- Нүүр
- Сайдын тушаал
- ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДЭД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын
2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн
А/148 тоот тушаалын хавсралт
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДЭД
ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь сум, хорооны Хамтарсан баг, гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллага, тухайн чиглэлээр мэргэшсэн иргэн, магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээдээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд холбон зуучлах харилцааг зохицуулахад оршино.
1.2.Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх үйлчилгээ нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10.1.1-10.1.6-д заасан мэдээлэл хүлээн авах, илрүүлэх, шалгах, нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хангах, дэмжих, холбон зуучлах, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйлчилгээ үзүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээ байна.
1.3.Хүүхэд хамгааллын анхан болон хоёрдогч шатны урьдчилан сэргийлэх, хамгаалах, холбон зуучлах үйлчилгээг Хамтарсан баг үзүүлнэ. Аюулгүй байдлыг хангах, дэмжих, холбон зуучлах үйлчилгээг асуудал эрхэлсэн төрийн байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээд, тухайн чиглэлээр мэргэшсэн иргэн үзүүлж, хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдал сайжирсан эсэхэд хяналт, үнэлгээ хийж, эргэх холбоотой ажиллана.
1.4.Энэ журмыг хэрэгжүүлэхэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай хууль, тэдгээртэй нийцэж гарсан эрх зүйн акт, олон улсын гэрээ, бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгоно.
1.5.Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх Хамтарсан баг, магадлан итгэмжлэгдсэн байгууллага, тухайн чиглэлээр мэргэшсэн иргэн нь үйл ажиллагаандаа “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг дагаж мөрдөнө.
1.6.Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд 7 түүнээс дээш настай бол хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэхдээ хүүхдийн саналыг харгалзана.
Хоёр. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түүний хэлбэрүүд
2.1.Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрсдэлт нөхцөлд байгаа, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, гэрч болсон хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа Хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, магадлан итгэмжлэгдсэн байгууллага, мэргэшсэн иргэн нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10.1.1-10.1.6-д заасан үйлчилгээг үзүүлж, хүүхдийг гэр бүл, нийгэмд хэвийн амьдрахад нь тусалж, дэмжинэ.
Гурав. Мэдээлэл хүлээн авах, бүртгэх, шалгах
3.1.Хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй тухай мэдээлэл, сэжиг таамаглал, санал, гомдол, хүсэлтийг Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээний төвийн ажилтан, сум, хорооны нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтан, цагдаагийн албан хаагч хүлээн авч, Хүүхэд хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягтын дагуу бүртгэн харьяаллын дагуу Хамтарсан багт шилжүүлнэ.
3.2. Хүүхэд хамгааллын үйлчилгээнд хүүхэд хүлээн авах бүртгэлийн маягтад бүртгэсэн бүртгэл нь хүчирхийлэлд өртсөн хүүхдийн талаарх анхдагч мэдээлэл болох бөгөөд тухайн хүүхэд, гэр бүлд үзүүлэх үйлчилгээтэй холбоотой шийдвэрүүдийг гаргах үндэслэл болно.
3.3.Хүүхдийн талаарх мэдээллийг мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан хүчирхийлэлд өртсөн эсэх үнэн бодит байдлыг шалгах бөгөөд мэдээлэгчээс дараах асуудлыг тодруулж, тэмдэглэнэ.
3.3.1.нэр, хаяг, утасны дугаар;
3.3.2.тухайн хүүхэд, гэр бүлийг өмнө мэддэг эсэх;
3.3.3.тухайн гэр бүл, хүүхэдтэй ямар харилцаатай болох;
3.3.4.биеэр ирж уулзах боломжтой эсэх;
3.3.5.мэдээлэгч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэх;
3.3.6.мэдээлэгчид тухайн гэр бүлийн зүгээс ирж болох дарамт, шахалт, айдас байгаа эсэх;
3.4.Гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг хүлээн авч, бүртгэснээс эхлэн хувийн хэргийг хаах хүртэлх үйлчилгээний үйл явцын мэдээллийг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг холбон зуучлах үйлчилгээний мэдээллийн нэгдсэн санд Хамтарсан багийн нарийн бичгийн дарга оруулна.
Дөрөв. Аюулын зэргийн үнэлгээ хийх
4.1.Цагдаагийн албан хаагч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирсан, эсхүл учирч болзошгүй эрсдэлийг “Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн маягт, аргачлал”-ын дагуу үнэлэх ба энэ нь хохирогч, гэр бүлийн бусад гишүүдэд аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх үндэслэл болно.
