- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 2020 оны 93 дугаар
тогтоолын хавсралт
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН
СУДАЛГАА ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ дүрмийн зорилго нь “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын удирдлага, зохион байгуулалт, чиг үүргийг тогтоож, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв (цаашид “төв” гэх) нь салбарын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа туршилт, инкубаци, шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дамжуулах, сурталчлах, мэдээ мэдээллээр хангах чиг үүрэг бүхий зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан сургалт, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит улсын төсөвт үйлдвэрийн газар мөн.
1.3. Төв нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажиллана.
1.4. Төвийн оноосон бүтэн нэр нь “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв”, товчилсон нэр нь “Судалгаа хөгжлийн төв” байна.
1.5. Төвийн оршин байгаа газар нь Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Арьс ширний үйлдвэрийн хашаа.
Хоёр. Төвийн бэлгэдэл, тэмдэг
2.1. Төв нь өөрийн нэр бүхий тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
2.2. Төвийн захирлын итгэмжлэн хариуцуулсан этгээд тэмдгийг түшиж, ашиглалт, хамгаалалт, хадгалалтыг хариуцна.
2.3. Төв нь өөрийн бэлгэдэл (лого)-тэй байж болох бөгөөд бэлгэдлийн загварыг төвийн захирлын тушаалаар баталж, оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, хэрэглэнэ.
Гурав. Төвийн үйл ажиллагааны зорилго, чиглэл
3.1. Өөрчлөн байгуулах, татан буулгах тухай Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд төв нь үйл ажиллагаагаа хугацаагүй явуулна.
3.2. Төвийн үндсэн зорилго нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа туршилт, инкубаци, шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зуучлах, дамжуулах, сурталчлах, мэдээ мэдээллээр хангах, сургалт, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад оршино.
3.3. Төв нь дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулна:
3.3.1. Салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажлыг гүйцэтгэх, шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх;
3.3.2. Салбарын үйлдвэрлэгчдийг шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлийн мэдээ мэдээллээр хангах, таниулах, зуучлах, дамжуулах, сурталчлах, сургалт, нэвтрүүлэлт, зөвлөх үйлчилгээний олон арга хэлбэрт түшиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах;
3.3.3. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг гадаад орны байгууллага болон бусад байгууллагатай хамтын ажиллагааг тогтоох, өргөжүүлэх, тусгайлсан хөтөлбөр боловсруулж салбарын мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх, туршлага судлах, олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, дотоодод үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах;
3.3.4. Арьс ширний лабораторийг MNS ISO 170 25 : 2018 стандартын шаардлагад нийцүүлэн ажиллуулах, цаашид нээлттэй лабораторийн зарчимд тулгуурласан үйл ажиллагааг явуулах боломжийг бий болгох, дотоодын болон экспортын бүтээгдэхүүнд чанарын баталгаажуулалт хийх;
3.3.5. Салбарын яамны захиалгаар хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн болон цөм технологийн төслийн үр дүн болон төслийн үр дүнгээр бий болсон оюуны өмчийн баталгаажилт хийгдсэн бүтээгдэхүүн, технологи, арга аргачлалын нэгдсэн мэдээллийн санг ажиллуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлэх;
3.3.6. хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа.
3.4. Төв нь үйл ажиллагаандаа дараахь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж болон энэ дүрмийг мөрдөнө:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Хөдөлмөрийн тухай хууль;
-Технологи дамжуулах тухай хууль;
-Шинжлэх ухаан, технологийн тухай хууль;
-Инновацийн тухай хууль;
-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
-Төрийн аудитын тухай хууль;
-Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль;
-Бусад холбогдох хууль тогтоомж.
3.5. Төв нь тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа эрхлэхээр бол эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авч улсын бүртгэлд бүртгүүлсний дараа тухайн үйл ажиллагааг эрхэлнэ.
Дөрөв. Төвийн эрх, үүрэг
4.1. Төв нь дор дурдсан эрхтэй байна:
4.1.1. өөрт олгогдсон үл хөдлөх болон бусад эд хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааны зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах;
4.1.2. төвийн барилга байгууламж, техник хэрэгсэл, машин, тоног төхөөрөмжийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бусдад худалдах, шилжүүлэх, түрээслэх асуудлыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын зөвшөөрөлтэйгээр шийдвэрлэх;
4.1.3. ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын болон гадаад орны, олон улсын байгууллагатай эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллах.
