- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2020 оны 155 дугаар
тогтоолын хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
(Засгийн газрын 2021 оны 231 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Эрүүл мэндийн яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх) нь Эрүүл мэндийн сайд (цаашид “сайд” гэх)-ын болон Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн нийтийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрлийг орон нутгийн эмнэлгүүдэд нэмэгдүүлэх, чанар хүртээмжийг сайжруулах, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын сангийн хүртээмжийг оновчтой төлөвлөх, төрийн захиргааны удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнтэй, бодитой төлөвлөлт хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүргийг тодорхойлоход оршино.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг боловсруулахад Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Улсын Их Хурлын 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг тус тус үндэслэв.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Хууль тогтоомжийн тухай хууль;
-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль;
-Захиргааны ерөнхий хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Эрүүл мэндийн тухай хууль;
-Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль;
-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль;
-Эрүүл мэндийн даатгалын тухай хууль;
-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого;
-Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл;
-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр;
-Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого;
-Бусад холбогдох хууль, тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, тэргүүлэх чиглэл, стратеги, үйл ажиллагааны зорилтуудыг хэрэгжүүлэх, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэн, засаглал болон төрийн захиргааны шинэчлэлийн бодлого, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн туршлага, сургамжид тулгуурлан бүтцийн нэгжийн чиг үүргийг тодорхойлдог онол, арга зүй, олон улсын туршлагыг тус тус ашиглав.
1.5. Эрүүл мэндийн яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Эрүүл мэндийн яам нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, мэдээллээр тогтмол ханган ажиллана. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны харилцан уялдаа, холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой бодлого, зохицуулалтаар удирдана.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын үндсэн хэрэглэгч
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг тогтооход чухал ач холбогдолтойг харгалзан энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг хамруулав.
Эрүүл мэндийн яамны стратегийн удирдлага,
зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Эрүүл мэндийн яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газрын танхим байна. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоож, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги болон төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр. Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэл, сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, арга хэмжээ, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилт, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан монгол хүний эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилго, зорилтын хэрэгжилтийг хангах;
2.2.2. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бодлогыг шинэчилж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх, боловсронгуй болгох;
2.2.3. Нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон хүн амыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах тогтолцоог бүрдүүлэх, эрүүл, зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх;
2.2.4. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, иргэдэд хүртээмжтэй, үр өгөөжтэй зарцуулах арга замыг нэвтрүүлэх;
2.2.5. Эмийн үнийн хөнгөлөлт, эмийн хяналтын тогтолцоог бүрдүүлж, бие даасан агентлагийг байгуулах замаар хүн амын хэрэгцээ, эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах;
2.2.6. Орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, иргэдийн эрүүл мэндтэй холбоотой зардал чирэгдлийг бууруулах.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэн бүрт чанартай, аюулгүй, хүртээмжтэй хүргэж, амьдралын чанарыг сайжруулснаар хүн амын дундаж наслалтыг уртасгахад оршино.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1. Нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах, тандах тогтолцоог бүрдүүлэх, халдварт болон халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, түүнийг бууруулах, сэргийлэх чиглэлээр нотолгоонд тулгуурласан бодлого боловсруулах, нийтийг хамарсан хордлого, халдварт өвчний дэгдэлт гарсан үед салбар дундын хамтын ажиллагааг хангах, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
2.4.2. Олон улсын чанарын шаардлагын түвшинд хүрсэн аюулгүй, хүртээмжтэй, чирэгдэлгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлэх, эмийн зохистой үнийг мөрдөх, хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх, баталгаажилтыг хангах, орон нутгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, иргэд эх орондоо оношилгоо, эмчилгээ авах нөхцөл, боломжийг бүрдүүлж, гадаад оронд оношилгоо, эмчилгээ хийлгэх явдлыг зогсоох;
