол болон хууль, журамд заасан зөрчлийн талаарх дүгнэлт, шийдвэрийг цахим шуудан, факсаар нэн даруй холбогдох газарт хүргүүлэх бөгөөд албан бичгийг шуудангаар хүргүүлнэ.

5.11.Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Цагдаагийн төв байгууллага, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хариуцан ажиллах албан тушаалтны овог, нэр, албан тушаал, утасны дугаар, цахим шуудангийн хаягийн мэдээллийг сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ.

---оОо---