4.2. Төв нь дор дурдсан үүрэгтэй байна:
4.2.1. Монгол Улсын хууль тогтоомж болон энэ дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах;
4.2.2. төвийн үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн болон эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны найдвартай байдлыг хангах, технологийн горим, хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиулах;
4.2.3. улсын төсвийн санхүүжилтийг сар, улирал, жилээр батлагдсан хуваариар зориулалтын дагуу зарцуулах;
4.2.4. өмчийн бүх төрлийн байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдэд мэргэжил, арга зүйн тусламж үзүүлэх, салбарын мэргэжилтнийг богино хугацааны болон ажлын байранд дадлагажуулж, мэргэшүүлэх, сургалт зохион байгуулах чиглэлээр тусгайлсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
4.2.5. шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх;
4.2.6. удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон нийттэй харилцах төвийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг бэхжүүлэх;
4.2.7. санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх, төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх;
4.2.8. хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэ дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;
4.2.9. байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн маркетинг, менежментийн үр ашигтай, оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх.
Тав. Төвийн удирдлага
5.1. Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг захирал удирдах ба хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
5.2. Захирал нь дор дурдсан эрх, үүрэгтэй байна:
5.2.1. төвийг гадаад, дотоодод төлөөлөх;
5.2.2. төвийн нэрийн өмнөөс эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох дүрэм, журамд заасан эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулах, олж авах;
5.2.3. байгууллагын гүйцэтгэлийн болон бусад холбогдох хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулж, хэрэгжилтийг хангах;
5.2.4. төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах тусгай зөвшөөрөл, эрхийг холбогдох байгууллагаас авах ажлыг хариуцан зохион байгуулах;
5.2.5. ажилтантай хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулах, дүгнэх;
5.2.6. батлагдсан төсвийн хүрээнд цалин, нэмэгдлийг тогтоох;
5.2.7. төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах;
5.2.8. ажилтныг мэргэжлийн дагуу томилох, чөлөөлөх, өөрчлөх, албан тушаал бууруулах, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах;
5.2.9. төвийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, үйлчлүүлэгч, ажилтны санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх;
5.2.10. удирдлага, ажилтныг боловсрол, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах;
5.3. Төвийн өдөр тутмын болон шуурхай үйл ажиллагааны талаар захиралд зөвлөх үүрэг бүхий Удирдлагын зөвлөл, байгууллагын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих Ёс зүйн хороог тус тус ажиллуулж болно. Зөвлөл, хорооны ажиллах журмыг захирал батална.
5.4. Төвийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд батална.
5.5. Захирал нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах зөвлөлд сонгогдох, шашны болон төрийн бус байгууллага, сангийн удирдах ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.
5.6. Захирал нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болно.
5.7. Дэд захирал, ерөнхий нягтлан бодогч, нэгжийн дарга нар нь эрх бүхий албан тушаалтанд тооцогдох бөгөөд тэдгээрийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.
5.8. Захирлын зөвшөөрснөөс бусад тохиолдолд байгууллагын нууц, дотоод мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах, хувийн ашиг сонирхолд ашиглахыг хориглоно.
5.9. Эрх бүхий албан тушаалтан нь санаатайгаар хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас төвд хохирол учруулсан бол хохирлыг өөрийн хөрөнгөөр барагдуулна.
Зургаа. Төвийн санхүүжилт, санхүүгийн
тайлан тэнцэл, бүртгэл
6.1. Төв нь улсын төсөв, байгууллага, хамт олны хандив, өөрийн үйл ажиллагааны орлого, гадаадын зээл тусламж, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжнэ.
6.2. Төвийн санхүүгийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.
