- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ХОГ ХАЯГДЛЫН ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛАХ, МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын
7-ны өдрийн А/372 дугаар захирамжийн хавсралт
ХОГ ХАЯГДЛЫН ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛАХ,
МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Хог хаягдлын олон нийтийн байцаагч хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, энэ журмыг дагаж мөрдөнө.
1.2.Сумын Засаг дарга Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.14-д заасны дагуу хог хаягдлын олон нийтийн байцаагчийн урамшууллыг жил бүрийн төсөвт тусгаж батлуулж, зарцуулалтад хяналт тавина.
Хоёр. Олон нийтийн байцаагчийн эрх олгоход
тавигдах шаардлага, томилох, чөлөөлөх, сунгах
2.1.Олон нийтийн байцаагчийн эрхийг дараах шаардлагыг хангасан иргэнд олгоно. Үүнд:
2.1.1.Монгол Улсын иргэн, 18-аас дээш хөдөлмөрийн насны, иргэний эрх зүйн чадамжтай бүрэн дундаас дээш боловсролтой;
2.1.2.Чиг үүргийн дагуу зөвлөгөө мэдээллээр хангаж, ажиллах, багаар ажиллах чадвартай;
2.1.3.Тухайн суманд байнга оршин суугч;
2.1.4.Хяналт шалгалтыг бие даан гүйцэтгэх чадвартай;
2.1.5.Хууль ёсны шаардлага тавих чадвартай.
2.2.Олон нийтийн байцаагчийг тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан багийн Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн саналыг үндэслэн энэхүү журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан иргэнийг сумын Засаг дарга томилж, үнэмлэх олгоно.
2.3.Иргэн өөрөө хүсвэл олон нийтийн байцаагчаар ажиллах тухай санал /энэхүү журмын 2.1-д тавигдах шаардлагад нийцсэн байх/-аа сумын Засаг даргад ирүүлж шийдвэрлүүлнэ.
2.4.Сумын Засаг даргын Тамгын газрын дарга томилогдсон олон нийтийн байцаагчтай гэрээ байгуулж, ажлын үр дүнг харгалзан урамшуулна.
2.5.Олон нийтийн байцаагчийг дараах үндэслэлээр чөлөөлнө.
2.5.1.Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын болон аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын шийдвэрийг зөрчсөн,
2.5.2.Гэрээгээ дүгнүүлээгүй, 2 улирал хангалтгүй дүгнүүлсэн тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, олон нийтийн байцаагчаас чөлөөлнө;
2.5.3.Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийдвэр гарсан;
2.5.4.Бусад /Өөрийн хүсэлтээр болон өөр албан тушаалд томилогдсон, Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, нас барсан/.
2.6.Олон нийтийн байцаагчийн эрхийг ажлын үр дүн болон Байгаль орчны хяналтын улсын байцаагч, багийн Засаг даргын саналыг харгалзан 1 жилийн хугацаагаар сунгаж болно.
Гурав. Олон нийтийн байцаагчийн ажиллах нөхцөл,
нийгмийн баталгаа, урамшуулал
3.1.Хог хаягдлын тухай хууль зөрчсөн тухай мэдээлэл өгсөн олон нийтийн байцаагчид тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13 дахь хэсэгт заасны дагуу зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар тооцож сумын Засаг дарга ажлын үр дүнгийн урамшуулал дээр нэмж мөнгөн урамшуулал олгож болно.
3.2.Олон нийтийн байцаагчид урамшуулал олгох нөхцөл, журмыг гэрээнд заавал тусган, урамшууллыг сар бүр олгоно.
3.3.Сумын Засаг даргын Тамгын газар хөдөлмөр хамгааллын хувцас, ялгах тэмдэг, ялгах тэмдэг бүхий хувцас, фото зургийн аппарат, бусад тоног төхөөрөмжөөр хангана.
3.4.Хөдөлмөр хамгааллын хувцасны ялгах тэмдгийн загварыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар баталж сумдад хүргүүлнэ.
