A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 95 дугаар
    тогтоолын хавсралт                           

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Оршил

Хууль зүй, дотоод хэргийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь Монгол Улсын Засгийн газар (цаашид “Засгийн газар” гэх)-ын болон Хууль зүй, дотоод хэргийн сайд (цаашид “сайд” гэх)-ын эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төслийг боловсруулах, хууль зүйн салбарын стратеги, бодлого, төлөвлөлтийг оновчтой тодорхойлох, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход оршино.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэтгэлийн талаар баримтлах бодлого”, Монгол Улсын Их Хурлын 2020 оны.        05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3. Хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дараахь хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;

-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;

-Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;

-Төрийн албаны тухай хууль

-Хууль тогтоомжийн тухай хууль;

-Захиргааны ерөнхий хууль;

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль;
-Олон улсын гэрээний тухай хууль;

-Төсвийн тухай хууль;

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль;

-Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;

-бусад холбогдох хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад засаглал болон өөрчлөлтийн удирдлага, байгууллагын өөрчлөлтийн онол, арга зүй, олон улсын болон өмнөх хэрэгжсэн хөтөлбөрүүдийн туршлага, сургамжид үндэслэн хөтөлбөр боловсруулах ажилд оролцооны аргыг ашиглалаа. Мөн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал, тэргүүлэх чиглэл, стратегийн зорилт, үйл ажиллагааны гол зорилт, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлоход хэрэглэдэг арга зүйг ашиглав.

1.5. Яамны үүрэг, хариуцлагын хуваарь

Хууль зүй, дотоод хэргийн яам эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль тогтоомж, бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, сайд болон Засгийн газарт мэргэжлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Яам  хууль зүйн бодлого, төлөвлөлт, хуулийн хэрэгжилт, хууль тогтоомжийн харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг тодорхойлоход чухал ач холбогдолтойг харгалзан энэ хэрэгцээний эх үүсвэрт дараахь үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг хамруулав.

Хууль зүй, дотоод хэргийн яамны стратегийн удирдлага,
зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газар (танхим) болно. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, ажилтнуудын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалах, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал юм.

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам дараахь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлээр ажиллана:

       2.2.1. хууль зүйн нэгдсэн бодлогыг хууль зүйн шинжлэх ухаан, онолын чиг хандлагад нийцүүлэн тодорхойлох, Монгол Улсын хууль тогтоомжуудын харилцан уялдааг хангах;

       2.2.2. олон улсын эрх зүй болон сайдын эрхлэх асуудлын хүрээнд гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

       2.2.3. хууль зүйн боловсрол, эрх зүйн сургалтын бодлогыг тодорхойлон төлөвшүүлэх, хууль зүйн салбарын оновчтой, чадварлаг бүтцийг хөгжүүлэх, салбарын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;

       2.2.4. нээлттэй, ил тод, шуурхай, чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх.

2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь үндэсний эрхэмлэн дээдлэх зүйлс (хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдэл)-ийг хадгалан хамгаалах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн эрх зүйн тогтолцоог хөгжүүлэн, хууль зүйн салбарын бодлого, төлөвлөлтийн үр нөлөөг дээшлүүлэн олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг үзүүлнэ.

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам үйл ажиллагааны эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараахь үйл ажиллагааны стратегийн зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:

       2.4.1. эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хууль зүйн нэгдсэн бодлогоор хангах ажлыг зохион байгуулах, хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл өгөх, захиргааны хэм хэмжээний актын бүртгэл, хяналтыг эрхлэх;

       2.4.2. эрхлэх асуудлын хүрээнд олон улсын конвенцид нэгдэн орох, тайлагнах, бусад яамдаас байгуулах хоёр талт болон олон талт гэрээнд санал, дүгнэлт өгөх, олон улсын арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бусад улстай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулах, тэдгээрийн хэрэгжилтийг хангах, олон улсын байгууллага, бусад улсын ижил төрлийн байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

       2.4.3. хууль зүйн салбарын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

       2.4.4. хууль зүйн салбарын бодлогын хэрэгжилтийн явцад                  хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх;

       2.4.5. хууль зүйн салбарт мэдээллийн технологийг хөгжүүлэх, цахим шилжилтийн бодлого, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг салбарын хэмжээнд нэгдсэн бодлого, удирдлага, зохицуулалтаар хангах, ухаалаг, цахим салбарыг хөгжүүлэх;
       2.4.6. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэх, салбарын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулах;

       2.4.7. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах.

