A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХЭРЭГЛЭГЧИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮРЭЭС ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Эрчим хүчний сайдын

2020 оны 159 дүгээр тушаалын хавсралт

 

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮРЭЭС

ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТҮГЭЭХ

СҮЛЖЭЭНД НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

         1.1. Энэ журмаар иргэн, хуулийн этгээд (цаашид “хэрэглэгч” гэх)-ийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг түгээх сүлжээнд холбох, хэрэглээнээс илүү гарсан цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

         1.2. Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр (цаашид “үүсгүүр” гэх) нь цахилгаан түгээх сүлжээнд холбогдоход дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

                   1.2.1.суурилагдсан хүчин чадал нь энэ журмын 3.1-д заасан хүчин чадлын хязгаарын хүрээнд багтсан байх;

                   1.2.2.Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 2 дугаар зүйл болон энэ журмын 1.2.3-т заасан техникийн шаардлагыг хангасны үндсэн дээр түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид “ТТЗЭ” гэх)-ээс бага оврын үүсгүүр суурилуулах тухай техникийн нөхцөл авсан байх;  

                   1.2.3.ТТЗЭ-ийн сүлжээнд аюулгүй, зэрэгцээ ажиллах нөхцлийг хангаж, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм, Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын дүрэм, Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын аюулгүй ажиллагааны дүрэм болон барилгын стандарт, норм ба дүрэм, өгөгдсөн техникийн нөхцлийн шаардлагыг бүрэн хангасан байх;

                   1.2.4.хэрэглэгч нь чадлын хоёр урсгалыг тусад нь тоолж, эрчим хүчний төлбөрөө тооцоолох;  

                   1.2.5.төлөвлөгөөт засвар үйлчилгээ болон төлөвлөгөөт бус тасралтаас үүдэн цахилгаан түгээх сүлжээ рүү холбогдсон цэгт хүчдэл тасрах үед үүсгүүр нь цэнэг хуримтлууртай бие дааж ажиллах боломжтой тохиолдолд цахилгаан түгээх сүлжээнээс бүрэн тусгаарлагдах автомат таслуурыг өөр дээрээ суурилуулсан байх;

                   1.2.6.цэнэг хуримтлуурын төхөөрөмжгүй үүсгүүрийн хувьд цахилгаан түгээх сүлжээ рүү холбогдсон цэгт сүлжээ талаас хүчдэлгүй болмогц үүсгүүрийн үйл ажиллагаа бүрэн зогсох буюу гэдрэг хүчдэл өгөхгүй байх техникийн шаардлагыг бүрдүүлсэн байх;

                   1.2.7.үүсгүүр нь холбогдох шаардлагад нийцсэн бие даасан өөрийн газардуулах байгууламжтай байх;

                   1.2.8.үүсгүүрт сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг итгэмжлэгдсэн лабораториар хэмжилт хийлгэж, тохирлын үнэлгээнд хамрагдсан байх.

                  1.3. Энэ журмыг мөрдөж эхлэхээс өмнө суурилагдсан үүсгүүр нь энэ журмын 1.2-т заасан шаардлагыг хангасан байхын зэрэгцээ бага оврын үүсгүүрийн техникийн нөхцөл авч түгээх сүлжээнд холбогдоно.

 

Хоёр. Талуудын эрх, үүрэг

 

         2.1. Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:

  2.1.1.тухайн жилд түгээх сүлжээнд холбогдох боломжтой үүсгүүрийн хүчин чадлын нарийвчилсан төлөвлөгөөг энэ журмын 2.3.4-т заасан судалгаанд үндэслэн батлах. 

                 2.2. Эрчим хүчний зохицуулах хороо нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:

                   2.2.1.хэрэглэгчийн үүсгүүрээс түгээх сүлжээнд нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний тариф тогтоох, холбогдох асуудлыг зохицуулсан аргачлал боловсруулж, батлах;

                   2.2.2.тухайн жилд холбох боломжтой бага оврын үүсгүүрийн нийлбэр хүчин чадлын дээд хэмжээг ТТЗЭ тус бүрээр тогтоох.   

