- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНДСЭН БАГЦЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоолын хавсралт
ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНДСЭН БАГЦЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ
НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ
Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцад тавигдах шаардлагыг тодорхойлох, үндсэн багцын үнэ тарифын үндэслэлийг хянах, үндсэн багцаас өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс тооцохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэхүү журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх)-ноос тусгай зөвшөөрөлтэй олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч, телевизийн үйлчилгээ эрхлэгч болон Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монголын телевизүүдийн холбоо (цаашид “Монголын телевизүүдийн холбоо” гэх) дагаж мөрдөнө.
1.3.Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгч нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6[1]-д заасны дагуу Монголын телевизүүдийн холбооны гишүүн байна.
ХОЁРДУГААР ЗҮЙЛ
Үндсэн багцад тавигдах шаардлага
2.1.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 26.5[2]-д заасны дагуу үндсэн багцдаа олон нийтийн телевиз болон өргөн нэвтрүүлгийн телевизийг заавал багтаана.
2.2.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь үндсэн багцад бусад телевизийн суваг нэмэх бол олон нийтийн нийтлэг эрх ашгийг хангасан, олон талт мэдээ, мэдээлэл, Монгол үндэсний түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, хүүхэд, боловсрол, спортын нэвтрүүлэг, хөтөлбөр бүхий телевизийг багтаах зарчмыг баримтална.
2.3.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үйлчилгээний үндсэн багцыг тодорхойлохдоо Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон энэ журамд заасан дараах шаардлагад нийцүүлнэ:
2.3.1.Үндсэн багцад хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах зорилгоор насанд хүрэгчдэд зориулсан (18+) төрөлжсөн хөтөлбөртэй гадаад, дотоодын телевизийн суваг оруулахгүй байх;
2.3.2.Үндсэн багцад албан ёсны эрхтэй, Зохицуулах хороонд бүртгүүлсэн гадаад сувгийг оруулж болох ба гадаадын телевизийн суваг оруулах бол гадаадын телевизийн сувгийн тоо үндсэн багцын нийт сувгийн 30 /гучин/ хувиас хэтрэхгүй байх; Энэ хэсгийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
2.3.3.Үндсэн багц дахь гадаадын телевизийн сувгуудын эзэмшил зөвхөн нэг улсынх биш байх;
2.3.4.Үндсэн багц дахь гадаадын аль нэг улсын телевизийн суваг нийт гадаад сувгийн 30%-с хэтрэхгүй байх;
2.3.5.Үндсэн багцад гадаад, дотоодын төлбөртэй[3] телевиз оруулахгүй байх;
2.3.6.Үндсэн багцын үнэ тариф нь үндсэн багцад хамаарах телевизийн үйлчилгээг дамжуулахад гарах өртөгт баримжаалсан байх;
2.3.7.Төлбөр төлж авч буй гадаад, дотоодын телевизийн сувгийг үндсэн багцад нэмж оруулах тохиолдолд үндсэн багцын үнэ тарифын өртөгт шингээхгүй байх.
2.4.Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцад телевизийн сувгууд дараах дарааллаар байрлана:
2.4.1.олон нийтийн телевизийн үндсэн суваг;
2.4.2.өргөн нэвтрүүлгийн телевиз болон олон нийтийн телевизийн бусад суваг;
2.4.3.арилжааны телевиз;
2.4.4.гадаадын телевизийн суваг;
2.5.Үндсэн багц дах телевизийн сувгийн дугаарыг Зохицуулах хорооноос баталсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын дагуу олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч болон телевиз хооронд байгуулах гэрээнд тусгаж зохицуулна.Энэ хэсгийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
2.6.Олон суваг дамжуулах үйлчилгээний бусад багц нь үндсэн багцыг багтаасан байна.
2.7.Өргөн нэвтрүүлгийн телевиз нь бусад арилжааны телевизүүдтэй нийлж төлбөртэй багц үүсгэхгүй.
