A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • СҮҮ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, ЦЕХЭД ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ШААРДЛАГАД НИЙЦСЭН МАЛЫН ТҮҮХИЙ СҮҮ НИЙЛҮҮЛСЭН МАЛЧИН, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДЭД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2020 оны 130 дугаар
  тогтоолын хавсралт

 

СҮҮ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, ЦЕХЭД ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ШААРДЛАГАД НИЙЦСЭН
МАЛЫН ТҮҮХИЙ СҮҮ НИЙЛҮҮЛСЭН МАЛЧИН, ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИД МӨНГӨН
УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь өвлийн улирлын сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар хуурай сүүний импортыг бууруулах, хүн амын ундны сүүний хэрэгцээг тогтвортой, хүртээмжтэй хангахад оршино. (Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 363 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

1.2. Энэ журмаар сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжүүлсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгохтой холбогдох харилцааг зохицуулна.

1.3. Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

       1.3.1. “түүхий сүү”, “ундны сүү” гэснийг Засгийн газрын 2011 оны 304 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-д заасан утга, агуулгаар; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2023 оны 363 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

       1.3.2. “малчин” гэснийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар;

       1.3.3. “эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч” гэснийг Тариалангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар;

       1.3.4. “төлбөрийн баримт” гэснийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т зааснаар;

       1.3.5. “бүртгэлийн систем” гэснийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д зааснаар.

1.4. Энэ журмыг харьяалах нутаг дэвсгэртээ сурталчлах, малчдад сургалт явуулах ажлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцан зохион байгуулна.

1.5. Энэ журмын 2.1, 2.2-т заасан шаардлагыг хангасан сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү тушаасан малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшууллыг тухайн оны 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 3 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд 1 литр тутамд нэг мянган төгрөгөөр тооцож олгоно. (Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 363 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

1.6. Мөнгөн урамшууллыг сүү бэлтгэн нийлүүлсэн тухайн сарын сүүлийн өдрөөр тасалбар болгон энэ журмын 3.3-т заасан үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид малын эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн сангийн болон татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл зэрэгт үндэслэн дараа сарын 20-ны өдрийн дотор бэлэн бусаар олгоно.

1.7.Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нь мөнгөн урамшуулалд хамрагдах хүсэлт, мэдээлэл ашиглах зөвшөөрлийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8.3, 8.4-т тус тус заасны дагуу хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим системд жилд нэг удаа илгээнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 472 дугаар тогтоолоор нэмсэн)

1.8.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөнгөн урамшуулалд хамрагдах хүсэлтийн дагуу мэдээлэл боловсруулах, ашиглахад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 6.1.1, 6.2.1-д тус тус заасныг баримтална. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 472 дугаар тогтоолоор нэмсэн)

Хоёр. Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч болон
      үйлдвэр, цехэд тавигдах шаардлага

2.1. Малын түүхий сүү нийлүүлэх малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нь дараахь нийтлэг шаардлагыг хангасан байна:

      2.1.1. малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийн “А” дансны мэдээлэл нь Үндэсний статистикийн хорооны тухайн жилийн мал тооллогын мэдээлэлд бүртгэгдсэн байх;

      2.1.2. малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нь үйлдвэр, цехэд малын түүхий сүү нийлүүлэх бүрт малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтмол хамруулсан, эрүүл болохыг баталгаажуулсан мал эмнэлгийн гэрчилгээг сумын гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс авч, малын эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн байх;

      2.1.3. татварын төлбөрийн баримтын цахим системд өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх;

      2.1.4. нийлүүлэх сүү нь мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан “Үйлдвэр, цехэд малын түүхий сүү нийлүүлэх, худалдах үед мөрдөх эрүүл ахуй, ариун цэврийн заавар”-т тавигдсан малын түүхий сүү MNS 4228:2011 стандарт болон шаардлагыг бүрэн хангасан байх;

      2.1.5. үйлдвэр, цехтэй малын түүхий сүү нэг жилийн хугацаанд бэлтгэн нийлүүлэх, гэрээ байгуулсан байх.
     2.1.6.малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч нь мөнгөн урамшуулалд хамрагдах хүсэлт, мэдээлэл ашиглах зөвшөөрлөө хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим системд илгээж, бүртгүүлсэн байх. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 472 дугаар тогтоолоор нэмсэн)

2.2. Үйлдвэр, цех нь дараахь нийтлэг шаардлагыг хангасан байна:

      2.2.1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан үйл ажиллагааны дүгнэлттэй байх;

      2.2.2. Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх;

      2.2.3. сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудсаар дүгнэгдсэн байх;

      2.2.4. сүү худалдан авсан, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, борлуулсан тухайгаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу санхүүгийн болон татварын тайланд тусган баталгаажуулсан байх;

      2.2.5. малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчтэй малын түүхий сүү нэг жилийн хугацаанд нийлүүлэх, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан байх;

      2.2.6. сүүлийн 2 жилийн санхүүгийн болон татварын баталгаажуулсан тайланг ирүүлэх;

      2.2.7. малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчээс малын түүхий сүү худалдан авах бүр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.13-т заасан төлбөрийн баримтыг үйлдэн татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд баталгаажуулсан байх.

