- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТӨВ АЙМГИЙН ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн
08 тоот тогтоолын хавсралт
ТӨВ АЙМГИЙН ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
НЭГ: НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү журмын зорилго нь тус сумын бэлчээрийг нөөц, даацад нь
тохируулан зохистой ашиглах байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, бэлчээрийн ашиглалтыг экологийн чадавхид суурилсан аргачлалаар төлөвлөх, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд сумын нутгийн удирдлага, бэлчээр ашиглагчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. МАА эрхлэх, бэлчээр ашиглалттай холбоо бүхий Монгол улсын Үндсэн
хуулийн (6), Иргэний хуулийн (36.1, 36.2, 36.4), Төсвийн тухай хуулийн (58.4, 58,5), Газрын тухай хуулийн (29, 33.1.2, 53.4,5, 27.6, 30.2, 30.1, 31-33, 52.2, 52.3, 52.5, 63.1.8 ), Малын генетик нөөцийн тухай хуулийн ( 8.3.6 ), Газрын төлбөрийн тухай хуулийн (4-р зүйл, 6.1.1, 6.2, 6.4, 7.1.1), Тариалангийн тухай хуулийн (24 дүгээр зүйл), Байгаль орчныг хамгаалах тухай хууль,Ойн тухай хуулийн (4.4.2.), Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн (37), МУ-ын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоол (тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай) болон холбогдох бусад хууль тогтоомжууд, түүнтэй нийцүүлэн Газрын тухай хуулийн 52.6-д заасныг үндэслэн энэхүү журмыг боловсруулав.
1.3.Энэхүү журмыг сумын хэмжээнд дагаж мөрдөнө.
1.4.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдох арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг “ Төсвийн тухай хууль”-ийн 58.4.5, 58.4.6-д заасны дагуу сумын төсөвт жил бүр тусгана
1.5.Газрын тухай хуулийн 50.1.1-т заасны дагуу бэлчээрийн төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, бэлчээрийн ургамлан бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагших, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тодорхой хувийг бэлчээр ашиглагч хариуцна.
1.6.Журмыг хэрэгжүүлснээр Улсын Их Хурлын 2009 оны 39 дүгээр 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан Монгол мал хөтөлбөрийн 3.4.1, 3.4.2, 2015 оны 104 дүгээр тогтоолоор баталсан “ Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ын 2.1.10, 2.1.11 дэх зорилтууд хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
ХОЁР: БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ТӨЛӨВЛӨХ
2.1. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд бэлчээрийг улирлаар ашиглах, өвөлжөө хаваржаа, нийтийн эзэмшил буюу зун-намрын бэлчээрийг сар улирлаар сэлгэх, ашиглах, өнжөөх, отор нүүдэл хийх, худаг уст цэг гаргах, засварлах, хадлангийн талбайг ашиглах, хамгаалах, сайжруулах, тухайн БАХ-ийн бэлчээрт байгаа ан амьтан, ховордсон ургамал тусгай хамгаалалттай газрыг хамгаалах, экологийн тэнцвэр байдлыг хэвээр хадгалахын тулд гол дагуух бургас бусад модлог бутлаг ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх бэлчээрийн хортон мэрэгчидтэй уламжлалт аргаар тэмцэх, доройтсон бэлчээрийг сайжруулах, нөөц бэлчээр гаргах, бэлчээрийг бэлчээр ашиглагчдын хэсэг тус бүр сумын газрын даамлын мониторинг судалгааг үндэслэн гаргасан дүгнэлтэд тулгуурлан ашиглах арга хэмжээг тусгана.
2.2. Бэлчээр ашиглалтыг төлөвлөхдөө дараах зарчмыг баримтална:
2.2.1. Бэлчээрийн экологийн чадавхид суурилах
2.2.2. Бэлчээр ашиглагчдын тэгш оролцоог хангах
2.3.Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө нь дараах шаардлагыг хангасан байна.