6.3. Төвийн санхүүгийн тайланд дараахь зүйлсийг тусгана:
6.3.1. баланс;
6.3.2. үйл ажиллагааны үр дүнгийн тайлан;
6.3.3. мөнгөн гүйлгээний тайлан;
6.3.4. өмчийн өөрчлөлтийн тайлан;
6.3.5. тухайн тайлангийн хугацаанд хийсэн их хэмжээний болон сонирхлын зөрчил бүхий хэлцлийн жагсаалт, нэр төрөл, үнийн дүн;
6.3.6. байгууллага, иргэд, ажилтнаас авах авлага, тэдгээрийн үүссэн шалтгаан, барагдуулалтын явц;
6.3.7. санхүүгийн тайлангийн тодруулга;
6.3.8. нэмэлт тайлбар.
6.4. Төвийн санхүү бүртгэлийн нэгж болон Ерөнхий нягтлан бодогч хуулиар тогтоосон журмын дагуу анхан шатны нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
6.5. Санхүүгийн тайланг захирлын зөвлөлд танилцуулан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
6.6. Эд хөрөнгийн дотоод тооллогыг хугацаанд нь явуулж, жилийн эцсийн тайлан тэнцэлд тусгана.
6.7. Төсвийн тухай хуульд заасны дагуу өөрийн чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, урсгал зардлын төлөвлөгөөний төслийг санхүүгийн жил эхлэхээс 3 сарын өмнө гаргаж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар зардлын дээд хязгаарыг батлуулна.
6.8. Төвийн санхүүгийн тайлангийн үнэн зөв байдлыг захирал, ерөнхий нягтлан бодогч хариуцна.
Долоо. Хяналт, шалгалт
7.1. Төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, эзэмшилт, ашиглалт, захиран зарцуулалт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний болон энэ дүрмийн хэрэгжилтэд тавих хяналт нь Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, төвийн дотоод хяналтаас бүрдэнэ.
7.2. Төвийн захирал нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, үйл ажиллагааны хэвийн байдалд тавих өдөр тутмын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг холбогдох удирдах дээд байгууллагын өмнө хариуцна.
7.3. Өмч, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад бүртгэлээр тавих хяналтыг ерөнхий нягтлан бодогч хариуцна.
Найм. Төвийн баримт бичгийн хадгалалт
8.1. Төв нь албан хэрэг хөтлөлт, хадгалалтын нийтлэг журмыг мөрдөх бөгөөд дараахь баримт бичгийг хадгална:
8.1.1. төвийн дүрэм, дүрэмд орсон өөрчлөлт, төвийг байгуулах тухай холбогдох байгууллагын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрчилгээ, эрх лиценз, тусгай зөвшөөрөл, сертификат;
8.1.2. төвийн үйл ажиллагаатай холбоотой бусад дүрэм, журам, заавар стандарт;
8.1.3. төвийн үйл ажиллагаатай холбоотой төрийн бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн тайлан;
8.1.4. санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмж;
8.1.5. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, нягтлан бодох бүртгэлд тусгагдсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримт;
8.1.6. улсын төсөв, гадаад, дотоодын байгууллагын санхүүжилтээр холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулсан худалдан авах ажиллагааны талаарх бичиг баримт;
8.1.7. хийсэн судалгаа, шинжилгээний бүтээл;
8.1.8. салбарын үйлдвэрлэгчдэд үзүүлсэн үйлчилгээний талаарх бичиг баримт;
8.1.9. төвийн үйл ажиллагаа, үйлчилгээ, үр дүнгийн талаарх статистик мэдээлэл;
8.1.10. бусад ач холбогдол бүхий бичиг баримт.
8.2. Энэ дүрмийн 8.1-д заасан бичиг баримтыг зохих журмын дагуу холбогдох албан тушаалтнаас хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах, архивт шилжүүлэх зэрэг ажлыг архивын ажилтан эрхлэн гүйцэтгэнэ.
Ес. Бусад
9.1. Төвийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу Засгийн газар шийдвэрлэнэ.
9.2. Төвийн үйл ажиллагаатай холбоотой энэ дүрэмд тусгагдаагүй бусад асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.
9.3. Төвийн дүрэм нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
9.4. Төвийн дүрэмд хуульд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт, өөрчлөлт нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
----о0о----
Текст томруулах
A
A
A