Гурав. Урамшуулал олгох

3.1. Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөнгөн урамшуулалд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн дүнгийн талаарх саналыг холбогдох тооцоо, судалгаа, шаардлагатай бусад материалын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж батлуулна.

3.2. Үйлдвэр, цех нь журмын 2.2.1-2.2.6-д заасан шаардлагыг хангасан баримт бичгийг бүрдүүлэн албан хүсэлтийн хамт тухайн жилийн 10 дугаар сарын 5-ны өдрийн дотор хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

3.3. Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох төрийн байгууллагыг оролцуулан ажлын хэсэг байгуулж, энэ журмын 3.2-т заасан баримт бичгийг хянан үзэх замаар шаардлага хангасан үйлдвэр, цехийг сонгон шалгаруулж, жагсаалтыг батлан, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан ёсны цахим хуудсанд тухайн жилийн 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор байршуулна.

3.4. Сумын гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид олгосон мал эмнэлгийн гэрчилгээний мэдээллийг сумын мал эмнэлгийн тасгаар баталгаажуулан сар бүрийн 25-ны өдрийн дотор мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн санд илгээнэ.

3.5. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь сумын мал эмнэлгийн тасгаас малын эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн санд илгээсэн мэдээллийг нэгтгэн, хянан баталгаажуулна.

3.6. Үйлдвэр, цех нь мал эмнэлгийн гэрчилгээг үндэслэн малын түүхий сүүг худалдан авна.

3.7. Үйлдвэр, цех нь малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчээс малын түүхий сүүг худалдан авах тухай бүр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.13-т заасан төлбөрийн баримтыг үйлдэн татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгэн баталгаажуулж, сар бүрийн сүүлийн өдөрт багтаан хоёр тал тооцоо нийлнэ.

3.8. Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь малын эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн сангийн мэдээлэл, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг үндэслэн энэ журамд заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан үзсэний үндсэн дээр урамшуулал олгох жагсаалтыг гарган, хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, шийдвэрлүүлнэ. Урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид сүү нийлүүлэх, худалдах гэрээнд заасан нэрийн дансанд дараа сарын 20-ны дотор шилжүүлнэ.

3.9. Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийн дансанд шилжүүлсэн урамшуулал нь нэр, данс зөрсөн, данс хаагдсаны улмаас буцаагдсан тохиолдолд уг дансны жагсаалтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох аймаг, нийслэл, сум, дүүргийн хүнс, хөдөө ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлж залруулах арга хэмжээ авна.

3.10. Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь урамшуулалд шаардагдах хөрөнгийн зарцуулалт, урамшууллын санхүүгийн тайланг нэгтгэн боловсруулж, аудит хийлгүүлнэ.

Дөрөв. Урамшуулал олгохоос татгалзах

4.1. Дараахь тохиолдолд урамшууллын санхүүжилт олгохгүй:

      4.1.1. энэ журмын 3.3-т заасан жагсаалтад ороогүй үйлдвэр, цехэд сүү нийлүүлсэн;

      4.1.2. бэлтгэн нийлүүлсэн малын түүхий сүүний худалдан авалт, борлуулалтын баримт нь татварын цахим төлбөрийн системд бүртгэгдэн баталгаажаагүй;

      4.1.3. бэлтгэн нийлүүлсэн малын түүхий сүүнд олгосон мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ нь малын эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн сангийн системд бүртгэгдэн баталгаажаагүй;

      4.1.4. Үндэсний статистикийн хорооны тухайн жилийн мал тооллогын  мэдээлэлд малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийн “А” дансны мэдээлэл бүртгэгдээгүй;

       4.1.5.хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим системд мөнгөн урамшуулалд хамрагдах хүсэлт, мэдээлэл ашиглах зөвшөөрлөө илгээгээгүй. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 472 дугаар тогтоолоор нэмсэн)

      4.1.6. бэлтгэн нийлүүлсэн малын түүхий сүү нь тухайн жилийн мал тооллогын “А” дансанд бүртгэгдсэн малын тоо, толгойд үндэслэн саалийн малын удам гарваль, ашиг шимийг тооцон гаргасан сүүний гарцын хэмжээнээс илүү гарсан тохиолдолд илүү гарсан сүүний хэмжээнд. (Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 363 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)


      4.1.7.Малын тоо толгойн албан татварын тухай хуульд заасан албан татвараа тухайн татварын жилд төлөөгүй бол. (Засгийн газрын 2023 оны 363 дугаар тогтоолоор нэмсэн)
 

4.2. Холбогдох мэдээлэл буруу, бүртгэл дутуу байдлаас шалтгаалан урамшуулал олгогдоогүй тохиолдолд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцлага хүлээхгүй.

Тав. Бусад

5.1. Энэ журмын 2.1.2, 3.7-д заасан мал эмнэлгийн гэрчилгээ, татварын цахим төлбөрийн баримтыг холбогдох журмыг зөрчиж, хуурамчаар үйлдэж олгосон мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч, үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

(Энэ тогтоолын гарчиг, 1.2 дахь заалтын ''эрхлэгчдэд''  гэснийг ''эрхлэгчид'' гэж, мөн 4.1.6 дахь заалтын дугаарыг Засгийн газрын 2022 оны 472 дугаар тогтоолоор өөрчилсөн)


---о0о---