2.3.1.Бэлчээрийн төлөв байдал, чанарт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэсэн байх
2.3.2.Бэлчээрийг улирлын хуваарьтай ашиглах, сэлгэх, өнжөөх хуваарийг гаргасан байх
2.3.3.Бэлчээрийг хамгаалах, байгалийн жамаар нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн байх
2.3.4.Бэлчээрийн ургац сайтай хэсгээс хадлан бэлтгэх, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээрээ ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байх
2.3.5.Сумын газрын даамал бэлчээрийн даацад үндэслэн тухайн баг,бэлчээр ашиглагчдын хэсгийн бэлчээр нутагт өвөлжих малын тоог гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор багийн Засаг нарт хүргүүлнэ
2.3.6.Багийн Засаг дарга нар тус багийн иргэдийн Нийтийн Хурлаар энэ журмын 2.3.5-д заасан малын тоо, бэлчээр ашиглагчдын хэсгийн /цаашид БАХ гэх/ саналд тулгуурлан дараа жилийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хэлэлцүүлж сумын Засаг даргад хүргүүлнэ.
2.3.7.Газрын тухай хуулийн 52.1-д заасны дагуу Сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө ахуйн тасаг, газрын даамал нь баг бүрийн Иргэдийн Нийтийн Хурлаар батлагдсан бэлчээрийн ашиглалтын төлөвлөгөөний саналыг нэгтгэж Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусган жил бүрийн 12 сард багтаан батлуулна.
2.3.8.Тухайн сумын нутаг дэвсгэрт газар эзэмшигч, ашиглагч болон төсөл хэрэгжүүлэгч нэгж, бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд баг, сумын Засаг даргатай БАХ гэрээ хийсэн дагуу хамтран ажиллана
ГУРАВ: БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ХУВААРИЙГ ЗОХИЦУУЛАХ
3.1.Журмын зорилтыг хэрэгжүүлэхдээ БАХ нь Сумын Засаг даргатай байгуулсан бэлчээр ашиглалтын гэрээ, энэхүү журам, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бэлчээр ашиглалтын төлөвлөгөө зэргийг баримтлан ажиллана.
3.2.БАХ-ийн бэлчээр, хадлангийн талбайн хамгаалалт, ан амьтан, ховордсон ургамал хамгаалах, мал, ан амьтныг хулгайн ангаас хамгаалах, отор нүүдэл, отор нүүдлийн зам коридор, оторлох хугацаа /ирэх, буцах/ нөөц бэлчээр гаргах, худаг, уст цэгийн ашиглалтын үйл ажиллагааг зохицуулах, шийдвэр гаргах нь БИН хурал байна. БАХ-ийн гишүүдийн хуралд БАХ-ийн өрх бүрийн төлөөлөл оролцсоноор хүчин төгөлдөр болно.
3.3.БАХ-ийн гишүүд нь БИНХ-д өргөн барьж шийдвэр гаргуулан энэхүү журмын 2,1-т заасан заалтад нийцсэн байна.
3.4.Бэлчээр ашиглалтыг сумын бэлчээрийн экологийн чадавх, бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн болон фотомониторингийн тухайн жилийн дүн мэдээлэлд үндэслэн улирлаа, тодорхой хугацаагаар төлөвлөх зарчмаар зохицуулна.
3.5.Сумын бэлчээрийн талбайг Өвөлжөөний бүс нутаг, Хаваржааны бүс нутаг, Нийтийн эзэмшлийн бүс нутаг бэлчээр, хадлангийн бүс нутаг, нөөц бэлчээрийн талбай, тусгай хамгаалалтын бүс нутаг, Өвөлжөө, хаваржааны бэлчээрийг сумын Засаг даргатай байгуулсан бэлчээр ашиглах гэрээний үндсэн дээр талууд хүлээх үүргийн дагуу ашиглах ерөнхий зохицуулалтыг баримтална.