2.5. Үйл ажиллагааны гол зорилт

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн  үйл ажиллагааны дараахь гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1. үйл ажиллагааны стратегийн 1 дэх зорилтын хүрээнд:

2.5.1.1. хууль зүйн бодлогын хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгоход шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах талаарх судалгаа, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандах судалгаа, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээ болон зардлын тооцоог үндэслэн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль тогтоомжийн төсөл боловсруулах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2.5.1.2. хууль тогтоомжийн нэгдсэн санг бүрдүүлэх, системчлэх ажлыг зохион байгуулах;

2.5.1.3. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдийн санаачилсан хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг боловсруулах, бусад яамнаас боловсруулсан хууль тогтоомжийн үзэл баримтлал,   Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгох, Засгийн газрын шийдвэрийн төслийг хянах, санал өгөх;

2.5.1.4. захиргааны хэм хэмжээний акт батлахаар хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны байгууллагын шийдвэрийг хянах, бүртгэх, улсын нэгдсэн санг эрхлэн хөтлөх, олон нийтэд мэдээлэх, иргэд, байгуулагад лавлагаа, мэдээллээр үйлчлэх;

2.5.1.5. бусад төрийн захиргааны төв байгууллага болон бусад байгууллагад хууль тогтоомжийн төсөл боловсруулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллах.

2.5.1.6.хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгоход шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, холбогдох судалгаа, тооцоонд үндэслэн хувийн эрх зүйн хууль тогтоомжийн төслийг боловсруулах; (Засгийн газрын 2023 оны 56 дугаар тогтоолоор нэмсэн)
            
 2.5.1.7.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдийн санаачилсан хувийн эрх зүйн хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг боловсруулах. (Засгийн газрын 2023 оны 56 дугаар тогтоолоор нэмсэн)

       2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дахь зорилтын хүрээнд:

          2.5.2.1. сайдын эрхлэх асуудлын хүрээнд олон улсын конвенцид нэгдэн орох асуудал, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл болон хүний эрхийн чиглэлийн гэрээний зарим хороодод конвенцийн хэрэгжилтийг тайлагнах, тэдгээрээс ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах;

               2.5.2.2. бусад яамдаас байгуулах хоёр талт болон олон талт олон улсын гэрээ хэлэлцээрт санал, дүгнэлт өгөхийн зэрэгцээ олон талт олон улсын гэрээний орчуулгыг хянах;

               2.5.2.3.Монгол Улсын Засгийн  газарт холбогдох маргаан, олон улсын арбитр болон гадаад улсын шүүхэд маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, шүүх, арбитраар маргааныг шийдвэрлэх шатанд төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа, дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг зохицуулж, Засгийн газрын ажлын хэсэгт дэмжлэг үзүүлж ажиллах; (Засгийн газрын 2023 оны 56 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

               2.5.2.4. гадаад улс, орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулах, хэрэгжилтийг ханган ажиллах;

            2.5.2.5. яам, харьяа агентлаг, байгууллагын хоёр талт гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд олон улсын байгууллагатай харилцах, байгууллага хоорондын санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулах, салбарын хэмжээнд гадаадын зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нэгдсэн бодлогыг тодорхойлох;

              2.5.2.6. сайдын эрхлэх асуудлын хүрээнд гадаад улсын ижил төрлийн байгууллагатай харилцах, Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, байнгын төлөөлөгчийн газарт хууль зүйн салбарыг төлөөлөн суух төлөөлөгчийн асуудлыг хариуцах.

       2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дахь зорилтын хүрээнд:

             2.5.3.1. хууль тогтоомж болон салбарын бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, энэ талаар холбогдох бусад байгууллага, орон нутгийн хууль зүйн албадын ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах;

             2.5.3.2. сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын стратегийг тодорхойлж, хэрэгжилтийг зохицуулан, нэгдсэн удирдлагаар хангах;

             2.5.3.3. сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;

             2.5.3.4. хуульч, өмгөөлөгч, нотариатчийн өөрөө удирдах ёсны байгууллагыг арга зүйн удирдлагаар хангаж, хамтран ажиллах;

             2.5.3.5. хуульд заасан тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой бодлогын хэрэгжилтийг хангах, харьяа агентлаг, байгууллагад дэмжлэг үзүүлэх;

             2.5.3.6. харьяа агентлаг, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталгаажуулах, биелэлтийг үнэлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах.