2.4.3. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, биелэлтийг хангуулах, тайлагнах, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх бодлого боловсруулах, эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг иргэнд ээлтэй, хэрэгцээтэй байх оновчтой төлөвлөлтийг хийж, хэрэгжилтийг хангуулах, мэдээллийн технологийн дэвшлийг санхүүжилтийн механизмтай уялдуулан хөгжүүлэх, статистик мэдээллийн үнэн бодит байдлыг баталгаажуулан нийтэд хүргэх;
2.4.4. Эрүүл мэндийн салбарын хэрэгжүүлж байгаа хууль, бодлогын баримт бичгийг хуулийн хүрээнд боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, бодлогын судалгаа хийх, дүгнэлт гаргах, судалгаа, шинжилгээний үндсэн дээр салбарын хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх;
2.4.5. Салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, хөрөнгө оруулалт, төсвийн санхүүжилтийн зарцуулалтад хяналт, шалгалт, дотоод аудит хийх.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Эрүүл мэндийн яам нь үйл ажиллагааны стратегийн зорилтуудтай уялдсан дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1. нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амд хүргэх бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах;
2.5.1.2. халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлого боловсруулах, хянах, хэрэгжилтийг хангаж ажиллах, нийтийн эрүүл мэндийн онцгой нөхцөлийн тайван цагийн бэлэн байдал, хариу арга хэмжээг төлөвлөх, нийтийн эрүүл мэндийн онцгой нөхцөл үүссэн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хөрш орнуудтай харилцах, эрсдэлийн үеийн мэдээ, мэдээлэл, харилцаа холбоо, хариу арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах;
2.5.1.3. халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх сургалт, сурталчилгаа явуулах, бодлого боловсруулах, осол гэмтлийн талаар улсын хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний бодлого, төлөвлөлт хийж, зохицуулалтын арга хэмжээ авах;
2.5.1.4. эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн аюулгүй байдлын бодлого боловсруулах, хяналт тавих, эрүүл мэндийн чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагаас явуулах арга хэмжээг бодлогоор дэмжих, хамтран ажиллах, нийтийн эрүүл мэндийн асуудлуудын хэтийн төлөв байдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллаж хүн амд мэдээлэл хүргэх, эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, олон нийтийн оролцоо, олон улсын болон салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх.
2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1. эмнэлгийн тусламжийн бодлогыг анхан болон лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагаар дамжуулж хүн амд хүргэх, хэрэгжилтийг зохион байгуулах, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах;
2.5.2.2. уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, уламжлалт эмийн үйлдвэрлэл, үйлчлэлийн талаар бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах.
2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1. эрүүл мэндийн салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, цалин, хөлсний бодлогыг судалж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг боловсруулах, зохицуулах, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлагнах;
2.5.3.2. эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн хэрэгцээнд дүн шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, зураг төсөв, техникийн үзүүлэлтийг бэлтгэх, худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах;
2.5.3.3. эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, иргэдэд хүртээмжтэй, үр өгөөжтэй зарцуулах арга замыг нэвтрүүлэх, эмийн үнийн хөнгөлөлт, үнийн жишгийг тогтоох, цахим бүртгэлийн системийг нэвтрүүлж олон улсын жишигт хүргэх;
2.5.3.4. мэдээллийн технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх, статистик мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохион байгуулах, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах.
2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1. яамны үйл ажиллагааны өдөр тутмын тогтвортой үйл ажиллагаа, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, салбарын хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, салбарын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах ажлыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах;
2.5.4.2. яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлэх;
2.5.4.3. гадаад хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбарын бодлого, чиглэлтэй уялдуулан хөгжүүлэх, хөгжлийн албан ёсны тусламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахад бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
2.5.4.4. эрүүл мэндийн салбар, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, нөхцөл байдалд бодлогын судалгаа хийх, дүгнэлт гаргах, судалгаа, шинжилгээний үндсэн дээр салбарын хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх. Нотолгоонд суурилсан төлөвлөгөө, төлөвлөлт хийх, зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх.