2.8.Хэрэглэгч үндсэн багцын үйлчилгээний төлбөр төлөөгүй тохиолдолд зөвхөн олон нийтийн телевизийн үндсэн сувгийг гэрээнд заасан тодорхой хугацаанд үзэх боломжтой байна.
ГУРАВДУГААР ЗҮЙЛ
Үндсэн багцын үнэ тарифын үндэслэлийг хянах
3.1.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь тусгай зөвшөөрөл шинээр авсан бол үйлчилгээгээ эхлүүлэхээс, үндсэн багцад өөрчлөлт оруулах бол өөрчлөлт оруулахаас тус тус 30 хоногийн өмнө үйлчилгээнийхээ үндсэн багцыг тодорхойлж, дараах мэдээллийн хамт Зохицуулах хорооны ажлын албанд хянуулахаар ирүүлнэ.Энэ хэсгийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
3.1.1.Үндсэн багцын танилцуулга, үндсэн багцад оруулсан телевизийн жагсаалт, тэдгээрийн төрөл жанр, улс, төлбөр төлдөг эсэх мэдээллийг хавсралт 1 -ийн дагуу;
3.1.2.Үндсэн багцын үнэ тариф, холбогдох мэдээлэл: (хавсралт 2-ын дагуу)
3.1.2.а.Үндсэн багцын өртгийн тооцоолол, багцын тариф тогтоосон үндэслэл, аргачлал;
3.1.2.б.Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4.1.6, 4.1.21-д заасан телевизийг дамжуулахад гарах өртгийн тооцоолол, өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс тооцох суурь тариф;
3.1.2.в.Үндсэн багцад багтсан бусад дотоод, гадаадын телевизийг дамжуулахад гарах өртгийн тооцоолол;
3.1.3.Үндсэн багцын хэрэглэгчийн гэрээний загвар;
3.2.Зохицуулах хорооны ажлын алба нь үндсэн багцын үнэ тарифын үндэслэлийг Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Зохицуулах хорооноос баталсан Харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлал болон энэ журмын дагуу хянан үзнэ.
3.3.Зохицуулах хорооны ажлын алба нь үндсэн багцын мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж хариу дүгнэлтийг олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид албан бичгээр хүргүүлнэ.
3.4.Үндсэн багцын үнэ тарифын үндэслэлийг хянах явцад ирүүлсэн материал шаардлага хангаагүй тохиолдолд Зохицуулах хорооны ажлын алба олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчээс шаардлагатай нэмэлт мэдээлэл, тайлбарыг дахин гаргуулан авна. Энэ тохиолдолд энэхүү журмын 3.3-д заасан хянах хугацааг ажлын 5 хүртэл хоногоор сунгана.
3.5.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь үндсэн багцын үнэ тарифт өөрчлөлт оруулах бол өөрчлөлт оруулахаас 14 хоногийн өмнө Зохицуулах хорооны ажлын албанд энэхүү журмын 3.1.1, 3.1.2-д заасан мэдээллийг ирүүлж, хянуулна.
3.6.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь үндсэн багцын талаарх (үнэ тариф, хэрэглэгчийн тоо, сувгийн тоо, жагсаалт зэрэг) мэдээллийг хагас жил тутамд статистик мэдээллийн хүрээнд Зохицуулах хороонд ирүүлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ
Үндсэн багцаас өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс тооцох
4.1.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн хөтөлбөрийг дамжуулахдаа хөтөлбөр дамжуулах гэрээний хүрээнд Монголын телевизүүдийн холбоонд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3-д заасан өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс төлнө. Энэ хэсгийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
4.2.Монголын телевизүүдийн холбоо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7[4]-д заасан журмын дагуу өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлсийг гишүүдэд хуваарилахдаа тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнээс хамааруулах зарчмыг баримтлана.