3.6.Зуслан-намаржаа буюу нийтийн эзэмшлийн бэлчээрийг СГЗБТЖТ-ний дагуу өрх, хот айлаар нийтээр зүй зохистой ашиглана. Нийтээр ашиглах бэлчээрт гадны аймаг, сумдын мал оруулахыг хориглоно.
3.7.Бэлчээр ашиглагчдад гэрээгээр ашиглуулж байгаа болон уламжлалт зохицуулалтаар ашиглаж байгаа бэлчээрээр мал дайран өнгөрөх, тууварлах, түр буудаллах хугацааг хоёр хоногоос илүүгүйгээр тогтооно.
3.8.Өвөлжөөний бэлчээрээс бүх өрх 5 дугаар сарын 15-ны дотор нүүж малын хөлөөс бүрэн чөлөөлсөн байна.
3.9.Тариалангийн газрын бүс орчмын бэлчээрийг зөвхөн тухайн оны 10 дугаар сарын сарын 15-наас дараа оны 5 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд ашиглана.
3.10.Нийтийн эзэмшлийн /зуслан-намаржааны/ бэлчээрийг тариалангийн талбайгаас 5 км-ээс доошгүй зайд байрлахаар зохион байгуулалт хийж бэлчээр ашиглалтыг зохицуулна.
3.11.Улирлаар ашиглах ашиглах бэлчээрээс нүүх, буух хугацааг газар зүйн онцлог тухайн жилийн цаг уурын нөхцөл байдлаас хамааруулан өөрчилж болох бөгөөд энэ өөрчлөлт нь зөвхөн тухайн улирал, жилд мөрдөгдөнө.
3.12 Өвөлжөөний бэлд ашиглаж байгаа худаг, уст цэгийг 5 дугаар сарын 15 наас 10 дугаар сарын 15 хүртэл ашиглахыг хориглоно.
3.13 Аймаг, сумын отрын бүс нутагт өвөлжих нүүдлийн орох гарах газрыг тодорхой болгож байрлах цэгийг тогтоож хугацааг заан нутаглуулах
ДӨРӨВ: БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ХЯНАХ, ДААЦ ТОГТООХ
4.1.Бэлчээрийн төлөвлөлт, төлөвлөгөөний хэрэгжилт болон бэлчээр ашиглалтын үр нөлөөг фото мониторингийн үр дүнгээр үнэлнэ.
4.2.Бэлчээрийн төлөв байдлыг үнэлж ургац тооцохдоо улирлын бэлчээрийг төлөөлөхүйц мониторингийн цэг дээр тогтсон аргачлалыг баримтлан гүйцэтгэнэ.
4.3.Мониторингийн цэгийг сонгохдоо БАХ-ийн улирлын бэлчээр болон бэлчээрийн нийтлэг хэв шинжийг төлөөлөх чадварыг нь харгалзан тогтоох ба энэ ажилд малчдын бүлэг, БАХ-ийн малчдын төлөөллийг оролцуулна.
4.4.Мониторингийн цэгийн байршлыг Засаг даргын захирамжаар баталгаажуулж сумын бэлчээр ашиглалтын зурагт нэг бүрчлэн тэмдэглэнэ.
4.5.Фотомониторингийн аргачлалын дагуу буулгасан зурган мэдээлэлд боловсруулалт хийж, төлөв байдлыг тодорхойлох, ургацын мэдээ гаргах ажлыг сумын газрын даамал гүйцэтгэнэ.
4.6.Бэлчээрийн ашиглалт, байршил, зааг өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаар цэгийг солих буюу шинээр нэмж болно.
4.7.Байгаль орчны хяналтын улсын байцаагч бэлчээрийн ургацын мэдээг хянаж, албан ёсны дүгнэлт гаргана.
4.8.ХАА-н тасаг, газрын даамал ургацын мэдээг үндэслэн бэлчээрийн даацыг сум, баг, БАХ-ийн түвшинд тооцно.