2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дэх зорилтын хүрээнд:

2.5.4.1. хууль зүйн салбар дахь мэдээллийн технологийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, цахим засаг, инноваци, салбарын бодлогыг мэдээллийн технологиор дэмжих, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, системийн нэгтгэлийг хөгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд мэдээллийн технологи, програм хангамжийн салбарыг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох, аутсорсингийг дэмжих бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.5.4.2. цахим засаг, төрийн энтерпрайз архитектур болон салбарын үйл ажиллагаанд инноваци нэвтрүүлэх бодлогын хувилбар боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.4.3. салбарын байгууллагуудын өгөгдлийн сан, мэдээллийн системийг нэгдсэн энтерпрайз архитектурын дагуу хөгжүүлэх, нээлттэй өгөгдлийг нэвтрүүлэх, харилцан мэдээлэл солилцох техникийн шийдэл болон технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;

2.5.4.4. яамны мэдээллийн технологийн талаар баримтлах нэгдсэн бодлого чиглэл, төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх.

2.5.4.5.“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем”-ийг хөгжүүлж, нэгдсэн сан үүсгэх, зөрчлийн хэргийг шалгах, хэрэг бүртгэх үйл ажиллагааг цахимжуулж, нэгдсэн сан үүсгэх; (Засгийн газрын 2023 оны 56 дугаар тогтоолоор нэмсэн)

2.5.4.6.яамны үйл ажиллагаанд ашиглаж байгаа цахим мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийн нэгдсэн сүлжээ, мэдээллийн системийн хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах. (Засгийн газрын 2023 оны 56 дугаар тогтоолоор нэмсэн)

       2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дахь зорилтын хүрээнд:

             2.5.5.1. сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх аргачлал боловсруулах, аргачлалын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

             2.5.5.2. салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явц, үр нөлөө, зорилгод хүрч байгаа байдалд                    хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах;

             2.5.5.3. сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд дотоод аудит хийх;

             2.5.5.4. салбарын хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийх, салбарын төвлөрсөн бус статистик мэдээллийг эрхлэн хөтлөх;

             2.5.5.5. хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх.

       2.5.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дахь зорилтын хүрээнд:

             2.5.6.1. төрийн захиргаа, хүний нөөцийн манлайллыг хангах, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангах, яамны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хяналт тавьж тайлагнах;

             2.5.6.2. иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих;

             2.5.6.3. нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах;

             2.5.6.4. салбарын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

             2.5.6.5. хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, уялдуулан зохицуулах;

             2.5.6.6. аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулах, үр дүнг нь тооцох ажлыг зохион байгуулах, зохицуулах;

             2.5.6.7. хууль зүйн боловсрол, эрх зүйн сургалт, сурталчилгааны талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

             2.5.6.8. сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагааг нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах;

             2.5.6.9. сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэр, яамны зүгээс бусад байгууллагатай байгуулах гэрээний эрх зүйн үндэслэлийг хангуулах, шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэгээр хангах.

       2.5.7. Үйл ажиллагааны стратегийн 7 дахь зорилтын хүрээнд:

             2.5.7.1. төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал, хөрөнгө оруулалтын зардлын жилийн болон дунд хугацааны төсвийг төлөвлөх, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах;

             2.5.7.2. төсвийн ерөнхийлөн захирагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, хяналт тавих, тайлагнах;

             2.5.7.3. төсвийн ерөнхийлөн захирагчийн төрийн өмчийн бүртгэлд, хяналт тавих, тайлагнах;

             2.5.7.4. төсвийн ерөнхийлөн захирагчийн төрийн сангийн төлбөр тооцоог хийх;

             2.5.7.5. төсвийн ерөнхийлөн захирагчийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, санхүүгийн тайлагнал;

             2.5.7.6. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөл, хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах;

             2.5.7.7. салбарын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;

             2.5.7.8. харьяа төсөвт нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, яамны санхүү, аж ахуйн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хариуцах чиг үүргийг хэрэгжүүлэх.

2.6. Үйл ажиллагааны зорилт

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна.


Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвар

 

Гурав.Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо,

зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг,
чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:

      3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
     
      3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

    3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал, яамны бүтэц, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

      3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (Төрийн нарийн бичгийн даргаас албан хаагч хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

      3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний болон бусад нөөцийг зөв хуваарилан, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

      3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яамны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан байх);

    3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дараахь ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:

3.3. Зохион байгуулалтын бүтэц

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвараас доор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд дараахь үндсэн үүрэг, чиг үүрэгтэй:

Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны
бүтцийн ерөнхий тогтолцооны загвар


 

 

       3.3.1. Хууль зүйн нэгдсэн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 1 дэх зорилтын хүрээнд хууль зүйн нэгдсэн бодлогыг төлөвлөх ажлыг зохион байгуулах, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлогын удирдамж, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, захиргааны хэм хэмжээний актын бүртгэл, хяналтыг эрхлэх үндсэн үүрэг хүлээж, хууль зүйн бодлогын хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах талаар судалгаа хийх, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх болон зардлын тооцоог хийх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах; Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдийн санаачилсан хууль тогтоомжийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг боловсруулах, яамдаас боловсруулсан хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлал, хуулийн төсөл Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа эсэхийг хянах, санал өгөх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгох, Засгийн газрын шийдвэрийн төслийг хянах, төсөлд өгөх санал боловсруулах; захиргааны хэм хэмжээний акт батлахаар хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны байгууллагын шийдвэрийг хянах, бүртгэх, улсын нэгдсэн санг эрхлэн хөтлөх, олон нийтэд мэдээлэх, иргэд, байгууллагад лавлагаа, мэдээллээр үйлчлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн нэгж, хувийн эрх зүйн нэгж тус тус ажиллана. (Засгийн газрын 2023 оны 56 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргаас Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдыг мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурал, бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, ашгийн төлөө хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, хуулийн судалгааны хүрээлэн байна.

       3.3.2. Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Олон улсын конвенцид нэгдэн орох, тэдгээрийн хэрэгжилтийн тайланг боловсруулах, холбогдох байгууллагад тайлагнах ажлыг зохион байгуулах, бусад яамдаас байгуулах хоёр талт олон улсын гэрээ, нэгдэн орох олон талт гэрээнд санал өгөх, дүгнэлт гаргах, гадаад улсын шүүх, олон улсын арбитрын ажиллагаанд оролцоход Засгийн газарт дэмжлэг үзүүлэх, эрүүгийн болон иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүрээнд гадаад улсын эрх бүхий байгууллага болон иргэд, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх, гадаад улсуудтай гэмт этгээд болон ялтан шилжүүлэх асуудлаар хамтран ажиллах, эрх бүхий байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, яам, харьяа агентлаг, байгууллагын хоёр талт гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд гадаад улсын ижил төрлийн байгууллагатай харилцах, хоёр ба олон талт гэрээ, хэлэлцээр байгуулах, дэмжлэг үзүүлэх, хянах, олон улсын байгууллагатай харилцах, салбарын хэмжээнд гадаад орон болон орон улсын байгууллагын зээл, тусламжийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,  олон талт олон улсын гэрээний орчуулгыг хянан баталгаажуулах, санал дүгнэлт өгөх, олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар зөвлөмж өгөх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд олон улсын арбитрын хэлтэс ажиллана. (Энэ хэсэгт Засгийн газрын 2023 оны 56 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргаас Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдыг мэргэшлийн зөвлөгөө, шаардлагатай мэдээлэл, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурал, бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, ашгийн төлөө хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд, олон улсын байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, яамд, гадаад улсын элчин сайдын яамд, олон улсын байгууллага байна.

       3.3.3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 3 дахь зорилтын хүрээнд хууль тогтоомж болон салбарын бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд харьяа агентлаг, байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг оновчтой тодорхойлоход дэмжин туслах, тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдуулан иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, холбогдох хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, орон нутгийн хууль зүйн албадын ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах; хуульч, өмгөөлөгч, нотариатчийн өөрөө удирдах байгууллагаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд арга зүйн удирдлагаар хангаж, хамтран ажиллах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад хууль тогтоомж, бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, шүүх, прокурор, өмгөөлөх, нотариат, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, ашгийн төлөө хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.