4.2.Аюулын зэргийн үнэлгээгээр “дунд”, “өндөр” эрсдэлтэй нь тогтоогдсон тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн саналыг харгалзахгүйгээр харъяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллагад мэдэгдэж, хамтран ажиллах арга хэмжээ авах ба хүүхдийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар түр байрлуулан хамгаалах үйлчилгээнд холбон зуучилна.
Тав. Нөхцөл байдлын үнэлгээ хийх
5.1.Нийгмийн ажилтан хүчирхийлэл үйлдэгдсэн газарт очиж, хүүхэд болон гэр бүлд Нөхцөл байдлын үнэлгээ хийх журмын дагуу үнэлгээ хийнэ. Хүүхэд болон гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ нь хүүхэд, түүний гэр бүлд цаашид үзүүлэх үйлчилгээг тодорхойлох үндэслэл болно.
5.2.Хүүхэд, гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ хийсэн нийгмийн ажилтан хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээг хүүхдийн хувийн хэрэгт хавсаргана.
5.3.Нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээний дүгнэлтээс шалтгаалж, дараах арга хэмжээ авна:
5.3.1.хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, түр хамгаалалтад авах;
5.3.2.энэ журмын 5.3.1-т заасан арга хэмжээ авах шийдвэрийг Хамтарсан багийн ахлагч гаргана;
5.3.3.Хамтарсан баг нь хүүхэд болон гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээний үндсэн дээр хамгааллын үйлчилгээ шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хүүхдэд хувийн хэрэг нээж, үйлчилгээний төлөвлөгөө боловсруулж, шуурхай хамгаалах арга хэмжээ авах, нөхөн сэргээх, холбон зуучлах үйлчилгээг үзүүлнэ;
5.4.Аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийхэд Хамтарсан баг, нийгмийн ажилтанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
5.5.Энэ журмын 5.3-т дурдсан арга хэмжээ авах талаар гаргасан шийдвэрийг Хамтарсан багийн хурлын шийдвэрт тусган, баталгаажуулж, баримт нотолгоог хувийн хэрэгт хавсаргана.
Зургаа. Аюулгүй байдлыг хангах
6.1.Хүүхдийн аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлтийг Хамтарсан багийн гишүүд хэлэлцэн, тухайн хүүхэд, гэр бүлийн гишүүдэд шаардлагатай хамгааллын үйлчилгээг хэрхэн үзүүлэх тухай хамтын шийдвэр гаргана.
6.2.Хамтын шийдвэр нь Хамтарсан багийн хурлын тэмдэглэл байх бөгөөд гишүүд гарын үсэг зурж, шийдвэрийг баталгаажуулна. Уг шийдвэрт хэлэлцсэн нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээний дүгнэлтийг хавсаргана.
6.3.Сум, хорооны болон сургуулийн нийгмийн ажилтан, Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байр, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн нийгмийн ажилтан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийлэл дарамтад дахин өртөхөөс сэргийлж, хүүхдийн аюулгүй байдлын төлөвлөгөөг хүүхэд, хүчирхийлэл, дарамт үйлдээгүй болох нь тогтоогдсон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг оролцуулан хамтран боловсруулж, хэрэгжүүлэх заавар өгнө.
6.4.Үнэлгээний санал, дүгнэлтэд тэмдэглэл, гэрэл зураг, дуу, дүрс бичлэг бусад нотлох баримтыг хавсарган, огноог бичиж, гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.
6.5.Хүүхдийн болон гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээг үндэслэж, хүүхдийг түр байрлуулан хамгаалах үйлчилгээнд хамруулна.
Долоо. Хамтарсан багийн үйлчилгээ
7.1.Хамтарсан баг нь хүүхдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 37, 38.1.1, 40, 41, 42-р зүйлд заасан үйлчилгээг журмын дагуу үзүүлнэ.
Найм. Дэмжих, холбон зуучлах үйлчилгээ
8.1.Хамтарсан багийн нийгмийн ажилтны хийсэн нөхцөл байдлын үнэлгээгээр хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай дүгнэлт гарсан бол иргэний бүртгэл, сэтгэл зүй, хууль зүй, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн болон бусад шаардагдах үйлчилгээнд нийгмийн ажилтан холбон зуучилна.