4.9.Бэлчээрийн даацыг хонин толгойгоор тооцож илэрхийлнэ. Малын тоог хонин толгойд шилжүүлэхдээ хонь-1, ямаа-1.5, үхэр-5, тэмээ-5, адуу-7 гэсэн итгэлцүүрээр тооцно.
ТАВ: БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ
5.1.Сумын малчин, мал бүхий иргэд, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж нь бэлчээр ашиглалтын талаар дараах нийтлэг эрх үүрэгтэй.
5.1.1.Бэлчээрийн даацад тохирсон малыг өсгөн үржүүлэх, ашиг шим сайтай үүлдэрийн малаар сүргийг сэлбэх
5.1.2.Багийн бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөө боловсруулах, бэлчээрийн даацыг фотомониторингийн аргаар тодорхойлох ажилд оролцох
5.1.3.Бэлчээрийг өнжөөх, чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гарсан шийдвэрийг дагаж биелүүлэх
5.1.4.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан бэлчээр ашиглалтын улирлын хуваарьт бэлчээрээс өөр бэлчээрт дур мэдэн нутаглахгүй байх, мөн өвөлжөөний хашаа саравч, хороо дур мэдэн барихгүй байх /барих тохиолдолд тухайн БИНХ, БАХ-ын нийт гишүүдийн дийлэнх олонхын зөвшөөрлөөр/
5.1.5.Бэлчээр, худаг уст цэг, гол дагуу хог хаягдал, хортой зүйлс, малын шавхай бууц, сэг зэмээр бохирдуулахгүй байж сар бүрийн 25-30 хооронд цэвэрлэгээ хийж хэвших
5.1.6.Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх, цөлжсөн бэлчээр хамгаалах сайжруулахаас бусад зорилгоор бэлчээрийг хашиж хамгаалахыг хориглоно.
5.1.7.Энэ журмын 5.5-т заасан Бэлчээрийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал гаргах, уг арга хэмжээний явц, гүйцэтгэл, зарцуулалтад хяналт тавих
5.2.Иргэний хуулийн 481.1-т заасны дагуу зохион байгуулалтад орсон малчид /БАХ/ сумын Засаг дарга бэлчээрийг Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу болзол гэрээгээр /бэлээр ашиглах гэрээ/ ашиглуулна.
5.3.Эрчимжсэн мал аж ахуйн кластераар хөгжүүлж буй иргэн, аж ахуйн нэгжид өвөлжөө, зуслан-намаржааны бэлчээрийг гэрээгээр ашиглуулна.
5.4.Энэ журмын 5.2, 5.4-т зааснаас бусад малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжтэй бэлчээр ашиглах гэрээ байгуулахгүй
5.5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх бэлчээр хамгаалах сантай байж болно. Бэлчээр хамгаалах санг журмаар зохицуулна.
5.6.Өвөлжөө, хаваржаа, нийтийн эзэмшлийн бэлчээр, хашаа, хороо, худаг уст цэгт өөр аймаг, сум, дүүргийн малыг дур мэдэн оруулах, бусдад дамжуулан ашиглуулах, түрээслүүлэх, худалдаалахыг хориглоно.