       3.3.4. Мэдээллийн технологи, цахим бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 4 дэх зорилтын хүрээнд удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлэх, хөгжүүлэх; хууль зүйн салбар дахь мэдээллийн технологийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, цахим засаг, инноваци, салбарын бодлогыг мэдээллийн технологиор дэмжих, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, системийн нэгтгэлийг хөгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд мэдээллийн технологи, програм хангамжийн салбарыг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох, аутсорсингийг дэмжих бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах; эрх зүйн мэдээллийн цахим сангийн техникийн хэвийн ажиллагааг хангах, мэдээллээр үйлчлэх; цахим засаг, төрийн энтерпрайз архитектур болон салбарын үйл ажиллагаанд инноваци нэвтрүүлэх бодлогын хувилбар боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; хууль зүйн салбарт шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглээ бий болгох бодлогын хувилбар боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; салбарын байгууллагуудын өгөгдлийн сан, мэдээллийн системийг нэгдсэн энтерпрайз архитектурын дагуу хэрэгжүүлэх, нээлттэй өгөгдлийг нэвтрүүлэх, харилцан мэдээлэл солилцох техникийн шийдэл болон технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах; яамны мэдээллийн технологийн талаар баримтлах нэгдсэн бодлого чиглэл, төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх; яамны өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагддаг систем, програм хангамж, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хэвийн ажиллагаа, тэдгээрийн аюулгүй байдлыг хариуцах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд программ хангамжийн хэлтэс ажиллана. (Энэ хэсэгт Засгийн газрын 2023 оны 56 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, харьяа агентлаг, байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус болон шашны байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь харьяа агентлаг, байгууллага, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний Дата төв, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.

       3.3.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 5 дахь зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх аргачлал боловсруулах, аргачлалын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах; салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явц, үр нөлөө, зорилгод хүрч байгаа байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хөндлөнгийн байгууллагаар хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах; сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд дотоод аудит хийх; салбарын хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийх, салбарын төвлөрсөн бус статистик мэдээллийг эрхлэн хөтлөх; хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх; яамны удирдлагыг бодлогын зөвлөмжөөр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах чиглэлээрх эрсдэлийг тодорхойлж, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яам, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, салбарын өнөөгийн байдлыг үнэн зөв тогтоох, хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөвлөлтийг оновчтой хийх, гүйцэтгэлийг тухай бүр шалгах, үр нөлөөг бодитоор үнэлж, дүгнэх, салбарын байгууллагууд, дээд шатны байгууллага, иргэдийн өмнө зэрэг тайлагнах тогтолцоог бий болгоход чиглэнэ.      Энэ нь эрсдэлийг тодорхойлж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаварт хяналт-шинжилгээ, аудит хийж, үнэлгээ өгч, дүгнэлт, зөвлөмж гарган бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны харьяа байгууллага, зохион байгуулалтын бүтцийн нэгж байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус болон шашны байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний болон хэвлэл мэдээллийн байгууллага байна.

       3.3.6. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 6 дахь зорилтын хүрээнд төрийн захиргаа, хүний нөөцийн манлайллыг хангах, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангах, яамны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хяналт тавьж тайлагнах; яамны албан хаагчдын ажиллах нөхцөл, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн баталгааг хангах, давтан болон мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах; иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих; нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах; салбарын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх; хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, уялдуулан зохицуулах; аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулах, үр дүнг нь тооцох ажлыг зохион байгуулах, зохицуулах; хууль зүйн боловсрол, эрх зүйн сургалт, сурталчилгааны талаарх бодлогын хэрэгжилтийг зохицуулах; сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагааг нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэр, яамны зүгээс бусад байгууллагатай байгуулах гэрээний эрх зүйн үндэслэлийг хангуулах, шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэгээр хангах чиг үүрэг бүхий эрх зүйн асуудал хариуцсан нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй,  хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь сайдаас шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон бусад үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхыг дээшлүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл болон боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.

3.3.7. Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны 7 дахь зорилтын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал, хөрөнгө оруулалтын зардлын жилийн болон дунд хугацааны төсвийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөх, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, хяналт тавих, тайлагнах, төрийн өмчийн бүртгэл, хяналт, төрийн сангийн төлбөр тооцоо, нягтлан бодох бүртгэлийн бодлого, санхүүгийн тайлагнал, төсөл, хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, салбарын алба хаагчдын нийгмийн асуудал, харьяа төсөвт нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, яамны санхүү, аж ахуйн үйл ажиллагааг тасралтгүй явуулах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хариуцах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн нэгж ажиллана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, харьяа төсвийн төвлөрүүлэн болон шууд захирагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, шашны байгууллага, иргэд болон бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, Үндэсний аудитын газар, гаалийн, татварын, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын байгууллага байна.
 


-----о0о-----