Дөрөв. Олон нийтийн байцаагчийн эрх, үүрэг
4.1.Олон нийтийн байцаагч нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль болон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаас гадна дараах чиглэлийн үйл ажиллагаанд хяналт тавина. Үүнд:
4.1.1.Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, цэвэрлэгээ, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, хамгаалалт, үерийн хамгаалалтын далан суваг, гол мөрөн, нуур цөөрөм, ногоон байгууламж, барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавих;
4.1.2.Орон сууц, гэр хорооллын гудамж, зам талбайд ил задгай хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
4.1.3.Зам, талбайн цас мөсийг тогтмол цэвэрлүүлэх, халтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах шаардлагыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад тавих;
4.1.4.Хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоож холбогдох хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг бүртгэх, арилгуулах арга хэмжээ авч эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх, шилжүүлэх;
4.1.5.Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, газар эзэмших эрх зэргийг түдгэлзүүлэх, цуцлуулах саналыг холбогдох байгууллагад тавин шийдвэрлүүлэх;
4.1.6.Орчны бохирдол, доройтлыг бууруулах, хог хаягдлыг ангилан ялгах талаар олон нийтэд зөв дадлыг хэвшүүлэх, сурталчлах, идэвх санаачилгыг өрнүүлэх;
4.1.7.Бүх нийтийг хамарсан ажилд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийг өргөнөөр хамруулах, зар түгээх, сурталчлах;
4.1.8.Хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх, хариуцлага хүлээлгэхийг эрх бүхий албан тушаалтнаас шаардах;
4.1.9.Хог хаягдлын талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа авах, дэмжлэг, зөвлөгөө авах.
Тав. Зөрчил хянах
5.1.Олон нийтийн байцаагч нь хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхдээ илэрсэн зөрчлийн талаарх тэмдэглэлийг батлагдсан маягтын дагуу 2 хувь үйлдэх ба тэмдэглэлд дараах мэдээллийг тусгана. Үүнд:
5.1.1.Зөрчил гаргасан байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нэр, утас, хаяг, байршил, регистрийн дугаар, үйл ажиллагааны чиглэл;
5.1.2.Гаргасан зөрчлийн нөхцөл;
5.1.3.Зөрчигдсөн хууль тогтоомжийн зүйл, заалт;
5.1.4.Олон нийтийн байцаагчийн санал, дүгнэлт /Захиргааны шийтгэл ногдуулах хууль тогтоомжийн зүйл заалтыг тусгасан байх/.
5.2.Зөрчил гаргагч этгээд “Зөрчлийн тухай тэмдэглэл”-тэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай тэмдэглэлд тусгана.
5.3.Олон нийтийн байцаагч нь илэрсэн зөрчлийн талаар үйлдсэн тэмдэглэлийг бүх шатны Засаг дарга болон эрх бүхий улсын байцаагчид зөрчил илрүүлснээс хойш ажлын 2 өдрийн дотор танилцуулж, хянуулна.
5.4.Зөрчлийг баримтжуулж, фото зургаар баталгаажуулж болно.
5.5.Зөрчлийн тэмдэглэлийг 1 хувийг зөрчил гаргагч этгээдэд өгнө.
5.6.Зөрчлийн мэдээг дараа сарын 5-ны өдрийн дотор сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ.
Зургаа.Олон нийтийн байцаагчийн үйл ажиллагаанд
тавих хяналт, ажлын үр дүнг тайлагнах
6.1.Олон нийтийн байцаагч нь Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Байгаль орчны хяналтын улсын байцаагчтай уялдаа холбоотой ажиллана.
6.2.Олон нийтийн байцаагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавина.
6.3.Олон нийтийн байцаагч нь ажлын тайлангаа сумын Засаг даргын Тамгын газрын даргад сар, улирал, жилээр тайлагнаж, дүгнүүлнэ.
6.4.Сумын Засаг даргын Тамгын газрын дарга олон нийтийн байцаагчийн ажлын дүнг хагас, бүтэн жилээр сумын Засаг даргад танилцуулна.
6.5.Олон нийтийн байцаагчийн ажлын үр дүн, урамшууллын талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хагас, бүтэн жилээр тайлагнана.
Долоо. Бусад
7.2.Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага олон нийтийн байцаагчийн хяналтын ажилд саад учруулахгүй байх бөгөөд дэмжлэг үзүүлж, хяналтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох талаар тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
Текст томруулах
A
A
A