- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2020 оны 105 дугаар
тогтоолын хавсралт
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН
ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд (цаашид “сайд” гэх)-ын болон Засгийн газрын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд чиглэсэн геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалт, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийж, үнэлэх, дүгнэх асуудлыг хамарсан яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн загварыг тодорхойлоход оршино.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг боловсруулахад Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Улсын Их Хурлын 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг тус тус үндэслэв.
1.3. Хууль, эрх зүйн орчин:
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Захиргааны ерөнхий хууль;
-Төсвийн тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль;
-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Газрын хэвлийн тухай хууль;
-Ашигт малтмалын тухай хууль;
-Байгаль орчныг хамгаалах тухай хууль;
-Үндэсний аюулгүй байдлын тухай хууль;
-Хөрөнгө оруулалтын тухай хууль;
-Газрын тосны тухай хууль;
-Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль;
-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль;
-Хууль тогтоомжийн тухай хууль;
-Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль;
-Цөмийн энергийн тухай хууль;
-Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль;
-Технологи дамжуулах тухай хууль;
-Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль;
-Агаарын бохирдлын тухай хууль;
-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого;
-Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл;
-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр;
-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого 2025;
-Газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар төрөөс 2027 он хүртэл баримтлах бодлого;
-Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого;
-Төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого;
-Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл;
-Бусад холбогдох хууль, тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад салбарын тэргүүлэх чиглэл, стратеги, үйл ажиллагааны зорилтуудыг хэрэгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэн, засаглал болон төрийн захиргааны шинэчлэлийн бодлого, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт, байгууллагын өөрчлөлт, олон улсын жишиг, яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлага, сургамжид тулгуурлав.
1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь:
Яам нь хууль тогтоомж, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, хууль тогтоомж, бодлого, гэрээ, хэлэлцээрийн төсөл, стратегийн төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, мэдээллээр ханган ажиллана.
Хууль тогтоомж, салбарын бодлогын хэрэгжилт, төсвийн болон хөрөнгө оруулалтын зарцуулалтад хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үнэлгээ, дүгнэлт өгөх, эрсдэлийн удирдлагаар хангах, зөвлөмж гаргах, салбарын үйлдвэрлэлийн харилцан уялдаа, холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана.
Яам хариуцсан асуудлын хүрээнд салбарын цахим мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн холбогдох байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, харилцан уялдааг зохицуулна.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгаварт тулгуурлан тодорхойлогдсон яамны хэрэгжүүлэх чиг үүрэг, ажил, үйлчилгээ байх бөгөөд түүнд дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны стратегийн удирдлага,
зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Засгийн газрын танхим байна. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулахад чиглэнэ.
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах ажил, үйлчилгээний хүрээ, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр бүрээр тогтоож, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл
ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар:
Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэлд тусгагдсан сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтаар хангахад чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны ил тод, шуурхай байдлыг хангахад оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1. геологийн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг хангуулах, геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
2.2.2. уул уурхайн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг хангуулах, ашигт малтмалын олборлолт, баяжуулалтын хэмжээг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан үр ашгийг дээшлүүлэх замаар улс орны эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх;
2.2.3. хүнд үйлдвэрийн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тэргүүний технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах, дамжуулах, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах замаар хүнд үйлдвэрийг хөгжүүлэх;
2.2.4. газрын тосны салбарын бодлого, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, газрын тос, уламжлалт бус газрын тосны (нүүрсний давхаргын метан хий, шатдаг занар, тослог элс гэх мэт) эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, ашиглалт, олборлолт, экспортыг нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, нефть-химийн үйлдвэрийг хөгжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих;
2.2.5. геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын хөрөнгө оруулалтын бодлого, чиглэлийг тодорхойлох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах ажлыг зохион байгуулах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, судалгаа, мэдээллээр хэрэглэгчийг (удирдлагыг) хангах;
