A

A

A

Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны

А/185 дугаар тушаалын хавсралт

 

АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААХ,

ЗАМЫН ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гамшиг, аюулт үзэгдэл, аюулын улмаас авто зам, замын байгууламж болон автотээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал үүссэн, авто замд засвар, шинэчлэлт хийх үед автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор авто зам, замын байгууламжийг хэсэгчлэн буюу бүтэн хаах, чиглэл өөрчлөх, түр замаар явуулах, авто замаар зорчих автотээврийн хэрэгслийн овор хэмжээ, тэнхлэгийн даац, бүх жинд хязгаарлалт хийх, авто замд орц гарц гаргах, авто зам, замын байгууламжийг сэтлэх, сүвлэх зөвшөөрөл авахад холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

1.2. Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр авто зам, замын байгууламжийг ашиглаж байгаа гадаад улсын тээврийн хэрэгсэлд энэхүү журам нэгэн адил хамаарна.

 

ХОЁР. АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААХ,ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХ

2.1. Гамшиг, аюулт үзэгдэл, аюулын улмаас авто зам, замын байгууламж болон автотээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх тушаалыг улсын байнгын онцгой комиссын саналыг үндэслэн олон улс, улс, тусгай зориулалтын авто замд авто замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нийслэл, орон нутгийн авто замд аймаг, нийслэлийн Засаг дарга батална.

2.2. Зам хариуцагч байгууллага нь авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх шийдвэр гарсан даруйд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс түр зам гаргах, тэмдэг, тэмдэглэгээ тавих ажлыг шуурхай зохион байгуулна.

2.3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2-т заасны дагуу цагдаагийн байгууллага нь авто зам, замын байгууламжийг хэсэгчлэн болон бүхэлд нь хаах, чиглэл өөрчлөх тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллана.

2.4. Гамшиг, аюулт үзэгдэл, аюулын улмаас авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх тухай шийдвэрийг Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс олон нийтэд орон даяар шуурхай мэдээлэх ба уг мэдээлэлд тухайн чиглэлийн авто зам, замын байгууламжийг хаах болон нээх, чиглэлд өөрчлөлт оруулж эхлэх болон дуусгах цаг хугацаа, огноог тодорхой заасан байна. 

2.5. Гамшиг, аюулт үзэгдэл, аюулаас бусад дараах нөхцөлд олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто замыг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус хаах болон чиглэл өөрчлөх шийдвэр гаргаж, хугацааг нь тогтооно. Үүнд:

2.5.1. Авто зам, замын байгууламж дээр уулын чулууны нуралт үүсэх бодит аюул бий болсон үед;

2.5.2. Авто зам, замын байгууламж, төмөр бетон, модон гүүр их хэмжээгээр эвдэрч, яаралтай засварлах шаардлагатай болсон үед;

2.5.3. Байгаль, цаг уурын үзэгдлээс шалтгаалан зам даваа хаагдаж, халтираа гулгаа үүссэн үед;

2.5.4. Авто зам, гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажлын явцад Зөвлөхөөр дамжуулан хүсэлт гаргасан үед; 

2.6. Олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийн ээлжит засвар, урсгал засвар, арчлалтын ажлыг гүйцэтгэх үед тухайн ажлын Зөвлөхийн зөвшөөрлөөр авто зам, замын байгууламжийг түр хугацаагаар хаана.

2.7. Энэхүү журмын 2.5.1, 2.5.2, 2.5.3-т заасан шалтгаанаар авто зам, замын байгууламжийг хаах болон чиглэл өөрчлөх шийдвэр гарсан тохиолдолд зам хариуцагч байгууллага, 2.5.4 зааснаар бол гүйцэтгэгч компани нь “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын техникийн шаардлага”-ын дагуу түр зам, орц, гарцыг гаргаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж ажиллана.

2.8. Авто замын зорчих хэсэгт орц гарц, туслах замгүй, ган туузан хашлагаар тусгаарлагдсан тууш замд байгаль, цаг уурын үзэгдлээс шалтгаалан зам даваа хаагдах, осол хэрэг гарсан үед зорчих хэсгийн нэг урсгалыг хааж, хөдөлгөөн зохион байгуулах арга хэмжээ авч болно.

 

ГУРАВ. АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИХ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ОВОР ХЭМЖЭЭ, ТЭНХЛЭГИЙН

ДААЦ, БҮХ ЖИНД ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ

 

3.1. Олон улс, улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто зам, гүүрээр зорчих автотээврийн хэрэгслийн бүх жин, тэнхлэгийн даац, овор хэмжээ ба уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартын 5 дугаар бүлэгт заасан шаардлагад нийцсэн байна.

3.2. Олон улс, улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто зам, гүүрээр зорчиж байгаа автотээврийн хэрэгслийн овор, даацын хэмжээг автотээврийн болон авто замын хяналтын улсын байцаагч, тээврийн цагдаагийн албаны ажилтан, зам хариуцагч, төлбөр авах цэгийн ажилтан, авто замын ашиглалтын бэлэн байдалд хяналт шалгалт хийх “Хөдөлгөөнт эргүүлийн баг” зэрэг нь төвлөрсөн болон явуулын авто пүү бусад тоног төхөөрөмж ашиглан хэмжиж тогтооно.

