- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар
Татварын ерөнхий газрын даргын
2020 оны 9 сарын 03-ны өдрийн
А/134 дүгээр тушаалын 3 хавсралт
Үйл ажиллагааны удирдлагыг Монгол Улсаас хэрэгжүүлдэг
гадаадын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын
тайлангийн маягтыг нөхөх заавар
Энэхүү тайлангийн маягтаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч болон Монгол Улсад байнга оршин суугч хувь хүн нь энэ хуулийн 31.8-д заасны дагуу дараагийн татварын жилийн 02 дугаар сарын 10-ны дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.
Тайланг гаргахдаа Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ыг баримтална. Тайлан нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд тайланг нөхөхдөө 3 дугаар баганад тухайн үзүүлэлтийн дүнг өссөн дүнгээр, төгрөгөөр бөглөнө.
Нэг.Нийтлэг хувь хэмжээгээр ногдуулах татварын тооцоолол:
1.Нийт орлогын дүн буюу 1 дүгээр мөрийн дүн нь 2, 11 дүгээр мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
2.Нийтлэг хувь хэмжээгээр албан татвар ногдох орлого буюу 2 дугаар мөрийн дүн нь 3, 4 дүгээр мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Нийтлэг хувь хэмжээгээр албан татвар ногдох орлогын мэдээ /ХМ-07(1)/-ний 5 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
3.Хасагдах зардлын дүн буюу 5 дугаар мөрийн дүн нь 6, 7 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно. Энэ дүн нь Хасагдах зардлын мэдээ /ХМ-07(2)/-ний 3 дугаар баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
4.Нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах орлого буюу 8 дугаар мөрийн дүн нь 2 дугаар мөрийн дүнгээс 5 дугаар мөрийн дүнг хассан дүнгээр тодорхойлогдоно.
5.Ногдуулсан албан татвар буюу 9 дүгээр мөрийн дүн нь 8 дугаар мөрийн дүнг хуулийн 20.1-д заасны дагуу 0-6 тэрбум төгрөг бол 10 хувиар, 6 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбум төгрөгөөс дээш давсан орлогод 25 хувиар нэмж, 20.2.7-д заасан 22.1.1, 22.1.2, 22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа жилийн 300 сая төгрөг хүртэл албан татвар ногдох орлого олсон, албан татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.
Хоёр. Тусгай хувь хэмжээгээр ногдуулах татварын тооцоолол:
6.Тусгай хувь хэмжээгээр татвар ногдох орлого буюу 10 дугаар мөрийн дүн нь 11, 12, 13, 15, 17 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
7.Эрхийн шимтгэлийн орлого буюу 11 дүгээр мөрийн дүн нь хуулийн 9.1.2-т заасан орлогын дүн байна. Энэ дүн нь тухайн орлогын Хуулийн дагуу бусдад татвар суутгуулсан орлогын мэдээ /ХМ-07(3)/-ний 5 дугаар баганын нийт дүн, Гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцох мэдээ мэдээ /ХМ-07(4)/-ний 4 дүгээр баганын нийт дүнгийн нийлбэртэй тэнцүү байна.
8.Ногдол ашгийн орлого буюу 12 дугаар мөрийн дүн нь хуулийн 9.1.3-т заасан орлогын дүн байна. Энэ дүн нь тухайн орлогын Хуулийн дагуу бусдад татвар суутгуулсан орлогын мэдээ /ХМ-07(3/)-ний 5 дугаар баганын нийт дүн, Гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцох мэдээ мэдээ /ХМ-07(4)/-ний 4 дүгээр баганын нийт дүнгийн нийлбэртэй тэнцүү байна.
9.Хүүгийн орлого буюу 13 дугаар мөрийн дүн нь хуулийн 9.1.4-т заасан орлогын дүн байна. Энэ дүн нь тухайн орлогын Хуулийн дагуу бусдад татвар суутгуулсан орлогын мэдээ/ ХМ-07(3)/-ний 5 дугаар баганын нийт дүн болон Гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцох мэдээ мэдээ /ХМ-07(4)/-ний 4 дүгээр баганын нийт дүнгийн нийлбэртэй тэнцүү байна.
10.Ногдуулсан албан татвар буюу 14 дүгээр мөрийн дүн нь 11, 12, 13 дугаар мөрүүдийн нийлбэр дүнг 10 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.
11.Гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчийн хүүгийн орлого буюу 15 дугаар мөрийн дүн нь хуулийн 9.1.4, 9.4-т заасан орлогын дүн байна. Энэ орлогын дүн нь тухайн орлогын Хуулийн дагуу бусдад татвар суутгуулсан орлогын мэдээ /ХМ-07(3)/-ний 5 дугаар баганын нийт дүн болон Гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцох мэдээ мэдээ /ХМ-07(4)/-ний 4 дүгээр баганын нийт дүнгийн нийлбэртэй тэнцүү байна.
12.Ногдуулсан албан татвар буюу 16 дугаар мөрийн дүн нь 15 дугаар мөрийн дүнг 5 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.
13.Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого буюу 17 дугаар мөрийн дүн нь хуулийн 10.1.1-д заасан орлогын дүн байна. Энэ дүн нь тухайн орлогын Хуулийн дагуу бусдад татвар суутгуулсан орлогын мэдээ /ХМ-07(3)/-ний 5 дугаар баганын нийт дүн болон Гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцох мэдээ /ХМ-07(4)/-ний 4 дүгээр баганын нийт дүнгийн нийлбэртэй тэнцүү байна.
14.Ногдуулсан албан татвар буюу 18 дугаар мөрийн дүн нь 17 дугаар мөрийн дүнг 2 хувиар үржүүлж гаргасантай тэнцүү байна.
15.Тусгай хувь хэмжээгээр ногдуулсан албан татвар буюу 19 дүгээр мөрийн дүн нь 14, 16, 18 дугаар мөрүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.
Гурав. Албан татвар ногдуулах тооцоолол:
16.Хуулийн дагуу бусдад суутгуулсан албан татвар буюу 20 дугаар мөрийн дүн нь бусдад суутгуулсан албан албан татварын дүн байна. Энэ дүн нь Хуулийн дагуу бусдад татвар суутгуулсан орлогын мэдээ /ХМ-07(3)/-ний 9 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
17.Төлбөл зохих татвараас хасагдах гадаад улсад ногдуулан төлсөн албан татвар буюу 21 дүгээр мөрийн дүн нь хуулийн 23.1-д заасны дагуу хасаж тооцох албан татварын хэмжээг 23.3.1, 23.3.2-т заасан шалгуураар тооцсон дүнгийн аль багаар нь тооцсон дүн байна. Энэ дүн нь Гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасах тооцоолол мэдээ /ХМ-07(4)/-ний 9 дүгээр баганын нийлбэр дүнтэй тэнцүү байна.
18.Нийт төлбөл зохих татварын дүн буюу 22 дугаар мөрийн дүн нь 9, 19 дүгээр мөрүүдийн нийлбэр дүнгээс 20, 21 дүгээр мөрүүдийн дүнг хасаж тодорхойлно.
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Текст томруулах
A
A
A