2.2.6. геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавхыг сайжруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, баялгийн сангийн эрх зүйн орчныг бий болгож, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хамтын ажиллагааг өргөжүүлэх;
2.2.7. салбарын удирдлага, тогтолцоог боловсронгуй болгох, баялгийн сангийн сайн засаглалын жишгийг нэвтрүүлэх, санхүү, төсвийн чадавхыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар өрсөлдөх чадавхыг дээшлүүлэх;
2.2.8. геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарт техник, технологийн шинэчлэлт хийх, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
2.2.9. иргэний нийгмийн оролцоонд суурилсан ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, “олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ыг хэрэгжүүлэх;
2.2.10. геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагын стандарт, дүрэм, журмыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангуулах.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эрхэм зорилго нь ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэхэд оршино.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт:
Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, зохицуулах, хэрэгжүүлэх;
2.4.2. геологийн салбарыг хөгжүүлэх стратегийн бодлого, төлөвлөлт, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бодлогын нэгдсэн удирдлага, удирдамжаар хангах;
2.4.3. уул уурхайн салбарыг хөгжүүлэх стратегийн бодлого, төлөвлөлт, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бодлогын нэгдсэн удирдлага, удирдамжаар хангах;
2.4.4. хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх стратегийн бодлого, төлөвлөлт, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бодлогын нэгдсэн удирдлага, удирдамжаар хангах;
2.4.5. газрын тосны салбарыг хөгжүүлэх стратегийн бодлого, төлөвлөлт, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бодлогын нэгдсэн удирдлага, удирдамжаар хангах;
2.4.6. хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хөтөлбөр, төслийн хувилбар боловсруулах, хөрөнгө оруулалтын орчин, хэрэгцээ шаардлагыг судлах, бодлого, чиглэлийг тодорхойлох болон энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хангахад бүх талын дэмжлэг үзүүлэх, зохицуулах, тайлагнах;
2.4.7. хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах, эрдэс баялгийн салбарт мэдээллийн технологийг хөгжүүлэх, ухаалаг, цахим мэдээлэл, технологийн бодлого, хөтөлбөр, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг салбарын хэмжээнд нэгдсэн бодлого, удирдлага, зохицуулалтаар хангах, хөгжүүлэх.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:
2.5.1. үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1. төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, аппаратын дотоод ажил болон олон нийттэй харилцах, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах;
2.5.1.2. салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, сургах, давтан сургах чиглэлээр хөтөлбөр, төлөвлөгөө, боловсруулах, ажиллах хүч, мэргэжилтний эрэлт, хэрэгцээг тодорхойлох, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх болон хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах;
2.5.1.3. хууль тогтоомж, дүрэм журам, гэрээ хэлэлцээрийн төсөл боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргын шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах, шаардлагатай тохиолдолд яамыг шүүх, арбитрт төлөөлөх, салбарын хэмжээнд авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх;
2.5.1.4. салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээний талаар гадаад орон, олон улсын эрх зүй, туршлагыг судлах, санал гаргах, дэмжлэг үзүүлэх;
2.5.1.5. салбарын санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, сайдын төсвийн багцыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулж, үйлчилгээ үзүүлэх.
2.5.2. үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1. геологийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бодлого, төлөвлөлт, урт, дунд хугацааны стратеги, гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангаж, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах;
2.5.2.2. геологийн шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, эрдэс баялгийн бодлогын санал, зөвлөмж боловсруулах, геологи, эрдэс баялгийн салбарын бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах, статистик, тоон мэдээллийг бүрдүүлэх, түгээх, сурталчлах ажлыг зохион байгуулах;
2.5.2.3. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг тогтоох, геологийн сэдэвчилсэн судалгаа, зураглал, эрэл, үнэлгээний ажлыг төлөвлөх, шаардагдах төсвийн саналыг боловсруулах болон цаашид баримтлах бодлого, чиглэл, хэтийн төлөвийг тодорхойлох чиглэлээр бодлогын удирдамжаар хангаж, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах;
2.5.2.4. Улсын эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах, ашигт малтмалын хайгуулын ажлыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, уул уурхайн тогтвортой хөгжлийг хангуулах чиглэлээр бодлогын удирдамжаар хангаж, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах;
2.5.2.5. геологийн салбарын нэгдсэн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, хөгжүүлэх, нийтэд ил тод, нээлттэй болгох чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих;
2.5.2.6. стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын талбайн хил, заагийг тогтоох, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын орд бүхий газрын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялгах, тэдгээрийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх болон хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ажлыг нийтэд ил тод, нээлттэй хэлбэрээр зохион байгуулах чиглэлээр хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах, зохицуулах;
2.5.2.7. геологийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, журмыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах.