         2.3. ТТЗЭ нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:

2.3.1.хэрэглэгчийн үүсгүүрийг түгээх сүлжээнд холбоход Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийг мөрдөх;

2.3.2.бага оврын үүсгүүрийг холбуулах хүсэлтийг судлан энэ журмын 2.2.2-т заасан хэмжээг үндэслэл болгож тухайн хэрэглэгчийн үүсгүүрийн боломжит чадлыг тогтоож, техникийн нөхцөл олгох;

                   2.3.3.энэ журмын 1.2-т заасан шаардлагыг хангасан хэрэглэгчийн хүсэлтийг огнооны дарааллаар бүртгэлжүүлэх;

                   2.3.4.энэ журмын 2.2.2-т заасан хязгаарын хүрээнд өөрийн эзэмшлийн түгээх сүлжээний хүрээнд холбуулах боломжтой дэд станцын судалгааг гаргаж, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

                   2.3.5.сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн техникийн аюулгүй ажиллагаа, сүлжээ рүү гэдрэг хүчдэл өгөхгүй байх нөхцөл, техникийн нөхцлийн шаардлагыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор сүлжээнд холбохын өмнө техникийн мэргэжлийн комисс ажиллуулах;

                   2.3.6.түгээх сүлжээнд засвар үйлчилгээ хийх зорилгоор хэрэглэгчийг хүчдлээс чөлөөлөх шаардлагатай тохиолдолд энэ тухай хэрэглэгчид 24 цагийн өмнө урьдчилан мэдэгдэх;

                   2.3.7.түгээх сүлжээнд холбогдсон үүсгүүрийн мэдээллийг жил бүр гаргаж, Диспетчерийн үндэсний төв болон холбогдох бусад газруудад хүргүүлэх;

                   2.3.8.түгээх сүлжээнд хэрэглэгчийн үүсгүүрийг холбоход шаардагдах баримт бичгийн жагсаалтыг өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулах;

                   2.3.9.хэрэглэгчийн үүсгүүрийг түгээх сүлжээнд холбоход хүсэлт судлах, техникийн нөхцөл олгох, техникийн нөхцлийн дагуу холбох үйлчилгээ үзүүлэх төлбөрийг иргэн, хуулийн этгээдээс авах;

                   2.3.10.хэрэглэгчтэй байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд энэ журмын хүрээнд өөрчлөлт оруулах, өөрчлөлтийг цуцлах;

                   2.3.11.болзошгүй осол, аваариас урьдчилан сэргийлэх зорилгоор урьдчилан мэдэгдэхгүйгээр хэрэглэгчийн үүсгүүрийг сүлжээнээс салгах.

                  2.4. Хэрэглэгч нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:

                   2.4.1.энэ журмаар тогтоосон суурилагдсан хүчин чадлын хязгаарт багтсан үүсгүүрийг суурилуулах;

                   2.4.2.олон улсын IEC61730-1, IEC61730-2 стандартын шаардлага хангасан нарны цахилгаан эрчим хүчний үүсгүүр, IEEE1547/IEC61000-3-15/IEC62116 стандартын шаардлага хангасан инвертерийг тус тус суурилуулах;

                   2.4.3.өөрийн хэрэглээнээс илүү гарсан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх;

                   2.4.4.цахилгаан эрчим хүчний оргил ачааллын үед эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх зорилгоор үүсгүүрийг цэнэг хураагууртай суурилуулж болох бөгөөд энэ тохиолдолд 3 шатлалт тарифт тоолуур ашиглах; 

                   2.4.5.Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа MNS 1778:2007 үндэсний стандартын шаардлагыг хангасан цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх;

                   2.4.6.түгээх сүлжээ талаас хүчдэлгүй болсон тохиолдолд үүсгүүрээс түгээх сүлжээ рүү хүчдэл өгөхгүй байх техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг авах;

                   2.4.7.энэ журмын 2.4.6-д заасан арга хэмжээний зардлыг дангаараа хариуцах;

                   2.4.8.түгээх сүлжээ талаас хүчдэлгүй болсон тохиолдолд ТТЗЭ-ийн зөвшөөрөлгүйгээр үүсгүүрээс хүчдэл өгснөөс үүдэж аливаа этгээдэд учирсан осол, аваари, хохирлыг дангаараа хариуцах;

                   2.4.9.энэ журамд заасан техникийн шаардлага хангасан үүсгүүр, инвертер, тоолуур болон бусад дагалдах төхөөрөмжийг худалдан авах, суурилуулах, түгээх сүлжээнд холбогдоход гарах зардлыг бүрэн хариуцах;

                   2.4.10.үүсгүүрээс холболтын цэг хүртэлх тоноглолын аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээ, гэмтэл, саатлыг засварлах зардлыг хариуцаж, ашиглалт, аюулгүй ажиллагаатай холбоотой тэдгээрээс үүдэн гарах хариуцлагыг хүлээх;

                           2.4.11.байгаль орчинд сөрөг нөлөө бүхий тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа дууссан тохиолдолд зохих байгууллагад мэдэгдэж, Хог хаягдлын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч шийдвэрлэх.