8.2.Хамтарсан баг нь хүүхэд болон гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээнд үндэслэн дараах холбон зуучлах үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:
8.2.1.аюулын зэргийн түвшин дунд, өндөр эрсдэлтэй бол мөн журмын 13.2-т заасан хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд холбон зуучилна;
8.2.2.эмнэлгийн яаралтай тусламжаас бусад үйлчилгээг хохирогч хүүхдийн байнга, эсхүл түр оршин сууж буй нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад, хэрэв хохирогч хүүхэд хамгаалах байранд байгаа бол уг байгууллагын оршин байгаа газрын нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад холбон зуучилна;
8.2.3.сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээг үзүүлэх эрх бүхий иргэн, магадлан итгэмжлэгдсэн байгууллагад холбон зуучилна;
8.2.4.хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учирсан, уг үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй, хуулийн дагуу хэргийг шийдвэрлүүлэх шаардлагатай нөхцөлд хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээнд “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх журам”-ын дагуу холбон зуучилна;
8.2.5.хүүхэд, түүний гэр бүлд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээг холбогдох халамжийн үйлчилгээний байгууллагатай хамтран төлөвлөж, үзүүлнэ;
8.3.Хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлсэн байгууллага, ажилтан үйлчилгээний явц, үр дүнгийн талаар холбон зуучилсан Хамтарсан баг, бусад байгууллагад эргэн мэдээлж, хүүхэд гэр бүлийг холбон зуучлах үйлчилгээний нэгдсэн санд бүртгэнэ.
8.4.Холбон зуучлах үйлчилгээ үзүүлж байгаа Хамтарсан багийн гишүүн, байгууллага хүүхэд, гэр бүлийн аюулгүй байдал, нууцлалыг хангана.
8.5.Дэмжих, холбон зуучлах үйлчилгээний хэрэгжилтэд Хамтарсан багийн нарийн бичиг, хүүхдийн эрхийн ажилтан, орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллага хяналт тавина.
8.6.Хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, албан хаагч, мэргэшсэн иргэн, магадлан итгэмжлэгдсэн хуулийн этгээд үйлчлүүлэгчид дэмжих, холбон зуучлах үйлчилгээг үзүүлээгүй, эсхүл шаардагдах үйлчилгээг үзүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол энэ тухай хүүхдийн эрхийн ажилтан тэмдэглэл үйлдэж, Төрийн албаны салбар зөвлөл, төрийн байгууллагын ёс зүйн зөвлөл, Нийгмийн ажилтны мэргэжлийн ёс зүйн үндэсний болон салбар хороо, холбогдох бусад мэргэжлийн ёс зүйн хороонд хүргүүлж шийдвэрлүүлнэ.
Ес. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйлчилгээ
9.1.Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.3, 15.1.4, 15.1.5, 15.1.6, 15.1.7-д заасан үйлчилгээг журмын дагуу үзүүлнэ.
Арав. Үйлчилгээний үр дүнгийн явцын үнэлгээ хийх
10.1.Хамтарсан баг, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага хүүхдэд хувийн хэрэг нээснээс хойшх үйлчилгээний бүрэлдэхүүн хэсэг бүрт тавьсан зорилгод хүрсэн эсэх, төлөвлөсөн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлсэн эсэхэд явцын үнэлгээг сар бүр хийж, хүүхэд, түүний гэр бүлд гарч буй өөрчлөлт, үйлчилгээний чанар, үр дүнг тооцож явна.
10.2.Гэр бүлд гарч байгаа эерэг өөрчлөлтийг үнэлэхдээ Хамтарсан багийн нарийн бичгийн дарга дараах асуудлыг нягтална. Үүнд:
10.2.1.хүүхдийн аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхийг баталгаажуулах;
10.2.2.эрсдэлт нөхцөл байдал буурсан, арилсан эсэх;
10.2.3.хүүхэд, гэр бүлд үзүүлэх хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөгөөнд тусгасан зорилт, үр дүнд хүрч чадаж байгаа эсэх;
10.2.4.гэр бүлийн хүрээнд хүрсэн амжилт, үр дүн;
10.2.5.гэр бүлд үзүүлж буй үйлчилгээний салбар дундын хамтын ажиллагааны тогтвортой байдал, хүртээмж;
10.3.Гэр бүлийн эерэг өөрчлөлтийн үнэлгээг Хамтарсан багийн хурлаар хэлэлцүүлж, хүүхэд хамгааллын үйлчилгээний төлөвлөлтийг шинэчилж, хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх, эсхүл хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.