2.5.3. үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1. уул уурхайн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бодлого, төлөвлөлт, урт, дунд хугацааны стратеги, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангаж, хэрэгжилтийг зохицуулах, зохион байгуулах;
2.5.3.2. төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах;
2.5.3.3. ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, салбар дундын уялдааг хангасан дэд бүтцийг байгуулах, хэрэгжүүлэх;
2.5.3.4. стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үйл ажиллагаанд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, эдийн засгийн эргэлтэд оруулах болон салбарт тэргүүний технологи, инноваци нэвтрүүлэх, нутагшуулах, шинэчлэх чиглэлээр санал, дүгнэлт, зөвлөмж боловсруулах, хэрэгжүүлэх;
2.5.3.5. байгаль орчныг хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, нөхөн сэргээлт, уурхайн хаалтын менежментийн төлөвлөлтөд үнэлэлт дүгнэлт өгөх, хэрэгжилтийг хангуулах;
2.5.3.6. бичил уурхайн үйл ажиллагааны дүрэм, журмыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, холбогдох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
2.5.3.7. ашигт малтмал ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт өгөх, мэргэжил арга зүйгээр хангах, хэрэгжилтийг зохицуулах;
2.5.3.8. уул уурхайн ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, журмыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах, байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороодын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;
2.5.3.9. уул уурхайн салбарын судалгаа, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх.
2.5.4. үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1. хүнд үйлдвэрийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бодлого, төсөл, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах;
2.5.4.2. хар ба өнгөт төмөрлөг, металл хийц, машин үйлдвэрлэл, химийн болон нүүрсийг хагас, гүн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний сүлжээг бий болгох чиглэлээр бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах;
2.5.4.3. хүнд үйлдвэрийг хөгжүүлэхэд шаардагдах ус хангамж, эрчим хүч, тээвэр ложистик зэрэг дэд бүтцийн төлөвлөлтийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний сүлжээг бий болгох, бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулах төсөл, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах;
2.5.4.4. хүнд үйлдвэрийн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, журмыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах;
2.5.4.5. хүнд үйлдвэрийн салбарын судалгаа, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх.
2.5.5. үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1. газрын тосны эрэл, хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаатай холбогдсон бодлогын хувилбар боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах болон үндэсний аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бодлогын удирдамжаар хангах;
2.5.5.2. газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, нефть-химийн үйлдвэрийг хөгжүүлэх, дамжуулах хоолой барьж байгуулах чиглэлээр бодлого, төлөвлөлтийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах;
2.5.5.3. газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчийг тогтвортой хангах, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр бодлого, төлөвлөлтийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах;
2.5.5.4. агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон хөгжил, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалттай холбогдсон үйл ажиллагааг дэмжих чиглэлээр бодлого, төлөвлөлтийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах;
2.5.5.5. газрын тосны төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани байгуулах, хөгжүүлэх чиглэлээр бодлого, төлөвлөлтийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах;
2.5.5.6. газрын тосны салбарт ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, журмыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохицуулах;
2.5.5.7. газрын тосны салбарын судалгаа, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хөтлөх.
2.5.6. үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
2.5.6.1. салбарын хөрөнгө оруулалт, татвар, бүтээгдэхүүний худалдаа, экспортын талаарх бодлогын хувилбар боловсруулах, судалгаа хийх;
2.5.6.2. гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсөл, арга хэмжээнүүдэд дүн шинжилгээ хийх, дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах.
2.5.7. үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:
2.5.7.1. хууль тогтоомж, бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт зөвлөмж гаргах;
2.5.7.2. сайдын эрхлэх асуудлын хүрээний яам, агентлаг, төрийн өмчит хуулийн этгээд, байгууллагуудын үйл ажиллагааны тайлан, төсвийн хөрөнгө, орлого, зарлага, төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад дотоод аудит хийж, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах;
2.5.7.3. улсын төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах;
2.5.7.4. иргэд, байгууллагын мэдээлэл, өргөдөл, гомдлын мөрөөр дотоодын хяналт шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт гаргах;
2.5.7.5. эрдэс баялгийн салбарын мэдээллийн технологийн хөгжлийн бодлого, хөтөлбөр боловсруулах, цахим засаг, инноваци, салбарын бодлогыг мэдээллийн технологиор дэмжих, мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
2.5.7.6. яамны цахим бодлого, мэдээллийн технологийн талаар баримтлах нэгдсэн бодлого, чиглэл, төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;
2.5.7.7. салбарын байгууллагуудын өгөгдлийн сан, мэдээллийн системийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээлэл солилцох техникийн шийдэл болон технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвар
Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион
байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоог боловсруулахад баримтлах зарчим
Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав. Үүнд:
3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим. (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх);
3.1.6. улс төржихгүй байх зарчим (яамны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн нөлөөлөлд автахгүй байх);
3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дараахь загвартай байна:
Yйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна:
3.3.1. төрийн захиргааны удирдлагын бодлого хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн зөвлөгөө өгөх, салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээнэ.
Төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, аппаратын дотоод ажил болон олон нийттэй харилцах, яамны дотоод урсгал зардал болон үйл ажиллагааны зардлыг төлөвлөх, зарцуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн тайлан гаргах, салбарын эдийн засгийн төлөвлөлт, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах, салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, сургах, давтан сургах, төлөвлөх, зохион байгуулах, хууль тогтоомжийн зөрчил, хийдэл, давхардлыг арилгах чиглэлээр төсөл боловсруулах, салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээний талаар гадаад орон, олон улсын эрх зүй, туршлагыг судлах, санал гаргах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж, гадаад хамтын ажиллагааны нэгж, санхүүгийн нэгж ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагааны төлөвлөлт, түүнийг зохион байгуулах, төсвийн шууд захирагч болон нэгжийн менежер, төрийн жинхэнэ албан хаагчдын үр дүнгийн гэрээ байгуулах, хэрэгжилтийг хангах ажлыг хариуцна.
Мөн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хууль тогтоомжийн хэрэгжилт болон албан хэрэг хөтлөх, яамны үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангах, төсөв, санхүүгийн мэдээллийн ил тод нээлттэй байдлыг хангаж, олон нийттэй харилцах, аливаа шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянаж баталгаажуулах замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангаж, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, ажилтнуудад арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэнэ.
Тус нэгж чадварлаг албан хаагч бүхий мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг бүрдүүлэх, чадавхыг сайжруулах, тэдний ажлын үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж, дүгнэх ажлыг зохион байгуулж, зохицуулах үүрэгтэй.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам болон бусад яам, агентлаг, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.
3.3.2. геологийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд геологи, эрдэс баялгийн салбарын бодлого, хууль тогтоомж, урт, дунд хугацааны стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, олон нийтэд таниулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулахтай холбогдсон шийдвэр гаргахад бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын жил бүрийн төлөвлөгөөг батлуулах, үр дүнг тооцох, Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайланд дүгнэлт өгч зөвлөмж гаргах, ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг хангах, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрмийг батлуулах, геологийн салбарын үйл ажиллагааны дүрэм, заавар, стандарт аргачлал, зөвлөмж боловсруулж батлуулах, геологийн судалгааг олон улсын жишигт хүргэх дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх бодлого боловсруулах, гадаад орны геологийн байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, өндөр технологийн болон улс орны эдийн засгийн хувьд нэн тэргүүний ач холбогдол бүхий ашигт малтмалын судалгааг эрчимжүүлэх, бүх төрлийн ашигт малтмалын хэтийн төлөвийг тогтоох, эрдэс баялгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх асуудал хамаарна.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд геологийн судалгаа, төлөвлөлтийн нэгж ажиллана.
Энэ нэгж нь сайд, дэд сайд, Засгийн газар (танхим)-ыг геологийн салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам болон холбогдох бусад яам, агентлаг, хандивлагч гадаад орон, олон улсын байгууллага байна.
3.3.3. уул уурхайн бодлого хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого, ашигт малтмалын ашиглалт, баяжуулалт, салбарын техник, технологийн бодлого, аюулгүй ажиллагаа, дэд бүтцийн төлөвлөлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалтын менежмент, уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа, экспортын бодлого, хууль тогтоомж, урт, дунд хугацааны стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь уул уурхайн салбарын шинэчлэлийн бодлогыг эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий хууль тогтоомж, бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл, бодлого боловсруулах замаар энэ салбарын бодлогыг үндэсний аюулгүй байдал, иргэдийн хүсэн хүлээж байгаа хүсэл сонирхолд нийцүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд техник, технологийн нэгж ажиллана.
Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж, ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, холбогдох бусад яам, агентлаг, хандивлагч гадаад орон, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, иргэд байна.
3.3.4. хүнд үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд хүнд үйлдвэрийн хөгжлийн бодлого боловсруулах, хууль тогтоомж, хөтөлбөр төсөл хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ.
Энэ хүрээнд хүнд үйлдвэрийн салбарын хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, хар ба өнгөт төмөрлөг, машин байгууламж, металл хийц, химийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний сүлжээг бий болгох, нүүрсийг хагас, гүн боловсруулах үйлдвэр, дагалдах үйлдвэр байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд дэд бүтцийн нэгж ажиллана.