3.3. Намар, хаврын улиралд хөрсний хөлдөлт гэсэлтийн үед олон улс, улсын чанартай авто зам, гүүрийн даац хязгаарлах, чиглэл өөрчлөх шийдвэрийг зам хариуцагч байгууллагын саналыг үндэслэн авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.

3.4. Овор хэмжээ ба урт, даац нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн автотээврийн хэрэгслийг Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 2.4, 14.5 дугаар зүйлийн 20-д заасны дагуу торгох арга хэмжээ авах ба гаргасан зөрчлөө засах /овор хэмжээ, даац хэтэрсэн ачааг шилжүүлэн тээвэрлэх/ хүртэл хөдөлгөөнд оролцохыг хориглож, түр саатуулах талбайд байршуулна.

3.5. Зөрчил гаргасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хориглож, саатуулснаас үүдэн гарах аливаа эрсдэл, хохирлыг тээвэрлэгч аж ахуйн нэгж, иргэн өөрөө хариуцна.


ДӨРӨВ. АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ СЭТЛЭХ, СҮВЛЭХ, ОРЦ ГАРЦ

ГАРГАХАД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

4.1. Олон улс, улсын чанартай авто замд орц гарц гаргахад Авто замын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан доорх байгууллагуудаас тодорхойлолт гаргуулж, дараах бичиг баримтыг бүрдүүлэн Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч, зам хариуцагч байгууллагатай гэрээ байгуулна. Үүнд:

4.1.1.   Хүсэлт гаргасан албан бичиг, эсвэл өргөдөл;

4.1.2.  Тусгай зөвшөөрөл бүхий зураг төслийн байгууллагаар гүйцэтгүүлсэн орц гарц гаргах ажлын зураг төсөл, ажил гүйцэтгэх аргачлал, техникийн шаардлага;

4.1.3.  Орц гарц гаргахад авто замын норм дүрэм, стандарт зөрчөөгүй тухай аймаг, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын тодорхойлолт;

4.1.4. Тухайн орц гарцын байршил хамаарагдах газрын засаг захиргааны байгууллагын тодорхойлолт;

4.1.5.  Зам хариуцагч байгууллагын тодорхойлолт тус тус болно.

4.2. Олон улс, улсын чанартай авто замыг сэтлэх, сүвлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлэн Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч, зам хариуцагч байгууллагатай гэрээ байгуулна. Үүнд:

4.2.1.  Хүсэлт гаргасан захиалагчийн албан бичиг, эсвэл өргөдөл

4.2.2.  Магадлал хийгдсэн шугам сүлжээний ажлын зураг төсөл, ажил гүйцэтгэх аргачлал, техникийн шаардлага

4.2.3.  Техникийн нөхцөл;

4.2.4.  Шугам, сүлжээний ажил эхлүүлэх зөвшөөрөл;

4.2.5.  Ажил гүйцэтгэх график, байршлын фото зураг;

4.2.6.  Зам хариуцагч байгууллагын тодорхойлолт тус тус болно.

4.3. Авто зам, замын байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлыг авто замын норм дүрэм, стандартын дагуу зам хариуцагч, зөвлөх байгууллагын хяналтад тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

4.4. Авто зам, замын байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлын гүйцэтгэгч байгууллага нь ажил гүйцэтгэх хүн хүч, машин механизм, техник хэрэгслийг хангах ба бэлтгэл ажлыг хангаагүй тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авч болно.

4.5. Гүйцэтгэгч нь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангаж ажиллана.   

ТАВ. БУСАД

 

5.1. Олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто замд зөвшөөрөлгүй орц гарц, зогсоол гаргасан, сэтэлж, сүвлэсэн, хөдөлгөөнд саад учруулж, үзэгдэх орчин хязгаарласан хаяг, сурталчилгааны самбар замын зурвас газарт байршуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч зам хариуцагч байгууллага албадан буулгах эрхтэй.

5.2. Авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах, орц гарц гаргах, сэтлэх сүвлэх үйл ажиллагаанд энэ журам болон бусад хууль тогтоомжийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын ерөнхий газар, авто зам болон автотээврийн үйл ажиллагаа хариуцсан байгууллага тус тусын чиг үүргийн хүрээнд хяналт тавьж ажиллана.

 

ЗУРГАА. ХАРИУЦЛАГА

 

6.1. Олон улс, улс, орон нутаг, тусгай зориулалтын авто замыг хэсэгчлэн буюу бүхэлд нь хаах, чиглэл өөрчлөх тухай холбогдох байгууллагын гаргасан тушаалыг цаг тухайд нь хэрэгжүүлээгүйн улмаас гарсан хохирлыг тухайн иргэн, аж ахуйн нэгж хариуцах бөгөөд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

 

 

--оОо--