Арван нэг. Гэр бүлд нь эргэн нэгтгэх эсэх шийдвэр гаргах
11.1.Түр байрлуулан хамгаалах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийг дараах нөхцөлийг хангасан тохиолдолд гэр бүлд нь эргэн нэгтгэж болно. Үүнд:
11.1.1.хүүхдээ эцэг эх, асран хамгаалагч гэртээ ирүүлэх хүсэлтийг албан ёсоор бичгээр гарган, нийгмийн ажилтантай хамтран ажиллах хүсэлтэй байгаа;
11.1.2.үйлчилгээний явцын үнэлгээгээр хүүхдийг гэр бүлээсээ тусдаа амьдрахад хүргэсэн шалтгаан арилсан гэж Хамтарсан баг дүгнэсэн бол;
11.1.3.эцэг эх нь зан үйлийн албадан сургалтанд хамрагдсан тухай нотлох баримт, сэтгэл зүйчийн дүгнэлтийг үндэслэн;
11.1.4.хүчирхийлэл үйлдэгч этгээд, тухайн гэр бүлд амьдрахаа больсон;
11.1.5.хүчирхийлэл үйлдэгч этгээд хуулийн дагуу тодорхой хугацаагаар зорчих эрхээ хязгаарлуулсан, баривчлагдсан, хоригдсон;
11.2.Хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэсэн тохиолдолд Хамтарсан баг тухайн гэр бүлд улирал тутам нөхцөл байдлын үнэлгээ хийж, дэмжих үйлчилгээнд хамруулах ба нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн байцаагч нар хоёр жил хүртэл хугацаанд хяналт тавьж ажиллана.
11.3.Хүүхдийг дараах нөхцөлд гэр бүлд нь эргэн нэгтгэх боломжгүй гэж үзнэ. Үүнд:
11.3.1.шүүхээс эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан, хассан бол;
11.3.2.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийг гэртээ буцаан авах боломжгүй нь нөхцөл байдлын үнэлгээгээр тогтоогдсон бол;
11.3.3.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр оронгүй, тэнэмэл амьдралтай бол;
11.3.4.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь согтууруулах ундаа, мансууруулах бодисын хамааралтай, хүүхдээ үл хайхардаг, гуйлга гуйлгадаг, тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхлүүлдэг бол;
11.3.5.гэр бүлд эргэн нэгтгэх нь боломжгүй гэж үзэхэд хүргэсэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд, гэр бүлийн бусад гишүүдэд хүчирхийллийн харилцаатай, зан үйлд эерэг өөрчлөлт гараагүй бол;
11.3.6.эцэг, эх, асран хамгаалагч нь болзошгүй хүчирхийллээс хүүхдийг хамгаалах чадваргүй бол;
11.3.7.Хамтарсан баг тухайн гэр бүлтэй тодорхой хугацаанд ажилласан боловч эерэг өөрчлөлт, хүчин чармайлт гарахгүй байгаа бол;
11.4.Хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх эсэх шийдвэрийг Хамтарсан багийн хуралдаанаар хэлэлцэж, хамтын шийдвэр гаргах ба Хамтарсан багийн ахлагч гарын үсэг зурж баталгаажуулна.
Арван хоёр. Үйлчилгээг дуусгаж, хувийн хэргийг хаах
12.1.Хамтарсан багийн үйлчилгээний үр дүнд хүүхэд болон гэр бүлийн байдал хэвийн болсон гэж үзсэн, хүчирхийлэлд өртөх эрсдэл арилсан, эсхүл хүүхэд 21 насанд хүрсэн тохиолдолд хувийн хэргийг хаана.
12.2.Хамтарсан багийн нарийн бичгийн дарга тухайн гэр бүлийн аюулын зэрэг, эрсдэлийн түвшин буурсан үнэлгээг Хамтарсан багийн хуралд танилцуулж, хувийн хэргийг хаах эсэх талаар шийдвэр гаргуулах ба шийдвэрийг Хамтарсан багийн ахлагч гарын үсэг зурж, баталгаажуулна.
12.3.Хаагдсан хувийн хэрэг бусад материалын эх хувийг Хамтарсан багийн нарийн бичгийн дарга архивлаж хадгална.