Энэ нэгж нь хүнд үйлдвэрийг хөгжүүлэхэд шаардлагатай ус хангамж, эрчим хүч, тээвэр ложистик зэрэг дэд бүтцийн төлөвлөлтийг боловсруулах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний сүлжээг бий болгох, бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулах төсөл, төлөвлөгөө боловсруулах үндсэн үүрэг хүлээнэ.
Тус нэгж нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдыг эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа төсвийн байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга байна.
3.3.5. газрын тосны бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны (нүүрсний давхаргын метан хий, шатдаг занар, тослог элс гэх мэт) эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, ашиглалт, олборлолтыг нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, нефть-химийн үйлдвэрийг хөгжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих талаарх бодлого, хууль тогтоомж, урт, дунд хугацааны стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэхүү үндсэн үүргийн хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, эрэл, хайгуул, ашиглалт, олборлолт, экспорт, борлуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, нефть-химийн үйлдвэрийг хөгжүүлэх, дамжуулах хоолой, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, чанарын хяналтын тогтолцоо, агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих, салбарын стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, газрын тосны салбарын судалгаа, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, газрын тосны төрийн өмчит компани байгуулж хөгжүүлэх бодлогоор дэмжих, бодлогын удирдамжаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгж ажиллана.
Энэ нэгж нь дотоодын түүхий эдэд суурилсан газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж, газрын тосны салбарын дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг тогтвортой хангах үндсэн үүрэг хүлээнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн чиг үүрэг, үйл ажиллагаатай давхардалгүй байна.
Энэ нэгж нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг дүгнэлт, зөвлөмж, мэдээллээр хангаж, шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангаж ажиллана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлаг, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар, холбогдох бусад яам, агентлаг, хөрөнгө оруулалтын гэрээтэй аж ахуйн нэгж байна.
3.3.6. судалгаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд салбарын хөрөнгө оруулалтын бодлого, хөтөлбөрийг боловсруулах, төлөвлөх, зохицуулах, судалгаа, шинжилгээ хийж бодлогын хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд салбарын хөрөнгө оруулалт, татвар, бүтээгдэхүүний худалдаа, экспортын талаарх бодлогын хувилбар боловсруулах, судалгаа хийх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсөл, арга хэмжээнүүдэд дүн шинжилгээ хийх, дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь салбарын хөрөнгө оруулалтын бодлогын хувилбарыг боловсруулах, гадаад, дотоод хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн уялдааг сайжруулах замаар геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын бодлогыг үндэсний аюулгүй байдал, иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын судалгаа, мэдээллийн асуудлыг хариуцсан судалгаа, статистикийн нэгж ажиллана.
Энэ нэгж нь сайд, дэд сайд, Засгийн газар (танхим)-ыг салбарын хөрөнгө оруулалтын бодлогын удирдамжаар хангах, шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай судалгаа, статистик мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Үндэсний статистикийн хороо, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, холбогдох бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, хандивлагч гадаад орон, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, иргэд байна.
3.3.7. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, зөвлөмж гаргах, төсвийн санхүүжилт, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, хөтөлбөр төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үр дүнг дүгнэх, дүгнэлт зөвлөмж гаргах; хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, төсөл хөтөлбөр, гэрээний хэрэгжилт болон иргэд, байгууллагын мэдээлэл, өргөдөл гомдлын мөрөөр дотоодын хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах; төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээний яам, төсөвт байгууллагууд, төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааны тайлан, төсвийн хөрөнгө, орлого, зарлага, төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудит хийж, зохих арга хэмжээг авах, зөвлөмж гаргах, улсын төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ, хийж, дүгнэлт өгч, зөвлөмж гаргах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгж нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг хариуцсан үндсэн үүрэг, чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа бүрээр үнэн бодит мэдээлэл, дүгнэлт, зөвлөмжөөр хангаж, бодлогыг боловсронгуй болгохтой холбогдсон шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана.
Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын цахим бодлого, мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж ажиллана.
Цахим бодлого, мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, эрдэс баялгийн салбарын мэдээллийн технологийн хөгжлийн бодлого, хөтөлбөр боловсруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хэрэгжилтийг зохицуулах, яам, харьяа байгууллагуудын мэдээллийн технологийн талаар баримтлах нэгдсэн бодлого чиглэл, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, яамны өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагддаг систем, програм хангамж, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, хэвийн ажиллагаа тэдгээрийн аюулгүй байдлыг хариуцах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллагууд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төв, сургалт, эрдэм шинжилгээний болон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд байна.
---о0о---
Текст томруулах
A
A
A