2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1. эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх;
2.5.5.2. хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу санхүүгийн хяналт, шалгалт, дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Эрүүл мэндийн яамны гол зорилт тус бүрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратеги загвар
Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион
байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож байгаа зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлана:
3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2. эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагаа тодорхой илэрхийлэгдэж байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх, төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах);
3.1.6. улс төржихгүй байх зарчим (тухайн яамны албан хаагчид нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан байх);
3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхаа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд бодитой, үр өгөөжтэй байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтэц нь дор дурдсан ерөнхий тогтолцооны загвартай байна.
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратеги болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна:
3.3.1. Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд эрүүл мэндийг дэмжих орчин бий болгоход чиглэсэн нийтийн эрүүл мэндийн чиглэлийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, салбар дундын шуурхай удирдлагын үйл ажиллагааг хангах, хүн амын өвөрмөц бүлгүүдийн эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурласан бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, халдварт, халдварт бус өвчлөл, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, хянах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үйл ажиллагааны нэгдсэн удирдлагаар хангах; эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд нутгийн захиргааны, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон улсын болон салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэвлэл мэдээлэлтэй харилцах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлэх; шинэ болон сэргэн тархаж байгаа халдварт өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах; нийтийн эрүүл мэндийн онцгой нөхцөлийн тайван цагийн бэлэн байдал, хариу арга хэмжээг төлөвлөх, нийтийг хамарсан онцгой нөхцөл үүссэн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, хөрш орнуудтай харилцах, эрсдэлийн үеийн мэдээ мэдээлэл, харилцаа холбоо, хариу арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтэс; халдварт бус өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтэс; эрүүл ахуй, орчны эрүүл мэндийн хэлтэс ажиллана.
Дээрх нэгжүүд нь нийтийн эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаа, халдварт болон халдварт бус өвчний хяналт, дархлаажуулалт, нөхөн үржихүйн эрүүл мэнд, өсвөр үе, залуучууд, хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал, орчны эрүүл мэндийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, хүн амд эрүүл мэндийн боловсролыг төлөвшүүлэх, эрүүл зан үйл, аж төрөх ёсыг хэвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулах, олон нийттэй харилцах, эрүүл мэндийг дэмжих, халдварт өвчний хяналт, сэргийлэлт, эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ болон эрсдэлийн үеийн хариу арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах, олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийг хангах талаар сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох бүх байгууллагад зохион байгуулалт, мэргэжлийн бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
Тус нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд энэ үйлчилгээний шууд бус хэрэглэгч нь эрүүл мэндийн төсөвт болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь нутгийн захиргааны байгууллага, холбогдох яам, Онцгой байдлын ерөнхий газар, мэргэжлийн хяналтын бүх шатны байгууллага, лаборатори, эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд байна.
3.3.2. Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:
Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд хүн амд хүртээмжтэй, чанартай, аюулгүй өргөн хүрээний тусламж, үйлчилгээг үзүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, анхан шатны болон лавлагаа шатлалын анагаах ухааны тусламж, үйлчилгээг хүн амд үзүүлэх, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг зохицуулах; эрүүл мэндийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангах ажлыг зохион байгуулах; уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд лавлагаа шатлалын тусламжийн хэлтэс, анхан шатны тусламжийн хэлтэс, уламжлалт анагаах ухааны хэлтэс ажиллана.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд, нутгийн захиргааны байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь эрүүл мэндийн төсөвт болон хувийн хэвшлийн үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам болон бусад төрийн захиргааны төв байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, мэргэжлийн хяналтын бүх шатны байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага байна.