12.4.Хаагдсан хувийн хэргийн мэдээллийг тухайн орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан байгууллагын Хүүхэд хамгааллын үйлчилгээний мэдээллийн санд Хамтарсан багийн нарийн бичгийн дарга оруулж, бүртгүүлнэ.
Арван гурав. Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд холбон зуучлах
13.1.Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрсдэлт нөхцөлд байгаа, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, гэрч болсон хүүхэд нь аюулгүйн зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээгээр эрсдэлийн зэрэг дунд, өндөр гэж үнэлэгдэн, гэр бүлээсээ тусгаарлагдах шаардлагатай талаар Хамтарсан багийн шийдвэр гарсан тохиолдолд хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд холбон зуучилна.
13.2.Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхдийг аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээний эрсдэлийн түвшингээс хамаарч дараах хувилбарт үйлчилгээнд хамруулна. Үүнд:
13.2.1.аюулын зэргийн үнэлгээгээр “бага эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн бол, нийгмийн ажилтан дангаар болон Хамтарсан багийн гишүүдийн оролцоотойгоор хүүхэд болон эцэг эхэд сэтгэлзүйн, хуулийн, хүмүүжлийн эерэг аргын талаар зөвлөгөө өгч, хүүхдийг тэдний асрамжид үлдээж болно;
13.2.2.Хамтарсан багийн шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын захирамжаар хүүхдийг төрөл, садны асрамж эсхүл асралт гэр бүлд хүлээлгэн өгч, түр асруулж болно;
13.2.3.энэ журмын 4.1-т дурдсан үнэлгээгээр “дунд”, “өндөр” эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн бол эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн саналыг харгалзахгүйгээр хүүхдийг түр хамгаалах байранд холбон зуучилна;
13.2.4.гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхдийг нэг цэгийн үйлчилгээний төв, Үр хамгаалах байранд түр байрлуулан, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан үйлчилгээг үзүүлж, бусад шаардлагатай үйлчилгээнд холбон зуучилна;
13.2.5.түр хамгаалах байр, төрөл садан ба асралт гэр бүлийн асрамжид байх хугацаа дууссан, гэр бүлийн нөхцөл байдлын болон үйлчилгээний үнэлгээгээр ахиц гараагүй, гэр бүлд нь эргэн нэгтгэх боломжгүй талаар Хамтарсан багаас гаргасан шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга захирамж гаргаж, хүүхдийг халамж, асрамжийн үйлчилгээнд шилжүүлнэ;
13.3.Энэ журмын 13.2.5-т дурдсан үйлчилгээг хамгийн эцсийн арга хэмжээ болгож хэрэглэнэ.
13.4.Хамтарсан баг нь хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хүүхдийг холбон зуучилж, тухайн байгууллагатай хамтран хүүхэд, түүний гэр бүлийг дэмжих үйлчилгээг үргэлжлүүлнэ.
13.5.Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, иргэн нь хүүхдийг байрлах хугацаанд хүүхдэд болон түүний гэр бүлд үзүүлсэн үйлчилгээний үнэлгээг тухай бүр хийж, шинээр цуглуулсан мэдээлэл, үүссэн бэрхшээл, ололт амжилт, үзүүлсэн үйлчилгээний талаарх мэдээллээ хамтарсан багт хүргүүлж, хамтран ажиллана.
13.6.Хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх, хувийн хэргийг хаах эсэх шийдвэрийг хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, иргэн, тухайн харьяалах Хамтарсан баг, харъяа хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллага хамтран гаргана.
Арван дөрөв. Журмын хэрэгжилтийн хяналт, тайлагналт
14.1.Энэхүү журмын хэрэгжилтэнд Гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавина.
14.2.Хамтарсан баг хүүхэд хамгааллын үйлчилгээний тайлан мэдээг сар бүр харьяа аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлагнана.
14.3.Аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүүхэд хамгааллын үйлчилгээний тайлан мэдээг сар, улирал, жилээр нэгтгэж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тайлагнаж, холбон зуучлах үйлчилгээний мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
14.4.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүүхэд хамгааллын үйлчилгээний тайлан мэдээг нэгтгэж, гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн сангийн бүртгэл, үйлчилгээний явц, үр дүнд хяналт тавьж ажиллана.
---оОо---
Текст томруулах
A
A
A