4.3.Монголын телевизүүдийн холбоо нь Зохицуулах хорооны ажлын албанаас олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн үндсэн багцын үнэ тарифын үндэслэлийг хянасан дүгнэлт гарснаас хойш олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчтэй өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс (цаашид хөлс гэх) авах тухай буюу хөтөлбөр дамжуулах гэрээг байгуулна. Энэ хэсгийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
4.4.Энэхүү журмын 4.3.-т заасан гэрээг байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, сунгахдаа гэрээнд оролцогч талууд шударга, ил тод, ялгаваргүй байх зарчмыг баримтална. Энэ хэсгийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
4.4.1.хөлс тооцох нөхцөл, эхлэх хугацаа;Энэ хэсгийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаар тогтоолоор хассан.
4.4.2.хөлс тооцох хувь хэмжээ; Энэ хэсгийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаар тогтоолоор хассан.
4.4.3.хөлс шилжүүлэх ерөнхий зарчим, хугацаа, алданги; Энэ хэсгийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаар тогтоолоор хассан.
4.4.4.гэрээний үргэлжлэх хугацаа; Энэ хэсгийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаар тогтоолоор хассан.
4.4.5.талуудын эрх, үүрэг, хариуцлага; Энэ хэсгийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаар тогтоолоор хассан.
4.4.6.гэрээ цуцлах, дуусгавар болгох нөхцөл. Энэ хэсгийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 43 дугаар тогтоолоор хассан.
4.5.Монголын телевизүүдийн холбоо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20-р зүйлийн 20.7-д заасан аудитын тайланг гарснаас хойш 10 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
ТАВДУГААР ЗҮЙЛ
Гомдол, маргаан шийдвэрлэх
5.1.Энэхүү журамтай холбоотой гомдол, маргаантай асуудлыг талууд хэлэлцээрийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба шийдэлд хүрээгүй тохиолдолд Зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлнэ.
5.2.Зохицуулах хороо гомдол, маргааныг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх ба шийдвэрийг хүлээж авахгүй бол шүүхэд хандах нь нээлттэй.
5.3.Энэхүү журмын 4.3.-т заасан гэрээтэй холбоотой гомдол, маргааны асуудлаар Зохицуулах хороонд хандах тохиолдолд гомдол маргааныг гаргаж буй этгээд гэрээний хуулбар, холбогдох мэдээллийг хавсарган ирүүлнэ.
ЗУРГААДУГААР ЗҮЙЛ
Бусад зүйл
6.1.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн үндсэн багцын суваг, үнэ тариф өөрчлөгдөх бол өөрчлөхөөс өмнө болон өөрчилсний дараа 7 хоногийн турш боломжит аргаар хэрэглэгчид мэдээлэл хүргэж ажиллах үүргийг Зохицуулах хороо, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч, Монголын телевизүүдийн холбоо хамтран хэрэгжүүлнэ.
~~~~~o0o~~~~~
[1] 20.6.Өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн заавал гишүүнчлэлтэй, нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монголын телевизүүдийн холбоо /цаашид “Холбоо” гэх/ нь энэ хуулийн 20.5.3-т заасан хөлсийг төвлөрүүлж, өргөн нэвтрүүлгийн телевизийн үзэлтийн судалгааг үндэслэн гишүүдэд хуваарилна.
[2] 26.5.Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээний үндсэн багцад энэ хуулийн 4.1.6, 4.1.21-д заасан радио, телевизүүд багтсан байна.
[3] Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4.1.22 “төлбөртэй радио, телевиз” гэж хэрэглэгч тухайн сувгийг сонгон, олон суваг дамжуулах үйлчилгээгээр дамжуулан төлбөр төлснөөр идэвхжих радио, телевизийн үйлчилгээг
[4] 20.7.Холбоо нь энэ хуулийн 20.5.3-т заасан хөлсийг гишүүддээ хуваарилах журам баталж, орлогын хуваарилалтад жил бүр аудит хийлгэнэ.
Текст томруулах
A
A
A