         2.5. Хэрэглэгч нь энэ журмын 2.4.9-д заасан тоног төхөөрөмжийн угсралт, засвар, үйлчилгээг тусгай зөвшөөрөл (ТЗ-1.1 болон түүнээс дээш)-тэй хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.

         2.6. Диспетчерийн үндэсний төв нь нэгдсэн сүлжээний горим, тооцоо, реле хамгаалалт, автоматикийн тооцоог хийхдээ хэрэглэгчийн бага оврын үүсгүүрээс түгээх сүлжээнд нөлөөлөх нөлөөллийг харгалзан үзнэ.

 

Гурав. Үүсгүүрийн хүчин чадал, техникийн шаардлага

 

         3.1. Хэрэглэгч нь дараах хүчин чадлын хязгаарын хүрээнд өөрийн эрчим хүчний хэрэглээний хязгаарт багтааж үүсгүүр суурилуулах боломжтой. Үүнд:

 

Хэрэглэгчийн ангилал

Хүчин чадал /кВт/

Иргэн

20 хүртэл

Хуулийн этгээд

техник нөхцлөөр тогтоосон чадлын

50 хувиас хэтрэхгүй

 

         3.2. Хэрэглэгч нь үүсгүүрийг зөвхөн өөрийн хэрэгцээнд ашиглах зорилгоор түгээх сүлжээнээс тусгаар бие даасан хэлбэрээр ажиллуулж болно.

         3.3. Бүх үүсгүүр түгээх сүлжээний 0.4 кВ-ын хүчдлийн түвшинд холбогдоно.

         3.4. Үүсгүүрээс түгээх сүлжээний холболтын цэг хүртэлх шугаманд тавигдах хамгаалах хэрэгслийн тавил тооцоог ТТЗЭ-д бүртгүүлнэ. Шаардлагатай тохиолдолд реле хамгаалалт, автоматикийн сонголт, тавилын тооцоог ТТЗЭ-ээр гүйцэтгүүлнэ.

         3.5. ТТЗЭ нь үүсгүүрээс нийлүүлэх эрчим хүчний чанарт энэ журмын 2.4.5-д заасан стандартын шаардлага хангаж байгаа эсэх талаар хараат бусаар дүн шинжилгээ хийлгэх, зөрчилтэй тохиолдолд стандартын шаардлагыг хангуулах арга хэмжээ авна.

        

             Дөрөв. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд өөрчлөлт оруулах

         4.1. ТТЗЭ нь иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэгчийн үүсгүүрээс үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбоотой зохих өөрчлөлтийг оруулна.

      

         4.2. Энэ журмын 4.1-д заасан гэрээнд дараах асуудлыг тусгана. Үүнд:

                   4.2.1.үүсгүүрийн туршилт;

                   4.2.2.хэрэглэгчийн нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ;

                   4.2.3.энэ журмын 2.2.1-д заасан аргачлалын дагуу хэрэглэгчийн нийлүүлсэн цахилгаан эрчим хүчийг хэрэглэсэн цахилгаан эрчим хүчээс хасч тооцох нөхцөл;

                   4.2.4.техникийн нөхцөл;

                   4.2.5.батлагдсан ажлын зураг;

                   4.2.6.техникийн комиссын акт;

                   4.2.7.үүсгүүрийн ашиглалт, засвар;

                   4.2.8.тоолуур, хэмжих хэрэгсэлд тавигдах шаардлага;

                   4.2.9.реле хамгаалалт, автоматикийн төхөөрөмж;

                   4.2.10.холбогдох бусад асуудал.

         4.3. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд өөрчлөлт оруулсны дараа иргэн, хуулийн этгээд нь сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс өөрийн хэрэглээнээс илүү гарсан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх, хэрэглэх эрхээр хангагдана.

         4.4. Гэрээг аль нэг тал нь хүчингүй болгохоос бусад тохиолдолд гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш иргэнтэй 3 жил, хуулийн этгээдтэй 5 жилийн хугацаатай байгуулна.

 

Тав. Хяналт, хариуцлага

 

5.1. Энэ журмын биелэлтэд эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит мэргэжлийн байгууллага, ТТЗЭ хяналт тавина.

5.2. Үүсгүүрээс инвертерийн гаргалгаа хүртэлх угсралт, суурилуулалтын ажилд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит мэргэжлийн байгууллага, ТТЗЭ тус тус хяналт тавьж ажиллана.

5.3. Энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Гэм буруутай этгээдэд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэсэн эсэхийг үл харгалзан учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ.

5.4. Талууд хоорондоо зөвшилцөн шийдвэрлэж чадаагүй цахилгаан эрчим хүчний хангамж, хэрэглээтэй холбогдсон маргааныг Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэрлэнэ. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдлоо гаргана.

 

 

 

---ооОоо---