ЗУРГАА: БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ТАЛААР СУМ, БАГИЙН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БОЛОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ХЭРЭГЖҮҮЛЭХ
ҮЙЛ АЖИЛЛАГАА
6.1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
6.1.1.Сумын тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг батлах, биелэлтийг хэлэлцэж чиглэл өгөх
6.1.2.Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан нутаг дэвсгэртээ бэлчээрийн болон хагас суурин мал аж ахуй, зөгийн аж ахуй зэрэг бэлчээр ашиглагч бусад аж ахуйг хөгжүүлэхдээ бэлчээрийн экологийн чадавх, тохиромжтой болон хэрэгцээт байдлыг үндэслэн бүсчлэн тогтоох
6.2.Багийн иргэдийн Нийтийн Хурал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
6.2.1.Жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор хуралдаж өмнөх жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх
6.2.2. Бэлчээр хамгаалах сангийн хөрөнгөөр тухайн жилд гүйцэтгэх арга хэмжээний саналыг хэлэлцэж батлах
6.2.3.Бэлчээрт усан хангамжийг нэмэгдүүлэх саналыг сумын Засаг дарга-д уламжлах
6.2.4.Бэлчээрийн даацыг фотомониторингийн аргаар тодорхойлж бэлчээр ашиглалтын төлөвлөлтөд БАХ, малчныг татан оролцуулах
6.2.5 Бэлчээрийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих
6.3.Сумын Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
6.3.1.Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу тухайн жилийн бэлчээрийн ургац, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малын хөлөөс чөлөөлөх, мал оруулах хугацааг тогтоох
6.3.2.Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах
6.3.3.Багийн Засаг даргын ажлыг үнэлэхдээ тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө болон энэ журмын хэрэгжилтийг нэг үзүүлэлт болгох
6.3.4.Энэ журмын хүрээнд үлгэр жишээ ажиллаж буй БАХ, малчин, мал бүхий иргэдэд давуу эрхээр Улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, төв, орон нутгийн төрийн байгууллагын шагналд тодорхойлох
6.3.5.Гол, горхи, булаг шандны эх ундаргыг хамгаалах, эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтныг үржүүлэх цөлжсөн бэлчээр хамгаалах, сайжруулахаас бусад тохиолдолд бэлчээр хашихыг хориглох арга хэмжээ авах
6.3.6.БАХ, малчдад уламжлалт бэлчээр ашиглалт, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт зохион байгуулах, бэлчээрийг зөв ашиглах дадлыг бий болгоход туслах
6.3.7.Бэлчээрийн хортон мэрэгчид, хортон шавьжтай тэмцэх ажлыг бэлчээр БАХ, малчдын оролцоотой зохион байгуулах
6.3.8.Өвөлжөө, хаваржаа, уст цэгийн байршлыг БИНХ-ын шийдвэрийг үндэслэн шийдвэрлэх
6.3.9.Бэлчээрийн даацыг тодорхойлох фотомониторингийн цэгийн тоог нэмэгдүүлэх
6.3.10.Бэлчээрийн сангийн зарцуулалтад хяналт-үнэлгээ хийх
6.4. Сумын Газрын даамал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ
6.4.1.Сумын бэлчээрийн хэмжээ, байршлыг зураглан сумын газрын мэдээллийн санд бүртгүүлэх
6.4.2.Сумын Засаг даргын БАХ-тэй байгуулсан бэлчээр ашиглуулах гэрээг бүртгэх, гэрээг сумын газрын мэдээллийн нэгдсэн санд оруулах
6.4.3.Бэлчээр ашиглуулах гэрээ боловсруулах хэрэгжилтийг дүгнэх чиглэлээр холбогдох албан тушаалтан, байгууллага нь БАХ-ийг мэдээллээр хангах
6.4.4.Энэ журмын 6.3.8-т заасан өвөлжөө, хаваржаа, уст цэгийн байршлыг сумын газрын мэдээллийн санд оруулж жил бүр шинэчилж байх
6.5.Багийн Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
6.5.1.Багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах
6.5.2.Энэ журамд заасан Бэлчээр хамгаалах сангийн хөрөнгийг төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах
6.5.3.Тухайн жилд Бэлчээр хамгаалах санд төвлөрсөн хөрөнгөө багийн иргэдийн Нийтийн Хурлаас шийдвэрлэсэн ажлыг хэрэгжүүлэх, тайлагнах
ДОЛОО: МАРГААН ШИЙДВЭРЛЭХ, ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ
7.1.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52.10-т заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.
7.2 Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.
НАЙМ: ЖУРМЫН ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
8.1 Энэхүү журмыг захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.
Текст томруулах
A
A
A