3.3.3. Эрүүл мэндийн салбарын эдийн засгийн бодлого, хэрэгжилт хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, биелэлтийг хангуулах, тайлагнах, улсын төсвийн санхүүжилтийн уялдаа холбоог хангах үндсэн үүрэг хүлээж, салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, цалин хөлсний бодлогыг судалж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг боловсруулах, зохицуулах, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлагнах; эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн хэрэгцээнд дүн шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, зураг төсөв, техникийн үзүүлэлтийг бэлтгэх, худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд хөрөнгө оруулалтын хэлтэс, эрүүл мэндийн даатгалын хэлтэс, санхүүгийн хэлтэс, мэдээлэл, технологийн хэлтэс ажиллана.
Нэгжийн үйл ажиллагаа нь эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, эдийн засаг, санхүүжилттэй холбоотой судалгаа, дүн шинжилгээ хийх, эрүүл мэндийн бодлого, тэргүүлэх чиглэлийг дэмжсэн санхүүжилтийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх, санхүүжилтийг тусламж, үйлчилгээний чанар, гүйцэтгэлтэй уялдуулах, төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг үр ашигтай, үр дүнтэй болгох, мэдээллийн технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлтэй уялдуулан хөгжүүлэхэд чиглэгдэж, сайдыг салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын асуудлаар шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Тус нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэндийн төрийн өмчийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, бусад төрийн захиргааны төв байгууллагууд, Үндэсний хөгжлийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын байгууллага болон аж ахуйн нэгж байна.
3.3.4. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, гадаад хамтын ажиллагааг хариуцах үндсэн үүрэг хүлээж, яамны үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжилтийг зохион байгуулах, хүний нөөцийн хөгжлийг дэмжих арга хэмжээг зохицуулах, яам, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах; эрүүл мэндийн чиглэлээрх хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулж давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, салбарын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах ажлыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах; гадаад хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбарын бодлого, чиглэлтэй уялдуулан зохион байгуулах, хөгжлийн албан ёсны тусламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахад бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлэх; бодлогын судалгаа хийх, эрүүл мэндийн салбарын урт, богино хугацааны төлөвлөлтийг судалгаа, үнэлгээ, зөвлөмжийн үндсэн дээр хийх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд захиргаа, хуулийн хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэс, судалгаа, төлөвлөлтийн хэлтэс ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, албан хэрэг хөтлөлтөд хяналт тавих, яамны үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг явуулах замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, түүнчлэн хууль тогтоомжийн төсөл боловсруулахад эрх зүйн дэмжлэг үзүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах асуудлыг боловсруулах, салбартай холбоотой гэрээ, хэлэлцээр, протоколын төслийг хянах, хэрэгжилтэд хяналт тавих, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, эрх зүйн маргаанд яамыг төлөөлөн оролцох, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, зохицуулах, эрүүл мэндийн салбар дахь олон улсын хамтрагч талуудын тусламж, дэмжлэгийг салбарын бодлоготой уялдуулан зохицуулж, гадаад зээл, тусламжийн үр дүн, үр ашгийг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн салбарын хууль тогтоомж, дүрэм журам, бодлогын баримт бичиг боловсруулах, төлөвлөлтийг оновчтой хийх, зохион байгуулахад тус нэгжийн бодлогын судалгаа үнэтэй хувь нэмэр оруулахад чиглэгдэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, эрүүл мэндийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, бусад төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын байгууллага байна.
3.3.5. Хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Тус нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд эрүүл мэндийн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, хуульд заасны дагуу санхүүгийн хяналт, шалгалт, дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, дотоод аудитын хэлтэс ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь эрүүл мэндийн салбарын бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хэрэгжилтэд холбогдох хууль тогтоомжийн дагуу дотоод аудит хийх замаар яамны бүтцийн нэгжүүд, бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажилд оролцож байгаа байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааны үр дүнг сайжруулахад чиглэсэн зөвлөмж, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.
Нэгжийн үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн бусад нэгж байх бөгөөд энэ үйлчилгээг шууд бус хэрэглэгч нь эрүүл мэндийн төсөвт болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам болон бусад төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд, олон улсын байгууллага болон төрийн бус байгууллага байна.
---о0о---
Текст томруулах
A
A
A